Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 128/ШШ2023/0541

 

2023 06 19 128/ШШ2023/0541

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Гангэрэл даргалж тус шүүхийн 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: 1. Өлөгчөөгийн Цэдэндамба /РД: ЧК55061510/,

2. Дамбийнямын Баатарсүх /РД: ЧД51050174/,

3. Лхагважавын Санаа /РД: УС50052928/,

4. Дулмаагийн Эрдэнэбаатар /РД: ЧК56071172/,

5. Шаравын Батхишиг /РД: ПД72052771/,

6. Шаравын Хүрэлбаатар /РД: АЮ70012178/,

7. Энэбишийн Сандагдорж /РД: ЧИ50051717/,

8. Мүүзээгийн Батчулуун /РД: ЧК52062171/,

9. Доржсүрэнгийн Отгон /РД: ЧК48021075/,

10. Болдын Алтангэрэл /РД: ЧК69123072/,

11. Чүлтэмийн Наранчимэг /РД: АЮ72112208/,

12. Чулуунбатын Дашдаваа /РД: ЧК48060671/,

13. Адъяагийн Энхбаяр /РД: ХА66120513/,

14. Нацагдоржийн Дэмчигдорж /РД: ЧК66111374/,

15. Намсрайн Батбаяр /РД: ЛЮ69040317/,

16. Нямсүрэнгийн Энхбат /РД: ЦД68042379/,

17. Ганболдын Золбаяр /РД: КЮ92051955/,

18. Балтын Батгэрэл /РД: ЧК67032872/,

19. Даваажавын Сүхбаатар /РД: АО74020212/,

20. Түндэвцэрэнгийн Загдрагчаа /РД: ЧК45101411/,

21. Жамбалсүрэнгийн Улаанхүү /РД: ХЙ64031277/,

22. Лувсанхүүгийн Дагвадорж /РД: УУ68031631/,

23. Намсрайн Ариунболд /РД: ЧМ74021512/

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга,

Хариуцагч: Баянгол дүүргийн Засаг дарга нарын хооронд үүссэн газрын маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.Батчулуун, Ш.Хүрэлбаатар, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Дагвадорж, нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Н.Ариунболд, хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Мөнхжин, хариуцагч Баянгол дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ачит-Алтай, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага:

1.1. Нийслэлийн Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн А/388 дугаар захирамжийн хавсралтын 39, 40 дэх хэсгийн нэхэмжлэгч 23 иргэнд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах,

1.2. Нийслэлийн Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн А/388 дугаар захирамжийн хавсралтын 39, 40 дэх хэсгийн нэхэмжлэгч 23 иргэнд холбогдох хэсэг болон Баянгол дүүргийн Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн А/60 дугаар захирамжийн нэхэмжлэгч Ө.Цэдэндамба, Д.Баатарсүх, О.Санаа, Д.Эрдэнэбаатар, Ш.Батхишиг, Ш.Хүрэлбаатар, Э.Сандагдорж, М.Батчулуун, Д.Отгон, Б.Алтангэрэл, Ч.Наранчимэг, Ч.Дашдаваа, А.Энхбаяр, Н.Дэмчигдорж, Н.Батбаяр, Н.Энхбат, Г.Золбаяр, Б.Батгэрэл, Д.Сүхбаатар, Т.Загдрагчаа, Ж.Улаанхүү, Л.Дагвадорж нарт холбогдох хэсгийг тус тус Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д заасны дагуу захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх,

1.3. Нийслэлийн Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн А/388 дугаар захирамжийн дагуу буулгахаар шийдвэрлэсэн нэхэмжлэгч Ө.Цэдэндамба, Д.Баатарсүх, О.Санаа, Д.Эрдэнэбаатар, Ш.Батхишиг, Ш.Хүрэлбаатар, Э.Сандагдорж, М.Батчулуун, Д.Отгон, Б.Алтангэрэл, Ч.Наранчимэг, Ч.Дашдаваа, А.Энхбаяр, Н.Дэмчигдорж, Н.Батбаяр, Н.Энхбат, Г.Золбаяр, Б.Батгэрэл, Д.Сүхбаатар, Т.Загдрагчаа, Ж.Улаанхүү, Л.Дагвадорж нарын гараашийг Улаанбаатар хотын ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1992 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн А/39 дүгээр захирамжийн дагуу Бор Үрээ Б компани, Баянгол дүүргийн Засаг даргын 1999 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн Б/128 дугаар захирамжийн дагуу ХХМедиа ХХК, Д.Азжаргал, Баянгол дүүргийн Засаг даргын 1999 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн Б/114 дүгээр захирамжийн дагуу иргэн н.Даржаа нар тус тус барьсан эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоож, хүлээн зөвшөөрөх,

1.4. Улаанбаатар хотын ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1992 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн А/39 дүгээр захирамж, Баянгол дүүргийн Засаг даргын 1999 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн Б/128 дугаар захирамж, Баянгол дүүргийн Засаг даргын 1999 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн Б/114 дүгээр захирамжуудын дагуу барилга байгууламж, гараашийн зориулалтаар газар эзэмших, эзэмшүүлэх эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоож, хүлээн зөвшөөрөх,

1.5. Улаанбаатар хотын ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1992 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн А/39 дүгээр захирамж, Баянгол дүүргийн Засаг даргын 1999 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн Б/128 дугаар захирамж, Баянгол дүүргийн Засаг даргын 1999 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 114 дүгээр захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгож, илт хууль бус захирамжийн дагуу баригдсан гараашийн үнэ болох 10 сая төгрөгийн хохирлыг нэхэмжлэгч 23 иргэн тус бүрт олгуулах.

2. Хэргийн нөхцөл байдал, процессын түүх:

2.1. Нийслэлийн Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн А/388 дугаар, Баянгол дүүргийн Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн А/60 дугаар захирамжаар нэхэмжлэгч Ө.Цэдэндамба нарын 23 иргэний эзэмшлийн гараашийг зөвшөөрөлгүй гэсэн үндэслэлээр доорх газрыг нь чөлөөлөх шийдвэрийг тус тус гаргаж, улмаар Баянгол дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас газар чөлөөлөх мэдэгдлийг нэхэмжлэгч нарт хүргүүлсэн байна.

2.2. Үүнтэй холбогдуулан нэхэмжлэгч иргэдээс өөрсдийн эзэмшлийн гараашийг зөвшөөрөлтэй баригдсан байхад Нийслэлийн Засаг дарга болон Баянгол дүүргийн Засаг даргаас хууль бус захирамж гаргасан болох, мөн тухайн иргэдийн ашиглаж буй гараашийг зөвшөөрөлтэй баригдсан болохыг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэлээ гаргажээ.

3. Нэхэмжлэгч Ө.Цэдэндамба нарын 23 иргэн нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна.

3.1. Улаанбаатар хотын ардын депутатын хурлын гүйцэтгэх захиргааны 1992 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн А/39 захирамжаар Баянгол дүүргийн 88-р цэцэрлэгийн хойд талд 0,05 га газрыг гараашийн зориулалтаар байршил тогтоож, газрын дарга Г.Болдоос Бор-Үрээ- Б компанид амины гараашны зориулалтаар газар олгосон тухай мэдэгдсэн байдаг. Улмаар Бор-Үрээ-Б компани нь уг зөвшөөрлийн дагуу бидний гараашийг барьсан.

3.2. Баянгол дүүргийн Засаг даргын 1999 оны 7-р сарын 22-ны өдрийн Б/128 захирамжаар Баянгол дүүргийн 18-р хорооны нутаг дэвсгэрт, 42, 43-р байрны урд 2*8 машины гарааш барихыг "ХХМедиа" ХХК-ны Д.Азжаргалд зөвшөөрсөн.

3.3. Баянгол дүүргийн Засаг даргын 1999 оны 7-р сарын 4-ний өдрийн Б/114 захирамжаар Баянгол дүүргийн 18-р хороо, 43-р байрны урд тал 88 дугаар цэцэрлэгийн зүүн талд 24 машины гарааш барихыг иргэн Даржаад зөвшөөрсөн байдаг.

3.4. Тодруулбал Бор-Үрээ-Б компани, "ХХМедиа" ХХК, иргэн Даржаа нь бидний одоо эзэмшиж, өмчилж байгаа гарааш /барилга/-ийг эрх бүхий этгээдийн тус тусын зөвшөөрлөөр барьсан, уг компаниас барьсан гарааш /барилга/-аа иргэдэд худалдан борлуулж иргэний гүйлгээнд оруулсан, иргэд бид зах зээлийн зарчмын дагуу худалдан авч, эзэмшиж, өмчилж байгаа болно. Хувийн өмчийг хамгаалж Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 1-д Монгол Улсын иргэн дараах үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ:... 3/... хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх... эрхтэй.

3.5. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөх олговор, үнийг төлнө;" гэж заасан Түүнчлэн Газрын тухай хуулийн 57.3-т "Зохих зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга, байгууламж барьсан, эсхүл бусад хэлбэрээр түүнийг дур мэдэн эзэмшсэн бол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга уг газрыг чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл өгнө.", 57.4-т "Мэдэгдэлд заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүй бол аймаг нийслэл, сум, дүүргийн Засаг дарга уг газрыг албадан чөлөөлөх арга хэмжээ авч, холбогдох зардлыг гэм буруутай этгээдээс гаргуулна." гэж заасан байдаг.

3.6. Гэтэл Улаанбаатар хотын захиргаа, Баянгол дүүргийн Засаг даргын зөвшөөрлөөр Бор-Үрээ-Б компани, "ХХМедиа" ХХК, иргэн Даржаа нарын барьсан барилга байгууламж /гарааш/-ийг Нийслэлийн Засаг дарга нь 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн А/388 захирамжаар зөвшөөрөлгүй барьсан гэн албадан буулгахаар шийдвэрлэсэн нь иргэн бидний хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, ашиглах, өмчлөх эрхийг зөрчиж байна. Иргэний хуулийн 89.1-д "Хүсэл зоригийн дагуу эрх, эд юмсыг хууль ёсоор мэдэлдээ авах замаар эзэмшил үүснэ. ", 101.1-д "Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй." гэсэн.

3.7. Иргэн бид Баянгол дүүрэг, 18-р хороо, 88 дугаар цэцэрлэгийн ард байрлах барилга байгууламж /гарааш/-ийг шударга бусаар, хууль зөрчиж, хулгай хийж олж аваагүй. Эрх бүхий этгээдийн шийдвэрийн дагуу барьсан этгээдээс хэлцэл хийх замаар авсан болно. Гэтэл биднийг зөвшөөрөлгүй барилга байгууламж /гарааш/ барьсан, дур мэдэн газар эзэмшсэн гэж бидний эзэмшил, өмчлөлийн барилга байгууламж /гарааш/-ийг албадан буулгах гэж байгаа захиргааны үйл ажиллагааг хууль бус гэж үзэн гомдолтой байгаа болно. Тиймээс захиргааны хууль бус үйлдлээс өөрсдийн Үндсэн хууль, Иргэний хуулиар баталгаажсан эрхийг хамгаалахаар шүүхэд хандсан болно.

3.8. Газрын тухай хуулийн 57.3-т "Зохих зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга, байгууламж барьсан, эсхүл бусад хэлбэрээр түүнийг дур мэдэн эзэмшсэн бол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга уг газрыг чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл өгнө. 57.4-т "Мэдэгдэлд заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүй бол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга уг газрыг албадан чөлөөлөх арга хэмжээ авч, холбогдох зардлыг гэм буруутай этгээдээс гаргуулна гэж тус тус заасан.

3.9. Гэтэл Засаг даргаас зөвшөөрөлтэй баригдсан, зөвшөөрөлгүй баригдсан барилга байгууламж /гарааш/-ийг ялгахгүйгээр бүх гараашийг албадан буулгахаар шийдвэрлэсэн байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаа дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3-т "Монгол Улсын иргэн нь хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөх олговор, үнийг төлнө." гэж хувийн өмчийг хамгаалсан байдаг.

3.10. Төр, түүний байгууллагаас нийгмийн хэрэгцээ шаардлагын үүднээс төрийн зөвшөөрөлтэй баригдсан барилга байгууламж /гарааш/-ийг буулгах гэж байгаа бол нөхөх олговор олгох нь Үндсэн хуулиар хувийн өмчийг хамгаалсан үндсэн зарчим юм. Нэхэмжлэгчдийн зүгээс дур мэдэн эрх бүхий этгээдийн зөвшөөрөлгүйгээр дур мэдэн барилга байгууламж /гарааш/-ийг бариагүй болно. Тодруулбал дор дурдсан этгээдийн зөвшөөрлөөр уг гараашнууд баригдсан гэдгийг нэхэмжлэлд дурдсан билээ. Үүнд:

1. Улаанбаатар хотын ардын депутатын хурлын гүйцэтгэх захиргааны 1992 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн А/39 захирамж (одоогийн нийслэлийн захирамж). Уг захирамжаар Баянгол дүүргийн 88-р цэцэрлэгийн хойд талд 0,05 га газрыг гараашны зориулалтаар байршил тогтоож, газрын дарга Г.Болдоос Бор-Үрээ-Б компанид амины гараашны зориулалтаар газар олгосон тухай мэдэгдсэн байдаг. Улмаар Бор-Үрээ-Б компани нь уг зөвшөөрлийн дагуу уг гараашийг барьсан байдаг.

2. Баянгол дүүргийн Засаг даргын 1999 оны 7-р сарын 22-ны өдрийн Б/128 захирамж. Уг захирамжаар Баянгол дүүргийн 18-р хорооны нутаг дэвсгэрт, 42, 43-р байрны урд 2*8 машины гарааш барихыг "ХХМедиа" ХХК-ны Д.Азжаргалд зөвшөөрсөн байдаг.

3. Баянгол дүүргийн Засаг даргын 1999 оны 7-р сарын 4-ний өдрийн Б/114 захирамж. Уг захирамжаар Баянгол дүүргийн 18-р хороо, 43-р байрны урд тал 88 дугаар цэцэрлэгийн зүүн талд 24 машины гарааш барихыг иргэн Даржаад зөвшөөрсөн байдаг Гэтэл Нийслэлийн Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 14-ны өдрийн А/388 захирамжийн хавсралтын 39, 40 хэсэгт зааснаар эрх бүхий этгээдийн зөвшөөрөлтэй баригдсан хэдий ч сайн дураар газрыг чөлөөлөх эсхүл захиргаанаас уг гараашнуудыг албадан буулгах болоод байна. Олон гарааш дунд дураараа буюу эрх бүхий этгээдийн зөвшөөрөлгүй баригдсан гарааш байж болно. Эдгээр нөхцөл байдлыг сайн нягтлахгүйгээр, судлахгүйгээр "кампанчлан" бүх 33 11 гараашийг зөвшөөрөлгүй баригдсан гэж албадан буулгахаар шийдвэрлэсэн нь Газрын тухай хуулийн 57.3, 57 4-т заасанд нийцэхгүй, мөн нэхэмжлэгчдийн хөрөнгө шударгаар олж авах, эзэмших ашиглах, өмчлөх эрхэд нийцэхгүй байна.

3.11. Бидний эзэмшиж, ашиглаж, өмчилж байгаа барилга байгууламж /гарааш/ нь анх Улаанбаатар хотын ардын депутатын хурлын гүйцэтгэх захиргааны 1992 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн А/39 захирамж, Баянгол дүүргийн Засаг даргын 1999 оны 7-р сарын 22-ны өдрийн Б/128 захирамж, Баянгол дүүргийн Засаг даргын 1999 оны 7-р сарын 4-ний өдрийн Б/114 захирамжуудын дагуу ойлгож байгаа.

3.12. Гэтэл хариуцагчийн төлөөлөгчдөөс биднийг дур мэдэн барилга байгууламж барьсан, газар эзэмшсэн гэсэн үндэслэлээ батлан хариу тайлбар ирүүлсэн байна Өөрөөр хэлбэл 1992, 1999 онд дурдсан захирамж буюу гараашны зориулалтаар газрын асуудлаар захиргааны шийдвэр гаргах эрхгүй этгээд нар шийдвэр гаргасан, түүнийг үндэслэн гараашнууд баригдсан гэж ойлголоо Тиймээс бидний зүгээс 1992 онд Улаанбаатар хотын ардын депутатын хурлын гүйцэтгэх захиргаа, 1999 онд БГД-ийн Засаг дарга нь гарааштай холбоотой газрын асуудлаар шийдвэр гаргах эрхгүй этгээд байжээ гэж ойлголоо. Хэрэв эрх бүхий захиргааны тухайн цаг үеийн албан тушаалтан нь шийдвэр гаргах эрхгүй байсан атлаа барилга байгууламж /гарааш/-ийн зориулалтаар газар эзэмших эрхийн асуудлаар шийдвэр гаргасан бол тэр нь илт хууль бус захиргааны акт юм.

3.13. Тодруулбал өнөөдөр /2023 он/-ийн Нийслэлийн Засаг дарга, дүүргийн Засаг дарга гэх захиргааны албан тушаалтнуудаас 1993, 1999 оны захирамж, шийдвэрийг илт үгүйсгэж байна. Хэрэв 1992 онд Улаанбаатар хотын ардын депутатын хурлын гүйцэтгэх захиргаа, 1999 онд дүүргийн Засаг дарга гарааш барих асуудлаар газар эзэмших ашиглах зөвшөөрөл гаргаагүй бол уг гараашнууд баригдахгүй, бид гарааш худалдаж авч хохирохгүй байсан билээ. Дахин тодруулахад, 1992 онд Улаанбаатар хотын ардын депутатын хурлын гүйцэтгэх захиргаа, 1999 онд дүүргийн Засаг дарга нь илт хууль бус захирамж гаргасны улмаас гарааш эзэмшигч ашиглагч иргэд бид өнөөдөр захиргааны өмнө "дур мэдэн барилга байгууламж барьсан, зөвшөөрөлгүй газар эзэмшсэн" нэр хоч зүүн, худалдаж авсан барилга байгууламжаа захиргааны журмаар албадан буулгах дээрээ тулаад байгааг зориуд цохон дурдаж байна. 88 Иймд дараах байдлаар нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж байна. Үүнд:

1. Улаанбаатар хотын ардын депутатын хурлын гүйцэтгэх захиргааны 1992 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн А/39 захирамж, Баянгол дүүргийн Засаг даргын 1999 оны 7-р сарын 22-ны өдрийн Б/128 захирамж, 1999 оны 7-р сарын 4-ний өдрийн Б/114 захирамж нь илт хууль бус гэдгийг тогтоох

2. Дээр дурдсан илт хууль бус захирамжийн дагуу баригдсан гэх гараашийн үнэ болох 10 сая төгрөгийг хохирлыг гаргуулах.

3.14. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.5-д "эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоож, хүлээн зөвшөөрөх" гэсний дагуу дараах байдлаар нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж байна. Газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн захиргааны байгууллага гэрчилгээ олгож, гэрээ байгуулах харилцаа хуулиар тогтоогдсон байдаг билээ. Тухайлбал: Газрын тухай хууль /1994/ 32.1-д "Газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн сум, дүүргийн Засаг даргын томилсон албан тушаалтан тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, гэрчилгээ олгох, уг гэрээг улсын бүртгэлд бүртгэнэ." гэж, Газрын тухай хууль /2002/-ийн 34.1-д "Энэ хуулийн 33.1-д заасан газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ." гэж тус тус заасан.

3.15. Хэрэв Улаанбаатар хотын ардын депутатын хурлын гүйцэтгэх захиргааны 1992 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн А/39 захирамж, Баянгол дүүргийн Засаг даргын 1999 оны 7-р сарын 22-ны өдрийн Б/128 захирамж, 1999 оны 7-р сарын 4- ний өдрийн Б/114 захирамжууд нь хууль ёсны, хуулийн хүрээнд гаргасан бол түүнийг үндэслэн захиргаа /газрын алба/-аас гэрээ байгуулж, гэрчилгээ олгох хуулиар тогтоосон үүрэгтэй. Гэтэл нийслэл, дүүргийн Засаг даргаас гараашны зориулалтаар газар эзэмших ашиглах шийдвэр гаргасан байхад захиргаа /газрын алба/ гарааш эзэмшигч, ашиглагч, өмчлөгч нарт эрхийн гэрчилгээ олгоогүй атлаа эргээд тэдгээр гарааш өмчлөгч иргэдээ гэрчилгээгүй, нураана, албадан буулгана гэж буруутгаж байгаа нь ойлгомжгүй байна. Иймд дараах байдлаар нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж байна.

3.16. Гарааш бүхий иргэд бид тухайн цаг үед гараашны нэрийг өөр дээрээ шилжүүлж авахаар газрын албан дээр удаа дараа очиж байсан боловч улсын кадастрын бүртгэлд оруулсан, гэрээ байгуулж төлбөр аваад явна гэж хэлээд бүртгэлд оруулаад явсан. Харин газрын албаны зүгээс уг гараашнууд нь хууль бусаар баригдсан, дур мэдэн барилга байгууламж барьсан, газар ашигласан талаар огт дурдаагүй, анхааруулаагүйгээр барахгүй тухайн гараашнуудыг өөрийн нэр дээр бүртгэлд оруулахыг зөвшөөрч, бүртгэлд оруулж байсан. Гэрчилгээ бичиж өгөхгүй байх шалтгаанаа зөвшөөрөлгүй баригдсан гараашнуудыг цэгцлэх үүднээс "дээрээс" гэрчилгээ олгох ажлыг түр зогсоогоод байгаа гэж байнга мэдэгддэг байсан болно Захиргаанаас газар эзэмших эрхийн гэрчилгээ өгөөгүй хэдий ч иргэн бид ба захиргааны хооронд дурдсан захирамж шийдвэрүүдийн дагуу барилга байгууламж /гарааш/-ийн зориулалтаар газар эзэмших эзэмшүүлэх, ашиглах ашиглуулах эрх зүйн харилцаа байгаа гэж бид үзэж байгаа учраас дараах байдлаар нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж байна.

Үүнд: 1. Хэрэв Улаанбаатар хотын ардын депутатын хурлын гүйцэтгэх захиргааны 1992 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн А/39 захирамж, Баянгол дүүргийн Засаг даргын 1999 оны 7-р сарын 22-ны өдрийн Б/128 захирамж, 1999 оны 7-р сарын 4-ний өдрийн Б/114 захирамжуудын дагуу барилга байгууламж /гарааш/-ийн зориулалтаар газар эзэмших, эзэмшүүлэх эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоож, хүлээн зөвшөөрөх,

3.17. Баянгол дүүргийн Засаг даргын 18 дугаар хороо, 88 дугаар цэцэрлэгийн хойд тал болон баруун хойд талд байрлах авто гараашийг О.Цэдэндамба, Д.Баатарсүх, Л.Санаа, Д.Эрдэнэбаатар, Э.Сандагдорж, М.Батчулуун, Д.Отгон, Б.Алтангэрэл, Ч.Наранчимэг, А.Энхбаяр, Н.Дэмчигдорж, Н.Энхбат, Г.Золбаяр, Б.Батгэрэл, Л.Дагвадорж, Н.Ариунболд, Д.Сүхбаатар, Т.Загдрагчаа нарт газар эзэмшүүлэх эрхтэй холбоотой эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоож, хүлээн зөвшөөрөх,

3.18. Нийслэлийн Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн А/388 дугаар захирамжаар Улаанбаатар хотын зөвшөөрөлгүй баригдсан гараашнуудыг цэгцлэх шийдвэр гарсан. Захирамж Газрын зөрчил арилгах талаар зарим арга хэмжээний тухай гэсэн нэрээр гарсан.

3.19. Үүнд зөрчилтэй гэдэг агуулгаар нэхэмжлэгч нарын гараашнуудыг орсон гэж ойлгож шүүхэд нэхэмжлэл гаргасан. Учир нь Нийслэлийн Засаг даргын захирамжийг дагаж дүүргийн Засаг даргын захирамж гарсан, мэдэгдэх хуудас наасан, эксковатортой ирээд гараашийг буулгахыг завдсан. Иймд бидний гарааш хамаарч байна гэж ойлгож байгаа. Бид хууль бусаар, дураараа гараашнуудыг бариагүй. Баригдаад 20, 30 жил өнгөрлөө. Он цагийн уртад иргэний гүйлгээд иргэдийн хөрөнгө болоод байж байсан.

3.20. Иргэний эрх зүйд гүйлгээнээс хасагдаагүй эдийн баялаг бол хөрөнгө байна гэж тодорхой заасан. Гараашийг буулгахыг завдсан, бид шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад маш олон нотлох баримтыг гаргуулсан, өөрсдөө ч гаргаж өгсөн. Нэхэмжлэгч нар янз бүрийн цаг хугацаанд гараашнуудыг худалдан авсан. Шүүхийн практикт та нар өөрсдөө эрхийн зөрчилтэй гарааш худалдан авсан, өөрсдийн чинь буруу гэсэн агуулга харагдаж байгаа.

3.21. Бид үүнийг үгүй гэдгийг нотлохын тулд бүгд дүүргийн Газар зохион байгуулалтын албанд очсон. Миний бие н.Чимэд гэх хүн гарааш зарж байгаа би худалдан авч болох уу гэхэд болно, газрын төлбөрийг нь төлөөд, хорооноосоо бичиг аваад, ийм 7 баримтыг бүрдүүлээд ирээ гэж төр өөрөө бидэнд шаардлага тавьсан. Үүнийг нь бүрдүүлээд газрын төлбөр тогтоох акт хийлгээд гараашийг худалдан авсан.

3.22. Хэрэв эдгээр гараашнууд хууль бус байсан бол тэр үед нь та нар авч болохгүй, хууль бусаар барьсан шүү, хохирно шүү гээд буцаагаад явуулах ёстой байсан. Гэтэл биднийг очиход болж байна, бүтэж байна, кадастрын зурагт оруулъя гээд 2000 оноос 2020 оны хооронд худалдан авсан иргэдийг бүртгээд, гэрээ байгуулаад, кадастрын зурагт оруулсан. Тэгсэн атлаа гэрчилгээ олгоогүй. Гэрчилгээ олгох эсэхийг иргэд мэдэхгүй.

3.23. Төр болж байна гэж үзвэл гэрчилгээ олгож, захирамж гаргаад болохгүй гэвэл болохгүй гэдгийг хэлээд явуулах ёстой. Бид бүгд өргөдөл гаргасан, хэргийн материалд хавсаргасан байгаа. Гэрчилгээ бичиж өгөхгүй байх чиглэл байсан эсэхийг мэдэхгүй. Энэ нь төрийн асуудал бөгөөд иргэдийн асуудал биш юм.

3.24. 1994 он болон 2004 онд батлагдсан хуульд Засаг даргын шийдвэрийг үндэслэн Газар зохион байгуулалтын албаны даамал нь гэрчилгээ бичиж өгнө гэсэн зохицуулалттай. Гэрчилгээгүй гэж нэхэмжлэгч нарыг буруутгаж байгаа. Газрын тухай хуульд заасан дураараа барьсан гэдгийг гэрчилгээгүй гэж тайлбарлаад байгаа. Гэрчилгээгүй бол барилгыг албадан буулгана гэсэн хууль байхгүй. Дураараа газар эзэмшсэн, дураараа барилга, байгууламж барьсан бол албадан буулгана гэсэн хуультай.

3.25. Гэтэл хуульд заасныг гэрчилгээгүй бол албадан буулгана гэж тайлбарлаж биднийг буруутгаж захирамж гаргаж байгаа нь туйлын ойлгомжгүй байна. Засаг дарга ямар нэгэн барилга, байгууламж барих шийдвэр гаргалаа, түүнийг үндэслээд гэрчилгээ бичиж өгөх үүрэг нь Газар зохион байгуулалтын албанд байдаг. Өөрсдөө ажлаа хийгээгүй байж эргээд биднийг гөрдөж байгаа нь эрх зүйт төрд байж боломгүй, маш бүдүүлэг, соёлгүй зүйл гэж ойлгож байна. Гэрчилгээг авъя гэхэд өгдөггүй. 2000, 2001, 2002 онд нэр шилжүүлээд гэрчилгээ өгч байсан. Явцын дундаа гэрчилгээ өгөхөө больсон байх. Иргэдийг гарааш худалдан авъя гээд ирэхэд за гэж хүлээн зөвшөөрч, кадастрын зурагтаа оруулж, бүртгээд ашиглуулаад явж байсан. Эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь энэ юм.

3.26. Бид Нийслэлийн Засаг даргын захирамжийн зөвшөөрөлгүй баригдсан, зөвшөөрөлгүй газар эзэмшсэн гэсэн үндэслэлтэй маргаж байгаа гэдгийг та бүхэн ойлгоорой. Энэ үндэслэлийг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй. Харин та бүхэн энэ гараашийг эзэмшдэг юм байна нийтийн эрх ашгийн үүднээс гараашийг чинь буулгалаа, нөхөн олговорт хэдэн төгрөг өгье гэж байгаа бол төр иргэн хоёрын хооронд зөвшилцөл үүсээд уг асуудлаар маргаж болох юм.

3.27. Гэтэл ийм маргаан байхгүй. Шууд буулгах шийдвэр гаргахдаа зөрчилтэй гэдэг агуулгаар гаргаж байгааг зөвшөөрөхгүй маргаж байгаа. Нийтийн эрх ашгийн үүднээс гараашийг буулгах нь зүйтэй гэж зарим нэг шийдвэрийг гаргаад байгаа. Энэ үндэслэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа шүү гэдэг агуулгаар 6 сарын хугацаанд шинэ акт дахин гаргах хүртэл түдгэлзүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Учир нь хариуцагч буюу төр гараашийг барих зөвшөөрлийг анх олгосон. Үүний дагуу гараашийг барьсан, иргэд гараашийг худалдан авахад шилжилт хөдөлгөөнийг нь хүлээн зөвшөөрсөн, кадастрын бүртгэлдээ бүртгэсэн, энэ үед нь таслан зогсоогоогүй учраас түдгэлзүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

3.28. Захиргааны актын тогтоох хэсгээс илүү үндэслэх хэсгийг анхаарах хэрэгтэй. Улаанбаатар хотын 65 хувь нь гэр хороолол байгаа. Орон сууцны хороолол барина гээд бүгдийг хөөж явуулаад орон сууцны хороолол барьдаггүй. Учир нь иргэн эзэмшсэн, өмчилсөн амьдарч байгаа газар юм. Орон сууц, гарааш ямар ялгаатай юм бэ адилхан олон жилийн өмнө захирамж шийдвэр нь гараад нэгд нь өмчлөх, эзэмших эрхийн гэрчилгээ олгоод явсан. Харин гараашинд өгөхгүй явчихсан нөхцөл байдал байгаа. Үнэхээр нийтийн эрх ашгийн үүднээс Улаанбаатар хотыг орон сууцтай болгох үүднээс шууд гандангийн айлуудыг хүчээр буулгаад явдаггүй. Зөвшилцөл хийгээд явдаг.

3.29. Үүнтэй адилхан гэж ойлгож байгаа. Бид гараашийг хууль бусаар бариагүй, дур мэдэн газар эзэмшээгүй, гарааш анх зөвшөөрлийн дагуу баригдсан. Дараа бид худалдан авахдаа төрийн захиргааны байгууллагын зөвшөөрлөөр, захиргааны үйлдэл, үйл ажиллагаа явуулж бидэнтэй гэрээ байгуулсан. Энэ нь эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоож, хүлээн зөвшөөрөх нэхэмжлэлийн шаардлагатай уялдаж байгаа. Захиргааны байгууллага тухайн цаг хугацаанд биднийг очиход бид бүртгэж авлаа, та худалдан авч болно гэсэн үйлдэл гаргаад өнөөдрийг хүрсэн. Иймд эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоож, хүлээн зөвшөөрөх үндэслэл байгаа.

3.30. Эдгээр захирамжийн дагуу аль, аль гараашнууд баригдсаныг хэлээд өгөөч гэхээр хэлэхгүй байгаа. Энэ 3 захирамж анхнаасаа байгаагүй, эсхүл гаргах эрхгүй этгээд гаргасан бол илт хууль бус гэдгийг тогтоож өгөөч. Үүнээс бол бид тус бүрдээ 10-аас 15 сая төгрөгөөр гараашийг худалдан авч байсан. Энэ хохирлоо гаргуулъя гэж байгаа. Энэ нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж болно. Захирамж хууль ёсны дагуу гарсан, миний эрхийг зөрчөөгүй байж болно. 1992 онд Газрын тухай хууль батлагдаагүй байсан.

3.31. 1994 онд Газрын тухай хууль батлагдсан. 1992 онд 1960, 1970-аад оны хууль үйлчилж байсан гэж ойлгож байгаа. Хэрэв нэхэмжлэлийн шаардлага хангагдаж 3 захирамж илт хууль бус гэдэг нь тогтоогдвол бидний дараа дараагийн нэхэмжлэлийн шаардлага үгүйсгэгдэнэ. Тэгвэл төр өөрөө буруу, хууль бус шийдвэр гаргасны улмаас хохирсон 10 сая төгрөгийг гаргуулъя гэж байгаа. Шүүх захирамжуудыг хууль ёсны байна гэж тогтоовол дараагийн нэхэмжлэлийн шаардлагадаа орно.

3.32. Энэ нь хүчингүй болгуулах, 6 сарын хугацаанд түдгэлзүүлэх нэхэмжлэлийн шаардлага юм. Хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын хувьд гарааштай холбоотой ижил маргаанд давж заалдах шатны шүүхээс хүчингүй болгохгүй, нийтийн эрх ашгийн үүднээс гараашийг буулгах нь зөв гэж шийдэлтэй ноцолдоод байгаа. Бидний хувьд нөхөн олговор авах нэхэмжлэл гаргаагүй. Хохирлын асуудал нь тусдаа юм. Нийслэлийн Засаг даргын 2022 оны А/388 дугаар захирамж буюу гараашийг буулгах шийдвэр хууль ёсны байгаа тохиолдолд дараа нь нөхөн олговрын асуудал яригддаг.

3.33. Уг захирамжийн үндэслэлд захирамжийн дагуу баригдсан байна, хугацаа чинь дууссан байна, нийтийн эрх ашгийн үүднээс буулгаж байна гэсэн нэг ч үг, өгүүлбэр байхгүй. Та нар хууль бусаар барьсан учраас буулгаж байна гээд бүх гарааш хууль бус юм шиг бичсэн байгаа. Тэрийгээ тайлбарладаггүй, төрийн захиргааны байгууллага тайлбартаа 1990-ээд оны захирамжийн дагуу эдгээр гараашнууд баригдсан гэж хүлээн зөвшөөрвөл нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгээс татгалзана. Учир нь хүлээн зөвшөөрч байгаа учраас. Тийм зүйл байхгүй, маргаад байгаа учраас энэ нэхэмжлэлийг шаардлагыг гаргаад байна.

3.34. А/388 дугаар захирамжийг яагаад хүчингүй болгуулах гээд байна вэ гэвэл захиргааны акт захиргааны актын шийдэлтэй биш үндэслэлийг хянадаг байх гэж ойлгож байгаа. Үндэслэл нь буруу, шийдэл нь зөв гэж нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй байх гэж үзээд нэхэмжлэлийн шаардлагаа ингэж гаргасан. Тэгэхээр хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын цаад санаа нь иргэн биднийг хууль бусаар дураараа гараашнуудыг барьсан гэдэг агуулга байгаа учраас энэ нь хууль бус, хууль бус учраас хүчингүй болго гэж байгаа.

3.35. Магадгүй үүний дараа А/389 дүгээр захирамж гаргаад нийтийн эрх ашгийн үүднээс танай гараашийг буулгалаа, нөхөн олговорт хэдэн төгрөг өглөө гэдэг байдлаар шийдвэр гаргавал бидний маргааны объект өөр болно, маргах нөхцөл өөр болно. Тэгэхээр А/388 дугаар захирамжийн үндэслэлтэй маргаж байгаа шүү гэдгийг шүүх сайн ойлгоосой.

3.36. Үүнийг хүлээн авч байгаа бол хүлээн авч байгаа талаар, шийдэл нь зөв гэж үзэж байгаа бол үүнд тайлбар өгөөч гэж хүсч байна. Бидний тайлбар буруу байж болно. Иймд бидний тайлбар үндэслэлгүй бол шүүхээс няцаагаад, хүлээн авч байгаа бол хүлээн авсан талаарх тайлбарыг хүсч маргаж байгаа.

3.37. 3 захирамжийн дагуу эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоож, хүлээн зөвшөөрөх, түүний дагуу баригдсан юм уу, баригдаагүй юм уу асуудал байгаа. Хэрэв илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг маань хэрэгсэхгүй болгоод хүчин төгөлдөр болбол 1990-ээд оны 3 захирамжийн дагуу гарааш баригдсан нь үнэн болно. Иргэн Н.Ариунболдын нэхэмжлэлтэй, Баянгол дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийн маргааныг өмнө шүүх шийдвэрлэсэн.

3.38. Нийслэлд баригдсан 6000 гаруй гараашийн тодорхой хэсэг нь зөвшөөрөлгүй баригдсан байдаг. Дураараа барьсан, Газар зохион байгуулалтын албаны даргатай ярьж байгаад барьсан, Сууц өмчлөгчдийн холбоотойгоо ярьж байгаад барьсан гарааш ч байдаг. Зөрчилтэй гараашийг буулга гэсэн чинь зөрчилтэй, зөрчилгүй, зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй бүх гараашнуудыг буулгах болоод байна.

3.39. Тийм учраас бид захирамжийн дагуу хэдэн гарааш, хаана баригдсан бэ гэдгийг тогтоолгохоор шинжээч томилж өгөөч, зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүйгээр нь ялгаач гэсэн хүсэлт гаргасан. Үүнийг ялгахгүйгээр бөөнд нь хамруулан захирамж гарсан учраас 6 сарын хугацаанд түдгэлзүүлж, зааглаж ялгаад шинэ акт гаргах 2 дахь үндэслэл байгаа юм. Хууль бусаар баригдсан нь энэ байдлаар цаашаа яваад хууль ёсоор захирамжийн дагуу баригдсан гарааш эзэмшигч нар нь төртэйгөө зөвшилцөл хийе. Бид хотоо хөгжүүлэх, гоё сайхан хоттой болохыг дэмжиж байгаа. Та бүхний гараашийг буулгаад зогсоол барья гэж байгаа бол бид зөвшөөрөөд хоорондоо зөвшилцөх байсан.

3.40. Гэтэл хулгайч нохойтой харьцаж байгаа юм шиг хөөж байгаа нь иргэдийн дургүйцлийг төрүүлж байгаа. Централ тауэр, 3, 4 дүгээр хороололд байгаа Ачлал их дэлгүүр, Нарлаг их дэлгүүр, Бургер кинг байгаа газар дээр авто зогсоол, нийтийн эзэмшлийн талбай байсан. Нийтийн эрх ашиг гэж ярьж байгаа бол эдгээр барилгыг нураах ёстой. Эдгээр мөнгө, төгрөгтэй бяртай хүмүүст арай өөрөөр хандчихаад 10 сая төгрөгийн хөрөнгөтэй жирийн нэг иргэндээ арай өөрөөр хандаж новшийн зан гаргахаа төр болих хэрэгтэй. Магадгүй ийм асуудлын төлөө л захиргааны хэргийн шүүх байдаг гэж ойлгож байгаа.

3.41. Иргэндээ хөрөнгийн хувьд ялгамжтай хандаж болохгүй. Хүүхдийн цэцэрлэг, сургуулийн талбай дээр хотоор дүүрэн байшин, барилга баригдсан. Эдгээрт гэрчилгээ олгож явчхаад гараашинд гэрчилгээ олгохгүй гэж дээрэнгүй байдлаар хандаад хууль зөрчиж явчхаад өөрсдийн буруугаа иргэдээс нэхэж байгаа нь бидний хувьд зохимжгүй байна. Энэ нөхцөл байдлыг шүүх шийдвэртээ дэлгэрэнгүй бичээд өгөөсэй гэж хүсч байгаа. Бидний буруу байж болно. Шүүхийн шийдлээс илүүтэй шийдвэрийн үндэслэх хэсгийг хүлээж байгаа.

3.42. Хар, цагааныг ялгахгүйгээр бөөнд нь шийдвэр гаргаж байгаа нь үндэслэлгүй байна. Төр зогсолтгүй үргэлжилдэг, түүхээ мартаж болохгүй. Өөрсдийн өмнө гаргасан шийдвэрийг уншихгүй, судлахгүй, үзэхгүйгээр өнөөдрөөс хойш гэдэг байдлаар явж байгаа нь буруу юм. Нийслэлийн Засаг дарга өөрийгөө, Монголын төрийг, Газрын тухай хуулийг үгүйсгэж байгаа. Тухайн үед нь өөр хүн, өөр нам байсан байж болно. Энэ үед төр захирамж шийдвэрээ гаргасан, тамга тэмдгээ дарсан. Эрх зүйт төр тасралтгүй байх ёстой. Энэ агуулгаар бидний нэхэмжлэлийг харж өгөөч.

3.43. Иргэн Н.Ариунболд болон нэхэмжлэгч нарын зарим нь тухайн үед гараашийг худалдан авсан, зарим нь завсрын явцад гараашийг худалдан авсан хүмүүс байгаа. Эдгээрт эзэмших, эзэмшүүлэхтэй холбоотой эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоож, хүлээн зөвшөөрөх нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Иргэн Н.Ариунболд 2017 онд гараашийг худалдан авчхаад Газар зохион байгуулалтын албанд очиж асуухад болохгүй гэж хэлсэн бол би гараашийг авахгүй байсан. Болно гэж хэлээд гэрчилгээ бичиж өгөөгүй. Гэвч үйлдлээрээ болно гэсэн үйл ажиллагааг явуулаад биднээс бичиг баримт бүрдүүлэн авч, өргөдөл бичүүлж аваад түүний дагуу кадастрын зурагт оруулаад, бүртгэж аваад, төлбөрөө авсан. Үүнд захиргааны үйл ажиллагаа буюу эдгээр иргэдэд газар эзэмших, эзэмшүүлэхтэй холбоотой эрх зүйн харилцаа үүссэн.

3.44. Захиргаанаас гэрчилгээ гээд байгаа цаасаа л бичиж өгөөгүй, дараа нь гэрчилгээгүй гэж биднийг гөрдөж байгаа болохоос эрх зүйн харилцаа үүссэн байгаа. Биднийг хандахад л худалдан авч болохгүй шүү гэхэд нь бид худалдаад авсан бол бидний буруу болно. Энэ агуулгаар эзэмших, эзэмшүүлэхтэй холбоотой эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоож, хүлээн зөвшөөрч өгөөч гэж байгаа.

3.45. Үүний дараа 6 сарын хугацаанд магадгүй бид төртэй зөвшилцөлд хүрэх боломжтой. Өнгөрсөн жилээс хойш маш олон иргэдийн гараашийг буулгасан. Тэгэхээр төрийн захиргааны байгууллага, Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн Монгол ардын нам өрөнд орж болзошгүй нөхцөл байдал үүснэ. Учир нь зөвшөөрөлгүй гээд дураараа маш олон гараашийг буулгасан. Шүүхээс эсрэг шийдвэр гарвал өрөнд орох юм байна гэсэн айдас хариуцагч нарт байгаа гэж ойлгож байгаа.

3.46. Энэ эрх зүйн үр дагавраас айхгүйгээр шүүх шийдвэр гаргаасай гэж хүсч байна. Монгол Улсын Үндсэн хуулийн оршил хэсэгт эрх зүйт төр, ардчилсан нийгмийг бүтээхийг зорилгоо болно гэсэн байдаг. Ямар нэгэн эрх зүйн маргааныг шийдвэрлэхдээ Үндсэн хуулийг удирдлага болгоно гэж Монгол улсын бүх шүүгч нар тангараг өргөдөг. Тэгэхээр ямар нэгэн маргааныг шийдвэрлэх гэж байгаа бол заавал Үндсэн хуулийн үүднээс тайлбарлаж асуудалд хандах ёстой. Газар зохион байгуулалтын албанаас гараашийг худалдан авахдаа хэн, хэн юу бүрдүүлэн өгсөн талаарх хувийн хэргийг хэрэгт өгсөн байгаа. Тухайн үед гараашийг бусдад шилжүүлдэг байсан.

3.47. Гараашийг шилжүүлсэн зарим нэг захирамж хэрэгт ирсэн байгаа. 2000 оны үед ийм захирамжууд олон гарч байсан. Нэг өдөр больсон. Хэзээ нэг өдөр гараашнуудыг нураана байж байгаарай гэж зөвлөсөн байх. Төрийн ажил бол төрийн л асуудал, бид нөлөөлөх боломж байхгүй. Иргэд төрийн зөв гэж ойлгоод явж байгаа. эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоож, хүлээн зөвшөөрөх ач холбогдолтой. гэжээ.

4.Хариуцагч Нийслэлийн Засаг дарга нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.

4.1. Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2 дахь хэсэг, 20.2.2-т газар эзэмшигч, ашиглагчаас газар, түүний баялгийг хууль тогтоомж, гэрээний дагуу үр ашигтай, зохистой ашиглаж, хамгаалж байгаад хяналт тавих, зөрчлийг арилгах шийдвэр гаргаж, хэрэгжилтийг зохион байгуулах гэж заасан бөгөөд Нийслэлийн Засаг дарга нь өөрийн хуулиар олгогдсон эрхийн хүрээнд дээрх зөрчил арилгах тухай А/388 дугаар захирамжийг гаргасан болно.

4.2. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ гэж заасан бөгөөд нэхэмжлэгч нар нь одоо маргаан бүхий газарт байрлаж буй тухайн гараашууд нь газар эзэмших эрхгүй тул Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-т Зохих зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга, байгууламж барьсан, эсхүл бусад хэлбэрээр түүнийг дур мэдэн эзэмшсэн бол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга уг газрыг чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл өгнө, 57.4-т Мэдэгдэлд заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүй бол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга уг газрыг албадан чөлөөлөх арга хэмжээ авч, холбогдох зардлыг гэм буруутай этгээдээс гаргуулна гэж тус тус заасны дагуу газар чөлөөлөх арга хэмжээ авахаар Нийслэлийн Засаг дарга нь өөрийн хуулиар олгогдсон эрхийн хүрээнд дээрх зөрчил арилгах тухай А/388 дугаар захирамжид тусгасан болно.

4.3. Хохирлын асуудал захиргааны хэргийн шүүхээр шийдвэрлэгдэхгүй. 1990-ээд оны захирамжийг илт хууль бусаар тодорхойлоод хохирол нэхэмжлэх гэж байгаа бол иргэний журмаар маргана. Хохирол гэдэг нь тухайн гараашийн хэдэн төгрөгийн өртгөөр боссон асуудал л яригдана. Өнөөдөр нэг захирамжийг илт хууль бус, хууль бус, хүчин төгөлдөр гэж дүгнэснээр хохирол шууд тодорхойлогдох боломжгүй. Үнэлгээ хийгдэх асуудал хүртэл байгаа. Хохирлын нэхэмжлэгчийн тодорхойлсноор 10 сая төгрөгөөр тодорхойлох боломж хууль эрх зүйн хүрээнд байхгүй. Үүнийг тайлбарлах нь зүйтэй байх. Нэхэмжлэгч бүх нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэж байгаа. Гэтэл нэхэмжлэлийн шаардлага нэг, нэгнийгээ үгүйсгээд байна.

4.4. 1990-ээд оны 3 захирамжийг илт хууль бус гэдгийг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргаад цаашид хохирол нэхэмжлэх боломжтой болно гэж тайлбарлаж байна. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд дүгнэлт гаргана. Түүнээс үндэслэх хэсэгтээ дүгнэлт гаргахгүй. Үндсэн нэхэмжлэлийн шаардлагаа үгүйсгэсэн нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. 1990-ээд оны захирамжийг илт хууль бус болгосноор үндсэн нэхэмжлэлийн шаардлага буюу Нийслэлийн Засаг даргын А/388 дугаар захирамжид холбогдох нэхэмжлэлийн шаардлагаа бүхэлд эсэргүүцэж байгаа. Хариуцагчийн зүгээс илт хууль бус гэдгийг хүлээн зөвшөөрвөл Нийслэлийн Засаг даргын А/388 дугаар захирамж хүчин төгөлдөр захиргааны акт байна гэдэг агуулга харагдаж байна. Нэхэмжлэгч тал илт хууль бус болохыг тогтоолгоход үүсэх үр дагаврыг мэдэж байгаа.

4.5. Гэвч илт хууль бус гэдгийг тогтоолгож байж цаашид арга хэмжээ авна гэж байгаа. Нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шүүх дүгнэлт гаргана гэж хариуцагчийн зүгээс ойлгож байна. Иймд нэмэгдүүлсэн шаардлага болох 1992 оны А/39 дүгээр захирамж, 1999 оны Б/128 дугаар захирамж, 1999 оны Б/114 дүгээр захирамж нь илт хууль бус гэдгийг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөөд Нийслэлийн Засаг даргын А/388 дугаар захирамжийг нэхэмжлэгч тал маань дэмжиж оролцож байна гэж хариуцагчийн зүгээс үзэж байна.

4.6. Учир нь Нийслэлээс хэрэгжүүлж байгаа ажлыг дэмжиж байна, нийтийн эрх ашгийн үүднээс хийж байгаа ажил зөв гэдэг зүйлийг хэлсэн. Нийслэлийн Засаг даргын А/388 дугаар захирамжийн хууль зүйн үндэслэлийг огт няцаагаагүй. Бид газар эзэмших эрхийн гэрчилгээ байхгүйг хүлээн зөвшөөрнө, гарааш барина гэдэг асуудлыг 1992, 1999 онд зөвшөөрсөн. Гараашийг худалдан авсан гэж байгаа. Энэ нь гарааш худалдах, худалдан авах гэрээг иргэн хооронд хийсэн асуудал болохоос биш төртэй хийсэн гэрээ биш юм.

4.7. Зөвхөн газар эзэмших эрхийн гэрчилгээний дагуу тухайн газрыг ашиглаж, эзэмшинэ гэдэг хуулийн зохицуулалттай. Өнөөдөр газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ байхгүй гэдгийг хүлээн зөвшөөрөөд илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа нь Нийслэлийн Засаг даргын А/388 дугаар захирамжийг дэмжээд оролцож байгаа гэж харагдаж байна. Тухайн гараашийг чөлөөлөх үү, чөлөөлөхгүйг юу гэдэг асуудал А/388 дугаар захирамжаар яригдаж байгаа. А/388 дугаар захирамж нь тухайн орчинд иргэдийн эрүүл, аюулгүй орчныг хангах зорилгоор гарсан. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийн илт хууль бус гэж тодорхойлж байгаа нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Учир нь нэг нэхэмжлэлийн шаардлагаар нөгөө нэхэмжлэлийн шаардлагаа үгүйсгэж орж ирж байгаа нь манай А/388 дугаар захирамжийг дэмжиж өгч байна. Энэ талаар нэхэмжлэгч тал тайлбар өгөх байх.

4.8. Эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоож, хүлээн зөвшөөрөх нэхэмжлэлийн шаардлагын хувьд эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоолгохын тулд нэхэмжлэгч тал урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийлгэх шаардлагатай. Мөн хөөн хэлэлцэх хугацаа алдсан байна. Захирамжийг газрыг худалдан авахдаа мэдэж байсан асуудал байгаа. Энэ асуудлаар Нийслэлийн Засаг даргад өргөдлөө гаргаад энэ захирамж хүчин төгөлдөр юм уу, хүчингүй болгох юм уу, болохгүй юм уу гэдэг асуудлаар урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийлгэх ёстой. Захирамжийг мэдсэнээс хойш уг агуулгаараа маргах ёстой. Энэ хугацааг мөн алдсан байгаа. Үүнээс харахад Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3-д заасны дагуу урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийлгээгүй, 54.1.8-д зааснаар хөөн хэлэлцэх хугацааг алдсан байна. Иймд уг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж өгнө үү. гэжээ.

5. Хариуцагч Баянгол дүүргийн Засаг даргаас нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна:

5.1. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д "Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ", 27.3-т "Нэгж талбар бүр эрхийн гэрчилгээтэй байна", 27.4-т "Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно", 56 дугаар зүйлийн 56.5- А "Газар эзэмших, ашиглах хугацаа дууссан, тэрчлэн зохих зөвшөөрөлгүй барилга байгууламж барьсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар чөлөөлөх тухай мэдэгдлийг эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас өгсөн тохиолдолд тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллага заасан хугацаанд багтааж газар чөлөөлөх үүрэгтэй" гэж тус тус заасан байдаг.

5.2. Нэхэмжлэгчдийн тухайд Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэр, 88 дугаар цэцэрлэгийн хажууд байрлах газрын зөвшөөрөлгүй тоосгон гараашийг газар эзэмших гэрээний үндсэн дээр эрхийн гэрчилгээгээр эзэмшдэггүй тул тус Дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас газар чөлөөлөх тухай мэдэгдлийг өгсөн боловч мэдэгдэлд заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүй байна. Тус дүүргийн Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн А/60 дугаар захирамжаар нийтийн ашиг сонирхлыг хэрэгжүүлэх үүднээс, Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, онцгой байдал үүссэн үед тусгай төрлийн автомашинууд нэвтрүүлэх, түгжрэлийг сааруулах, зам өргөтгөн шинэчлэх, автомашины зогсоолыг нэмэгдүүлэх, хотын өнгө үзэмжийг сайжруулах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор тус Дүүргийн нутаг дэвсгэрт байрлах газрын зөвшөөрөлгүй гараашуудыг албадан буулгаж, нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөх захирамж гарсан.

5.3. Мөн нийслэлийн Засаг даргын 2023 оны 04 дүгээр сарын 04-ны өдрийн А/321 дүгээр захирамжаар тус байршил чөлөөлөгдөхөөр тусгагдсан. Маргаан бүхий Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэр, 88 дугаар цэцэрлэгийн хажууд байрлах газрын зөвшөөрөлгүй гарааш байгаа газарт дараах ажил хийгдэхээр төлөвлөгдсөн байна. Үүнд: Барилга, хот байгуулалтын яамнаас улсын төсвийн хөрөнгө оруулалтаар автомашины зогсоол, орчны тохижилт, ногоон байгууламж, амрах талбайн ажил хийгдэхээр тендер шалгарсан байна.

5.4. Энэхүү ажил нь улирлын чанартай ажил юм. Хэрвээ захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлбэл захиргааны үйл ажиллагаанд залруулах боломжгүй хохирол учрах тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.1-т "Захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх нь бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд ноцтой, хуулийн этгээд, эсхүл нийтийн ашиг сонирхолд илт хохирол учруулахаар бол захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлж болохгүй гэж заасны дагуу түдгэлзүүлэх үндэслэлгүй байна.

5.5. Захирамжийн сонсох ажиллагааны тухайд Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах, 26 дугаар зүйлийн 26.1-д Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно гэж заасны дагуу дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас 2021 оны 06 дугаар сараас эхлэн тухайн байршилд багаа гараашнуудад сонсох ажиллагааны мэдэгдлийг наасан.

5.6. Захирамжийг мэдэгдсэн тухайд дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д Захиргааны актыг хаяглагдсан этгээд болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд хуульд заасан журмын дагуу мэдэгдэнэ. Захиргааны актыг мэдэгдэх ажиллагааг түүнийг гаргасан захиргааны байгууллага хариуцна гэж заасны дагуу дүүргийн Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн А/60 дугаар захирамжийг 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн тухайн байршилд байгаа гараашнуудад нааж захирамжийг мэдэгдэх ажиллагааг хийсэн.

5.7. Нөхцөл байдлыг тогтоох тухайд дүүргийн Засаг дарга болон Газар зохион байгуулалтын албанаас Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно гэж заасны дагуу маргаан бүхий газрын суурин болон хээрийн судалгааг хийсэн, төлөвлөлт, хэрэгцээ шаардлага, хууль зүйн үндэслэлийг нягталж судалсан. Тухайлбал дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас бодит нөхцөл байдлыг тогтоох зорилгоор газрын мэдээллийн санд тухайн газар бүртгэлтэй эсэх, нэгж талбарын хувийн хэрэгтэй эсэх, газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд орж байсан эсэх, газрыг аливаа иргэн, хуулийн этгээдэд эзэмшүүлж, ашиглуулж байсан эсэх, шийдвэр гарч байсан эсэх, газрын төлбөр тооцоог хийж байсан эсэх, инженерийн шугам сүлжээ бүхий болон бусад нөхцөл байдал байгаа эсэх, эрүүл ахуйн болон бусад хамгаалалтын бүсэд давхцалтай эсэх, бусдын эзэмшил, ашиглалтад байгаа эсэхийг нягтлан шалгасан.

5.8. Нэхэмжлэгч нарт Газрын тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу газар өмчлөх, эзэмших эрх огт үүсч байгаагүй. Газар эзэмших гэрээний үндсэн дээр эрхийн гэрчилгээгээр газар эзэмшдэггүй, хууль зөрчин гараашийн зориулалтаар ашиглаж байсан бөгөөд Газрын төлбөр тогтоосон тогтоосон актаар дараах байдлаар төлбөрийг төлж байсан. Иргэн Т.Загдрагчаагийн тухайд 2009 оноос 2015 оныг хүртэл газрын төлбөрийг төлсөн, түүнээс хойш газрыг төлбөрийг төлөөгүй. Иргэн Ж.Улаанхүү нь 2014 оноос 2017 оныг хүртэл газрын төлбөрийг төлсөн, түүнээс хойш газрыг төлбөрийг төлөөгүй.

5.9. Иргэн А.Энхбаяр нь 2003 онд газрын төлбөрийг төлсөн, түүнээс хойш газрыг төлбөрийг төлөөгүй. Иргэн Д.Сүхбаатар нь 2018 оноос 2019 он хүртэл газрын төлбөрийг төлсөн, түүнээс хойш газрыг төлбөрийг төлөөгүй. Иргэн Б.Батгэрэл 2018 оныг хүртэл газрын төлбөрийг төлсөн, түүнээс хойш газрыг төлбөрийг төлөөгүй. Иргэн Д.Отгон 2013 онд газрын төлбөр төлсөн, түүнээс хойш газрыг төлбөрийг төлөөгүй. Иргэн М.Батчулуун 2020 онд газрын төлбөр төлсөн, түүнээс хойш газрыг төлбөрийг төлөөгүй.

5.10. Иргэн О.Цэдэндамба 2019 онд газрын төлбөр төлсөн, түүнээс хойш газрыг төлбөрийг төлөөгүй. Иргэн Н.Энхбат 2019 онд газрын төлбөр төлсөн, түүнээс хойш газрыг төлбөрийг төлөөгүй. Иргэн Н.Ариунболд 2018 онд газрын төлбөр төлсөн, түүнээс хойш газрыг төлбөрийг төлөөгүй. Бусад иргэдийн тухайд газрын төлбөр төлсөн баримт захиргааны байгууллагад байдаггүй, хэрэгт цугларсан нотлох баримт мөн байдаггүй. Тэгэхээр газар эзэмших, ашиглах эрхгүй этгээдүүд учраас газрын төлбөр тогтоосон актаар газрын төлбөрийг төлж байсан тул эдгээр иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй гэж үзэж байгаа.

5.11. Нэхэмжлэгч нар нь маргаан бүхий тоосгон гараашнуудыг газар эзэмших гэрээний үндсэн дээр эрхийн гэрчилгээгээр эзэмшдэггүй, шүүхэд нэхэмжлэл, гомдол гаргах эрхгүй этгээдүүд юм. Захирамж өөрөө газрын зөвшөөрөлгүй иргэдийн газрын зөрчил арилгах тухай захирамж байдаг. Хэргийн материалд цугларсан нотлох баримтаар газар эзэмших, ашиглах эрхгүй буюу хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөөгүй гэдэг нь нотлогддог. Хариуцагч нар болон бусад төрийн захиргааны байгууллагын хариу тайлбар, нотлох баримтаар нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд болох нь нотлогдоно.

5.12. Нөхөн олговор олгох асуудлыг Засгийн газрын 2018 оны 222 дугаар тогтоолоор батлагдсан Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх үйл ажиллагааны нөхөх олговор олгох журмаар зохицуулах бөгөөд тус журмын 3.1-д Нөхөх олговрын үнэлгээний зүйлд дараах зүйлүүд хамаарна, 3.1.1-д өмчлөх, эзэмших эрх бүхий газар, 3.1.2-т Иргэний хуулийн 85.2-т заасан газрын үндсэн бүрдэл хэсэгт хамаарах тухайн газар дээрх үл хөдлөх хөрөнгө буюу барилга байгууламж, 3.1.3-д газар чөлөөлөх зардал гэж нөхөх олговор олгохоор заасан. Өөрөөр хэлбэл уг газарт эзэмших, өмчлөх эрх үүссэн, тухайн эзэмших, өмчлөх эрх бүхий газарт байрлах эд хөрөнгө түүнийг чөлөөлөхтэй холбоотой зардлыг нөхөн олгохоор буюу хохирол төлөхөөр заасан.

5.13. Нэхэмжлэгч 23 иргэний тухайд өмнө нь болон одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Газрын тухай хууль болон Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд заасан газар эзэмших, өмчлөх эрхгүй этгээд бөгөөд Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх үйл ажиллагааны нөхөх олговор олгох журмын үйлчлэлд хамаарахгүй этгээдүүд байна. Дээрх нөхцөлийг захиргааны байгууллагаас нэг бүрчлэн судалж Газрын тухай хууль, Захиргааны ерөнхий хууль болон холбогдох хууль, тогтоомжид заасан нөхцөл журмын дагуу газрын зөвшөөрөлгүй, газар эзэмших эрхгүй гараашнуудыг албадан чөлөөлж, газрын зөрчил арилгах тухай акт болон Нийслэлийн Засаг даргын А/388 дугаар захирамж гарсан.

5.14. Улаанбаатар хотын ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1992 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн А/39 дүгээр захирамж, Баянгол дүүргийн Засаг даргын 1999 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн Б/114 дүгээр захирамж, Баянгол дүүргийн Засаг даргын 1999 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн Б/128 дугаар захирамжуудаар газар эзэмших эрх олгож, гарааш барьсан эрх зүйн харилцаа үүссэн. Гэвч нэхэмжлэгч нар уг гараашийг худалдан авсан авснаар буюу шилжүүлэн авснаар тухай эрх зүйн харилцаа дууссан. Тухайн этгээдүүдээс нэхэмжлэгч нарт газар эзэмших, ашиглах эрхийг шилжүүлсэн баримт, мэдээлэл байхгүй буюу эрх зүйн харилцаанд энд хүрээнд дууссан. Үүнээс хойш эрх зүйн зөрчилтэй эд хөрөнгө худалдан авсан байна. Үүний дараа газрыг чөлөөлж өгөөгүй тул газар чөлөөлөх тухай дүүргийн Засаг даргын захирамж гарсан. Нэхэмжлэгч нар эрхийн зөрчилтэй хөрөнгө худалдан авсан, газар эзэмших, ашиглах эрх зүйн харилцаа дууссан, зөвшөөрөлгүй учраас газрын зөрчлийг арилгах захирамж гарсан.

5.15. Баянгол дүүргийн Засаг даргын 1999 оны Б/128 дугаар захирамжийн дагуу ХХМедиа ХХК-ийн Д.Азжаргалд 16 ширхэг гарааш барих газрыг, Баянгол дүүргийн Засаг даргын 1999 оны Б/114 дүгээр захирамжийн дагуу иргэн н.Даржаад 24 гарааш барих газрыг 5 жилийн хугацаатай эзэмших эрхийн гэрээ, гэрчилгээ олгосон. Уг гэрээ, гэрчилгээ нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр хэрэгт авагдсан. Улаанбаатар хотын ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1992 оны А/39 дүгээр захирамжаар Бор Үрээ Б компанид 500 м.кв газрыг олгосон. Тухайн 500 м.кв газарт хамгийн ихдээ 28 гарааш багтах боломжтой.

5.16. Тэгэхээр нийт 68 гараашийн хувьд эрх зүйн харилцаа үүссэн. Гэтэл өнөөдөр тухайн байршилд 110 ширхэг гарааш байдаг. Нэхэмжлэгч нарын гараашийг дээрх 68 гарааш мөн эсэхийг тогтоох боломжгүй нөхцөл байдал үүссэн. Хоёрдугаар эрх зүйн харилцаа дуусгавар болсон учраас үүнийг тогтоох шаардлагагүй гэж үзэж байгаа. Дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү.

5.17. Хууль дээдлэх нь Үндсэн хуульд заасан төрийн үйл ажиллагааны зарчим юм. Дээрх зармын хүрээнд төрийн аливаа шийдвэр, үйл ажиллагаа явагдах ёстой. Иргэн өөрөө Үндсэн хуульд заасны дагуу хуулийг сахин биелүүлэх үүрэгтэй. Энэ нь харилцан уялдаатай зохицуулалт юм. Дүүргийн Засаг даргын захирамж хуулийн хүрээнд газрыг эзэмшиж ашиглаагүй учраас газрын зөрчил арилгахаар гарсан. Захирамжийн үндэслэл маш тодорхой байгаа. Хуулийн хүрээнд, хууль зүйн үндэслэлтэй гарсан. гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

1. Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримтыг дүгнээд хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн үндэслэлээр Нийслэлийн Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн А/388 дугаар захирамжийн нэхэмжлэгч Ө.Цэдэндамба, Ш.Батхишиг, М.Батчулуун, Д.Отгон, Н.Энхбат, Б.Батгэрэл, Н.Ариунболд, Д.Сүхбаатар, А.Энхбаяр, Ж.Улаанхүү, Т.Загдрагчаа нарт нарт холбогдох хэсгийг зургаан сарын хугацаагаар түдгэлзүүлж, нэхэмжлэлийн үлдэх шаардлагаас зарим хэсгийг нь хангаж, зарим хэсгийг нь захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус маргаан гэсэн үндэслэлээр хүлээн авахаас татгалзан холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

2. Нийслэлийн Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн А/388 дугаар захирамжийн хавсралтын 39, 40 дэх хэсгийн нэхэмжлэгч 23 иргэнд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд,

2.1. Нийслэлийн Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн А/388 дугаар захирамжаар нийслэлийн оршин суугч иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам, талбайн хүрэлцээ, хангамжийг нэмэгдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах зорилтын хүрээнд газрын зөрчил арилгаж, газар чөлөөлөх байршлуудыг баталсан, үүнд нэхэмжлэгч Ө.Цэдэндамба, Д.Баатарсүх, О.Санаа, Д.Эрдэнэбаатар, Ш.Батхишиг, Ш.Хүрэлбаатар, Э.Сандагдорж, М.Батчулуун, Д.Отгон, Б.Алтангэрэл, Ч.Наранчимэг, Ч.Дашдаваа, А.Энхбаяр, Н.Дэмчигдорж, Н.Батбаяр, Н.Энхбат, Г.Золбаяр, Б.Батгэрэл, Д.Сүхбаатар, Т.Загдрагчаа, Ж.Улаанхүү, Л.Дагвадорж, Н.Ариунболд нарын 23 иргэний эзэмшиж буй Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэр, 88 дугаар цэцэрлэгийн хойно байрлах гараашуудыг зөвшөөрөлгүй гэсэн үндэслэлээр доорх газрыг нь чөлөөлөх байршлаар баталсан.

2.2. Нэхэмжлэгч Ө.Цэдэндамба нарын 23 иргэнээс тус захирамжийг эс зөвшөөрч, ...Улаанбаатар хотын ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1992 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн А/39 дүгээр захирамж, Баянгол дүүргийн Засаг даргын 1999 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн Б/128 дугаар захирамж, Баянгол дүүргийн Засаг даргын 1999 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн Б/114 дүгээр захирамжуудын дагуу барьсан, зөвшөөрөлтэй гараашийг худалдан авч, Баянгол дүүргийн Газар зохион байгуулалтын албанд бүртгүүлж, тус газрын албанаас шаардсаны дагуу газрыг төлбөрийг жил бүр төлж ирсэн байхад зөвшөөрөлгүй гарааш гэж албадан буулгахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй... гэж маргасан, хариуцагч Нийслэлийн Засаг даргаас ...газар эзэмших эрх олгоогүй байхад газар дээр дур мэдэн гарааш барьсан учраас Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-т заасан Зохих зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга, байгууламж барьсан, эсхүл бусад хэлбэрээр түүнийг дур мэдэн эзэмшсэн-д тооцож, гараашуудыг нураахаар шийдвэрлэсэн... хэмээн захирамжийн үндэслэлээ тайлбарлажээ.

2.3. Талуудын тайлбараас үзвэл, Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3.-т Зохих зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга, байгууламж барьсан, эсхүл бусад хэлбэрээр түүнийг дур мэдэн эзэмшсэн бол аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга уг газрыг чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл өгнө. гэж зааснаар нэхэмжлэгч иргэд зохих зөвшөөрөлгүйгээр газар дээр гарааш барьсан эсэх буюу тус хуулийн зохицуулалтыг хэрэглэх нөхцөл үүссэн эсэхийг тогтоосноор уул маргаан шийдвэрлэгдэхээр байна.

2.4. Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл, Улаанбаатар хотын ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1992 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн А/39 дүгээр захирамжаар Хот байгуулалт, төлөвлөлтийн газрын боловсруулсан саналыг үндэслэн хотын захиалгаар барих гараашийн барилгуудыг барих зорилгоор Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэр Нарлаг хороололд 88 дугаар цэцэрлэгийн хойд талд 0,05 га газар-ыг олгосон,

2.5. Баянгол дүүргийн Засаг даргын 1999 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн Б/114 дүгээр захирамжаар тус дүүргийн 18 дугаар хороо 43 дугаар байрны урд тал 88 дугаар цэцэрлэгийн зүүн талд 24 машины /18х24/ гарааш барихыг 3-р хорооны иргэн н.Даржаад, Баянгол дүүргийн Засаг даргын 1999 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн Б/128 дугаар захирамжаар 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт 42, 43 дугаар байрны урд 2х8 машины гарааш барихыг ХХМедиа ХХК /Д.Азжаргалд/ тус тус зөвшөөрсөн, тус гараашуудыг нэхэмжлэгч Ө.Цэдэндамба, Ш.Батхишиг, М.Батчулуун, Д.Отгон, Н.Энхбат, Б.Батгэрэл, Д.Сүхбаатар, А.Энхбаяр, Ж.Улаанхүү, Т.Загдрагчаа, Н.Ариунболд нар бусдаас шилжүүлэн авч ашиглаж байгааг хариуцагч Нийслэлийн Засаг даргаас үгүйсгээгүй, хэргийн оролцогчид энэ үйл баримтын талаар маргаангүй байна.

2.6. Тодруулбал, Баянгол дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 14/429 дүгээр албан бичгээр шүүхэд ирүүлсэн, тус байгууллагын архивт хадгалагдаж буй баримтуудаас үзэхэд:

2.7. Нэхэмжлэгч Ө.Цэдэндамбын тухайд, Баянгол дүүргийн Газар зохион байгуулалтын албанд 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр гаргасан ...Улаанбаатар хотын ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1992 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн А/39 дүгээр захирамж, Хот байгуулалт төлөвлөлтийн газрын дарга Л.Болдын 1992 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн мэдэгдлийн дагуу 0,05 га газар дээр баригдсан 88 дугаар цэцэрлэгийн ард байрлах 14 тоот гараашийг С.Соном гэх хүнээс 2002 онд худалдан авсан талаарх... өргөдөл, тус дүүргийн 18 дугаар хорооны Засаг даргаас гарган өгсөн гарааш эзэмшигч мөн болох тодорхойлолт, газрын төлбөрийг тодорхойлох актын үндсэн дээр газрын төлбөрт 2019 оны байдлаар 859320 төгрөг төлсөн баримт,

2.8. Нэхэмжлэгч Ш.Батхишигийн тухайд, Баянгол дүүргийн өмч, газрын харилцааны албанд 2013 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр гаргасан ...42 дугаар байрны баруун талд байрлах 10 тоот гараашийг барьсан н.Даржаагаас 2007 онд шилжүүлэн авч ашиглаж байгаа тул гараашийн эзэмшлийг шилжүүлэх... хүсэлт, газрын төлбөр тодорхойлох 2013 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 18/549 дугаартай актын үндсэн дээр 2013 он хүртэл гарааш ашигласны төлбөрт 95040 төгрөг, 2010 онд 11000 төгрөг, 2011 онд 285210 төгрөг, 2016 онд 95040 төгрөг, 2020 онд 223776 төгрөг төлсөн баримт, мөн гараашийг шилжүүлэн авах үед Баянгол дүүргийн 18 дугаар хорооны Засаг даргаас гарган өгсөн гарааш эзэмшигч мөн болох тодорхойлолт,

2.9. Нэхэмжлэгч М.Батчулууны тухайд, Баянгол дүүргийн өмч, газрын харилцааны албанд 2013 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр гаргасан ...88 дугаар цэцэрлэгийн хойд талд байрлах 16 тоот гараашийг газрын төлбөрийг төлсөн тул гэрээ хийх... өргөдөл, гараашийн өмнөх эзэмшигч Д.Минсэлээс гараашийг худалдан авсан талаарх 2011 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн тодорхойлолт, газрын төлбөр тодорхойлох 2013 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 18/88/16 дугаартай актын үндсэн дээр 2013 он хүртэл гарааш ашигласны төлбөрт 95040 төгрөг, 2013 онд 190080 төгрөг, 2016 онд 190080 төгрөг, 2020 онд 111888 төгрөг төлсөн баримт,

2.10. Нэхэмжлэгч Д.Отгоны тухайд, Баянгол дүүргийн өмч, газрын харилцааны албанд 2013 оны 10 дугаар сарын 18-ны өдөр гаргасан ...19 тоот гараашийн эзэмшлийг шилжүүлэх..., мөн өмнөх гарааш эзэмшигч Б.Баатараас гараашийн гэрчилгээг Д.Отгонд шилжүүлэхээр гаргасан өргөдөл, Баянгол дүүргийн Засаг даргын 2004 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 289 тоот шийдвэрийг үндэслэн газар зохион байгуулагч Д.Ганчимэгээс Б.Баатартай гараашийн газар эзэмшүүлэхээр байгуулсан гэрээ, Б.Баатарын газрын төлбөр төлж байсан баримт, газрын төлбөр тодорхойлох 2013 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 18/5137 дугаартай актын үндсэн дээр 2013 он хүртэл гарааш ашигласны төлбөрт 95040 төгрөг төлсөн баримт,

2.11. Нэхэмжлэгч Н.Энхбатын тухайд, Баянгол дүүргийн өмч, газрын харилцааны албанд 2013 оны 10 дугаар сарын 31-ний өдөр гаргасан ...42 дугаар байрны баруунд байрлах шилжүүлэн авсан... талаарх өргөдөл, Дүүргийн газрын албанаас 2013 оны 10 дугаар сарын 29-ний өдөр ...газрын төлбөр төлөөгүй тохиолдолд газар эзэмших эрхийг цуцлах талаар хүргүүлсэн шаардах хуудас, М.Нэргүйгээс гараашийг худалдан авсан гэрээ, газрын төлбөр тодорхойлох 2013 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 18/544 дугаартай актын үндсэн дээр 2013 он хүртэл гарааш ашигласны төлбөрт 95040 төгрөг, 2016 онд 19008 төгрөг, 2019 онд 259928 төгрөг төлсөн баримт,

2.12. Нэхэмжлэгч Б.Батгэрэлийн тухайд, Баянгол дүүргийн өмч, газрын харилцааны албанд 2013 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр гаргасан ...43 дугаар байрны урд талд байрлах 20 тоот гараашийг худалдан авсан... өргөдөл, гарааш худалдах, худалдан авах гэрээ, гараашийн газрын байршлын кадастрын зураг, газрын төлбөр тодорхойлох 2013 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 18/0020 дугаартай актын үндсэн дээр ашигласны төлбөрт 95040 төгрөг, 2019 онд 165888 төгрөг төлсөн баримт,

2.13. Нэхэмжлэгч Ж.Улаанхүүгийн тухайд, газрын төлбөр тодорхойлох 2014 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 18/1537 дугаартай актын үндсэн дээр 42 дугаар байрны урд талд байрлах 17 тоот гараашийн газрыг 2013 он хүртэл ашигласны төлбөрт 95040 төгрөг, 2009 онд 22000 төгрөг, 2010 онд 11000 төгрөг, 2011 онд 11000 төгрөг, 2017 онд 570240 төгрөг төлсөн баримт,

2.14. Нэхэмжлэгч А.Энхбаярын тухайд, газрын төлбөр тодорхойлох 2013 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 18-543 дугаартай актын үндсэн дээр 42 дугаар байрны баруун талд байрлах гараашийн газрыг 2013 онд ашигласны төлбөрт 95040 төгрөг төлсөн баримт,

2.15. Нэхэмжлэгч Т.Загдрагчаагийн тухайд, газрын төлбөр тодорхойлох 2009 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 18/125 дугаартай актын үндсэн дээр 88 дугаар цэцэрлэгийн хойно байрлах 5 тоот гараашийн газрыг ашигласны төлбөрт 11000 төгрөг төлсөн, 2013 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 18/1669 дугаартай актын үндсэн дээр 2015 он хүртэл газар ашигласны төлбөрт 95040 төгрөг, 2013 онд 285120 төгрөг, 2014-2018 он хүртэл тус бүр 95040 төгрөг, 2019 онд 165888 төгрөг төлсөн баримт, газрын кадастрын мэдээллийн зураг,

2.16. Нэхэмжлэгч Д.Сүхбаатарын тухайд, Баянгол дүүргийн өмч, газрын харилцааны албанд 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр гаргасан ...42 дугаар байрны 18 тоот гараашийг худалдан авсан талаарх... өргөдөл, газрын төлбөр тодорхойлох 2019 оны 03 сарын 26-ны өдрийн 18/526 дугаартай актын үндсэн дээр гарааш ашигласны төлбөрт 165888 төгрөг төлсөн баримт, гарааш худалдах, худалдан авах гэрээ,

2.17. Нэхэмжлэгч Н.Ариунболдын тухайд, Баянгол дүүргийн өмч, газрын харилцааны албанд 2018 оны 01 дүгээр сарын 11-нийөдөр гаргасан ...88 дугаар цэцэрлэгийн хойно байрлах 4 тоот гараашийг худалдан авсан талаарх... өргөдөл, газрын төлбөр тодорхойлох 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 18/637 дугаартай актын үндсэн дээр гарааш ашигласны төлбөрт 95040 төгрөг төлсөн баримт, гарааш худалдах, худалдан авах гэрээ, хорооны Засаг даргын тодорхойлолт зэрэг баримтууд хадгалагдаж байна.

2.18. Үүнээс үзвэл, нэхэмжлэгч нарын ...гарааш худалдан авахдаа газрын албан дээр очиж, зөвшөөрөлтэй гарааш мөн эсэхийг тодруулахад бидний бичиг баримтыг хүлээн авч, худалдан авахыг зөвшөөрдөг байсан бөгөөд газрын төлбөр төлүүлсээр ирсэн тул зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга байгууламж барьсан гэж үзэхгүй байна... гэсэн тайлбар үндэслэлтэй, нэхэмжлэгч Ө.Цэдэндамба, Ш.Батхишиг, М.Батчулуун, Д.Отгон, Н.Энхбат, Б.Батгэрэл, Д.Сүхбаатар, А.Энхбаяр, Ж.Улаанхүү, Т.Загдрагчаа, Н.Ариунболд нар нь газар дээр зохих зөвшөөрөлгүйгээр барилга байгууламж бариагүй, гараашийн барилгыг дур мэдэн эзэмшсэн гэж үзэхээргүй байхаас гадна хариуцагч нараас энэ үйл баримтыг үгүйсгээгүй, харин шүүхэд гаргасан тайлбартаа ...газар эзэмших эрх олгоогүй учраас газрыг зохих зөвшөөрөлгүйгээр эзэмшсэн гэж үзнэ... гэж тайлбарлажээ.

2.19. Хэдийгээр эдгээр нэхэмжлэгч иргэд газар эзэмших эрхийн гэрчилгээгүй боловч зохих зөвшөөрөлгүйгээр гараашийг эзэмшээгүй, дээр дурдсанаар Улаанбаатар хотын ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1992 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн А/39 дүгээр захирамж, Баянгол дүүргийн Засаг даргын 1999 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн Б/128 дугаар захирамж, Баянгол дүүргийн Засаг даргын 1999 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн Б/114 дүгээр захирамжуудын дагуу зөвшөөрөлтэй баригдсан гараашийг худалдан авч, газрын төлбөрийг жил бүр төлсөөр ирсэн байх тул ...зохих зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга байгууламж барьсан, дур мэдэн эзэмшсэн гэж буруутгах үндэслэлгүй гэж үзлээ.

2.20. Учир нь, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5-д зааснаар захиргааны үйл ажиллагаа нь хуульд нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчимтай тул захиргааны байгууллагын хэрэгжүүлсэн бүхий л үйл ажиллагаа хуульд нийцсэн байх ёстой. Тиймээс хүн, хуулийн этгээд захиргааны хүлээн зөвшөөрч буй үйлдэл бүхэнд итгэлтэй байх, өөрчлөгдсөн ч хууль ёсоор үүссэн энэхүү итгэлээ хуульд заасан арга хэрэгслээр хамгаалуулах эрхтэй, үүнийг хамгаалах үүргийг захиргааны байгууллага хүлээх ёстой болохыг мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим-д тусгажээ.

2.21. Энэ тохиолдолд захиргаанаас /Баянгол дүүргийн Газар зохион байгуулалтын алба/ нэхэмжлэгч нарыг гарааш худалдан авахыг зөвшөөрч, бичиг баримтыг нь хүлээн авч, гараашийн доорх газрыг ашигласны төлбөрт газрын төлбөр төлүүлэхээр акт тогтоох зэргээр гарааш эзэмших-ийг зөвшөөрсөн үйлдлийг хийсээр ирсэн байх тул захиргааны тус үйлдэлд итгэж, гараашийг худалдан авч, эзэмшсэн эдгээр иргэдийн итгэлийг хууль ёсоор үүссэн гэж үзэх үндэслэлтэй бөгөөд тэдгээрийг зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга байгууламж барьсан үндэслэлээр гараашийг албадан буулгахаар шийдвэрлэсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д заасан хууль ёсны итгэлийг хамгаалах зарчимтай нийцэхгүй байна.

2.22. Түүнчлэн газрыг хуульд заасан журмын дагуу эзэмшүүлээгүй тохиолдолд газар дээр гарааш эзэмших боломжгүй талаар гараашийг худалдан авах, гарааш эзэмшигчийн нэр өөрчлүүлэх, газрын төлбөр тодорхойлох актыг үйлдэх, төлбөр төлүүлэх зэрэгт мэдэгдээгүй атлаа хожим газар эзэмших эрхгүй гэж үзсэнийг зөвтгөх боломжгүй.

2.23. Харин Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д заасан хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим нь захиргааны үйл ажиллагаанд оролцогч иргэн, хуулийн этгээдэд хууль ёсоор үүссэн итгэл болон мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх эрх зүйн үр дагавар бий болсон тохиолдолд үйлчлэхээр зохицуулагдсан. Хэрэгт авагдсан баримтуудаар нэхэмжлэгч Ө.Цэдэндамба, Ш.Батхишиг, М.Батчулуун, Д.Отгон, Н.Энхбат, Б.Батгэрэл, Д.Сүхбаатар, А.Энхбаяр, Ж.Улаанхүү, Т.Загдрагчаа, Н.Ариунболд нар гараашийг худалдан авах, газрын төлбөр төлөх байдлаар тодорхой хэмжээний мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хөрөнгө зарцуулсан бөгөөд гараашуудыг нурааснаар худалдан авсан эд хөрөнгөө ашиглах боломжгүй болох үр дагавар үүсэхээр байх тул хууль ёсны итгэл хамгаалагдах боломжтой байна.

2.24. Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, Нийслэлийн Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн А/388 дугаар захирамжаар Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-т заасныг үндэслэн газар дээр зохих зөвшөөрөлгүйгээр барилга байгууламж барьсан гэж нэхэмжлэгч Ө.Цэдэндамба, Ш.Батхишиг, М.Батчулуун, Д.Отгон, Н.Энхбат, Б.Батгэрэл, Д.Сүхбаатар, А.Энхбаяр, Ж.Улаанхүү, Т.Загдрагчаа, Н.Ариунболд нарын гараашийг албадан буулгахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

2.25. Гэхдээ Газрын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар төрийн өмч мөн гэж, 6 дугаар зүйлийн 6.1-д ...газрыг ... аж ахуйн нэгж байгууллага эзэмшиж, ашиглах-аар, 20 дугаар зүйлийн 20.2.1-д ... /Засаг дарга/ нутаг дэвсгэртээ газрын талаар төрөөс явуулах нэгдсэн бодлого, газрын тухай хууль тогтоомж, тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулж хангах-аар, 21 дүгээр зүйлийн 21.2.3-т нийслэлийн Засаг дарга нь нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу хотын суурьшлын бүсийн инженерийн шугам, сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэх-ээр, 21.2.4-т хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл болон тухайн жилийн газар зохион байгуулалтын батлагдсан төлөвлөгөөний дагуу энэ хууль ...-д заасан газар эзэмшүүлэх, ашиглуулах ажлыг зохион байгуулах-аар тус тус зааснаас үзэхэд төрийн өмчийн тодорхой нэг газрыг бусдын эзэмшил, ашиглалтад тодорхой хугацаа, болзолтойгоор, гэрээний үндсэн дээр олгох, эсхүл нийтийн эзэмшилд ашиглахаар шийдвэр гаргах эрх нь захиргааны эрх хэмжээний асуудал байх тул хариуцагч нийслэлийн Засаг дарга нь маргаан бүхий гараашууд байрлаж буй газрыг нийтийн ашиг сонирхлын үүднээс нийтийн зам талбайн хэлбэрээр нийтээр ашиглуулахаар шийдвэр гаргах эрхтэй.

2.26. Ийнхүү хэрэв хариуцагч Нийслэлийн Засаг даргаас нийтийн эзэмшлийн зам талбайн хэлбэрээр газрыг ашиглуулахаар шийдвэрлэсэн бол тухай газар дээр зохих зөвшөөрлийн дагуу баригдсан гарааш эзэмшиж байсан иргэдийн гараашийг эзэмших эрх хамгаалагдсан энэ тохиолдолд Захиргааны ерөнхий хуулийн 4.2.8-д заасны дагуу мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх эрх зүйн үр дагаврыг нь нөхөн төлөх байдлаар шийдвэр гаргах ёстой байхад зохих зөвшөөрөлгүйгээр газрыг дур мэдэн эзэмшсэн, газар дээр барилга байгууламж барьсан үндэслэлэр шийдвэр гаргасан нь үндэслэлгүй байх тул цаашид маргаан бүхий гараашууд байрлаж газрыг нийтийн эзэмшлийн зам талбайн хэлбэрээр нийтээр ашиглахаар төлөвлөсөн бол нөхөн төлбөр өгөх байдлаар, маргаан бүхий актыг гаргах бодит нөхцөл байдалд нийцүүлэх шаардлагатай, эдгээр асуудал нь шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн байх тул хариуцагч уг асуудлыг судалсаны үндсэн дээр дахин захиргааны акт гаргах нь зүйтэй гэж үзлээ.

2.27. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх гэж заасны дагуу маргаан бүхий актын дээрх нэхэмжлэгч иргэдэд холбогдох хэсгийг дахин шинээр захиргааны акт гаргах хүртэл 6 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэлээ.

2.28. Харин нэхэмжлэгч Д.Баатарсүх, О.Санаа, Д.Эрдэнэбаатар, Ш.Хүрэлбаатар, Э.Сандагдорж, Б.Алтангэрэл, Ч.Наранчимэг, Ч.Дашдаваа, Н.Дэмчигдорж, Н.Батбаяр, Г.Золбаяр, Л.Дагвадорж нар нь Улаанбаатар хотын ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1992 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн А/39 дүгээр захирамж, Баянгол дүүргийн Засаг даргын 1999 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн Б/128 дугаар захирамж, Баянгол дүүргийн Засаг даргын 1999 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн Б/114 дүгээр захирамжуудын дагуу зөвшөөрөлтэй баригдсан гараашийг худалдан авч ашиглаж байгаа нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй, холбогдох баримтууд нь Баянгол дүүргийн Газар зохион байгуулалтын албанд хадгалагдаагүй байх тул тус нэхэмжлэгч нарт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгов.

 

3. Улаанбаатар хотын ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1992 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн А/39 дүгээр захирамж, Баянгол дүүргийн Засаг даргын 1999 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн Б/128 дугаар, Баянгол дүүргийн Засаг даргын 1999 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн Б/114 дүгээр захирамжийн дагуу нэхэмжлэгч Ө.Цэдэндамба нарын 23 иргэний гараашууд баригдсан болох эрх зүйн харилцаа байгааг тогтоож, хүлээн зөвшөөрөх нэхэмжлэлийн шаардлагын тухайд,

3.1. Дээр дурдсанчлан Баянгол дүүргийн Засаг даргын 1999 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн Б/114 дүгээр захирамжаар тус дүүргийн 18 дугаар хороо 43 дугаар байрны урд тал 88 дугаар цэцэрлэгийн зүүн талд 24 машины /18х24/ гарааш барихыг 3-р хорооны иргэн н.Даржаад, Баянгол дүүргийн Засаг даргын 1999 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн Б/128 дугаар захирамжаар 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт 42, 43 дугаар байрны урд 2х8 машины гарааш барихыг ХХМедиа ХХК /Д.Азжаргалд/ тус тус зөвшөөрсөн, тус гараашуудыг нэхэмжлэгч Ө.Цэдэндамба, Ш.Батхишиг, М.Батчулуун, Д.Отгон, Н.Энхбат, Б.Батгэрэл, Д.Сүхбаатар, А.Энхбаяр, Ж.Улаанхүү, Т.Загдрагчаа нар бусдаас шилжүүлэн авч ашиглаж байгааг хариуцагч нараас хүлээн зөвшөөрсөн.

3.2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.5-д зааснаар нэхэмжлэгчийн тогтоолгохыг хүсэж буй нийтийн эрх зүйн харилцаа байгаа нь тогтоогдсон бөгөөд шүүхийн шийдвэр гарснаар нэхэмжлэгчийн хувьд ямар нэгэн эрх, үүрэг үүсэх, өөрчлөгдөх, эсхүл дуусгавар болох зэргээр эрх зүйн тодорхой үр дагавар үүсэх буюу эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хамгаалагдах боломжтой тохиолдолд шүүхээс тус шүүхийн шийдвэрийг гаргах боломжтой.

3.3. Нэхэмжлэгч нарын тухайд, Улаанбаатар хотын ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1992 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн А/39 дүгээр захирамж, Баянгол дүүргийн Засаг даргын 1999 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн Б/128 дугаар, Баянгол дүүргийн Засаг даргын 1999 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн Б/114 дүгээр захирамжийн дагуу баригдсан гараашийг эзэмшиж байгаа эрх зүйн харилцаа байгааг тогтоосон тохиолдолд Нийслэлийн Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн А/388 дугаар захирамжид заасан ...зохих зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга байгууламж барьсан... гэх үндэслэлийг үгүйсгэх эрх зүйн үр дагаварыг үүсгэхээр байна.

3.4. Иймд Улаанбаатар хотын ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1992 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн А/39 дүгээр захирамж, Баянгол дүүргийн Засаг даргын 1999 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн Б/128 дугаар захирамж, Баянгол дүүргийн Засаг даргын 1999 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн Б/114 дүгээр захирамжуудын дагуу баригдсан гараашийг нэхэмжлэгч Ө.Цэдэндамба, Ш.Батхишиг, М.Батчулуун, Д.Отгон, Н.Энхбат, Б.Батгэрэл, Д.Сүхбаатар, А.Энхбаяр, Ж.Улаанхүү, Т.Загдрагчаа нар эзэмшиж байгаа эрх зүйн байгааг тогтоож, хүлээн зөвшөөрөх нь зүйтэй.

3.5. Харин хариуцагч нараас ...гарааш барих зориулалтаар олгогдсон газарт дээд тал нь 68 орчим гарааш баригдсан байх боломжтой, одоогоор маргаан бүхий байршилд 110 гарааш байрлаж байгаа... гэж тайлбарласнаас үзвэл, нэхэмжлэгч Д.Баатарсүх, О.Санаа, Д.Эрдэнэбаатар, Ш.Хүрэлбаатар, Э.Сандагдорж, Б.Алтангэрэл, Ч.Наранчимэг, Ч.Дашдаваа, Н.Дэмчигдорж, Н.Батбаяр, Г.Золбаяр, Л.Дагвадорж нар нь зохих зөвшөөрлийн дагуу баригдсан гараашийг эзэмшиж байгаа нь тогтоогдохгүй, холбогдох баримтууд нь Баянгол дүүргийн Газар зохион байгуулалтын албанд хадгалагдаагүй байна. Иймд тухайн иргэд Улаанбаатар хотын ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1992 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн А/39 дүгээр захирамж, Баянгол дүүргийн Засаг даргын 1999 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн Б/128 дугаар, Баянгол дүүргийн Засаг даргын 1999 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн Б/114 дүгээр захирамжийн дагуу баригдсан гараашийг худалдан авч, эзэмшиж байгаа гэж үзэх боломжгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

4. Улаанбаатар хотын ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1992 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн А/39 дүгээр захирамж, Баянгол дүүргийн Засаг даргын 1999 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн Б/128 дугаар захирамж, Баянгол дүүргийн Засаг даргын 1999 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн Б/114 дүгээр захирамжуудын дагуу барилга байгууламж, гараашийн зориулалтаар газар эзэмших, эзэмшүүлэх эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоож, хүлээн зөвшөөрөх нэхэмжлэлийн шаардлагын тухайд,

4.1. Улаанбаатар хотын ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1992 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн А/39 дүгээр захирамжаар Хот байгуулалт, төлөвлөлтийн газрын боловсруулсан саналыг үндэслэн хотын захиалгаар барих гараашийн барилгуудыг барих зорилгоор Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэр Нарлаг хороололд 88 дугаар цэцэрлэгийн хойд талд 0,05 га газар-ыг олгосон,

4.2. Баянгол дүүргийн Засаг даргын 1999 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн Б/114 дүгээр захирамжаар тус дүүргийн 18 дугаар хороо 43 дугаар байрны урд тал 88 дугаар цэцэрлэгийн зүүн талд 24 машины /18х24/ гарааш барихыг 3-р хорооны иргэн н.Даржаад, Баянгол дүүргийн Засаг даргын 1999 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн Б/128 дугаар захирамжаар 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт 42, 43 дугаар байрны урд 2х8 машины гарааш барихыг ХХМедиа ХХК /Д.Азжаргалд/ тус тус зөвшөөрсөн үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогддог.

4.3. Нэхэмжлэгч нараас ...гараашийг барихдаа газар эзэмших эрх олгож байсан болохыг тогтоолгосноор нэхэмжлэгч иргэд нь эзэмших эрх олгосон газар дээр баригдсан гараашийг худалдан авсанд тооцогдоно... гэсэн үндэслэлээр тус нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан үндэслэлээ тайлбарлажээ.

4.4. Дээрх захирамжуудаас үзэхэд, маргаан бүхий байршлуудад гарааш барих зорилгоор газар олгосон байх боловч нэхэмжлэгч иргэдийн тухайд, газар эзэмшүүлэх эсхүл ашиглуулах зорилгоор газар олгосон эсэх нь ач холбогдолгүй, өөрөөр хэлбэл, бусдаас гарааш шилжүүлэн авахдаа доорх газарт холбогдуулан газар эзэмших эрх шилжүүлэн авахаар, эсхүл газрыг шинээр эзэмшихээр хүсэлт гаргаж байгаагүй атлаа газар эзэмших, эзэмшүүлэх эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоолгох нь тэдгээрийн хувьд эрх зүйн хамгаалалт үүсгэхгүй.

4.5. Иймд нэхэмжлэлийн тус шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

4.6. Шүүхээс Улаанбаатар хотын ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1992 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн А/39 дүгээр захирамж, Баянгол дүүргийн Засаг даргын 1999 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн Б/128 дугаар захирамж, Баянгол дүүргийн Засаг даргын 1999 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн Б/114 дүгээр захирамжуудын дагуу баригдсан гараашийг худалдан авсан буюу зохих зөвшөөрөлтэйгөөр баригдсан гараашийг шилжүүлэн авсан учраас Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д заасан хууль ёсны итгэл хамгаалагдах зарчим хэрэгжих ёстой гэдэг үндэслэлээр Нийслэлийн Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн А/388 дугаар захирамжийн холбогдох хэсгийг түдгэлзүүлэх шийдвэрийг гаргасан болохыг энд дурдах нь зүйтэй.

5. Улаанбаатар хотын ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1992 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн А/39 дүгээр захирамж, Баянгол дүүргийн Засаг даргын 1999 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн Б/128 дугаар захирамж, Баянгол дүүргийн Засаг даргын 1999 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 114 дүгээр захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгож, илт хууль бус захирамжийн дагуу баригдсан гараашийн үнэ болох 10 сая төгрөгийн хохирлыг нэхэмжлэгч 23 иргэн тус бүрт олгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд,

5.1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар нэхэмжлэгч нь нэг маргаан бүхий актад холбогдуулан нэхэмжлэлийн нэг шаардлага гарган маргах боломжтой.

5.2. Гэтэл нэхэмжлэгч нараас Улаанбаатар хотын ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1992 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн А/39 дүгээр захирамж, Баянгол дүүргийн Засаг даргын 1999 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн Б/128 дугаар захирамж, Баянгол дүүргийн Засаг даргын 1999 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 114 дүгээр захирамжийг ...илт хууль бус болохыг тогтоолгох..., ...тус захирамжуудын дагуу нэхэмжлэгч нарын гарааш баригдсан эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоолгох, мөн газар эзэмших, эзэмшүүлэх эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоолгох гэж нэхэмжлэлийн 2 өөр шаардлага гаргах ба шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг удаа, дараа тодруулахад нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөхгүй гэсэн тайлбарыг гаргаж байна.

5.3. Иймд шүүхээс захиргааны нэг актад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн хоёр шаардлагыг зэрэг шийдвэрлэх боломжгүй тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасан үндэслэлээр Улаанбаатар хотын ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1992 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн А/39 дүгээр захирамж, Баянгол дүүргийн Засаг даргын 1999 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн Б/128 дугаар захирамж, Баянгол дүүргийн Засаг даргын 1999 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 114 дүгээр захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгож, илт хууль бус захирамжийн дагуу баригдсан гараашийн үнэ болох 10 сая төгрөгийн хохирлыг нэхэмжлэгч 23 иргэн тус бүрт олгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзах нь зүйтэй гэж үзлээ.

 

6. Нийслэлийн Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн А/388 дугаар захирамжийн хавсралтын 39, 40 дэх хэсгийн нэхэмжлэгч 23 иргэнд холбогдох хэсэг болон Баянгол дүүргийн Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн А/60 дугаар захирамжийн нэхэмжлэгч Ө.Цэдэндамба, Д.Баатарсүх, О.Санаа, Д.Эрдэнэбаатар, Ш.Батхишиг, Ш.Хүрэлбаатар, Э.Сандагдорж, М.Батчулуун, Д.Отгон, Б.Алтангэрэл, Ч.Наранчимэг, Ч.Дашдаваа, А.Энхбаяр, Н.Дэмчигдорж, Н.Батбаяр, Н.Энхбат, Г.Золбаяр, Б.Батгэрэл, Д.Сүхбаатар, Т.Загдрагчаа, Ж.Улаанхүү, Л.Дагвадорж нарт холбогдох хэсгийг тус тус Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д заасны дагуу захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх нэхэмжлэлийн шаардлагын тухайд,

6.1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 3 дугаар зүйлийн 3.1.3-д зааснаар захиргааны хэргийн шүүх нь хүн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй тохиолдолд тэдгээрийн нэхэмжлэлийг үндэслэн захиргааны үйл ажиллагаа хуульд нийцсэн эсэхийг хянан шийдвэрлэдэг.

6.2. Нэхэмжлэгч нараас Нийслэлийн Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн А/388 дугаар захирамж, Баянгол дүүргийн Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн А/60 дугаар захирамжийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д заасны дагуу захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх шийдвэрийг гаргуулна гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.

6.3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д нэхэмжлэгчийн шүүхэд гаргах нэхэмжлэлийн төрлийг нэрлэн заасан бөгөөд тус шаардлагын төрлүүдээс сонгон нэхэмжлэгч шүүхэд маргах эрхтэй.

6.4. Гэтэл нэхэмжлэгч Ө.Цэдэндамба нарын 23 иргэнээс шүүхийн хянан шийдвэрлэх нэхэмжлэлийн төрөлд хамаарахгүй, ...захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх... гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргах ба тэдгээрийн тодорхойлж буй шаардлага нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д зааснаар захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд гаргах анхан шатны шүүхийн шийдвэрийн төрөлд хамаарах болохоос анхнаасаа тухайн шаардлагыг гарган маргах боломжтой нэхэмжлэл биш юм.

6.5. Иймд нэхэмжлэгч нараас Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д заасныг баримтлан захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх шийдвэрийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52.5-д заасантай нийцэхгүй тул нэхэмжлэлийн тус шаардлагыг шүүхээс тусад нь шийдвэрлэх шаардлагагүй, энэ агуулгаараа Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус маргаанд хамаарч байх тул хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.8, 106.3.11, 106.3.13, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, 4.2.8-т заасныг баримтлан нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж, Улаанбаатар хотын ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1992 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн А/39 дүгээр захирамж, Баянгол дүүргийн Засаг даргын 1999 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн Б/128 дугаар, Баянгол дүүргийн Засаг даргын 1999 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн Б/114 дүгээр захирамжийн дагуу баригдсан гараашийг нэхэмжлэгч Ө.Цэдэндамба, Ш.Батхишиг, М.Батчулуун, Д.Отгон, Н.Энхбат, Б.Батгэрэл, Д.Сүхбаатар, А.Энхбаяр, Ж.Улаанхүү, Т.Загдрагчаа нар эзэмшиж байгаа эрх зүйн харилцаа байгааг тогтоон хүлээн зөвшөөрч,

нэхэмжлэлийн тус шаардлагын нэхэмжлэгч Д.Баатарсүх, О.Санаа, Д.Эрдэнэбаатар, Ш.Хүрэлбаатар, Э.Сандагдорж, Б.Алтангэрэл, Ч.Наранчимэг, Ч.Дашдаваа, Н.Дэмчигдорж, Н.Батбаяр, Г.Золбаяр, Л.Дагвадорж холбогдох хэсэг мөн Улаанбаатар хотын ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1992 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн А/39 дүгээр захирамж, Баянгол дүүргийн Засаг даргын 1999 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн Б/128 дугаар захирамж, Баянгол дүүргийн Засаг даргын 1999 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн Б/114 дүгээр захирамжуудын дагуу барилга, байгууламжийн зориулалтаар газар эзэмшүүлэх эрх зүйн харилцаа байгааг тогтоож, хүлээн зөвшөөрөх нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, 4.2.8, Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-т заасныг баримтлан нэхэмжлэлийн Нийслэлийн Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн А/388 дугаар захирамжийн хавсралтын 39, 40 дэх хэсгийн нэхэмжлэгч 23 иргэнд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагаас нэхэмжлэгч Д.Баатарсүх, О.Санаа, Д.Эрдэнэбаатар, Ш.Хүрэлбаатар, Э.Сандагдорж, Б.Алтангэрэл, Ч.Наранчимэг, Ч.Дашдаваа, Н.Дэмчигдорж, Н.Батбаяр, Г.Золбаяр, Л.Дагвадорж нарт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Нийслэлийн Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн А/388 дугаар захирамжийн хавсралтын 39, 40 дэх хэсгийн нэхэмжлэгч Ө.Цэдэндамба, Ш.Батхишиг, М.Батчулуун, Д.Отгон, Н.Энхбат, Б.Батгэрэл, Н.Ариунболд, Д.Сүхбаатар, А.Энхбаяр, Ж.Улаанхүү, Т.Загдрагчаа, Н.Ариунболд нарт холбогдох хэсгийг дахин шинэ акт гаргах хүртэл 6 сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.

3. Шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллага дахин шинэ акт гаргаагүй бол Нийслэлийн Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн А/388 дугаар захирамжийн хавсралтын 39, 40 дэх хэсгийн нэхэмжлэгч Ө.Цэдэндамба, Ш.Батхишиг, М.Батчулуун, Д.Отгон, Н.Энхбат, Б.Батгэрэл, Н.Ариунболд, Д.Сүхбаатар, А.Энхбаяр, Ж.Улаанхүү, Т.Загдрагчаа, Н.Ариунболд нарт холбогдох хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасныг баримтлан Улаанбаатар хотын ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1992 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн А/39 дүгээр захирамж, Баянгол дүүргийн Засаг даргын 1999 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн Б/128 дугаар захирамж, Баянгол дүүргийн Засаг даргын 1999 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн Б/114 дүгээр захирамж нь илт хууль бус гэдгийг тогтоолгох, дээр дурдсан илт хууль бус захирамжийн дагуу баригдсан гэх гараашын үнэ болох 10 сая төгрөгийн хохирлыг гаргуулах, Нийслэлийн Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн А/388 дугаар захирамжийн хавсралтын 39, 40 дэх хэсгийн нэхэмжлэгч 23 иргэнд холбогдох хэсэг болон Баянгол дүүргийн Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн А/60 дугаар захирамжийн 1 дэх хэсгийн 704 тоосгон гарааш гэсэн хэсгийн нэхэмжлэгч Н.Ариунболдоос бусад нэхэмжлэгч 22 иргэнд холбогдох хэсгийг тус тус Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д заасны дагуу захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн Засаг даргаас 17550 төгрөг, Баянгол дүүргийн Засаг даргаас 17550 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Ө.Цэдэндамба, Ш.Батхишиг, М.Батчулуун, Д.Отгон, Н.Энхбат, Б.Батгэрэл, Н.Ариунболд, Д.Сүхбаатар, А.Энхбаяр, Ж.Улаанхүү, Т.Загдрагчаа нарт олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ГАНГЭРЭЛ