Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 181/ШШ2024/01657

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 04 23

181/ШШ2024/01657

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Түмэнцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: .... өөрийн байранд оршин байрлах Х ХК /рд:.../-ийн нэхэмжлэлтэй,

Нэхэмжлэлийн шаардлага: Г.Бийг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга Н.Отгончимэг оролцов.

/нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А өөрийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тул түүний эзгүйд хэргийг шийдвэрлэв./

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Ар тогоруутан овогт Гын Бэ нь Хтай 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Дугаар ЗГ/ВВС181217011-1 тоот Кредит карт эзэмших гэрээ, Дугаар ЗБ-ВВС181217011-1-1 тоот Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээ, Дугаар БГ/ВВС181217011-1 тоот Баталгааны гэрээ байгуулан 10,000,000.00 /Арван сая/ төгрөгийг худалдан авалтын гүйлгээнд сарын 2%, бэлэн мөнгө болон шилжүүлгийн гүйлгээнд сарын 3%-ийн хүүтэйгээр 24 сарын хугацаатай зохих хүүгийн хамт эргүүлэн төлөх үүргийг хүлээн зарцуулалтыг хийсэн болно. Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ байнга зөрчиж гэрээний үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй байна. Хариуцагчаар татагдвал зохих этгээд Г овогтой Бэ нь бүртгэлтэй хаяг болох ... тоот хаягтаа оршин суудаггүй болох нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн Дугаар 183/ШЗ2024/04968 тоот захирамжаар тогтоогдож байна. Иймд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлд заасны дагуу хариуцагчаар татагдвал зохих этгээд болох болох Г овогтой Бэ /РД: .../-ийг эрэн сурвалжлах тухай шийдвэрийг гаргаж өгнө үү гэжээ.

 

Шүүх нэхэмжлэгчийн хүсэлт, тайлбар, хэрэгт цугларсан бичгийн баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х ХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Г.Бийг эрэн сурвалжлуулж, оршин суух хаягийг тогтоолгох хүсэлтийг шүүхэд гаргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.2-д Энэ хуулийн 155.1-д заасан хүсэлтийг гаргагч өөрийн оршин байгаа газрын шүүхэд гаргана гэж заасны дагуу нэхэмжлэгч Х ХК нь өөрийн оршин байгаа дүүргийн шүүхэд иргэний эрх зүйн маргааны хариуцагч болох Г.Бийг эрэн сурвалжлуулах хүсэлтийг гаргасан байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийн оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно гэж заасан.

Нэхэмжлэгч Х ХК нь Г.Бэтэй 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр ЗГ/ВВС181217011-1 тоот Кредит карт эзэмших гэрээ, ЗБ-ВВС181217011-1-1 тоот Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээ, БГ/ВВС181217011-1 тоот Баталгааны гэрээ байгуулсан бөгөөд гэрээний үүрэг шаардаж нэхэмжлэл гаргахад нь хариуцагчаар оролцвол зохих этгээд гэж Г.Бийг үзэх үндэслэлтэй байна.

Г.Бэ нь ... тоот хаягт оршин суудаггүй болох нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 183/ШЗ2024/04968 дугаар захирамжаар тогтоогдсон байна.

Нэхэмжлэгч Х ХК нь хариуцагч болох Г.Бийн оршин байгаа хаягийг мэдэхгүй, мэдэх боломжгүй гэж тайлбарлаж байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.3-т заасны дагуу нэхэмжлэлийг хангаж, хариуцагчийг эрэн сурвалжлах шийдвэр гаргах хууль зүйн үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т Хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу Цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ гэж заасан тул Г.Бийг эрэн сурвалжилж, оршин байгаа хаягийг тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Гын Бэ /РД:.../-ийг эрэн сурвалжилсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаар оролцвол зохих Гын Бэ /РД:.../-ийг эрэн сурвалжилж, оршин байгаа хаягийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Хан-Уул дүүргийн цагдаагийн газарт даалгасугай.

3. Эрэн сурвалжилж тогтоосон хаягийг нэхэмжлэгч /итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э, Ж.А, холбоо барих утас:/ талд мэдэгдэхийг Хан-Уул дүүргийн цагдаагийн газарт мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлого болгосугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг хүсэлт гаргагч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ТҮМЭНЦЭЦЭГ