Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 95

 

 

 

 

 

 

 

 

2019        06         18                                    95

 

 

Д-ын нэхэмжлэлтэй хариуцагч

“ДГ” ХХК-д холбогдох

иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Баттөр даргалж, шүүгч С.Уранчимэг, Б.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 142/ШШ2019/00607 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Д-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: “ДГ” ХХК-д холбогдох,

Зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т-ын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б-, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т-, нарийн бичгийн дарга Ө.Оюумаа нар оролцов.

Нэхэмжлэгч Д- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Д- миний бие нь 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр "ДГ" ХХК-тай урьдчилан, харилцан зөвшилцөж тохиролцсоны дагуу Орхон аймгийн Баян- Өндөр сумын Бүрэнбүст багийн Залуус хорооллын баруун хойд талд байрлалтай "ДГ" ХХК- ийн хэрэгжүүлэх 60 айлын орон сууцны 2 барилгын төслийн эргэлтийн хөрөнгийн зориулалтаар зээл олгохоор болж, 01 дугаартай Зээлийн гэрээ байгуулж, гэрээний хавсралт №1-т заасан графикийн дагуу 1.000.000.000 /нэг тэрбум/ төгрөгийг зээлдэгч талд шилжүүлсэн. Энэхүү гэрээний хугацаа нь 1 жил, жилийн хүү 37,5%, нийт төлбөр 1.375.000.000 /нэг тэрбум гурван зуун далан таван сая/ төгрөг байхаар гэрээндээ тусгасан. Гэрээнд заасны дагуу зээлдэгч зээлийг хүлээн авч орон сууцны бүтээн байгуулалт хэвийн явж байсан. Гэтэл зээлийн эргэн төлөх хугацаа болох үед буюу 2018 оны 04 дүгээр сарын 20-нд 27.000.000 /хорин долоон сая/ төгрөг л төлөгдөж, үүнээс хойш 2018 оны 06 дугаар сарын -ны өдрөөс 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүртэл 1.044.000.000 төгрөгийг төлж, нийт 1.071.000.000 /нэг тэрбум далан нэгэн сая/ төгрөг төлөгдөөд байна. Иймд "ДГ" ХХК-иас Зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийн үлдэгдэл 646.597.258 /зургаан зуун дөчин зургаан сая таван зуун ерэн долоон мянга хоёр зуун тавин найм/ төгрөгийг /үүнд үндсэн төлбөр, хүү, нэмэгдэл хүү орсон/ Зээлийн гэрээний 4.3-т зааснаар тухайн зээлээр санхүүжүүлэн бариулсан орон сууцны барилгын 1м2 талбайг 600.000 / зургаан зуун мянга/ төгрөгөөр тооцож өмчлөлдөө авч хангуулахаар нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Н шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний нөхцөлийг харгалзалгүйгээр зээлийн хүүг буруу тооцоолсон, нэмэгдүүлсэн хүү шаардсан нь үндэслэлгүй, түүнчлэн хүү, нэмэгдүүлсэн хүүг хэрхэн тооцсон болох нь тодорхойгүй байгаа тул хариуцагч ДГ ХХК-ийн захирал Н би дээрх нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Төлбөрт шууд орон сууц гаргуулахаар нэхэмжилсэн байх бөгөөд өдгөө сул орон сууц байхгүй. Бүх орон сууцны өмчлөл бусдад шилжсэн бөгөөд бэлэн мөнгө зээлсэн гэрээний дагуу шууд орон сууц гаргуулахаар шаардах эрхгүй. Мөн зээлийн гэрээний дагуу төлөгдөөгүй үлдсэн хүү нь 304.000.000 төгрөг уг хүү нь жилийн бүү бөгөөд зээл олгосон өдрөөс буцаан төлсөн өдрийг хүртэлх хугацаанд хүүг өдрөөр нь тооцохоор гэрээнд заасан. Иймд нэхэмжлэгч нь 304.000.000 төгрөгийн жилийн хүүгээс зээлсэн хугацааны хүүг хоногоор нь тооцон нэхэмжлэх эрхтэй бөгөөд жилийн 37,5%-ийн хүү нь хариуцагчийн эрх, ашиг сонирхолд илт хохиролтой байх тул шүүх эдгээр нөхцөлийг харгалзан үзнэ үү гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 142/ШШ2019/00607 дугаар шийдвэрээр:

Монгол Улсын Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1,282 дугаар зүйлийн 282.1-д заасныг баримтлан ДГ ХХК-аас 646.597.258 төгрөг гаргуулан Д-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагчийн бариулсан орон сууцны барилгын 1м.кв талбайг 600.000 төгрөгөөр тооцож өмчлөлдөө авах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Монгол Улсын Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж,хариуцагчаас төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т- давж заалдсан гомдолдоо:

Хариуцагч “ДГ” ХХК-ийн зүгээс анхан шатны шүүхийн шийдвэрээс 425.597.258 /дөрвөн зуун хорин таван сая таван зуун ерэн долоон мянга хоёр зуун тавин найман/ төгрөгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байгаа бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Талууд 2017.04.19-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, нэхэмжлэгч нь 1.000.000.000 /нэг тэрбум, төгрөгийг 12 сар /1 жил/-ын хугацаатай, жилийн 37,5%-ийн хүүтэй хариуцагчид зээлдүүлсэн, хариуцагч нь 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд цувуулан нийт 1.071.000.000 /нэг тэрбум далан нэгэн сая/ төгрөгийг нэхэмжлэгчид буцааж төлсөн үйл баримтын талаар маргадаггүй /нэхэмжлэгч нь анх шүүхэд гаргасан нэхэмжлэл болон талуудаас шүүх хуралдаанд гаргасан тайлбаруудаар нотлогддог/. Харин нэхэмжлэгч нь дээрх төлбөр дээр нэмээд зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойших хугацааны хүү болон нэмэгдүүлсэн хүүг нэмж нэхэмжилсэн. Ингэхдээ зээлийн хүүг хэдний өдрөөс хэдний өдрийн хооронд хэдэн хувиар тооцсон, нэмэгдүүлсэн хүүг мөн хэднээс хэдний өдрийн дотор хэдэн хувиар тооцсон, нэхэмжлэгчээс төлсөн 1.071.000.000 төгрөгийг үндсэн төлбөрөө төлсөн гэж үзсэн үү эсхүл хүүг нь төлсөн үндсэн төлбөрийн үлдэгдэлтэй гэж үзсэн үү? зэрэг нөхцөлүүд үндсэн тодорхойгүй байгаа. Хэрэв нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлдээ тодруулга хийх, эсхүл шүүхээс дээрх тодорхойгүй нөхцөл байдлыг тодруулсан тохиолдолд хариуцагч үндсэн төлбөр, хүү, нэмэгдүүлсэн хүүний тооцооллын асуудлаар мэтгэлцэх, хариу тайлбар, үгүйсгэх баримтаа шүүхэд гаргаж өгөх боломжтой байсан. Нэхэмжлэгч иргэн Д- нь зээл олгох үйл ажиллагаа эрхэлдэг этгээд буюу банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээд биш тул Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д тус тус заасны дагуу нэмэгдүүлсэн хүү шаардах үндэслэлгүй. Иргэний хуулийн дээрх заалтуудаар банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс зээл олгоход нэмэгдүүлсэн хүү тооцож болохоор бусад тохиолдолд нэмэгдүүлсэн хүүг хэрэглэх боломжгүй болохыг тодорхой заасан. Иргэнээс олгож буй зээлийн харилцаа нь Иргэний хуулийн 283 дугаар зүйлд заасан зээлийн гэрээний харилцаа бөгөөд иргэнээс олгож буй зээлийн хувьд Иргэний хуулийн 231 дүгээр зүйлийн 231.1-д заасан үүргийн гүйцэтгэлийг хангах аргуудыг, тухайлбал анзыг хэрэглэх боломжтой. Гэвч зээлийн гэрээнд энэ талаарх заалт байхгүй. Иймд нэхэмжлэгч нь нэмэгдүүлсэн хүү шаардах үндэслэлгүй. Зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойших хугацаанд хүү төлөхгүй байх үндэслэлийн талаар талууд зээлийн гэрээг 1 жилийн хугацаатайгаар байгуулсан буюу нэхэмжлэгч 1 жилийн хугацаатай зээл олгосон. Зээлийн гэрээний уг хугацааг талууд сунгаагүй, энэ талаар маргадаггүй. Иргэний хуулийн 282.1-д “Зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно” гэж заасны дагуу зээлийн гэрээгээр тогтоосон хүү нь 12 сар буюу 1 жилийн хугацаан дахь 37,5%-ийн хүү юм. Зээлийн гэрээний хугацааг талууд сунгаагүй тул сунгаагүй хугацаанд хүү тооцохгүй.Энэ нь Иргэний хуулийн 283.3-т “Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана” гэсэн зохицуулалтад нийцдэг. Иймд нэхэмжлэгч нь зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойших буюу шүүхэд нэхэмжлэл гаргах өдрийг хүртэлх хугацаанд хүү тооцон хариуцагчаас шаардсан нь үндэслэлгүй.

Хариуцагч нь зээлийг гэрээнд заасан хугацаанд бүтнээр нь төлөөгүй ч нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсанчлан 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд цувуулан төлсөөр ирсэн. Энэ хугацаанд нийт 20 удаагийн гүйлгээгээр 1.071.000.000 төгрөгийг хариуцагчид төлсөн. Үүгээр хариуцагч нь зээл, түүний хүүг чадах чинээгээрээ төлсөн, шүүхэд нэхэмжлэл гаргаагүй бол цаашид ч цувуулан төлөх байсан гэдэг нь нотлогддог. Дээрх орон сууц барихаар авсан зээл нь хөрөнгө оруулалтын зээлд хамаарах бөгөөд Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй голлох банкууд болох Худалдаа хөгжил, Голомт, Хаан, Хас, Төрийн банкнуудаас өөрийн веб сайтад нийтэд ил байдлаар санал болгосон хөрөнгө оруулалтын зээлийн хүү нь хамгийн ихдээ жилийн 24% байна. Мөн банк бус санхүүгийн байгууллагуудаас өөрийн веб сайтандаа нийтэд ил байдлаар санал болгосон хөрөнгө оруулалтын зээлийн хүү нь хамгийн ихдээ жилийн 29% байна. Хариуцагч орон сууцнуудаа хугацаанд нь зарж чадаагүй, иргэдийн худалдан авах чадвар муу байсны улмаас зээлээ төлөхийн тулд орон сууцнуудыг аль болох хямдаар худалдаж алдагдал хүлээсэн. Энэ нөхцөл байдал нь зээлээ төлөхгүй байх үндэслэл болохгүй хэдий жилийн 37,5%-ийн хүү нь орон сууц барих төслийн хувьд хэт өндөр хүү байсан. Эдгээр 3 үндэслэлээр зээлийн гэрээнд заасан жилийн 37,5%-ийн хүүг банк бус байгууллагын хүүгийн хэмжээнд дүйцүүлэн жилийн 29%-ийн хүү болгон багасгуулах хүсэлтийг анхан шатны шүүх хуралдааны явцад тавьсан боловч шүүх үндэслэлгүйгээр хүлээн аваагүй болно.

Иймд Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.05.07-ны өдрийн 07 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 646.597.258 /зургаан зуун дөчин зургаан сая таван зуун ерэн долоон мянга хоёр зуун тавин найман/ төгрөгөөс зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойших хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү болох 425.597.258 /дөрвөн зуун хорин таван сая таван найман/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, зээлийн гэрээнд заасан жилийн 37.5 хувийн хүүг жилийн 29 хувь болгож бууруулж нийт 221.000.000 /хоёр зуун хорин нэгэн сая/ төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Д- хариуцагч ДГ ХХК-д холбогдуулан 646.597.258 төгрөгийг Зээлийн гэрээний 4.3-т зааснаар тухайн зээлээр санхүүжүүлэн бариулсан барилгын 1 м/кв талбайг 600.000 төгрөгөөр тооцож өмчлөлдөө авч хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч “...зээлийн гэрээний дагуу төлөгдөөгүй үлдсэн хүү нь 304.000.000 төгрөг, уг хүү нь жилийн хүү бөгөөд зээл олгосон өдрөөс буцаан төлсөн өдрийг хүртэлх хугацаанд хүүг өдрөөр нь тооцохоор гэрээнд заасан, зээлийн 37.5 хувийн хүү нь хариуцагчийн эрх, ашиг сонирхолд илт хохиролтой байх тул анхаарч үзнэ үү” гэх тайлбар гаргаж мэтгэлцсэн байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзвэл талууд 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр орон сууцны барилгын барилгын төслийн эргэлтийн хөрөнгийн зориулалтаар зээлийн гэрээ байгуулан 1.000.000.000 төгрөгийг жилийн хүү-37.5 хувь, 12 сарын хугацаатай, бэлэн бусаар үе шаттай зээлийг авахаар гэрээний гол нөхцөлийг тохиролцож, гэрээний 4.2-т “...зээлийн төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй бол зээл төлөгдөх хуваарьт өдрийн дараах өдрөөс эхлэн энэхүү гэрээний 2.1.3-т заасан зээлийн хүүг үргэлжлүүлэн төлөхөөс гадна 2.1.3-т заасан зээлийн үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүүг төлөхөөр“, гэрээний 4.3-т “...зээлийн гэрээгээр хүлээсэн мөнгөн төлбөрийн үүргээ биелүүлээгүй тохиолдолд төлөгдөөгүй үлдсэн зээл, үндсэн болон нэмэгдэл хүүгийн нийт төлбөрт өөрийн хэрэгжүүлсэн орон сууцны төслийн барилгын 1 м/кв ашигтай талбайг 600.000 төгрөгөөр тооцон зээлдүүлэгчийн өмчлөлд шилжүүлэн өгөх үүрэгтэй” гэж тус тус заасан ба хариуцагч зээлийн гэрээний хугацаа дуусах үед үндсэн зээл 500.000.000 төгрөг, зээлийн хүү 375.000.000 төгрөгийг төлөөгүй, зээлийн төлбөрийг 2018 оны 9 дүгээр сард багтааж төлж дуусгах тухай мэдэгдсэн байна.

Хариуцагч зээлийн гэрээний төлбөр төлөх хугацааг хойшлуулсан гэх ба нэхэмжлэгч хүлээн зөвшөөрсөн эсэх, зээлийн гэрээний үүрэг хэзээ дуусгавар болсон гэж тооцох нь тодорхой бус, нэхэмжлэгч зээлийн үндсэн болон нэмэгдэл хүүг хэрхэн тооцсон тодорхойгүй, талуудын хооронд үүссэн зээлийн гэрээний харилцааны зарим үйл баримт /хугацаа сунгасан эсэх, сунгасан хугацааны хүүг хэрхэн тооцсон/ бүрэн тогтоогдоогүй нөхцөлд талуудын хүлээх үүргийг хэмжээг үндэслэлтэй тогтоох, шүүх холбогдох хуулийг зөв хэрэглэсэн эсэхийг дүгнэх боломжгүй юм.

Түүнчлэн шүүх нэхэмжлэлийн шаардлагыг тодруулаагүй өөрөөр хэлбэл  иргэний хэрэг үүсгэх тухай шүүгчийн захирамжинд 646.597.258 төгрөг гаргуулах тухай, шүүхийн шийдвэрийн удиртгал хэсэгт зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай гэж тус тус тодорхойлсон атлаа шийдвэрийн тогтоох хэсэгт хариуцагчаас 646.597.258 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагчийн бариулсан орон сууцны барилгын 1 м/кв талбайг 600.000 төгрөгөөр тооцож өмчлөлдөө авах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т-ын гаргасан “...зээлийн хүүг бууруулж 221.000.000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү” гэх давж заалдах гомдлыг хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хүлээн авч шийдвэрлэх боломжгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5. дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 142/ШШ2019/00607 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т-ын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 2.285.940 төгрөгийг буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Б.БАТТӨР

ШҮҮГЧИД                                                                С.УРАНЧИМЭГ

                                                                                 Б.ОЮУНЦЭЦЭГ