Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2026 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 2026/ШЦТ/78

 

 

 

 

 

                                2026/ШЦТ/78  

 

 

 

 

               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

А аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Ч.Жаргалан даргалж

                   Улсын яллагч: Л.Б

                   Хохирогч: Г.О

                   Хохирогчийн өмгөөлөгч: О.Б

                   Шүүгдэгчийн өмгөөлөгч: Д.Г

                   Шүүгдэгч: П.О

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Булган-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар А аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт П.О-т холбогдох эрүүгийн ******* тоот хэргийг хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1974 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр У хот, С дүүрэгт төрсөн, 52 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, К ХХК-д түлшний оператор ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт А аймгийн Э сумын 7 дугаар баг, Т хороолол **** тоотод оршин суух, урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Б овогт П.О

 

                             Холбогдсон хэргийн талаар:

 

   Шүүгдэгч П.О нь 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр А аймгийн Ц сумын А багийн нутаг дэвсгэр Я гэх газарт хот хоорондын төв магистрал зам дээр Тоёота Приус маркийн *******улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож байхдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3 Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно гэсэн заалтыг зөрчсөний улмаас Тоёота Приус Алфа маркийн *******улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, зам тээврийн осол гарган Тоёота Приус Алфа маркийн *******улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Г.Оийн биед тойг ясны хугарал, хагас саран жийргэвчний мөгөөрсний урагдал, тойгны дотор даруулган холбоосны урагдал, тойгны зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Талуудын байр суурь, шинжлэн судалсан нотлох баримтууд:

Улсын яллагчаас шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг нотолж Монгол Улсын төрийн нэрийн өмнөөс яллах байр суурьтай, яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан нотлох баримтуудыг шинжлэн судлах

 

Хохирогч Г.О болон түүний өмгөөлөгч О.Б нар 94,089,001 төгрөгийн хохирол нэхэмжлэх байр суурьтай, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд гаргасан хохирлын баримтуудыг шинжлэн судлах

 

Шүүгдэгч П.О болон түүний өмгөөлөгч Д.Г нар: Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай, 1-р хх-ийн 25, 103-104, 182-183х авагдсан баримтуудыг шинжлэн судлахаар оролцож

 

       шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

 

Хохирогч Г.Оийн шүүх хуралдаанд мэдүүлсэн: “...Би 2025 оны 04 дүгээр сарын 11-нд өглөө А аймгаас хөдлөөд Т аймгийн Б сум руу явж байсан. Я тэнд засмал зам дээр явж байхад миний урдаас приус-30 маркийн тээврийн хэрэгсэл урсгал сөрж орж  ирээд мөргөсөн. Энэ үйл явдлаас болоод би эрүүл мэндээрээ хохирч, ажил хөдөлмөр хийх боломжоо алдсан. Энэ эмчилгээний шимэгдэл гэх мэт зүйлээс шалтгаалж 4 юм уу 5 сард хагалгаанд орох заалттай байгаа. Би ажлаа хийх боломжгүй байгаа болохоор 2025 оны 11 дүгээр сараас эхлээд миний нийгмийн даатгал тасарсан. Миний оронд өөр хүнийг ажилд авсан. Манайх цэцэрлэг, сургуулийн насны хүүхдүүдтэй. Хүүхдүүдээ сургууль, цэцэрлэгт нь такситай гэрээ байгуулаад хүргэж өгч авдаг болсон. Би машинаа Нет капитал ББСБ-аас 33,600,000 төгрөгөөр 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдөр авсан. Сар болгоны 04 дүгээр сарын 15-ны дотор төлбөрөө хийдэг. Сард 800,000 гаруй төгрөгийн төлөлтийг хийдэг. Энэ нөхцөл байдлуудаас болоод маш их мөнгөний асуудал гарч байна. Маш их хохиролтой байна. Хохирол төлбөрөө гаргуулж авмаар байна ...” гэх мэдүүлэг,

           

                    *Эрүүгийн ******* тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн

 

-Хохирогч Г.Оийн мэдүүлэг /1 хх-ийн 82-84 дүгээр тал/

-Гэрч Г.Б-нийн өгсөн мэдүүлэг /1 хх-ийн 164-165 дугаар тал/

-Иргэний нэхэмжлэгч Ш.О-ын мэдүүлэг/1 хх-ийн 154-155 дугаар тал/

-Иргэний нэхэмжлэгч Ч.М-гийн мэдүүлэг/1 хх-ийн 111-112  дугаар тал/

-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1 хх-ийн 2 дугаар тал/,

-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх-ийн 3-9 дүгээр тал/,

-Зам тээврийн осол дээр тогтоосон акт, схем зураг /1 хх-ийн 10-11 дүгээр тал/,

-А аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Б.Б-гийн 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн АРХ0725/163 дугаартай дүгнэлт /1 хх-ийн 41-42 дугаар тал/,

-А аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Б.О-ын 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн АРХ0325/147 дугаартай химийн шинжилгээний дүгнэлт /1 хх-ийн 52-53 дугаар тал/,

-А аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Б.О-ын 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн АРХ0325/146 дугаартай химийн шинжилгээний дүгнэлт /хх-ийн 60-61 дүгээр тал/,

-Шинжээч Я.С-ын 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 52-76/213 дугаартай дүгнэлт /1 хх-ийн 70-73 дугаар тал/

-Хөрөнгийн үнэлгээний Х ХХК-ийн 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 582 дугаартай дүгнэлт /1 хх-ийн 118-121 дүгээр тал/,

-Шинжээч А.Б-ын 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 63 дугаартай дүгнэлт /1 хх-ийн 162-163 дугаар тал/,

-Яллагдагч П.О-ын өгсөн мэдүүлэг/1 хх-ийн 103-104 дүгээр тал/,

-Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1 хх-ийн 170 дугаар тал/

-Хохирогчоос гаргаж өгсөн нэхэмжилж буй хохирлын тооцоо, Н ХХК-ийн 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн АБ-25/226 дугаартай тодорхойлолт, Б ХХК-ийн 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 121 тоот тодорхойлолт, Г.Оийн 2015-2025 онуудад нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлт авсан тусламж үйлчилгээний мэдээлэл, М эмнэлгийн дүрс оношилгооны шинжилгээний хариу, Т эмнэлгийн 2025 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн тодорхойлолт, Э эмнэлгийн эмчилгээний хуудас, эмийн жорууд, хууль зүйн мэргэжлийн туслалцаа үзүүлэх гэрээ, 2025 оны 09 дүгээр сарын 30, 025 оны 09 дүгээр сарын 27, 2025 оны 09 дүгээр сарын 26, 2025 оны 10 дугаар сарын 07, 2025 оны 07 дугаар сарын 14-ний өдрүүдийн бензиний и-баримтууд, Автотээврийн төвийн зорчигч нэр: О и-баримт, Г.Оийн хөлийн рентген зураг, А аймгийн Нэгдсэн эмнэлгийн 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн толгойн тодосгогчгүй компьютер томограф шинжилгээний хариу, цээжний хөндийн эрхтний тодосгогчгүй КТ-д хариу, клиник лабораторийн шинжилгээний хариу, дүрс оношилгооны төвийн тодорхойлолт, яаралтай тусламжийн хуудас, Г.Оийн 2024-2025 оныг хүртэлх хугацааны дансны хуулганууд, Г.Оийн амбулатори эмчлүүлэгчдийн карт /1хх-ийн 217-250, 2хх-ийн 1-36 дугаар тал/,

-Шүүгдэгчээс гаргаж өгсөн М ХХК-ийн 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 4/59 тоот тодорхойлолт, П.Оын 2024 оны 01 дүгээр сараас 2025 оны 10 дугаар сарыг дуустал нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, П.Оын 2025 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга, П.Оаас хохирогч Г.Оийн данс руу 500,000 төгрөг, 850,000 төгрөг, 500,000 төгрөг, 416,664 төгрөг шилжүүлсэн баримтууд, Мэргэн гүн аудитын санхүүгийн чиглэлээр зөвлөгөө өгөх үйлчилгээ 320,000 төгрөг гэсэн баримт /2хх-ийн 38-44 дүгээр тал/,

-И ХХК-н 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн №2454/ДД№36510300 4012 дугаартай дүгнэлт /2хх-ийн 68-79 дугаар тал/,

-Шүүх хуралдааны шатанд хохирогчоос гаргаж өгсөн нэхэмжилж буй хохирлын тооцоо, 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн №50063527110 дугаартай зээлийн гэрээ, Г.Оийн 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2026 оны 03 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацааны зээлийн дансны хуулга, Т.А /таксины жолооч/-ийн тодорхойлолт,

 

Шүүгдэгчээс гаргаж өгсөн 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хохирогч Г.От 1,000,000 төгрөг шилжүүлсэн баримт, 2025 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 1,000,000 төгрөг шилжүүлсэн баримт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.  

 

Хэргийн үйл баримтын талаар:

 

Шүүгдэгч П.О нь 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр А аймгийн Ц сумын А багийн нутаг дэвсгэр Я гэх газарт хот хоорондын төв магистрал зам дээр Тоёота Приус маркийн *******улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож байхдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3 Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно гэсэн заалтыг зөрчсөний улмаас Тоёота Приус Алфа маркийн *******улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, зам тээврийн осол гарган Тоёота Приус Алфа маркийн *******улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Г.Оийн биед тойг ясны хугарал, хагас саран жийргэвчний мөгөөрсний урагдал, тойгны дотор даруулган холбоосны урагдал, тойгны зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол учруулсан болох нь

 

-Хохирогч Г.Оийн өгсөн:

            “...Би 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өглөө А аймгаас Т аймгийн Б сум руу хөдөлсөн. Тэгээд 09 цагийн орчимд А аймгийн Ц сумын нутаг янгиртай хясаа гэх газарт засмал зам дээр явж байхад зам их халтиргаа, гулгаатай цастай байсан болохоор би их зөөлөн 5-6 километр орчим хурдтай явж байхад эсрэг урсгалаас ирж явсан Тоёота Приус-30 маркийн тээврийн хэрэгсэл ирж мөргөсөн. Тэгээд миний машин засмал зам дээрээ бүтэн эргээд зогссон, нөгөө миний машиныг мөргөсөн машин замын хажуугийн эрээн шон мөргөөд зогссон байсан. Уг ослын улмаас миний баруун хөлийн тойг хугарсан. Толгойд хаван болон цус хуралт их байна гэсэн. ...Би бол замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй мөн зам халтиргаатай байсан болохоор 5-6 километр цагийн хурдтай явж байсан. Нөгөө машин нэлээн хурдтай эсрэг урсгалаас ирээд эсрэг урсгалдаа буюу миний зорчиж байсан эгнээ рүү ороод миний тээврийн хэрэгслийн урдаас мөргөсөн...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 82-84 дүгээр тал/

 

          -Гэрч Г.Б-ийн өгсөн:

          “...Уг авто машиныг 2018 оны 11 дүгээр сард авсан би банк бусаас худалдан аваад өөрөө 2 жил гаран хэрэглэж байгаад өөрийн хүргэн ах болох П.От 2020 онд зарсан юм. Би анх Санситкапитал банк бусаас авч байсан. Одоогоор банк бусын төлбөрөө төлөөд дуусгасан нэрээ шилжүүлээгүй байгаа. ...Надад ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй. Би тухайн үед машины төлбөрөө аваад дууссан...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 164-165 дугаар тал/

 

           -Иргэний нэхэмжлэгч Ш.О-ын өгсөн:

“...Тухайн авто машиныг хариуцан авсан иргэн Г.О өөрөө автомашины эвдрэл гэмтлээ хариуцан нөхөн төлбөрийн асуудлаа шийдвэрлэх учир ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг/1 хх-ийн 154-155 дугаар тал/

 

-Иргэний нэхэмжлэгч Ч.М-гийн өгсөн:

“...Г.О нь 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдрөөс 2025 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн хооронд гэмт хэргийн улмаас эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 416,664 төгрөгийн эмнэлгийн тусламж үйлчилгээг үнэ төлбөргүй авсан байсан. Үүнийг буруутай этгээдээс нэхэмжилж байгаа бөгөөд төрийн сангийн ******** тоот дансанд төлбөрийн төлүүлмээр байна...” гэх мэдүүлэг/1 хх-ийн 111-112  дугаар тал/

 

-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан ...А аймгийн Ц сумын А багийн нутаг Я гэх газар 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 16 цаг 30 минутад ******* улсын дугаартай Приус-30 маркийн тээврийн хэрэгсэл *******улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зам тээврийн осол гарсан... гэсэн тэмдэглэл /1 хх-ийн 2 дугаар тал/,

 

-Хэргийн газрын үзлэг хийсэн ...А аймгийн Ц сумын А багийн нутаг дэвсгэр Я гэх газар байв. ...Уг газар ертөнцийн зүгээр урд зүг рүү харсан байдалтай *******улсын дугаартай Приус Алфа маркийн автомашин байв. Уг автомашин нь урд хэсгээрээ мөргөлдөж автомашины урд хэсгийн эд анги эвдэрсэн хагарсан байдалтай байв. Хоёр автомашин анх мөргөлдсөн байж болох уг хоёр автомашины эд ангиас хагарч үлдсэн газрыг А цэгээр тогтоов. Замын өргөн 7,55 см А цэгээс замын урд хэсэг хүртэл 3,25 см, А цэгээс замын хойд хэсэг хүртэл 4,30 см байв. А цэгээс Приус Алфа маркийн автомашины хойд дугуй хүртэл 6,30 см, А цэгээс урд дугуй хүртэл 6,10 см байв. Уг Приус Алфа автомашины баруун талын хойд дугуйнаас замын хойд хэсэг хүртэл 4,86 см, зүүн талын хойд дугуйнаас замын хойд хэсэг хүртэл 4,45 см байв. ...Уг Приус Алфа маркийн автомашинаас баруун урд талд замын шороон далан хэсэгт улаан цагаан өнгийн бетон мөргөж зогссон байдалтай *******улсын дугаартай Приус-30 маркийн автомашин байв. Уг автомашин урд хэсгээрээ мөргөсөн гэх эвдрэл гэмтэлтэй байв. Уг автомашины урд талын гупер, копуд, урд салхины шил хоёр талын карлан зэрэгт эвдрэл үүссэн байв. Уг Приус-30 маркийн автомашины зүүн урд талын дугуйнаас А цэг хүртэл 17,70 см, зүүн хойд дугуйнаас А цэг хүртэл 15,10 см, Приус-30 маркийн автомашинаас Приус Алфа автомашин хүртэл Приус-30 маркийн автомашинаас замын зорчих хэсэг хүртэл зүүн хойд дугуйнаас 9,60 см зүүн урд дугуйнаас замын асфальт хэсэг хүртэл 12,50 см байв... гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх-ийн 3-9 дүгээр тал/,

 

-Зам тээврийн осол дээр тогтоосон акт, схем зураг /1 хх-ийн 10-11 дүгээр тал/,

-А аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Б.Б-гийн 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн АРХ0725/163 дугаартай ...1. Г.Оийн биед тойг ясны хугарал, хагас саран жийргэвчний мөгөөрсний урагдал, тойгны дотор даруулган холбоосны урагдал, тойгны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүснэ. 3. Дээрх гэмтлүүд цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. 4. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо гэсэн дүгнэлт /1 хх-ийн 41-42 дугаар тал/,

 

          -А аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Б.О-лын 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн АРХ0325/147 дугаартай химийн шинжилгээний ...П.Оын гэх цусанд спиртийн зүйл илрээгүй гэсэн дүгнэлт /1 хх-ийн 52-53 дугаар тал/,

          -А аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Б.О-ын 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн АРХ0325/146 дугаартай химийн шинжилгээний ...Г.Оийн гэх цусанд спиртийн зүйл илрээгүй гэсэн дүгнэлт /хх-ийн 60-61 дүгээр тал/,

 

          -Шинжээч Я.С-ын 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 52-76/213 дугаартай 1. Хэргийн материалд авагдсан нотлох баримттай танилцахад Тоёота Приус маркийн *******улсын дугаартай автомашины жолооч П.О нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3 Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Тоёота Приус Алфа маркийн *******улсын дугаартай автомашины жолооч Г.Оийг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна. 1.2. Тоёота Приус маркийн *******улсын дугаартай автомашины жолооч П.О нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3 дахь заалтыг тус тус зөрчсөний улмаас уг зам тээврийн осол гарсан гэж үзэж байна. 1.3 Ослын газрыг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтээс харахад зам тээврийн осол гарахад замын гадаргуу, байгалийн нөхцөл байдал нөлөөлсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна. 1.4. Хэргийн материалд тээврийн хэрэгслүүдээс үүссэн зогсоох арга хэмжээ авсан, хурдаа хассан гэх нотлох баримт тусгагдаагүй байна. 1.5 Нэмж тусгах саналгүй.

          2. Өмгөөлөгч В.У-ын асуусан асуултын хүрээнд:

          2.1. Энэ дүгнэлтийн 1.4 дүгээр хариултаар хариулсан. 2.2. Тоёота Приус маркийн *******улсын дугаартай автомашины жолооч П.О нь өөдөөс ирж байгаа тээврийн хэрэгслийг ямар зайнд харсан эсэх, тухайн үед хөдөлгөөний аль чигт анхаарлаа хандуулсан байсан эсэхийг шинжээчийн тусгай мэдлэгийн хүрээнд тогтоох боломжгүй байх тул Монгол Улсын Шүүх шинжилгээний тухай хуулийн 19.1.8 дахь заалтын дагуу тухайн асуултад хариулахаас татгалзаж байна. 2.3. Жолоочийн самбаачлах хугацаа нь аюул саад бий болохыг мэдсэн үед мэдээллийг боловсруулан шийдвэр гаргах хугацааг хэлдэг бөгөөд ихэнх насанд хүрсэн хүний дундаж самбаачлах хугацаа нь дунджаар 0.8 секунд байдаг. Тухайн үед жолооч П.О 45 км цагийн хурдтай зорчиж явсан гэж үзвэл 10 метр зам туултал тээврийн хэрэгсэл ямар нэгэн удаашралт хийх боломжгүй. Гэхдээ энэхүү самбаачлах хугацаа нь жолоочийн биеийн байдал, анхаарал сарнилт, согтууруулах ундааны нөлөө, эмийн нөлөө, жолоочийн нас, туршлага зэргээс шалтгаалан удааширч болдог. Бодолт: 45 км/цаг*1000м/3600сек=12.5м/сек 12,5м*0,8сек 10м/сек 2.4. Энэ дүгнэлтийн 1.3 дугаар хариултаар хариулсан. 2.5 Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт, тээврийн хэрэгслүүдийн эвдрэл, байрлал, хоёр машин мөргөлдсөн цэг болох А цэг зэрэгтэй танилцахад Тоёота Приус Алфа маркийн *******улсын дугаартай автомашины жолооч Г.Оийг зам голлож явсан гэх үндэслэлгүй байна. 2.6. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлд /уг хоёр автомашины эд ангиас хагарч үлдсэн газрыг А цэгээр тогтоов/ гэсэн байх бөгөөд гэрэл зургийн үзүүлэлтээс харахад А цэг үндэслэлтэй байна гэсэн дүгнэлт /1 хх-ийн 70-73 дугаар тал/,

 

          -Хөрөнгийн үнэлгээний Х ХХК-ийн 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 582 дугаартай ...тээврийн хэрэгслийн эвдрэл гэмтлийн үнэлгээг 6,845,000 төгрөг гэсэн дүгнэлт /1 хх-ийн 118-121 дүгээр тал/,

 

          -Шинжээч А.Б-ын 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 63 дугаартай ...2013 онд үйлдвэрлэсэн 2024 оны 07 дугаар сарын 30-нд МУ-д орж ирсэн *******улсын дугаартай Тоёота Приус Алфа-XW маркийн тээврийн хэрэгслийн зах зээлийн дундаж үнэлгээ 2025 оны 04 дүгээр сарын байдлаар 27,400,000/хорин долоон сая дөрвөн зуун мянга/ төгрөг байна гэсэн дүгнэлт /1 хх-ийн 162-163 дугаар тал/,

 

          -Яллагдагч П.Оын өгсөн:

          “...Би өөрийн гэм бурууг зөвшөөрч байна. ...Замын нөхцөл байдал цас орсон халтиргаа гулгаатай байсан болохоор тоормослох боломж олдоогүй осол хурдан хугацаанд болоод өнгөрсөн. Миний буруутай үйлдлийн улмаас хохирогч О-гийн биед гэмтэл учирсан болохоор би хохирлыг барагдуулна...” гэх мэдүүлэг/1 хх-ийн 103-104 дүгээр тал/,

 

        -И 3 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн №2454/ДД№36510300 4012 дугаартай дүгнэлтэд: ...нийт шууд зардлын дүн:14,815,000 төгрөг, үнэлгээгээр тогтоогдсон дүн-17,815,00 төгрөг гэсэн дүгнэлт /2хх-ийн 68-79 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хууль зүйн дүгнэлт

        Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол ...” гэж гэмт хэргийн үндсэн шинжийг хуульчилсан.

 

        Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд /2015/ заасны дагуу Монгол Улсын нутаг дэвсгэрт бүх нийтээр дагаж мөрдөх замын хөдөлгөөний нэгдсэн журмыг тогтоох зорилгоор Монгол Улсын Засгийн газраас Замын хөдөлгөөний дүрмийг 2018 онд шинэчлэн баталсан.

 

        Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь хэсэгт “жолооч" гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа хүн, жолоодлогын дадлага хийлгэж яваа багш, замаар ердийн хөсөг унаж, хөтөлж яваа хүнийг” ойлгоно гэж заасан.

 

        Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгддэг, материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг буюу гэмт этгээдийн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэл нь хохирогчид учирсан хохиролтой шууд шалтгаант холбоотой.

 

        А аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Б.Б-гийн 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн АРХ0725/163 дугаартай дүгнэлт /1 хх-ийн 41-42 дугаар тал/-ээр хохирогч Г.О-ийн биед эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хохирлын хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан болох нь тогтоогдсон.

 

       Шүүгдэгч П.О нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3 Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно гэсэн заалтыг зөрчсөний улмаас Тоёота Приус Алфа маркийн *******улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, зам тээврийн осол гарган хохирогч Г.О-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

 

   А аймгийн Прокурорын газраас шүүгдэгч П.О-ыг авто тээврийн хэрэгслийн аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас  хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэлээ.

 

    Иймд шүүгдэгч П.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

                    Хохирол хор уршгийн талаар:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт хуульчилсан.

 

Шүүгдэгч талаас хохирогчийн эмчилгээний зардал, хохирогчийн автомашинд учирсан хохирлын төлбөр, хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийг маргах зүйлгүй, төлөхийг хүлээн зөвшөөрнө гэсэн байр суурийг илэрхийлсэн.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-т “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж заасан.

 

Хохирогч эмнэлэгт үзүүлсэн болон эмчилгээний зардал 2,343,600 төгрөг , шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон хохирогчийн автомашинд учирсан эвдрэлийн төлбөр 17,815,000 төгрөг, эмчилгээ болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохоор тухайн цаг хугацаанд замд явахад зарцуулсан шатахууны баримтаар тогтоогдож байгаа зардал 1,288,655 төгрөг, эрүүл мэндэд учирсан гэмтлийн улмаас ажилгүй байсан хугацааны авах байсан цалин 12,100,000 төгрөг /хэрэгт авагдсан хохирогч Г.Оийн нийгмийн даатгалын шимтгэлийн лавлагаагаар хохирогч нь Б ХХК-д гэмт хэрэг гарах үед 1,100,000 төгрөгийн цалинтай ажиллаж байсан нь тогтоогдож байх бөгөөд 2025 оны 04 сараас 2026 оны 04 сар хүртэл нийт 11 сарын ажилгүй байсан хугацаанд авах байсан цалин 2025 оны 4 сараас 2026 оны 3 сар дуустал 11 сараар тооцоход нийт 12,100,000 төгрөг, гэмт хэргийн улмаас хохирогчийн автомашин эвдэрч такси үйлчилгээ эрхлэгчтэй гэрээ байгуулж бага насны хүүхдээ сургууль болон сургалтад зөөсөн зардал 2,100,000 төгрөг гэх зардлууд нь гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан эд хөрөнгийн хохирол мөн бөгөөд нотлох баримтаар тогтоогдож байх тул эдгээр хохирлыг шүүгдэгч П.Оаас гаргуулж хохирогч Г.От олгох нь зүйтэй.

 

Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ гэж, мөн хуулийн 230 дугаар зүйлийн 230.2-т “Сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгах бөгөөд бусад эдийн бус гэм хорыг гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд мөнгөн хэлбэрээр арилгана” гэж тус тус заасан. Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ыг баталсан бөгөөд хохирогч Г.Оийн сэтгэцэд нэгдүгээр зэрэглэлийн хор уршиг учирсан нь хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон тул хохирогчид үүссэн сэтгэцийн эмгэг, учруулсан гэм хор, хохирогчид учирсан гэмтлийн байдал, учирсан өвдөлт шаналал, хохирогчид учирсан сөрөг үр дагавар, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан гэмт хэрэг үйлдэх үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 4,99 дахин нэмэгдүүлж 3,952,080 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогч Г.От олгох нь зүйтэй.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3-т зааснаар шүүгдэгчээс нийт 39,599,335 төгрөгийн хохирол гаргуулж хохирогчид олгох үндэслэлтэй гэж дүгнэсэн бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад төлсөн 4,350,000 төгрөгийг хасаж шүүгдэгч П.Оаас хохиролд нийт 35,249,335 төгрөгийг гаргуулж хохирогч Г.От олгохоор шийдвэрлэлээ.

 

Мөн Иргэний хуулийн 513 дугаар зүйлийн 513.1-т “Бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдуулан төлбөр төлсөн нийгмийн даатгал, нийгмийн хангамжийн буюу бусад хуулийн этгээд нь гэм буруутай иргэн болон хуулийн этгээдээс төлбөр, тусламжаа буцаан нэхэмжлэх эрхтэй” гэж заасан бөгөөд иргэний нэхэмжлэгчээр А аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн чанар, төлбөрийн хяналтын мэргэжилтэн Ч.Мягмарсүрэнг тогтоосон. Иргэний нэхэмжлэгч нь хохирогч Г.Оийн гэмт хэргийн улмаас эрүүл мэндийн үйлчилгээ авсан төлбөр 416,664 төгрөгийг нэхэмжилж байгаа талаар мэдүүлж, холбогдох баримтыг ирүүлсэн  байх тул уг хохирлыг шүүгдэгчээс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгохоор шийдвэрлэлээ.

 

Хохирогчийн нэхэмжилж байгаа төлбөрөөс хохирогч гэрээний үндсэн дээр өмгөөлөгчөөс үйлчилгээ авсан төлбөр 1,200,000 төгрөг, Н ББСБ-с авсан зээл 10,150,524 төгрөгийг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол гэж үзэх үндэслэлгүй, мөн Б ХХК-с авах цалингийн зөрүү 1,100,000 төгрөгийг нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Ц ХХК-с авах ёстой байсан цалин 18 сая төгрөг, гоо сайхны бүтээгдэхүүн зарж олох байсан 24 сая төгрөгийг нэхэмжилж хохирогчоос банкны дансны хуулга ирүүлсэн боловч эдгээр нь хохирогчийн цалин болон худалдааны орлогыг хуульд заасан журмаар тодорхойлж татвар төлсөн баримт биш, энэ талаар баримтгүй тул хэлэлцэхгүй орхиж баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж байна.

 

Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагчаас “Шүүгдэгч П.От Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, мөн 9,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, уг торгуулийг 12 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх...” гэх дүгнэлтийг гаргасан.

Хохирогч болон түүний өмгөөлөгч О.Б-гээс “...Саналгүй ...” гэх тайлбарыг гаргасан.

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 6.5 дугаар зүйлийн 1.2-т заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид яаралтай тусламж үзүүлсэн нөхцөл байдал байна. ...Эрүүгийн хуулийн ерөнхий  6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар тухайн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн тохиолдолд хорихоос өөр төрлийн ял оногдуулах, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр 3 жил хүртэл хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авах боломжтой. Иймд шүүгдэгч П.От 3 жил хүртэл хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх байдлаар шийдвэрлэх боломжтой байна” гэх саналыг гаргасан.

       Шүүгдэгчээс: “...Хэлэх зүйл байхгүй...” гэх тайлбарыг гаргасан.

 

Шүүгдэгч П.О нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй бөгөөд шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий  6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа, харин тохиолдлын шинж чанартай нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид эмнэлгийн тусламж үзүүлсэн, хохирол нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргийг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан  эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн оногдуулах нөхцөл байдалд тооцов.

 

Улсын яллагчаас торгох ял оногдуулах, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх санал гаргаж байх боловч учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч П.Оын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3/гурав/ жилийн хугацаагаар хасаж, 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулахаар шийдвэрлэлээ.

 

Шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

 

 Шүүхээс шүүгдэгч П.От зорчих эрх хязгаарлах ял оногдуулсан, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг зорчих эрх хязгаарлах ял оногдуулсан үеэс эхлэн тоолно.

 

Шүүхийн шатанд шүүгдэгч талын хүсэлтээр хохирогчийн автомашинд учирсан хохирлыг тогтоох шинжилгээ хийлгэхээр шинжээчээр И ХХК-г томилж шинжээчээр томилогдсон байгууллага шинжээчийн дүгнэлтийг, шинжээчийн ажлын хөлсний зардлын баримтын хамт ирүүлсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4.1, 11.6.1-т зааснаар шинжээчийн ажлын хөлс 1,232,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж И ХХК-д олгохоор шийдвэрлэлээ.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдлаа.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8  дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

 1. Шүүгдэгч Б овогт П.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх зааснаар  шүүгдэгч П.Оын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3/гурав/ жилийн хугацаагаар хасаж, 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.От оногдуулсан 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг түүний оршин суух газар болох А аймгийн Э сумын нутаг дэвсгэрээс гадагш гарахыг хориглосугай.

 

4. Шүүгдэгч П.О шаардлагатай тохиолдолд эрх бүхий байгууллагын зөвшөөрлөөр оршин суух газраа өөрчлөх, зорчихыг анхааруулсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.О нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.От оногдуулсан 3 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг зорчих эрх хязгаарлах ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.

 

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3, 513 дугаар зүйлийн 513.1-т заасныг баримтлан шүүгдэгч П.Оаас хохирол 35,249,335 төгрөг гаргуулан А аймгийн Э сумын *** дугаар баг, Н-гийн 4-4-10 тоотод оршин суух Б овогт Г.О-т, 416,664 төгрөг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын санд / А аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэс төрийн сангийн ****** тоот данс/-д тус тус олгосугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4.1, 11.6.1-т зааснаар шүүгдэгч П.Оаас шинжээчийн зардал 1,232,000 төгрөг гаргуулж шинжээч И ХХК-д олгосугай.

 

9. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хохирогч байсан цалин болон олох байсан орлогын талаар баримтаар бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

11. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч П.От авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Ч.ЖАРГАЛАН