Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 27

 

 

 

*******, ******* нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

           

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч М.Нямбаяр даргалж, Ерөнхий шүүгч Н.Туяа, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек нарын бүрэлдэхүүнтэй хийж, 

            Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 22 дугаар шийтгэх тогтоолтой *******, ******* нарт холбогдох эрүүгийн 1937000010029 дугаартай хэргийг шүүгдэгч тэдгээрийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн, 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч Н.Туяагийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэйгээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга Б.Уянга, прокурор З.Алтансолонго, шүүгдэгч ******* түүний өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, шүүгдэгч ******* түүний өмгөөлөгч М.Энхбаяр /онлайнаар/ нар оролцов. 

            Монгол улсын иргэн, 1984 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Ховд аймгийн Мөст суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, урьд ял шийтгэлгүй, Боржгон овогт Бямбажавын Сугарбат нь тус сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй “ Булган стар” ХХК-ны захирал *******аас 2018 оны 8 дугаар сарын 26-ны өдөр хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд 2,000,000 /хоёр сая/ төгрөгийн хахуулийг тус сумын Засаг даргын Тамгын газарт нярав ажилтай *******ээр дамжуулан авсан.

            Монгол улсын иргэн, 1982 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Ховд аймгийн Булган суманд төрсөн, 37 настай, эмэгтэй, дээд боловсролтой, урьд ял шийтгэлгүй, Тангууд овогт Намжилын Алтанзул нь 2018 оны 08 дугаар сарын 26-ны өдөр өөртөө давуу байдал бий болгох зорилгоор Ховд аймгийн Мөст сумын Засаг дарга *******ад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2,000,000/хоёр сая/ төгрөгийн хахуулийг Засаг даргын тамгын газрын нярав ажилтай *******ээр дамжуулан өгсөн гэмт хэрэгт холбогджээ.

            Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх ”Шүүгдэгч Боржгон овогт Бямбажавын Сугарбатыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд бусдаар дамжуулан хахууль авсан, шүүгдэгч Тангууд овогт Намжилын Алтанзулыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан өөртөө давуу байдал бий болгох зорилгоор албан  тушаалын байдалтай нь холбогдуулан бусдад хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5400,000 / таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000/хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ад оногдуулсан 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5400,000 /таван сая дөрвөн зуун мянга/  төгрөгөөр торгох ялыг шүүгдэгч *******д оногдуулсан 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 3/гурав/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч *******, ******* нарт нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван  таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар *******ад оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар, *******д оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялын хугацааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн тоолж, шүүгдэгч *******, ******* нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч ******* түүний өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг нар давж заалдах гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй, хэрэгт ач холбогдолтой байж болох байдлыг тодруулалгүй хэргийг хянан шийдвэрлэж, яллагдагчийн хуулиар хамгаалагдсан эрх, эрх ашгийг хохироосон шийдвэр гаргасанд гомдолтой байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мөрдөгч, прокурор хэргийг тал бүрээс бүрэн тогтоолгүй хэтэрхий нэг барьж хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг хохироосон байхад шүүх энэ алдааг засалгүй шийдвэр гаргасанд гомдолтой байна. Хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэргийн байдлыг нотлох ажиллагааг хийгээгүй.

Хэрэгт цугларсан нотлох баримтыг эргэлзээгүй талаас нь магадлан шалгах аргаар шалгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотолж, яллагдагч нарын үйлдэлд гэмт хэргийн шинж байгаа эсэхийг тогтоогоогүй атлаа гэм буруутайд тооцож ял оногдуулж байгаа нь хуульд нийцэхгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүгдэгч ******* түүний өмгөөлөгч М.Энхбаяр нар давж заалдах гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн, анхан шатны шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй буюу хууль илтэд зөрчсөн байна.

Хахууль авахыг шаардаагүй, урьдчилан ярилцаж тохиролцоогүй, авилга авахаар өөрөө санаачлаагүй боловч зугаалганд явах зорилгоор бусдаас мөнгө авсан үйлдлийг хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд хахууль авах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэхээр байна. Гэтэл анхан шатны шүүх хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийх учиртай атал хэрэгт огт байхгүй үйл баримтыг дурдаж дүгнэлт хийн гэм буруутайд тооцсон нь илт үндэслэлгүй байна. Прокурорын зүгээс өнөөдрийг хүртэл яллах дүгнэлтийг гардуулахдаа хавсралтын хамт гардуулж өгөөгүй нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хууль ёсны ажиллагаа зөрчигдөж, улмаар энэ талаар гаргасан дээд шатны шүүхийн шийдвэр мөн биелэгдээгүй буюу эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа ноцтой зөрчигдсөн болохыг дурдах нь зүйтэй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож *******д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 22 дугаар шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй гарсан гэж үзэж байгаа тул шүүгдэгч түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

                                                                                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1-д мөн хуулийн 39.1 дүгээр зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч                                            *******, ******* нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч ******* түүний өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, шүүгдэгч ******* нарын давж заалдах журмаар гаргасан гомдлуудад дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр, хэргийн бүх ажиллагаа, шийтгэх тогтоолыг бүхэлд хянаж үзлээ.

Ховд аймгийн  Булган сум дахь Сум дундын прокурорын 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 43 дугаар яллах дүгнэлтээр  шүүгдэгч  ******* нь  Мөст сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй “Булган стар” ХХК-ны захирал *******аас  2018 оны 8 дугаар сарын 26-ны өдөр хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний  хариуд, хэрэгжүүлэхийн тулд 2.000.000 төгрөгийн  хахуулийг тус сумын Засаг даргын тамгын газарт нярав ажилтай *******ээр дамжуулан авсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

Шүүгдэгч *******д   /Ховд аймгийн  Мөст сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй “Булган стар” ХХК-ны захирал/ 2018 оны 8 дугаар сарын 26-ны өдөр өөртөө давуу байдал бий болгох зорилгоор Ховд аймгийн   Мөст сумын Засаг дарга *******ад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь  холбогдуулан 2.000.000 төгрөгийн хахуулийг Засаг даргын тамгын газарт нярав ажилтай *******ээр дамжуулан өгсөн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  тус тус яллах дүгнэлт  үйлдэж хэргийг   Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхэд шилжүүлжээ.

Ховд аймгийн Мөст сумын Засаг даргаар ажилладаг шүүгдэгч ******* нь 2018 оны 8 дугаар сарын 26-ны өдөр тус сумын нутаг дэвсгэрт байгаль орчныг хамгаалах,нөхөн сэргээх үйл ажиллагааг явуулдаг “Булган стар” ХХК-ны захирал шүүгдэгч *******аас  2.000.000 төгрөгийн хахуул авсан, шүүгдэгч ******* нь *******ээр дамжуулан *******ад 2.000.000 төгрөгийн  хахуул өгсөн, уг мөнгөөр Мөст сумын Засаг даргын Тамгын газрын  хамт олон 2018 оны 8 дугаар сарын 25-26-ны өдрүүдэд Цэцэг сумын “Буга боодог” гэдэг амралтын газарт очиж 2 өдөр амарсан болох нь гэрч *******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...нэг боодол 20.000 төгрөгийн дэвсгэртийг машиндаа ганцаараа сууж байтал ******* ирээд үүнийг даргадаа өгчих гэж хэлээд надад өгсөн. Засаг дарга *******ыг кемпийн гэрээс гарч ирэхэд нь өгсөн. 2018 оны 8 дугаар сарын 10-аас 20-ны хооронд гэж бодож байна. Тодорхой сайн санахгүй байна.” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 19 дүгээр тал/ мөн “... машин дотор сууж байтал ******* орж ирээд даргадаа өгчих гээд 2.000.000 төгрөг өгсөн би даргад өгөх юм байна гэж бодоод авчихсан уг мөнгийг хахуулд өгч байгаа гэдгийг мэдээгүй.******* даргыг машинд орж ирэхээр нь мөнгө өглөө гэж хэлээд өгөхөд “Өө тийм үү” гээд надаас авчихсан...” гэх мэдүүлэг /2 дугаар хх-ийн 176 дугаар тал/,

гэрч Б.Алтангэрэлийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би зугаалгад яваагүй. Зугаалганы дараа Булган стар ХХК-иас 2.000.000 төгрөг авч зугаалгад явсан гэдгийг сонссон.” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 12 дугаар тал/,

гэрч С.Ганцоожийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2018 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн Сумын иргэдийн төлөөлөгчдийн хурал дээр Булган стар ХХК-наас 2 сая төгрөг авсан талаар мэдсэн.Тухайн 2 сая төгрөгийг Засаг даргын Тамгын газар зугаалахад  зарцуулсан талаар мэдсэн.” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 44 дүгээр тал/,

гэрч Х.Соёлмаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Булган стар ХХК-иас авсан 2.000.000 төгрөгийг яг юунд зарцуулсан юм бэ? 1.000.000 төгрөгийг хоол хүнс авахаар надад өгсөн. Ганцоож надаас 400.000 төгрөг зээлдэхээр нь нэмж 1.400.000 төгрөг шилжүүлсэн. Булган стар ХХК-иас өгсөн 1.000.000 төгрөгийг Засаг дарга ******* өөрөө  зарцуулсан.” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 20-21 дүгээр тал/,

гэрч Б.Төрбатын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Булган стар ХХК-иас  2.000.000 төгрөг авч тамгын газрын 10 хүн 2 өдөр “Буга боодог” гэдэг амралтын газар очиж амарсан.”гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 22-23 дугаар тал/,

гэрч П.Баянзулын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2018 оны 9 дүгээр сард Засаг даргын Тамгын гарын хамт олон Буга боодгийн амралтанд 2 өдөр амарсан.Энэ амралтанд явах санхүүжилтийг манай сумын Хужирт багт уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Булган стар ХХК-иас 2 сая төгрөгийг газрын даамал С.Ганцоож, Засаг дарга ******* нар авч тэр мөнгөөрөө амралтанд Засаг даргын тамгын газрын 10 гаруй хүн явж ирсэн гэж  байсан.” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн  32 дугаар тал/,

Х.Соёлмаагийн 111000008040 тоот дансны хуулга /2 дугаар хх-ийн 81-93 дугаар тал/ зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, үндэслэл бүхий болсон байна.

Шүүхийн шийтгэх тогтоолоор  шүүгдэгч *******ыг хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч *******ыг хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн   тусгай ангийн 22.4 дүгээр  зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч  *******ад нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж  5400 (таван мянга дөрвөн зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (таван сая дөрвөн зуун мянган) төгрөгөөр торгох ял шийтгэж, шүүгдэгч  *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж,  2700 (хоёр мянга долоон зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (хоёр сая долоон зуун мянган) төгрөгөөр торгох ял оногдуулж эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь шүүх тухайн зүйл хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор ял оногдуулсан, тэдгээрийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон, Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шударга ёсны зарчимд нийцсэн байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.4 дэх заалт, 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэг, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.1 дахь заалтаар  Ховд аймгийн Мөст сумын Засаг даргын албан тушаалыг нийтийн албан тушаалтанд хамруулан бөгөөд Ховд аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын Б/86 дугаар захирамжаар *******ыг Мөст сумын Засаг даргын албан тушаалд томилсон байна.

Мөст сумын Засаг дарга шүүгдэгч  ******* нь хахууль өгөгч тус суманд байгаль орчныг хамгаалах нөхөн сэргээх үйл ажиллагаа явуулдаг “Булган стар” ХХК-ний захирал *******д “Ховд аймгийн Алтай, Мөст сумдын нутаг байрлах “ Мөст”20847Х тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайд 2018 онд хийгдэх байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх ажлын төлөвлөгөөг баталж өгч, албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, хэрэгжүүлэхийн тулд түүнээс 2.000.000 төгрөгийн хахууль авсан болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтаар хангалттай тогтоогдсон байна.

Иймд шүүгдэгч *******ыг нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлын зөрчил үүсгэж, хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс хуулиар тодорхойлсон албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд, хэрэгжүүлсний хариуд 2.000.000 төгрөгийн хахууль авсан үйлдлийг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, хууль ёсны байх, хэргийн бодит байдлыг тогтоох, гэм буруугийн зарчмуудыг хангажээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудын хүрээнд хэргийн бүх ажиллагааг хянахад *******ын дээрх гэмт үйлдлийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тодруулсан,мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн хязгаарласан зүйл тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгч *******, ******* нарт тус бүрд нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тэдгээрийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор ял оногдуулсан нь мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт нийцсэн, хууль ёсны байх зарчмыг зөрчөөгүй байна. Анхан шатны шүүх шүүгдэгч *******ад холбогдуулан хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээ хэрэглэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсгийг баримтлан түүний гэмт хэрэг үйлдэж олсон 2.000.000 төгрөгийн орлогыг түүнд ногдох хөрөнгө орлогоос албадан гаргуулахаар шийдвэрлээгүй байх тул давж заалдах шатны шүүхээс зөвтгөж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж   шийдвэрлэх нь зүйтэй байна.

Түүнчлэн *******, ******* нарт тус бүрд оногдуулсан торгох ялыг биелүүлэх хугацааг хуульд заасан хугацаанд биелүүлэх үүрэг хүлээлгэх нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.-д заалттай нийцнэ.

Шүүгдэгч ******* болон түүний өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг нар “...*******ын үйлдэлд гэмт хэргийн шинжгүй, хэрэгт хамааралтай бүхий нотлох баримтыг шалгасан боловч түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэдгийг нотолж чадаагүй,гэм буруутай эсэхэд эргэлзээ гарч байх тул шүүгдэгч ******* холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх гомдол,    шүүгдэгч ******* нь  “...би гэмт хэрэг үйлдэх санаа зорилго анхнаасаа агуулж байсан бол яах гэж ажилчдад нь түлшний дэмжлэг үзүүлэхээ 3 сарын өмнө илээр хэлж, мэдэгдэж улмаар энэхүү дэмжлэгээ үзүүлэх юм.Миний хувьд өөртөө давуу байдал бий болгосон нь ямар нотлох баримтаар тогтоогдоод байгааг яллах дүгнэлт болоод шийтгэх тогтоолдоо огт заагаагүй буюу тогтоогдоогүй асуудлаар буруутгаж байгаа тул надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү? агуулга бүхий гомдлуудад дурдсан үндэслэлээр шүүгдэгч нарт холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөх, тэднийг цагаатгах  хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байх тул тэдгээрийн давж заалдах журмаар гаргасан     гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 22 дугаартай шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн 3 дахь заалтын “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 3/гурван/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.” гэснийг “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд төлүүлэхээр тогтоосугай.” гэж,

4 дэх заалтын “шүүхээс тогтоосон” гэснийг “хуульд заасан” гэж тус тус өөрчлөлт оруулж,

шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******аас гэмт хэрэг үйлдэж олсон орлого 2.000.000 (хоёр сая) төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.” гэсэн нэмэлт оруулж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч ******* болон түүний өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, шүүгдэгч ******* нарын давж заалдах журмаар гаргасан гомдлуудыг  хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн энэ шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор “анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” гэсэн үндэслэлээр оролцогчид Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.                                

 

 

 

                                                           

                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      М.НЯМБАЯР

 

                                              ШҮҮГЧИД                                        С.ӨМИРБЕК

 

                                                                                                       Н.ТУЯА