Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 119/ШШ2023/0025

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Болормаа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: Х.Ж-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э

            Хариуцагч: ОА-ийн УБХ

Хариуцагч: ОА-ийн УБХ-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.О, М.Ц

Гуравдагч этгээд: “Д” ХХК

Гуравдагч этгээд: Д.Д

Гуравдагч этгээд: Д.Д-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т

Гуравдагч этгээд: Б.Э

Гуравдагч этгээд: Б.Э-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э нарын хоорондын

Нэхэмжлэлийн шаардлага: “Д” ХХК-ийн дүрмийг 2006 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэсэн 20110061.. дугаар улсын бүртгэл, Илт хууль бус бүртгэлээс улбаалсан “Д” ХХК-ийн дүрмийг 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдөр бүртгэсэн улсын бүртгэл, 288.491.612 төгрөгийн өөрийн хөрөнгөтэйгөөр олгогдсон “Д ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээг, “Д” ХХК-ийн дүрмийг 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэсэн 20110061.. дугаар улсын бүртгэлийг тус тус хүчингүй болгуулах”-ыг хүссэн маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.О, М.Цогтбаатар, гуравдагч этгээд “Д” ХХК-ийн захирал Г.Г, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, Б.Т, гэрч Д.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Отгонтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э нь ОА-ийн УБХ-т холбогдуулан “Д” ХХК-ийн дүрмийг 2006 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэсэн 20110061.. дугаар улсын бүртгэл, Илт хууль бус бүртгэлээс улбаалсан “Д” ХХК-ийн дүрмийг 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдөр бүртгэсэн улсын бүртгэл, 288.491.612 төгрөгийн өөрийн хөрөнгөтэйгөөр олгогдсон “Д ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг анх шүүхэд гаргасан.

2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Д” ХХК-ийн дүрмийг 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэсэн 20110061.. дугаар улсын бүртгэлийг тус тус хүчингүй болгуулах”-аар нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн.

3. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: 1) Улсын бүртгэлийн байгууллага нь Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль /2003 он/-ийн  8 дугаар зүйлийн 8.1.1-д заасан чиг үүргээ хэрэгжүүлэхдээ Компанийн тухай хууль /1999 оны/-ийн 98 дугаар зүйлийн 98.1-ийг хэрэгжүүлээгүй,

2)  “үүсгэн байгуулах баримт бичигт оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд бүрдүүлсэн баримт бичгүүдээс Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль /2003 он/ 17 дугаар зүйлийн 17.3.2-ын заасан баримтуудыг ирүүлээгүй,

3) 288.491.612 төгрөгийн хөрөнгөтэй нь нотлогдоогүй

4) Эрх зүйн болон санхүүгийн баримтгүйгээр хувьцаа эзэмшигч Д.С нь Д.Д-ээр солигдсон

5) “Д” ХХК-ийн дүрмийг ямар шийдвэрээр баталсан нь тодорхойгүй зэрэг нь Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай /2003 он/-ийн 22 дугаар зүйлийн 22.1.2, 22.1.3-т заасан өөрчлөлтүүдийг тусгаагүй.” гэжээ. 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагын талаар дэлгэрэнгүйгээр бичгээр гаргасан байгаа. Нэхэмжлэлийн шаардлага нь “Д” ХХК-ийн дүрмийг 2006 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэсэн 20220061.. дугаар улсын бүртгэлийг илт хууль бус болохыг тогтоолгох, илт хууль бус бүртгэлээс улбаалсан “Д” ХХК-ийн дүрмийг 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдөр бүртгэсэн улсын бүртгэл илт хууль бус болохыг тогтоолгож, хууль бус бүртгэлийн үр дагавраар 288.491.612 төгрөгийн өөрийн хөрөнгөтэйгөөр олгогдсон “Д” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах гэсэн нэхэмжлэлийн шаардлагатай байсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж 2023 оны 04 дүгээр сарын 14-ний  өдөр бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан. 2002 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Ц.Э, Х.Ж, Д.С нар анх хуралдаж “Д” ХХК гэх компанийг 5.500.000 төгрөгийн дүрмийн сантайгаар үүсгэн байгуулж байсан. Энэ талаарх баримтууд бүгд хэрэгт авагдсан байгаа. Х.Ж, Ц.Э, Д.С нарын хувьцаа эзэмшигчтэй компани нь улсын бүртгэлд бүтгэхдээ Д.С-ийн оронд Д.Д гэдэг хүний нэр орж ирсэн. Энэ нэр орж ирэхдээ Компанийн тухай хууль болон дүрэмд заасан шаардлагын нэгийг ч хангаагүй.  Ийм хууль бус компанийн дүрмийг улсын бүртгэлд бүртгүүлэх гэж өгсөн. Компанийн тухай хууль болон дүрэмд зааснаар тухайн үед хувьцаа эзэмшигчийн дийлэнх олонхоор шийдсэн шийдвэрийг Х.Ж эсэргүүцэх эрх байхгүй байсан. Харин Улсын бүртгэлийн хэлтэс бүртгэхдээ энэ дүрэм нь хуульд нийцсэн шаардлагыг хангаж байна уу,  үгүй юу гэдгийг нягталж үзээд бүртгэхгүй байх үүрэг нь хуулиар байсан. Энэ үүргээ хэрэгжүүлээгүй шийдвэр гаргасан нь хууль бус байна. 5.500.000 төгрөгийн хөрөнгөтэй компани яаж 288.491.612 төгрөгийн хөрөнгөтэй болсон талаарх баримтууд байхгүй байхад бүртгэсэн байсан. 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн батлагдсан дүрмийг хууль бус болохыг тогтоолгох гэсэн нэмэгдүүлсэн шаардлага гаргасан. Энэ дүрэм нь мөн хууль бус бүртгэл, шийдвэрээс улбаалан гарсан. Иймд 5-н шаардлага бүхий нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү.” гэв.

5. Хариуцагч ОА-ийн УБХ хариу тайлбартаа: “... Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн 20110061.. РД:26680.. дугаартай 2006 оны 12 дугаар сарын 25, 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн бүртгэсэн бүртгэл Компанийн тухай хууль, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 14 дүгээр зүйл, 19.4.2, 19.4.3, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 22 дугаар зүйлд заасны дагуу Улсын бүртгэлд бүртгэсэн байна.

Иргэн Х овогтой Х-ын Ж-ийн нэхэмжлэл үндэслэлгүй байна. 2006 оны 12 дугаар сарын 20, 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн бүртгэл хийсэн материал хавсаргав.

Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль /тухайн үед мөрдөгдөж байсан/-ийн 13 дугаар зүйлд заасан өмчлөх эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг, түүнд хавсаргасан нотлох баримтыг мөн хуулийн 14 дүгээр зүйлд заасан мэдүүлэг хүлээн авахаас татгалзах үндэслэл байхгүй байсан тул “Д” ХХК /26680../-ын 2003 оны 08 дугаар сарын 11-ний өдөр гаргасан мэдүүлгийг хүлээн авч Орхон аймаг Баян-Өндөр сум 3-р баг Уурхайчин 3 дугаар хороолол Хүнсний захын урд байрлах 37044 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн Ү-21010083.. дугаарт бүртгэж 00750.. дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон.

Иргэн Х.Ж-ийн нэхэмжлэлд дурдсан бүртгэлийг хянан үзэхэд Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 6.4 дэх хэсэгт заасан буруу ташаа гэх үндэслэл тогтоогдохгүй, мөн хуулийн 14 дүгээр зүйлд заасан эрхийн улсын бүртгэлийг хаах, өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгох боломжгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.  

6. ОА-ийн УБХ нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн  шаардлагатай холбогдуулан гаргасан хариу тайлбартаа: “...Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн 20110061.. РД:26680.. дугаартай, 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн бүртгэсэн бүртгэл Компанийн тухай хуулийн 17.1, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4.2, 14.4.3, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 22 дугаар зүйлд заасны дагуу Улсын бүртгэлд бүртгэгдсэн байна.

Иймд  Х овогт Х-ын Ж-ийн нэхэмжлэл үндэслэлгүй байна. ...” гэжээ.

 7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн 20110061.. РД:26680.. дугаартай 2006 оны 12 дугаар сарын 25-ны өдөр, 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн бүртгэсэн бүртгэл Компанийн тухай хууль, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 14 дүгээр зүйл, 14.4.2, 14.4.3, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 22 дугаар зүйлд заасны дагуу Улсын бүртгэлд бүртгэсэн. Х.Ж нь өөрөө материалаа бүрдүүлж улсын бүртгэлд бүртгүүлсэн. Уг компанийг 288.491.612 төгрөгийн хөрөнгөтэй талаар 2003 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ нь дээр бүртгэгдсэн байсан. Үүнийг үндэслэж бүртгэсэн. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль /тухайн үед мөрдөгдөж байсан/-ийн 13 дугаар зүйлд заасан өмчлөх эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг, түүнд хавсаргасан нотлох баримтыг мөн хуулийн 14 дүгээр зүйлд заасан мэдүүлэг хүлээн авахаас татгалзах үндэслэл байхгүй байсан тул бүртгэсэн. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

8. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2003 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Х.Ж гэдэг хүн хүсэлтээ өөрөө бичээд холбогдох бүх баримт материал, компанийн дүрэм, эд хөрөнгийн мэдүүлгийг ОА-ийн УБХ-т өгсөн байдаг. Тухайн компани нь 2002 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Ц.Э, Х.Ж, Д.Д нарын 3 гишүүнтэйгээр байгуулсан байдаг. Орхон аймаг Баян-Өндөр сум 3 дугаар баг Уурхайчин 3 дугаар хороолол Хүнсний захын урд байрлах 37044 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн Ү-21010083.. дугаарт бүртгэж 00750.. дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан бүх шаардлагыг хангасан мэдүүлгийг өгсөн. Иргэн Х.Ж-ийн нэхэмжлэлд дурдсан бүртгэлийг хянан үзэхэд Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 6.4 дэх хэсэгт заасан буруу ташаа гэх үндэслэл тогтоогдохгүй, мөн хуулийн 14 дүгээр зүйлд заасан эрхийн улсын бүртгэлийг хаах, өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгох боломжгүй одоог хүртэл энэ гэрчилгээ хүчинтэй хэвээр байгаа. Энэ компанийн хувьцаа эзэмшигчийн хоорондын маргаан байхад яагаад Улсын бүртгэлийн хэлтсийг хариуцагчаар татсан юм бэ. Энэ үл хөдлөх хөрөнгө нь одоо хүртэл байгаа, компанийн үйл ажиллагаа нь хэвийн явагдаж байгаа. Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлтэй хамааралгүй хувьцаа эзэмшигчийн хоорондын асуудал гэж бодож байна. Өөр шүүхэд энэ хэрэг маргаан явж байгаа гэж сонссон. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

9. Гуравдагч этгээд “Д” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Б.Э төлөөлөгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага ойлгомжгүй, тодорхой бус, шаардлага хангахгүй нэхэмжлэл байна. 2015 онд Ц.Э хувьцаа эзэмшигч нас барж 2016 онд түүний эхнэр Э хувьцаа эзэмшигчээр орж ирсэн. Ц.Э гэдэг хүн энэ компанийн үйл ажиллагааг хариуцаж ажилладаг байсан. 2015 онд нас барснаас нь хойш өр үүсэж эхэлсэн. Энэ маргаан шүүхүүдээр явж байгаа. Үхсэн хүн юм хэлэхгүй гэдэг шиг сүүлдээ улсын бүртгэлийн хэлтсийг хүртэл буруутгаад, юу хайгаад яваад байгаа юм бэ, гуравдагч этгээд нарын төлөөлөгч нар дэлгэрэнгүй тайлбар хэлсэн учир надад өөр нэмж хэлэх зүйл байхгүй.” гэв.

10. Гуравдагч этгээд Д.Д шүүхэд ирүүлсэн  тайлбартаа: “... Нэг: Үйл баримтын талаас: Хувьцаа эзэмшигч Д.Д миний бие “Д” ХХК-ийг 2002 оны 05 дугаар сарын 26-ний өдөр Ц.Э, Х.Ж нартай анх үүсгэн байгуулж, бид өөрсдийн хөрөнгө оруулалтын хэмжээгээр эзэмших хувьцаагаа тохирч дүрмээ баталсан. Хувьцаа эзэмшигч надад зохих хувийн шалтгаан байсан учир тухайн үед өөрийн хүү Д.С-д хувьцаагаа шилжүүлж, 2006 оны 12 дугаар сарын 20-нд хүү маань буцаан надад шилжүүлсэн. Үүнийг ч бусад хувьцаа эзэмшигч нар хүлээн зөвшөөрч тухай тухай үед нь гарын үсэг зурж баталгаажуулж байсан.

Өөрөөр хэлбэл дээрх бүртгэлүүдийг бүгдийг нь нэхэмжлэгч өөрөө биечлэн бүрдүүлж, холбогдох эрх бүхий байгуллагад бүртгүүлсэн.

“Д” ХХК-ийн 2006 болон 2016 оны Компанийн дүрэм болон бусад холбогдох шийдвэрт нэхэмжлэгч Х.Ж өөрөө тухайн үед нь хүлээн зөвшөөрч бүгдэд нь гарын үсгээ зурсан байгаа. Олон жилийн өмнөх өөрийн гараар бүртгүүлсэн бүртгэлд өнөөдөр өөрөө маргаж байгаа нь хир зохистой хийгээд хууль зүйн үндэслэлтэй эсэхийг хэлж мэдэхгүй ч нэхэмжлэгчийн өөрийнх нь гарын үсэг бүхий бүртгэлүүдийг хүчингүй болгуулах нэхэмжлэлд захиргааны хэрэг үүсгэсэнг хувьдаа тун гайхаж байна. Хоёр: Хууль зүйн талаас: Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Компанийн тухай хуулийн /1999 оны/ 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэг буюу хувьцаа эзэмшигч нь компанийн болон бусад хувьцаа эзэмшигчийн ...худалдах хувьцаа ...гуравдагч этгээдэд санал болгох үнээр тэргүүн ээлжинд худалдан авах эрхтэй гэж заасны дагуу Д.С өөрийн хувьцааг өөр хүнд шилжүүлж байгаагаа мэдэгдээгүй гэсэн үндэслэлээр маргасан байна.

ХХК-ийн хувьцаа эзэмшигч бусдад хувьцаагаа шилжүүлэхэд Компанийн тухай хуулийн 5 дугаар зүйлд тодорхой хязгаарлалт тогтоож өгсөн нь: ХХК нь хувьцаа эзэмшигч хоорондын итгэлцлийн харилцаанд суурилсан /ойрын хүрээний гэр бүл, найз нөхөд/-ийн компани хэлбэр болохын хувьд хувьцаа эзэмшигч хэн байх вэ гэдэгт ая холбогдол өгсөн зохицуулалт.

2002 онд Ц.Э, Х.Ж, Д.Д миний бие, бид нар анх нэг бүр нь 100 төгрөгийн үнэ бүхий 55000 ширхэг энгийн хувьцаа гаргаж 45%, 10%, 45% гэсэн хувь эзэмшихээр болж, дүрмээ баталж байсан. Миний бие анх хувьцаа эзэмшигч байсан нь бидний хоорондын итгэлцлийн харилцаа буюу анх бид гурвын тохиролцоо байсан гэдгийг нотлоно.

Хувьцаа гэдэг нь компани хувьцаа эзэмшигчээс татсан хөрөнгийн оронд олгосон компани дахь эзэмшлийг тодорхойлсон үнэт цаас буюу Иргэний хуульд заасны дагуу өмчлөгч этгээддээ ашиг өгөх, бусдаас шаардах эрх олгосон хөдлөх хөрөнгө юм.

Өмчлөгч нь холбогдох хуульд заасны дагуу өөрийн хөрөнгийг чөлөөтэй захиран зарцуулах /худалдах, бэлэглэх/ эрхтэй. Компанийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3, 5.4-д заасан эрх, үүрэг бол үгийн шууд утгаар худалдах, худалдахаар ... гэж заасан.

Хөрөнгө нэг этгээдээс нөгөө этгээдэд шилжихдээ хариу төлбөртэй /Худалдах, худалдан авах/, эсвэл хариу төлбөргүй /бэлэглэх, өв залгамжлах .../ гэсэн хоёр үндсэн хэлбэрээр шилждэг. Хүү Д.С бидний хооронд “Д” ХХК-ийн хувьцаа хариу төлбөргүй буюу бэлэглэлийн замаар шилжсэн. Энэ тохиолдолд Компанийн тухай хуулийн 5 дугаар зүйлд заасан хязгаарлалт хэрэгжих боломжгүй. Учир нь тодорхой нэрлэсэн үнэ байхгүй, бэлэг хүлээн авагчаас өөр этгээдэд бэлэглэх боломжгүй.

Нэхэмжлэгчийн маргаж байгаа бүртгэлүүд оролцогч этгээдүүдийн хүсэл зориг хангалттай тодорхой илэрхийлэгдсэн, хуульд заасан шаардлагыг биелүүлсэн хүчин төгөлдөр.

Иймд ЗАШХШТХ-ийн 106 дугаар зүйлийн 106.3.14 дэх хэсгийг үндэслэн нэхэмжлэгч Х.Ж-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

11. Гуравдагч этгээд Д.Д-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Гуравдагч этгээд Д.Д-ийн шүүхэд бичгээр гаргасан тайлбарыг эхлээд танилцуулъя. Хувьцаа эзэмшигч Д.Д миний бие “Д” ХХК-ийг 2002 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Ц.Э, Х.Ж нартай анх үүсгэн байгуулж, бид өөрсдийн хөрөнгө оруулалтын хэмжээгээр эзэмших хувьцаагаа тохирч дүрмээ баталсан. Хувьцаа эзэмшигч надад хувийн шалтгаан байсан учир тухайн үед өөрийн хүү Д.С-д хувьцаагаа шилжүүлж, 2006 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүү маань буцаан надад шилжүүлсэн. Үүнийг ч бусад хувьцаа эзэмшигч нар хүлээн зөвшөөрч тухай тухай үед нь гарын үсэг зурж баталгаажуулж байсан. Өөрөөр хэлбэл дээрх бүртгэлүүдийг бүгдийг нь нэхэмжлэгч өөрөө биечлэн бүрдүүлж, холбогдох эрх бүхий байгуллагад бүртгүүлсэн. “Д” ХХК-ийн 2006 болон 2016 оны Компанийн дүрэм болон бусад холбогдох шийдвэрт нэхэмжлэгч Х.Ж өөрөө тухай үед нь хүлээн зөвшөөрч бүгдэд нь гарын үсгээ зурсан байгаа. Олон жилийн өмнөх өөрийн гараар бүртгүүлсэн бүртгэлд өнөөдөр өөрөө маргаж байгаа нь хир зохистой хийгээд хууль зүйн үндэслэлтэй эсэхийг хэлж мэдэхгүй ч нэхэмжлэгчийн өөрийнх нь гарын үсэг бүхий бүртгэлүүдийг хүчингүй болгуулах нэхэмжлэлд захиргааны хэрэг үүсгэсэнг хувьдаа тун гайхаж байна. Хоёр: Хууль зүйн талаас: Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Компанийн тухай хуулийн /1999 оны/ 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэг буюу хувьцаа эзэмшигч нь компанийн болон бусад хувьцаа эзэмшигчийн ...худалдах хувьцаа ...гуравдагч этгээдэд санал болгох үнээр тэргүүн ээлжинд худалдан авах эрхтэй гэж заасны дагуу Д.С өөрийн хувьцааг өөр хүнд шилжүүлж байгаагаа мэдэгдээгүй гэсэн үндэслэлээр маргасан байна. ХХК-ийн хувьцаа эзэмшигч бусдад хувьцаагаа шилжүүлэхэд Компанийн тухай хуулийн 5 дугаар зүйлд тодорхой хязгаарлалт тогтоож өгсөн нь: ХХК нь хувьцаа эзэмшигч хоорондын итгэлцлийн харилцаанд суурилсан /ойрын хүрээний гэр бүл, найз нөхөд/-ийн компани хэлбэр болохын хувьд хувьцаа эзэмшигч хэн байх вэ гэдэгт ач холбогдол өгсөн зохицуулалт. 2002 онд Ц.Э, Х.Ж, Д.Д миний бие, бид нар анх нэг бүр нь 100 төгрөгийн үнэ бүхий 55000 ширхэг энгийн хувьцаа гаргаж 45%, 10%, 45% гэсэн хувь эзэмшихээр болж, дүрмээ баталж байсан. Миний бие анх хувьцаа эзэмшигч байсан нь бидний хоорондын итгэлцлийн харилцаа буюу анх бид гурвын тохиролцоо байсан гэдгийг нотлоно. Хувьцаа гэдэг нь компани хувьцаа эзэмшигчээс татсан хөрөнгийн оронд олгосон компани дахь эзэмшлийг тодорхойлсон үнэт цаас буюу Иргэний хуульд заасны дагуу өмчлөгч этгээддээ ашиг өгөх, бусдаас шаардах эрх олгосон хөдлөх хөрөнгө юм. Өмчлөгч нь холбогдох хуульд заасны дагуу өөрийн хөрөнгийг чөлөөтэй захиран зарцуулах /худалдах, бэлэглэх/ эрхтэй. Компанийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3, 5.4-д заасан эрх, үүрэг бол үгийн шууд утгаар худалдах, худалдахаар ... гэж заасан. Хөрөнгө нэг этгээдээс нөгөө этгээдэд шилжихдээ хариу төлбөртэй /Худалдах, худалдан авах/, эсвэл хариу төлбөргүй /бэлэглэх, өв залгамжлах .../ гэсэн хоёр үндсэн хэлбэрээр шилждэг. Хүү Д.С бидний хооронд “Д” ХХК-ийн хувьцаа хариу төлбөргүй буюу бэлэглэлийн замаар шилжсэн. Энэ тохиолдолд Компанийн тухай хуулийн 5 дугаар зүйлд заасан хязгаарлалт хэрэгжих боломжгүй. Учир нь тодорхой нэрлэсэн үнэ байхгүй, бэлэг хүлээн авагчаас өөр этгээдэд бэлэглэх боломжгүй. Нэхэмжлэгчийн маргаж байгаа бүртгэлүүд оролцогч этгээдүүдийн хүсэл зориг хангалттай тодорхой илэрхийлэгдсэн, хуульд заасан шаардлагыг биелүүлсэн хүчин төгөлдөр. Иймд ЗХШХШТХ-ийн 106 дугаар зүйлийн 106.3.14 дэх хэсгийг үндэслэн нэхэмжлэгч Х.Ж-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэж тайлбар гаргасан байна. Нэмж тайлбарлахад үйл баримтыг харахаар нэхэмжлэгч өөрөө улсын бүртгэлд бүртгүүлсэн байсан. Тухайн үед нэхэмжлэгч өөрөө хүлээн зөвшөөрч компанийн дүрэм дээр гарын үсэг зурж, бүх баримт, материал хууль ёсны дагуу байсан учир улсын бүртгэл бүртгэсэн байсан. Компанийн тухай хуулийн 5 дугаар зүйлд заасан хязгаарлалт хэрэгжих боломжгүй гэж харж байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлдээ ....хүчингүй болгуулах...гэж байсан гэтэл өнөөдөр шүүгч тодруулж асуухад илт хууль бус байсан учир хүчингүй болгуулах гэж тайлбарлаж байна. Энэ талаарх тайлбарыг нэмэлт тайлбар дээрээ хэлнэ.” гэв.

11. Гуравдагч этгээд Б.Э-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч дараах шаардлагыг гаргасан гэж ойлгосон. “Д” ХХК-ийн дүрмийг 2006 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэсэн 20110061.. дугаар улсын бүртгэл, Илт хууль бус бүртгэлээс улбаалсан “Д” ХХК-ийн дүрмийг 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдөр бүртгэсэн улсын бүртгэл, 288.491.612 төгрөгийн өөрийн хөрөнгөтэйгөөр олгогдсон “Д ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг анх гаргасан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж нийт 5 шаардлагыг тус шүүхэд гаргасан гэж ойлгож байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан нэхэмжлэл нь Захиргааны ерөнхий хууль болон, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан тодорхой процесс ажиллагааг зөрчсөн. Өөрөөр хэлбэл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлд заасан нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус байна гэж үзэж байна. Үндэслэл нь хуучин хууль ярих шаардлага гарч байна, цаг хугацааны хувьд 2006 оноос хойших үйл явдал учраас. 2003 оны Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль байгаа. Энэ хуулийг яаж зөрчиж бүртгэл хийсэн нь харагдахгүй байгаа. 2003 оны Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 15 дугаар зүйлд өргөдөл гаргах эрх бүхий этгээд гэдэг дээр Улсын бүртгэлд бүртгүүлэх тухай өргөдлийг өргөдөл гаргах эрх бүхий дараах этгээдийн аль нэг нь гаргаж болно. Үүнд хуулийн этгээдийн гүйцэтгэх удирдлага, хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч, хуулийн этгээдийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий албан тушаалтан байна гэж тус тус заасан байна. Тухайн үед хуулийн этгээдийн бүртгэлийг хийлгэх үед, Х.Ж гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан. Х.Ж өөрөө мэдүүлгийг бөглөж хүсэлт гаргасан. Бүртгэхээс татгалзах 2 үндэслэлийг мөн хуульд заасан байна. Улсын бүртгэлийн хэлтэст гаргасан мэдүүлэг нь Компанийн тухай хууль болон Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулиудыг зөрчөөгүй учир тухайн үед гэрчилгээ олгож баталсан байна. Компанийн үйл ажиллагааны явцад 5.500.000 төгрөгийн хөрөнгөтэй байсан компани яаж 288.491.612 төгрөгийн хөрөнгөтэй болсон юм бэ гэж нэхэмжлэгч маргаж байна. Компани гэдэг нь Компанийн тухай хууль болон Иргэний хуульд зааснаар ашгийн төлөө байгууллага гэж явдаг. Анх энэ 3-н хүн энэ компанийг байгуулахдаа хүнсний зах байгуулж ашиг олъё гэсэн зорилгоор нэгдсэн гэж ойлгож байгаа. 2003 оноос хойш энэ компанийг ашиг олох зорилгоор байгуулсан. Хүнсний захын барилгыг эхлүүлж барилгын ажил дуусаагүй байхад Х.Ж гуай өөрөө улсын бүртгэлд бүртгүүлсэн байж яагаад 5.500.000 төгрөгийн хөрөнгөтэй байсан компани яаж 288.491.612 төгрөгийн хөрөнгөтэй болсон бэ гэдэг гаргаад байгаа нэхэмжлэлийн шаардлага нь өөрөө ойлгомжгүй нөхцөл байдлыг үүсгээд байна. Үнэлгээний компаниар тухайн барилгаа үнэлүүлээд уг тайланг үндэслэж улсын бүртгэлийн хэлтэс бүртгэсэн. 288.491.612 төгрөг чинь дуусаагүй барилгын өртөг. Одоо энэ барилга баригдаж дуусаад 20 жилийн хугацаа болсон байхад гэрчилгээ аваагүй байгаа. Тухайн үед үйлчилж байсан 2003 оны Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлд үнэн зөв байх шаардлагыг тавьсан байдаг, Иргэний хуулийн 182, 183 дугаар зүйлд бүртгэл ямар тохиолдолд хүчин төгөлдөр бус байх вэ гэдэг талаар тодорхой заасан. Бүртгэл ямар нэгэн байдлаар хуурамч материал бүрдүүлж өгсөн бол хүсэлт гаргагч өөрөө хуулийн хариуцлага хүлээнэ гэж заасан байдаг. Компанийн хөрөнгө яаж 288.491.612 төгрөг хүртэл өссөн процессыг 3-н хувьцаа эзэмшигч мэдэж байгаа. Энэ хүн өөрөө Компанийн тухай хуульд заасан ноогдол ашгаа аваад явж байгаа. Өөрийнхөө талхаа үгүйсгээд байгаа юм шиг харагдаж байна. Компанийн хувьцаа эзэмшигчийн хоорондын үл ойлголцол яваад байгаа гэдгийг шүүгч анхаарч үзнэ үү гэж хүсэж байна.

Бизнесийн байгууллага нь ашиг олох зорилготой байдаг. Явцын дунд хувьцаа эзэмшигчид өөрчлөгдсөн асуудал байгаа. Цаг хугацааны хувьд харж үзэхээр 2006, 2016 оны бүртгэлтэй маргаад байгаа. Гэтэл өнөөдөр хэдэн он билээ дээ. Захиргааны ерөнхий хууль болон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиудад шүүхэд нэхэмжлэл гаргах процессын талаар зааж өгсөн байгаа. Хамгийн эхний шалгуур бол тухайн хууль бус захиргааны актаас өөрийн эрх ашиг хөндөгдсөн гэж мэдсэнээс хойш 30 хоногийн дотор шүүхэд хандана гэж байдаг. 10 гаран жилийн өмнө гаргасан шийдвэр миний эрх ашиг сонирхлыг зөрчсөн байна гэж үзэж шүүхэд хандаж байгаа нь хуульд нийцэхгүй байна. Яагаад гэхээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3.-т "нэхэмжлэл" гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг хэлнэ. Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1.-т “Захиргааны актыг энэ хуульд заасан журмын дагуу мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллагад гаргана” гэж нэхэмжлэл гаргах процессын талаар маш тодорхой зааж өгсөн байдаг. 2006, 2016 оны бүртгэлээс болж “Д” ХХК-ийн 12 хувийн хувьцаа эзэмшигч Х.Ж-ийн ямар хууль ёсны эрх, ашиг сонирхол хөндөгдөөд байгаа нь тогтоогдохгүй байна гэж харж байна. Хувьцаа эзэмшигчдийн хоорондын маргаан сүүлийн хэдэн жил явагдаж байгаа. Хариуцагч талаас бүртгэлтэй холбоотой тайлбарыг тодорхой тайлбарласан байсан. 3-н хувьцаа эзэмшигчтэй компанийн хувьд нэг хүний эрх нь зөрчигдөөд бусдынхан зөрчигдөхгүй байна гэж байхгүй. Тиймээс ч шүүх энэ хэрэг дээр нөгөө 2 хувьцаа эзэмшигчийг гуравдагч этгээдээр оролцуулсан. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлд заасан яг ямар үндэслэлээр нэхэмжлэлээ тодорхойлж байгаа талаар тайлбар гаргасангүй. Иймд Х.Ж-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус байгаа учир нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

12. Гэрч Д.С шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ: “Тухайн үед аав Д.Д 3 хүнтэй компани байгуулах гэж байгаа гэж надад хэлсэн. Аавын найз Ц.Э гэдэг хүнийг мэднэ, бусад хувьцаа эзэмшигч нарыг сайн мэдэхгүй. Миний хувьд төрийн албанд ажилд орохоор болоод хувьцаагаа эргүүлээд аавын нэр лүү шилжүүлсэн. Хэн ч эсэргүүцээгүй, энэ талаар хувьцаа эзэмшигч нар хуралдсан байсан. Тэр хуралд би оролцоогүй. “Д” ХХК-ийг ямар үйл ажиллагаа явуулдаг компани гэдгийг мэдэхгүй. Би 45 хувийн хувьцааг эзэмшдэг байсан.Тухайн үед би сурдаг байсан, ажил хийдэггүй байсан. Тэр үед аав төрийн байгуулагад буюу Багануурийн уурхайн захирал байсан болохоор байгуулж байгаа компаныхаа хувь нийлүүлэгчээр намайг оруулсан.”  гэв.

  Шүүх хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э нь ОА-ийн УБХ-т холбогдуулан “Д” ХХК-ийн дүрмийг 2006 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэсэн 20110061.. дугаар улсын бүртгэл, Илт хууль бус бүртгэлээс улбаалсан “Д” ХХК-ийн дүрмийг 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдөр бүртгэсэн улсын бүртгэл, 288.491.612 төгрөгийн өөрийн хөрөнгөтэйгөөр олгогдсон “Д ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг анх шүүхэд гаргасан.

2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Д” ХХК-ийн дүрмийг 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэсэн 20110061.. дугаар улсын бүртгэлийг тус тус хүчингүй болгуулах”-аар нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн болно.

3. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э “...нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй учраас хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй” гэж тайлбарлан маргасан. 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны явцад “Д” ХХК-ийн дүрмийг 2006 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэсэн 20110061.. дугаар улсын бүртгэл Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн /2002 он/ 9 дүгээр зүйлийн 9.1.7 заасан “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” үндэслэлээр илт хууль бус болохыг тогтоолгох, уг илт хууль бус захиргааны байгууллагын бүртгэлийг үндэслэн 288.491.612 төгрөгийн өөрийн хөрөнгөтэйгөөр олгогдсон “Д ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгуулах, 2016 оны 07 дугаар сарын 25, 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрүүдийн  “Д” ХХК-ийн дүрмийг бүртгэсэн улсын бүртгэлийг тус тус хүчингүй болгуулах” гэж тодруулсан болно.  

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Улсын бүртгэлийн Ерөнхий газарт 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдөр “Улсын бүртгэл хүчингүй болгуулах тухай” 23/07 албан бичгээр гаргасан гомдолд Улсын бүртгэлийн Ерөнхий газар 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 6/3926 тоот албан бичгээр хариу хүргүүлсэн байх бөгөөд уг хариу хүргүүлсэн албан бичгийг эс зөвшөөрч 30 хоногийн дотор Захиргааны хэргийн шүүхэд 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдөр нэхэмжлэлээ ирүүлсэн.

6. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Хуульд өөрөөр заагаагүй, захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан бол дараахь тохиолдолд шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана.” гэж зааснаар шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй гэж үзэн шүүх нэхэмжлэлийг хүлээн авч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан.

7. “Д” ХХК-ийн дүрмийг 2006 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэсэн 20110061.. дугаар улсын бүртгэлийг  илт хууль бус болохыг тогтоолгох, уг илт хууль бус захиргааны байгууллагын бүртгэлийг үндэслэн олгосон улсын бүртгэлийн 21010083.. дугаарт бүртгэгдсэн, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн 00750.. дугаартай гэрчилгээг хүчингүй болгуулах, “Д” ХХК-ийн дүрмийг 2016 оны 07 дугаар сарын 25, 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрүүдийн  бүртгэсэн улсын бүртгэлийг тус тус хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

7.1. “Д” ХХК-ийг үүсгэн байгуулахаар иргэн Х.Ж, Ц.Э, Д.С нар нь хэлэлцэн 2002 оны 05 дугаар сарын 26-ны өдөр хуралдан “Хурлын протокол” үйлдэж “Д” ХХК-ийг үүсгэн байгуулах тухай 01 дугаар шийдвэрийг гарган, уг шийдвэрийн дагуу компанийн дүрмийг батлан, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээг “Д” ХХК /Регистр-26680../-д олгосон болох нь Улсын бүртгэлийн Ерөнхий газраас ирүүлсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

7.2. Дээрхи “Д” ХХК-ийг үүсгэн байгуулах тухай шийдвэр, 2002 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн баталсан дүрмийг бүртгэсэн бүртгэлтэй хэргийн оролцогчид маргаагүй болно.

8. “Д” ХХК-ийн дүрмийг 2006 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэсэн 20110061.. дугаар улсын бүртгэлийг  илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн тухайд:

8.1. 2006 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн “Д” ХХК-ийн хувь нийлүүлэгчдийн 01 дүгээр хурлаар “Д” ХХК-ийн ТУЗ-ийн даргаар Д.Д-г, гүйцэтгэх захирлаар Х.Ж баталж, “Д” ХХК-ийн дүрмийг компанийн үүсгэн байгуулагч Ц.Э, Д.Д, Х.Ж нар шинээр хэлэлцэн баталж, шинэчилсэн дүрмээр улсын бүртгэлд бүртгүүлсэн нь Орхон аймгийн татварын хэлтэст гаргасан Х.Ж-ийн хүсэлт, Орхон аймгийн Татварын хэлтсийн Татварын улсын байцаагч А.Д-ийн холбогдох баримтуудыг хүлээн авсан тухай баримт, “Хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгэх 200206.. дугаар шийдвэр зэрэг баримтуудаар тогтоогдож  байна.

8.2. ОА-ийн УБХ-ийн улсын бүртгэгч шинэчилсэн дүрмийг улсын бүртгэлд бүртгэхдээ тухайн үед хүчин төгөлдөр мөрдөж байсан Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль болон Компанийн тухай хуульд заасан шаардлагуудыг хангаагүй, холбогдох баримтуудыг бүрдүүлээгүй байхад компанийн дүрмийг бүртгэсэн нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.7-д “ захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” гэж заасантай нийцэж байгаа гэж нэхэмжлэгч тал маргасан.

8.3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн дээрхи үндэслэлээр “Д” ХХК-ийн 2006 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн  дүрмийг бүртгэсэн улсын бүртгэлийг илт хууль бусад тооцох үндэслэлгүй гэж шүүх үзлээ.

8.4.  Учир нь: Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль /2002 он/-ийн 9 дүгээр зүйлийн 9.1.7-д “Захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” заасан захиргааны байгууллага, албан тушаалтан тухайн харилцааг хуулиар зохицуулаагүй байхад болон хуулиар тогтоосон хязгаарлалтыг зөрчих, түүнчлэн хуулиас гадуур нэмэлт хязгаарлалт тогтоох бүрэн эрхээ хэтрүүлэх зэргээр захиргааны акт гарсныг ойлгоно” гэж Улсын Дээд шүүхээс тайлбарласан.

8.5. Компанийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д “Компанийн дүрэм нь түүний үүсгэн байгуулах үндсэн баримт бичиг мөн.”, 17 дугаар зүйлийн 17.1-д “Компанийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах, дүрмийн шинэчилсэн найруулгыг хувь нийлүүлэгчдийн хурлаар хэлэлцэж хуралд оролцсон, энэ асуудлаар саналын эрхтэй хувь нийлүүлэгчдийн саналийн дийлэнх олонхоор батална.” гэж заасны дагуу “Д” ХХК-ийн хувь нийлүүлэгч болох Д.Д, Ц.Э, Х.Ж нар 2006 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 01 дүгээр протоколоор Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гүйцэтгэх захирал нарыг баталж, 2006 оны компанийн дүрмээр хувьцаа эзэмшигч Ц.Э 44 хувийн, Д.Д 44 хувийн, Х.Ж 12 хувийн хувьцаа эзэмшигч, өөрийн хөрөнгийн хэмжээ 288.491.612 төгрөг болгон дүрмээ баталж, хувьцаа эзэмшигч Ц.Э, Д.Д, Х.Ж нар гарын үсэг зурсан байна.

8.6.  Компанийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3-д компанийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах, дүрмийн шинэчилсэн найруулгыг бүртгүүлэхэд бүрдүүлэх баримтуудыг заасан ба 17.3.1-д “компанийн дүрэмд оруулсан нэмэлт, өөрчлөлт, дүрмийн шинэчилсэн найруулгыг бүртгүүлэх тухай копанийн эрх бүхий этгээдийн гарын үсэг бүхий өргөдөл”, 17.3.2-т “компанийн дүрэмд оруулсан нэмэлт, өөрчлөлт оруулах, компанийн дүрмийн шинэчилсэн найруулгыг батлах тухай хувь нийлүүлэгчдийн хурлын шийдвэр, орж байгаа өөрчлөлт нэмэлт, эсхүл шинэчилсэн найруулгын бүрэн эхийн хамтаар”, 17.3.3-т”компанийн дүрмийн хуулбар, улсын бүртгэлийн гэрчилгээ”, 17.3.4-д”бүртгэлийн хураамж төлсөн баримт” гэж заажээ.

8.7.   Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль /2003 он/-ийн 3 дугаар зүйлийн 3.1.4 “үүсгэн байгуулах баримт бичиг” гэж хуульд заасан эрх бүхий байгууллагаас гаргасан хуулийн этгээд байгуулах шийдвэр, хуулийн этгээдийн дүрэм, үүсгэн байгуулах гэрээг”  гэж тодорхойлж, 22 дугаар зүйлийн 22.1-д үүсгэн байгуулах баримт бичигт оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд бүрдүүлэх баримт бичгүүдийг хуульчлан заасан байна.

8.8. Дээрхи хуулийн дагуу “Д” ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.Ж нь “ ...компанийн дүрэм, дүрмийн сан нэмэх, удирдлага өөрчлөх, үйл ажиллагаа нэмэгдэж байгаа”  тухай өргөдлийг захиргааны байгууллагад гарган, холбогдох баримтуудыг бүрдүүлсэн учраас Улсын бүртгэлийн байгууллага компанийн дүрмийг 2006 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн 20110061.. дугаарт  бүртгэсэн нь хуульд нийцсэн, Нийгмийн даатгалын ерөнхий газраас ирүүлсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.  

8.9. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Х.Ж нь “Д” ХХК-ийн, хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрээр компанийн гүйцэтгэх захирлын үүргийг гүйцэтгэж, компанийн шинэчилсэн дүрмийг бусад хувьцаа эзэмшигчидтэй санал нэгтэй баталж, гарын үсэг зурж, дүрмийг Улсын бүртгэлд бүртгэх өргөдлийг өөрөө бичиж гарын үсэг зуран, хобогдох баримтуудын хамт өгч байгаа нь тухайн дүрмийг улсын бүртгэлд бүртгүүлэх хүсэл зоригоо компанийн гүйцэтгэх захирал Х.Ж илэрхийлсэн байхад бүртгэл хийсэн захиргааны байгууллагыг буруутгах үндэслэлгүй гэж шүүх үзлээ.

9. Илт хууль бус бүртгэлийн үр дагавраар 288.491.612 төгрөгийн өөрийн хөрөнгөтэйгөөр олгогдсон “Д” ХХК-ийн Улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн тухайд:

9.1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э 2006 онд бүртгэгдсэн 20110061.. дугаарт бүртгэгдсэн Улсын бүртгэлийн гэрчилгээнд “өөрийн хөрөнгийн хэмжээ 288.491.6 төгрөг” гэж бичигдсэн нь хаанаас ямар үндэслэлээр өмнөх өөрийн хөрөнгө болох 5.5 сая төгрөгнөөс их болсон нь тогтоогдоогүй байхад Улсын бүртгэлийн гэрчилгээн дэх хөрөнгийн хэмжээг өөрчлөн бүртгэсэн нь үндэслэлгүй гэж маргасан.

9.2. “Д” ХХК-ийн гүйцэтгэх захирал  Х.Ж 2003 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 09 дүгээр албан бичгээр Орхон аймгийн газрын албанд “Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргуулах тухай” хүсэлтдээ “Тус компани нь Хүнсний захын барилгыг барьж ашиглалтад оруулах гэж байгаа бөгөөд зохих журмын дагуу үнэлгээ хийлгэсэн тул үл хөдлөх хөрөнгийн гэрчлгээ олгож өгнө үү.” гэсэн ба  тухайн өдөр Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн мэдүүлэг гаргахдаа “үнэлгээ гэсэн хэсэгт 288.491.512 төгрөг” гэж  мэдүүлсэн байна. Үүний дагуу “Д” ХХК-д /Улсын бүртгэлийн 20/62., регистр 26680.., 3 хүний гишүүнтэй/ Орхон аймгийн Баян-Өндөр сум Уурхайчин баг Хүнсний захын урд талд байрлах 37044 метр кв 288.491.612 төгрөгийн үнэ бүхий хүнсний захын дуусаагүй барилгыг улсын бүртгэлийн 21010083.. дугаарт бүртгэн, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн 00750.. дугаартай  гэрчилгээг 2003 оны 08 дугаар сарын 11-ний өдөр олгосон байна.

9.3. 2006 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн “Д” ХХК-ийн дүрмийн  “Компанийн хувь нийлүүлсэн хөрөнгө, хувьцаа, бусад үнэт цаас” гэсэн Наймдугаар заалтын 1-д “компанийн өөрийн хөрөнгө буюу дүрмийн сан нь 288.491.612 төгрөг” гэж тусган дүрмээ баталсан байгаагаас үзэхэд “Д” ХХК-ийн хувьцаа эзэмшигч нар нь өөрийн хөрөнгө нь нэмэгдсэн, дүрмийн санд эзлэх хувь хэмжээгээ өөрсдөө тодорхойлсон гэж үзэх үндэслэлтэй.

9.4. Иймээс “Д” ХХК-ийн хөрөнгийг 288.491.6 сая төгрөгийн хөрөнгөтэйгөөр улсын бүртгэлийн 20110061.. дугаарт /регистрийн дугаар 26680../,  2006 оны 12 дугаар сарын 20-ны өдөр бүртгэж олгосон Улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэлгүй байна.

 10. Илт хууль бус бүртгэлээс улбаалсан “Д” ХХК-ийн дүрмийг 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн, 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр тус тус бүртгэсэн 20110061.. дугаар улсын бүртгэлийг тус тус хүчингүй болгох нэхэмжлэлийн тухайд:

10.1. “Д” ХХК-ийн 2006 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн  дүрмийг улсын бүртгэлийн 20110061.. дугаар бүртгэсэн бүртгэлийг илт хууль бусад тооцох үндэслэлгүй гэж шүүх дүгнэсэн учраас дээрхи илт хууль бус бүртгэлээс улбаалсан гэх “Д” ХХК-ийн дүрмийг 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн, 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр тус тус бүртгэсэн 20110061.. дугаар улсын бүртгэлийг тус тус хүчингүй болгох үндэслэлгүй байна.

10.2. Учир нь  “Д” ХХК-ийн 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн улсын бүртгэл хийгдсэн дүрмийн тухайд 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдөр тухайн компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлын 01 дүгээр тогтоолоор компанийн дүрэмд өөрчлөлт оруулах тухай хэлэлцэн өөрчлөлт оруулан улсын бүртгэлд бүртгүүлэхийг шийдвэрлэжээ.

10.3. Тухайн хуралдааны тэмдэглэлээс үзэхэд үүсгэн байгуулагч Ц.Э-ын эзэмшлийн эрх нь өв залгамжлалаар эхнэр Б.Э шилжих ба хуулийн дагуу компанийн дүрэмд өөрчлөлт оруулахыг санал нэгтэй зөвшөөрөн шийдвэрлэсэн нь хурлын тэмдэглэлээр тогтоогдож байна.

10.4. Мөн “Д” ХХК-ийн дүрмийг 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр захиргааны байгууллага улсын бүртгэлд бүртгэхдээ холбогдох баримтуудыг үндэслэн хуулийн дагуу бүртгэсэн байна.

10.5. Компанийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.1-д заасны дагуу   компанийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах буюу түүний шинэчилсэн найруулгыг зөвхөн хувь нийлүүлэгчдийн хурлаар хэлэлцэж шийдвэрлэхээр хуульчилсан ба тухай бүр “Д” ХХК-ийн хувь нийлүүлэгчдийн хурлаар компанийн дүрмээ хэлэлцэн баталж байсан нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байна гэж шүүх үзлээ.      

10.6. Мөн Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т “Улсын бүртгэлд бүртгүүлэхээр хүсэлт гаргаж байгаа этгээд нь бүртгүүлэхээр мэдүүлж байгаа эрхийн нотлох баримтыг бүрэн гүйцэд, үнэн зөв гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд энэ үүргээ биелүүлээгүйн улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлнө.” гэж заасан.

10.7. Өөрөөр хэлбэл Х.Ж нь 2002-2019 оны хооронд “Д” /анх “Д” гэдэг оноосон нэртэй компанийг байгуулсан ба 2006 онд  “Д” гэсэн оноосон нэртэй компани болж дүрмээ баталсан/, “Д” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж, компанийн үйл ажиллагаатай холбоотой бүх асуудлыг хийж, захиргааны байгуулагад хандах, холбогдох нотлох баримтуудыг бүрдүүлэн  шийдвэрлүүлдэг байжээ.

10.8. Мөн Компанийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.4.2, 5.3 дахь хэсэгт зааснаар компанийн хувьцаа эзэмшигч Д.С бусад хувьцаа эзэмшигч нартаа мэдэгдэлгүйгээр хувьцаагаа Д.Д-д шилжүүлсэн, мэдэгдсэн бол Х.Ж өөрийн хувь хэмжээгээ нэмэх байсан гэж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарлан маргасан боловч Д.С нь өөрт оногдох хувьцаагаа эцэг Д.Д-д шилжүүлсэн, уг асуудлаар тухайн үед хувьцаа эзэмшигч нар маргаагүй, 2006 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн хувь нийлүүлэгчдийн 01 дүгээр хурлыг хувь нийлүүлэгчид болох Д.Д, Ц.Э, Х.Ж нар хийж, Д.Д-г төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар баталж шийдвэрлэсэн байна.

11. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э нь Орхон аймгийн Татварын хэлтсээс нотлох баримт гаргуулах хүсэлтийг шүүх хуралдааны явцад гаргасан ба шүүх хэрэгт хангалттай нотлох баримт бүрдсэн гэж үзсэн учраас хүсэлтийг хүлээн аваагүй болохыг, Д.С шүүх хуралдаанд гэрчээр оролцож, хувьцаагаа зараагүй өөрийн эцэг Д.Д-д шилжүүлсэн гэж мэдүүлсэн болохыг, Х.Ж нь “Д” ХХК-тай өмчлөх эрх, эд хөрөнгийн талаар маргаантай байгаа болохыг тус тус дурьдлаа.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль /2003 он/-ийн 22 дугаар зүйлийн 22.1, 15 дугаар зүйлийн 15.1.1, Компанийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 17.4, 17.3, 63 дугаар зүйлийн 63.1, 63.1.1, Улсын бүртгэлийн ерөнхий хууль /2018 он/ 14 дүгээр  зүйлийн 14.4 дэх заалтуудыг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э-ийн  ОА-ийн УБХ-т холбогдуулан гаргасан ““Д” ХХК-ийн дүрмийг 2006 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэсэн 20110061.. дугаар улсын бүртгэлийг илт хууль болохыг тогтоолгох, илт хууль бус бүртгэлээс улбаалсан “Д” ХХК-ийн дүрмийг 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдөр,  2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр тус тус хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэсэн 20110061.. дугаар улсын бүртгэлийг бүртгэсэн улсын бүртгэл, 288.491.612 төгрөгийн өөрийн хөрөнгөтэйгөөр олгогдсон “Д ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1, 50 дугаар зүйлийн 50.1,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.дэх хэсэгт зааснаар илүү төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг нэхэмжлэгч Х.Ж-д буцаан олгож,  нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Б.БОЛОРМАА