Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 1816

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ц.М-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Туяа даргалж, шүүгч Ш.Оюунханд, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 183/ШШ2019/01775 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Ц.М-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч “Г” ХХК-д холбогдох ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ц.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Гулим, Б.Солонго, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сумъяа нар оролцов.

 

Нэхэмжлэгч Ц.М, түүний өмгөөлөгч П.Эрхэмбаяр нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдөр “Г” ХХК-д төслийн зохицуулагчийн албан тушаалд хөдөлмөрийн гэрээ байгуулан, ажиллаж байгаад 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр ажлаас чөлөөлөгдсөн. Ажиллах хугацаандаа ямар нэг сахилгын зөрчил болон алдаа дутагдал гаргаж байгаагүй. Компанийн дэд захирал Александер Гретчел өөрийн найз гэж Игорь Клобукарын визний асуудлыг зохицуулаад өгөөч гэх гуйлтын дагуу уг ажлыг нь зохицуулж өгсөн. Игорь уг мөнгийг хувиасаа өгсөн бөгөөд тухайн үед өөртэй нь тооцоо хийж баримтыг хүргүүлсэн. Уг мөнгө компаниас гарсан мөнгө биш тул компанийн программд хамаарахгүй бөгөөд би тайлагнах шаардлагагүй. Иймд “Г” ХХК-ийн дэд захирал Александр Гретчерийн 09/2019 тоот хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай тушаалыг хүчингүйд тооцуулж, ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч “Г” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Гулим, Б.Солонго нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч нь ажил олгогч буюу түүний бизнесийн түнш болох Игорь гэх хүнээс өгсөн мөнгийг зарцуулахдаа сахилга батгүй, компанийн зохицуулсан санхүүгийн журмыг зөрчсөн. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, Хөдөлмөрийн гэрээний 13.3.4, 23.3.12-т заасныг тус тус үндэслэн ноцтой зөрчил гаргасан гэж үзэж ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Ц.М-т түүний бизнесийн түнш Игорь гэх хүнээс 250 000 төгрөгийг виз авахад нь зориулж мөнгө хүлээлгэж өгсөн боловч нэхэмжлэгч уг мөнгийг зарцуулсан тухай тайлан хийгээгүй, зарцуулсан бол зохих баримтуудыг хүлээлгэж өгөөгүй, компаниас үүний талаар асууж байсан. Нотлох баримтын шаардлага хангах байдлаар 2019 оны 3 дугаар сарын 07-ны өдөр, 2019 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн н.Мягмардоржийн и-мэйл хаягт үзлэг хийсэн. Тус үзлэгийн баримтаас харахад “миний өгсөн мөнгийг би өгөөгүйд сэтгэл дундуур байна, сурч дассан харилцан итгэлцэлд үзсэн харилцаа биш байна” гэх бичиг манай байгууллага руу Игорь явуулсан. Нэхэмжлэгчээс асуухад визний мөнгийг оффист шаардлагатай эд зүйлс авсан гэж тайлбарладаг. Бизнесийн түншийн өгсөн мөнгийг компанид зарцуулах боломжгүй, компанийн дотоод “sharesuit” гэх программаас бэлэн мөнгийг зөвшөөрөл авч тушаадаг журамтай. Ц.М нь sharesuit гэх программын хэрхэн ашиглах талаарх сургалтад хамрагдаж, сургалтыг зохион байгуулдаг байсан. Үүнийг хэргийн 94, 107 дугаар талд авагдсан албан бичгүүдээр нотлогдоно. Ц.М өгсөн мөнгийг зориулалтын дагуу зарцуулаагүй, зарцуулсан талаарх тайланг өгөөгүй, санхүүгийн сахилга батгүй байсан гэж үзэж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.      

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан Ц.М-ийг “Г” ХХК-ийн Төслийн зохицуулагчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин 7 039 960 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалыг шимтгэлийг төлж, нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, “Г” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 127 589 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Гулим давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...Ц.М-ийн сахилга батгүй байсан нь дараах хоёр зөрчлөөр нотлогдож байна. Ц.М-т ажил олгогч буюу түүний бизнесийн түнш Игорь Клобукараас 250 000 төгрөгийг түүнд Монгол улсын виз гаргуулахад зориулж хүлээлгэж өгсөн. Гэтэл нэхэмжлэгч уг мөнгөний зарцуулалтыг тайлагнаагүй, зарцуулсан тухай зохих баримтыг компани болон Игорь Клобукарт хүлээлгэж өгөөгүй болно. Компаниас яаж зарцуулсан талаар удаа дараа асууж байсан боловч баримтаар нотолж бидэнд өгөөгүй. Мөн Игорийн ирүүлсэн бичигт "төлбөр тооцоог зөв хийж, илүү өгсөн мөнгийг буцааж өгөөгүйд би сэтгэл дундуур байна. Энэ бол миний өмнө нь сурч дассан, харилцан итгэлцэлд үндэслэсэн хамтын ажиллагаа биш юм” гэсэн. Эндээс үзвэл нэхэмжлэгч нь төлбөр тооцоог огт хийгээгүй, бизнесийн түншийн итгэлийг алдсан, цаашлаад компанийн нэр төрд халдсан зөрчлүүд гаргасан гэж үзэхээр байна. Бизнесийн түнш Игороос хүлээлгэж өгсөн мөнгөнөөс үлдэгдэл 100 000 гаруй төгрөгийг оффисын шаардлагатай эд зүйл авсан гэж нэхэмжлэгч тайлбарладаг боловч оффист эд зүйл аваагүй. Түүнчлэн манай компанийн бизнесийн түншээс өгсөн мөнгийг оффисын эд зүйл авахад ч зарцуулах ёсгүй юм. Хариуцагч компанийн Хөдөлмөрийн дотоод журмын 5.8 дахь хэсэг болон Хөдөлмөрийн гэрээний 4.1.13-д заасны дагуу хариуцагч компани нь “Sharesuite” программ ашиглаж, компанийн өдөр тутмын үйл ажиллагааг зохион байгуулдаг. Тухайлбал ажилтан оффисын шаардлагатай эд зүйл авах бол тухайн программын дагуу зөвшөөрөл авах ёстой. Нэхэмжлэгчийг санхүүгийн сахилга батгүй гэж үзэн 09/2019 тоот тушаалын дагуу нэхэмжлэгчийн хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Дээрх зөрчлүүдийг хариуцагчийн зүгээс мэдүүлж, нотлох баримтаар нотолсон байхад шүүх хэт нэг талыг барьж, хэргийн үнэнийг олох зорилгоор үйл баримтыг зөв тогтоогоогүй, нотлох баримтыг зөв үнэлээгүйг илтгэж байна. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “Ц.М-ийн эрхэлж байгаа ажил албан тушаалтай холбогдуулан дээрх ажлыг хариуцуулсан гэх үйл баримт тогтоогдохгүй” гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь Ц.М нь бизнесийн түншийн виз гаргуулах ажил нь түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний 4.1.18, 4.1.19 дэх хэсэгт заасан ажилд хамаарна. Игорь Клобукар нь "Г" ХХК-ийн бизнесийн түнш бөгөөд тус компанийн явуулж буй төсөлд зөвлөгөө өгөх хүн юм. Түүнээс ирүүлж байсан албан бичгийг шүүхэд гарган өгсөн болохыг дурдах нь зүйтэй. Түүнчлэн “...эрхэлж байгаа албан тушаалтай холбогдуулан дээрх ажлын хариуцуулсан гэх баримт тогтоогдохгүй...” гэж дүгнэсэн нь компанийн эсвэл гуравдагч этгээдийн итгэж өгсөн мөнгийг хувьдаа завшсан нэхэмжлэгчийн үйлдлийг зөвтгөх үндэслэл болохгүй. Иймд гомдлыг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Шүүх талуудын хоорондын маргааны үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, нотлох баримтыг хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Нэхэмжлэгч Ц.М нь хариуцагч “Г” ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг ажил олгогчид даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч ажлаас чөлөөлсөн нь үндэслэлтэй гэж маргажээ.

 

“Г” ХХК-ийн захирлын 2017 оны 8 дүгээр сарын 17-ны өдрийн тушаалаар нэхэмжлэгч Ц.М-ийг Төслийн зохицуулагч албан тушаалд анх томилж, /хх.6-20/ 2018 оны 8 дугаар сарын 18-ны өдөр хөдөлмөрийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулан, хөдөлмөрийн гэрээг 1 жилийн хугацаагаар сунгажээ. /хх.21/ Улмаар 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр “Г” ХХК-ийн дэд захирлын тушаалаар түүнийг ажлаас чөлөөлсөн байна.

 

Дээрх тушаалаар нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөхдөө “ажил олгогчоос хүлээлгэж өгсөн мөнгийг зарцуулахдаа компанид мөрдөгддөг журмыг зөрчиж, санхүүгийн сахилга батгүй байсан” гэж Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4, 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн хөдөлмөрийн гэрээний 13.3.4, 13.3.12, хөдөлмөрийн дотоод журмын 1.5-д заасныг тус тус үндэслэжээ. /хх38/

 

2017 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн хөдөлмөрийн гэрээний 13.3.4 дугаар заалтаар “А талын хөдөлмөрийн дотоод журам, сахилга бат, ажилтны гарын авлага, нууцлалын үүрэг, бусад холбогдох хууль тогтоомж, зохицуулалтыг бодитоор зөрчсөн тохиолдолд”, 13.3.12 дугаар заалтаар “санхүүгийн сахилга батгүй байж санхүүгийн дүрэм журам зөрчсөн эсхүл үүрэг даалгаврыг гүйцэтгэхдээ алдаа гаргаж, компанид эдийн засгийн ноцтой хохирол учруулсан” гэх зэрэг тохиолдлуудад хөдөлмөрийн гэрээг шууд цуцлахаар, хөдөлмөрийн дотоод журмын 1.5-д “компанийн хэмжээнд мөрдөгдөж бүх төрлийн үйл ажиллагааг зохицуулж байгаа дүрэм, журам зааврууд нь хөдөлмөрийн дотоод журмын бүрэлдэхүүн хэсэг байна” гэж тус тус заасан байна.

 

Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгч Ц.М нь ажил олгогч буюу түүний бизнесийн түнш Игор Клобукараас 250 000 төгрөгийг түүнд Монгол улсын виз гаргуулахад зориулж хүлээлгэж өгсөн. Гэтэл нэхэмжлэгч уг мөнгөний зарцуулалтыг тайлагнаагүй, зарцуулсан тухай зохих баримтыг компанид хүлээлгэж өгөөгүй гэж хариу тайлбар гаргадаг боловч /хх.55-56/ Ц.М-ийн эрхэлж байгаа ажил албан тушаалтай холбогдуулан дээрх ажлыг хариуцуулсан гэх үйл баримт тогтоогдоогүй, 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 09/2019 дүгээр тушаалын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар баримтаар нотлоогүй, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

 

Түүнчлэн, Игорь Клобукар нь “Г” ХХК-ийн хамтран ажилладаг бизнесийн түнш мөн эсэх, Ц.М эрхэлж буй ажлынхаа хүрээнд ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийн дагуу хийж гүйцэтгэх ёстой байсан эсэх, уг ажил удирдлагаас хариуцуулсан ажил мөн эсэх нь тодорхойгүй, нотлох баримтаар хангалттай тодорхой тогтоогдоогүй байх тул тушаалд заасан үндэслэлээр Ц.М-ийг ажлаас чөлөөлсөн нь хуульд нийцэхгүй юм. Анхан шатны шүүх хэргийн дээрх нөхцөл байдалд үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байх тул энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

 

Дээрхээс дүгнэвэл, нэхэмжлэгч Ц.М-ийг хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэж түүнийг ажлаас чөлөөлсөн 2019 оны 4 дугаар сарын 25-ны өдрийн 09/2019 дүгээр тушаал хуульд нийцээгүй гэж үзэн анхан шатны шүүх нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн тогтоохдоо Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасныг зөв хэрэглэжээ.

 

Нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоосонтой холбоотойгоор түүний ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагчаас гаргуулж, холбогдох дэвтэрт бичилт хийхийг даалгаж шийдвэрлэсэн нь зөв болжээ.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 183/ШШ2019/01775 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас төлсөн 127 589 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Т.ТУЯА

 

                                            ШҮҮГЧИД                                 Ш.ОЮУНХАНД

 

                                                                                                 Ц.ИЧИНХОРЛОО