Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 2022/ДШМ/002

 

 

*******д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, шүүгч Б.Ариунбаяр, Т.Жаргалсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Б.Бат-Оргил

Хохирогч *******

Шүүгдэгч *******

 Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Цэрэнлхам нарыг оролцуулан;

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж хянан шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 2021/ШЦТ/284 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч *******, шүүгдэгч ******* нарын гаргасан давж заалдах гомдлуудаар *******д холбогдох эрүүгийн 1914006610385 дугаар хэргийг 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 Монгол улсын иргэн, ******* овогт *******ын *******,  регистрийн дугаар /*******/,

******* нь 2018 оны 12 дугаар сарын 20-ны үеэс 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн хооронд Баянхонгор аймгийн Галуут сумын 2 дугаар багийн нутаг Овоот гэх газраас иргэн *******ын сартай бор зүсмийн үнээ, бор тарлан зүсмийн бяруу, нийт 2 тооны сарлагийн үхрийг хулгайлан авч нэг сая гурван зуун мянган төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр /

Баянхонгор аймгийн Прокурорын газраас *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх: Шүүгдэгч ******* овогт *******ын *******г бусдын малыг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******ын *******г нэг / 01 / жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар оногдуулсан нэг / 01 / жилийн хорих ял дээр 2020 оны 05 дугаар сарын 20 –ний өдрийн 167 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2-т зааснаар нэг / 01 / жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн зургаан сар / 06 сар / хорин гурав / 23 / хоногийг нэмж нэгтгэн түүний эдлэх нийт эдлэх ялыг нэг жил зургаан сар хорин гурав / 01 жил 06 сар 23 / хоногоор тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч *******гийн 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс хойш хэргийн учир цагдан хоригдсон гурван зуун далан нэг / 371 / хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор тооцож эдлэх ялаас нь хасаж, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан нэг жил зургаан сар хорин гурав хоног / 01 жил 06 сар 23 / хоногийн хорих ялыг нэг жил зургаан сар хорин гурав хоног / 01 жил 06 сар 23 / хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******г Баянхонгор аймгийн Галуут сумын төвөөс явахыг хориглож, техникийн хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч ******* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийн хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар тус солихыг дурдаж, Шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир хувьд ногдох эд хөрөнгийг битүүмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч *******гаас үнээ 1, эр үхэр 1, бяруу 1 буюу нэг сая нэг зуун мянган / 1.100.000 / төгрөг, сүү саалийн үнэ гурван сая гурван зуун наян тав / 3.385.000 / төгрөгийг гаргуулж хохирогч *******ад, хоёр сая зургаан зуун тавин мянга / 2.650.000 / төгрөг гаргуулж хохирогч, иргэний нэхэмжлэгч Х.Сайнбилэгт тус тус олгохыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар хохирогч *******ын нэхэмжилсэн нэхэмжлэлээс 360.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар хохирогч *******аас найман зуун дөчин нэгэн мянга хоёр зуун тавь / 841.250 / төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл дахин гаргах эрхтэйг дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3, 4-т тус тус зааснаар шүүгдэгч *******гийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 2 морины үнэ нэг сая хоёр зуун мянга / 1.200.000 / төгрөгийг гаргуулж улсын төсөвт шилжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-т зааснаар СD-г шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсны дараа устгахыг Шүүхийн тамгын газарт даалгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.11 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******г 2021 оны 11 дүгээр сарын 03-ний өдрөөс цагдан хорих байрнаас суллаж түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авч уг таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Хохирогч ******* тус шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 2021/ШЦТ/284 дүгээр шийтгэх тогтоолыг хүлээн авч эс зөвшөөрсөн учраас гомдол гаргаж байна.

Үндэслэл 1: Энэ хэргийг 2021 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн давж заалдах шатны шүүх хурлын магадлалыг хүчингүй болгуулах тухай эсэргүүцэл прокурор Б.Бат-Оргил, шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Батбаяр нар яг нэг ижил хуулийн үндэслэлээр Монгол Улсын Дээд шүүхэд гомдол гаргасан. 2021 оны 5 сарын 25-ны өдрийн 106 дугаар тогтоолоор Монгол Улсын Дээд шүүхийн нэр бүхий 6 шүүгч хэлэлцэн давж заалдах шатны шүүх хурлын магадлалыг хэвээр үлдээсэн.

2021 оны 8 сарын 20-нд мөрдөн байцаагч Э.Тэгшбаяр намайг дуудаж мэдүүлэг авсан. Би маргааш нь буюу 8 сарын 21-нд прокурор Б.Бат-Оргил, мөрдөн байцаагч Э.Тэгшбаяр нарт хаяглан энэ хэрэгт гэрчээр орсон *******, ******* 2 миний үхрийг бүлэглэн хамт хулгайн хэрэг үйлдсэн учир *******ыг шалгуулах хүсэлтээ бичгээр өгсөн. 2021 оны 9 сарын 01-ний өдөр мөрдөн байцаагч Г.Гансүх миний гомдлыг хүлээн авч шалгасан. 2021 оны 10 сарын сүүлчээр мөрдөн байцаагч Э.Тэгшбаяр нь *******ыг худал мэдүүлэг өгсөн эсэхийг шалгаж худал мэдүүлэг өгсөн нь нотлогдсон учир прокурорт яллагдагчаар татах хүсэлтээ өгсөн байдаг. 2021 оны 10 сарын 07-нд хохирогч би *******ыг яллагдагчаар татуулах хүсэлтээ маш тодорхой гарган прокурор Б.Бат-Оргилд өгсөн боловч миний хүсэлтийг хангахаас татгалзсан. Бас мөрдөн байцаагч Э.Тэгшбаярын яллагдагчаар татах хүсэлтийг хаасан. 2021 оны 11 сарын 01-ний өдөр *******ыг гэрчээр оруулах хүсэлтийг анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэлд гаргасан. Энэ хүсэлтийг хүлээн авч *******ыг шүүх хуралд гэрчийн мэдүүлэг өөрийн биеэр буюу амаар өгүүлсэн. 2021/ШЦТ/284 дугаартай тогтоолд *******ын шүүх хурал дээр өгсөн буюу 9 сард мөрдөн байцаагч Г.Гансүхэд өгсөн мэдүүлгээс хохирогч надтай цуг халз мэдүүлэг өгсөн, үүнээс нэг ч үг өгүүлбэр буюу мэдүүлэг алга байна. энэ тогтоолд *******ын 2021 оны 1 сарын 15-ны өдрийн 2021/ШЦТ/18 дугаартай тогтоолд өгсөн мэдүүлэг байна. 284-р тогтоолд Гүүтийн ам гэдэг газрын нэр л шинээр орсон байна. *******, ******* нарыг бүлэглэн миний үхрийг хулгайлсан болохыг нотлох хохирогч ******* миний шүүх, прокурор, цагдаад гаргасан хүсэлт, гомдлууд дээр нэмэгдэн энэ тогтоолын 6-рт байгаа гэрч *******ын мэдүүлэг бүрэн нотолж байгаа учир үүнийг шийдэж өгнө үү.

Үндэслэл 2: Анхан шатны шүүх хурал хохирогч ******* миний энэ хэргийн араас 3 жил хөөцөлдсөний бүх зардал болох 841.250 төгрөгийн баримтыг хэлэлцэн шийдэж өгөөгүй бас 360.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон учир би маш их гомдолтой байна. Үүнийг шийдэж өгнө үү. Гэмт хэргийн улмаас учирсан бүх зардал буюу хохирлыг шүүгдэгчээс шүүх гаргуулж хохирогчид өгдөг хуультай шүү дээ. ******* ******* нар миний үхрийг хулгай хийгээгүй бол энэ мөнгө надаас гарахгүй шүү дээ. Яг үнэнийг хэлэхэд 2 удаагийн анхан шатны шүүх шүүгдэгчээс 33.400 төгрөг гаргуулан өгсөн. Энэ хэрэг 4 удаагийн шүүх хурлын дараа 3 жил хөөцөлдсөний эцэст,

Үндэслэл 3: 2021 оны 1 сарын 15-ны өдрийн шүүх хуралд Л.Батбаяр өмгөөлөгчийн нотлох баримт гэж шинжлэн судлуулсан CD-г шүүх нотлох баримтаар тооцоогүй 2021 оны 11 сарын 03-ны шүүх хурлын явцад шүүгч Д.Батцэнгэл, прокурор Б.Бат-Оргил, шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Батбаяр нараар хүсэлт гаргуулж, хавтаст хэргийн 78-р тал гэж энэ CD-г хавтаст хэргээс хасуулж устгахыг эсэргүүцэж байна. энэ CD-г хавтаст хэрэгт хэвээр үлдээж өгнө үү.

Үндэслэл 4: 2021 оны 7 сарын эхээр УИХ-аар Өршөөлийн хууль батлагдсан. Энэ хуульд шүүгдэгч нь хохирлоо бүрэн барагдуулсан тохиолдолд Өршөөлийн хуульд хамрагдаж зорчих хэсгээ хязгаарлуулж хууль зөрчсөн үйлдлийг шүүгч Д.Батцэнгэл гаргаж байна гэж би хардаж байна.

Тогтоолд: *******г Галуут сумын төвөөс гарахыг хориглож техникийн хяналт тавьсан байна. Гэтэл ******* нь хөдөө гэртээ Баян-Овоо, Галуут сумын зааг дээр жолоодох эрхийн үнэмлэх байхгүй байж мотоцикл унаад хохирогч намайг гүтгээд доромжлоод явж байна.

2021 оны 11 сарын 03-ны өдрийн 2021/ШЦТ/284 дугаартай шийтгэх тогтоол буюу энэ хэргийг бүхэлд нь хянаж өгнө үү гэжээ.

Шүүгдэгч ******* тус шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

Миний бие 2021 оны 11 сарын 03-ны өдрийн 284 тоот шийтгэх тогтоолыг хүлээн аваад шийтгэх тогтоолын зарим нэг алдаатай заалт шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Учир нь: Шүүгдэгч миний би Баянхонгор аймгийн Галуут сумын 1 дүгээр багийн харьяат байнга оршин суух хаяг маань Баянхонгор аймгийн Галуут сумын 1 дүгээр багийн нутагт өвөлжинө.

Гэтэл анхан шатны шүүхээс харьяалал байхгүй. Байнгын оршин суудаггүй. Баянхонгор аймгийн Галуут сумын төв буюу 6 дугаар баг гэж хаягийг алдаатай зааж зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан байна. Хуулинд 5.5-д зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулахдаа өөрийн оршин суух газраас явахыг тодорхой газарт очихыг хориглосон байгаа тул миний бие Баянхонгор аймгийн Галуут сумын төв буюу 6 дугаар багт оршин суудаггүй, байх газар орон гэр байхгүй тул шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6.6-т заасныг өөрчлөн Галуут сумын 1 дүгээр баг гэж өөрчлөн өгнө үү. Манай 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт юнителийн сүлжээ барьдаг. Өвөлжөө хаваржааны хооронд сүлжээ байнга байдаг болно гэжээ.

 Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Батбаяр тус шүүхэд гаргасан тайлбартаа: Хохирогч *******ын гомдолтой танилцлаа.

 1. Монгол Улсын Дээд Шүүх өмгөөлөгч миний болон прокурорын зүгээс гаргасан гомдол, эсэргүүцлийг хэлэлцээгүй нь хууль зүйн үндэслэлтэй болохоо тайлбарласан байх тул өмгөөлөгчийн зүгээс тайлбар гаргах нь илүүц юм.

 2. Анхан шатны шүүх хохирлыг хэлэлцэхдээ: Нотлох баримтын шаардлага хангасан баримт материалыг үндэслэн зөв шийдвэрлэсэн бөгөөд шийтгэх тогтоолд дэлгэрэнгүй тайлбарлан дурдсан бөгөөд Монгол улсын иргэн хүн, хуулийн байгууллага дурдсан үед ирж тайлбар мэдүүлэг өгөх үүрэгтэй. Үүний дагуу ******* тайлбар мэдүүлэг өгсөн хугацаанд такси үйлчилгээнд явж байсан бол олох байсан мөнгө хохирол гэж үзэх үндэслэлгүй, баримтгүйгээр 841.250 төгрөг нэхэмжилж, мөн гандан хийдэд өөрийн сүсэг бишрэлээр шашны ном уншуулсны 360.000 төгрөг гэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй юм гэж үзэж байгаа төдийгүй гойд ашиг шимтэй мал гэх зураг, аман яриагаар илүү 3.300.000 төгрөг нэхэмжилсэн гэж үздэг. Мөн шинжилгээний зардал 85.000 төгрөгийг төлнө гэдгээ тус тус илэрхийлсэн болно.

 3. CD дээрх бичлэгийг өмгөөлөгчийн зүгээс гаргасан учир нь: Хэрэг шалгагдаж байх хугацаанд хохирогч ******* нь ах Мөнхжаргалын хамт өмгөөлөгч надтай уулзахдаа “Алдсан үхрийн мөнгийг олгож өгөөч”, хэрвээ мөнгө өгвөл бид өргөдөл гомдлоо авна, танд урамшил өгнө гэж ирэхэд тийм зүйл байхгүй хуульд нийцэхгүй талаар тайлбарлан гаргаж байсан төдийгүй, эхнэр гэх эмэгтэй мөн утга адил буюу өмгөөлөгчид нөлөөлөх зорилготой зүйл ярьсныг уг эмэгтэйд бичлэг хийх талаар хэлж яриулж авсан ба уг яриа бичлэгийг үнэлэх эсэх нь шүүхийн эрх мэдэл ба хохирогч болон ар гэрийн зүгээс ямар бодол санаатай илүү мөнгө нэхэж байгааг тайлбарлан сонсгох зорилготой байсан болно. Нотлох баримтад тооцох эсэх, устгах эсэх нь шүүхийн шийдвэрийн дагуу шийдэгдэх учиртай.

 4. Өршөөлийн хууль хэзээ гарч яаж хэрэгжихийг 2021 оны 7 сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуульд заасан тул миний хувьд хууль тайлбарлах шаардлагагүй болно гэжээ.

 Прокурор тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээнэ үү гэв.

 Хохирогч ******* тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шийтгэх тогтоолыг зөвшөөрөхгүй байна гэв.

 ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч *******, хохирогч ******* нарын давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлуудад үндэслэн хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус заасан эрх хэмжээний хүрээнд гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдан анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг хооронд нь харьцуулан судлан үзвэл:

Шүүгдэгч ******* нь 2018 оны 12 дугаар сарын 20-ны үеэс 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн хооронд Баянхонгор аймгийн Галуут сумын 2 дугаар багийн нутаг Овоот гэх газраас хохирогч *******ын сартай бор зүсмийн үнээ, бор тарлан зүсмийн бяруу, нийт 2 тооны сарлагийн үхрийг хулгайлан авч нэг сая гурван зуун мянган төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдсон байна.

Дээрх үйл баримт нь 1 дүгээр хавтаст хэргийн 75-78 дугаар талд авагдсан

 “... Би 2018 оны 12 дугаар сарын 20-ны үеэс 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хооронд 10 тооны сарлагийн үхэр алдсан юм. Нас гүйцсэн сувиа бор үнээ 1, эвэртэй бор алаг бяруу 1, сартай бор үнээ 1, хар халзан дөнжин үнээ 1, халиун амтай халцгай толгойтой хар зүстэй дөнжин үнээ 1, мил бор халзан зүстэй 3 хөл нь шийр цагаан гунжин үнээ 1, сартай хойд 2 хөл нь шийр цагаан бор гунжин үнээ 1, сартай сүүл цагаан бор гунжин үнээ 1, сартай халиун амтай хар гунжин үнээ 1, халиун амтай хар гунжин үнээ 1 зэрэг үхрүүд алга болсон...” гэх хохирогч *******ын мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг

 Анхан шатны шүүхийн шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч ******* мэдүүлэхдээ: “...Би 2018 оны 12 дугаар сарын 15-наас 2019 оны 1 сарын 15-ны хооронд 60 үхрээс 15 үхэр алдсан. шүүгдэгч ******* гэдэг хүн дээр богоо тавьсан. ...Үхрээ алдчихаад энэ хүнийг хардсан. ...Ууганбаяртай хамтарч үйлдсэн хүн л дээ, 4,400,000 орчим төгрөг нэхэмжилж байна, Сааль сүү сайтай үнээ. Өвөг дээдсээс уламжилж ирсэн. Удам нь тасарчих гээд байгаа юм аа. Нэг үнээний 3 жилийн сүүний үнэ 4,500,000 төгрөг гэв. Малчид бид нарын малыг лам олж өгдөг. 1,800,000 төгрөгийн ном уншуулсан, Малаа зүсээр нь авна...” гэжээ

1 дүгээр хавтаст хэргийн 66, 3 дугаар хавтаст хэргийн 6 дугаар талд тус тус авагдсан “.... Сартай бор үнээний үнэнд одоогийн ханшаар 800.000 төгрөг, бор тарлан бярууны үнэнд 800.000 төгрөгийг нэхэмжилж байна. ...бор тарлан бяруу нь одоо хязаалан настай үхэр болсон байгаа, сартай бор үнээ нь одоо тугалтай болсон байгаа. Мөн уг хоёр үхрийг худалдаж авсан цагаас эхлэн манайх маллаж өсгөж том болгосон учраас би одоогийн зах зээлийн ханшаар үнэлж нэхэмжилж байна...” гэх Иргэний нэхэмжлэгч Х.Сайнбилэгийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг / 1-р хх-ийн 66, 3-р хх-ийн 6 /

1 дүгээр хавтаст хэргийн 12-13,46-47, 3 дугаар хавтаст хэргийн 31 дүгээр талд тус тус авагдсан “...Баяраагаас ... сартай бор үнээ, сартай бор бяруу 2-ыг ....тэр ханшаар л авсан байхаа.....” гэх гэрч *******ын мэдүүлэг

1 дүгээр хавтаст хэргийн 16-17, 104-105, 3 дугаар хавтаст хэргийн 26-27 талд авагдсан “...Энх- Амгалан гэх хүн 2019 оны хавар ...манай үхэрт бор үнээг, бор тарлан бяруутай нь үлдээгээд явсан...харж байгаарай гэж хэлсэн, ...би тэгье гэсэн....” гэх гэрч *******ын мэдүүлэг

1 дүгээр хавтаст хэргийн 102-103 дугаар талд авагдсан “... 2019 оны 04 дүгээр сарын үед ...манай үхэрт эвэртэй сартай бор бяруутай бор үнээг үлдээсэн...би тэр бяруутай үнээг зарсан 500.000 төгрөгийг нь өгөөд явуулсан юм. ....эвэртэй бор алаг бяруутай бор үнээг л үлдээсэн юм..." гэх гэрч *******ын мэдүүлэг

1 дүгээр хавтаст хэргийн 108-109 дүгээр талд авагдсан “...манай үхрүүдийг алсаас нь харж байгаарай гэж *******д захисан юм. ... 2018 оны 12 дугаар сарын сүүлээр манай үхрүүдээс 10 тооны үхэр алга болсон байсан. ...Эрдэнэцогт сумаас 2 үхрийг нь олсон. ...Бусад үхрүүдийг нь халцархай духтай халиун, хар халзан, сартай бор үнээ 2, шийр цагаан хар үнээнүүд чинь Содоогийн үхрийн зах дээр харагдсан гэж надад хэлсэн. Тэгээд дараа нь 2018 оны 04 дүгээр сарын үед ******* нь надад танай 2 үхэр чинь байхгүй гэнэ лээ шүү алга болчихсон гэнээ гэж надад хэлсэн юм...” гэх гэрч ийн мэдүүлэг

1 дүгээр хавтаст хэргийн 130, 3 дугаар хавтаст хэргийн 68 дугаар талд тус тус авагдсан “...Хулгайд алдсан нас гүйцсэн сарлагийн үхэр 4 ширхэг 3.200.000 төгрөг, сарлагийн гунжин үнээ 5 ширхэг 4.000.000 төгрөг, сарлагийн бяруу 1 ширхэг 300.000 төгрөг, нийт үнэ цэнэ 7.500.000 /долоон сая таван зуун мянган/ төгрөг болохыг тодорхойлов...”, “...1 тооны нас гүйцсэн бүдүүн залуу сарлагийн үнээ 900.000 төгрөг, 1 тооны 2 шүдтэй соёолон насны сарлагийн эр үхэр 1.000.000 төгрөг, 1 тооны сарлагийн охин бяруу 300.000 төгрөг. Эд зүйлийн нийт үнэ цэнэ 2.200.000 /хоёр сая хоёр зуун мянга/ төгрөг болохыг тодорхойлов...” гэх Энх-Нахиа ХХК-ийн шинжээчийн 271, 486 дугаар дүгнэлтүүд зэрэг хавтаст хэрэгт авагдсан бусад бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, дээр дурдсан хэргийн үйл баримтын талаар тогтоосон нотлох баримтуудыг цуглуулахдаа хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, анхан шатны шүүхээс хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчиж нотлох баримт цуглуулан, бэхжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй хэргийг шийдвэрлэхэд хангалттай, прокуророос зүйлчилсэн хэргийн зүйлчлэл зөв байна.

Дээрх нотлох баримтуудыг үндэслэн анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явагдана” гэж заасантай нийцжээ.

Анхан шатны шүүх “...шүүгдэгч ******* нь *******ын 2 тооны үхрийг нууцаар, хууль бусаар буюу хохирогч *******ын эзэмшлийн үхрийг шунахай сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, бүрмөсөн, үнэ төлбөргүй өөрийн өмчийн адил захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулсан шууд санаатай үйлдлээр зарж авсан болох нь тогтоогдсон байна ...” гэж дүгнэж, шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж шийдвэрлэхдээ шүүгдэгч ******* нь өмнө нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2-д зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж уг ялаа эдэлж байхдаа ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсоныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт нь ял оногдуулж өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан нэг жилийн хорих ялыг нэмж нэгтгэн шийдвэрлэж, харин түүний өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг эдэлж байсан нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож эдлэх ялаас хасаж шийдвэрлэн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасныг баримтлан шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар хорих ял оногдуулж өмнөх шийтгэх тогтоолоор эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж шийдвэрлэсэн нь хуулийн үндэслэлтэй, зөв байна.

Мөн анхан шатны шүүх шүүгдэгч *******гаас сүү саалийн үнэ 3.300.000 төгрөг, шинжээчийн зардал 85000 төгрөг гаргуулж хохирогч *******ад олгож, хохирогч *******ын ганданд ном уншуулсан гэх 360.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хавтаст хэрэгт авагдсан хохиролтой холбоотой нотлох баримтуудыг зөв үнэлж, зөв шийдвэрлэжээ.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Харин “...*******, ******* 2 миний үхрийг бүлэглэн хамт хулгайн хэрэг үйлдсэн учир *******ыг шалгуулах хүсэлтээ бичгээр өгсөн. ...*******, ******* нарыг бүлэглэн миний үхрийг хулгайлсан болохыг ....гэрч *******ын мэдүүлэг бүрэн нотолж байгаа..., ... хохирлын 360.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон... CD-г хавтаст хэргээс хасуулж устгахыг эсэргүүцэж... хэрэгт хэвээр үлдээх..., ... шүүгдэгч нь хохирлоо бүрэн барагдуулсан тохиолдолд Өршөөлийн хуульд хамрагдаж зорчих хэсгээ хязгаарлуулж хууль зөрчсөн үйлдлийг шүүгч Д.Батцэнгэл гаргаж байна...*******г Галуут сумын төвөөс гарахыг хориглож техникийн хяналт тавьсан ...мотоцикл унаад хохирогч намайг гүтгээд доромжлоод явж байна. ...шийтгэх тогтоол буюу энэ хэргийг бүхэлд нь хянуулах...” агуулгаар бичсэн хохирогч *******ын гомдлын тухайд авч үзэхэд;

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан “ анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу Прокуророос шүүгдэгч *******г хохирогч *******ын сартай бор зүсмийн үнээ, бор тарлан зүсмийн бяруу, нийт 2 тооны сарлагийн үхрийг хулгайлан авч нэг сая гурван зуун мянган төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэний дагуу анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэнэ.

 Шүүгдэгч *******гийн мал хулгайлах гэмт хэргийн улмаас хохирогч *******ад учруулсан хохирол буюу ганданд ном уншуулсны 360000 төгрөгийг гаргуулан шийдвэрлэх боломжгүй буюу шууд хохирол бус бөгөөд хүн шашин шүтэх, эс шүтэх нь Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон эрх болохоос үүрэг биш тул ганданд ном уншуулсны 360000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг буруутгах боломжгүй юм.

Мөн түүнчлэн анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т заасан ялын төрөл хэмжээний хүрээнд 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан бөгөөд мөн хуулийн 2.6 дугаар зүйлийн 2-т зааснаар мөн зүйл 1-т заасан гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарагдах бөгөөд 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1,7.2-т тус тус заасны дагуу шүүгдэгч С. *******д оногдуулсан хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж шийдвэрлэсэн нь хүмүүнлэг, энэрэнгүй ёсны зарчмыг удирдлага болгон Ковид-19 цар тахлын нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор гэмт хэргийг нэг удаа ялын төрлийг сольж шийдвэрлэх Өршөөл үзүүлэх тухай хуулийн зорилтод нийцсэн, хуулийг зөрчөөгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Харин “...миний бие Баянхонгор аймгийн Галуут сумын төв буюу 6 дугаар багт оршин суудаггүй, байх газар орон гэр байхгүй тул шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6.6-т заасныг өөрчлөн Галуут сумын 1 дүгээр баг гэж өөрчлөн өгнө үү. Манай 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт юнителийн сүлжээ барьдаг. Өвөлжөө хаваржааны хооронд сүлжээ байнга байдаг болно...” гэх гомдлыг хүлээн авах боломжгүй энэ асуудлаа ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавьж буй Баянхонгор аймгийн Шүүхийн Шийдвэр биелүүлэх газарт хүсэлт гаргаж шийдвэрлүүлэх боломжтой болно.

  Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 

22.4.2 , Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9

 дүгээр зүйлийн 1.1 -т заасныг тус, тус удирдлага болгон

 ТОГТООХ нь:

 1. Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 2021/ШЦТ/284 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч *******, хохирогч ******* нарын давж заалдсан гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь Давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд Шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ

                      ШҮҮГЧИД Б.АРИУНБАЯР

                 .12 Т.ЖАРГАЛСАЙХАН