Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 334

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Алдар даргалж, Улсын яллагч: С.Мөнхгэрэл, Нарийн бичгийн дарга: Б.Билгүүн, Шүүгдэгч Ө /өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Сүхбаатар дүүргийн прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ө-д холбогдох эрүүгийн 1709004370032 дугаартай хэргийг 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, 2017 оны 010 дугаар сарын 05-ны өдөр хянан хэлэлцэв. Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар: Монгол Улсын иргэн, ...ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ... тоотод оршин суух, ял шийтгэгдэж байгаагүй, регистрийн дугаар ... Д.Ө. Яллагдагчийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурьдсанаар/: Яллагдагч Ө нь 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Улаанбаатар их дэлгүүрийн зүүн хойд талын явган хүний гарцан дээр З.Нямжанцанг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ө мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж байна гэв. Мөрдөн байцаалтын шатанд хохирогч З.Нямжанцан /хх-ийн 6-9/, гэрч Б.Мөнхбат /хх-ийн 10/, яллагдагч Д.Өлзийбаяр /хх-ийн 11/ нарын өгсөн мэдүүлэгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 9200 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 15/, шүүгдэгч Ө-н урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 22/ зэргийг шинжлэн судлав. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

Прокуророос шүүгдэгч Ө-д 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож шүүхэд хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал хангагдсан тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдсон гэж үзнэ. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Ө нь 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Улаанбаатар их дэлгүүрийн зүүн хойд талын явган хүний гарцан дээр З.Нямжанцанг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд: Хохирогч З.Нямжанцан мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...2017 оны 07 дугаар сарын 18-ны үүрээр буюу 04 цагаас 04 цаг 30 минутын хооронд би ажлаа тараад Улаанбаатар их дэлгүүрийн хойт талд байх төв зам дагуу автобусны буудал дээр байх ТҮЦ-нээс тамхи худалдаж аваад ертөнцийн зүгээр зүүн тийш буюу Улаанбаатар их дэлгүүрийн зүүн хойд талын явган хүний гарцаар зам гарах гэж байхад замын цаанаас буюу Писси молл дэлгүүрийн тэндээс өндөр ногоон өнгийн цамцтай залуу ирээд намайг үгийн зөрүү хийгээгүй шууд гараараа цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 6-9/, Гэрч Б.Мөнхбат мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “... Би Солонготой юм яриад зогсож байхад ард хүмүүс маргалдах шиг болсон. Тэгээд хартал гомдол гаргасан залуу их дэлгүүрийн зүг гүйж байсан ба Өлзий араас нь хөөгөөд гүйж байсан. Тэгээд би тэр хоёрын араас гүйхэд гомдол гаргасан залуу зугтаагаад алга болсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 10/, Яллагдагч Ө мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Тэгээд би нэг мэдэхэд ухаанаа алдсан нэг хүнтэй маргалдаж байсан шиг санагдаж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 11/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн №9200 дугаартай дүгнэлт: З.Нямжанцангийн биед баруун нүдний гадна хэсэгт шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй /хх-ийн 15/ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Ө-н гэм буруутай үйлдэл нь хангалттай тогтоогдсон гэж дүгнэв. Иймд шүүгдэгч Ө-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзнэ. Энэ хэргийн улмаас учирсан гэм хорын асуудлын хувьд хохирогч З.Нямжанцан нь /хх-ийн 7/: “...гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, Ө-тэй эвлэрсэн...” гэж мэдүүлснийг дурьдах нь зүйтэй. Энэ хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал, хохирогчийн санал хүсэлт зэргийг харгалзан шүүхээс Ө-т торгох ял оногдуулах үндэслэлтэй ба дээрх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох...” гэж заасны дагуу 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах боломжтой байна. Шүүгдэгч Ө-н хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв. Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдах нь зүйтэй.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 17.5 дугаар зүйлийн 1, 6, 8, 9, 36.1, 36,2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 1. Шүүгдэгч Д.Ө-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2. Шүүгдэгч Ө-г  2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй. 3. Шүүгдэгч Ө нь урьд цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай. 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө-т оногдуулсан 500.000 төгрөгийн торгох ялыг 03 /гурав/ сарын хугацаанд төлүүлэхээр тогтоосугай. 5. Шүүгдэгч Ө нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялыг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг түүнд мэдэгдсүгэй. 6. Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай. 7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Ө-д урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ М.АЛДАР