Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 181/ШШ2024/01547

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 04 16

181/ШШ2024/01547

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Түмэнцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ..., өөрийн байранд байрлах Х ХК /РД:.../-ийн нэхэмжлэлтэй,

Нэхэмжлэлийн шаардлага: Г.Б, Г.Ж нарыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга Н.Отгончимэг оролцов.

/нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Н өөрийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тул түүний эзгүйд хэргийг шийдвэрлэв./

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Б ХХК нь 2021 оны 07 дугаар сарын 24-ний өдөр 1590030104 дугаартай Зээлийн гэрээ байгуулж, 15,000,000 /Арван таван сая/ төгрөгийн зээлийг 365 хоногт 21.6 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, эргэлтийн хөрөнгийн зориулалтаар авсан.

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2021 оны 07 дугаар сарын 24-ний өдөр 1590030104-01 дугаартай Барьцааны гэрээ байгуулж, барьцаалуулагч ....2 тоот Г.Ж Улаанбаатар хот, .... хаягт байршилтай, 2015 онд үйлдвэрлэгдсэн, гэрчилгээний ... дугаартай, ... улсын дугаартай, ... арлын дугаартай, хар өнгөтэй, Honda Grace-GM маркийн Япон суудлын автомашин, барьцаалуулагч Б ХХК-н гүйцэтгэх захирал Д.Ни Улаанбаатар хот, .... байршилтай, 2021 оны эргэлтийн хөрөнгө зориулалттай хүнсний бүтээгдэхүүн тус тус барьцаалуулсан.

Б ХХК банкнаас зээл авах үед Г.Ж компаний 50 хувийг эзэмшдэг байсан.

Банк 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдөр зээлдэгч Б ХХК-ийн Хин дахь .... дугаартай дансанд шилжүүлж, гэрээний үүргээ биелүүлсэн. Зээлдэгч болон хамтран үүрэг гүйцэтгэгч нар нь зээлийн гэрээний гол нөхцөл болох 1-р хавсралтад заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлийн хүү, үндсэн зээлийн төлбөрийг төлөх үүрэгтэй боловч 1590030104 дугаартай Зээлийн гэрээ байгуулснаас хойш зээлээ төлж байгаад 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдрөөс хойш зээлийн төлбөрийг огт төлөлгүй хугацаа хэтрүүлж, гэрээний үүргээ ноцтой зөрчиж, 404 хоног хугацаа хэтрүүлж, зээл нь чанаргүй зээл болсон байна. Банк Зээлдэгчээс зээлийн төлбөрийг гаргуулахаар 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хариуцагч нар нь хаягтай оршин суудаггүй болох Хорооны засаг даргын тодорхойлолтоор тогтоогдсон тул 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 102/Ш32023/18533 дугаартай шүүгчийн захирамж гарсан. Б ХХК-н гүйцэтгэх захирал, Зээлийн гэрээний хамтран үүрэг гүйцэтгэгч Д.Нитэй 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Хны Оргил салбар дээр уулзсан. Уулзалтаар тус компаний үйл ажиллагаа зогссоныг хэлж, зээлээ төлж явахаар илэрхийлсэн ч өнөөдрийн байдлаар төлөлт ороогүй байна. Хариуцагч Д.Ни болон барьцаалуулагч Г.Ж нар нь гэр бүлийн хүмүүс бөгөөд хорооны дугаар өөрчлөгдөж байсан учраас Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дээр оршин суудаггүй гэсэн тодорхойлолт очсон байна гэж тайлбарласан. Хариуцагч нар нь зээлээ төлөөгүй учир Банк дахин Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдөр зээлийн төлбөр гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хариуцагч нар хаягтаа оршин суудаггүй гэх үндэслэлээр 183/ШЗ2024/01202 дугаартай хэрэг хэрэгсэхгүй болсон захирамж гарсан. Хамтран үүрэг гүйцэтгэгч Г.Б 88257730 дугаар дээр байдаг. Салбар дээр ирж уулзахыг хэд хэдэн удаа хүссэн боловч ирээгүй, сүүлдээ утсаа авахаа больсон. Мессеж бичихээр хариу өгдөггүй. Барьцаалуулагч Г.Ж зээл авах үед .... дугаар байдаг гэж тэмдэглэгдсэн. 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдөр энэ дугаараар залгаж ярихад эрэгтэй хүн аваад, Ж гэдэг хүн энэ дугаар дээр байхгүй гэж хэлээд утсаа тасалсан. Зээлийн гэрээ ноцтой зөрчигдсөн, хариуцагч болон барьцаалуулагч нар нь зээлээ төлөхөөс санаатайгаар зугатааж байгаа тул Г.Б, Г.Ж нарыг эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг тогтоож өгнө үү. Хамтран үүрэг гүйцэтгэгч Ни нь одоо Дорнод аймагт оршин сууж, амьдарч байгаа, утсаар холбоотой байдаг гэжээ.

Шүүх нэхэмжлэгчийн хүсэлт, тайлбар, хэрэгт цугларсан бичгийн баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х ХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Г.Б, Г.Ж нарыг эрэн сурвалжлуулж, оршин суух хаягийг тогтоолгох хүсэлтийг шүүхэд гаргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.2-д Энэ хуулийн 155.1-д заасан хүсэлтийг гаргагч өөрийн оршин байгаа газрын шүүхэд гаргана гэж заасны дагуу нэхэмжлэгч Х ХК нь өөрийн оршин байгаа дүүргийн шүүхэд иргэний эрх зүйн маргааны хариуцагч болох Г.Б, Г.Ж нарыг эрэн сурвалжлуулах хүсэлтийг гаргасан байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийн оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно гэж заасан.

Нэхэмжлэгч Х ХК нь Г.Б, Г.Ж нартай Жижиг, бичил бизнесийн зээлийн гэрээ, Барьцааны гэрээ байгуулсан ба гэрээний үүргийг шаардаж нэхэмжлэл гаргахад нь хариуцагчаар оролцвол зохих этгээд гэж Г.Б, Г.Ж нарыг үзэх үндэслэлтэй байна.

Г.Б нь .... 45 тоот хаягт оршин суудаггүй болох нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 102/ШЗ2023/18533 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар,

Г.Ж нь ..... тоот хаягт оршин суудаггүй болох нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 183/ШЗ2024/01202 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар тус тус тогтоогдсон байна.

Нэхэмжлэгч Х ХК нь хариуцагч болох Г.Б, Г.Ж нарын оршин байгаа хаягийг мэдэхгүй, мэдэх боломжгүй гэж тайлбарлаж байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.3-т заасны дагуу нэхэмжлэлийг хангаж, хариуцагчийг эрэн сурвалжлах шийдвэр гаргах хууль зүйн үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т Хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу Цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ гэж заасан тул Г.Б, Г.Ж нарыг эрэн сурвалжилж, оршин байгаа хаягийг тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Гийн Б /рд:.../, Гын Ж /рд:.../ нарыг нарыг эрэн сурвалжилсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Гийн Б /рд:.../-г эрэн сурвалжилж, оршин байгаа хаягийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Баянгол дүүргийн цагдаагийн газарт,

Гын Ж /рд:.../-ийг эрэн сурвалжилж, оршин байгаа хаягийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Хан-Уул дүүргийн цагдаагийн газарт тус тус даалгасугай.

3. Эрэн сурвалжилж тогтоосон хаягийг нэхэмжлэгч /итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Н, холбоо барих утас: 96890706/ талд мэдэгдэхийг Баянгол дүүргийн цагдаагийн газар болон Хан-Уул дүүргийн цагдаагийн газарт тус тус мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын төсвийн орлого болгосугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг хүсэлт гаргагч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ТҮМЭНЦЭЦЭГ