Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 309

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Алдар даргалж, Улсын яллагч: Б.Мөнх-Од, Нарийн бичгийн дарга: И.Буманбаяр, Шүүгдэгч Б, түүний өмгөөлөгч О.Баяраа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Сүхбаатар дүүргийн прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б-д холбогдох эрүүгийн 201725020587 дугаартай хэргийг 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар: Монгол улсын иргэн, ...ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, .. настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, 2 хүүхэд, ... тоотод оршин суух, урьд 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 100 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар ..., Б.

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/ Шүүгдэгч Б нь 2017 оны 02 дугаар сарын 18-ны орой 23-24 цагийн үед Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Төрнинг Пойнт” нэртэй пабад гэрийн тэжээвэр нохой дагуулан орж, үйлчлүүлж байсан хүмүүстэй маргалдан, улмаар зөөгчөөр ажиллаж байсан Н.Баярхүү салгаж, шаардлага тавьж гаргахад буцаж орж ирэхээр дайрч давшилан, улмаар шилэн хаалга барьж байхад гаднаас нь гараараа цохиж хагалан Н.Баярхүүгийн биед “дух баруун дээд зовхинд шарх, баруун шанаа, хамрын нуруу зүүн хацар, баруун зовхинд зулгаралт” бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулан хохирогч Н.Баярхүүгийн эрүүл мэндэд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй. Үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж байна гэв. Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Н.Баярхүү /хх-ийн 13/, гэрч О.Нямжав /хх- ийн 15/, сэжигтэн, яллагдагчаар татагдан байцаагдсан Б /хх-ийн 24, 25/ нарын өгсөн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн №2979 дугаар дүгнэлт /хх-ийн 17/, эд мөрийн баримт, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 10/, шүүгдэгч Б-ийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 31/ зэрэг болно. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь: Шүүгдэгч Б нь 2017 оны 02 дугаар сарын 18-ны орой 23-24 цагийн үед Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Төрнинг Пойнт” нэртэй пабад гэрийн тэжээвэр нохой дагуулан орж, үйлчлүүлж байсан хүмүүстэй маргалдан, улмаар зөөгчөөр ажиллаж байсан Н.Баярхүү салгаж, шаардлага тавьж гаргахад буцаж орж ирэхээр дайрч давшилан, улмаар шилэн хаалга барьж байхад гаднаас нь гараараа цохиж хагалан Н.Баярхүүгийн биед “дух баруун дээд зовхинд шарх, баруун шанаа, хамрын нуруу зүүн хацар, баруун зовхинд зулгаралт” бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулан хохирогч Н.Баярхүүгийн эрүүл мэндэд хохирол санаатай учруулсан гэж прокуророос 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ. Прокуророос шүүгдэгч Б-д 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг “...Б нь ...Н.Баярхүүгийн биед ...хөнгөн зэргийн гэмтэл учруулан ...эрүүл мэндэд хохирол санаатай учруулсан...” гэж буруу тодорхойлж ирүүлсэн боловч шүүх хуралдаанаар дээрх байдлыг зөвтгөж нөхөн гүйцэтгэх боломжтой гэж үзнэ. Шүүгдэгч Б хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд: Хохирогч Н.Баярхүү мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...2017 он02 дугаар сарын 18-ны орой би ажил дээрээ ажлаа хийж байсан. орой 23 цаг 30 минутын үед байхаа нэг эрэгтэй 2 эрэгтэй найзын хамтаар орж ирж үйлчлүүлсэн ба орж ирэхдээ их согтолттой мөн Сэтэр үйлдвэрийн бор өнгийн нохойтой орж ирсэн. Орж ирээд 0,5 литрийн задгай Сэнгүр авсан. Тэгээд би тэкнээс бараа аваад хүмүүст үйлчлээд явж байхад тухайн хүн нь нилээн ууртайгаар хүнтэй утсаар яриад байсан. ...тэр маргалдаж байсан залуу гарч яваад буцаад 5-10 минутын дараа орж ирээд дахин 5 дугаар ширээ буюу манайхаар үйлчлүүлж байсан хүмүүстэй хэрүүл маргаан гаргасан. ...Манай дотор хаалга шилэн ба би хаалга бариад онгойлгохгүй гээд зогсож байтал шилэн хаалгыг гараараа нэг удаа цохиод хагалаад ороод ирсэн. Тэгээд хагарсан хаалганы шил нь над руу үсэрч миний баруун дээд зовхи, дух зэргийг зүссэн. ...Манайд анх орж ирэхдээ их согтуу боловч биеэ хянах чадвартай байсан. Хүмүүстэй маргалдаж байхад нь намайг очиж салгах явцад миний зүүн мөр рүү нэг удаа цохисон. Хаалгыг огт тогшилгүй орох гэж байгаад гараараа цохиж хагалсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 13/ Гэрч О.Нямжав мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Тэгээд тухайн залуу найзыгаа хүлээгээд нохойтой зогсож байтал манайхаар үйлчлүүлж байсан 2 эрэгтэй 3 эмэгтэйгийн нэг эмэгтэй нь нохой байсан залуутай маргалдсан. ...Тэгэхээр нь би зөөгч Баярхүүг дуудаад маргааныг нь дахиж салгаад нөгөө залууг хаалганы цаана гаргасан юм. Буцаж оруулахгүй гээд хаалгыг Баярхүү барьж байтал нөгөө залуу хаалганы шилийг хагалчихаад буцаад цаашаа явсан. Тэгтэл шилний хэлтэрхий нь Баярхүүд ороод толгойноос нь цус гарсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 15/ Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн №2979 дугаар дүгнэлтэд: “...Н.Баярхүүгийн биед дух, баруун дээд зовхинд шарх, баруун шанаа хамрын зүүн хацар, баруун зовхинд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир ирмэг бүхий зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 17/, эд мөрийн баримт, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 10/ болон бусад бичгийн нотлох баримтуудаар түүний гэм буруутай үйлдэл хангалттай нотлогдож тогтоогдож байх тул шүүгдэгч Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзнэ. Энэ хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал, хохирогчийн санал хүсэлт зэргийг харгалзан шүүхээс Б-д нийтийн ашиг сонирхолд тустай ажлыг цалин хөлс олгохгүйгээр буюу нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь түүнийг нийгэмшүүлэх, цээрлүүлэх зэрэг эрүүгийн хариуцлагын зорилготой нийцнэ. Шүүгдэгч Б  урьд нь 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 100 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж байсаныг дурьдвал зохино. Шүүхээс шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж, дүгнэлт хийж байгаа, учруулсан хохирлоо сайн дураар нөхөн төлсөн зэрэг байдлыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцон үзлээ. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. Энэ хэргийн улмаас учирсан гэм хорын асуудлын хувьд хохирогч Н.Баярхүү нь /хх-ийн 95/: “...эмчилгээний төлбөрт 1.000.000 төгрөг хүлээн авсан. Миний зүгээс цаашид гаргах ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн хүсэлт гаргасныг дурьдах нь зүйтэй. Шүүгдэгч Б нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болно. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хэрэг учрал болсон үеийн бэхжүүлэн үлдээсэн CD 1 ширхэгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт хавсарган үлдээхээр тогтов.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б-г 300 /гурван зуу/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй. 3. Шүүгдэгч Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурьдсугай. 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй. 5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн CD 1 ширхэгийг хэрэгт хавсарган үлдээсүгэй. 6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай. 7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б-д урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                                                ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ М.АЛДАР