Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 128/ШШ2023/0660

 

                                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
            Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна даргалж, шүүгч Л.Өлзийжаргал, шүүгч Д.Чанцалням нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
            Гомдол гаргагч: М******* ТӨХК-ийн агаарын хөлгийн дарга Адъяагийн Э******* /РД: /,
            Дүгнэлт гаргасан прокурор: Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор В.Б*******,
            Хариуцагч: Иргэний нисэхийн ерөнхий газрын Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт, зохицуулалтын албаны нислэгийн стандарт үйл ажиллагааны хяналтын байцаагч Э.А*******, 
            Маргааны төрөл: Агаарын хөлгийн даргыг торгож, нисэхийн үйл ажиллагаа эрхлэх эрх хассан шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай маргааныг холбогдогчийн гомдол, прокурорын дүгнэлтээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Гомдол гаргагч А.Э*******, гомдол гаргагчийн өмгөөлөгч Г.Г*******, Б.М*******, хариуцагч Э.А*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б*******, гэрч П.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Цэцэгсүрэн  нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гомдлын шаардлага, прокурорын дүгнэлт
1. Гомдол гаргагч М******* ТӨХК-ийн агаарын хөлгийн дарга А.Э******* “Нислэгийн аюулгүй ажиллагаа хяналт зохицуулалтын албаны нислэгийн стандарт үйл ажиллагааны хяналтын байцаагчийн 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-аар гомдлын шаардлага, 
2. Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор 2023 оны 3 дугаар сарын 13-ны өдөр дээрх дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар 08 дугаартай дүгнэлт гаргажээ.
Хоёр. Процессын хувьд.
2.1. Иргэний нисэхийн ерөнхий газрын эрх бүхий албан тушаалтан болох Нислэгийн аюулгүй ажиллагаа хяналт зохицуулалтын албаны нислэгийн стандарт үйл ажиллагааны хяналтын байцаагч Э.А******* “М******* ТӨХК-ийн Парис-Улаанб чиглэлийн 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн MGL7146 дугаартай ачаа тээврийн нислэг нь ХБНГУ болон БНПУ-ын агаарын зайд ИНД-91.245, ИНД-91.427 заалтын шаардлагын дагуу Нислэгийн хөдөлгөөнийг удирдах нэгжтэй холбогдох давтамжаар 2 талын радио холбоо хадгалалгүйгээр 58-59 минут нислэг үйлдэж, улмаар БНПУ-ын зэвсэгт хүчин байлдааны сөнөөгч 2 онгоц хөөргөж, тухайн нислэгийг тусгаарлан хязгаарлахад хүрсэн” гэх үйлдэлд хөлгийн даргад “хоёр талын радио холбоо хадгалаагүй” зөрчилд, М******* ТӨХК-д “зөрчлийг Иргэний нисэхийн ерөнхий газарт мэдээлээгүй” зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 14.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “иргэний нисэхийн үйл ажиллагаанд нийтээр дагаж мөрдөх дүрэм журам зөрчсөн” үндэслэлээр 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдөр 2203000045 дугаартай зөрчлийн хэрэг нээж шалган,
2.2. Иргэний нисэхийн ерөнхий газрын Нислэгийн аюулгүй ажиллагаа хяналт зохицуулалтын албаны нислэгийн стандарт үйл ажиллагааны хяналтын байцаагч Э.А******* 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 0034812 дугаартай шийтгэлийн хуудсаар М******* ТӨХК-д “зөрчлийг мэдээлээгүй” зөрчилд 3 сая төгрөгийн торгох шийтгэл, 0034813 дугаартай шийтгэлийн хуудсаар агаарын хөлгийн дарга А.Э*******д  “хоёр талын холбоо хадгалаагүй” зөрчилд “агаарын хөлгийн дарга /үйл ажиллагаа, эрх/-ыг нэг жилийн хугацаагаар хасаж, 300,000 төгрөгөөр торгох” шийтгэл тус тус ногдуулсан.
2.3. Нислэгийн стандарт үйл ажиллагааны хяналтын байцаагчийн 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 0034813 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар зөрчилд холбогдогч А.Э******* гомдол, Тээврийн прокурорын газрын ахлах прокурор 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдөр 11 дугаартай дүгнэлт тус тус шүүхэд гаргаж, 
2.4. Тус шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 0779 дугаар шийдвэрээр зөрчилд холбогдогч А.Э******* гомдлын шаардлагатай хэргийг шийдвэрлэж, 0034813 дугаартай шийтгэлийн хуудсыг захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл 3 сарын хугацаагаар түдгэлзүүлсэн, уг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноор тус шүүхийн шүүгчийн 2023 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 804 дүгээр захирамжаар прокурорын дүгнэлтэд заасан шийтгэлийн хуудсыг шийдвэрлэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэртэй үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгожээ.  
2.5. Иргэний нисэхийн ерөнхий газрын Нислэгийн аюулгүй ажиллагаа хяналт зохицуулалтын албаны нислэгийн стандарт үйл ажиллагааны хяналтын байцаагч Э.А******* дахин 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр дугаар шийтгэлийн хуудсаар зөрчилд холбогдогч А.Э*******ыг Зөрчлийн тухай хуулийн 14.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 300 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 300,000 төгрөгөөр торгож, мөн хуулийн 3.6 дугаар зүйлд зааснаар “нислэгийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг 1 жилийн хугацаагаар хасах” шийтгэл ногдуулж,
2.6. Нислэгийн стандарт үйл ажиллагааны хяналтын байцаагчийн 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар зөрчилд холбогдогч А.Э******* гомдол, Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор 2023 оны 3 дугаар сарын 13-ны өдөр 08 дугаартай дүгнэлт шүүхэд тус тус гаргаж, хэргийг нэгтгэж шийдвэрлэв.
Гурав. Маргаж буй үндэслэл.
3.1. Гомдол гаргагч “Германы Райн нислэгийн удирдлагын төвтэй холбоо тогтоогоод хурд өндрийн зааварчилгаа авсан. Тэрнээс цаашаа Польшийн хил дээрх заавал илтгэх SUBIX цэг хүртэл сонсоод ажиглах горимд явсан, Польшийн хилээс 2 минутын өмнө нислэгийн удирдлагын төвтэй холбоо барих гэтэл холбоо алдагдсан байгааг нисгэгчид өөрсдөө тодорхойлж 16 минутын турш давтамжууд сольж оролдлого хийснээр дуу өсгөгчийн тохируулагч гацаатай байсныг олж тогтоон холбоо сэргээсэн, энэ үед Польшийн зэвсэгт хүчний сөнөөгч 2 онгоц ирж нислэгийг тусгаарлан хязгаарласан, бид холбоо саатсан шалтгааныг тайлбарлаж, онгоцнууд буцсан, нислэг аюулгүй үргэлжилсэн. Холбоо тасарснаас үүдэн ямарваа хохирол учраагүй. Европын холбооны Нислэгийн хөдөлгөөнийг удирдах төв илтгэлдээ "нислэгийн аюулгүй байдалд нөлөө үзүүлээгүй тохиолдол" гэж үзсэн. Урьдчилан сэргийлэх, нисгэгчдэд зөвлөмж гаргуулах, харилцаа холбооны тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдлыг хангуулах зорилгоор хөлгийн холбоонд саатал гарсан талаар өөрөө агаарын хөлгийн даргын илтгэл "Captain report" бичиж мэдээлсэн. Гэтэл  зөрчил гэж үзэж шийтгэл ногдуулсан нь Олон Улсын Иргэний нисэхийн тухай Чикагогийн конвенцийн “мэдээллийг хамгаалах, шийтгэлээс ангид байх, мэдээллийг мөрдөн шалгах, хариуцлага хүлээлгэх зорилгоор ашиглахгүй байх” зарчмыг зөрчсөн, нисэхийн үйл ажиллагаа эрхлэх эрх гэдэг нь нислэг үйлдэж байгаа авиа компанийн агаарын тээвэрлэгчийн гэрчилгээг хэлэх тул эрх хасах шийтгэлийг буруу хэрэглэсэн, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа огт явуулалгүй шийтгэл ногдуулсан нь хууль зөрчсөн” гэж маргаж,
3.2. прокурор “зөрчлийн хэргийг урьд шүүхээр шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр, хуульд заасан үндэслэл үүсээгүй байхад, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулалгүйгээр шийтгэл ногдуулж шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн” гэж дүгнэж,
3.3. хариуцагч “шүүхээс зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны зөрчлийг арилгаж дахин зөрчлийг шалгаж шийдвэрлэ гэсэн шийдвэрийн дагуу өмнөх зөрчлийг арилгах, дахин зөрчил шалгах ажиллагаа явуулах зохицуулалт Зөрчил шалган шийдвэрлэх хуульд байхгүй тул зөрчил шалгах ажиллагаа дахин явуулаагүй шийтгэлийн хуудсыг дахин бичсэн, Герман Улсын Райн нислэгийн удирдлагын төв зааварчилгааг нь авсан эсэхийг асуухад хариу өгөөгүйгээс холбоо алдагдсан гэж үзэж, MGL-7146 дугаартай нислэг үйлдэж буй Монгол Улсын Боинг  767-300 агаарын хөлгийг дуудаж холбоо тогтоох гэж оролдож, улмаар Польш Улсын нислэгийн удирдлагын төвд мэдэгдсэн, 2 талын радио холбоо хадгалалгүйгээр 58-59 минут нислэг үйлдэж, Польш Улсын зэвсэгт хүчин  байлдааны сөнөөгч 2 онгоц хөөргөж, тухайн нислэгийг тусгаарлан хязгаарлахад хүргэсэн нь ноцтой зөрчил тул шийтгэл ногдуулсан” гэж тайлбарлажээ.  
3.1.1. Гомдол гаргагч А.Э******* гомдлын шаардлагын үндэслэл тайлбартаа: “Би М******* компанид 33 жил ажиллаж байна. Агаарын хөлгийн даргаар нийтдээ 8 жил ажиллаж байна. М******* ТӨХК-ийн нисгэгч, хөлгийн дарга А.Э*******, хоёрдугаар нисгэгч Б.О бид 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Боинг 767-300 агаарын хөлгөөр Парис-Улаанб чиглэлд нислэг үйлдэж байх явцад МАЅЕK цэгээс SUBIX цэг хүртэл зайд онгоцны холбоо ажиллагаагүй болсон бөгөөд нисгэгчид агаарын хөлөг холбоогүй болсныг өөрсдөө тодорхойлж удаа дараа оролдлого хийснээр холбоогоо сэргээн хүрэх газартаа саадгүй хүрч, аюулгүй газардсан. 
Хөлгийн дарга А.Э******* нь дахин ийм асуудал гарахаас урьдчилан сэргийлэх, холбоо харилцааны талаар нисгэгчдэд зөвлөмж гаргуулах, харилцаа холбооны тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдлыг хангуулах зорилгоор хөлгийн холбоонд саатал гарсан талаар өөрөө "Captain report" бичиж мэдээлсэн. Холбоо, харилцаа хэсэг хугацаанд тасарснаас үүдэн хэн нэгэнд ямарваа хохирол учраагүй. Мөн Европын холбооны Нислэгийн хөдөлгөөнийг удирдах төвөөс ирүүлсэн бичигт "Нислэгийн аюулгүй байдалд нөлөө үзүүлээгүй тохиолдол" гэж заасан байдаг.
Гэтэл Нислэгийн стандарт үйл ажиллагааны хяналтын байцаагч Иргэний нисэхийн багц дүрэм-91.245 дугаар зүйл, 91.247 дугаар зүйлийг зөрчсөн гэж үзэн, Зөрчлийн тухай хуулийн 14.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Иргэний нисэхийн үйл ажиллагаанд нийтээр дагаж мөрдөх дүрэм, журам зөрчсөн гэж үзэн нисэхийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, гурван зуун мянган төгрөгөөр торгож шийтгэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.
Монгол Улсын 1989 оны 06 дугаар сарын 30-ны өдөр нэгдэн орсон Олон Улсын Иргэний нисэхийн тухай Чикагогийн конвенцийн ANNEX-19 (хавсралт 19)-ийн 5.3-т "Аюулгүй байдлын өгөгдөл болон мэдээллийг хамгаалах, шийтгэлээс ангид байх” зохицуулалт байдаг. Үүнд: "Хавсралт 19. Аюулгүй байдлын удирдлага: 5.3 Аюулгүй байдлын өгөгдөл болон мэдээллийг хамгаалах: 5.3.1 Стандарт - Гишүүн улс нь Хавсралт 3-ын дагуу аюулгүй байдлын сайн дураар мэдээлэх систем болон холбогдох эх үүсвэрээс гаргаж авсан аюулгүй байдлын өгөгдөл болон мэдээлийг хамгаалах үүрэгтэй. Тэмдэглэл - Энэ эх үүсвэрт хувийн болон байгууллагын мэдээлэл багтана. Тэмдэглэл 1- Шийтгэлээс ангид байх зарчим нь сайн дурын мэдээллийн үндэс суурь. Тэмдэглэл 2 - Гишүүн улс бүр нь нислэгийн аюулгүй байдалд нөлөөлж болох тохиолдол бүрийг сайн дураар мэдээлэх тогтолцоог холбогдох хууль, дүрэм, журмыг шаардлагатай байдлаар тохируулан өөрчилж, хялбаршуулан, сурталчлахыг хөхүүлэн дэмжих ёстой, 5.3.2 Зөвлөмж - Гишүүн улс нь аюулгүй байдлын заавал мэдээлэх систем болон холбогдох эх үүсвэрээс гаргаж авсан 5.3.1-д заасан аюулгүй байдлын өгөгдөл болон мэдээллийн хамгаалалтыг чангатгана. Тэмдэглэл 1- Ажилтан болон нислэгийн үйл ажиллагааны ажилтны сургалт болон туршлагаас шалтгаалсан тэдний алдаа, эсхүл үйлдлийн төлөө шийтгэл хүлээлгэхгүй байх мэдээллийн тогтолцоо нь аюулгүй байдлын мэдээллийн үндэс суурь юм. Тэмдэглэл 2 - Аюулгүй байдлын заавал болон сайн дураар мэдээлэх системтэй холбоотой гарын авлага Аюулгүй байдлын удирдлагын зааварт (SMM)(Doc 9859) байгаа." гэж заасан байдаг. 
Мөн Чикагогийн конвенцийн дагуу боловсруулсан Иргэний нисэхийн дүрэм-12 (ИНД-12)- ийн 12.63 дахь хэсэгт: "Шийтгэлээс ангид байх АХОШШБ болон ИНЕГ нь дараахаас бусад тохиолдолд, аливаа этгээдийн энэ дүрмийн дагуу өгсөн мэдээллийг мөрдөн шалгах, эсхүл хариуцлага тооцох зорилгоор ашиглахгүй, эсхүл ашиглах боломж олгохгүй: (1) тухайн мэдээлэл нь хүн, эсхүл өмч хөрөнгөд хэрэгцээ шаардлагагүйгээр аюул учруулсан үйлдэл, эсхүл эс үйлдлийг илчилсэн бол; эсхүл (2) хуурамч мэдээлэл өгсөн бол; эсхүл (3) Агаарын хөлгийн ослыг шинжлэн шалгах байгууллага болон ИНЕГ нь мэдээллийг хуулийн дагуу, эсхүл шүүхийн шийдвэрийн дагуу гаргаж өгөх үүрэг хүлээсэн бол." гэж заасан байдаг.
Нисгэгчийн зүгээс Иргэний нисэхийн дүрэм-12-ийн 12.63-т заасны дагуу онгоцны харилцаа холбооны төхөөрөмжинд гарсан гэмтэл, саатлыг мэдээлснээр нисгэгчийн мэргэжлийн эрхийг хасах шийтгэл ногдуулсныг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм.
Хэрвээ шийтгэлээс ангид байх зарчим хэрэгжихгүй бол бүхий л нисгэгчид онгоцонд гарсан том, жижиг ямар ч гэмтэл, саатлыг мэдээлэхээ болих ба энэ нь нислэгийн аюулгүй байдалд нөлөөлөхүйц муу үр дагаварт хүргэнэ.
Дэлхийн нисгэгчдийн холбооны "IFALFA" 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн тунхаг бичигт буюу зөвлөмжид “мэдээлэл өгснийх нь төлөө шийтгэл хүлээлгэх нь нислэгийн аюулгүй байдалд хор хөнөөлтэй байдаг учраас шийтгэлээс ангид байх шаардлагатай” гэсэн байдаг. 
Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэхь хэсэгт "...Монгол Улсын олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол Монгол Улсын нутаг дэвсгэрт зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд энэ хуулиар шийтгэл оногдуулж, албадлагын арга хэмжээ хэрэглэнэ." гэж заасны дагуу Олон Улсын Иргэний нисэхийн тухай Чикагогийн конвенцийн ANNEX-19 (хавсралт 19)-ийн 5.3-т заасны дагуу шийтгэлээс ангид байх эрхтэй гэж үзэж байгаа тул гомдол гаргаж байна.
Иргэний нисэхийн багц дүрэм-91.245 дугаар зүйлийн (Хяналттай агаарын зайд нислэг үйлдэх) 6.2-т “Нислэгийн хөдөлгөөний удирдагчаас өөр зөвшөөрөл олгоогүй бол, тогтоосон давтамж дээр Нислэгийн хөдөлгөөний удирдагчтай хоёр талын радио холбоо барина", мөн дүрмийн 247 дугаар зүйлийн (Автомат хариулагч, өндрийг мэдээлэх төхөөрөмж ашиглах) Хүснэгт 3-т заасан харилцаа холбоогүй болсон үед ашиглах 7600 кодыг ашиглаагүй гэж буруутгаж байгаа нь үндэслэлгүй юм. 
Учир нь: Нисгэгч бид тухайн үед тогтоосон давтамж дээр холбоо алдагдсаныг өөрсдөө, илрүүлээд Нислэгийн хөдөлгөөний удирдагчтай холбоо тогтоохоор Blind transmission (холбоо тогтоохоор оролдож, станцуудаар хариу хүлээхгүйгээр дуудах) хийсэн боловч биднийг хэн ч сонсоогүй ба Нислэгийн хөдөлгөөний удирдагчаас манайхтай холбоо тогтоох гэж оролдлого хийсэн нь ч сонсогдоогүй. Компанийн дүрмийн дагуу ажилласан талаараа тайлбар өгсөн. Бид удаа дараа оролдлого хийсний эцэст холбоог сэргээж чадсан. Агаарын хөлөг нь машинтай адилгүй бөгөөд холбоо барих цэгт ирээд холбоо барьж чадахгүй бол зогсох боломж байхгүй.
7600 кодыг онцгой аюул тулгарсан нөхцөлд ашиглах зориулалттай бөгөөд онгоцонд байгаа холбоо барих бүхий л төхөөрөмжөөр холбоо барих гэж удаа дараа оролдсон боловч бүх холбоо харилцааны хэрэгсэл ажиллахгүй байгаа тохиолдолд өгөх код юм. Бид станцаараа эхлээд холбоо тогтоох гэж оролдоход болохгүй байсан бөгөөд удаа дараа оролдлого хийхэд холбоо сэргэсэн тул 7600 кодыг илгээх шаардлагагүй болсон.
Байцаагчийн зүгээс “холбоо харилцааны хэрэгсэл ажиллахгүй байсан нь нотлогдохгүй байна, эвдрэл гэмтэл байхгүй байсан” гэж бидэнд тайлбарлаж байсан боловч эвдрэл, сааталгүй гэгдсэн байсан тоног төхөөрөмж болох чанга яригчийг зөрчлийг шинжлэн шалгаж дуусах 14 хоногийн хугацаанаас өмнө тухайн онгоцонд сольж тавьсан нь уг заалтыг зөрчсөнд анхаарал хандуулаагүй.
Биднийг холбоо бариагүй хэмээн буруутгаж байгаа боловч Нислэгийн хөдөлгөөний удирдагчаас бидэнтэй SELCAL /Selective Call-тодорхой агаарын хөлгийг сонгож дуудах/ болон CPDLC /Нисгэгч, Нислэгийн удирдагчийн тоон холбох систем/ ашиглан холбоо барих оролдлого хийсэн эсэх талаар, мөн манай компанид Нислэгийн хөдөлгөөний удирдах төв нь ЅITA /нислэгийн мэдээлэл дамжуулах автомат систем/ системээр мэдээлэл өгсөн талаар лавлагаа аваагүй. М******* компани нь ийм дуудлага, мэдээлэл авсан тохиолдолд өөрийн агаарын хөлөгт мэдээлэл хүргэх боломжтой.
Монгол Улсын Гадаад харилцааны яаманд ОМ7146 дугаартай нислэгийн талаар ямар нэгэн ноот бичиг ирүүлээгүй гэсэн тайлбарыг үл ойшоосон. Агаарын зайн зөрчлийн талаархи албан ёсны мэдээлэл нь тус яаманд ноот бичиг хэлбэрээр ирдэг.
БНПУ-ын НТОЗШинжлэх байгууллагаас ирүүлсэн “Нислэгийн аюулгүй байдалд нөлөө үзүүлэхгүй тохиолдол” гэсэн дүгнэлтийг авч үзээгүй ба Иргэний нисэхийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 42.2 заалтуудыг мөрдөж ажиллаагүй.
Түүнчлэн Зөрчлийн тухай хуулийн 14.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Нисэхийн үйл ажиллагаа эрхлэх эрх” гэдэг нь нислэг үйлдэж байгаа авиа компанийн агаарын тээвэрлэгчийн гэрчилгээг ойлгоно. (Иргэний нисэхийн тухай хуулийн 3.1 дүгээр зүйл 3.1.24 дэх хэсэг) Харин нисгэгч нь нислэгийн хугацаанд агаарын хөлгийн аюулгүй ажиллагааг хангах хариуцлага хүлээсэн, хүчин төгөлдөр мэргэжлийн үнэмлэхтэй хүнийг ойлгоно. Өөрөөр хэлбэл нисгэгч нь нисэхийн үйл ажиллагаа эрхэлдэг этгээд биш юм. Мөн Зөрчлийн тухай хуулийн 14.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “...Нислэгийн үед нислэгийг хэвээр үргэлжлүүлэх боломжгүй онцгой тохиолдлын талаар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр мэдээлээгүй бол мэргэжлийн эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж агаарын хөлгийн даргыг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно" гэж заасан байдаг. Энэ бол нисгэгчид хамаарах буюу нисгэгчийн мэргэжлийн эрхийг тухайлан заасан байна. Үүнээс үзэхэд нисэхийн үйл ажиллагаа явуулах эрх хасах шийтгэл нь агаарын тээврийн компанид хамаарах, харин мэргэжлийн эрхийг хасах нь нисгэгчид хамаарах ойлголт болох нь хуулийн энэхүү зохицуулалтаас тодорхой харагдаж байна. Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 4 дэхь хэсэгт ...Энэ хуулийг төсөөтэй хэрэглэхгүй.” гэж заасан байна. Иймээс нисгэгчид нисэхийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг хасах шийтгэл оногдуулах боломжгүй гэж үзэж байна.
Мөн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг монгол хэл дээр явуулж, төрийн албан ёсны хэл бичгээр хөтлөн баримтжуулна." гэж заасан байдаг. Гэтэл зөрчлийн хэргийн материалын 80 хувь нь англи хэл дээр бичигдсэн. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиар зөрчлийн хэрэгт хавсаргаж байгаа бол баталгаат орчуулга хийгдэж, тамга дарж баталгаажуулах ёстой байдаг. Гэтэл бүхий л баримт англи хэл дээр авагдсан.
Үүнээс гадна хяналтын байцаагч Э.А******* нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1. дүгээр зүйлийн 2.2 "өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах", 2.3 “эх хэлээрээ, эсхүл сайн мэдэх хэлээрээ мэдүүлэг өгөх, орчуулагч, хэлмэрч авах", 2.9 "зөрчлийн хэрэгтэй танилцах" холбогдогчийн эрхүүдийг эдлүүлэлгүйгээр зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулсан. 
Нислэгийн стандарт үйл ажиллагааны хяналтын байцаагч Э.А******* нь хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрт дурдсан холбогдогчийн эрхийг эдлүүлэлгүй, зөрчил шалган шийдвэрлэх ямар нэгэн ажиллагаа дахин нэмж хийлгүйгээр шинээр 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр дугаартай шийтгэлийн хуудсыг үйлдэж 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр танилцуулсан. Энэхүү шийтгэлийн хуудсаар А.Э******* намайг 300,000 төгрөгөөр торгож, нислэгийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж шийдвэрлэсэн.
Өмнөх шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх хянан шийдвэрлэснээс хойш шинээр үйлдсэн шийтгэлийг хуудсыг танилцуулах хүртэл Э.А******* нь надтай нэг ч удаа уулзаагүй бөгөөд надаас мэдүүлэг авсан, эрх үүрэг тайлбарласан, шинжээчийн дүгнэлт танилцуулсан, гомдол гаргах эсэхийг асуусан, хэргийн материал танилцуулсан зүйл огт байхгүй. Шинээр үйлдсэн шийтгэлийн хуудсыг танилцуулахад шүүхийн шийдвэрт дурдсан эдгээр ажиллагааг хийхгүй юм уу гэж асуухад зунжингаа шүүхэдсэн тул танилцуулах шаардлага байхгүй гэх тайлбарыг өгсөн. Хууль хэрэглээний нисэхийн үйл ажиллагаа эрхлэх эрхэд нисгэгч багтах эсэх нь эргэлзээтэй талаар шүүх дүгнэлт хийсэн талаар хэлэхэд тэр надад хамаагүй, би хуулийг өөрийнхөө ойлгосноор тайлбарлаж хэрэглэнэ гэх тайлбарыг надад өгсөн.
Аливаа нислэг хоёр улсын хооронд хийсэн агаарын харилцааны гэрээний дагуу нислэгийн зөвшөөрөл гэх зүйл дээр явагддаг. Манай онгоц танай бүс нутаг дээр нисэж өнгөрч явна шүү гэдэг зөвшөөрлийг компани нь нөгөө улсын холбогдох байгууллага руу явуулж, зөвшөөрлөө авдаг юм. Түүний үндсэн дээр нислэгт явахынхаа урд өдөр нислэгийн зөвшөөрөл авсны үндсэн дээр төлөвлөгөөгөө танилцуулдаг. “Манай онгоц маргааш тэдэн цагт танай улсаас гарах боллоо. Ийм маршрутаар явна. Ийм байгууллагуудтай холбогдоно” гэх нислэгийн зөвшөөрөл гэж байгаа. Зөвшөөрлийн дагуу би ОМ-7146 Парисаас-Улаанб орох нислэгийг үйлдсэн. Парис хотоос хөөрч гараад аэродром нислэгийн удирдлагын төв хотоос гаралт, дээшээ Парис контрол, мастерын гэх 4 дэх холбоогоо Германы Райн нислэгийн удирдлагын төвтэй холбоо тогтоогоод хурд өндрийн зааварчилгаа авсан. Тэрнээс цаашаа Польшийн хил дээр байдаг SUBIX гэх заавал илтгэх цэг гэж байгаа. Тэр хүртэл нислэгээ үргэлжлүүлээд явсан. Танайх ийшээ яваарай, тийшээ яваарай гэсэн зааварчилгаа ирээгүй. Дүрмээс гажууд зүйл байгаагүй учир нислэгээ үргэлжлүүлээд явсан. Бид нар нэмэлт баримтаар өгсөн байгаа.
Холбоог хадгалах гэдэг ойлголт нь заавал нэг хүнтэй ярих юм уу, эсхүл тэдэн минутын дараа ярина гэх ойлголт биш. Эхлээд холбоогоо тогтооно. Холбоо тогтооход 1, 2 минутын асуудал байдаггүй. Зөвхөн нэг удаад 1-2 минут заавал зарцуулдаг. Жишээлбэл, “та сайн байна уу, Монголын тэр дугаартай нислэг байна.” гээд түүний хариултыг хүлээнэ. Хариулт хүлээхээр нөгөө хүн нь хэрвээ сонсож байгаа бол доороос “би тэр байна, танай онгоцыг харж байна. Ямар асуудал байна” гэхэд “Би тийм өндөртэй нислэг тийшээ явж байна, эсхүл төлөвлөгөөний дагуу явж байна” гэсэн хариулт авдаг. Тэгэхээр тэр хүмүүс нь өөрсдийнхөө зааварчилгааг өгнө. “Тэнд очоод хэлээрэй, эсхүл ингээд явж бай” гэх зааварчилгааг өгнө. Тэгэхээр би дахиад хариулт өгөх ёстой. “За би тэгье, тэнд очоод хэлье, эсхүл аан за баярлалаа би ингээд явж байя” гэнэ. Энэ бол зөвхөн нэг удаагийн холбоо. Тэгээд бид тэр нислэгийг үргэлжлүүлсэн. Герман-Польшийн хил дээр ирээд, нэгдүгээрт Герман улсын хилээс гарч байна. Хоёрдугаарт Польшийн хил рүү орж байна. Арагшаа мэдээлээд, урагшаа хэлье гээд холбоо тогтоох гэсэн чинь манай холбоо байхгүй байсан. Холбооны төхөөрөмж маань ажиллаагүй. Тэрийг сэжиглэж мэдэх боломж байгаагүй. Бид 600 километрт урагшаа харж явдаг. Эргэн тойрондоо 600 километр гэсэн үг. 180 градусын хагас тойрогт бид хаана онгоц явж байна, дээр явж байна уу, доор явж байна уу гэдгийг хардаг. Тэр өдөр өөр онгоц байгаагүй. Надтай ярьж байгаа зүйл байхгүй. Тийм л учраас бид сонсоод ажиглах “listening watching” хүрээнд явж байгаа болохоос энэ дүрмийг зөрчиж, холбоо тасалсан зүйл байхгүй. Холбоо тасарлаа. Европын холбооны 2021 оны тэр нутаг дэвсгэр дээр холбоо яаж барих вэ, хэрвээ холбоо алдагдвал ямар ажиллагаа явуулах вэ гэдгийн дагуу эхлээд холбоо алдагдаж магадгүй шүү гэсэн мэдээлэлтэй байгаарай. Тэгэхээр холбоо алдаж магадгүй шүү гэж суугаад байх биш сонсоод сууж байна. Дараа нь холбоо алдагдсанаа тодорхойлно. Холбоогоо буцаагаад тогтоох гэж оролдоно. Хэрвээ тогтоож чадах юм бол нислэгээ цааш үргэлжлүүлээд явна. Ийм схемийн дагуу л явсан. Нислэг үргэлжлээд ирсэн. Нислэг үргэлжлээд ирснийхээ дараа дүрмийнхээ дагуу аливаа холбоо алдагдсан тохиолдолд заавал мэдээлнэ. Манай компанийн өөрийн дүрмийн 11 дүгээр зүйлд заасан аюулгүй байдлын удирдлагын дагуу заавал мэдээлдэг. Юу ч болсон мэдээлдэг. Тэрний дагуу заавал шийтгэх юм байхгүй. Түүний үндсэн дээр би Captain report бичээд өгсөн юм. Тэгээд Captain report бичээд өгөнгүүт “манай онгоц танай бүс дээр холбоогүй явлаа гэх талаараа мэдээлсэн. Энэ талаарх баримт хэрэгтэй байна” гэж манай компани өөрсдөө и-мэйл явуулсан. “Холбоо алдагдсан нь үнэн, холбоо барьсан нисгэгчийн хэлсэн тайлбар таалагдаагүй, түүнээс ямар ч асуудал байхгүй” гэж хариу ирсэн. 
Заавар хэрэгт байгаа. Яг л энэ зааврын дагуу л ажилласан юм. Жишээлбэл, 1 дүгээрт холбоо алдагдсанаа мэдээд, Хэрвээ холбоогоо сэргээж чадсан бол цаашаа яв, чадаагүй байсан ч бид нар цаашаа явсан. Хэрвээ бид буух буудлынхаа бүсэд ороод ирсэн, 30 минутын дотор холбоогүй болсон бол буух ёстой. Яагаад гэвэл, бид нарт өөрсдийгөө зөвтгөх баримт байх ёстой. Бүхээгийн дуу чимээ бичигч нь сүүлчийн 1 цаг 30 минутын доторхийг л бичдэг.
/гомдол гаргагч онгоцны бүхээгийн фото зураг дээр тайлбарлав/ Энэ чанга яригчийн удирдлага, энэ нь чанга яригчийн спикер нь гэсэн үг. Энэ удирдлага дээр унтраах, асаах байрлал заадаг цагаан зураастай, унтраасан байгааг нь заадаг хар цэгтэй. 1 цагийн байрлалд зааж спикерийн удирдлагыг тавих ёстой, гэтэл энэ 1 цагийн байрлалын хэсэгт яг энэ завсарт гацаад сонсохгүй байгаа юм байна гэдгийг тэмдэглэсэн. Дууг нь чангалж, сулладаг юм.
13 6480, 13 3840, 64 0860 гэхээр зөвхөн Германы талдаа 4 давтамж, Польшийн талын 6 давтамж нийт 10 давтамж оролдсон,  юм байна. Аваарын 121.5 давтамж дээр спикер оролдоод холбоо орсон. 2 нисгэгчийн нэг нь урд агаарын замаа харж байх ёстой. Нөгөө хүн нь холбоо барихаар ямар үйлдлийн дараалал байна. Тэрийгээ хийж байх ёстой. Зэрэгцээд оролдоод байх нь дүрмээрээ болохгүй.
Хамгийн сүүлд нь 121.5 дээр тавиад “миний дүү цаад чанга яригчаа эргүүлээдэх дээ” гээд спикерийн удирдлагад хүрсэн чинь холбоо сонсогдсон. Аргаа барьсан асуудал, тэрэнтэй холбоотой гэж ойлгоогүй, давтамжаа солиод шалгаад байсан. Тэр чанга яригчийн байрлал нь 1 цагийн байрлал дээр зөв байсан учраас оролдох шаардлага байгаагүй. Чанга яригчаа эргүүлээдэхсэн чинь холбоо барьчихлаа гэсэн. Тэр онгоц 13:16 минутын орчимд ирсэн гэж бодож байна. 12:59 минутад хилээр нэвтэрсэн, 13:13 минутад холбоо сэргээсэн.
Байрлалыг харна 1 цагийн байрлалдаа л байна. Тэрийг нүдэн баримжаагаар харж байгаа болохоос биш цаасны зузааны хэмжээтэй зөрөхөд л гацаж байсан. Энэ талаар видео бичлэг хийж үзүүлсэн. Чанга яригчийг солиогүй явж байгаа. Тэр үед нь чанга яригч бүх холбоог дарчихаад байна шүү, гарах, орох ямар ч дуу байхгүй болоод байна гэдгийг харуулсан. Техникийн саатал байсан юм билээ. Тэр чанга яригчаа компани дараа нь 2022 оны 03 дугаар сарын 05-ны өдөр сольсон байдаг. Уг нь тэр чанга яригчийг 14 хоногийн дотор иргэний нисэхийн газар болон шинжлэн шалгах газраас шалгаж дуусах хүртэл солихгүй байх ёстой. Бид нар чанга яригчийн эргүүлдэг удирдлага дээр “/ /” зураас зураад энэ хооронд гацаад ажиллахгүй байгаа юм байна гэж хэлж өгч байсан юм. Чанга яригч гацаатай байсан гэдгийг шалгуулъя гэх хүсэлт гаргаж байсан. Би 02 дугаар сарын 23-ны өдөр дахиад Гуанжоу явсан. Гуанжоу явахдаа зурсан газар дээрээ болж байгаа эсэхийг үзсэн чинь нөгөө төхөөрөмж нь дахиад ажиллахгүй байсан. Тэгээд “Та нар дутагдлаа олоогүй юм  биш үү, үзчихгүй юу” гээд инженерүүддээ хэлчихээд явсан. Дахиад репорт бичихээр би байнгын репорт бичдэг хүн болох гээд байсан. 3 сарын 07-ны өдөр дахиад нислэгт явах гээд хүрээд ирсэн чинь чанга яригч аль хэзээний бүхлээрээ солигдсон байсан. “энэ хэзээ солигдсон юм бэ” гэхэд 03 дугаар сарын 05-ны өдөр сольсон гээд журнал дээр бичсэн байсан.
Нисгэгчдийн вайбер групп дээр дарга нь “та нар журналдаа репортоо бичээд өгөөч” гэж бичсэн, доор нь “зарим хүмүүс нь репортоо бичиж өгөөд ийм асуудалд орсон” гээд коммент үлдээсэн байдаг. Нисгэгчид нь репортоо бичиж өгөхөө байсан. Үүнийг нотлохоор гар утаснаасаа вайбер группээс үзлэг хийлгэж нотлох баримтаар судлуулсан. Энэ шийтгэлийн хуудас хүчингүй болох юм бол нисэхийн аюулгүй байдал сайжрах, түвшин дээшлэхэд нэмэр тус болох юм. 
Өмнөх шийтгэлийн хуудсаар 5 сар ажиллаагүй, сүүлийн шийтгэлийн хуудсаар 2 сар ажиллаагүй” гэв.
3.1.2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Г******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өмнөх шийтгэлийн хуудас гаргахдаа эхнээсээ хууль зөрчөөд явсан. Мэдүүлэг аваагүй атал мэдүүлэг авсан мэтээр цаг хугацааг бичээд, мэдүүлгийг өөрөө зохиож бичсэн. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна. Энэ асуудлаа шийдвэрлээд дахин шинэ акт гарга гэж шийтгэлийн хуудсыг түдгэлзүүлсэн шүүхийн шийдвэр гарсан. Тэгээд А.Э*******ыг дуудсан байдаг. Дуудангуут нь өмгөөлөгч миний бие хамт яваад очлоо. “Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн зөрчлөө арилгаад, зөрчлийн хэргээ танилцуулаад, шинжээчийн дүгнэлтээ танилцуулаад, мэдүүлгээ авах ажиллагаагаа хийхгүй юм уу” гэхэд “Ажиллагаа хийх шаардлага байхгүй. Шийтгэлийн хуудсаа үйлдсэн” гээд гардуулж өгсөн.
Зөрчлийн тухай хуулийг төсөөтэй хэрэглэж байгаа нь үндэслэлгүй. “нисэхийн үйл ажиллагаа эрхлэх эрх”-ийг хассан. Иргэний нисэхийн тухай хуульд заасны дагуу нисэхийн үйл ажиллагаа эрхлэх эрх гэдэг нь нисэхийн үйл ажиллагааг олгосон гэрчилгээ бүхий компанийг ойлгоно, нисэхийн үйл ажиллагаа эрхлэх эрх гэдэгт нисгэгчийн мэргэжлийн эрх хамаарахгүй, мэргэжлийн эрх гэдэг нь нисгэгчийн мэргэжлийн эрхийг ойлгож байгаа. Хэрэгт агаарын хөлгийн гишүүдийн мэргэжлийн эрхийн үнэмлэхүүд авагдсан байгаа. Үнэмлэхэд мэргэжлийн эрх гэдэг үг тодорхой бичсэн
Монгол Улсын 1989 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн нэгдэн орсон Олон улсын иргэний нисэхийн тухай Чикагогийн конвенцийн хавсралт 19-ийн 5.3-т “аюулгүй байдлын өгөгдөл болон мэдээллийг хамгаалах буюу шийтгэлээс ангид байх” зохицуулалт авагдсан байдаг. Мөн үүний дагуу боловсруулсан Иргэний нисэхийн багц дүрмийн 12.63 дахь хэсэгт “Шийтгэлээс ангид байх мэдээлэл”-ийг тодорхойлж өгсөн байдаг. 3 тохиолдлыг бичээд, энэ 3 тохиолдлоос бусад тохиолдолд бол шийтгэлээс ангид байна гэж заасан. Үүнд “тухайн мэдээлэл нь хүн, эсхүл өмч хөрөнгөд хэрэгцээ шаардлагагүйгээр аюул учруулсан үйлдэл, эсхүл эс үйлдлийг илчилсэн бол эсхүл хуурамч мэдээлэл өгсөн, эсхүл агаарын хөлгийн ослыг шалгах байгууллага иргэний нисэхийн мэдээллийг хуулийн дагуу, шүүхийн шийдвэрийн дагуу гаргаж өгөх үүргийг хүлээсэн бол” гэж. Энэ 3 тохиолдлоос бусад тохиолдолд бол шийтгэлээс ангид байна гэсэн. 
энэ агаарын хөлгийн холбооны төхөөрөмжийн тохиргоо алдагдсанаа заавал мэдээлэх ёстой болохоороо мэдээлж байгаа биш, дараагийн удаад дахиад хөлгийн холбоо алдагдах вий, үүнийг шалгаж, солих ёстой. Солихгүй бол дараагийн нисгэгч ээлжлээд онгоцыг нисгэдэг. Тухайн үед ийм зүйл гарч байгаа тохиолдолд аваар осол гарахаас урьдчилан сэргийлэх зорилгоор бичиж өгсөн. Агаарын хөлгийн дарга юуг мэдээлэх үүрэгтэйг маш сайн тодорхойлоод бичсэн томьёолол хэрэгт авагдсан байгаа. Үүнд холбоо алдагдсан талаар мэдээлэх үүрэг байхгүй. 
Иргэний нисэхийн багц дүрэмд заасны дагуу 14 хоногийн хугацаанд тухайн төхөөрөмжийг гэрчилж хадгалах ёстой байдаг. Гэтэл 14 хоног болохоос өмнө буюу 10 хоногийн дараа 03 дугаар сарын 05-ны өдөр тухайн төхөөрөмжийг сольсон байдаг. Сольсон баримт нь мөн хэрэгт авагдсан байгаа. Сольсон актад хэт чимээ шуугиантай байна гэж бичсэн байгаа юм. Хэрвээ тухайн төхөөрөмж нь үнэхээр асуудалгүй байсан бол яагаад шалган шинжлэх 14 хоногийг өнгөрөөхгүйгээр өмнө нь сольж байгаа юм, уг төхөөрөмж нь тодорхой хэмжээнд асуудалтай байсан гэдэг нь харагдаж байна. 
Мөн Иргэний нисэхийн тухай хуулийн 42.1, 42.2-т заасны дагуу ослыг шинжлэн шалгах алба шалгахгүй гэсэн. Монгол Улсаас тухайн гадаадын байгууллага руу и-мэйл бичсэний дагуу и-мэйлийн хариу ирсэн, түүнээс биш үүнтэй холбогдуулж ямар нэгэн арга хэмжээ ав, үүнээс болж манайд ийм хохирол учирлаа гэдэг байдлаар албан тоот ирээгүй. Үүнийг мөн шалгаж Гадаад хэргийн яамаар дамжуулж албан бичиг ирсэн эсэх талаар лавлагаа авсан. Үүнтэй холбоотойгоор ямар нэгэн албан бичиг ирээгүй байна гэх баримт нь хэрэгт авагдсан байгаа. Үүнээс гадна тухайн үед ирж байсан баримтууд байгаа. Тухайн баримтад “аюул учруулахгүй тохиолдол” гэж тодорхойлсон. Манайхаас “энэ хэрэг нь хаагдсан төлөвтэй байна” гэж мөн тодорхойлоод ирсэн. Энэ баримтууд нь хэрэгт авагдсан байгаа.
Иргэний нисэхийн багц дүрмийн 13 дахь хэсэгт “хариуцлага хүлээлгэх бус давтан гаргахгүй байх нь энэ дүрмийн гол зорилго нь оршино.” гэж заасан. Энэ зохицуулалтууд мөн хэрэгт авагдсан байдаг. ” гэжээ.
3.1.3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.М******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Олон улсын иргэний нисэхийн тухай Монгол Улсын нэгдэн орсон 1989 оны Чикагогийн конвенцийг зөрчиж нисгэгч, багийн гишүүн репорт бичээд өөрөө хариуцлага хүлээх нөхцөл байдал байгаад байна уу, энэ нь цаашдаа ямар нэгэн мэдээлэл, дутагдлыг мэдээлэхгүй үр дагаврыг бий болгоод байгаа юм биш биз. Хэрвээ шийтгэлээс ангид байхгүй бол сайн дураар мэдээлэх, цаашид гарч болох өндөр эрсдэлүүдийг урьдчилж тооцох, илрүүлэх боломжийг хязгаарлах юм байна гэх зүйлийг Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ конвенцоор зохицуулсан. Монгол улсад хэрэгжиж байгаа Зөрчлийн тухай хуульд юм уу, энэ асуудлыг тухайлан хуульчилж ирсэн Иргэний нисэхийн дүрмээр сайн дураар мэдээлэх нь шийтгэлээс ангид байх зарчмыг зохицуулаагүйгээс, гомдол гаргагчийг зөрчил үйлдсэн гэж үзээд байгаа юм биш биз. Ер нь зөрчил, асуудал доголдол гарсан байлаа ч үүнийг мэдээлэх нь шийтгэлээс ангид байх ёстой гэх зарчмыг конвенцоор зохицуулсан. Монгол Улс нэгэнт 1989 онд нэгдээд орсон юм бол энэ конвенци эрх зүйн эрэмбээрээ дотоодын хууль тогтоомжоос илүү хүчин чадалтай үйлчлэх ёстой.
Сүүлд гарсан энэ шийтгэлийн хуудас нь процессын маш олон алдаатай, зөрчлийн хэрэг нь эх хувиараа энэ шүүхэд прокурорын дүгнэлттэй захиргааны хэрэгт үдэгдсэн байдаг, ийм нөхцөл байдалтай шийтгэлийн хуудас нь анхан, давах, хяналтын шатны журмаар хянагдаад дахиад хэлэлцэгдэж байгаа тохиолдолд гомдол гаргагчийн зүгээс нэлээн харамсалтай байгаа. Магадгүй энэ маргаан бүхий шийтгэлийн хуудас нь хүчин төгөлдөр боллоо гэхэд 7 сарын хугацаанд үйлчлэл нь бодитоор энэ хүний нисэх эрхийг хасаад хэрэгжчихсэн. Шүүхэд гомдол гаргаж эрхээ хамгаалуулах гэсэн биш эрх зүйн байдал нь дорддог ийм нөхцөл байдал үүсээд байна. ” гэжээ.
3.2.1. Прокурор дүгнэлтдээ: “Иргэний нисэхийн ерөнхий газрын Нисэхийн аюулгүй ажиллагаа хяналт зохицуулалтын нислэгийн стандарт үйл ажиллагаа хариуцсан хяналтын байцаагч Э.А******* нь "М******* ТӨХК-ийн Парис-Улаанб чиглэлийн 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн MGL 7146 дугаартай нислэг нь ХБНГУ болон БНПУ-ын агаарын зайд ИНД-91-т заасны дагуу 2 талын радио холбоо хадгалалгүйгээр 58-59 минут нислэг үйлдэж улмаар БНПУ-ын зэвсэгт хүчин байлдааны сөнөөгч 2 агаарын хөлгийг хөөргөж тус агаарын хөлгийг тусгаарлан хязгаарласан, агаарын хөлгийн дарга А.Э******* нь ИНД-91.245 заалтыг зөрчсөн, Иргэний нисэхийн еренхий газарт мэдээлээгүй зөрчилд холбогдуулан Зөрчлийн тухай хуулийн 14.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зөрчлийн хэрэг нээж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр 0034813 дугаартай шийтгэлийн хуудсаар иргэн А.Э*******ыг нислэгийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, 300,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна.
Гэвч иргэн А.Э******* нь эрх бүхий албан тушаалтны шийдвэрийг эс зөвшөөрч "0034813 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах" шаардлага бүхий гаргасан гомдлын дагуу Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 0779 дугаартай шийдвэрээр "0034813 дугаартай "зөрчилд шийтгэл оногдуулсан” шийтгэлийн хуудсыг захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл 3/гурав/ сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэжээ.
Мөн тус прокурорын газрын ахлах прокурор Д.Д******* дээрх 0034813 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт бичсэн боловч Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1, 54.1.6-д заасан "нэхэмжлэлд заасан үйл баримт, захиргааны үйл ажиллагааны талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа" үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. 
Улмаар Нислэгийн аюулгүй ажиллагаа хяналт зохицуулалтын албаны нислэгийн стандарт үйл ажиллагаа хариуцсан хяналтын байцаагч Э.А******* нь иргэн А.Э*******ыг 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 008003 дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 14.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан "Иргэний нисэхийн тухай хууль зөрчих" зөрчилд 2203000045 дугаартай зөрчлийн хэрэгт “нислэгийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, 300,000 төгрөгөөр дахин торгох” шийтгэл оногдуулсан байна.
Энэ нь Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйл "Шударга ёсны зарчим"-ын 2 дахь хэсэгт "Энэ хуульд заасан зөрчил тус бүрд шийтгэл оногдуулна." гэж, мөн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1.5-д заасан "тухайн зөрчлийг үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулсан эрх бүхий албан тушаалтны, эсхүл шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр бол.", 6.1 дүгээр зүйлд заасан "Зерчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах үндэслэл" зэрэг хуулийн заалтуудыг зөрчсөн үндэслэлгүй шийдвэр болжээ. 
Өөрөөр хэлбэл эрх бүхий албан тушаалтан нь А.Э*******д холбогдох зөрчлийн хэргийг урьд шүүхээр шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр, хуульд заасан үндэслэл үүсээгүй байхад, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулалгүйгээр иргэн А.Э*******ыг шүүхээр шийдвэрлэсэн 2203000045 дугаартай хэрэгт холбогдуулан 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 008003 дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 14.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан "Иргэний нисэхийн тухай хууль зөрчих" зөрчилд "нислэгийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, 300,000 төгрөгөөр торгох” шийтгэл дахин оногдуулсан нь Зөрчлийн тухай хууль болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна. 
Иймд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон албаны нислэгийн стандарт үйл ажиллагааны хяналтын байцаагчийн 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 008003 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт бичив.” гэжээ.
3.3.1. Хариуцагч тайлбартаа: “Гомдол гаргагч А.Э******* нь 2022.02.21-ний өдөр Парис-Улаанб чиглэлд М******* ТӨХК-ийн Боинг 767-300 маягийн агаарын хөлгөөр нислэг үйлдэхдээ дамжин өнгөрөгч орнуудын нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвтэй 2 талын холбоог хадгалах тухай Иргэний нисэхийн дүрэм 91-д заасан үүргээ биелүүлээгүй үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 14.8 дугаар зүйлийн 3-т зааснаар 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр шийтгэл ногдуулсан. 
Агаарын хөлгийн дарга А.Э******* нь 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Иргэний нисэхийн ерөнхий газар хийгдсэн зөрчлийн тухай албан уулзалтын үеэр MASEK болон SUBIX цэгүүдийн хооронд холбоогүй нислэг үйлдсэнээ тодорхойлж чадаагүй тухайгаа удаа дараа хүлээн зөвшөөрсөн нь хурлын протокол болон аудио бичлэгээр нотлогдоно.
Агаарын хөлгийн даргын бичиж өгсөн Captain report нь Иргэний нисэхийн дүрэм-91 "Нислэгийн үйл ажиллагааны ерөнхий дүрэм-ийн 91.201(3) хэсгийн (1)-д “шаардсан үзлэг шалгалтыг дууссаны дараа болон тухайн нислэг дууссаны дараа, агаарын хөлгийн үзлэг шалгалтын үед болон нислэгийн үед нисэх багийн илрүүлсэн агаарын хөлгийн дутагдлыг техникийн бүртгэлийн дэвтэрт, эсхүл даргын хүлээн зөвшөөрөхүйц бусад дүйцэх баримт бичигт бүртгэнэ” гэсэн заалтын хүрээнд мэдээлэх үүрэг хүлээсэн мэдээлэлд хамрагдах бөгөөд тус мэдээлэл  “Capitan report” нь Иргэний нисэхийн дүрэм-12 болон хавсралт 19-ийн Appendix 3, 1.1-д тусгагдсанаар гишүүн орон бүр нь үндэсний хууль тогтоомж, дүрэм журам, бодлогоор дамжуулан нисэхийн аюулгүй ажиллагааны өгөгдөл, мэдээллийг хамгаалахад баримтлах үндсэн 4 зарчмыг тогтоож өгсөн бөгөөд нэгдүгээр зарчимд дурдсан “Аюулгүй байдлын талаарх мэдээллийг хүргүүлсэн, сайн дураар мэдээлсэн” гэсэн ангилалд багтахгүй болно. 
Агаарын хөлгийн дарга А.Э******* нь гомдолдоо 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн тус зөрчлийг ноцтой биш, нислэгийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилсэн мэтээр тайлбарласан байна. БНПУ-ын агаарын хилээр зохих зөвшөөрөл авч холбоо тогтоолгүй нэвтэрсний улмаас тус улсын зүгээс зэвсэгт хүчний байлдааны сөнөөгч онгоц хөөргөн тус нислэгийг intercept буюу тусгаарлан хязгаарласан нь тус зөрчлийн ноцтой байдлын түвшинг тодорхой харуулна. 
Энэ шийдвэрийг холбогдогч А.Э******* эс зөвшөөрч тус шүүхэд гомдол гаргасан ба Тээврийн прокурорын газраас 11 тоот дүгнэлт гаргасан. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 0779 дугаартай шийдвэрээр “0034813 дугаартай шийтгэлийн хуудсыг захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж, шүүхээс тогтоосон дээрх хугацаанд захиргааны байгууллага дахин шинэ акт гаргаагүй тохиолдолд уг маргаан бүхий акт хүчингүй болох үр дагавартайгаар” шийдвэрлэсэн. Энэхүү шийдвэрийн дагуу хариуцагч миний бие 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр дугаартай шийтгэлийн хуудсаар А.Э*******д Зөрчлийн тухай хуулийн 14.8 дугаар зүйлийн 3-т зааснаар "300 нэгжээр торгож, нисэхийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж” шийдвэрлэсэн ба 0779 дугаартай шүүхийн шийдвэрт заасан хугацааны дотор дахин шинэ захиргааны акт гаргасан.
Хэдийгээр шүүхийн шийдвэрт Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны холбогдох заалтуудыг баримтлан дахин шинэ захиргааны акт гаргах хүртэл 3 сарын хугацаагаар түдгэлзүүлсэн ч энэ хугацаанд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг дахин шинээр явуулах, зөрчлийн гомдол, мэдээлэл хүлээн авах, бүртгэх, хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, прокуророос зөрчлийн хэргийн дугаар олгох, нэг зөрчилд 2 удаа зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулах харилцааг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль болон бусад хуулиар зохицуулаагүй, өмнө нь шалгаж шийдвэрлэсэн 2203000045 дугаартай зөрчлийн хэрэг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хянан хэлэлцэгдэж байсан Тээврийн прокурорын газрын 11 дугаартай дүгнэлттэй хэрэгт хавсаргагдаж, үдэгдсэн зэргээс А.Э*******д холбогдох зөрчлийн хэрэгт шүүхээс даалгасан хугацаанд гагцхүү захиргааны актыг дахин гаргасан болно.
Дахин гарсан захиргааны акт буюу дугаартай шийтгэлийн хуудаст маргаан бүхий өмнөх актад бичигдсэн "агаарын хөлгийн дарга байх эрхийг хассаныг" Зөрчлийн тухай хуулийн 14.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар "нисэхийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг хасах" гэж зөвтгөж бичсэн нь А.Э*******ын гаргасан зөрчил, түүнд оногдуулсан шийтгэл үндэслэлтэй байна. Учир нь 0779 дугаартай шийдвэрийн үндэслэх хэсгийн 9-д “Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэвэл, гомдол гаргагч А.Э*******ыг маргаан бүхий тохиолдолд зөрчил гаргаагүй, Иргэний нисэхийн дүрмийн холбогдох зүйл заалт CUFT зөрчөөгүй байна гэж үзэх үндэслэлгүй байна” гэж, 10-т “Харин хариуцагч эрх бүхий албан тушаалтан нь маргаан бүхий тохиолдолд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулж, маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан холбогдох журмыг зөрчсөн, Зөрчлийн тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг хэрэглэж гомдол гаргагчийн агаарын хөлгийн дарга байх эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж шийдвэрлэсэн нь тухайн хуулийн зүйл, заалт агуулгад нийцэж байгаа эсэх нь эргэлзээтэй” гэсний дагуу хариуцагч эрх бүхий албан тушаалтан миний бие 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр дугаартай шийтгэлийн хуудсыг гаргасан болно.
            Мөн хяналтын прокурор В.Б******* 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдөр 38 дугаартай хариу мэдэгдэх хуудсаар "эрх бүхий албан тушаалтны шийдвэрийн талаарх гомдлыг харьяалах шүүхэд гаргаж шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж үзэн А.Э*******ын гаргасан гомдлыг хүлээн авахаас татгалзаж" шийдвэрлэсэн атлаа 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдөр буюу 38 хоногийн дараа Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд "Эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулах тухай" прокурорын дүгнэлт гаргасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан хугацааг хэтрүүлсэн нь мөн хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д заасан "энэ хуулийн 14.1-14.4-т заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн" байх тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй байна.
Дүгнэлтийн Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 2-т заасан "Энэ хуульд заасан зөрчил тус бүрд шийтгэл оногдуулна." гэсэнд А.Э*******ын гаргасан нэг зөрчилд эрх бүхий албан тушаалтан хуульд заасан үндэслэлээр нэг шийтгэл оногдуулсан бөгөөд Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохирсон байна." гэсний дагуу мөн хуулийн 14.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Иргэний нисэхийн үйл ажиллагаанд нийтээр дагаж мөрдөх дүрэм, журам зөрчсөн бол нисэхийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасны дагуу зөрчилд холбогдогч А.Э*******д эрх бүхий албан тушаалтан шийтгэл ногдуулсан нь прокурорын дүгнэлтэд дурдсан шударга ёсны зарчимд нийцсэн байна.
Дүгнэлтийн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1.5-д заасан "тухайн зөрчлийг үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулсан эрх бүхий албан тушаалтны, эсхүл шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр бол зөрчлийн хэрэг нээхгүй” гэсэнд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 0779 дугаартай шийдвэр хүчин төгөлдөр ба уг шийдвэрт Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д Энэ хуулийн 106.3.11-д зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллага шинэ акт гаргаагүй тохиолдолд маргаан бүхий акт хүчингүй болох үр дагавартай болохыг тайлбарласны дагуу Шүүхийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т "шүүх гэж Монгол Улсын Үндсэн хууль болон энэ хуульд заасны дагуу байгуулагдан хэрэг, маргааныг хянан шийдвэрлэж, заавал биелүүлэх шийдвэр гаргадаг шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг”, 23 дугаар зүйлийн 23.1-д “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг хүн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй” гэснийг хэрэгжүүлсэн эрх бүхий албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагааг буруутгах хуулийн үндэслэлгүй юм.
Дүгнэлтийн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах үндэслэлийг зөрчсөн гэсэнд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д заасныг үндэслэн шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрээр захиргааны акт буюу шийтгэлийн хуудсыг дахин гаргах тохиолдлыг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиар нарийвчлан зохицуулаагүй болно. Тодруулбал Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.1-т Зөрчил хянан шийдвэрлэх шүүх, Үүнд. 1 дэх заалтад Эрүүгийн хэргийн шүүх, 2 дахь заалтад Захиргааны хэргийн шүүх оролцогчийн гомдол, прокурорын дүгнэлтээр зөрчил хянан шийдвэрлэхээр хуульчилсан боловч мөн хуулийн Наймдугаар бүлэгт зөвхөн Эрүүгийн хэргийн шүүх зөрчил хянан шийдвэрлэх ажиллагааг тусгайлан зохицуулсан ба харин Захиргааны хэргийн шүүх зөрчил хянан шийдвэрлэх ажиллагааг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулахаар хуульчилсан.
Шийтгэлийн хуудас захиргааны акт болох тухайд: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1 дэх заалтад Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Захиргааны ерөнхий хууль, Монгол Улсын шүүхийн тухай хууль, энэ хууль болон эдгээртэй нийцүүлэн гаргасан бусад хууль тогтоомжоос бүрдэнэ. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх заалтад “захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно” гэсэн ба уг заалтыг Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 11 дүгээр сарын 21-ны өдрийн 15 дугаар дүгнэлтээр “зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанаас бусад ..." гэсэн хэсэг Үндсэн хууль зөрчсөн байна гэснийг Монгол Улсын Их Хурлын 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 88 дугаар тогтоолоор хүлээн зөвшөөрсөн байна. Энэ нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2 дахь заалтад заасан Захиргааны хэргийн шүүх харьяалан хянан шийдвэрлэх зөрчилд холбогдуулан гаргасан эрх бүхий албан тушаалтны шийдвэр захиргааны акт болохыг хуульд тодорхой заажээ.
Иймд Тээврийн прокурорын газрын хяналтын прокурорын 2023 оны 03 дугаар сарын 13-ний өдрийн 08 дугаартай дүгнэлт үндэслэлгүй тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т зааснаар бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Иргэний нисэхийн аюулгүй ажиллагааг хангуулахад Иргэний нисэхийн тухай Чикагогийн конвенцын Хавсралт 19, Doc 9734, Иргэний нисэхийн хяналтын ЧУХАЛ ЭЛЕМЕНТ-СЕ-8 хүрээнд Иргэний нисэхийн салбарт хууль, дүрмийг сахиулах, хууль зөрчигсдөд хариуцлага тооцох, албадлагын арга хэмжээ хэрэгжүүлэх тогтолцоог бүрдүүлэх замаар эрсдэлийг удирдах шаардлагыг тусгасан. Хавсралт 19-ийн Appendix 3, 1.1-д тусгагдсанаар гишүүн орон бүр нь хууль тогтоомж, дүрэм журам, бодлогоор дамжуулан нисэхийн аюулгүй ажиллагааны өгөгдөл, мэдээллийг хамгаалахад баримтлах үндсэн 4 зарчмыг тогтоож өгсөн бөгөөд нэгдүгээр зарчимд “Нисэхийн аюулгүй ажиллагааг хангуулах зорилгоор өгөгдөл, мэдээлэл болон холбогдох эх сурвалжийг хамгаалах болон шударга ёсыг зөв хэрэгжүүлэх тал дээр тэнцвэртэй байх” гэж тусгагдсан. 
Зөрчлийн тухай хууль нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг зөрчилд тооцох, түүнийг үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах замаар шударга ёсны тогтолцоог бэхжүүлэхэд оршино гэсэн зорилготой бөгөөд уг хуулийн 14.8 дахь заалтаар Иргэний нисэхийн тухай хууль, Иргэний нисэхийн дүрэм, журам стандарт зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэж үзэхээр зохицуулалт хийсэн. 
Иймд хэн нэг этгээд Иргэний нисэхийн хууль, иргэний нисэхийн дүрэм, журам зөрчиж хүний амь нас, эд хөрөнгөд хохирол учруулах нөхцөлийг бүрдүүлсний дараагаар Аюулгүй байдлын талаарх мэдээллийг хүргүүлсэн, сайн дураар мэдээлсэн үндэслэлээр нисэхийн аюулгүй ажиллагааны стандарт, шаардлага буюу Иргэний нисэхийн дүрмийн шаардлагыг мөрдөж ажиллах үүрэгтэй боловч мөрдөн ажиллаагүй, биелүүлэхээр зохих арга хэмжээг аваагүй бол зөрчил үйлдсэнд тооцох бөгөөд хариуцлагаас чөлөөлөгдөх, албадлагын арга хэмжээнээс чөлөөлөгдөх нь Чикагогийн конвенцын Хавсралт 19 Appendix 3, 1.1, ИКАО-ийн Док 9734 3.8.3 дахь заалтуудтай зөрчилдөнө. 
Нислэг техникийн осол зөрчил, дутагдлыг мэдээлэх нь Иргэний нисэхийн дүрэм-12 Осол, зөрчил болон статистик мэдээлэл дүрмийн хүрээнд зохицуулагддаг бөгөөд Иргэний нисэхийн гэрчилгээжүүлэлтийн дүрэм тус бүрийн гэрчилгээжсэн, иргэний нисэхийн салбарт үйл ажиллагаа эрхлэгч байгууллагууд нь Иргэний нисэхийн дүрэм-12 дүрмээр шаардсан бүх төрлийн мэдээллийг Иргэний нисэхийн ерөнхий газар болон Нислэг техникийн осол зөрчлийг шинжлэн шалгах албанд ирүүлэх үүрэг хүлээсэн байдаг. 
Иймд А.Э*******ын гаргасан зөрчил нь онгоцны холбоо ажиллагаагүй болсон үед 58 минутын хугацаанд Иргэний нисэхийн дүрэм болон Монголын иргэний агаарын тээвэр ТӨХК-ийн заавруудад заасны дагуу авах арга хэмжээг аваагүй нь Монгол Улсын иргэний агаарын тээврийн салбарт учирч болох эрсдэл, нэр хүндэд сөргөөр нөлөөлөхүйц эс үйлдэхүй гаргаж Олон улсын гэрээ, конвенц, дүрмээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, хариуцлагагүй хандсанаас үүдэн маш ноцтой нөхцөл байдал үүсч болохуйц байдал бий болсон зэрэг нь Зөрчлийн тухай хуулийн 14.8 дугаар зүйлийн 3 дах хэсэгт зааснаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулж шийтгэл ногдуулсан нь үндэслэлтэй тул нэхэмжлэл болон Тээврийн прокурорын газрын 2022 оны 11 дугаартай прокурорын дүгнэлтийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14 дэх хэсэгт заасны дагуу гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. 
н.А******* байцаагчтай хамт улсын байцаагчийн дүгнэлт гаргасан. Нийт 59 минут холбоогүй ниссэн. Тэрийг яаж тогтоогоод байгаа вэ гэхээр бид нар өөрсдөө тогтоох биш холбоо тасарснаас хойш тэдэн минут гэдэг нь гадны байгууллагаас ирүүлсэн баримтаар тогтоогдож байгаа. Улсын байцаагчийн дүгнэлтэд бол ХБНГУ дээгүүр ойролцоогоор 41 минут огт холбоо тогтоолгүй явсан байгаа юм. А.Э******* агаарын хөлгийн дарга “би сонсоод ажиглаад явж байсан” гэж тайлбарладаг. Гэтэл доороос Германы нислэг удирдах төвөөс дуудсан, сонсоогүй, хариу өгөөгүй холбоо алдагдсан. Үндсэн давтамж болон аваарын 121.5 давтамж аль алин дээр нь дуудсан. Нийт хэдэн удаа хэдийд дуудсан цаг, минут давтамжтайгаа маш тодорхой баримтыг ХБНГУ-ын нислэгийн удирдлагын газраас манайд ирүүлсэн. Манайх тэр газраас ирүүл гэж шаардаагүй. Чикагогийн конвенцийн дагуу Монгол Улс нь нислэгийн аюулгүй ажиллагааг хангасны үндсэн дээр гишүүн орнуудын дээгүүр, тэр ард иргэд, эд хөрөнгийн аюулгүй байдлыг хангасны үндсэн дээр хоорондын харилцан байгуулсан гэрээгээр нислэг үйлдэж байгаа. Монгол Улс тухайн агаарын хөлгийн аюулгүй байдлыг хангах үүрэгтэй. Тийм учраас Герман улсад ийм зүйл болсон учраас репортоо ирүүлсэн. Герман улсын нислэгийн удирдлагын газар нь тухайн агаарын хөлөгтэй холбоо тогтоож чадахгүй 41 минут болоод агаарын хилээр гарах үед нь Польшийн subix цэг рүү ойртохоос өмнө нь Польштой Герман  улс холбоо барьсан. “Энэ агаарын хөлөг холбоогүй болчихлоо, одоо танай хилээр нэвтрэх гэж байна.” гэж, үүний дагуу Польш улс хилээр нэвтрэхээс нь өмнө тухайн агаарын хөлгийг дуудсан, мөн хариу өгөөгүй, холбоо тогтоогоогүй. Дуудсаар байгаад, заавал илтгэх цэг дээр илтгээгүй, хилээр нэвтэрч ороод 18 минут ниссэн байгаа. Энэ талаар баримтыг мөн хэргийн нотлох баримтад орчуулагдаад бүрэн оруулсан байгаа. 
А.Э******* агаарын хөлгийн даргын хэлж буйгаар нэг спикерээс болоод агаарын холбоо барих төхөөрөмж ганц масснаас болоод ажиллахгүй тохиолдол байхгүй. Холбооны төхөөрөмж бүгд бие даасан эх үүсвэртэй. Жишээлбэл, ганц спикер гацлаа, байхгүй байлаа гэхэд микрофон нь спикерт  нөлөөлөөд байх зүйлгүй микрофон нь ажиллана. Тэдгээр нь тусдаа төхөөрөмж.  Үнэхээр масстай байсан эсэхийг мэдэхгүй байна. М******* ХК-иас хийсэн үзлэг, шалгалт, инженерүүдийн дүгнэлтэд ямар нэгэн техникийн саатал дутагдал илрээгүй баримт байгаа. Агаарын хөлгийн инженер спикер буюу чанга яригчийг сольсон талаар мэдээлэл өгөөгүй. Сольсон эсэхийг сайн мэдэхгүй байна. Ганцхан тэр спикерээс болоод 50 хэдэн минут холбоо барьж чадахгүй байна гэж байхгүй. жишээлбэл, спикер нь болохгүй байхад яагаад микрофон нь болохгүй байх юм. нисгэгчийн микрофон нь спикерээс тусдаа, спикер нь агаарын хөлөг дотор 2 байгаа, нэг нь агаарын хөлгийн даргад, нөгөө нь туслах нисгэгчийн талд байгаа. Ганцхан туслах нисгэгчийн талын спикер гацсанаас болоод 59 минут холбоо тогтоогоогүй гэж агаарын хөлгийн дарга өөрөө мэдүүлж байгаа нь хариуцлагагүй. Дээрээс нь нисгэгч нар чихэвчээр бас холбогдож болж байгаа. Агаарын хөлгийн кабины дуу чимээг бичигч нь 90 минутын бичлэг хийдэг. Монголд ирэхдээ тэр үеийн бичлэг нь аль хэдийн устсан байсан. М******* компани дотооддоо шалгалт хийсэн, Герман, Польш улсаас ч мэдээлэл нь ирсэн. Бие даасан мэдээллээ гаргасан. Агаарын хөлгийн дарга нь хоёр талын радио холбоогоо бариагүй байна. Нөгөө талаас нислэгийн удирдлагын төвөөс бүх долгионууд дээр холбох гэж оролдлого хийсэн. Долгионууд нь цаг, минутаараа байгаа бүх баримтууд нь хэргийн материалд орчуулагдаад орсон байгаа. 
Спикер нь ажиллахгүй байлаа гэхэд микрофон нь ажиллаж байвал рекорд нь ороод ирнэ. Хэрвээ би яриад та намайг сонсохгүй байх юм бол тэндээс яриад байна. Гэхдээ сонсохгүй байна гэдэг нь ороод ирнэ. Гэтэл онгоцноос холбоо тогтоох оролдлого хийсэн нэг ч мэдээлэл нислэгийн удирдлагын төвд байхгүй.
Шийтгэлгүй мэдээллийн систем гэж байгаа. Чикагогийн конвенцид нэгдэж орсон олон улсын стандарттай, мөн манай улсын дотоодын дүрэм, журам гэж байгаа. Бүх улс нэг дүрэм, журамтай байхгүй, улс нь өөр өөрийн зах зээл, онцлогоо оруулаад дүрэм нь өөр өөр байдаг. Бид дүрмийн ялгаагаа мэдүүлчихдэг. Танай стандарт ийм байна, бид ингэж ажиллаж байгаа гээд, тэрийг нь хүлээн авна, авахгүй гэж явдаг. Шийтгэлгүй мэдээллийн системийн хувьд бол жишээлбэл, конвенци дээр бичээд, энэ нь шийтгэлгүй мэдээллийн систем байна, шударгаар мэдээлэх нь зөрчлийг тогтооход садаа болно гэсэн үг биш, шууд орчуулбал тийм агуулгатай байдаг. Өөрөөр хэлбэл, А.Э******* даргын хувьд 10 минут, 20 минут холбоо тасраад явж байгаад тэрийг өөрөө олж тогтоогоод тэгээд мэдээлсэн бол шийтгэлгүй мэдээллийн системд хамаарна. Яагаад гэвэл өөрөө тэрийг олж тогтоогоод, олж мэдээлсэн. 
Германы нислэг удирдах төв өндөр, хурдын зааварчилгаа өгсөн байгаа юм. “зааварчилгаа авсан уу” гэж буцаагаад дуудсан, “зааварчилгаа авлаа, ойлголоо” гэж хариу хэлэх ёстой. Гэтэл манай онгоц зааварчилгаа авсан эсэх хариу хэлээгүй, түүнээс хойш таг холбоо тасарсан. “Бидний өгсөн зааварчилгааг авав уу” гэж буцаагаад баталгаажуулаад холбогдох гэсэн түүнээс хойш байхгүй. Тэгээд холбоогүй болчихлоо гэж Германы тал мэдээлээд дахин дахин дуудаад, 121.5 аваарын давтамж дээр зөндөө дуудсан байгаа, мөн ойролцоох онгоцоор дамжуулж дуудсан байгаа, тэгээд холбоо тогтоож чадаагүй.
Холбоо бариагүй явдлыг яг юунаас болсныг тогтоох ямар ч боломж байхгүй. Эцсийн үр дүн холбоо тогтоогоогүй. Заавал мэдээлэх цэгүүдээр мэдээлээгүй. Иргэний нисэхийн дүрмээр агаарын хөлгийн дарга нь газартай хоёр талын радио холбоог байнга хадгалж явах үүрэгтэй, тэр үүргээ зөрчсөн. Яагаад зөрчсөн, ямар байдлаар зөрчсөн талаар тэнд байсан кабины бичлэг ч юм уу, камер байхгүй. Гомдол гаргагч “холбоо тогтоох гэж оролдоод байсан” гэж байгаа тэр нь нотлогдохгүй. Харамсалтай нь ямар ч нотолгоо байхгүй. 
Германы нислэг удирдах төвөөс ирсэн баримт дээр онгоцноос дуудлага хийсэн бол цаанаасаа дуу хоолойны бичлэг дээр сийрүүлээд гараад ирдэг. Герман болон Польшоос тухайн агаарын хөлгийг дуудаад буцаад хариу өгөөгүй нь минут, секундээр “тэдэн минутад тэгж холбогдсон, хариу байхгүй” гээд дуудсан тохиолдол болгон бүртгэгдсэн байгаа. Хэрвээ холбоо барих гэж спикер нь ажиллахгүй байлаа гэхэд ямар нэгэн дуу хоолой нөгөө талд очсон бол “тэр онгоц тэдэн цаг, минутад тийм дуудлага ирлээ” гэдэг нь бүртгэгдэнэ. Польшийн талаас ирсэн репортод сүүлд байлдааны онгоц хөөрөөд, холбоо тогтоогдсон нь “холбоо тогтоогдлоо, Монголын нислэг 7146 холбогдлоо” гэж цаг минутаар бичигдсэн байгаа. 
Спикер нь байнга асаалттай байх ёстой, Тэрийг байнга сонсож байх ёстой. Иргэний нисэхийн дүрэм дээр хоёр талын холбоог хадгалж явах ёстой. Доороос дуудахад нисгэгч хариулах ёстой, тэгж байж холбоо хадгалсан гэж үзнэ, доороос дуудаад байхад сонсоод байна гээд хариу өгөхгүй байгааг холбоо хадгалсан гэж үзэхгүй. Сонсоод ажиглах  гэдэг нь бусад онгоц газартай харилцаж байгааг сонсоод, зөвхөн өөрийнх тэр дугаартай нислэг үү гэхээр хариу өгдөг. Чихэвч дээр тавиад чихэвчээрээ сонсоно, чихэвчээр сонсож байгаа үед спикерээ унтраасан байна гэсэн үг. Чихэвчээ авч чихэвчээрээ сонсохгүй байгаа тохиолдолд заавал спикерээ асаах ёстой. Спикер гацсан ч чихэвчээрээ сонсогдож байх ёстой. Агаарын хөлөг маш олон төрлийн холбооны тоног төхөөрөмжтэй, бүгд бие даасан байдаг. Богино долгионы, сансрын холбоо байна, энэ холбоогоор шууд компани руугаа “Бид холбоо алдчихлаа” гэж утсаар ярьж болно. Текст хэлбэрээр мессеж илгээж болно. Холбоо тогтоохыг үнэхээр оролдсон бол маш олон боломжууд байгаа.” гэв.
3.3.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд юу гэж заасан бэ гэхээр “гомдол, мэдээллийг эрх бүхий албан тушаалтан хүлээн авч, прокурорын нэгдсэн бүртгэлд бүртгүүлнэ.” Прокурорын нэгдсэн бүртгэлд бүртгүүлснээс хойш 5 хоногийн дотор “зөрчлийн хэрэг бүртгэлийн хэрэг нээх үү, харьяаллын дагуу шилжүүлэх үү, хэрэг бүртгэлийн хэрэг хаах уу” гэж 3 төрлийн шийдвэрийн нэгийг нь гаргаж байгаа. Дээрх тохиолдолд яасан бэ гэхээр 5 хоногийн дараа прокурорт хэргийн материал танилцуулаад зөрчлийн хэрэг бүртгэлийн хэрэг нээсэн байгаа. Хэрэг бүртгэлийн дугаарыг прокуророос олгож байгаа юм. Прокурор тэр дугаарыг олгодог. Дээр нь прокурор гарын үсэг зурсан эсэхээс үл хамаараад зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа цаашаа хэвийн үргэлжлээд явж байгаа. 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдөр болсон үйл явдалтай холбоотой мэдээллийн дагуу шалгасан нэг л зөрчлийн хэрэг байгаа. 2022 оны 04 дүгээр сарын 26-ний өдрийн шийтгэлийн хуудас бичигдээд хаагдсан. дугаартай шийтгэлийн хуудаст Зөрчлийн хэрэг гэж байхгүй. Яагаад гэвэл шүүхээс дахин шинэ акт гартал захиргааны актыг түдгэлзүүлсэнтэй холбоотойгоор Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн нэмэлт ажиллагаа хийхийн тулд прокуророос хэрэг бүртгэлтийн хугацаа авах тухай ойлголт нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд огтоос байхгүй. Тийм ажиллагаа хийгдэх боломжгүй. Харин гагцхүү шүүхийн шийдвэрт заасан 3 сарын хугацаагаар захиргааны актыг түдгэлзүүллээ. Дахин шинэ захиргааны акт гараагүй тохиолдолд хүчингүй болохыг тайлбарласан тэр шийдвэрийг биелүүлээд, өмнөх шүүхийн шийдвэрт заасан, гомдлын шаардлагад дурдагдаад байгаа мэдүүлэг авах, өмгөөлөгч оролцуулах, шинжээчийн дүгнэлтийг танилцуулах, хэргийн материалтай танилцуулах, шийтгэлийн хуудсыг гардуулах гэх мэт ажиллагаануудыг анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас хойш явуулах хууль, эрх зүйн ямар ч боломж байхгүй. Өмнө нь эрх бүхий албан тушаалтан нь А.Э******* агаарын хөлгийн даргатай уулзахдаа видео рекорд хийсэн. Мэдүүлэг авах бэлтгэл болгон мэдүүлгийн төсөл байдлаар тэмдэглэл бэлтгэсэн, гарын үсэг зураагүй учраас энэ нь нотлох баримтын шинжийг агуулахгүй, үүнийг л хууль бусаар мэдүүлэг хуурамчаар зохиож бичсэн гээд байгаа. Дурдаад байгаа зүйл бүгд шалгагдаад төхөөрөмж эвдэрснээс холбоо тасарсан үйл баримт нотлогдоогүй. Шүүхийн шийдвэрийг үндэслээд эрх бүхий албан тушаалтан захиргааны акт буюу шийтгэлийн хуудсыг дахин шинээр гаргасан юм. Процесс ажиллагааг хийгээгүй. Дахин эрх, үүрэг тайлбарлаагүй, мэдүүлэг аваагүй, нэмж нотлох баримт цуглуулах ажиллагаа хийгээгүй. Шалтгаан нь дахиж ажиллагаа хийх хууль, эрх зүйн боломж байхгүй байна. Хоёрт зөрчлийн хэрэг эх хувиараа Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд прокурорын дүгнэлттэй хавтаст хэрэгт үдэгдсэн.” гэв.
3.4.1. Гэрчээр М******* ТӨХК-ийн Бойнг 767-300 агаарын хөлгийн дарга П.Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Агаарын хөлгийн даргаар 20 жил, Бойнг хөлгийн даргаар 11 дэх жилдээ ажиллаж байна. 2022 он 02 дугаар сарын 21-ний өдөр Парис Улаанб чиглэлд Бойнг 767-300 дугаартай хөлөгт холбоо тасарсан гэдгийг сонсголоос мэдсэн. Түүнээс өмнө 2022 оны 1 сард би Улаанб-Гуанжоу чиглэлд шөнийн нислэг хийсэн. Өндөрт нисэж байгаад өндөр хийх зөвшөөрөл авч ахиад тухайн өндөртөө илтгэх ёстой юм. Илтгэсэн хариу өгөөгүй. Хоёр холбоо хоёр талаас ямар ч мэдээлэлгүй болсон. 121.5 давтамж дээр тавьж “би Монголын 235 байна. Миний холбоо болохгүй байна. Яах вэ, өөр давтамж өгөөч ээ” гэсэн. Тэгээд өгсөн давтамжийг тавьсан холбоо ороод ирсэн. Өндөр авч байгаа үед өндрөө хадгалах хэрэгтэй. Доор онгоц байна. Дээр онгоц байна. Маш яаралтай холбоогоор зөвшөөрөл авах ёстой. Гэтэл холбоо байхгүй нэлээн сандарсан л даа. Холбоо огт алга болсон. Тэр нь гэнэтийн зүйл болж ийш тийш нь давтамжуудад шилжүүлээд зөндөө оролдож, аваарын 121.5 давтамжаар холбоонд ороод дахиж өөр давтамж аваад тэр давтамжаа тавиад эргэсэн. Тэгээд Гуанжоуд буухад нислэгийн удирдлагын төвийн хүмүүс ирж, тодорхойлолт авсан, “танай диспетчер яагаад хариулсангүй вэ” гэтэл “танай онгоцонд байгаа юм биш үү” гэж хэлсэн. “Манай онгоцонд байсан бол дараагийн давтамж нь гарч ирлээ шүү дээ.” гэхэд  “Тэр үед ийм байж болно шүү дээ” гэж хэлсэн. Болсон явдлын талаар репорт бичиж өгсөн, хувийг нь хэвлээд ирээд компанидаа өгсөн. Тухайн үед холбооны хэрэгсэл гацсан байхыг үгүйсгэхгүй. М******* компанийн аюулгүй ажиллагааны албанд тэр репорт байгаа. Холбооны төхөөрөмж шалгасан, засварласан эсэхэд хариу өгөөгүй.” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Хариуцагч Иргэний нисэхийн ерөнхий газрын Нисэхийн аюулгүй ажиллагаа хяналт зохицуулалтын албаны аюулгүй ажиллагааны хяналт зохицуулалтын албаны нислэгийн стандарт үйл ажиллагааны хяналтын байцаагч Э.А******* нь 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн дугаартай шийтгэлийн хуудсаар “Парис-Улаанб чиглэлийн 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн MGL7146 дугаартай нислэг нь ХБНГУ болон БНПУ-ын агаарын зайд Иргэний нисэхийн дүрэм 91.245(b) заалтыг зөрчиж 2 талын радио холбоо хадгалалгүйгээр 59 минут нислэг үйлдэж улмаар БНПУ-ын зэвсэгт хүчин байлдааны сөнөөгч 2 онгоц хөөргөж агаарын хөлгийг тусгаарлан хязгаарлахад хүрсэн” 2 талын радио холбоо хадгалаагүй зөрчил нь байцаагчийн дүгнэлт, хавсралт баримтаар тогтоогдсон гэж үзэж М******* ТӨХК-ийн агаарын хөлгийн дарга А.Э*******д Зөрчлийн тухай хуулийн 14.8 дугаар зүйлийн 3-т зааснаар нисэхийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зөрчлийн хэрэгт авагдсан болон захиргааны хэрэгт хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтууд, талуудын тайлбарыг дараах байдлаар үнэлээд “зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн”, “зөрчлийг шалган тогтоох ажиллагааг хуульд заасан журмаар явуулаагүй”, “Зөрчлийн тухай хуулиар шийтгэл хүлээлгэх үндэслэл бий болоогүй” гэсэн үндэслэлүүдээр гомдлын шаардлага, прокурорын дүгнэлтийг хангаж, Иргэний нисэхийн ерөнхий газрын Нислэгийн аюулгүй ажиллагаа хяналт зохицуулалтын албаны нислэгийн стандарт үйл ажиллагааны хяналтын байцаагчийн 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.
Нэг. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн тухайд
1. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.24-т заасан харьяаллаар хариуцагч нислэгийн аюулгүй ажиллагааны хяналтын байцаагч нь иргэний нисэхийн дүрэм журам зөрчсөн эсэхэд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулна. 
Тухайн 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн MGL7146 дугаартай Парис-Улаанб чиглэлийн нислэгт 2 талын холбоо алдагдсан үйл баримтын хувьд, зөрчлийн 2203000045 дугаартай хэрэг 2022 оны 3 дугаар сарын 29-ний өдөр нээж, 2022 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр 0034813 дугаартай шийтгэлийн хуудсаар шийтгэл оногдуулж шийдвэрлэснээр зөрчлийн хэргийг шалгах ажиллагааг дуусгасан, 71 хуудас материалаар товъёоглогдсон зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаагаар “зөрчилд холбогдогчид ямар зөрчилд холбогдсон хэмээн буруутгагдаж буй талаар мэдэгдээгүй, холбогдогчоос мэдүүлэг аваагүй, зөрчлийн хэргийг холбогдогчид танилцуулаагүй, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцуулаагүй, хуулиар олгогдсон холбогдогчийн эрхийг эдлүүлээгүй, эрх бүхий албан тушаалтан байцаагчийн дүгнэлт гаргаж, дүгнэлтээ холбогдогчид танилцуулаагүй, дүгнэлтэд гомдол гаргах эрхээр хангаагүй, зөрчлийн хэргийг прокурорт танилцуулаагүй, гадаад хэлээрх материалыг нотлох баримтаар үнэлж шийдвэр гаргасан” зэргээр зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн болохыг шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр дүгнэж, дахин шинэ акт гаргах хүртэл шийтгэлийн хуудсыг түдгэлүүлж шийдвэрлэсэн байдаг.
  Тус шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 0779 дугаар шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноор хариуцагч Нислэгийн аюулгүй ажиллагаа хяналт зохицуулалтын албаны нислэгийн стандарт үйл ажиллагааны хяналтын байцаагч Э.А******* дахин 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр дугаар шийтгэлийн хуудсаар зөрчилд холбогдогч А.Э*******ыг Зөрчлийн тухай хуулийн 14.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 300 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 300,000 төгрөгөөр торгож, мөн хуулийн 3.6 дугаар зүйлд зааснаар “нислэгийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг 1 жилийн хугацаагаар хасах” шийтгэл ногдуулахдаа зөрчил шалгах ажиллагааг дахин хийгээгүй, шүүхийн шийдвэрт заасан “зөрчилд холбогдогчид ямар зөрчилд холбогдсон хэмээн буруутгагдаж буй талаар мэдэгдэх, холбогдогчоос мэдүүлэг авах, зөрчлийн хэргийг холбогдогчид танилцуулах, холбогдогчийг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах, хуулиар олгогдсон холбогдогчийн эрхийг эдлүүлэх, дүгнэлтээ холбогдогчид танилцуулах, дүгнэлтэд гомдол гаргах эрхээр хангах, зөрчлийн хэргийг танилцуулах, гадаад хэл дээрх материалын орчуулгыг зөрчлийн хэрэгт хавсаргах” зэргээр Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 2, 4.1 дүгээр зүйлийн 1, 2, 4.8 дугаар зүйлийн 1, 14, 4.11 дүгээр зүйлийн 4, 5, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг огт хийгээгүй байна.
Үүнийгээ зөрчлийн хэргийг нэгэнт хаасан, гомдлоор хянасан шүүхийн шийдвэрийн дагуу зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа хийгдэх зохицуулалт хуульд байхгүй хэмээн тайлбарлаж буй нь үндэслэлгүй. 
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д заасанчлан хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах, шалгах шаардлагатай бөгөөд нэмж тодруулах, шалгах шаардлагатай зүйлийн цар хүрээ нь шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж шүүх үзсэн бол захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл маргаанд хамаарах захиргааны актыг тодорхой хугацаагаар түдгэлзүүлдэг, энэ хугацаанд дахин шинэ акт гаргаагүй болон гаргасан тохиолдолд өмнөх актын үйлчлэл дуусгавар болох нь шүүхээс гарах шийдвэрийн нэг төрөл болохыг хуульчилсан, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт байгууллага, албан тушаалтан, хуулийн этгээд, хүн заавал биелүүлэх ёстой. Шүүхийн шийдвэрээр хийгдэх дээрх ажиллагааг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан ердийн журмаар гүйцэтгэх бөгөөд ийм процессын зохицуулалт байхгүй гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй.  
Иймд хууль ёсны зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаагаар тогтоогоогүй үйлдлийг зөрчил гэж үзэж шийтгэл ногдуулсан шийтгэлийн хуудсыг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гэж үзэх  боломжгүй.    
Хоёр. Зөрчлийг шалган тогтоох ажиллагааг хуульд заасан журмын дагуу хийгээгүй үндэслэлийн тухайд.
1. Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2-т тус тус зааснаар хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, уг хуулиар шийтгэл ногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдлийг зөрчил гэх бөгөөд хүн, хуулийн этгээд нь хууль, захиргааны хэм хэмжээний актыг биелүүлэх боломжтой байсан боловч түүнийг биелүүлэх зохих арга хэмжээг авч хэрэгжүүлээгүй бол зөрчил үйлдсэнд тооцно.
2. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар эрх бүхий албан тушаалтан болох хариуцагч энэ хуульд заасны дагуу зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж нотлох баримт цуглуулж бэхжүүлнэ, 4.15 дугаар зүйлийн 1-д зааснаар гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэгтэй, 7.1 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар тухайн хүн, хуулийн этгээд зөрчил үйлдсэнийг нотлох баримт бүрдсэн эсэх нөхцөл байдлыг тогтоож шийтгэл ногдуулна, өөрөөр хэлбэл тухайн холбогдогч Зөрчлийн тухай хуульд зөрчил гэж үзэж шийтгэл ногдуулахаар заасан зөрчлийг үйлдсэн болохыг хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтаар хангалттай нотлон тогтоож байж шийтгэл ногдуулах учиртай. 
3. Иргэний нисэхийн ерөнхий газрын Нислэгийн аюулгүй ажиллагаа хяналт зохицуулалтын албаны нислэгийн стандарт үйл ажиллагааны хяналтын байцаагч Э.А*******, З.А******* нар “Парис хотын Шарль де Голль нисэх буудлаас  2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн UTC (олон улсын стандарт цаг) 11:45-д хөөрсөн М******* ТӨХК-ийн JU-1021 улсын бүртгэлийн дугаартай B767-300ER маягийн агаарын хөлгөөр үйлдсэн ачаа тээврийн захиалгат MGL7146 дугаартай нислэг нь UTC 12:13-т ХБНГУ-ын RHEIN бүсийн нислэг хөдөлгөөний удирдлагын төвтэй холбогдсоноос хойш холбоо тасран, удаа дараагийн дуудлагад 41 минутын турш хариу өгөхгүй явсаар UTC 12:54-т RHEIN бүсийн удирдлагаас гарч SUBIX цэгээр WARSAW удирдлагын бүс буюу БНПУ-ын агаарын хилээр зохих давтамжаар холбоо тогтоож илтгэлгүйгээр нэвтэрсэн, улсын хилээр зөвшөөрөл авалгүй нэвтэрсэн, цаашид холбоо тогтоож чадаагүйн улмаас БНПУ-ын зэвсэгт хүчин байлдааны сөнөөгч 2 онгоц хөөргөж агаарын хилээр нэвтэрснээс хойш 18 минут холбоо тогтоолгүй явсны дараа UTC 13:12-т тус агаарын хөлгийг INTERSEPT буюу тусгаарлан хязгаарласан, улмаар холбоо тогтоосон” зөрчил гарсан үйл явцыг 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 4 дүгээр сарын 15-ны хооронд шинжлэн шалгаж, 2022 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр 467/22 дугаартай байцаагчийн дүгнэлт үйлдсэн,
Байцаагч дүгнэлт гаргахдаа captain report буюу агаарын хөлгийн даргын илтгэх хуудас, нислэгийн цахим төлөвлөгөө, М******* ТӨХК-ийн нислэг зохицуулалтын төвийн агаарын хөлгийн диспетчерийн “тухайн агаарын хөлгөөс сансрын холбоогоор Нислэг зохицуулалтын төвд мэдээлэл ирүүлсэн эсэх” илтгэл, БНПУ-ын Агаарын навигацийн үйлчилгээний агентлагаас ирүүлсэн “ХБНГУ-ын RHEIN бүсийн удирдлагын төвөөс MGL7146 дугаартай нислэгтэй холбоо тасарсан тухай мэдээлэл солилцсон, улсын хилээр зөвшөөрөл авалгүй нэвтэрсэн, улмаар БНПУ-ын зэвсэгт хүчний байлдааны сөнөөгч 2 онгоц хөөргөсөн” тухай дэлгэрэнгүй үйл явдлын цагийн бүртгэл бүхий протокол, М******* ТӨХК-ийн дотоод хяналтын нэгжээс агаарын хөлгийн тоног төхөөрөмж, VHF радио холбооны хэвийн ажиллагаа, сансрын холбоогоор үйлчилгээ үзүүлдэг ARINC, SITA компаниуд мэдээлэл дамжуулалтын төлөв, ACARS системийн хэвийн ажиллагааг шалгасан тайланг авч шалгасан байна. 
Гэвч зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад цуглуулсан, байцаагчийн дүгнэлтийн үндэслэл болсон ХБНГУ, БНПУ-ын Нислэгийн хөдөлгөөний удирдлагын агентлагуудаас ирүүлсэн баримтууд англи хэл дээр үйлдэгдсэн, ийнхүү байцаагчийн дүгнэлт гаргах үед, шийтгэлийн хуудас бичих үед монгол хэлээр орчуулагдаагүй байсан нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх “зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг монгол хэлээр явуулж, төрийн албаны ёсны хэл, бичгээр хөтөлж баримтжуулна” гэснийг зөрчиж, 4.14 дүгээр зүйлийн 1-д “зөрчил шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан аливаа баримтат мэдээллийг зөрчлийн нотлох баримт гэнэ”, 4.15 дугаар зүйлийн 5-д “хуульд заасан журам зөрчиж цуглуулсан, бэхжүүлсэн нотлох баримт нотлох чадвараа алдах бөгөөд энэ хуульд заасан шийдвэрийн үндэслэл болохгүй” гэж зааснаар нотлох чадвараа алдсан, энэ баримтыг үндэслэж гарсан байцаагчийн дүгнэлт нотолгооны ач холбогдолгүй болсон гэж үзнэ.  
4. Мөн байцаагчийн дүгнэлтийн үндэслэл болсон баримт болох М******* ТӨХК-ийн Аюулгүй ажиллагаа, чанар, нислэгийн аюулгүй байдлын албаны зөрчил дутагдлыг шинжлэн шалгасан 2022 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн “...2022 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн Парис-Улаанб чиглэлийн (ачааны нислэг) JU-1021 бүртгэлийн дугаартай, MGL7146 аяллын дугаартай агаарын хөлөг UTC цагаар 12:13 минутаас 13:12 минутын хооронд ХБНГУ болон БНПУ-ын нутаг дэвсгэрт холбоогүй болсоныг шалгахад агаарын хөлгийн холбоо, чанга яригч, дотоод холбооны систем хэвийн ажиллагаатай, холбооны төхөөрөмжийн доголдолгүй, бусад Sky router, ACARS, SATCOM холбоо зэрэг арга хэрэгслээр компанид мэдээ дамжуулаагүй” гэж дүгнэсэн тайлан нь агаарын хөлгийн ахмадын илтгэх хуудсаас гадна мөн л англи хэл дээрх тухайлбал, FML (Flight and maintenance log 0015805) 2 хуудас, RHEIN Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн и-мэйл 2 хуудас, ARINC компаниас ирсэн бүртгэл,  SITA компаниас ирсэн бүртгэл, БНПУ-ын Агаарын хөлгийн ослыг шинжлэн шалгах комиссоос ирүүлсэн и-мэйл, Flight plan буюу нислэгийн төлөвлөгөө 2 хуудас материалд үндэслэсэн байна. Иймд агаарын тээвэрлэгч компанийн дотоод нэгжийн зөрчил дутагдлыг шинжлэн шалгах чиг үүргийн дагуу хийгдсэн ажиллагааны эдгээр баримтыг Зөрчлийн тухай хуулиар шийтгэл ногдуулах зөрчлийг шалгаж тогтоосон зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны хүрээнд хуульд заасан журмаар цуглуулсан нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжгүй юм.  
5. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гомдол гаргагч талаас гаргасан нотлох баримтууд, шүүх хуралдаанд өгсөн гэрчийн мэдүүлгээр М******* ТӨХК-ийн JU-1021 улсын бүртгэлийн дугаартай B767-300ER маягийн агаарын хөлгийн нисгэгчийн бүхээг дэх чанга яригчийн тохируулагч гацсан, сааталтай байсан, өмнөх нислэгийн явцад ижил саатал үүссэн, энэ нь холбоо алдагдах шалтгаан болсон, уг чанга яригчийг маргаанд хамаарах “холбоо алдагдсан” тохиолдлоос хойш уг асуудлыг нислэгийн стандарт үйл ажиллагааны хяналтын байцаагч шинжлэн шалгаж байх хугацаанд буюу 2022 оны 3 дугаар сарын 05-ны өдөр сольсон үйл баримт байх ч хариуцагч нислэгийн стандарт үйл ажиллагааны хяналтын байцаагч энэ талаар шинжлэн шалгаагүй байна.   
Иймд зөрчлийг шалгаж тогтоох, шийтгэл ногдуулсан шийдвэрийн үндэслэлийг нотлон тогтоох үүргээ эрх бүхий албан тушаалтан хэрэгжүүлээгүй, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон журмыг зөрчиж цуглуулсан нотлох баримтаар Зөрчлийн тухай хуулиар зөрчил гэж үзсэн нь үндэслэлгүй байна.
Гурав. Иргэний нисэхийн дүрмийн дагуу зөрчил шинжлэн шалгах ажиллагаагаар цуглуулсан, захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хуульд заасан шаардлага хангуулан цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудад давж заалдах шатны шүүхийн магадлалд зааснаар дүгнэлт хийхэд агаарын хөлгийн даргыг нисэхийн дүрэм журам зөрчсөн гэж шийтгэл ногдуулах үндэслэл тогтоогдохгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. 
М******* ТӨХК-ийн JU-1021 бүртгэлийн дугаартай Бойнг 767-300 маягийн агаарын хөлөг 2022 оны 2 дугаар сарын 21-ний өдөр Парис –Улаанб чиглэлд MGL7146 аяллын дугаартай ачааны нислэг үйлдэх үедээ олон улсын цагаар 12:13-13:12 цагт ХБНГУ-ын болон БНПУ-ын нутаг дэвсгэрт нислэгийн хөдөлгөөний удирдлагын холбогдох төвтэй хоёр талын холбоо алдагдсан нөхцөл байдал үүссэнийг агаарын хөлгийн ахмадын мөн өдрийн илтгэлээс, үүнээс хойш агаарын тээвэрлэгч компани болон Иргэний нисэхийн ерөнхий газрын Нислэгийн аюулгүй ажиллагаа хяналт зохицуулалтын албаны хийсэн зөрчлийг шинжлэх шалгалтаар тогтоогдсон, гомдол гаргагч, прокурор болон хариуцагч талууд энэ үйл баримт болсон эсэхтэй маргаагүй.
Харин нисгэх багийн “БНПУ-ын агаарын хилийн заавал илтгэх SUBIX цэг хүрэхээс 2 минутын өмнө илтгэхээр оролдох үедээ холбоо алдагдсаныг мэдсэн” гэх тайлбар нь үндэслэлтэй эсэх, байж болох эсэх, түүнээс өмнөх MASEK цэгээс SUBIX цэг хүртэлх 41 минутад холбоо алдагдсаныг мэдээгүй гэх тайлбар үндэслэлтэй эсэх, сонсоод ажиглах горимд холбоо алдагдсаныг хянах боломж нисгэх багт бий эсэх, холбооны төхөөрөмжид техникийн саатал үүссэн эсэх, үүнийг тогтоох шалгалтын ажиллагааг бүрэн явуулсан эсэх, хоёр талын холбоо алдагдсан энэ тохиолдлыг илтгэх хуудсаар мэдээлсэн нь шийтгэлээс чөлөөлөгдөх олон улсын конвенци, иргэний нисэхийн дүрмийн үйлчлэлд хамаарах эсэхэд дүгнэлт хийх нь зүйтэй байна. 
1. Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2-т тус тус зааснаар хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, уг хуулиар шийтгэл ногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдлийг зөрчил гэх бөгөөд хүн, хуулийн этгээд нь хууль, захиргааны хэм хэмжээний актыг биелүүлэх боломжтой байсан боловч түүнийг биелүүлэх зохих арга хэмжээг авч хэрэгжүүлээгүй бол зөрчил үйлдсэнд тооцно гэж зааснаар агаарын хөлгийн дарга А.Э*******д шийтгэл ногдуулсан Зөрчлийн тухай хуулийн 14.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэг нь “Иргэний нисэхийн үйл ажиллагаанд нийтээр дагаж мөрдөх дүрэм, журам зөрчсөн” үйлдэл эс үйлдэхүй байхаас гадна тэрээр уг дүрэм, журмыг биелүүлэх боломжтой байсан боловч биелүүлэх зохих арга хэмжээг авч хэрэгжүүлээгүй бол энэ үйлдлийг нь зөрчилд тооцохоор байна. 
2. “Парис хотын Шарль де Голль нисэх буудлаас  2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн UTC (олон улсын стандарт цаг) 11:45-д хөөрсөн М******* ТӨХК-ийн JU-1021 улсын бүртгэлийн дугаартай B767-300ER маягийн агаарын хөлгөөр үйлдсэн ачаа тээврийн захиалгат MGL7146 дугаартай нислэг нь UTC 12:13-т ХБНГУ-ын RHEIN бүсийн нислэг хөдөлгөөний удирдлагын төвтэй холбогдсоноос хойш холбоо тасран, удаа дараагийн дуудлагад 41 минутын турш хариу өгөхгүй явсаар UTC 12:54-т RHEIN бүсийн удирдлагаас гарч SUBIX цэгээр WARSAW удирдлагын бүс буюу БНПУ-ын агаарын хилээр зохих давтамжаар холбоо тогтоож илтгэлгүйгээр нэвтэрсэн, улсын хилээр зөвшөөрөл авалгүй нэвтэрсэн, цаашид холбоо тогтоож чадаагүйн улмаас БНПУ-ын зэвсэгт хүчин байлдааны сөнөөгч 2 онгоц хөөргөж агаарын хилээр нэвтэрснээс хойш 18 минут холбоо тогтоолгүй явсны дараа UTC 13:12-т тус агаарын хөлгийг INTERSEPT буюу тусгаарлан хязгаарласан, улмаар холбоо тогтоосон” зөрчил дутагдлыг М******* ТӨХК-ийн Аюулгүй ажиллагаа, чанар, нислэгийн аюулгүй байдлын алба шинжлэн шалгаж 2022 оны 3 дугаар сарын 03-ны өдөр тайлан бичиж, уг зөрчилд холбогдох үйл явцыг Иргэний нисэхийн ерөнхий газрын Нислэгийн аюулгүй ажиллагаа хяналт зохицуулалтын албаны нислэгийн стандарт үйл ажиллагааны хяналтын байцаагч Э.А*******, З.А******* нар 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 4 дүгээр сарын 15-ны хооронд шинжлэн шалгаж 2022 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр 467/22 дугаартай байцаагчийн дүгнэлт үйлдсэн. 
Компанийн дотоод албаны тайлан болон Иргэний нисэхийн ерөнхий газрын байцаагчийн дүгнэлтийн үндэслэл болсон баримтуудыг монгол хэлээр орчуулж нотлох баримтын шаардлага хангуулснаар шүүх үнэлэх боломжтой болжээ.
3. Байцаагчийн 2022 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр 467/22 дугаартай дүгнэлтээр 1/ нислэгийн хөдөлгөөний удирдлагын нэгжтэй холбогдох давтамжаар хоёр талын радио холбоо хадгалаагүй нь Иргэний нисэхийн дүрмийн 91.245 (b) (2) заалтыг зөрчсөн, 2/ илтгэх цэгийн өнгөрөлтийг мэдээлээгүй нь  Иргэний нисэхийн дүрмийн 91.427 (b) заалтыг зөрчсөн гэж үзсэн ба, маргаанд хамаарах дугаартай шийтгэлийн хуудаст агаарын хөлгийн дарга А.Э*******ыг нислэгийн хөдөлгөөний удирдлагын нэгжтэй холбогдох давтамжаар хоёр талын радио холбоо хадгалаагүй нь Иргэний нисэхийн дүрмийн 91.245 (b) (2) дахь заалтыг зөрчсөн гэж буруутгасан.
Иргэний нисэхийн дүрмийн 91.245 (b) (2)-т “хяналттай агаарын зайд нислэг үйлдэж байгаа агаарын хөлгийн дарга нь агаарын зайг хариуцсан нислэгийн удирдлагын нэгж өөрөөр зөвшөөрснөөс бусад тохиолдолд нислэгийн удирдлагын нэгжтэй холбогдох давтамжаар хоёр талын радио холбоог хадгалж байх үүрэгтэй”, 91.427 (b)-д “агаарын хөлгийн дарга нь тухайн агаарын хөлөг радарын хяналтанд байх үед нислэгийн хөдөлгөөний удирдлагаас өгсөн тусгайлан хүссэн илтгэх цэгийн өнгөрөлтийг мэдээлнэ” гэж заажээ. 
4. М******* ТӨХК-ийн Аюулгүй ажиллагаа, чанар, нислэгийн аюулгүй байдлын албаны зөрчил дутагдлыг шинжлэн шалгасан 2022 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн тайланд: 
а/ ХБНГУ-ын RHEIN Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн ирүүлсэн мэдээллээр:  “MGL7146 аяллын нисгэх баг 12:13 минутанд ХБНГУ-ын RHEIN Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвтэй холбоо барихдаа “roger 788 or less” гэж хариулсан. Үүний дараа “direct to Esril” гэсэн командад хариу өгөөгүй. RHEIN Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвөөс 136.480 болон аваарын давтамж 121.5 дээр хэд хэдэн удаа дуудахад нисгэх багаас хариулаагүй. 12:20-12:27 минутын хооронд Германы агаараас хамгаалах хүнийхэн аваарын давтамж 121.5 дээр 8 дуудлага хийсэн, нисгэх баг хариулаагүй. Тухайн бүсэд нисч байсан хэд хэдэн агаарын хөлгүүд аваарын 121.5 давтамж дээр MGL7146-тай холбоо тогтоох гээд чадаагүй. MGL7146 аяллын агаарын хөлөг RHEIN Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн радарын хяналтаас 12:53 минутанд гарсан.” 
б/ БНПУ-ын Агаарын хөлгийн ослыг шинжлэн шалгах комиссоос ирүүлсэн мэдээллээр: “MGL7146 нислэг RHEIN Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвтэй  12:40 минут орчимд холбоо тасарсан тухай мэдээлэл авсан. 12:54 минутанд SUBIX цэгээр WARSAW Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн хяналтын агаарын зайд орж нислэгийн төлөвлөгөөний дагуу BOXSU цэгийг чиглэж ниссэн. Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төв хэд хэдэн дуудлага хийхэд нисгэх баг хариулаагүй. 13:12 минутанд цэргийн агаарын хөлгөөр  intersept буюу хориглон хязгаарлалт хийсэн. Нисгэх баг Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвтэй холбоо тогтоож “RHEIN Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвөөс өгсөн давтамж солих зааварчилгаан дээр үл ойлголцсоноос боллоо” гэсэн тайлбар өгсөн.  БНПУ-ын Агаарын хөлгийн ослыг шинжлэн шалгах комисс энэ хэргийг шинжлэн шалгахгүй хэдий ч 30 минутаас дээш холбоо тасарсан тохиолдолд цэргийн онгоц асуудалд оролцдог.” 
в/ Агаарын хөлгийн VHF станцууд болон холбоог шалгахад: Тухайн агаарын хөлөг нь үл хамаарал бүхий ажиллагаатай 3 VHF станцтай бөгөөд найдвартай ажиллагааг хангах зорилгоор цахилгаан тэжээлийн өөр эх үүсвэрүүдээс тэжээгддэг. Тухайн нислэгээс урдах сүүлийн 3 сарын болон хойш 10-гаруй нислэгт холбоо хэвийн ажиллаж байсан нь TLB бичилтээр баталгаажиж байна. Холбоо тасарсан нислэгийн дараа үйлдвэрлэгчийн АММ дагуу bite test хийж үзэхэд хэвийн байсан бөгөөд дараах багц ажлыг хийж ажиллагааг шалгахад хэвийн байсан. 
г/ VHF станцаас ARINC, SITA системо мэдээлэл дамжуулж байсан тухай: Тухайн агаарын хөлөг нь нислэгийн явцад агаарын хөлгийн статус мэдээллийг автоматаар кодолж дамжуулдаг ACARS системтэй бөгөөд мэдээллийг VHF станцаар дамжуулдаг. MGL7146 нислэгийн холбоо тасарсан гэж байгаа үед АCАRЅ системээс ARINC, SITA компанид мэдээлэл тасралтгүй явуулсан байна.
д/ Бусад арга хэрэгслээр буюу Sky router, ACARS, SATCOM холбоо зэргийг ашиглан холбоо тасарсан тухай мэдээллийг компанид дамжуулаагүй байна. 
е/ Шалгалтаар “Агаарын хөлгийн холбоо, чанга яригч, дотоод холбооны систем хэвийн ажиллагаатай, үйлдвэрлэгчийн АММ-т заасан шаардлагыг хангаж байгаа нь хийгдсэн багц ажлын үр дүнгээр баталгаажиж байна. Түүнчлэн тухайн үед ARINC, SITA системүүд рүү VHF станцаар мэдээлэл дамжуулж байсан нь цаад компаниудаас ирүүлсэн бүртгэлээр баталгаажиж байна. ХБНГУ-ын НХУТ болон Агаараас хамгаалах хүчин. БНПУ-ын шинжлэн шалгах албанаас ирүүлсэн мэдээллээр агаарын хөлгөөс холбоо барилгүй явсан хугацаа нь нийт 59 минут орчим байна. Тухайн үед 121.5 болон 136.480 давтамж дээр ойролцоох агаарын хөлгүүд холбоо барьж байсан, НХУТ-ийн мэдээлэлд эфирт шум гарсан тухай байхгүй зэргээс гадны нөлөөлөл (подавление) байгаагүй, холбооны станц дамжуулах режимд гацаагүй (нажат өгөгдөх зэрэг) гэж үзэж байна. Нисгэгч нарын үүрэг гүйцэтгэсэн нислэгийн цаг нь Иргэний нисэхийн дүрмийн шаардлагыг зөрчөөгүй байна.” гэсэн дүн шинжилгээ хийж,
“ХБНГУ-ын нутаг дэвсгэрт MASEK өнгөрөлтийн цэг өнгөрөөд холбоо барьснаас хойш 40 орчим минут нисэж SUBIX цэг дээр хүртэл нисэх баг холбоо тасарсанаа мэдээгүй байна. БНПУ-ын нутаг дэвсгэрт 17-18 минут орчим холбоо тасарсанаа мэдээгүй эсхүл давтамжийг буруу тохируулсан, чанга яригчийн дуу сул тохируулагдсан байна. JEPPESEN General Flight Supplement Booklet-ийн 6-р бүлэг дахь COMMUNICATION FAILURE дүрэмд заасны дагуу ажиллаагүй байна.” гэсэн дүгнэлт гаргажээ.
Тус алба мөн “– loudspeaker-ийн дууг намсгах, - Headset ашиглах зааврыг мөрдөхгүй байх, - FOM A 8.3.20.8-д заасны дагуу “radio check” хийгээгүй, - давтамж буруу тохируулах” шалтгаанууд байж болох ч ийм шалтгаан нисгэх багийн репортоор тогтоогдохгүй байна.” гэжээ.
5. Нислэгийн төлөвлөгөөнд тэмдэглэснээр MASEK цэгийн дараагийн заавал илтгэх цэг нь БНПУ-ын агаарын хилийн SUBIX цэг байх бөгөөд түүн дээр радио холбоо алдсан болон сэргээсэн хугацааг гараар бичиглэл хийснээс үзэхэд MASEK цэгт ХБНГУ-ын RHEIN нислэгийн хөдөлгөөний удирдлагын нэгжтэй 12:13 минутанд 136.480 давтамжаар холбогдсон, 12:20-12:27 минутанд 8 удаа дуудсан,  13:05 минутанд БНПУ-ын зэвсэгт хүчний сөнөөгч онгоц хориглон хязгаарлалт хийсэн, 13:07 минутанд Warsaw нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн удирдагчтай 121.5 давтамжаар холбоо барьсан байна. 
6.  М******* ТӨХК Boeing компанитай холбогдож холбоо алдагдахад гарч болзошгүй техникийн шалтгааны талаар зөвлөмж авсан, үүнд “микрофоны товчлуур гацсан тохиолдолд VHF хэсэг хугацааны дараа автоматаар унтарч хэт халалтаас хамгаалдаг. Олон улсын цагаар 13:07 минутаас хойш эргээд хэвийн холбоо барьж эхэлсэн гэж хөлгийн даргын илтгэх хуудаст дурдагдсан тул Mic stuck болсон гэсэн таамаглалыг няцааж байна. Хэдийгээр Mic нь 3 VHF системийн дундах общий unit боловч давхар нөгөө нисгэгчийн Mic,  Headset Mic гэх давхар  Backup-ууд байгаа учраас аль нэг нь ажиллахгүй тохиолдолд нөгөөгөөр орлуулж болно” гэснээс үзэхэд нэг нисгэгчийн талын микрофоны товчлуур гацсан байж болох ч энэ тохиолдолд нөгөө нисгэгчийн микрофоноор, мөн 2 нисгэгчийн аль алины чихэвчээр холбоо хадгалагдаж байгаа эсэхийг хянах боломжийг хязгаарлахааргүйг илтгэж байна.   
7. Шүүх хуралдаанд судлагдсан уг онгоцны нисгэгчийн кабинд хийгдсэн гэх видео бичлэгээр спикерийн дуу чангалж, сулладаг тохируулагч нь 1 цагийн байрлалд гацаатай байгааг, фото зургаар 1 цагийн байрлалын 2 талд цагаан өнгөөр зураас зурсан, үүнийг гацаатай хэсэг хэмээн тайлбарлаж байгааг хариуцагч талаас няцаагаагүй бөгөөд, М******* ТӨХК нь зөрчлийг шинжлэн шалгаж дуусахаас өмнө 2022 оны 3 дугаар сарын 05-ны өдөр Бойнг-767300 маягийн агаарын хөлгийн нисгэгчийн спикерийг “шуугиан ихтэй” шалтгаанаар сольсон байдаг. Тиймээс холбоо алдагдсан нөхцөл нь спикерийн тохируулагч гацсанаас шалтгаалсан  байхыг үгүйсгэхгүй байна. 
8. Иргэний нисэхийн ерөнхий газрын Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт зохицуулалтын газрын нисэхийн аюулгүй ажиллагааны хяналтын байцаагч З.А*******  нь агаарын хөлгийн даргын “онгоцны холбоо ажиллагаагүй болсон” гэх мэдүүлэгт тайлбар өгөх зорилгоор 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдөр  агаарын хөлгийн даргын илтгэх хуудас, түүнтэй 2022 оны 2 дугаар сарын 28, 3 дугаар сарын 21-ний өдөр хийсэн уулзалтын тэмдэглэл, нислэгийн цахим төлөвлөгөөнд хийгдсэн бичвэрүүд, агаарын хөлгийн диспетчер Л.Алтансүхийн илтгэл, нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвүүдээс ирүүлсэн мэдээлэл, М******* компанийн дотоод хяналтын нэгжээс агаарын хөлгийн холбооны төхөөрөмжүүдийн ажиллагааг шалгасан дүгнэлт зэргийг үндэслэн “MASEX цэгээс SUBIX цэг хүртэлх зайд онгоцны холбоо ажиллагаагүй болсон хэмээн мэдүүлсэн нь үндэслэлгүй, холбооны үндсэн болон нэмэлт төхөөрөмжүүдийг ашиглан холбоо тогтоох оролдлогуудыг нисэх багийн зүгээс хийгээгүй” гэх 631/22 дугаартай дүгнэлтийг гаргажээ. Гэвч дүгнэлтийн үндэслэл болсон М******* компанийн дотоод хяналтын нэгжээс агаарын хөлгийн холбооны төхөөрөмжүүдийн ажиллагааг 2022 оны 3 дугаар сарын 03-ны өдөр шалгасны дараа, уг дүгнэлтийг гаргахаас өмнө буюу 2022 оны 3 дугаар сарын 05-ны өдөр М******* ТӨХК Бойнг-767300 маягийн агаарын хөлгийн нисгэгчийн спикерийг сольсон акттай танилцаагүй, энэ талаар тусгаагүй буюу аливаа дүгнэлт хийгээгүй байна.  
10. Иргэний нисэхийн ерөнхий газрын Нислэгийн аюулгүй ажиллагаа хяналт зохицуулалтын газарт нисэх багийн гишүүдийг оролцуулан албан уулзалт хийсэн байх бөгөөд уулзалтын явцад эрх бүхий албан тушаалтнууд спикер доголдсон байхыг үгүйсгээгүй, харин чихэвч, холбооны бусад төхөөрөмжүүдийг ашиглаагүйд нисэх багийг буруутгасан байна.  
11. Хэдийгээр спикер гацсан байсан ч сонсоод ажиглах байдлаар заавал илтгэх цэгүүдийн хооронд ниссэн гэх 41 минутын нислэгийн явцад холбоо хэвийн хадгалагдаж буй эсэх, холбоо тасарсан эсэхийг хянах боломжгүй байсан гэж үзэхээргүй байна. Өөрөөр хэлбэл нислэгийн үед сонсоод ажиглах байдлаар холбоо хадгалах үед нислэгийн хөдөлгөөний удирдлагын нэгжээс агаарт ойролцоо зайд нислэг үйлдэж буй бусад онгоцтой харилцаж буйг сонсож байх ёстой, тэдгээрийн холбоог огт сонсохгүй байна гэдэг нь холбоо алдагдсан эсэхэд эргэлзэх, холбоог шалгах шалтгаан болох учиртай. Гэтэл MASEK цэгээс ХБНГУ-ын RHEIN нислэгийн хөдөлгөөний удирдлагын нэгжтэй холбогдсон холбоог дуусгаагүй, өөрөөр хэлбэл ХБНГУ-ын RHEIN нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн ирүүлсэн мэдээллээс  үзэхэд  олон улсын цагаар 12:13 минутанд уг онгоц холбоо барьж командад хариу өгч байсан ч “direct to Esril” гэсэн командад хариу өгөөгүй, улмаар Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвөөс 136.480 давтамж болон аваарын давтамж 121.5 дээр 12:20-12:27 минутын хооронд 8 дуудлага хийсэн, нисгэх баг хариулаагүй, тухайн бүсэд нисч байсан хэд хэдэн агаарын хөлгүүд аваарын 121.5 давтамж дээр MGL7146-тай холбоо тогтоох гээд мөн чадаагүй, БНПУ-ын хилээр нэвтэрснээр ХБНГУ-ын радарын хяналтаас 12:53 минутанд гарсан, ийнхүү Герман улсын агаарын хил дотор 41 минут холбоо алдагдсан үйл баримт бүртгэгджээ. 
12. Тухайн бүсэд нисч байсан хэд хэдэн агаарын хөлгүүд аваарын 121.5 давтамж дээр MGL7146-тай холбоо тогтоох гээд мөн чадаагүй үйл баримтаар нисгэх багийн “ойролцоо өөр онгоц байгаагүй” гэх тайлбар няцаагдаж, MASEK цэгээс ХБНГУ-ын RHEIN нислэгийн хөдөлгөөний удирдлагын нэгжийн командад хариу өгөлгүй холбоо алдагдаж, дараагийн заавал илтгэх цэг хүртэлх 41 минутын турш хоёр талын холбоо хадгалаагүй, сонсоод ажиглах явцад газраас нислэгийн удирдлагын нэгжтэй хоёр талын холбоо хадгалж буй эсэхээ нягтлаагүйд нисгэх багийг, агаарын хөлгийн даргыг зөвтгөх үндэслэл тогтоогдохгүй байна.   
13. Харин БНПУ-ын агаарын хилийн заавал илтгэх SUBIX цэг хүрэхээс 2 минутын өмнө холбоо алдагдсаныг тодорхойлсон гэх тайлбарыг няцаах баримтгүйгээр холбоог сэргээхээр оролдсон гэх 16 минутыг оруулан 59 минутын турш холбоо алдагдсанд нисгэх багийг буруутгах боломжгүй, өөрөөр хэлбэл БНПУ-ын агаарын хилээр зөвшөөрөл авалгүй нэвтэрсэн, холбоо тогтоох арга хэмжээг аваагүй гэж  агаарын хөлгийн даргыг буруутгах үндэслэлгүй байна. Учир нь дээр дүгнэгдсэн чанга яригчийн тохируулагч гацсан гэх техникийн шалтгааныг хангалттай нотолж няцаагаагүй тул холбоо алдагдсан шалтгааныг тодорхойлохоор арга хэмжээ авсан гэх хугацаанд нисгэх багийг буруутгаж хариуцлага хүлээлгэх нь “... хууль, захиргааны хэм хэмжээний актыг биелүүлэх боломжтой байсан боловч түүнийг биелүүлэх зохих арга хэмжээг хэрэгжүүлээгүй бол зөрчил үйлдсэнд тооцно” гэсэн Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зохицуулалтад нийцэхгүй. 
14. Нисгэх баг нь MASEK цэгээс БНПУ-ын агаарын хилийн заавал илтгэх SUBIX цэг хүртэлх 41 минутын хугацаанд хоёр талын холбоо хадгалаагүй, сонсоод ажиглах байдлаар газраас нислэгийн удирдлагын нэгжтэй хоёр талын холбоо хадгалж буй эсэхээ нягтлаагүй байх хэдий ч энэ хугацаанд хохирол, үр дагавар үүсгээгүй, нислэг хэвийн үргэлжилсэн, Европын холбооны Нислэгийн хөдөлгөөнийг удирдах төв илтгэлдээ "нислэгийн аюулгүй байдалд нөлөө үзүүлээгүй тохиолдол" гэж үзсэн байх тул торгох, эрх хасах шийтгэл ногдуулсан нь “шийтгэл оногдуулахад зөрчлийн шинж байдлыг харгалзах” Зөрчлийн тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан шаардлагыг хангахгүй байна. 
15. Монгол Улс 1989 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр нэгдэн орсон Олон улсын иргэний нисэхийн тухай Чикагогийн 1944 оны конвенци нь Иргэний нисэхийн тухай хууль /1999 оны/-ийн 2 дугаар зүйлийн 2.2-т зааснаар дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил үйлчлэнэ. 
Конвенцийн ANNEX-19 (хавсралт 19)-ийн 5.3-т "Аюулгүй байдлын өгөгдөл болон мэдээллийг хамгаалах” заалтад “шийтгэлээс ангид байх” зохицуулалт байдаг. Үүнд: "Хавсралт 19. Аюулгүй байдлын удирдлага: 5.3 Аюулгүй байдлын өгөгдөл болон мэдээллийг хамгаалах: 5.3.1 Стандарт - Гишүүн улс нь Хавсралт 3-ын дагуу аюулгүй байдлын сайн дураар мэдээлэх систем болон холбогдох эх үүсвэрээс гаргаж авсан аюулгүй байдлын өгөгдөл болон мэдээллийг хамгаалах үүрэгтэй. Тэмдэглэл - Энэ эх үүсвэрт хувийн болон байгууллагын мэдээлэл багтана. Тэмдэглэл 1- Шийтгэлээс ангид байх зарчим нь сайн дурын мэдээллийн үндэс суурь. Тэмдэглэл 2 - Гишүүн улс бүр нь нислэгийн аюулгүй байдалд нөлөөлж болох тохиолдол бүрийг сайн дураар мэдээлэх тогтолцоог холбогдох хууль, дүрэм, журмыг шаардлагатай байдлаар тохируулан өөрчилж, хялбаршуулан, сурталчлахыг хөхүүлэн дэмжих ёстой, 5.3.2 Зөвлөмж - Гишүүн улс нь аюулгүй байдлын заавал мэдээлэх систем болон холбогдох эх үүсвэрээс гаргаж авсан 5.3.1-д заасан аюулгүй байдлын өгөгдөл болон мэдээллийн хамгаалалтыг чангатгана. Тэмдэглэл 1- Ажилтан болон нислэгийн үйл ажиллагааны ажилтны сургалт болон туршлагаас шалтгаалсан тэдний алдаа, эсхүл үйлдлийн төлөө шийтгэл хүлээлгэхгүй байх мэдээллийн тогтолцоо нь аюулгүй байдлын мэдээллийн үндэс суурь юм. Тэмдэглэл 2 - Аюулгүй байдлын заавал болон сайн дураар мэдээлэх системтэй холбоотой гарын авлага Аюулгүй байдлын удирдлагын зааварт (SMM)(Doc 9859) байгаа." гэж заасан байдаг. 
Олон улсын иргэний нисэхийн тухай энэ конвенцийн дагуу Зам тээврийн хөгжлийн сайдын 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 187 дугаар тушаалын 8 дугаар хавсралтаар батлагдсан Иргэний нисэхийн дүрэм-12 “Осол, зөрчил болон статистик мэдээлэл” –ийн 12.63-т Шийтгэлээс ангид байх заалтад “АХОШШБ болон ИНЕГ нь (1) тухайн мэдээлэл нь хүн, эсхүл өмч хөрөнгөд хэрэгцээ шаардлагагүйгээр аюул учруулсан үйлдэл, эсхүл эс үйлдлийг илчилсэн бол; эсхүл (2) хуурамч мэдээлэл өгсөн бол; эсхүл (3) АХОШШБ болон ИНЕГ нь мэдээллийг хуулийн дагуу, эсхүл шүүхийн шийдвэрийн дагуу гаргаж өгөх үүрэг хүлээснээс бусад тохиолдолд, аливаа этгээдийн энэ дүрмийн дагуу өгсөн мэдээллийг мөрдөн шалгах, эсхүл хариуцлага тооцох зорилгоор ашиглахгүй, эсхүл ашиглах боломж олгохгүй” гэж заажээ. 
Гэтэл агаарын хөлгийн дарга нь уг нислэгийн явцад агаарын хөлгийн холбоонд саатал гарсан талаар илтгэл "Captain report" бичиж мэдээлснээр түүнд шийтгэл хүлээлгэсэн нь Олон Улсын Иргэний нисэхийн тухай Чикагогийн конвенци, Иргэний нисэхийн дүрмийн “мэдээллийг хамгаалах, шийтгэлээс ангид байх, мэдээллийг мөрдөн шалгах, хариуцлага хүлээлгэх зорилгоор ашиглахгүй байх” заалтуудыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Учир нь нисгэх багийн хариуцлага алдсан байж болох хугацаанд хариуцагчийн тайлбарласнаар зөрчлийг ноцтой гэж үзэхэд хүргэсэн “БНПУ-ын зэвсэгт хүчин сөнөөгч онгоц хөөргөж хориглон хязгаарлалт хийгдсэн” үр дагавар үүсээгүй, энэ үр дагавар “холбоо алдагдсан шалтгааныг тодорхойлохоор арга хэмжээ авсан” гэх “хууль, захиргааны хэм хэмжээний актыг биелүүлэх зохих арга хэмжээг хэрэгжүүлэхээр оролдсон” зөрчил гэж үзэхээргүй хугацаанд хамаарч байгааг тодруулж дүгнэх нь зүйтэй.   
Дөрөв. Дээрх үндэслэлүүдээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8-д зааснаар бичсэн Тээврийн прокурорын газрын прокурорын 2023 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 08 дугаартай дүгнэлтийг мөн хангаж шийдвэрлэлээ.
Тав. Уг шүүх хуралдаанд сонгогдсон иргэдийн төлөөлөгч шүүх хуралдааны товыг мэдсэн хэдий ч хүрэлцэн ирээгүй бөгөөд иргэдийн төлөөлөгчийг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулахыг хэргийн оролцогчид зөвшөөрсөн болохыг дурьдах нь зүйтэй.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106 дугаар зүйлийн 106.3.1, 106.3.12 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 2, 4.1 дүгээр зүйлийн 1, 2, 4.8 дугаар зүйлийн 1, 14, 4.11 дүгээр зүйлийн 4, 5, 4.14 дүгээр зүйлийн 1, 4.15 дугаар зүйлийн 1, 5, 6.9 дүгээр зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 3, Иргэний нисэхийн тухай хууль /1999 оны/-ийн 2 дугаар зүйлийн 2.2, 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан гомдол гаргагч А.Э*******ын гомдлын шаардлага, Тээврийн прокурорын газрын прокурорын 2023 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 08 дугаартай дүгнэлтийг бүхэлд нь хангаж, Иргэний нисэхийн ерөнхий газрын Нислэгийн аюулгүй ажиллагаа, хяналт зохицуулалтын албаны нислэгийн стандарт үйл ажиллагааны хяналтын байцаагчийн 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулан гомдол гаргагчид олгож, прокурор дүгнэлт гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар гомдол гаргагч, прокурор, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Д.ХАЛИУНА

                 ШҮҮГЧ                                                  ӨЛЗИЙЖАРГАЛ

                 ШҮҮГЧ                                                  Д.ЧАНЦАЛНЯМ