Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 25

 

 

                                     

Б.Бахытгүлд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Туяа даргалж, шүүгч М.Нямбаяр, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек нарын бүрэлдэхүүнтэй хийж

            Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 2021/ШЗ/208 дугаар шүүгчийн захирамжтай Б.Бахытгүлд холбогдох эрүүгийн 2136000000081 дугаартай хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн, 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч шүүгч М.Нямбаярын илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэйгээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга Б.Уянга, прокурорТ.Өсөхболд, нар оролцов. 

Монгол улсын иргэн, 1985 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий суманд төрсөн, 36 настай, эмэгтэй, дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй, Баян-Өлгий аймгийн нэгдсэн эмнэлгийн хавдарын их эмч ажилтай, ам бүл-7, нөхөр, хадам ээж, 4 хүүхдүүдийн хамт Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 11 багийн 27-02 тоотод оршин суух хаягтай, БЭ85051205 регистрийн дугаартай, Ботахара-Сарик овогт Бегзатын Бахытгүл нь Баян-Өлгий аймгийн нэгдсэн эмнэлгийн амбулторийн тасгийн хавдар хөнгөвчлөх эмчилгээний их эмчээр ажиллахдаа 2018 оны 03 дугаар сард иргэн Бухайгийн Көкенайгийн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацааг сунгасны хариуд буюу хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, эсхүл хэрэгжүүлэхийн тулд иргэн Бухайгийн Көкенайгаас 100,000 төгрөгийн хахууль авч, хахууль авах гэмт хэрэгт холбогджээ.

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх “Хэргийг прокурорт буцааж “шийдвэрлэжээ.

Прокурор эсэргүүцэл болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүгчийн захирамж нь шүүхийн шийдвэр үндэслэлгүй, хуулийн шаардлагад нийцээгүй гэж дүгнэж байна. Шүүгдэгч Б.Бахытгүлд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.3 дахь заалтад прокурорын сонсгосон ял эсхүл албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн эсэх гэсэн нөхцөл байдлыг шүүх хянахаар хуульчилсан байна. Уг заалтын хамгийн гол утга нь прокурорын сонсгосон ял эсхүл албадлагын арга хэмжээг шүүгдэгч зөвшөөрөөгүй байвал хэргийг прокурорт буцаах утгатай заалт юм. Яллагдагч Б.Бахытгүл нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг гаргасан ба уг хүсэлтийг прокуророос хянаад хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой гэж үзэн прокурорын яллах дүгнэлт үйлдсэн бөгөөд яллах дүгнэлтийн хавсралт хэсгийн 9 дэх  заалт болон яллагдагчид оногдуулах ялын төрөл, хэмжээ, ялаас чөлөөлөх, ял оногдуулахгүй тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай прокурорын саналд тус тус яллагдагч Б.Бахытгүлд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар дурдсан. Тодруулбал Б.Бахытгүлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас чөлөөлөх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 мөн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан албадлагын арга хэмжээ тус тус хэрэглэх саналыг гаргаж, гаргасан саналыг танилцуулахад яллагдагч Б.Бахытгүл зөвшөөрч гарын үсэг зурсан үйл баримт хэрэгт авагдсан байхад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх  тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.3 дахь заалтад заасан нөхцөл байдал хангагдаагүй гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Эрүүгийн хууль Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан зарчмуудад хахууль, өгөх, хахууль авах гэмт хэргийг шийдвэрлэхдээ өгөгч болон авагчийн үйлдлийг хамтад нь шийдвэрлэнэ гэсэн зарчим байхгүй дээрх хуулиудад тийм заалт ч байхгүй байхад ийнхүү дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэв.

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг прокурорт буцаах тухай шүүгчийн захирамж хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болсон эсэхийг прокурорын эсэргүүцэлд дурдсан  үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Ховд аймгийн Прокурорын газраас яллагдагч Б.Бахытгүл нь “Баян-Өлгий аймгийн нэгдсэн эмнэлгийн амбулаторийн тасгийн хавдар хөнгөвчлөх эмчилгээний эмчээр ажиллаж байхдаа 2018 оны 3 дугаар сард иргэн Бухайгийн Көкенайгийн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацааг сунгасны хариуд буюу хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, эсхүл хэрэгжүүлэхийн тулд иргэн Бухайгийн Көкенайгаас 100,000 төгрөгийн хахууль авсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ.

Шүүх “шүүгдэгч Б.Бахытгүлд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.3 дэх заалтад заасан нөхцөл байдал хангагдаагүй байна” гэсэн дүгнэлт хийж, хэргийг прокурорт буцаасныг прокурор эс зөвшөөрч эсэргүүцэл бичсэн байна.

Ховд аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Бахытгүлд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлэхдээ “яллагдагч Б.Бахытгүлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, яллагдагч Б.Бахытгүлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас чөлөөлөх, яллагдагч Б.Бахытгүлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх, мөн яллагдагч Б.Бахытгүлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 100,000 төгрөгийг хураан авч улсын орлого болгож, хөрөнгө орлого хураах албадлагын арга хэмжээ хэрэглэх” саналыг тус тус шүүхэд гаргажээ.

1. Монгол Улсын Их хурал Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейн 2003 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 58/4 тоот тогтоолоор баталсан Авилгын эсрэг НҮБ-ын Конвенцыг Монгол Улсын Засгийн газрын өргөн мэдүүлснээр 2005 оны 10 сарын 27-ны өдөр соёрхон баталсан байна. Уг конвенцын 30 дугаар зүйлд яллах, шүүхийн шийдвэр гаргах, шийтгэл оногдуулах асуудлыг зохицуулсан байх бөгөөд мөн зүйлийн 7 дахь хэсэгт  “Гэмт хэргийн ноцтой байдлаас үзэхэд батлагдаж байгаа тохиолдолд оролцогч улс бүр энэхүү конвенцын дагуу тогтоосон гэмт хэрэгт яллагдаж буй этгээдийг шүүхийн шийдвэр буюу зохих аливаа бусад хэрэгслээр дотоодын хуулиараа тогтоосон хугацаанд дараах үйл ажиллагаа явуулах эрхийг нь хасах журмыг тогтоох асуудлыг эрх зүйн тогтолцооныхоо тулгуур зарчимд нийцсэн хэмжээнд авч үзнэ: 1. төрийн алба хаших; 2. төрийн өмчит буюу төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжид алба хаших” гэжээ. Өөрөөр хэлбэл оролцогч улс бүр энэ гэмт хэрэгт яллагдаж байгаа этгээдэд үйл ажиллагаа явуулах эрхийг нь хасах шийтгэлийг дотоодын хууль тогтоомжид заасан хугацаагаар хасах журмыг тогтоох асуудлыг эрх зүйн тогтолцооныхоо тулгуур зарчимд нийцүүлэн авч үзэхээр баталсан байна. 

Ийм учраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилээс 5 жил хүртэл хугацаагаар хасаж, 2700 нэгжээс 14000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 6 сараас 3 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл 6 сараас 3 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр хуульчилжээ. Өөрөөр хэлбэл хууль тогтоогч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйл буюу хахууль авах гэмт хэрэг үйлдсэн этгээдэд үндсэн ял дээр нэмж “нийтийн албанд томилогдох эрхийг хасах” нэмэгдэл ялыг заавал оногдуулахаар хуульчилсан байх бөгөөд мөн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “... Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна” гэж тогтоосон. Гэтэл Ховд аймгийн прокурорын газраас яллагдагч Б.Бахытгүлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас бүхэлд нь чөлөөлөх агуулгатай саналыг шүүхэд ирүүлсэн нь дээр дурдсан зарчмын шинжтэй хуулийн зохицуулалтыг шүүх хэрэгжүүлэх боломжгүй нөхцөл байдалд хүргэсэн байна. Иймд “шүүгдэгч Б.Бахытгүлд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-д заасан нөхцөл байдал хангагдаагүй” гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль ёсны зарчимд нийцсэн гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

2. Хахууль авах, хахууль өгөх гэмт хэргүүдийн тухайд хахууль өгөгч болон хахууль авагч нарын нэгдмэл ашиг сонирхолтой шууд холбоотой, онцлогтой байдаг тул “хахууль өгөгчийн үйлдлийг хамтад шийдвэрлэх нь зүйтэй” гэх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй бөгөөд хэрэгт хахууль өгөгчийн үйлдлийг тусгаарлан шалгаж байгаа гэх баримт авагдаагүй болохыг дурдах нь зүйтэй.

3. Авилгын эсрэг НҮБ-ын конвенцын 2 дугаар зүйлд төрийн үйлчилгээг үзүүлдэг буюу нийтийн чиг үүргийг гүйцэтгэдэг хүнийг нийтийн албан тушаалтан гэж ойлгохоор заасан бөгөөд төрийн эрүүл мэндийн үйлчилгээг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр үзүүлж, төрөөс цалин хөлс авч, ажиллах нөхцөл боломжоор хангагдан ажиллаж байгаа хүнийг гагцхүү “албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлэг гаргадаг албан тушаалтан биш” гэх үндэслэл, шалтгаанаар нийтийн албан тушаалтан биш гэж үзсэн нь үндэслэл муутай болсныг тэмдэглэх нь зүйтэй байна.

Дээр дурдсан үндэслэлээр шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 2021/ШЗ/208 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Хэрэг анхан шатны шүүхэд очтол яллагдагч Б.Бахытгүлд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн энэ шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор “анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” гэсэн үндэслэлээр оролцогчид Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.     

 

                        

           ДАРГАЛАГЧ,

     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                          Н.ТУЯА

 

                   ШҮҮГЧИД                                          С.ӨМИРБЕК

                                                                  

                                                                                        М.НЯМБАЯР