Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 128/ШШ2023/0653

 

    

 

 

 

 

 

 

  2023          08           29                                    128/ШШ2023/0653

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхаззн шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Халиуна даргалж, тус шүүхийн хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Алаг даага” ХХК,

Нэхэмжлэгч: “Боргочин трейд” ХХК,

Нэхэмжлэгч: “Бэсгэ” ХХК,

Нэхэмжлэгч: “Нью Трэнд” ХХК,

Нэхэмжлэгч: “СООЦ” ХХК,

Нэхэмжлэгч: “Үнэнч” ХХК,

Нэхэмжлэгч: “Угалзат дархан” ХХК,

Нэхэмжлэгч: “Тавлаг” ХХК,

Нэхэмжлэгч: “Эдванс” ХХК,

Нэхэмжлэгч: “Ти Энд Жи” ХХК,

Нэхэмжлэгч: “Эс сайн” ХХК,

Хариуцагч: Ус сувгийн удирдах газар,

Хариуцагч: Нийслэлийн өмчийн харилцааны газар хоорондын

Маргааны төрөл: Урт цагаан төвийн түрээслэгчдийг цэвэр усаар хангах, бохир ус татан зайлуулах гэрээ байгуулж, хангахгүй байгаа хариуцагч байгууллагуудын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, гэрээ байгуулж усаар хангахыг даалгуулах талаарх маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “Алаг даага” ХХК, “Боргочин трейд” ХХК, “Бэсгэ” ХХК, “Үнэнч” ХХК, “СООЦ” ХХК, “Эдванс” ХХК, “Ти Энд Жи” ХХК, “Эс сайн”, “Тавлаг” ХХК, “Нью Трэнд” ХХК-иудын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Цэндбаатар, нэхэмжлэгч “Эс сайн” ХХК-ийн төлөөлөгч Д.Цагаанцоож, нэхэмжлэгч “Эс сайн” ХХК, "Бэсгэ” ХХК-ийн өмгөөлөгч Г.Мөнхбат, нэхэмжлэгч “Нью тренд” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батмөнх, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Учрал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Цэцэгсүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлага:

1. “Урт цагаан үйлчилгээний төвийг цэвэр усаар хангах, бохир ус татан зайлуулах гэрээг хангагчтай байгуулаагүй Нийслэлийн өмчийн ашиглалт, удирдлагын газрын, уг гэрээг өмчлөгчтэй байгуулж усаар хангаагүй Ус сувгийн удирдах газрын эс үйлдэхүйг тус тус хууль бус болохыг тогтоож, гэрээ байгуулж, усаар хангахыг хариуцагч нарт даалгах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлон маргасан.

Хоёр. Маргаан бүхий үйл баримтын талаар дурдвал:

1. Нийслэлийн Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн А/216 дугаар захирамжаар “Урт цагаан үйлчилгээний төвийн үйл ажиллагааг зогсоох”-оор шийдвэрлэсэн, энэ шийдвэртэй холбогдуулан нэхэмжлэгч компаниуд тус шүүхэд нэхэмжлэл гарган маргаж, захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд байгаа.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШЗ2020/2195 дугаар захирамжаар “Нийслэлийн Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн А/216 дугаар “Урт цагаан үйлчилгээний төвийн үйл ажиллагааг зогсоох тухай” захирамжийн[1] биелэлтийг энэхүү хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэл түдгэлзүүлж” шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн өмчийн ашиглалт удирдлагын газар Ус сувгийн удирдах газартай байгуулсан Урт цагаан үйлчилгээний төвийг цэвэр усаар хангах, бохир ус татан зайлуулах гэрээний хугацаа дуусгавар болсон, гэрээг сунгаагүй, 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс “Урт цагаан” үйлчилгээний төвийн барилгыг цэвэр усаар хангаагүй, бохир ус татан зайлуулах үйлчилгээг зогсоосон.

4. “Урт цагаан хөгжлийн холбоо” ТББ-аар төлөөлүүлэн 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн хооронд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн Онцгой байдлын газар, Нийслэлийн цагдаагийн газар, Ус суваг ашиглалтын газар, “УБЦТС” ТӨХК, Улаанбаатар дулаан сүлжээ ХХК, Эрчим хүчний яам, Ус сувгийг удирдах газар, Төрийн албаны зөвлөл, Цахилгаан эрчим хүчний зүүн түгээх төв, Хэрэглэгчдэд үйлчлэх төв, Нийслэлийн Засаг дарга, НӨАҮГ, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн ус сувгийн удирдах газар, Эрчим хүчний сайд, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Авлигатай тэмцэх газар, Монгол Улсын хүний эрхийн комисс, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, шадар сайд Ө.Энхтүвшин, Улсын Их Хурлын Хууль Зүйн Байнгын Хорооны дарга Х.Нямбаатар, Өргөдлийн Байнгын Хороонд дарга М.Оюунчимэг, Нийслэлийн иргэдийн Хурлын Төлөөлөгч нарт тус бүр, Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Улсын Их Хурлын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл нарт нийт 60 удаа гомдол гаргажээ.

            Гурав. Маргаж буй үндэслэл, хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгчийн тайлбарын үндэслэл:

3.1. Нэхэмжлэгч 8 компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Цэндбаатар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрөөс өнөөдрийг хүртэл усаар Урт цагаан үйлчилгээний төвийн түрээслэгчдийг цэвэр усаар хангаагүй. Үүнээс болж хүмүүсийн эрүүл мэндэд тодорхой хэмжээний хохирол учирсан. 500 гаруй иргэн ажилладаг. Бизнесийн үйл ажиллагаа явуулахад тодорхой хэмжээний хохирол учруулсан. Энэ асуудлаар зохицож, эвлэрье гэх албан бичгийг Ус сувгийн удирдах газар болон Нийслэлийн өмч харилцааны газарт удаа дараа өгсөн. Ус сувгийн удирдах газрын төлөөлөгч нь хуралд ирээгүй.  Ус сувгийн удирдах газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “хэрвээ Нийслэлийн өмчийн харилцааны газар шийдвэр гаргах юм бол бид усаар хангахад бэлэн байна" гэдэг хариу өгдөг. Эрх зүйн актын хувьд үзэхэд төрийн 2 байгууллага хоорондоо гэрээ байгуулаагүй учраас л усаар хангагдаагүй байгаа. Төрийн үндсэн үүрэг бол хэрэглээний усаар хангах ёстой. Наад зах нь ковид-19 халдварын үеэр гар угаах усаар хангаж өгөхийг зөндөө гуйсан. Үүнд Ус сувгийн удирдах газраас “хэрвээ шүүхийн шийдвэр гарвал усаар хангана” гэсэн. Арга буюу энэ асуудлаар шүүхэд хандсан. Нэхэмжлэлийн шаардлага нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4 дэх хэсэгт зааснаар 2 байгууллагыг гэрээ байгуулж, усаар хангахыг даалгах шийдвэр гаргуулах.

Ус сувгийн удирдах газар нь ”бизнесийн дэг жаяг” гэх хэм хэмжээний актаар усаар хангах үйл ажиллагаагаа явуулахгүй байгаа. Энэ бол захиргааны хэм хэмжээний акт биш. Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлд бид албан бичгээр ч хандсан, очиж уулзсан. Энэ зөвлөлд усаар хангахыг хориглох эрх олгосон ямар нэгэн заалт байхгүй. Төр энэ үүргээ биелүүлээгүй. 2 хүн корона вирусын үед усаар хангаагүй нөхцөл байдлын улмаас халдвар авч нас барсан. Энэ бол тодорхой хэмжээний хохирол гарсан. Нийслэлийн Засаг даргын тамгын газарт олон улсын байгууллагаас ирсэн “ийм шаардлага байна шүү“ гэх албан бичгийн хариу өгөөгүй. Нийслэлийн өмчийн ашиглалт, удирдлагын газар болон Ус сувгийн удирдах газар нь Зохицуулах зөвлөлд албан бичгээр ямар ч хариу ирүүлээгүй байгаа. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар нь “энэ шүүхээр шийдвэрлээгүй байна” гэдэг. Засаг даргын А/216 дугаар захирамжид “Урт цагаан үйлчилгээний төвийн усыг хаа” гэсэн ямар ч заалт байхгүй. Нийслэлийн өмчийн ашиглалт, удирдлагын газрын дарга Ус сувгийн удирдах газарт очоод “та нар Урт цагаан үйлчилгээний төвийг усаар хангаж болохгүй шүү” гэж яриад явж байсан. Бид нар өөрсдөө хөөцөлдөж байж дулаан, цахилгаанаар хангуулсан. А/216 дугаар захирамжийн биелэлтийн түдгэлзүүлсэн захирамжийг албадан гүйцэтгэх тухай захирамж гарсан. Усаар хангахад өөр ямар ч саад тотгор байхгүй. Урт цагаан үйлчилгээний төв нь хуучин ус авч байсан байгууллага шүү дээ. Шинэ байгууллага байсан бол зөвшөөрөл, техникийн нөхцөл шаардана, хуучин усаар хангагдаж байсан тул усаар хангах боломж байгаа.

3.2. Нэхэмжлэгч ”Нью трэнд” ХХК-ийн өмгөөлөгч Б.Батмөнх шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлага, түүний агуулгын талаар танилцуулъя. Хариуцагчаас тухайн Урт цагааны үйлчилгээний төвийн үйл ажиллагааг зогсоохоор Нийслэлийн Засаг даргын А/216 дугаар бүхий захирамж гарсан учраас үүнтэй холбогдуулан “цэвэр усаар хангах, бохир ус татан зайлуулах ариутгах, татуургын үйлчилгээтэй холбоотой гэрээг дуусгавар болгох тухай" хүсэлтийг хамтран хариуцагч болох Ус сувгийн удирдах газар луу хүргүүлсэн. Үүнээс гадна цахилгаан, дулааны сүлжээ гэх бусад газар луу хүргүүлсэн. Одоо бол зөвхөн цэвэр, бохир ус ариутгах татуургын үйлчилгээнээс бусад үйлчилгээ нь Урт цагааны үйлчилгээний төвд сэргэсэн байгаа. Цахилгаан, дулаанаар хангагдсан. Тухайн үед бүгдийнх нь энэ үйлчилгээгээр зогсоосон. Учир нь урт цагааны үйлчилгээний барилга байгууламжийг ашиглах боломжгүй учраас цаашид түүнийг ашиглахыг зогсоогоод, түүнтэй холбоотойгоор үйлчилгээгээр хангах шаардлагагүй гэж үзэж зогсоосон байгаа юм. Өнөөдрийн байдлаар цэвэр, бохир уснаас бусад нь сэргэсэн байгаа. Тухайн Урт цагааны үйлчилгээний барилга байгууламжийг ашиглаж болж байна. Цахилгаан, дулаанаар хангагдаад цаашид үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна. Үүнд ямар нэгэн байдлаар саад учруулах, урт цагааны үйлчилгээний төв болон түүний орчин тойронд байгаа аж ахуйн нэгж, иргэн хуулийн этгээдийн амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулах нөхцөл өнөөдрийн байдлаар үүсээгүй. Ганцхан цэвэр, бохир усаар хангаагүй үлдсэн. Хамтран хариуцагч Ус сувгийн удирдах газар нь “бид цэвэр, бохир усаар хангахад татгалзах зүйлгүй”, гэхдээ бид гэрээний дагуу хангадаг. Зөвлөлийн баталсан журмын дагуу гэрээг хэрэглэгч байгууллагуудтай байгуулдаг. Хэрэглэгч байгууллага нь тухайн Урт цагааны үйлчилгээний төвийн өмчлөгч Нийслэлийн өмчийн ашиглалт удирдлагын газар юм. Энэ байгууллага нь гэрээ байгуулаагүй учраас “бид гэрээ байгуулаагүй тохиолдолд усаар хангах боломжгүй” гэж татгалзлын үндэслэлээ тайлбарладаг. Түүнээс биш бид усаар хангаж болох юм байна. Харин хамтран хариуцагч болох Нийслэлийн өмчийн ашиглалт, удирдлагын газар бол татгалзлын үндэслэлээ “А/216 дугаартай захирамж гарсан. Түүний хэрэгжилтийг хангах үүднээс тухайн барилга байгууламжийг ашиглах боломжгүй болсон учраас усаар хангах, ариутгал, татуургын гэрээг үзүүлэх шаардлагагүй” гэж ерөнхий агуулгаар татгалздаг. Миний үзэж байгаагаар нарийн тодорхой татгалзлын үндэслэлээ заадаггүй. Тухайн үед ковидын дэглэм тогтоосон байсан үе. Ус, дулаан, цахилгаанаар хангахгүй байгаа нь Урт цагааны үйлчилгээний төвд үйл ажиллагаа явуулж байгаа этгээдүүдийн эрх ашгийг хөндөж байна.

Шүүх А/216 дугаартай захирамжийн биелэлтийн түдгэлзүүлж, өмнөх байдалд нь сэргээсэн. Тухайн байгууламжид 300 гаруй иргэн, хуулийн этгээд үйл ажиллагаа явуулж байна. Тэдгээр этгээдүүд үйл ажиллагаагаа зайлшгүй явуулахад нь төрийн үйлчилгээ буюу цахилгаан, дулаан, ус ариутгах, татуургын үйлчилгээ хэрэгцээтэй байна. Бүх байгууллагууд руу хүсэлтээ хүргүүлсэн байдаг. Үүнд хамтран хариуцагч 2 байгууллага мөн Нийслэлийн өөрөө удирдах байгууллага болон төрийн захиргааны байгууллагууд, Засгийн газар гэх мэтчилэн, бүгд нь руу хандсан. Түүний дагуу хамтран хариуцагч Нийслэлийн өмчийн ашиглалт, удирдлагын газраас үндэслэлгүй хариу ирүүлсэн. Үүнтэй нь холбогдуулан дахин гомдлын Шинжтэй албан бичиг гарсан боловч шийдээгүй. Урьдчилсан шийдвэрлэх ажиллагааны журмыг хангасан байна. Хамтран хариуцагч татгалзсан боловч хууль зүйн үндэслэл нь тодорхойгүй байгаа. Өнөөдрийн байдлаар нэгэнт цахилгаан, дулаанаар хангагдаж болж байгаа учраас цэвэр, бохир ус ариутгал, татуургын уйлчилгээгээр хангагдах боломжтой байна. Нэхэмжлэлийн шаардлага хангах үндэслэлтэй. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.

Хамтран хариуцагч болох Ус сувгийн удирдах газар бол Нийслэлийн өмчийн ашиглалт, удирдлагын газартай гэрээ байгуулна. Гэрээ байгуулах харилцааг зохицуулсан хэм хэмжээний баримт бичиг бий. Түүнд заасан “түүнийг эзэмшигч, ашиглагч түрээслэгчтэй гэрээ байгуулах боломжтой” гэсэн үндэслэлээр татгалзлаа тайлбарлаад, нотлох баримтаа ирүүлсэн байгаа. Харин Нийслэлийн өмчийн ашиглалт, удирдлагын газар бол энэ усаар хангахтай холбоотой гэрээ байгуулах, усаар хангах энэ үйлдлийг хийхгүй байгаа үндэслэлийг тодорхой болгоогүй байгаа гэж үзэж байгаа. Хамтран хариуцагчийн ганц тайлбарлаж байгаа тайлбар бол А/216 дугаар захирамж гарсан учраас түүний хэрэгжилтийг хангахтай холбоотой гэрээ цуцалсан гэж тайлбарладаг. Энэ нь юугаар нотлогддог вэ гэхээр хавтас хэргийг шинжлэн судлахад Нийслэлийн өмчийн ашиглалт, удирдлагын газрын 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 01/392 дугаартай Ус сувгийн удирдах газарт хүргүүлсэн албан бичигт “А/216 хэрэгжилтийг хангах ажиллах хүрээнд бидний хооронд байгуулсан 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн дугаар бүхий гэрээг цуцлах шийдвэрийг үүгээр мэдэгдэж байна” гээд, энэ бичгийн хавсралтаар ганцхан хуудас А/216 дугаар захирамжийг хүргүүлсэн юм билээ. Тодорхой өмчийн хөрөнгийг удирдагч захиран зарцуулах, түүнийг удирдан зохион байгуулахтай холбоотой шилжүүлэх, бусдад төлбөртэй болон төлбөргүй ашиглуулах, өмчөөс хасах, засвар үйлчилгээ хийх байдлаар шийдвэр гарч болно. Цуцлах шийдвэр гараагүй, хүсэлт зоригоо илэрхийлсэн байдлаар гэрээгээ цуцалсан байна. Ингэж цуцалсан нь үндэслэлгүй байна. Хоёрдугаарт ингэж цуцалсан ч гэсэндээ буцаагаад энэ гэрээг байгуулаад цэвэр ус, ариутгал, татуургын үйлчилгээг буцаагаад хангах, нэхэмжлэгч талаас хүсэлт гаргахад түүнийг биелүүлэхээс татгалзаж буй эс үйлдэхүй нь бол үндэслэлгүй байна гэж үзэж байна. Эс үйлдэхүй дээр хууль зүйн үндэслэлээр тайлбарлахгүй. Шүүхэд ирүүлсэн тайлбараар энэ эс үйлдэхүй нь үндэслэлгүй байна гэж хавтаст хэрэгт цугларсан нотлох баримт болон өөрсдийнх нь өгч буй өгсөн тайлбараар нь харагдахаар байна. Бодит байдал дээр цахилгаан, дулаанаар хангаж болоод байна. Усаар хангах, бохир ус ариутгал, татуургаар хангахаас татгалзах тийм үндэслэл байхгүй. Энэ А/216 захирамж бол Усаар хангах, ариутгал, татуурга, дулаанаар хангахыг зогсоохдоо холбоотой захирамж биш юм. А/216 дугаартай захирамжийн актын биелэлтийг түдгэлзүүлсэн учраас дулаан, цахилгаанаар хангасан гэж ойлгож байгаа. Нэгэнт түдгэлзүүлсэн учраас усаар хангах, ариутгах татуургаар ч гэсэн хангах логикийн хувьд боломжтой байна. Гэтэл үүнийгээ биелүүлэхгүй байна. Нэхэмжлэгч компаниуд нь нийслэлийн өмчийн ашиглалт, удирдлагын газартай жил бур түрээсийн гэрээ байгуулан ашигладаг. Хамгийн суулд байгуулсан гэрээ нь 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан байгаа юм. Түүнээс өмнө нь 2018 оны 03 сар, 05 сар гэх мэтчилэн байгуулсан. Энэ гэрээг байгуулахдаа тухайн оны тайлант хугацааны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл байгуулдаг. Хамгийн сүүлийн гэрээг бол 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр байгуулаад энэ гэрээний үйлчлэх хугацаа 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл гэрээний хугацаа үйлчилж байжээ.

А/216 дугаартай захирамж нь 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдөр гарсан. Мэдэгдлээ өгөөд явсан. Өөрөөр хэлбэл, өмнөх оны 12 дугаар сарын 31-ний өдөр гэрээний хамгийн сүүлийн хугацаа гэж үзвэл 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 02 дугаар сарын 19-ний өдрийн хүртэлх хугацаанд бол ямар нэгэн байдлаар нэхэмжлэгч нар тухайн эд хөрөнгийг ашиглаад түрээсийн төлбөрөө төлөөд явсан байна. Үүнийг хоёр үндэслэлээр тайлбарлах үндэслэлтэй гэж үзэж байна. Учир нь өмнөх гэрээг харахад 01 дүгээр сарын 01-ний өдөр байгуулдаггүй. Тухайн оныхоо 05 сард, 03 сард, 02 сард, бүүр 07 сард хүртэл байгуулсан гэрээнүүд бий. Өөрөөр хэлбэл, өмнөх оны тайлант хугацааны хамгийн сүүлийн өдөр буюу 12 дугаар сарын 31-ний өдөр дууссан байна. Гэтэл дараа жилийнхэн 02 сард, 03 сард, хамгийн сүүлийнх нь 05 дугаар сарын 01-ний өдөр гэж, дунд нь 07 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан гэрээ байгаа. 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл гэрээгээр тухайн эд хөрөнгийг ашиглаж байгаад гэрээгээ нөхөж байгуулдаг байсан. Нөхөж байгуулсан хугацаа нь 01 дүгээр сарын 01-ээс өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл гэрээ байгуулсан. Тэгэхээр нэхэмжлэгч нар 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл буюу захирамж гартал тухайн өмчөө өмнөхтэйгөө адил бизнесээ тогтсон харилцааны дагуу ашиглаад явж байсан. Гэхдээ гэрээ дуусгавар болонгуут нь гэрээ сунгах хүсэлтээ албан бичгээр өгсөн. Харин сунгахаас татгалзсан шийдвэрийг хариуцагчаас өгөөгүй, гэрээг хариуцагч сунгахаас татгалзаагүй, гэрээ сунгахгүй гэх хариу өгөөгүй. Харин өмнөх харилцаанаас үзвэл гэрээ байгуулах хугацаа дууссан ч гэсэн цаашид өөрийнхөө эзэмшлийн хүрээнд ашиглаад түрээсийн төлбөр төлөөд түрээсийн харилцаа үргэлжлээд явдаг. Гэтэл хариуцагч “гэрээ дуусгавар болсон учраас нэхэмжлэгч нар ус ариутгах, татуургын үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулахыг шаардах эрхгүй” гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй юм. Учир нь бид өмнөхийн адил гэрээгээ цааш нь сунгая гэх хүсэлтээ өгсөн. Иргэний хуульд заасан татгалзсан мэдэгдлээ өгөөгүй. Тийм учраас цаашид түрээсийн харилцаа үргэлжлээд явж байгаа гэж үзэж байна. Энүүгээр шаардах эрх үүссэн гэж үзэж байгаа.” гэв.

3.3. Нэхэмжлэгч “Эс сайн” ХХК, “Бэсгэ” ХХК-ийн өмгөөлөгч Г.Мөнхбат тайлбартаа: “Нэхэмжлэгч компаниуд бол Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 15.1.1 дэх хэсэгт заасан энэ эрхийнхээ дагуу усаар хангуулъя гэх хүсэлтийг шат шатны байгууллагад гаргаж яваад тусыг эс оллоо. Тэгээд бид шүүхэд хандаж байгаа юм. Уг хуулийн 15.1.1 дэх хэсэгт “энэ хуулийн 13 дугаар зүйлд заасан гэрээний дагуу цэвэр усаар хангуулах, хэрэглээнээс гарсан бохир усаа хангагчийн шугам сүлжээнд нийлүүлэх..” гэх заалт юм. Энэ хуульд заасан 13 дугаар зүйлд заасан гэрээний дагуу “Хангагч, хэрэглэгчийн хоорондын ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээтэй холбоотой харилцааг энэ хууль, цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах гэрээгээр зохицуулна”. Хангах харилцааг зохицуулсан аж ахуйн харилцааны дүрмийн дагуу хэрэглэгчтэй гэрээ байгуулна. Аж ахуйн харилцааны дүрэм нь тусгай зөвшөөрөлтэй хангагч Ус сувгийн удирдах газар, хэрэглэгч болох Нийслэлийн өмчийн ашиглалт, удирдлагын газартай хийх зохицуулалт. Энэ хоёр байгууллага гэрээ хийвэл усаар хангах учраас манайх гэрээ хийх эрхгүй болохоор энэ заалт онц ач холбогдолгүй юм. Аж ахуйн харилцааны дүрмийнх нь 6 дахь заалтад ус хангамжийг хязгаарлах нөхцөлийн талаар тодорхой заасан. Аж ахуйн харилцааны дүрмийн 6.1 дэх хэсэгт Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 16.1 дэх хэсэгт заасан нөхцөл байдалд усыг тасалж болно гэж дүрэмд заасан байгаа юм. Хуулиасаа эш татаж дүрэмдээ оруулсан байгаа юм. 16.1 дэх хэсэгт урьдчилан мэдэгдэхгүйгээр цэвэр усыг таслах арга хэмжээнүүд нь “эрчим хүчний гэнэтийн тасалдал гарсан”, 16.1.2 дахь хэсэгт “гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдал үүссэний улмаас усны хэмжээг нэмэгдүүлэх шаардлагатай болсон”; 16.1.З дахь хэсэгт “ус хангамж, ариутгах татуургын шугам сүлжээ, барилга байгууламжид ноцтой гэмтэл гарсан” бол усыг мэдэгдэлгүйгээр таслах эрхтэй гэж заасан. Гэтэл манайд энэ заалтын аль ч хамаарахгүй. Бид усаар хангуулахаар Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтыг зохицуулах зөвлөлд олон удаа хандлаа. Энэ байгууллага нь Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн санал болгож Ерөнхий сайд томилдог байгууллага.” гэв.

3.4. Нэхэмжлэгч “Эс сайн” ХХК-ийн төлөөлөгч Д.Цагаанцоож шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Усыг хааснаас хойш өнөөдрийг хүртэл манай компани нь тэнд ажиллаж чадаагүй. Асар их хохирол амсаж байна. Иргэдэд үйлчлэх нөхцөл бололцоо маань алдагдсан байгаа. Өнөөдрийг хүртэл ажиллаагүй. Усаар хангах тал дээр шийдвэр гаргаж өгнө үү” гэжээ.

3.5. Хариуцагч Ус сувгийн удирдах газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир татан зайлуулах гэрээний талаар Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 10.1.8-д заасны дагуу “Ус хангамж, ариутгах татуургын ашиглалт үйлчилгээг зохицуулах зөвлөл нь “аж ахуйн харилцааны дүрэм” баталдаг. Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 13.2-д заасны дагуу Зохицуулах зөвлөлийн баталсан ахуйн харилцааны дүрэм”-ийн дагуу хэрэглэгчтэй гэрээ байгуулна. Мөн тус хуулийн 13.1-д заасны дагуу хангагч, хэрэглэгчийн хоорондын ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээтэй холбоотой харилцааг энэ хууль, цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах гэрээгээр зохицуулна гэж тус тус заасан байна. Ус сувгийн удирдах газар тус хуулийн хүрээнд Зохицуулах зөвлөлийн баталж өгсөн “Аж ахуйн харилцааны дүрэм”-ийн дагуу Нийслэлийн өмчийн ашиглалт, удирдлагын газартай 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн “цэвэр усаар хангах, хэрэглэснээс гарсан бохир ус татан зайлуулах” тухай №210112 тоот гэрээг байгуулсан. Гэрээг цуцлах болсон үндэслэл, шалтгаан. Нийслэлийн өмчийн ашиглалт, удирдлагын газартай байгуулсан №2210112 тоот гэрээний 7.5 дахь заалтад “Гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах, цуцлах тухай санал гаргасан нь 14 хоногийн өмнө мэдэгдэх ба талууд харилцан тохиролцож шийдвэрлэнэ” гэж заасан байдаг бөгөөд Нийслэлийн өмчийн ашиглалт, удирдлагын газраас Ус сувгийн удирдах газарт ирүүлсэн 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 1/392 дугаартай албан бичигт №2210112 дугаартай гэрээг цуцлах тухай мэдэгдсэн байдаг. Манай байгууллага уг мэдэгдлийн дагуу “Цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах” гэрээг цуцалж 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Урт цагаан үйлчилгээний төвийг цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах үйлчилгээг зогсоосон. Эндээс үзэхэд Ус сувгийн удирдах газар нь хуулийн хүрээнд холбогдох байгууллагаас баталсан дүрмийн дагуу гэрээ байгуулсан бөгөөд хэрэглэгчээс гаргасан хүсэлтийн дагуу гэрээг цуцалж, үйлчилгээг зогсоосон байна. Ус сувгийн удирдах газар нь нэхэмжлэгч “Алаг даага” ХХК-тай “цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах” гэрээгүй болно. Иймээс “Алаг даага” ХХК нь Урт цагаан үйлчилгээний төвийг цэвэр усаар хангуулах, хэрэглээнээс гарсан бохир усыг татан зайлуулах үйлчилгээ авахын тулд тухайн объектыг эзэмшигч байгууллага болох Нийслэлийн өмчийн ашиглалт, удирдлагын газарт хандах нь зүйтэй юм. Нийслэлийн өмчийн ашиглалт, удирдлагын газраас цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах гэрээг хийх талаар албан хүсэлт явуулсан тохиолдолд хангагч байгууллагын зүгээс татгалзах зүйлгүй болно.” гэв.

3.6. Хариуцагч Нийслэлийн ашиглалт, удирдлагын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Урт цагаан үйлчилгээний төв бол Нийслэлийн өмчийн харилцааны газрын балансад бүртгэлтэй хөрөнгө. Үүнийг Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд зааснаар өмчлөгч нь Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал байдаг. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал өөрийн бүрэн эрхийн хүрээнд тухайн нийслэл, орон нутгийн өмч хөрөнгөөр баригдаж байгаа хөрөнгүүд хэн яг эзэмшиж, ашиглах юм бэ гэдгийг эзэмшилт, ашиглалтыг зааж өгдөг. Ингэхдээ Нийслэлийн өмчийн ашиглалт, удирдлагын газрын балансад бүртгэж эзэмшил, ашиглалт хариуцаж явна гэж заасан. Нийслэлийн өмчийн ашиглалт, удирдлагын газар бол тухайн иргэн, хуулийн этгээдүүдтэй түрээсийн гэрээ байгуулж, ашиглуулдаг байсан. Тухайн этгээдүүд хамгийн сүүлд 2019 онд түрээсийн гэрээ байгуулсан. Үүнээс хойш гэрээ хийгдээгүй буюу зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулж байна гэж үзэж болно. Нэхэмжлэгч нар ямар нэгэн эрх зүйн үндэслэлгүйгээр тэнд үйл ажиллагаа явуулж байгаа. Ийм учраас тухайн этгээдүүд нэхэмжлэл гаргах эрхгүй, урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийлгээгүй гэж үзэж байгаа. Бизнес гэдэг бол чөлөөт нийгмийн зарчмаар өөрсдөө хаана ямар бизнес эрхлэхээ шийддэг. Бид нар энэ хүмүүсийг хүчээр энэ газарт суулгаагүй. Тухайн газарт үйл ажиллагаа явуулах уу үгүй юу гэдгийг тухайн иргэн, хуулийн этгээд өөрсдөө шийддэг. Одоогоор түрээсийн гэрээ хэлцэлгүй, зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулж байгаа. Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Усаар хангах боломжгүй. Тухайн этгээдүүдийн эрх ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэхгүй байгаа.

Хоёрдугаарт, хууль бус гэж үзэж байгаа. Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийг зөрчсөн гэж үзэж байгаа. Тухайн хуулиас үзэх юм бол усаар хангахтай холбоотой асуудлыг хамгийн түрүүнд урьдчилан шийдвэрлүүлэхээр Зохицуулах хороогоор шийдвэрлүүлнэ гэж заасан байдаг. Нэхэмжлэгч нар бол энэ нэхэмжлэлийг гаргахаас өмнө нь энэ журмыг хэрэглэсэн гэж тогтоогдохгүй байна. Хугацааны хувьд маргаан шийдвэрлэх хуульд заасан зохицуулалтаар явагдаагүй. Урьдчилан шийдвэрлүүлэх боломжтой гэж үзэж байна” гэжээ.

Нийслэлийн өмчийн “Урт цагаан үйлчилгээний төв"-ийн барилга нь 1960 онд ашиглалтад орсон хуучны барилга юм. Уг барилгын ашиглалт, газар хөдлөлтийн тэсвэрлэх чадвар, дотор гадна дулаан, цахилгааны шугам сүлжээний галын аюулгүй байдал, техникийн ашиглалтын байдал зэрэгт 2009-2019 оны хооронд нийт 10 удаагийн улсын болон нийслэлийн онцгой байдлын газрын дүгнэлт, шаардлага гарч уг барилгад хүн ажиллах эрүүл ахуйн болон галын аюулгүй байдал, бат бэх байх ашиглалтын шаардлага хангахгүй, барилгын 60 хувь нь бүрэн эвдрэлд орсон болохыг тогтоосон. Дээрх дүгнэлтүүд болон Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77, 78 дугаар зүйлд заасныг үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн А/216 дугаар захирамж гарсан бөгөөд захирамжаар “Урт цагаан үйлчилгээний төв”-ийн үйл ажиллагааг зогсоохоор шийдвэрлэсэн болно. Барилгын цаашдын үйл ажиллагааг үргэлжлүүлэх нөхцөлгүй болсон нь дараах мэргэжлийн байгууллагуудын дүгнэлтүүдээр нотлогдож байгаа бөгөөд дүгнэлтүүд нь хүчинтэй хэвээр байна.

- Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 2011 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 07-04/358 дугаар Улсын байцаагчийн дүгнэлтэд “Барилгад их засвар хийлгэх, хуучин барилгын газар хөдлөлтийг тэсвэрлэх чадварын нарийвчилсан судалгаа хийлгэх, дотор халаалтын систем, гадна дулааны шугам хоолойн хэсэг нь техникийн ашиглалт аюулгүй ажиллагааны шаардлагыг хангахгүй болсон байна” гэжээ.

- Нийслэлийн Онцгой байдлын газрын 2011 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 02 дугаар дүгнэлтэд “Нийслэлийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн Улсын байцаагчийн барилгын төлөв байдалд шалгалт хийсэн тухай 2009 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 07-244/279 дугаар дүгнэлтээр Урт цагааны барилга нь олон жилийн ашиглалтын явцад үндсэн даацын зарим нэг хана нь гажилтад орж цуурсан, гадна дотно шавардлага унасан, модон шал болон хаалга цонхнууд нь өмхөрч ялзарсан байдалд хүрсэн байгаа нь ашиглах боломжгүй гэсэн дүгнэлтийг баталж байна. Мөн барилга нь хорогдлын элэгдэлд орж, ашиглалтын шаардлага хангахгүй болсон нь хуучин барилгын газар хөдлөлтийг тэсвэрлэх чадварыг үнэлэх зааврыг зөрчиж байна” гэж дүгнэсэн.

- Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын улсын байцаагчийн 2013 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 02-07-81/152 дугаартай албан шаардлагад хуучин барилгын газар хөтлөлтийг тэсвэрлэх чадварыг үнэлэх зааврын дагуу нарийвчилсан судалгаа шинжилгээ хийлгэх шаардлагатай гэж;

- БИАС Оношилгоо зураг төсөл судалгааны “Реконстракшн төв”-ийн 2013 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн дүгнэлтэд “Барилга нь төмөр бетон, модон 2 төрлийн материалаар хийсэн хучилттай ба барилгын модон хучилтын 60 орчим хувь нь бүрэн эвдрэлд орсон байна. Барилгын хананы тоосго, эрмийн зуурмагийн бат бэх нормын шаардлагыг хангахгүй байна. Газар хөдлөлтийн тэсвэрлэлтийн 16 үзүүлэлтээс энэ барилгын 7 үзүүлэлт нормын шаардлага хангахгүй байна." гэж;

- Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2014 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 0207-81/06 дугаартай Улсын ахлах байцаагчийн дүгнэлтэд “Барилга нь анхнаасаа газар хөдлөлтийн эсрэг арга хэмжээг тооцоогүй баригдсан, норм дүрмийн шаардлага хангаагүй, Барилгын тухай хуулийн 9.1.1-д Хүн ажиллаж, амьдрах таатай нөхцөл бүрдүүлсэн эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй аюулгүй байдлыг хангасан байх" заалт зөрчигдөж, ашиглалтын шаардлага хангахгүй болсон байна. Иймд дахин төлөвлөлтөд оруулж, хот төлөвлөлтийн шаардлага стандартад нийцсэн орчин үеийн барилга байгууламж барих асуудлыг шийдвэрлүүлэх" гэж;

- Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2014 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 06/103/418 дугаартай Улсын байцаагчийн дүгнэлтэд “Барилга нь газар хөдлөлтийг тэсвэрлэх чадварыг үнэлэх зааврын норм дүрэмд заасан 16 үзүүлэлтээс 7 үзүүлэлт нь шаардлага хангахгүй, модон бүтцийн 60 орчим хувь нь бүрэн эвдрэлд орсон, газар хөдлөлтийн тэсвэрлэлтийн шаардлагыг хангахгүй болж, Барилгын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1 дэх заалтын шаардлагыг хангахгүй байна" гэж;

- Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 02-03/1570 дугаартай албан бичигт “Улсын Мэргэжлийн хяналтын газрын 2014 оны 02-07-81/06 дугаар дүгнэлтэд дурдсан барилгын норм дүрмийн шаардлага хангахгүй, газар хөдлөлтөд тэсвэргүй нь тогтоогдсон” гэж;

- Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 02-03/3546 дугаартай албан бичигт “Урт цагаан үйлчилгээний төвийн барилгад 2013 онд “Реконстракшн төв"-өөс уг барилга бат бэх нормын шаардлага хангахгүй, газар хөдлөлтийн тэсвэрлэлтийн 16 үзүүлэлтээс 7 үзүүлэлт нормын шаардлага хангахгүй, модон хучилтын 60 хувь нь бүрэн эвдрэлд орсон гэж дүгнэсэн. Мөн Улсын ахлах байцаагчийн 2014 оны 02-07-81/06 дугаартай дүгнэлт гарсан байна" гэсэн байна. Ийнхүү удаа дараагийн мэргэжлийн хяналтын байгууллагуудын албан бичиг, шаардлага, дүгнэлтүүдээр “Урт цагаан" үйлчилгээний төвийн барилга нь холбогдох хууль, дүрэм, барилгын норм, шаардлагыг хангахгүй болсон. Барилгын 60 хувь нь бүрэн эвдрэлд орсон зэрэг дотор нь хүн ажиллах эрүүл ахуйн болон галын аюул, бат бэх байх ашиглалтын шаардлага хангахгүй болсон нь нотлогдож байна.

- Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймрийн Улсын байцаагчийн 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 022/22 дугаар дүгнэлтэд “Урт цагаан үйлчилгээний төвийн барилга нь холбогдох хууль, тогтоомж, стандарт, норм, дүрмийг зөрчсөн нь болзошгүй аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой осол гарсан үед иргэд эрүүл мэндээр хохирох, амь нас эрсдэх, ихээхэн хэмжээний эд материалын хохирол учирч болох эрсдэлтэй” гэж дүгнэсэн.

Иймд сүүлийн 10 жилийн хугацаанд дээр дурдсан мэргэжлийн байгууллагуудын гаргасан удаа дараагийн дүгнэлт, шаардлагуудыг үндэслэж Нийслэлийн Засаг даргаас эрх хэмжээнийхээ хүрээнд уг төвийн байранд үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөнд болзошгүй хохирол учрахаас урьдчилан сэргийлэх зорилгоор үйл ажиллагааг нь зогсоох арга хэмжээ авч 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн А/216 дугаартай захирамж гаргасан нь ямар нэг хууль, дүрэм журам зөрчөөгүй гэж үзэж байна;

Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 2/95, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 279 дугаартай тогтоолоор Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/216 дугаар захирамжийн биелэлтийг түдгэлзүүлсэн болохоос үйл ажиллагааг үргэлжлүүлж, ус, дулаан, цахилгаанаар хангах үүрэг өгөөгүй болно;

Нийслэлийн өмчийн “Урт цагаан” үйлчилгээний төвд түрээсийн гэрээний дагуу уйл ажиллагаа эрхэлж байсан “Алаг даага” ХХК болон бусад аж ахуйн нэгжүүд нь 2020 оноос хойш ямар ч гэрээ, хэлцэл байгуулалгүйгээр улсын өмчийн барилга байгууламжийг үнэ төлбөргүй эзэмшиж ашиглан, үндэслэлгүйгээр хөрөнгөжиж байгаа. Нэхэмжлэгч нар нь улсын өмчийг 2 жил гаруй хугацаанд дур мэдэн ашиглаж, эзэмшиж ирсэн учир өмчийн эзэн нь өмч хөрөнгөө хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд захиран зарцуулах эрхээ хэрэгжүүлж буй явдалд дээрх аж ахуйн нэгжүүд гомдол гаргах үндэслэлгүй гэж үзэж байна.

Мөн дээр дурдсан бүх мэргэжлийн байгууллагуудын мэдэгдэл, дүгнэлт, акт, анхааруулгуудыг зөрчиж, биелүүлэхгүй байх эрх Нийслэлийн Засаг дарга болон нийслэлийн өмчийн харилцааны газарт байхгүй бөгөөд үүнээс үүсэж болзошгүй иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөнд учрах хохирлоос урьдчилан сэргийлэх зорилгоор Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/216 дугаар захирамж гарсан болно. Уг шийдвэрийг биелүүлээгүйгээс учирч болзошгүй хохирлыг эцэст нь хэн, ямар байгууллага хариуцах асуудлыг урьдчилан шийдвэрлэх боломжгүй юм.

Нийслэлийн Засаг дарга нь эрх хэмжээнийхээ хүрээнд иргэдийн эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учрахаас урьдчилан сэргийлэх үүднээс авсан арга хэмжээ гэж үзэж, дээрх мэргэжлийн байгууллагуудын дүгнэлтүүдийг үндэслэн нийслэлийн өмчийн харилцааны газрын 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 4/2022 дугаар албан бичгээр сувгийн удирдах газар” ОНЭААТҮГ-т “Урт цагаан үйлчилгээний төвийн ус хангамжийн гэрээг сунгаж байгуулах боломжгүй, төлбөр, нэхэмжлэлийг хариуцахгүй" тухай мэдэгдсэн. Иймд нийслэлийн Өмчийн харилцааны газар болон Ус сувгийн удирдах газар ОНӨААТҮГГ-т холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэнэ үү” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

            Хуульд заасан үндэслэл журмын дагуу энэ хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлээд нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэлээ.

1. Нийслэлийн Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн А/216 дугаар захирамжаар “Урт цагаан үйлчилгээний төвийн үйл ажиллагааг зогсоох”-оор шийдвэрлэсэн, энэ шийдвэртэй холбогдуулан нэхэмжлэгч компаниуд тус шүүхэд нэхэмжлэл гарган маргаж, захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд байгаа.

2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нарын хүсэлтээр тус шүүхийн шүүгчийн 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШЗ2020/2195 дугаар захирамжаар “Нийслэлийн Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн А/216 дугаар “Урт цагаан үйлчилгээний төвийн үйл ажиллагааг зогсоох тухай” захирамжийн биелэлтийг энэхүү хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэл түдгэлзүүлсэн байна.

3. Нийслэлийн өмчийн ашиглалт удирдлагын газар Ус сувгийн удирдах газартай байгуулсан Урт цагаан үйлчилгээний төвийг цэвэр усаар хангах, бохир ус татан зайлуулах гэрээний хугацаа дуусгавар болсон, гэрээг сунгаагүй, 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс Урт цагаан үйлчилгээний төвийн барилгыг цэвэр усаар хангаагүй, бохир ус татан зайлуулах үйлчилгээг зогсоосон.

4. Нэхэмжлэгч компаниуд нь хэрэгт авагдсан Нийслэлийн өмчийн ашиглалт, удирдлагын газартай байгуулсан түрээсийн гэрээнүүдээр Урт цагаан худалдааны төвд үйл ажиллагаа явуулдаг, түрээсийн гэрээ 2020 онд сунгагдаагүйтэй талууд маргаагүй.

5. Хот, суурины хэрэглэгчийг стандартын шаардлагад нийцсэн цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир усыг татан зайлуулах, цэвэрлэх зориулалттай инженерийн барилга байгууламжийг өмчлөх, ашиглахтай холбогдсон харилцааг зохицуулах Хот суурины ус хангамж, ариутгах татуургын тухай хуулиар 13 дугаар зүйлийн 13.1-д зааснаар аж ахуй эрхлэгчийг цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах гэрээг хангагч, хэрэглэгч хооронд байгуулах бөгөөд уг гэрээгээр ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээтэй холбоотой харилцааг зохицуулдаг, энэ тохиолдолд хэрэглэгч нь тухайн барилгын өмчлөгч болох Нийслэлийн өмчийн ашиглалт, удирдлагын газар бөгөөд хангагч Ус сувгийн удирдах газартай  Урт цагаан үйлчилгээний төвийн барилгыг цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарах бохир усыг татан зайлуулах гэрээ байгуулж, энэ үйлчилгээг түрээсийн гэрээгээр түрээслэгчдэд үзүүлэхтэй холбоотой маргаан байна.

6. Хэдийгээр Нийслэлийн Засаг даргын захирамжаар Урт цагаан худалдааны төвийн үйл ажиллагааг зогсоосон ч уг шийдвэртэй түрээслэгч нар шүүхэд маргаантай шийдвэрлэгдээгүй, нөгөөтэйгүүр шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэл үйл ажиллагааг нь зогсоосон А/216 дугаар захирамжийн биелэлтийг түдгэлзүүлсэн байх тул тухайн барилгад явуулах үйл ажиллагааг зогсоох тухай Засаг даргын захирамжийн үйлчлэл зогссон, Засаг дарга уг шийдвэрээ албадан хэрэгжүүлэх боломжгүй, түрээслэгч нар барилгыг чөлөөлж өгөх үүрэг хүлээхгүй байх нь.

7. Тиймээс хангагч, хэрэглэгч хооронд гэрээ байгуулахгүй, барилгыг цэвэр усаар хангахгүй, бохир ус татан зайлуулах үйлчилгээг үзүүлэхгүй байгаа нь Хот суурины ус хангамж, ариутгах татуургын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т зааснаар хангагч нь “... хэрэглэгчтэй гэрээ байгуулах” үүргээ биелүүлэхгүй, 13.5-д “Хангагч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах гэрээ байгуулахаас татгалзах эрхгүй.”, 14 дүгээр зүйлийн 14.3 “Хангагч хууль тогтоомж, гэрээнд заагаагүй нөхцөл, шаардлага тавьж хэрэглэгчийн эрхийг хязгаарлахыг хориглоно.” гэж заасныг зөрчиж байна гэж шүүх үзлээ.

Учир нь хэдийгээр Урт цагаан үйлчилгээний төвийн барилгын хувьд хангагчтай гэрээ байгуулах  хэрэглэгч нь барилгын өмчлөгч мөн ч түрээслэн үйл ажиллагаа явуулдаг иргэн, хуулийн этгээдүүд нь түрээсийн гэрээний үндсэн дээр ундны болон ахуйн усаар хангуулах үйлчилгээг хэрэглэгч нь байна. Түрээсийн гэрээ байгуулаагүй гэдэг шалтгаанаар эрүүл ахуйн стандартын шаардлага хангасан ундны цэвэр болон ахуйн усаар хангуулах Эрүүл ахуйн тухай хуулиар эдлэх иргэдийн эрхийг, Үндсэн хуулиар хамгаалагдсан эрүүл аюулгүй орчинд ажиллах, амьдрах эрхийг зөрчих үндэслэл болохгүй.  

8. Хот суурины ус хангамж, ариутгах татуургын тухай хуулийн 16 дугаар зүйлээр хангагч хэрэглэгчид урьдчилан мэдэгдэхгүйгээр болон урьдчилан мэдэгдэж цэвэр усны хэрэглээ, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах үйл ажиллагаанд хязгаарлалт хийж болох нөхцлийг тодорхой заасан, хуулиар зөвшөөрсөн эдгээр нөхцөлд энэ маргаанд заасан үндэслэл хамаарахгүй тул хангагч 14 дүгээр зүйлийн 14.3-т заасныг зөрчиж хуулиар, гэрээгээр заагаагүй нөхцөл шаардлага тавьж хэрэглэгчийн эрхийг хязгаарласан байна гэж шүүх үзлээ.

9. Эрүүл ахуйн нөхцөл, шаардлагыг хангасан ундны болон ахуйн усаар хүн амыг тогтвортой, хүртээмжтэй хангах арга хэмжээг хэрэгжүүлэх үүргийг Эрүүл ахуйн тухай хуулиар хүлээсэн тухайн шатны Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Өмчийн ашиглалт, удирдлагын газар нь энэ чиг үүргээ зөрчиж, барилга байгууламжийн “хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлсэн байх, эрүүл ахуйн нөхцөл шаардлагыг хангасан байх” шаардлагыг хангуулахгүй байгаа нь эрүүл ахуйн стандартын шаардлага хангасан ундны цэвэр болон ахуйн усаар хангуулах Эрүүл ахуйн тухай хуулиар эдлэх иргэдийн эрхийг, Үндсэн хуулиар хамгаалагдсан эрүүл аюулгүй орчинд ажиллах, амьдрах эрхийг зөрчих үндэслэл болохгүй.  

Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нэхэмжлэгч аж ахуйн нэгжүүдийн Урт цагаан үйлчилгээний төвийг цэвэр усаар хангах, бохир ус татан зайлуулах гэрээг хангагчтай байгуулаагүй Нийслэлийн өмчийн ашиглалт, удирдлагын газрын, уг гэрээг өмчлөгчтэй байгуулж усаар хангаагүй Ус сувгийн удирдах газрын эс үйлдэхүйг тус тус хууль бус болохыг тогтоож, гэрээ байгуулж, усаар хангахыг хариуцагч нарт даалгаж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.12 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хот суурины ус хангамж, ариутгах татуургын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2, 13.5, 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Урт цагаан үйлчилгээний төвийг цэвэр усаар хангах, бохир ус татан зайлуулах гэрээг хангагчтай байгуулаагүй Нийслэлийн өмчийн ашиглалт, удирдлагын газрын, уг гэрээг өмчлөгчтэй байгуулж усаар хангаагүй Ус сувгийн удирдах газрын эс үйлдэхүйг тус тус хууль бус болохыг тогтоож, гэрээ байгуулж, усаар хангахыг хариуцагч нарт даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нар, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэй. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Д.ХАЛИУНА

 

 

 

[1] 1-р хавтаст хэргийн 159-р хуудас