| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрсүхийн Энхтуяа |
| Хэргийн индекс | 182/2023/04740/И |
| Дугаар | 182/ШШ2024/01206 |
| Огноо | 2024-03-15 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 03 сарын 15 өдөр
Дугаар 182/ШШ2024/01206
2024 03 15 182/ШШ2024/01206
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхтуяа даргалж, шүүгч Ж.Байгалмаа, Х.Дашдэчмаа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б.Т-н нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ц.А-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Ус алдсаны улмаас учирсан гэм хорын хохиролд 1,834,142 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Б.Т,
Хариуцагч Ц.А,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А,
Иргэдийн төлөөлөгч Ц.А, Д.Э нар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд зохигчдын гаргасан хүсэлтээр тэдний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Чингэлтэй дүүргийн * дугаар хороо, ** дугаар байрны 3 тоот, 38 м.кв, гурван өрөө орон сууцны өмчлөгч бөгөөд байраа түрээсэлдэг. Тийм учраас би 2020 онд байрандаа бүрэн засвар хийсэн. Гэтэл дээд айл болох 6 тоот буюу хариуцагч Ц.Агийнхаас 5-6 удаа манайх руу ус алдсан. Ус алдах бүрт орж хэлдэг, өөрсдөө усаа шавхаад зогсож байдаг, ус алдаж байгаа, эвдэрсэн зүйлээ засаж сайжруулдаггүй, манайд учруулсан хохирлоо ч төлж барагдуулдаггүй. Хамгийн сүүлд 2023 оны 10 сард 14 хоногийн хугацаатай хоёр удаа ус алдсан. Энэ үед конторт дуудлага өгсөн, 2023.10.25-ны өдрийн техникийн комиссын дүгнэлтээр дээс айлын буюу хариуцагчийн байрны хэрэглээний ус алдсаны улмаас угаалгын өрөө болон ариун цэврийн өрөөний плита ховхорч унасан, обойнууд хуурсан, таазны эмульс хуурч шарласан болохыг тогтоосон. Манайх байраа даатгалд хамруулаагүй учраас даатгалын байгууллагаас ямар нэгэн нөхөн төлбөр авах боломжгүй байгаа.
Миний бие Хөрөнгийн үнэлгээ хийх эрх бүхий этгээд болох АЭ-т үнэлгээ ХХК-иар үнэлгээ хийлгэхэд плита наах, Замаск, зүлгүүр хийх, обой наах, цэвэрлэгээ, бусад ажил хийх нийт үнэ 1,110,600 төгрөг, плита, замаск, обой, эмүльс, бусад материал 411,500 төгрөг, тээврийн зардалд 80,000 төгрөг зэргээр нийтдээ 1,694,142 төгрөг болохыг тогтоосон. Үүн дээр нэмээд би үнэлгээний ажлын хөлс болгож тус компанид 140,000 төгрөг төлсөн. Ингээд нийт хохирол 1,834,142 төгрөг болсон. Би анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 1,936,000 төгрөг нэхэмжилсэн. Энэ үнийн дүнгээ 1,834,142 төгрөг болгон багасгаж байна. Иймд хариуцагчаас 1,834,142 төгрөгийг гаргуулж надад олгож, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэв.
2.Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2020 оноос хойш ус алдсан талаар болон 2023 оны 10 сард 2 удаа манай доод айл буюу нэхэмжлэгчийн байранд ус алдсан талаар маргахгүй ээ. Гэхдээ нэхэмжлэгч байраа түрээсэлдэг. Хохирлын хэмжээ буюу үнэлгээ өндөр байна. Би өөрөө барилгын ажил гадарладаг хүн, 500,000 төгрөгт засах боломжтой. Ус алдсаны улмаас плита бүхэлдээ ховхорч унах боломжгүй, тухайн хэсэгт нь засах боломжтой байдаг. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагаас 500,000 төгрөгийг зөвшөөрнө, бусдыг нь зөвшөөрөхгүй гэв.
3.Нэхэмжлэгч нотлох баримтаар,
ОСНААТҮГ-ын Хэрэглэгчдэд үйлчлэх төв-6-ийн 2023.10.25-ны өдрийн техникийн комиссын дүгнэлт, ус алдсан байдлыг харуулсан гэрэл зургууд, иргэний үнэмлэхний лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаа, Арвижих эстимейт үнэлгээ ХХК-ийн хохирлын үнэлгээний тайлан, тус компанийн бэлэн мөнгөний орлогын баримт, и-баримт зэргийг шүүхэд гарган өгсөн байна.
4.Хариуцагч шүүхэд ямар нэгэн баримтыг ирүүлээгүй болно.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч Б.Т нь хариуцагч Ц.Ад холбогдуулж ус алдсаны улмаас учирсан гэм хорын хохиролд 1,936,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн бөгөөд шүүх хуралдааны явцад шаардлагаа 1,834,142 төгрөг болгон багасгасан болно.
Шүүх бүрэлдэхүүн хэрэгт авагдсан, тодорхойлох хэсэгт дурдагдсан нэхэмжлэгч талын гарган өгсөн нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийж, дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
2.Нэхэмжлэгч гаргасан нэхэмжлэлийнхээ үндэслэлийг “...манай дээд давхрын айл болох хариуцагчийн байрнаас 2020 оноос хойш 5-6 удаа манай байр луу ус алдаж байсан, сүүлд 2023 оны 10 сард 14 хоногийн хугацаатай 2 удаа ус алдсан, энэхүү ус алдсан шалтгаан нь хариуцагчийн буруутай үйлдэлтэй холбоотой, үүний улмаас манай байрны угаалгын өрөө болон ариун цэврийн өрөөний плита ховхорч унасан, обойнууд хуурсан, таазны эмульс хуурч шарласан, эд хөрөнгийн үнэлгээгээр засаж янзлахад 1,694,142 төгрөг болохыг тогтоосон, эд хөрөнгийн үнэлгээ хийлгэхэд 140,000 төгрөг төлж өөрөөсөө зардал гаргасан учраас шаардах эрхтэй...” гэж тайлбарлав.
Хариуцагч гаргасан тайлбар, татгалзлынхаа үндэслэлийг “...миний хувьд ус алдсан талаар маргахгүй, гагцхүү хохирлын хэмжээ их байна, нэхэмжлэгчийн байрыг би 500,000 төгрөгт засах боломжтой гэж үзэж байгаа, бусад мөнгийг зөвшөөрөхгүй, үндэслэлгүй...” гэж тайлбарлан мэтгэлцсэн.
3.Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2024.03.15-ны өдрийн үл хөдлөх хөрөнгийн лавлагаагаар нэхэмжлэгч Б.Т нь Чингэлтэй дүүргийн * дугаар хороо, ** дугаар байрны 3 тоотын 38 м.кв, гурван өрөө орон сууцны өмчлөгч байх ба, тус байрны 6 тоотын өмчлөгч буюу хариуцагч Ц.Агийн орон сууцнаас 2020 онд 5-6 удаа доод айл болох 3 тоот буюу нэхэмжлэгч Б.Тийн орон сууцанд ус алдаж байсан, мөн 2023 оны 10 сард 2 удаа ус алдсан үйл баримтын талаар, мөн хариуцагч Ц.А нь Чингэлтэй дүүргийн * дугаар хороо, ** дугаар байрны 6 тоот орон сууцны өмчлөгч болох талаар бичгийн баримт хэрэгт авагдаагүй хэдий ч зохигчид маргаагүй байна.
Нэхэмжлэгч Б.Т нь 2023.10.19-ний өдөр Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газрын харьяа “Хэрэглэгчдэд үйлчлэх төв-6”-д ус алдсан талаар өргөдөл гаргасан, тус төвийн 2023.10.25-ны өдрийн техникийн комиссын дүгнэлтээр 2023.10.21-ний өдрийн 11 цагт 20 дугаар байрны 6 тоот айл хэрэглээний ус алдсанаас 3 тоот айлын ариун цэврийн өрөөний плита хуурсан, обой хуурч норсон, таазны эмульс шарласан болохыг тогтоосон байх ба, энэ нь нэхэмжлэгч талын гарган өгсөн ус алдсан байдлыг харуулсан гэрэл зургууд, тайлбараар давхар нотлогдсон.
4.Нэхэмжлэгч Б.Т нь хариуцагч Ц.Агийн орон сууцнаас хэрэглээний ус алдсанаас шалтгаалж өөрийн орон сууцанд учирсан хохирлыг арилгах, байраа засварлах, хохирлын хэмжээг тогтоох зорилгоор АЭ-үнэлгээ ХХК-иар хохирлын үнэлгээний тайлан гаргуулж, ажлын хөлсөнд 140,000 төгрөгийг төлсөн болох нь 2024.03.11-ний өдрийн бэлэн мөнгөний орлогын баримтаар тогтоогдсон.
АЭ-үнэлгээ ХХК-ийн 2024.03.11-ний өдрийн хохирлын үнэлгээний тайлангаар нэхэмжлэгч Б.Тийн өмчлөлийн Чингэлтэй дүүргийн * дугаар хороо, ** дугаар байрны 3 тоот орон сууцанд үзлэг хийж, ус алдсаны улмаас ариун цэврийн болон ванны өрөөний плита хуурсан, зарим газраа унасан, үүдний хэсгийн обой хуурч халтартсан, жижиг өрөөний таазны хэсэг норж шарлаж халтардсан болохыг тогтоож, үүнийг засварлахад шаардлагатай плита, замаск, эмульс, обой, бусад материал худалдан авах зардал болон ажлын хөлс, тээврийн зардлыг нийтэд нь 1,694,142 төгрөгөөр үнэлжээ.
5.Гэм хорыг арилгах үндэслэл, шаардах эрх нь гэм хор учруулагчийн хууль бус үйлдэл, хохирогчид учирсан хохиролтой шууд шалтгаант холбоотой байхаас гадна гэм буруу нь тогтоогдсон байхыг шаарддаг онцлогтой.
Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1‑д “гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд нь нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх үүрэгтэй. Зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй, эсхүл харьцангуй их зардал гарахаар бол гэм хорыг мөнгөөр нөхөн төлж болно”, 229 дүгээр зүйлийн 229.1-д “үүрэг бүхий этгээд нь гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөд учруулсан бодит хохирол болон олох ёстой байсан орлогыг нөхөн төлөх үүрэгтэй”, 510 дугаар зүйлийн 510.1-д “бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх ...буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заасан.
Иймд нэхэмжлэгч Б.Т нь Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1.-д зааснаар өөрийн өмчлөлийн орон сууцанд учирсан хохирлыг мөнгөөр төлүүлэхээр шаардах эрхтэй, хариуцагч Ц.А нь мөн хуулийн 228 дугаар зүйлийн 228.1., 229 дүгээр зүйлийн 229.1.1.-д зааснаар нэхэмжлэгч Б.Тийн орон сууцыг өмнөх байдалд нь сэргээн засварлах, боломжгүй бол тус орон сууцанд учирсан бодит хохирлыг нэхэмжлэгч Б.Тт нөхөн төлөх үүрэгтэй байна.
6.Хариуцагч Ц.А нь 2020 оноос 2023 оны 10 сар хүртэл өөрийн орон сууцны сантехникийн шугамаас хэрэглээний ус алдсанд гэм буруутай талаар маргаагүй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагаас 500,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, бусад зардлын талаар хэт их, үндэслэлгүй байна гэж тайлбарлах боловч энэхүү тайлбар, татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.3-т зааснаар баримтаар нотлох хуульд заасан үүргээ биелүүлээгүй болно.
Өөрөөр хэлбэл, хариуцагч Ц.Агийн өмчлөлийн 6 тоот орон сууцны сантехникийн шугамаас хэрэглээний ус алдсан гэм буруутай үйлдлийн улмаас доод айл болох нэхэмжлэгч Б.Тийн өмчлөлийн 3 тоот орон сууцны ариун цэврийн болон угаалгын өрөөний плита, обой хуурсан, тааз шарлаж хохирол учирсан буюу үйлдэл, хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн бөгөөд нэхэмжлэгч Б.Тийн нэхэмжилсэн АЭ-үнэлгээ ХХК-ийн үнэлгээгээр тогтоогдсон 1,694,142 төгрөг, ажлын хөлсөнд төлсөн 140,000 төгрөг, нийт 1,834,142 төгрөг нь нэхэмжлэгч Б.Тт учирсан бодит хохирол байна.
Иймд хариуцагч Ц.Агаас 1,834,142 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Тт олгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
7.Нэхэмжлэгч Б.Тийн 2023.10.31-ний өдөр тэмдэгтийн хураамжид төлсөн 45,926 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Ц.Агаас 44,296 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Тт олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д заасантай нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2., 115.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1.-д зааснаар хариуцагч Ц.Агаас 1,834,142 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Тт олгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1., 56 дугаар зүйлийн 56.1.-д зааснаар Б.Тийн тэмдэгтийн хураамжид төлсөн 45,926 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Ц.Агаас 44,296 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Тт олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болж, 14 хоногийн дотор бичгээр гарах ба, шүүх хуралдаанд оролцсон тал уг хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, энэхүү үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ЭНХТУЯА
ШҮҮГЧИД Ж.БАЙГАЛМАА
Х.ДАШДЭЧМАА