| Шүүх | Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мөнхбаярын Нямбаяр |
| Хэргийн индекс | 1937000140051 |
| Дугаар | 26 |
| Огноо | 2021-11-30 |
| Зүйл хэсэг | 22.1.1., |
| Улсын яллагч | З.Алтасолонго |
Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 11 сарын 30 өдөр
Дугаар 26
*******, ******* нарт
холбогдох эрүүгийн хэргийн тухай
******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Туяа даргалж, ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек, шүүгч М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй,
******* аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 27 дугаар шийтгэх тогтоолтой *******, ******* нарт холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн, 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч шүүгч М.Нямбаярын илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэйгээр хянан хэлэлцэв
Шүүх хуралдаанд прокурор З.Алтансолонго, шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Хосбаяр/онлайнаар/,нарийн бичгийн дарга Б.Уянга оролцов.
Монгол улсын иргэн, 1963 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр ******* аймгийн Алтай суманд төрсөн, 56 настай, эрэгтэй, дээд боловсролтой, урьд ял шийтгэлгүй, Эмчийнхэн овогт Булдаагийн Алтангэрэл,
Монгол улсын иргэн, 1961 оны 10 дугаар сарын 08-ны өдөр ******* аймгийн Алтай суманд төрсөн, 58 настай, эрэгтэй, дээд боловсролтой, урьд ял шийтгэлгүй, ******* овогт *******гийн Баатарсүрэн нар нь бүлэглэн Засгийн газрын 2006 оны 137 дугаар тушаалын хавсралтаар баталсан “ Аж ахуйн нэгж байгууллагад байгаль орчны мэргэжлийн байгууллагын эрх олгох журам”-ын 3.5-д заасан “Мэргэжлийн байгууллагын эрх олгох шийдвэрийг байгаль орчны асуудал эрхэлсэн сайд гаргана” гэсэн заалтыг зөрчин эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж хууль тогтоомжоор албан тушаалын байдалтай холбогдуулан олгосон өөрийн эрх мэдэл, чиг үүрэгт үл хамаарах асуудлаар буюу “Танай нөхөрлөл Майхан уулын орчин дахь эвдэрсэн талбайн нөхөн сэргээлтийн ажлаа 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 5 дугаар сарын 01-ний өдрийн хооронд хийж гүйцэтгэж сумын Засаг даргад хүлээлгэн өгөхийг мэдэгдье” гэж 2019 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 3/96 дугаартай албан бичигт гарын үсэг зурж, албаны тамгаар баталгаажуулан шийдвэр гаргаж, сумын Засаг даргын орлогч Булдаагийн Алтангэрэлийн төрсөн дүү нар болох Булдаагийн Амаржаргал, Булдаагийн Амарсайхан нарын байгаль орчны асуудал эрхэлсэн сайдаас газрын хэвлийн нөхөн сэргээлт хийх эрх олгогдоогүй буюу эрхгүй “Алтай хишиг говь” нөхөрлөлд олгон, тус нөхөрлөлд хууль бусаар газрын хэвлийн нөхөн сэргээлтийн ажил гүйцэтгэх давуу байдлыг бий болгосон гэмт хэрэгт холбогджээ.
******* аймгийн ******* сум дахь сум дундын шүүх:” Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******д холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Эмчийнхэн овогт Булдаагийн Алтангэрэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийн нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан эрх хасах ялын хугацааг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг тайлбарлаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар байгаль орчинд учирсан хохирол 933,256 төгрөгийг Алтайн хишиг говь ХХК хариуцахыг дурьдаж, Шүүхийн Шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д зааснаар шүүгдэгч *******ийг тэнссэн хугацаанд түүнд хяналт тавихыг ******* аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид даалгаж, Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүйг тус тус дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1, 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсгийн 8.5-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж, хавтаст хэргийн 100 дугаар хуудсанд авагдсан 1 хуудас “Алтай сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 3/96 дугаартай” албан бичгийг уг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалж, шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, *******д авагдсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож” тус тус шийдвэрлэжээ.
Прокурор эсэргүүцэлдээ болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь үндэслэлгүй, хуулийн шаардлагад нийцээгүй гэж үзэж байна. Шүүгдэгч ******* нь Алтай сумын орлогч *******тэй бүлэглэн Засгийн газрын 2006 оны 137 дугаар тогтоолын хавсралтаар баталсан аж ахуйн нэгж, байгууллагад байгаль орчны мэргэжлийн байгууллагын эрх олгох журмын 3.5-д заасан мэргэжлийн байгууллагын эрх олгох шийдвэрийг байгаль орчны асуудал эрхэлсэн сайд гаргана гэсэн заалтыг зөрчин эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж хууль тогтоомжоор албан тушаалын байдалтай холбогдуулан олгосон өөрийн эрх мэдэл, чиг үүрэгт үл хамаарах асуудлаар Алтайн хишиг говь нөхөрлөлд олгон, тус нөхөрлөлд хууль бусаар газрын хэвлийн нөхөн сэргээлтийн ажил гүйцэтгэх давуу байдлыг бий болгосон.
Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь ямар байдлаар хоорондоо үгүйсгэгдэж байгааг шийтгэх тогтоолд дүгнэж чадаагүй атлаа шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ гэсэн заалтыг баримталж *******гийн гэм буруугүйд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харьцуулан дүгнэлт хийж чадаагүй, зөвхөн шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт үндэслэн *******гийн гэм буруугүй гэж дүгнэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 2.5 гэсэн заалтуудыг зөрчсөн байна.
******* аймгийн Алтай сумын Засаг даргын Тамгын газрын 2019 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 3/96 дугаартай албан бичиг нь *******г гэмт хэрэг үйлдсэнийг нотлох яллах талын нотлох баримт байтал шүүх цагаатгах талын нотлох баримтаар үнэлсэн нь илтэд үндэслэлгүй байна. Шүүгдэгч ******* нь уг албан бичгийн утга агуулгыг ойлгож мэдсэний үндсэн дээр гарын үсэг зурж, албаны тамга тэмдгээр баталгаажуулснаа мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт зөвшөөрдөг. Анхан шатны шүүх нь шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийг журамлан шийдвэрлэсэн нь хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэхээр байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасан тэнсэх, албадлагын арга хэмжээ хэрэглэх зохицуулалт нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлоо нөхөн төлж, хор уршгийг арилгасан, эсхүл хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдлыг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах арга хэмжээ авах тухай зохицуулалт юм.
Шүүгдэгч ******* нь мөрдөн байцаалтын явцад болон гэм буруутай эсэхийг тогтоох шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй байхад шүүх түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан яллаж байгаа тухайн зүйл, хэсэг заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “шүүгдэгчийг гэм буруутайд тооцох хэсэгт дараах зүйлийг тусгана. Мөн хэсгийн 2.5-д хэд хэдэн шүүгдэгчээс заримыг нь цагаатгасан бол яллах талын нотлох баримтыг үгүйсгэсэн үндэслэл, тэдгээрийн нотлох баримтын агуулгыг тусгана гэж хуульчилснаас дүгнэхэд шүүх *******д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэснээс гадна Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гаргасан гэж үзэхээр байна. Хавтаст хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлгээр тухайн үед цагдаа нар ирэхэд үзүүлэх бичиг хэрэгтэй байна гэдэг асуудал яригдсан байдаг. Цагдаа нар ирэхэд үзүүлэх бичиг хэрэгтэй учир өөрийн төрсөн ахын албан тушаалын байдлыг ашиглаад албан бичиг авсан байгаа. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэв.
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Хосбаяр давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бидний зүгээс анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Мөрдөн байцаалтын ажиллагаагаар тогтоогдсон үйл баримтыг харахад Б.Баатарсүрэн нь хуулиар олгогдсон албан бичиг хэрэглэх эрх, хэвлэмэл хуудсанд гарын үсэг зурсан. Уг хэвлэмэл хуудсанд гарын үсэг зурах эрх нь Төрийн албаны тухай хуулиар олгогдсон эрх юм. Хууль бус үйл ажиллагаа явуулсан эрх мэдлээ урвуулан ашигласан гэж үзэх үндэслэлгүй. Ажлын байрны тодорхойлолтод заагдсан эрх хэмжээгээ эдэлсэн гэж үзэж байна. Мөн сумын засаг даргын эзгүйд сумын засаг даргын орлогчийн өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэх эрхийг ажлын байрны тодорхойлолтод заасан байгаа учраас Засаг даргын үүрэг биелүүлсэн гэж үзнэ. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
******* аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 27 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлийг үндэслэн хэргийг давж заалдах шатны шүүхээр хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хяналаа.
******* аймгийн ******* сум дахь Сум дундын прокурорын газраас *******, Б.Баатарсүрэн нар нь бүлэглэн Засгийн газрын 2006 оны 137 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Аж ахуйн нэгж байгууллагад байгаль орчны мэргэжлийн эрх олгох журмын”-ын 3.5 дахь хэсэгт заасан “...мэргэжлийн байгууллагын эрх олгох шийдвэрийг байгаль орчны асуудал эрхэлсэн сайд гаргана” гэсэн заалтыг зөрчин албан эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж хууль тогтоомжоор албан тушаалын байдалтай нь холбогдуулан олгосон өөрийн эрх мэдэл, чиг үүрэгт үл хамаарах асуудлаар буюу “...Танай нөхөрлөл Майхан уулын орчим дахь эвдэрсэн талбайн нөхөн сэргээлтийн ажлаа 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 5 дугаар сарын 01-ний өдрийн хооронд хийж гүйцэтгэж, сумын Засаг даргад хүлээлгэн өгөхийг мэдэгдье.” гэж сумын Засаг даргын орлогч *******ийн төрсөн дүү нар болох Б.Амаржаргал, Б.Амарсайхан нарын байгаль орчны асуудал эрхэлсэн сайдаас газрын хэвлийн нөхөн сэргээлтийн эрх олгогдоогүй буюу эрхгүй “Алтай хишиг говь“ нөхөрлөлд олгон, тус нөхөрлөлд хууль бусаар газрын хэвлийн нөхөн сэргээлтийн ажил гүйцэтгэх давуу байдлыг бий болгосон гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд шүүгдэгч Б.Баатарсүрэнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.
Давж заалдах шатны шүүх 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр уг хэргийг хянан хянан хэлэлцээд 47 дугаартай хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж шийдвэрлэсэн магадлалын тодорхойлох хэсэгт “шүүгдэгч Б.Баатарсүрэнгийн үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгосон прокурорын тогтоол үндэслэл муутай болсон” талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байхад анхан шатны шүүх шүүгдэгч Б.Баатарсүрэнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болно”, мөн хуулийн 39.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг анхан шатны шүүх, прокурор, мөрдөгч биелүүлнэ” гэх хуулийн заалтыг анхан шатны шүүх зөрчсөн гэж үзнэ.
Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Баатарсүрэнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн атлаа түүнийг цагаатгаагүй, шүүгдэгч энэ хуульд заасны дагуу хохирлоо арилгуулахаар гомдол гаргах эрхтэй болохыг тогтоолд тусгаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 5, 6 дахь хэсэгт заасан хуулийн шаардлагыг хангаагүй байна.
Мөн шүүгдэгч ******* нь үйл баримтын талаар маргаагүй боловч гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй байхад шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******д ...хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзнэ.
Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтаар “шүүгдэгч *******ийг эрх мэдэл албан тушаалын байдлаа ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд” тооцсон атлаа 7 дахь заалтаар энэ гэмт хэргийн улмаас байгаль орчинд учирсан хохирол 933,256 төгрөгийг “Алтайн хишиг говь” ХХК хариуцахыг дурдаж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 2, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг шүүх зөрчсөн гэж үзэх бөгөөд “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэх мөн хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дэх хэсэгт хуулийн шаардлага хангахгүй болжээ.
Иймд дээр дурдсан үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, прокурорын эсэргүүцлийг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгож ТОГТООХ нь:
1.******* аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 27 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, *******, ******* нарт холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж, прокурорын эсэргүүцлийг хүлээн авсугай.
2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг анхан шатны шүүхэд хүргүүлэх хүртэл *******, ******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр нь хэрэглэсүгэй.
3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн энэ шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор “анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” гэсэн үндэслэлээр оролцогчид Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ТУЯА
ШҮҮГЧИД С.ӨМИРБЕК
М.НЯМБАЯР