Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 167

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюунчимэг даргалж,

Нарийн бичгийн дарга Д.Мөнхням,

Улсын яллагч Ц.Оюунчимэг,

Шүүгдэгч О.Ёндон-Эрдэнэ, түүний өмгөөлөгч Л.Батаа

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201726010270 дугаартай 1 хавтас хэргийн шүүгдэгч 

 

Монгол улсын иргэн, 1979 оны 5 дугаар сарын 12-ны өдөр Баянхонгор аймгийн Галуут суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр  хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо Алтан-Овоогийн 8 дугаар гудамж 11 тоотод оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, ВК79051219 дугаарын регистртэй, Боржигон овгийн Отгонбаатарын Ёндон-Эрдэнэд холбогдох хэргийг 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч О.Ёндон-Эрдэнэ нь согтуугаар 2016 оны 12 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Алтан-Овоогийн 32 дугаар гудамжны 12 тоотод буюу гэртээ хамтран амьдрагч А.Даваасүрэнг гэрт шээлээ гэх хувийн таарамжгүй харьцааны улмаас зодон бие махбодид нь тархи доргилт, баруун дал, 2 гарын шуу, зүүн гарын эрхий хурууны зүсэгдсэн шарх, ахар сүүлний нугалмын далд хугарал бүхий хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт  хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч О.Ёндон-Эрдэнэ шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Би мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв, нэмж ярих зүйлгүй. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

 

 Хохирогч А.Даваасүрэн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:

            ...12 дугаар сарын 21-ний өдөр охиноо авах гээд Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Алтан- Овоогийн 32 дугаар гудамжны 12 тоотод өөрийн төрсөн дүү Цолмонтой хамт очсон. Очихдоо дэлгүүрээс 2 лааз пиво, 1 шил Ерөөл архи авсан. Тэр архийг 3-лаа хувааж уугаад би согтоод унтаад өгсөн. Манай дүү Цолмон намайг орхиод явсан. Тэгээд шөнө дундын үед О.Ёндон-Эрдэнэ намайг зодож байхад сэрсэн. Тэгээд би босоод ирсэн чинь Ёндон-Эрдэнэ хутга барьчихсан байхаар нь би хутгыг нь булаацалдаж байгаад би түлхүүлээд унасан, тэрнээс хойш юу болсныг мэдэхгүй байна. Маргааш өглөө нь сэрсэн чинь биеэ дийлж босч чадахгүй байсан. Тэгээд 2-3 хоног гэртээ хэвтэж байгаад Сонгинохайрхан дүүргийн эмнэлэгт үзүүлж эмчилгээ хийлгүүлсэн. Миний биед учирсан гэмтлүүдийг О.Ёндон-Эрдэнэ хутгаар зүсэж, бакалтай гутлаар өшиглөж учруулсан...гэжээ. /хх-7-17/,

 

         Гэрч  А.Цолмон мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:

         2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр эгч А.Даваасүрэнтэй хүүхдийг нь авах гээд О.Ёндон-Эрдэнийн гэрт 2 лааз пиво аваад орсон. Ёндон-Эрдэнэ хүүхэдтэйгээ хамт орон дээрээ хэвтэж байсан.Тэгээд буцаж гарч 0,5 л архи авсан. Авсан архиа бид 3 хувааж уугаад манай эгч тасраад унтсан. Би эгчийг унтчихлаа гэж бодоод Ёндон-Эрдэнэд явлаа гэж хэлээд явсан. Түүнээс хойш юу болсныг мэдэхгүй. Нөгөөдөр нь би Ёндон-Эрдэнийн гэрт очиход Даваасүрэн эгч зодуулсан байсан...гэжээ. /хх-23,26/,

          

            Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 1854 тоот акт. ДҮГНЭЛТ:

 

1. А.Даваасүрэнгийн биед тархи доргилт, баруун дал, 2 гарын шуу, зүүн гарын эрхий хуруунд зүсэгдсэн шарх, ахар сүүлний нугалмын далд хугарал гэмтэл учирсан нь тогтоогдлоо.

2. Дээрхи гэмтлүүд  нь хатуу мохоо болон ир үзүүртэй зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг  удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. Дээрхи гэмтлүүд нь 2016.12.21-22-нд үүссэн байх боломжтой...гэжээ. /хх-29/,

  

 Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 403 тоот акт. ДҮГНЭЛТ:

 

1.   2017.01.20-ны өдрийн 1854 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна.

 2. Хохирогчийн 2017.01.20-ны өдрийн ГССҮТ-н 37/эм А.Даваасүрэн гэсэн хаягтай цээжний эгц болон ахар сүүлний хажуу байрлалын рентген зурагт ахар сүүлний нугалмын хөндлөн хугаралтай байна.

Алтангэрэл овогт Цолмон 31 настай, эмэгтэй Наран манал ӨЭМТ гэсэн хаягтай Амбулаториор эмчлүүлэгчийн картанд дурдагдсанаар 2016.12.26-2017.01.18-ны хооронд оношлогоо эмчилгээ хийгдсэн байх ба дээрх эмч нарын үзлэгт тусгагдсан гэмтлийн өөрчлөлтийг А.Даваасүрэнгийн биед учирсан гэмтэл мөн эсэхийг тогтоох боломжгүй.

3. Хохирогчид учирсан ахар сүүлний нугалмын далд хугарал гэмтэл нь хальтирч  унах болон өшиглүүлэх зэрэг тохиолдолд үүснэ.

4.  Хохирогчийн биед ахар сүүлний хугарал, зүүн сарвуу, баруун дал, 2 шуунд зүсэгдсэн шарх, зүүн чамархайд сорив гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтлүүд үүссэн цаг хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй.

5. Дээрх ахар сүүлний нугалмын далд хугарал, зүүн чамархайн сорви нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, зүүн сарвуу, баруун дал, хоёр шууны зүсэгдсэн  шарх гэмтэл нь ир үзүүр, ирмэгтэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

6. Хохирогчид үүссэн ахар сүүлний нугалмын хугарал гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүндэвтэр зэрэгт хамаарна. Бусад гэмтлүүд нь тус, тусдаа шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр сарниулах тул  гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...гэжээ. /хх-34-35/,

         

           Шинжээч эмч Т.Чимэд-Очир  мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:

....А.Даваасүрэнгийн биед учирсан ахар сүүлний нугалмын далд хугарал гэмтэл нь нэг ясны хугарал юм. Хөндлөн болон ташуу гэдэг нь рентген зурагт харагдах байдлаар тусгагдсан 2 янзаар илэрхийлж бичсэн байна. Энэ нь нэг ойлголт юм. Яс ил гараагүй учраас далд хугарал гэж бичигдсэн байна...гэжээ. /хх-38-39/,

 

           Шүүгдэгч О.Ёндон-Эрдэнэ мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:

2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн орой 22 цагийн орчим би охинтойгоо унтах гээд орондоо ороод хэвтэж байсан чинь гаднаас Даваасүрэн, дүү Цолмонтой нэг нэг пиво, нэг шил архи барьсан согтуу орж ирсэн. Тэгээд архинаас 2 хундагыг уусан. Үлдсэн архийг тэр 2 хувааж уугаад 2 хуруу хиртэй үлдээгээд дүү Цолмон нь яваад, Даваасүрэн гэрт үлдсэн. Би үлдсэн архийг нь уугаад зүүрмэглэж байтал зуухан дээр юм асгаж байгаа юм шиг шажигнах чимээ гарахаар нь сэрээд хартал зуухны хажуу руу Даваасүрэн шээгээд сууж байхаар нь болиоч гэхэд босч байгаад хальтирч унасан. Ингээд би зуухнаас холдуулаад нүүр рүү нь 2 удаа алгадсан, Даваасүрэн миний өөдөөс нүүр ам маажаад байхаар нь уурандаа алгадаж унагаагаад ахар сүүл рүү нь хөлөөрөө өшиглөөд зуухны хажууд савтай махан дотор байсан хутгыг аваад айлгах гэсэн чинь Даваасүрэн хутганаас барьж аваад эрхий хуруугаа зүссэн, түүнд учирсан гэмтлүүдийг би учруулсан...гэжээ. /хх 47-54/,

 

Шүүгдэгч О.Ёндон-Эрдэнэ урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-56/ болон хэрэгт авагдсан бусад бичмэл нотлох баримтууд болно.

 

Шүүгдэгч О.Ёндон-Эрдэнэ нь согтуугаар 2016 оны12 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Алтан-Овоогийн 32 дугаар гудамжны 12 тоотод буюу гэртээ хамтран амьдрагч А.Даваасүрэнг гэрт шээлээ гэж хувийн таарамжгүй харьцааны улмаас зодон бие махбодид нь тархи доргилт, баруун дал, 2 гарын шуу, зүүн гарын эрхий хурууны зүсэгдсэн шарх, ахар сүүлний нугалмын далд хугарал бүхий хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан   болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон хавтас хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хохирогч А.Даваасүрэнгийн “…шөнө дундын үед О.Ёндон-Эрдэнэ намайг зодож байхад сэрсэн. Тэгээд би босоод ирсэн чинь Ёндон-Эрдэнэ хутга барьчихсан байхаар нь би хутгыг нь булаацалдаж байгаад би түлхүүлээд унасан, тэрнээс хойш юу болсныг мэдэхгүй байна...Миний биед учирсан гэмтлүүдийг О.Ёндон-Эрдэнэ хутгаар зүсэж, бакалтай гутлаар өшиглөж учруулсан...” гэх /хх-7-17/, гэрч  А.Цолмонгийн ”...Авсан архиа бид 3 хувааж уугаад манай эгч тасраад унтсан...Нөгөөдөр нь би Ёндон-Эрдэнийн гэрт очиход Даваасүрэн эгч зодуулсан байсан...” гэх /хх-23,26/, шинжээч эмч Т.Чимэд-Очирын ”...А.Даваасүрэнгийн биед учирсан ахар сүүлний нугалмын далд хугарал гэмтэл нь нэг ясны хугарал юм...Яс ил гараагүй учраас далд хугарал гэж бичигдсэн байна...” гэх /хх-38-39/, хохирогч А.Даваасүрэнгийн биед үзлэг хийсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн № 1854, 403 тоот актууд, бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Иймд О.Ёндон-Эрдэнийг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч  О.Ёндон-Эрдэнэ анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, бусдад учруулсан хохирлыг төлж барагдуулсан зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9-д зааснаар ял шийтгэл оногдуулахад хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдсэн хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, түүний хувийн байдал, хохирогчийн санал хүсэлт зэргийг харгалзан шүүхээс оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ. 

Хохирогч  А.Даваасүрэн шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй болохоо бичгээр илэрхийлсэнийг дурдав.