Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 182/ШШ2024/01123

 

 

 

 

 

 

 

 

   2024        03         12                                           182/ШШ2024/01123

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б.Э-н нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ЭТ ХК-нд холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Б.Э,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.М,

Хариуцагчийн төлөөлөгч О.Б, Х.Э,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч тал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Б.Э нь ЭТ ХК-д 2019.08.20-ны өдрөөс Захиргааны хэлтсийн мэргэжилтэн, 2020.07.04-ний өдрөөс Захиргааны хэлтсийн дарга, 2022.10.21-ний өдөр Салбарын Захиргаа бүтээн байгуулалт, төслийн хөгжлийн газрын даргын албан тушаалд тус тус томилогдон ажиллаж байсан. Монгол улсын Засгийн газрын 2022.10.26-ны өдрийн 385 дугаар тогтоолоор ЭТ ХК-д онцгой дэглэм тогтоож, Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчөөр Ж.Гыг томилсон бөгөөд бүрэн эрх төлөөлөгчийн 2023.03.02-ны өдрийн Б/93 тоот тушаалаар надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, тушаалыг надад 2023.03.03-ны өдөр танилцуулсан болно. ЭТ ХК-ийн Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн Б/93 тоот тушаалын үндэслэх хэсэгт “...Монгол улсын Засгийн газарт эрх олгох тухай 1991 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн хуулийн 2 дугаар зүйлийн 1, Засгийн газрын 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн “ЭТ” ХК-ийн талаар авах арга хэмжээний тухай 385 дугаар тогтоолын 3 дугаар зүйлийн 3.1, 3.2 дахь хэсэг, Засгийн газрын онцгой бүрэн эрх төлөөлөгчийн 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн “Хариуцлагыг сайжруулж ажиллах тухай” А/683 дугаар тушаалын 1, 5, 6.1, 9 дэх хэсгийг тус тус үндэслэн “Салбарын Захиргаа, бүтээн байгуулалт, төслийн хөгжлийн газрын дарга Б.Э-г эрхэлсэн ажилдаа хариуцлагагүй хандсан тул үүрэгт ажлаас нь чөлөөлж Хөдөлмөрийн гэрээг 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөр тасалбар болгон дуусгавар болгосугай” гэжээ. Энэ тушаалд чухам ямар ажил үүрэгтээ хайнга хариуцлагагүй хандсан нь тодорхойгүй, хэт ерөнхий байх бөгөөд хариуцагчийн тайлбарт үндэслэн, надад хамааруулсан ажил үүрэгтэй холбоотойгоор тайлбар хийе. Үүнд:

1.1.Уурхайн нөлөөллийн бүсэд өртсөн буюу Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Цагаан овоо багийн иргэдийг нүүлгэн шилжүүлэх, нөхөн олговор олгох ажлыг төв оффиссын Захиргаа удирдлагын газрын харьяа Хамтын ажиллагааны алба бүрэн хариуцаж зохион байгуулдаг бөгөөд төсвийг уг албаны нэр дээр суулгасан байдаг. Хамтын ажиллагааны албанаас нөхөн олговор авах иргэдтэй гэрээ байгуулдаг бөгөөд уг гэрээгээр иргэдийн хөрөнгийг үнэлэх, шинэ суурьшлын бүсэд шилжих нүүлгэлтийн зардлыг харилцан тохиролцдог. Өөрөөр хэлбэл тухайн иргэн үлдэж буй барилгын суурь, хог хаягдлыг зайлуулах үүрэг хүлээдэггүй. Салбарын захиргааны хэлтсийн зүгээс эдгээр иргэдийн холбогдох гэрээг баталгаажуулах, санал хүсэлтийг нь авч төв оффис руу мэдэгдэх зэрэг ажлыг газар дээр нь зохион байгуулдаг болно. Гүйцэтгэх захирлын тушаалаар нөхөн олговор олгох жагсаалтыг баталдаг бөгөөд уг жагсаалтыг гаргахдаа Уул уурхай технологийн газраас гаргасан план зураглалыг баримталдаг. Өөрөөр хэлбэл Энержи ресурс ХХК-ийн нөлөөллийн талбайд байдаг айлд нөхөн олговор олгосон эсэх асуудлыг Салбарын захиргааны хэлтэс мэдэх боломжгүй юм.

1.2.Салбар уурхайн газар нэгжүүд нь худалдан авалтын захиалгын хуудсыг төв оффисын Захиргааны хэлтэс, Уул уурхай технологийн газраар дамжуулан Худалдан авах ажиллагааны газарт хүргүүлж, холбогдох хууль тогтоомжийн дагуу худалдан авах ажиллагааг зохион байгуулж, шалгарсан нийлүүлэгчтэй гэрээ байгуулдаг. Уг гэрээг ихэнх тохиолдолд төв оффисын газар нэгжүүд төлөөлж хийдэг бөгөөд салбар уурхайд гэрээний хувь ирдэггүй, зөвхөн төв оффист хадгалагддаг. Үүнээс үүдэн гэрээний хэрэгжилтэд хяналт тавих боломжгүй байгаа тул гэрээний хуулбар хувийг явуулж өгнө үү гэсэн хүсэлтийг миний бие 2023.01.23-ны өдөр Гэрээ эрх зүйн хэлтсийн дарга Т.Цолмонд дотоод албан бичгээр хүргүүлж байсан. Холбогдох гэрээнүүдийг хүлээж авсны дараа хариуцсан нэгж болгонд хуваарилан өгч, салбарын хуульчаар нэгдсэн жагсаалт үйлдэн салбарын захиалгаар байгуулагдсан 76 гэрээний хэрэгжилтийн байдлыг Хууль эрхзүйн газрын дарга Э.Түвшинжаргалд 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хүргүүлсэн байдаг. Салбарын санхүү эдийн засгийн нэгж нь Төв оффисын эдийн засаг төсвийн алба, Нягтлан бодох бүртгэлийн хэлтэс зэрэгтэй босоо удирдлагатай ажилладаг юм.

1.3.Компанид онцгой дэглэм тогтоосон 2022.10.26-ны өдрөөс эхлэн компанийн худалдан авалтын үйл ажиллагаа маш удаашралтай явагдах болсон бөгөөд бүх зүйл Бүрэн эрх төлөөлөгчийн шийдвэрээр хэрэгжих болсон тул компанид нэн шаардлагатай сэлбэг, бараа материалыг худалдан авахад хүндрэл үүссэн. Тухай бүр уурхайд нэн шаардлагатай бараа материалын жагсаалтыг гаргуулан Худалдан авах ажиллагааны газарт хүргүүлж, худалдан авалтыг яаралтай зохион байгуулах хүсэлтийг удаа дараа албан бичгээр явуулж байсан. Тийм учраас 105 ширхэг сэлбэг тоног төхөөрөмжийн 1.45 их наядын эрсдэл учирсан гэдэг нь огт үндэслэлгүй юм.

1.4.Салбарын хотхоны шинэ барилга ашиглалтад орохгүй удсанаас 2021 онд Долоон болдог ХХК-тай байгуулсан 5 гэрээний хэрэгжилтийг хангаж чадахгүйд хүрсэн. Энэ талаар би 2022.12.08-ны өдөр Худалдан авах ажиллагааны газар, Санхүү хөрөнгө оруулалтын газар, Хууль эрхзүйн газарт тус тус албан хүсэлт явуулж байсан бөгөөд барилга ашиглалтад ороогүйн улмаас эдгээр тавилгуудыг хүлээж авах агуулахын зай талбай байхгүй тул гэрээний хэрэгжилтийг хангах боломжгүй талаар мэдээлсэн. Гэвч холбогдох арга хэмжээг авч, шийдвэрлэж өгөөгүй. Компанийн худалдан авах ажиллагааны журам, Салбарын шууд худалдан авалтын журамд зааснаар Салбарын захиргаа бүтээн байгуулалт төслийн хөгжлийн газрын даргад салбарын шууд худалдан авалт явуулах ямар ч эрх байхгүй юм. Дээрх худалдан авалт нь салбарын захирлын шийдвэрээр холбогдох хууль тогтоомжийн дагуу зохион байгуулагдсан. Мөн миний бие төслийн удирдлага хөгжлийн хэлтсийн мэргэжилтэн Т.Ганбүргэдтэй ямар харилцаа хамааралгүй.

1.5.Тээвэр зохицуулалт, экспортын үйл ажиллагааны журамд зааснаар Салбарын санхүү эдийн засаг хариуцсан нэгж нь тухайн сарын мэдээг үндэслэн худалдан авагч, тээвэрлэгч тус бүрээр нэхэмжлэлийг ажлын 3 хоногт багтаан гаргаж Тээвэр хариуцсан нэгж нь тээвэрлэгчид цахим шуудангаар хүргүүлнэ. Өөрөөр хэлбэл Захиргаа бүтээн байгуулалт төслийн хөгжлийн газрын даргын оролцоо энэ үйл ажиллагаанд байхгүй юм. Газрын даргад санхүүгийн ямар нэг гарын үсэг зурах эрх байхгүй болно. ЭТТ-2022/584 тоот гэрээг байгуулсан Хашхан ХХК-аас бараа нийлүүлэх хуваарьт өөрчлөлт оруулах хүсэлтийг ирүүлсэн бөгөөд энэ талаар Хууль эрх зүйн газар, Худалдан авах ажиллагааны газарт тус тус мэдэгдэж бараа нийлүүлэх хугацааг 90 хоногоор хойшлуулсан. Уг бараа материалыг Салбарын барилга дэд бүтцийн хэлтэс, Барилгын засал тохижилтын алба, бараа материалын нярав хүлээн авсан бөгөөд тухайн материалын чанар, тоо хэмжээний талаар намайг ажиллаж байх үед огт мэдэгдэж байгаагүй юм. Бараа хүлээж авах актыг 2023.01.19-ний өдөр үйлдсэн талаар ДХЭУГ-ын дүгнэлтэд дурдсан байна. Өөрөөр хэлбэл уурхайд ажиллаагүй байх үед уг актыг үйлдсэн байна. Дотоод хяналт эрсдэлийн удирдлагын газрын Ө23/21 гэсэн дүгнэлт нь 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдөр үйлдэгдсэн мэт боловч уг дүгнэлтийн өмнөх дугаарлалт болох Э23/19 гэсэн дугаарлалт бүхий дүгнэлт нь 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдөр үйлдэгджээ. Иймээс Дотоод хяналт эрсдэлийн удирдлагын газар нь намайг ажлаас халагдсаны дараа дээрх 2 дүгнэлтийг нөхөн, хуурамчаар гаргасан байх магадлалтай байна.

1.6.Батлан хамгаалах сайдын 2021.10.22-ны өдрийн А/240 тоот тушаалаар “Ерөнхий сайдын өгсөн үүрэг чиглэлийг хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд Нийслэлийн хэрэгцээт шахмал түлшний түүхий эдийн тээвэрлэлтийн ажлыг зохион байгуулах чиг үүрэг бүхий ажлын хэсэг”-ийг байгуулсан бөгөөд ажлын хэсгийн хуралдаанаас батлан хамгаалах яамны зэвсэгт хүчний анги нэгтгэлүүдийн хүнд даацын машин техникийг ашиглах, холбогдох зардлыг “ЭТ” ХК-аар гаргуулахаар шийдвэрлэсэн. Эхний ээлжид Дорноговь, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт буй хүнд даацын автомашинуудыг Өмнөговь аймаг руу татах шатахууны зардлын тооцоог Зэвсэгт хүчний жанжин штабын дарга Д.Ганзориг 2021.10.22-ны өдрийн 1/4290 тоот албан бичгээр ирүүлсэн. Уг асуудлыг шийдвэрлэхийг гүйцэтгэх захирал надад үүрэг болгосон бөгөөд хүнд даацын автомашинуудыг шилжүүлэн байршуулах үед 9.6 тонн дизель түлш зарцуулахаар тооцсон. Уг шатахууныг өөрийн компанийн гэрээт шатахуун нийлүүлэгч Шунхлай компаниас гаргуулсан. Нийт 15.7 сая төгрөгийн шатахууны зардлыг Тавантолгой түлш ХХК-нд шилжүүлэх санхүүжилтээс хасах шаардлагатай талаар ЭЗХОХ-т мэдэгдэж байсан болно. Тухайн үед миний бие төв оффисын Захиргааны хэлтсийн даргаар ажиллаж байсан тул энэ нь Захиргаа бүтээн байгуулалт төслийн хөгжлийн газрын даргын үүрэгт ажлаас чөлөөлөх үндэслэл болохгүй юм.  

1.7.Дотоод хяналт эрсдэлийн удирдлагын газрын Ө23/19 тоот дүгнэлт нь 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдөр буюу намайг ажлаас халагдсанаас хойш 8 хоногийн дараа гарчээ. Матрасс худалдан авах захиалгын хуудсыг 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр тухайн үед Салбарын Захиргаа бүтээн байгуулалт төслийн хөгжлийн газрын даргаар ажиллаж байсан Ж.Алдармаа гаргасан байна. Матрасс нийлүүлэх Хашхан ХХК-тай 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр ЭТТ-2021/752 тоот гэрээг тухайн үед УУТГ-ын дарга байсан Б.Мөнхбаатар байгуулсан байна. Гэрээ дүгнэсэн актыг 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдөр мөн Ж.Алдармаа дарга баталгаажуулжээ. Миний бие 2022 оны 06 дугаар сарын 26-ны өдрөөс салбарын Захиргаа бүтээн байгуулалт төслийн хөгжлийн газрын даргаар шилжин ажилласан болно.

1.8.Салбарт шинээр баригдаж буй ашиглалтад ороогүй барилга байгууламжид хяналт тавих чиг үүргийг төв оффист байрлах Барилга дэд бүтцийн газар хэрэгжүүлдэг бөгөөд гэрээний дагуу мэргэжлийн хяналтыг газар дээр нь тавьж ажилладаг болно. Салбарын Захиргаа бүтээн байгуулалт төслийн хөгжлийн газарт харьяалагддаг Барилга дэд бүтцийн хэлтэс нь ашиглалтад авсан барилгын урсгал болон жижиг засварыг хийх, цахилгаан, сантехник, агааржуулалтын систем зэргийн үйл ажиллагаанд хяналт тавьж, засвар үйлчилгээг гүйцэтгэн ажилладаг. Төв оффисын Барилга дэд бүтцийн газар нь ажилчдын шинэ хотхоны барилга угсралтын гэрээнд хяналт тавин ажилладаг тул Үндэсний аудитын газрын дүгнэлтээр тавигдсан акт нь миний эрхэлж буй ажил албан тушаалтай хамааралгүй болно.

2.Хариуцагчийн зүгээс миний эрхэлж байсан албан тушаалд ямар ч хамааралгүй үйл ажиллагааг надтай хамаатуулж “ажилдаа хариуцлагагүй хандсан” гэж үзсэн нь үндэслэлгүй бөгөөд тухайн үед надтай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, надад ажлын байрны тодорхойлолтыг гаргаж өгөөгүй юм. Миний бие эрхэлсэн ажил үүрэгтээ хайнга, хариуцлагагүй хандсан удаагүй, сахилгын зөрчил буюу хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчил гаргаагүй болно. Хариуцагч нь тушаалыг гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийг үндэслээгүй, Хөдөлмөрийн тухай хуульд заасан аль үндэслэл хамаарах нь тодорхойгүй, Засгийн газарт эрх олгох тухай хуулийг Хөдөлмөрийн тухай хуулийн эрэмбээс дээгүүрт тавьж, хууль зөрчин ажлаас чөлөөлсөн гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хууль, Засгийн газрын 385 дугаар тогтоолд зааснаар Бүрэн эрх төлөөлөгч Ж.Гад онцгой дэглэмийн хугацаанд бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлт хийхтэй холбоотой шаардлагатай тохиолдолд ажилтныг ажлаас чөлөөлөх эрх хэмжээ олгогдсон бөгөөд үүнээс бусад тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг баримтлахгүйгээр субъектив байдлаар асуудалд хандаж, ажилтныг үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлөх эрх олгогдоогүй гэж үзэж байгаа. Иймд намайг ажлаас чөлөөлсөн тушаал хууль зүйн үндэслэлгүй, миний бие ямар ажил үүрэгтээ хайнга, хариуцлагагүй хандсан нь баримтаар тогтоогдохгүй байгаа тул намайг урьд эрхэлж байсан Салбарын захиргаа, бүтээн байгуулалт, төслийн хөгжлийн газрын даргын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэв.

 

2.Хариуцагч тал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр бүхэлд нь зөвшөөрөхгүй байгаа болно. Үүнд:

2.1.Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 385 дугаар тогтоолоор “ЭТ” ХК-д 6 сарын хугацаагаар тусад нь онцгой дэглэм тогтоож, Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийг томилон үйл ажиллагаа явуулж байна. “ЭТ” ХК-д тогтоосон онцгой дэглэм нь 1991 оны Засгийн газарт эрх олгох тухай хуулиар тусгайлан эрх олгосон онцгой харилцаа бөгөөд онцгой дэглэм тогтоосон үед хийж хэрэгжүүлэх, авах арга хэмжээг шаардлагатай гэж үзвэл нийтлэг баримталдаг хууль тогтоомжийн заалтыг хэрэглэхгүй байж болохоор зохицуулсан байдаг. Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн “Б.Эыг үүрэгт ажлаас чөлөөлөх тухай” 2023.03.02-ны өдрийн Б/93 тоот тушаал хууль зүйн үндэслэл бүхий гарсан болно. Тус тушаалыг Засгийн газарт эрх олгох тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэг, Засгийн газрын 2022 оны 385 тоот тогтоолын 3 дугаар зүйлийн 3.1-д “компанийн бүтэц, зохион байгуулалтыг оновчтой тогтоож, шинэчлэх, шаардлагатай бол нэгжийн удирдлага, холбогдох албан тушаалтныг томилж, чөлөөлөх...”-ийг Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчид даалгаж, эрх олгосны дагуу гаргасан болно. Түүнчлэн, Засгийн газрын 385 дугаар тогтоолын 3.2-т “Компанийн хөдөлмөрийн болон үйлдвэрлэл, технологийн тухайлсан дүрэм, үйлдвэрлэлийн аюул осолгүй ажиллагааны тусгай журам тогтоож, тэдгээрийг зөрчигчдөд зохих хариуцлага хүлээлгэж ажиллахыг” гэж даалгасны дагуу Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч 2022.11.02-ны өдөр “Хариуцлагыг сайжруулж ажиллах тухай” А/683 тоот тушаалыг гаргасан бөгөөд уг тушаалын 1, 5, 6.1, 6.2 болон 9 дэх заалтыг тус тус үндэслэн Б.Эыг үүрэгт ажлаас чөлөөлсөн байна. Энэ тохиолдолд нийтлэг баримталдаг хууль тогтоомжийг баримтлахгүй.

2.2.Гүйцэтгэх захирлын 2022.06.24-ны өдрийн Б/664 тоот тушаалаар Салбарын Захиргааны хэлтсийн даргаар ажиллаж байсан Б.Эыг Салбарын Захиргаа, бүтээн байгуулалт, төслийн хөгжлийн газрын даргаар сэлгэн ажиллуулж, үүний дараа 2022.10.21-ны өдрийн Б/1224 тоот тушаалаар тус албан тушаалд томилогдсон болно. Ажиллах хугацаандаа, Салбарын Захиргаа, бүтээн байгуулалт, төслийн хөгжлийн газрын даргын батлагдсан Ажлын байрны тодорхойлолт болон “ЭТ” ХК-н Гүйцэтгэх захирлын 2022.10.25-ны өдрийн А/677 дугаар тушаалын 12 дугаар хавсралтаар баталсан чиг үүргийг ажил үүрэгтээ удирдлага болгож, Салбарын Захиргааны хэлтэс, Барилга, дэд бүтэц, бүтээн байгуулалтын хэлтэс, Төслийн удирдлага, хөгжлийн хэлтэс болон Хүний нөөц, Санхүүгийн төлөвлөлтийн үйл ажиллагааг хариуцаж, удирдан зохион байгуулж, хяналт тавьж ажилладаг болно.

Нэхэмжлэгч Б.Э нь Захиргаа, бүтээн байгуулалт, төслийн хөгжлийн газрын чиг үүрэг, эрхэлж буй ажил, албан тушаалын хүрээнд дараах ажлын алдаа дутагдал гаргасан нь компанийн Дотоод хяналт, эрсдлийн удирдлагын газрын 2023.03.01-ны өдрийн хяналт шалгалтын тайлан, холбогдох дүгнэлтүүд болон Үндэсний аудитын газрын гүйцэтгэлийн аудитаар тогтоогдож, компанид их хэмжээний төлбөрийн акт тавигдсан тул Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч эрхэлсэн ажилдаа хариуцлагагүй хандсан гэж үзсэн. Тухайлбал:

-Салбарын Захиргааны хэлтэс нь уурхайн нөлөөллийн бүсийн айл өрхүүдийг нүүлгэн шилжүүлэх ажлыг хангалтгүй зохион байгуулж, газар чөлөөлсөн айл өрхүүдэд барилгын суурь, хог хаягдлыг үлдээхгүй байх талаас нь арга хэмжээ авч ажиллаагүйгээс компанид төлөвлөгдөөгүй их хэмжээний хог хаягдал зайлуулах зардал гарахаар болсон. Мөн “Энержи ресурс” ХХК-ийн эзэмшиж буй лицензийн талбайд хамаарах айл өрхүүдийг хамруулж нүүлгэн шилжүүлэх нөхөн олговор олгосноор компанид их хэмжээний үргүй зардал гарах эрсдэл учруулсан.

-Салбарын хэмжээнд гэрээний хэрэгжилтэд хяналт тавьж ажиллаагүй, тухай бүр удирдлага зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллаагүйгээс сэлбэг, бараа материалын нөөцгүй болж уурхайн үйл ажиллагаа доголдох эрсдэл үүссэн.

-Салбарын 2022 оны шууд худалдан авалтаар үйл ажиллагааны чиглэлийн хамаарал бүхий этгээдийн 5 компаниас 87,9 сая төгрөгийн бараа, ажил үйлчилгээний худалдан авалтыг хийсэн байна.

-Нүүрс тээврийн хучилтын орлогыг салбарын Захиргааны хэлтэс хариуцаж дансанд төвлөрүүлдэг бөгөөд 2022.12.31-ний өдрийн байдлаар 127 харилцагчаас авах 1.0 тэрбум төгрөгийн авлага санхүүгийн тайланд бүртгэлтэй байна. Хучилтын авлагыг авч барагдуулах талаар Салбарын удирдлагын зүгээс арга хэмжээ авч ажиллаагүйгээс авлагын 45 хувь нь найдваргүй болох эрсдэлтэй байна.

-ЭТТ-2022/584 дугаартай “Цанхи хотхоны паркетан шал худалдах, худалдан авах гэрээ”-ний хүрээнд Захиалагч нэгж болох Захиргаа, бүтээн байгуулалт төслийн хөгжлийн газраас гэрээний хэрэгжилтэд зохих хяналтыг тавиагүйгээс гэрээнд заасан хугацаанд бараа бүтээгдэхүүн бүрэн нийлүүлэгдээгүй, гэрээний хугацаа дууссан боловч сунгалт хийгдээгүй, техникийн тодорхойлолтын шаардлага хангахгүй барааг хүлээн авч, ашигласан гэх мэт.

2.3.Шунхлай петролиум” ХХК-тай хийсэн ЭТТ-2021/462 тоот “Дизель түлш худалдах, худалдан авах гэрээ”-ний хэрэгжилтийг хангалтгүй зохион байгуулж 15.7 сая төгрөгийн илүү олголт хийж, компанийг санхүүгийн эрсдэлд оруулсан. Уурхайн шинэ хотхонд ашиглалтад орохтой холбоотой гэрээ байгуулж, захиалсан 312 ширхэг матрастай орнууд нь хотхоны өрөөнд багтахгүй болсон талаар Дотоод хяналт эрсдлийн удирдлагын газрын Д23/19 дугаартай дүгнэлтээр Салбарын удирдлагууд ажлын уялдаа холбоог хангаж ажиллаагүй, үүссэн нөхцөл байдлыг урьдчилан тооцоолж, хариу арга хэмжээ авах ажлыг зохион байгуулаагүй компанид хохирол учруулсан. Салбарт хэрэгжиж буй барилга, дэд бүтцийн төсөл хөтөлбөрүүдийг удирдан зохион байгуулах, хяналт тавих чиг үүргээ хангалттай хэрэгжүүлээгүйгээс Үндэсний аудитын газраас 302.7 сая төгрөгийн төлбөрийн акт тавигдсан. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Б.Э нь Захиргаа, бүтээн байгуулалт, төслийн хөгжлийн газрын үйл ажиллагааг удирдлага зохион байгуулалтаар бүрэн хангаж, хяналт тавьж ажиллаагүйгээс хэрэгжиж буй төсөл хөтөлбөрүүд зогссон, бараа материал, сэлбэг хэрэгслийн нөөцгүй болсон холбогдох хууль дүрэм журмыг мөрдөөгүйгээс техникийн тодорхойлолтын шаардлага хангаагүй бараа материал нийлүүлж ашигласан, компанийн өмч хөрөнгө дутаасан, хэрэгцээ шаардлагагүй худалдан авалтыг зохион байгуулсан, хамаарал бүхий этгээдийн компаниас худалдан авалт хийж гэрээний заалтыг зөрчин төлбөрийг шилжүүлсэн зэрэг нийт 1.1 тэрбум төгрөгийн хохирол учруулсан байх тул Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгч ажил үүрэгтээ хариуцлагагүй хандсан гэж үзсэн.

2.4.Засгийн газрын 2022 оны 385 тоот тогтоолоор даалгасан үүрэг даалгаврыг биелүүлэхийн тулд Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгч нь хуулийн хүрээнд шаардлагатай гэж үзсэн арга хэмжээг авч ажиллах үүрэгтэй бөгөөд компанийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж буй үйл ажиллагааг таслан зогсоох, албан тушаалтанд хариуцлага тооцох эрхийг хуулийн дагуу хэрэгжүүлсэн болно. Б.Эын Салбарын захиргаа, бүтээн байгуулалт, төслийн хөгжлийн газрын даргын ажилд түүнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, ажлын байрны тодорхойлолтыг баталж өгөөгүй боловч энэ нь түүний ажилдаа хариуцлагагүй хандсан байдлыг үгүйсгэхгүй юм. Тиймээс гүйцэтгэх захирлын ажлаас чөлөөлсөн тушаал хууль зүйн үндэслэлтэй тул Б.Эын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3.Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар,

Нэгдүгээр хавтаст хэрэгт: 2023.05.01-ний өдрийн 35 дугаар Чингэлтэй дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын гурван талт хорооны хуралдааны шийдвэр, 2023.05.03-ны өдрийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтууд, 2023.03.29-ний өдрийн Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын хуралдааны тэмдэглэл, иргэний үнэмлэхний лавлагаа, 2022.10.21-ны өдрийн Б/1224 дугаар ажилд томилох тухай тушаал, 2023.03.02-ны өдрийн Б/93 дугаар ажлаас чөлөөлөх тухай тушаал зэргийг,

 

4.Хариуцагч талаас нотлох баримтаар,

Нэгдүгээр хавтаст хэрэгт: хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Засгийн газрын 2022.10.26-ны өдрийн 385 дугаар тогтоол, Улсын их хурлын 2023.04.21-ний өдрийн 28 дугаар тогтоол, гүйцэтгэх захирлын 2022.06.24-ний өдрийн Б/664 дүгээр тушаал, 2022.10.21-ны өдрийн Б/1224 дугаар ажилд томилох тухай тушаал, 2023.03.02-ны өдрийн Б/93 дугаар ажлаас чөлөөлөх тухай тушаал, ажлын байрны тодорхойлолт, гүйцэтгэх захирлын 2022.10.25-ны өдрийн А/677 дугаар тушаал, хавсралт, 2022.11.02-ны өдрийн А/683 дугаар тушаал, 2023.03.01-ний өдрийн Дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын газрын хяналт, шалгалтын тайлан, 2023.02.02-ны өдрийн Дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын газрын D23/05 дугаар дүгнэлт, 2023.03.10-ны өдрийн Дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын газрын D23/19 дугаар дүгнэлт, 2023.03.01-ний өдрийн D23/21 дугаар дүгнэлт, 2022.08.12-ны өдрийн Цанхи хотхоны паркетан шал худалдах, худалдан авах гэрээ, 2023.03.25-ны өдрийн дотоод албан бичиг, хавсралт, Үндэсний аудитын газрын 2022.10.03-ны өдрийн н/45 дугаар албан бичиг, Үндэсний аудитын газрын 2023.04.13-ны өдрийн акт, Үндэсний аудитын газрын 2023.04.13-ны өдрийн албан шаардлага, 2022.03.16-ны өдрийн Хөдөлмөрийн дотоод журам, гүйцэтгэх захирлын 2021.11.19-ний өдрийн А/476 дугаар тушаал батлагдсан ЭТ ХК-ийн үйл ажиллагаанд дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах журам, гүйцэтгэх захирлын 2019.04.26-ны өдрийн А/226 дугаар тушаал, хавсралт зэргийг тус тус шүүхэд гарган өгсөн байна.

 

5.Нэхэмжлэгч талын хүсэлтээр шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримтууд,

Нэгдүгээр хавтаст хэрэгт: ТУЗ-ийн 2021.06.29-ний өдрийн компанийн орон тооны хязгаар, зохион байгуулалтын бүтцийг шинэчлэн батлах тухай 28 дугаар тогтоол, гүйцэтгэх захирлын 2022.10.25-ны өдрийн компанийн бүтцийн нэгжийн үйл ажиллагааны нэгдсэн чиг үүргийг шинэчлэн батлах тухай А/677 дугаар тушаал, Үндэсний аудитын газрын 2022 оны санхүүгийн тайланд хийсэн аудитын тайлан, Салбарын 2022 оны шууд худалдан авалтаар Батсээр инженеринг ХХК-тай байгуулсан худалдах, худалдан авах гэрээ,

Хоёрдугаар хавтаст хэрэгт: Эрд бэх ХХК, иргэн С.Алтанцэцэг, Ажнай мандал ХХК, Биллионнайр прожект ХХК, Дуулгат мөрөн ХХК-тай байгуулсан гэрээний худалдан авалтын баримтууд, гүйлгээний баримтууд, Салбарын шууд худалдан авалтын журам, Биллионнайр прожект ХХК-тай байгуулсан гэрээ, холбоотой баримтууд, Цанхи хотхоны паркетан шал худалах, худалдан авах гэрээ, холбогдох баримтууд, гүйцэтгэх захирлын Цагаан овоо багийн иргэдэд нөхөн олговор олгох тухай 2021.12.30-ны өдрийн А/516, 2022.01.17-ны өдрийн А/11, 2022.06.28-ны өдрийн А/384 дугаар тушаалууд, нөхөн олговор олгосон гүйлгээний баримтууд, Салбарын дотоод албан бичгүүд, ЭТ ХК-ийн 2023 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний төсөл, төсвийн төсөл боловсруулах удирдамж, төсвийн журам, Тээвэр зохицуулалт, экспортын үйл ажиллагааны журам, 2023.10.19-ний өдрийн Т.Гүнжээ, Г.Энхцэцэг, Ж.Алдармаа нарыг гэрчээр асуусан тэмдэглэл,

Гуравдугаар хавтаст хэрэгт: 2023.01.18-ны өдрийн нөхөн олговор олгох гэрээ, 2023.03.25-ны өдрийн дотоод албан бичиг, хавсралт, 2023 оны Үндэсний аудитын газрын гүйцэтгэлийн аудитын тайлан зэрэг болно.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч Б.Э нь хариуцагч ЭТ ХК‑нд холбогдуулж урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Шүүх хэрэгт авагдсан, тодорхойлох хэсэгт дурдагдсан зохигчдын гарган өгсөн болон шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийж, дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

2.Нэхэмжлэгч тал гаргасан нэхэмжлэлийнхээ үндэслэлийг “...миний бие ажилдаа хариуцлагагүй хандсан ямар нэгэн зөрчил гаргаагүй, ажил үүргийн хувьд надад хамааралгүй зүйлийг хамаатуулсан байгаа, надтай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, ажлын байрны тодорхойлолт өгөөгүй, хариуцагч талын үндэслэл болгосон дотоод аудитын дүгнэлтийн огноо, дугаар зөрүүтэй, намайг ажлаас халагдснаас хойш нөхөн хийсэн нэг талын баримт, ажлаас халах шаардлагатай тохиолдол нь зөвхөн хуулийн хүрээнд, компанийн бүтэц зохион байгуулалтын өөрчлөлттэй холбоотой бий болох ёстой байтал намайг зөрчлийн шинжтэй үйлдлээр, шаардлагатай гэж үзэн хууль бусаар ажлаас чөлөөлсөн, энэ тохиолдолд ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг баримтлах ёстой байтал баримтлаагүй, тушаал хууль зүйн үндэслэлгүй...” гэж тайлбарлав.

 

Хариуцагч тал гаргасан тайлбар, татгалзлынхаа үндэслэлийг “...нэхэмжлэгч Б.Э нь уурхайн нөлөөллийн бүсийн айл өрхүүдийг нүүлгэн шилжүүлэх ажлыг хангалтгүй зохион байгуулж, газар чөлөөлсөн айл өрхүүдэд барилгын суурь, хог хаягдлыг үлдээхгүй байх талаас нь арга хэмжээ авч ажиллаагүйгээс компанид төлөвлөгдөөгүй их хэмжээний хог хаягдал зайлуулах зардал гарсан, салбарын хэмжээнд гэрээний хэрэгжилтэд хяналт тавьж ажиллаагүй, тухай бүр удирдлага зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллаагүйгээс сэлбэг, бараа материалын нөөцгүй болж уурхайн үйл ажиллагаа доголдох эрсдэл үүссэн, Цанхи хотхоны паркетан шал худалдах, худалдан авах гэрээний хэрэгжилтэд хяналт тавиагүй, гэрээнд заасан хугацаанд бараа бүтээгдэхүүн бүрэн нийлүүлэгдээгүй гэх мэтээр эрхэлсэн ажилдаа хариуцлагагүй хандсан болох нь Дотоод аудит, эрсдэлийн газрын шалгалтын тайлан, дүгнэлтүүдээр тогтоогдсон, тийм учраас бүрэн эрхт төлөөлөгч шаардлагатай гэж үзэж Б.Эыг ажлаас чөлөөлсөн, энэ тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн зохицуулалт хамаарахгүй, ажлаас чөлөөлсөн тушаал хууль зүйн үндэслэлтэй...” гэж тайлбарлан мэтгэлцсэн.

 

3.Нэхэмжлэгч Б.Э нь хариуцагч ЭТ ХК-ийн Төв оффисын Захиргааны хэлтсийн даргаар ажиллаж байгаад гүйцэтгэх захирлын 2022.06.24-ний өдрийн Б/664 дүгээр тушаалаар Салбарын захиргаа, бүтээн байгуулалт, төслийн хөгжлийн газрын даргаар 2022.06.27-ны өдрөөс эхлэн 3 сарын хугацаатай сэлгэн ажилласан, улмаар гүйцэтгэх захирлын 2022.10.21-ний өдрийн Б/1224 дүгээр тушаалаар 2022.10.21-ний өдрөөс эхлэн тус албан тушаалд томилогдон ажиллажээ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.2, 48 дугаар зүйлийн 48.1, 49, 50 дугаар зүйлд зааснаар ажил олгогч нь ажилтантай тохиролцож, ажлын байрны нэр, ажлын байрны тодорхойлолтод заасан гүйцэтгэх ажил үүрэг, ажил үүрэг гүйцэтгэх байршил, цалин хөлсний хэмжээ, хөдөлмөрийн нөхцөл зэрэг гол нөхцөл болон бусад нэмэлт нөхцөлийн талаар тохиролцох, хөдөлмөрийн гэрээг хугацаатай болон хугацаагүй хэлбэрээр байгуулах, ажлын байрны тодорхойлолтыг баталгаажуулж ажилтанд өгөх үндсэн үүрэгтэй.

 

Харин хариуцагч ЭТ ХК нь гүйцэтгэх захирлын 2022.10.25-ны өдрийн А/677 тоот тушаал, тушаалын 12 дугаар хавсралтаар Салбарын үйл ажиллагааны үндсэн чиг үүргийг баталсан байх боловч энэ хүрээнд нэхэмжлэгч Б.Эын Салбарын захиргаа, бүтээн байгуулалт, төслийн хөгжлийн газрын даргын албан тушаалд хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, түүнд ажлын байрны тодорхойлолтыг баталгаажуулж өгөөгүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдсон бөгөөд энэ тохиолдолд ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1-д зааснаар ажилтнаас ажил үүрэг гүйцэтгэхийг шаардах, ажилтанд ямар нэгэн хариуцлага тооцох хууль зүйн үндэслэлгүй юм.

 

4.Нэхэмжлэгч Б.Эын хийж гүйцэтгэх ажлын чиг үүрэг тодорхойгүй хэдий ч тэрээр Салбарын Захиргаа, бүтээн байгуулалт, төслийн хөгжлийн газрын даргаар ажиллаж байгаад Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн 2023.03.02-ны өдрийн Б/93 дугаар тушаалаар ажлаасаа чөлөөлөгдсөн, хариуцагч ЭТ ХК нь Хөдөлмөрийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.4, 83.6-д зааснаар уг тушаалын нэг хувийг нэхэмжлэгч Б.Эад 2023.03.09-ний өдөр танилцуулж хүлээлгэн өгсөн, түүнтэй эрүүл мэндийн даатгалын дэвтэр, бусад баримт бичиг, цалин хөлсний талаар холбогдох тооцоог хийсэн талаар зохигчид маргаангүй.

 

Хариуцагч ЭТ ХК-ийн гүйцэтгэх захирал буюу Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч нь ажлаас чөлөөлөх тухай дээр дурдсан тушаалд 1991.01.04-ний өдрийн БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулийн 2 дугаар зүйлийн 1, Засгийн газрын 2022.10.26-ны өдрийн “ЭТ ХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай” 385 дугаар тогтоолын 3 дугаар зүйлийн 3.1, 3.2 дахь заалт, Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн 2022.11.02-ны өдрийн хариуцлагыг сайжруулах тухай А/683 дугаар тушаалын 1, 5, 6 дугаар зүйлийн 6.1, 6.2, 9 дэх заалтыг тус тус удирдлага болгон, “...эрхэлсэн ажилдаа хариуцлагагүй хандсан...” гэсэн үндэслэлийг заажээ.  

 

5.1991.01.04-ний өдрийн БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулийн 1 дүгээр зүйлд “Улсын эдийн засгийн амьдрал, хүн амын үйлчилгээний хэвийн нөхцөлийг хангахад нэн чухал үүрэг бүхий тодорхой үйлдвэрийн газар, байгууллагад шаардлагатай гэж үзвэл нийтлэг баримталдаг хууль тогтоомжийн заалтыг хэрэглэхгүйгээр 6 сар хүртэл тусад нь онцгой дэглэм тогтоож, харьяалал харгалзахгүйгээр өөрийн шууд хяналтад авч ажиллуулах эрхийг БНМАУ-ын Засгийн газарт олгосугай” гэж,

2 дугаар зүйлд “Онцгой дэглэмээр ажиллах үйлдвэрийн газар, байгууллагын үйл ажиллагааны талаар Засгийн газраас тогтоох эрх зүйн онцгой журам нь Монгол улсын хууль тогтоомжийн ардчилсан зарчим, Монгол улсын олон улсын гэрээний үндэслэл, иргэдийн нийтлэг ашиг сонирхолд нийцсэн байхын зэрэгцээ дор дурдсан асуудлын хүрээнд байвал зохино: 1/.Үйлдвэрийн газар, байгууллагын зохион байгуулалтын бүтэц, үүргийг тогтоох, бүх шатных нь удирдах ажилтныг томилох...” гэж заасан.

 

Хуулийн энэхүү зохицуулалтын дагуу Монгол улсын Засгийн газрын 2022.10.26-ны өдрийн 385 дугаар “ЭТ ХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай”  тогтоол гарч, уг тогтоолын 1, 2, 3 дугаар зүйлд зааснаар төлбөрийн тэнцлийн алдагдал өндөр байгаа, гадаад валютын орох урсгалыг нэмэгдүүлэх, Засгийн газрын 2022 оны 362 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагыг харгалзан ЭТ ХК-д 6 сарын хугацаагаар онцгой дэглэм тогтоож, онцгой дэглэм тогтоосон хугацаанд Монгол улсын Засгийн газарт эрх олгох тухай хууль болон уг тогтоолд заасан арга хэмжээг авч хэрэгжүүлэн, компанийн үндсэн үйл ажиллагаа, удирдлага зохион байгуулалт, төлбөр тооцоог сайжруулж, орлогыг нэмэгдүүлэх асуудлыг шууд хариуцан гүйцэтгэж, компанийг бүрэн төлөөлөх эрх бүхий Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийг томилсон байна.

Уг тогтоолын 3 дугаар зүйлийн 3.1-д зааснаар компанийн бүтэц, зохион байгуулалтыг оновчтой тогтоож, шинэчлэх, шаардлагатай бол нэгжийн удирдлага, холбогдох албан тушаалтныг томилж чөлөөлөхийг Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч Ж.Гад даалгаж, 3.2-т зааснаар компанийн хөдөлмөрийн болон үйлдвэрлэл, технологийн тухайлсан дүрэм, үйлдвэрлэлийн аюул осолгүй ажиллагааны тусгай журам тогтоож, тэдгээрийг зөрчигчдөд зохих хариуцлага  хүлээлгэж ажиллахыг Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч Ж.Гад даалгасан, уг онцгой дэглэмийн хугацааг Улсын их хурлын 2023.04.21-ний өдрийн 28 тоот тогтоолоор дахин 6 сарын хугацаагаар сунгасан, энэхүү хугацаа 2023.06.21-ний өдөр дуусгавар болсон хэдий ч Засгийн газрын 2023.11.29-ний өрийн 424 дүгээр тогтоолоор ЭТ ХК-нд 6 сарын хугацаагаар дахин онцгой дэглэм тогтоож, Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчөөр Ж.Гыг томилсон байна. /https://legalinfo.mn/mn сайт/

 

Хариуцагч ЭТ ХК-ийн гүйцэтгэх захирал нь 1991 оны БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хууль, Засгийн газрын 385 дугаар тогтоолыг үндэслэн 2022.11.02-ны өдөр А/683 дугаартай “хариуцлагыг сайжруулах тухай” тушаалыг гаргасан байх ба, уг тушаалаар онцгой дэглэм тогтоосон хугацаанд компанийн үндсэн үйл ажиллагаа болох нүүрсний хайгуул, олборлолт, борлуулалт, тээвэрлэлтийн үйл ажиллагааны хэвийн тасралтгүй байдлыг хангахад онцгой анхаарч, үйл ажиллагааны бүхий л үе шатанд сахилга хариуцлагыг сайжруулж ажиллахыг компанийн нэгжийн удирдлага болон нийт ажилтнуудад үүрэг болгосон төдийгүй, сахилга хариуцлага алдсан тохиолдолд хариуцлагыг тухай бүр тооцох санал танилцуулахыг холбогдох албан тушаалтанд даалгажээ.

 

6.Өөрөөр хэлбэл, ажлаас чөлөөлсөн тушаалын хууль зүйн үндэслэл болсон 1991 оны БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулийн 2 дугаар зүйлийн 1, Засгийн газрын 2022 оны 385 дугаар тогтоолын 3 дугаар зүйлийн 3.1 дэх заалт нь онцгой дэглэмийн хугацаанд компанийн бүтэц, зохион байгуулалтыг оновчтой тогтоож, шинэчлэх ажлыг хэрэгжүүлэх, иргэдийн нийтлэг ашиг сонирхолд нийцсэн үед үүссэн шаардлагатай тохиолдолд нийтлэг баримталдаг хууль тогтоомжийн заалтыг хэрэглэхгүй байх агуулгыг илэрхийлж байна.

 

Харин нэхэмжлэгч Б.Эыг “...эрхэлсэн ажилдаа хариуцлагагүй хандсан...” гэх зөрчлийн шинжтэй үйлдлийг ажлаас чөлөөлөх шаардлагатай тохиолдолд хамааруулахгүй бөгөөд 1991 оны БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулийн 2 дугаар зүйлийн 1, Засгийн газрын 2022 оны 385 дугаар тогтоолын 3 дугаар зүйлийн 3.1, 3.2 дахь хэсэг, гүйцэтгэх захирлын А/683 дугаар тушаалд зааснаар онцгой бүрэн эрхт төлөөлөгчид олгосон эрх хэмжээний хүрээнд нэхэмжлэгч Б.Эыг ажлаас чөлөөлөх шаардлагатай, сахилга хариуцлага алдсан ямар тохиолдол үүссэн болох нь тодорхойгүй, энэ талаарх баримтгүйн дээр Салбарын Захиргаа, бүтээн байгуулалт, төслийн хөгжлийн газар нь ямар нэгэн бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлтөд хамаарсангүй.

 

Тиймээс шүүх хариуцагч ЭТ ХК нь нэхэмжлэгч Б.Эыг онцгой дэглэмийн хугацаанд компанийн бүтэц, зохион байгуулалтыг оновчтой тогтоож, шинэчлэх ажлыг хэрэгжүүлэх үед үүссэн шаардлагатай тохиолдлоор бус, харин ажилдаа хариуцлагагүй хандсан гэх зөрчлийн шинжтэй үйлдлийн улмаас түүнийг ажлаас нь чөлөөлсөн байна гэж дүгнэлээ.

 

 

Энэ тохиолдолд хариуцагч ЭТ ХК нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-ээс 80.1.6-д заасан аль нэг үндэслэлийг ажлаас чөлөөлсөн тушаалд заавал баримтлах, түүнчлэн нэхэмжлэгч Б.Эыг ажлаас чөлөөлөх үед “эрхэлсэн ажилдаа хариуцлагагүй хандсан” гэх зөрчил нь чухам ямар зөрчил болохыг Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3, Хөдөлмөрийн гэрээний 4 дүгээр зүйл, байгууллагын дотоод журмын 8 дугаар зүйлийн 8.3, 8.10-т зааснаар ажилтанд мэдэгдэж, түүнээс тайлбар авах, холбогдох нэгжийн удирдлагын саналыг тусгаж баталгаажуулан, шалгаж баримтаар тогтоосны үндсэн дээр нэхэмжлэгч Б.Эыг ажлаас чөлөөлөх учиртай.

 

7.Харин хариуцагч тал “эрхэлсэн ажилдаа хариуцлагагүй хандсан” гэж үзсэн үндэслэлээ Дотоод аудит, эрсдэлийн газрын шалгалтын тайлан, дүгнэлтүүдийг үндэслэн “...уурхайн нөлөөллийн бүсийн айл өрхүүдийг нүүлгэн шилжүүлэх ажлыг хангалтгүй зохион байгуулж, газар чөлөөлсөн айл өрхүүдэд барилгын суурь, хог хаягдлыг үлдээхгүй байх талаас нь арга хэмжээ авч ажиллаагүйгээс компанид төлөвлөгдөөгүй их хэмжээний хог хаягдал зайлуулах зардал гарсан, салбарын хэмжээнд гэрээний хэрэгжилтэд хяналт тавьж ажиллаагүй, тухай бүр удирдлага зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллаагүйгээс сэлбэг, бараа материалын нөөцгүй болж уурхайн үйл ажиллагаа доголдох эрсдэл үүссэн, Цанхи хотхоны паркетан шал худалдах, худалдан авах гэрээний хэрэгжилтэд хяналт тавиагүй, гэрээнд заасан хугацаанд бараа бүтээгдэхүүн бүрэн нийлүүлэгдээгүй гэх мэтээр эрхэлсэн ажилдаа хариуцлагагүй хандсан...” гэж нөхөн тайлбарлана.

 

7.1.Дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын газар нь Салбарын Захиргаа, бүтээн байгуулалт, төслийн хөгжлийн газарт хамаарах захиргаа, хүний нөөц, санхүү, эдийн засаг, нягтлан бодох бүртгэл, худалдан авалт, төсөл хөтөлбөр, барилга дэд бүтэц, бүтээн байгуулалтын үйл ажиллагаанд хамаарах гэрээ, санхүүгийн бүртгэл тооцоолол, тайлагнал, орон нутагт зохион байгуулсан худалдан авах үйл ажиллагаатай холбогдсон 2022 оны баримт материалыг хамруулсан хяналт шалгалт явуулж 2023.03.01-ний өдөр тайланг бичсэн байна.

 

Энэхүү тайлангийн 2.3.1-д ...Цогтцэций сумын Цагаан-Овоо багийн иргэдийг нүүлгэн шилжүүлэх ажлын хүрээнд компанийн тусгай зөвшөөрлийн талбай буюу уурхайн нөлөөллийн бүсийн айл өрхүүдийг нүүлгэн шилжүүлэх, нөхөн олговор олгох асуудлыг Салбарын захирал Н.Э хариуцсан..., 2.3.2-т ...Энержи ресурс ХХК-ийн эзэмшлийн талбайд хамаарах айл өрхүүдэд нөхөн төлбөр олгосон..., 2.3.5-д ...салбарт хэрэгжиж буй гэрээний хэрэгжилтэд хяналт тавьж ажиллаагүйгээс 2023 оны төсөвт хэрэгжиж буй он дамжих нь тодорхой болсон 5 гэрээний 105 ширхэг тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл, бараа материалын төсвийг тусгаагүйгээс компанийг 1,45 их наяд төгрөгийн төсвийн эрсдэлд учруулсан... болохыг тогтоож,

тайлангийн 4.1-д салбарын удирдлагууд хууль тогтоомж, компанийн дотоод дүрэм, журам, хөдөлмөрийн аюулгүй байдал, байгаль орчин, эрүүл ахуйн заавар горим болон бусад холбогдох баримт бичгийг сахин мөрдөж, ажлын байрны тодорхойлолт, төлөвлөгөө, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлээгүй, хариуцсан ажилдаа хяналт тавиагүй, шаардлагатай арга хэмжээг тухай бүр нь авч ажиллаагүйгээс салбарын үйл ажиллагаа доголдоход хүрсэн болохыг,

4.6-д Захиргаа бүтээн байгуулалт, төслийн хөгжлийн газрын үйл ажиллагааг удирдлагын зохион байгуулалтаар бүрэн хангаж, хяналт тавьж ажиллаагүйгээс хэрэгжиж буй төсөл хөтөлбөрүүд зогссон, бараа материал, сэлбэг хэрэгслийн нөөцгүй болсон...хамаарал бүхий этгээдийн компаниас худалдан авалт хийж гэрээний заалтыг зөрчиж, төлбөрийг шилжүүлсэн зэрэг нийт 1,1 тэрбум төгрөгийн зөрчил гарсан болохыг тус тус дүгнэж,

5.1-д Захиргаа, бүтээн байгуулалт, төслийн хөгжлийн газрын дарга Б.Эын хөдөлмөрийн гэрээг цуцлах санал гаргасан байна.

 

7.2.Дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын газар нь Захиргаа удирдлагын газраас 2022.12.22-ны өдрийн 82 тоот дотоод албан бичгээр ирүүлсэн Салбарын захиргаа, бүтээн байгуулалт, төслийн хөгжлийн газрын дарга Б.Эын зөвшөөрлөөр ЗХЖШ-ын тээврийн хэрэгслүүдэд дизель түлш олгосон асуудалд дүгнэлт гаргуулах хүсэлтийн дагуу хяналт шалгалт явуулж 2023.02.02-ны өдрийн D23/05 тоот дүгнэлтийг гаргажээ.

 

Тус дүгнэлтийн 3.1-д Тухайн үеийн захиргааны хэлтсийн дарга Б.Э нь Шунхлай петролиум ХХК-тай байгуулсан ЭТТ-2021/462 тоот дизель түлш худалдах, худалдан авах гэрээг захиалагчийг төлөөлж байгуулсан, гүйцэтгэх захирлын өгсөн чиглэлийн дагуу захиалагчийн үүргээ биелүүлсэн. Гэвч үүсэх төлбөр тооцоог цаашид хэрхэн зохицуулах талаар арга хэмжээ авч ажиллаагүй, орхигдуулснаас үүдэж өр төлбөрийн асуудал үүссэн болохыг тогтоож,

4.1-д Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн 2023.01.04-ний өдрийн А/02 дугаартай тушаалаар батлагдсан ажлын хэсгийн гэрээ дүгнэх ажлын хүрээнд сайжруулсан шахмал түлшний үндсэн түүхий эд /мидлинг/-ийн тээвэр, нөөцлөлтийн үйл ажиллагааны зардлыг санхүүжүүлэхээр байгуулагдсан ЭТТ-2022/09 дугаартай гэрээний тооцоонд 15,789,371 төгрөгийг оруулж гэрээг дүгнэх нь зүйтэй гэсэн санал гаргажээ. Харин энэ нь нэхэмжлэгч Б.Эын өмнө гүйцэтгэж байсан ажил үүрэгтэй хамааралтай байна.

 

7.3.Дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын газар нь уурхайн хотхонд 120*200 см 280 ширхэг матрастай ор, 160*200 см 32 ширхэг матрастай ор худалдан авсан нь шинэ хотхоны өрөөнд багтахгүй байгаа асуудлын талаар шалгалт явуулж 2023.03.10-ны өдрийн D23/19 тоот дүгнэлтийг гаргажээ.

 

Тус дүгнэлтийн 3.1-д 2020.05.21-ний өдөр 2 болон 3 давхрын өрөөнүүдэд өөрчлөлт оруулах тухай хүсэлтийг Голомт өргөө ХХК-нд хүргүүлж зураг төслийг өөрчлөн 2021.08.13-ны өдөр батлагдсан байхад өрөөний багтаамжийг дахин тооцоолж орны техникийн тодорхойлолтыг нягтлан өөрчлөлгүй, худалдан авалтыг хийсэн, Гэрээ, санамж бичгийн журмын 5.1-д заасныг захиалагч нэгжийн удирдлага ажилдаа хайнга хариуцлагагүй хандсан болохыг тогтоож, хугацаатай үүрэг даалгавар өгсөн байна. Энэ дүгнэлтийн огноо нь цаг хугацааны хувьд нэхэмжлэгч Б.Эыг ажлаас чөлөөлсөн 2023.03.02-ны өдрөөс хойш байна.

 

7.4.Дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын газар нь ЭТТ-2022/584 дугаартай Цанхи хотхоны паркетан шал худалдах, худалдан авах гэрээний хэрэгжилтэд хяналт тавих асуудлын талаар шалгалт явуулж 2023.03.01-ний өдөр дүгнэлт гаргасан байх ба, уг дүгнэлтийн 4.1-д захиалагч нэгж болох Захиргаа, бүтээн байгуулалт, төслийн хөгжлийн газраас Гэрээ, санамж бичгийн журмын 5.1-д зааснаар гэрээний хэрэгжилтэд хяналт тавиагүйгээс гэрээнд заасан хугацаанд бараа бүрэн нийлүүлэгдээгүй, гэрээний хугацаа дууссан боловч сунгалт хийгдээгүй, техникийн тодорхойлолтын шаардлага хангахгүй барааг хүлээн авч ашигласан талаар дурдаж, …Б.Эын хөдөлмөрийн гэрээг цуцлах, Хашхан ХХК-тай байгуулсан ЭТТ-2022/584 тоот гэрээний дагуу нийлүүлэгдсэн техникийн тодорхойлолтын шаардлага хангаагүй паркетан шалыг буцаах, …гэрээнд заасны дагуу 98 хоногийн алданги 0,1%-иар тооцож 8,114,400 төгрөгийг суутгах талаар санал, зөвлөмж гаргажээ.

 

Дээрх хяналт шалгалтын тайлан болон дүгнэлтүүдэд дурдагдсан үйл баримтын талаар 2023.10.19-ний өдөр гэрчээр асуугдсан Т.Гүнжээ нь “...Цагаан овоо нүүлгэн шилжүүлэлтийн ажлыг Гадаад харилцаа, хамтын ажиллагааны алба хариуцаж байсан, ...нөхөн олговрын төсөв Гадаад харилцаа, хамтын ажиллагааны албанд байдаг...” гэсэн агуулга бүхий мэдүүлгийг,

хариуцагч ЭТ ХК-ийн ахлах нягтлан бодогч Г.Энхцэцэг “...хучилтын төлбөрийн авлага, түүнтэй холбоотой тооцоог Тээвэр зохицуулалтын алба, гэрээ хэрэгжүүлэгч нэгж нь хариуцдаг, ...одоогийн процесс бол албаны санхүү хучилтын төлбөр тооцоог тооцоолж гаргаад нэхэмжлэл бэлтгэдэг, нэхэмжлэлийг борлуулалтын нэгж болон Тээврийн хэлтэс рүү хүргүүлдэг...,Салбарын захиргаа, бүтээн байгуулалт, төслийн хөгжлийн газрын даргад санхүүгийн гүйлгээ хийх эрх байхгүй, салбарын захирал болон ахлах нягтлан бодогч нар зөвхөн салбарт холбоотой гүйлгээг хариуцах эрх нь байдаг...” гэх агуулга бүхий мэдүүлгийг,

хариуцагч ЭТ ХК-ийн Салбарын захиргааны хэлтсийн дарга Ж.Алдармаа “...миний бие 2022.06.29-ний өдрийг хүртэл Салбарын захиргаа, бүтээн байгуулалт, төслийн хөгжлийн газрын даргаар ажиллаж байсан, ...Шинэ хотхоны 312 ширхэг матрасны захиалгын хуудсыг би гаргасан, ...матрастай орны захиалгад Б.Э-д оролцоогүй...” гэх агуулга бүхий мэдүүлгийг тус тус өгсөн байна.

 

Дурдсан хяналт шалгалтын тайлан, дүгнэлтүүд, гэрчүүдийн мэдүүлгийг харьцуулан үзвэл уурхайн нөлөөллийн бүсийн айл өрхүүдийг нүүлгэн шилжүүлэх, газар чөлөөлөх, айл өрхүүдийн барилгын суурь, хог хаягдлыг цэвэрлэх, тухай бүр удирдлага зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллах, Цанхи хотхоны паркетан шал худалдах, худалдан авах гэрээ болон Шинэ хотхоны 312 ширхэг матрастай орны захилга, гэрээний хэрэгжилтэд хяналт тавих зэрэг чиг үүрэг нь зөвхөн нэхэмжлэгч Б.Эад бус, харин хариуцагч ЭТ ХК-ийн холбогдох нэгж, хэлтэс, ажилтнуудад хамааралтай цогц үйл ажиллагаа байх бөгөөд Дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын газрын 2023.03.01-ний өдрийн хяналт шалгалтын тайлан, мөн газрын 2023.02.02-ны өдрийн D23/05 тоот, 2023.03.10-ны өдрийн D23/19 тоот, 2023.03.01-ний өдрийн D23/21 тоот дүгнэлтүүдээр нэхэмжлэгч Б.Э “эрхэлсэн ажилдаа хариуцлагагүй хандсан” гэх зөрчил тогтоогдсонгүй.

 

8.Тодруулбал, хариуцагч ЭТ ХК-ийн гүйцэтгэх захирлын 2021.11.19-ний өдрийн А/476 тоот тушаалаар батлагдсан дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах журмын 5 дугаар зүйлийн 5.2-т хяналт шалгалтын төрлийг зохицуулсан байх ба, дээр дурдсан хяналт, шалгалт нь төлөвлөгөөт, төлөвлөгөөт бус, дотоод хяналт шалгалтын байгууллагаас ирсэн хяналт шалгалтын зөвлөмжийн хэрэгжилтэд хийх гүйцэтгэлийн хяналт, хөндлөнгийн хяналт шалгалтын байгууллагаас ирсэн хяналт шалгалтын зөвлөмж, албан даалгаврын хэрэгжилтэд хийх гүйцэтгэлийн хяналт, тогтмол хяналт шалгалтын алин болох нь тодорхойгүй.

 

Өөрөөр хэлбэл хариуцагч ЭТ ХК нь дурдсан хяналт шалгалтуудыг зохион байгуулахдаа ямар нэгэн удирдамж гаргаагүй, ямар цаг хугацаанд, хэд хоногийн хугацаатай хийсэн шалгалт болох нь тодорхойгүй, хяналт шалгалтын үйл ажиллагааны үр дүн, илэрсэн зөрчил дутагдал, дүгнэлт зөвлөмжийг агуулсан хяналт шалгалтын удирдамжийг холбогдох нэгжийн удирдлагад танилцуулж санал авсан тухай баримтгүй байгаа нь тус журмын 5 дугаар зүйлийн 5.3-аас 5.8-д заасантай нийцсэнгүй.

Иймд хариуцагч ЭТ ХК-ийн 2023.03.02-ны өдрийн Б/93 тоот нэхэмжлэгч Б.Эыг ажлаас чөлөөлсөн тушаал нь хууль зүйн үндэслэлгүй, нэхэмжлэгч Б.Эыг “эрхэлсэн ажилдаа хариуцлагагүй хандсан” гэдэг нь хариуцагчийн үндэслэл болгосон дотоод хяналт шалгалтын тайлан, дүгнэлтээр тогтоогдоогүй, нэхэмжлэгч Б.Э нь ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээнд заасан ямар ажил үүрэг гүйцэтгэх байсан нь тодорхойгүй, хариуцагч ЭТ ХК нь нэхэмжлэгч Б.Этай хөдөлмөрийн гэрээ байгуулах, түүнд ажлын байрны тодорхойлолтыг баталгаажуулж өгөх үүргээ биелүүлээгүй, нэхэмжлэгч Б.Эыг хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтгүйгээр ажиллуулж байсан тохиолдолд түүнийг зөрчлийн шинжтэй үйлдлээр ажлаас чөлөөлөх хууль зүйн үндэслэлгүй болно.

 

Тиймээс нэхэмжлэгч Б.Эыг урьд эрхэлж байсан Салбарын Захиргаа, бүтээн байгуулалт, төслийн хөгжлийн газрын даргын ажилд эгүүлэн тогтоох нь Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1.-д заасантай нийцнэ.

  

          9.Нэхэмжлэгч Б.Э нь ажлаас үндэслэлгүй халагдсаны үр дагавар болох ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг болон нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхээр  Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1., 43 дугаар зүйлийн 43.2.7.-д зааснаар хариуцагч ЭТ ХК-иас шаардах эрхтэй, хариуцагч ЭТ ХК нь түүнд урьд эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг нөхөн олгох, ажилтныг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулах, хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлөх, тайлагнах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулах үүрэгтэй байна.

 

Нэхэмжлэгч Б.Эын гарган өгсөн 2023.05.03-ны өдрийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтыг үндэслэн түүний нэг сарын дундаж цалин хөлсийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021.12.06-ны өдрийн А/192 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журмын дагуу тооцвол 21,990,520 /2023 оны 2 сард 15,871,511 төг + 1 сард 15,910,223 төг + 2022 оны 12 сард 34,189,828 төг = 65,971,562 төг : 3/ төгрөг болов.

 

Нэхэмжлэгч Б.Эыг ажлаас нь чөлөөлсөн 2023.03.02-ны өдрөөс тус шүүхийн шийдвэр гарсан 2024.03.12-ны өдрийг хүртэл ажилгүй байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг тооцвол:

12 сар /21,990,520 төг * 12 сар = 263,886,240 төг/,

ажлын 6 өдөр /21,990,520 төг : 21,5 өдөр = 1,022,814 төг * 6 өд = 6,136,884 төг/-ийн олговор нийт 270,023,124 /263,886,240 төг + 6,136,884 төг/ төгрөг болж байна.

 

          Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1., 43 дугаар зүйлийн 43.2.7.-д зааснаар хариуцагч ЭТ ХК-иас 12 сар, ажлын 8 өдрийн олговорт 270,023,124 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Эад олгож, уг олговроос шимтгэл тооцон төлөх, нэхэмжлэгч Б.Эын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулахыг хариуцагч ЭТ ХК-д үүрэг болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

10.Нэхэмжлэгч Б.Э нь тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх ба,  хариуцагч ЭТ ХК-иас 1,508,066 төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулах нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5., 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1., 56 дугаар зүйлийн 56.1.-д заасантай нийцнэ.

 

11.Хэрэгт авагдсан Үндэсний аудитын газрын 2022.10.03-ны өдрийн н/45 тоот албан бичиг, Үндэсний аудитын газрын 2023.04.13-ны өдрийн акт, албан шаардлага, гүйцэтгэх захирлын 2019.04.26-ны өдрийн А/226 тоот тушаал, тушаалын хавсралт болох компанийн ёс зүй, ашиг сонирхлын хорооны ажиллах журам, дүрэм, 2023 оны санхүүгийн аудитын тайлан, Дотоод аудит, эрсдэлийн удирдлагын газрын хяналт шалгалтын тайлан, дүгнэлтэд дурдагдсан 2022.07.29, 2022.08.25-ны өдрийн шууд худалдан авалтын тайлангууд, холбогдох баримтууд, 2022.10.21-ний өдрийн А/79 дүгээр тушаалаар батлагдсан салбарт шууд худалдан авалтыг зохион байгуулах журам, хавсралт, гүйцэтгэх захирлын 2021.12.30-ны өдрийн А/516 тоот, 2022.01.17-ны өдрийн А/11 тоот, 2022.06.28-ны өдрийн А/384 тоот “Цагаан-Овоо багийн иргэдэд нөхөн олговор олгох тухай” тушаал, хавсралтууд, ЭТ ХК-ийн 2023 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний төсөл болон төсвийн төсөл боловсруулах удирдамж, төсвийн журам, хавсралт, 2022.06.09-ний өдрийн А/332 тоот тушаалаар батлагдсан Тээвэр зохицуулалт, экспортын үйл ажиллагааны журам, 2023.01.18-ны өдрийн нөхөн олговор олгох гэрээ, хавсралт, дотоод албан бичгүүд, хавсралтууд, Үндэсний аудитын газрын гүйцэтгэлийн аудитын тайлан гэсэн баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүйг дурдав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2., 115.2.1., 160 дугаар зүйлийн 160.1.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1.-д зааснаар нэхэмжлэгч Б.Эыг хариуцагч ЭТ ХК-ийн Салбарын Захиргаа, бүтээн байгуулалт, төслийн хөгжлийн газрын даргын ажилд эгүүлэн тогтоосугай.

 

2.Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1.-д зааснаар хариуцагч ЭТ ХК-иас 270,023,124 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Эад олгосугай.  

 

3.Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7.-д зааснаар 270,023,124 төгрөгийн олговроос шимтгэл тооцон төлөх, нэхэмжлэгч Б.Эын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулахыг хариуцагч ЭТ ХК-д үүрэг болгосугай.

 

4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар нэхэмжлэгч Б.Э нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1., 56 дугаар зүйлийн 56.1.-д зааснаар хариуцагч ЭТ ХК-иас 1,508,066 төгрөгийг гаргуулж улсын төсөвт  оруулсугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5., 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай. 

 

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.3., 119.4., 119.7.‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болж, 14 хоногийн дотор бичгээр гарах ба, шүүх хуралдаанд оролцсон тал уг хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, энэхүү үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                    Т.ЭНХТУЯА