| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Базаррагчаагийн Түмэнцэцэг |
| Хэргийн индекс | 101/2024/00141/И |
| Дугаар | 181/ШШ2024/01924 |
| Огноо | 2024-05-10 |
| Маргааны төрөл | Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 10 өдөр
Дугаар 181/ШШ2024/01924
| 2024 05 10 | 181/ШШ2024/01924 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Түмэнцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: ... тоот хаягт оршин суух, Б овогт Гийн М /рд:.../-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ... тоот хаягт оршин суух, А овогт Сын Н /рд:.../-т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: үндэслэлгүй хөрөнгөжсөн 36,800,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ч,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Отгончимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Г.М нь хариуцагч С.Нт холбогдуулан үндэслэлгүй хөрөнгөжсөн 36,800,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:
Г.М нь Нийслэлийн ... дүүргийн, ... хороо, Хоршооллын хотхон, ... гудамж ... тоот хаягт байршилтай, улсын бүртгэлийн ... дугаартай, 80м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч юм.
Тус орон сууцыг анх 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Г ХХК-тай Орон сууц захиалгаар бариулах 32/27 тоот гэрээ байгуулж, төлбөрөө бүрэн төлж барагдуулсан тул гэрээнд заасны дагуу гэрчилгээ гаргаж өгсөн. Харин Г ХХК-ийн зүгээс 27 тоотод хүмүүс түрээсээр оруулчихсан байгаа өвөл болохоор гаргаж болохгүй байна, та хэд түр хүлээж бай, уучлаарай гэж хэлэхээр нь итгээд хүлээсэн.
Улмаар Г.Мгийн зүгээс орон сууцанд түрээсээр сууж байсан гэх С.Нт хандаж цаг агаар дулаарчихлаа одоо байрнаасаа гар гэсэн боловч элдэв арга заль мэх хэрэглэж гарахгүй байсан тул цагдаа, шүүхээр олон жил явсны эцэст 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хүчээр гаргуулсан болно. /баримтаа өгсөн болно/
Өөрөөр хэлбэл хариуцагч С.Н нь Нийслэлийн ... дүүргийн, ... хороо, Хоршооллын хотхон, ... гудамж ... тоот хаягт байршилтай, улсын бүртгэлийн ... дугаартай, 80м.кв талбайтай орон сууцанд 2019 оны 05 дугаар сараас 2023 оны 3 дугаар cap хүртэл буюу 46 сарын хугацаанд хууль ёсны өмчлөгчийн зөвшөөрөлгүй, мөн үнэ төлбөргүй амьдарч үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэж байна.
Тиймээс уг гурван өрөө орон сууцны нэг сарын түрээсийг 800.000 төгрөгөөр тооцож хууль ёсны өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр үнэ төлбөргүй амьдарсан 46 сараар тооцож нийт 36.800.000 төгрөгийг хариуцагч С.Нээс шаардах эрхтэй тул нэхэмжлэл гаргаж байгаа болно.
Учир нь С.Н нь гэр бүлийн хамт миний өмчлөлийн орон сууцанд хууль бусаар амьдраагүй бол өөр газар нэг сарын доод тал нь 800.000 төгрөгөөр байр хөлслөн амьдрах байсан.
Иймд, С.Н нь үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн тул 36,800,000 төгрөг гаргуулан Г.М надад олгож өгнө үү гэжээ.
2.Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: С.Н миний бие 1968 онд Улаанбаатар хотод төрсөн. 1994 онд ШУТИС-ын Компютер техник менежментийн сургууль (КТМС)-ийг Программ хангамжийн инженер мэргэжлээр төгссөн.
Сургууль төгссөнөөсөө хойш 1994-2023 оныг дуусталх хугацаанд улсад тасралтгүй 29 жил ажилласан. Үүнээс Монголын хүүхдийн ордонд 7 жил компъютерийн багшаар, ШУТИС-ын КТМС-д сүлжээний инженер болон багшаар 5 жил, Ситинет ХХК-д сүлжээний админ болон Техникийн албаны захирлаар 16 жил ажиллаж байгаад 2023 оны 6 сард өндөр насныхаа тэтгэвэртээ гарсан, гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байгаагүй, ял шийтгэл эдэлж байгаагүй монгол улсын иргэн билээ.
Миний бие 2009 онд Г ХХК-ийн барьсан барилгаас Пүрэвзана гэдэг хүний худалдан авсан 3 өрөө байрыг тухайн үеийн орон сууцны зах зээлийн ханшаар 25 сая төгрөг бэлнээр төлж худалдаж авсан. Худалдан авах үед тухайн барилгыг улсын комисс хүлээж аваагүй байсан учир нэг ч айлд улсын бүртгэлийн гэрчилгээ гараагүй байсан. Г ХХК-иас төлбөрөө бүрэн төлсөн айлуудад батламж бичиж өгч байсан бөгөөд намайг төлбөрөө бүрэн төлж худалдан авсны дараа Г ХХК-иас БАТЛАМЖ бичиж өгсөн тул би найдвартай орон сууц худалдан авлаа гэж ойлгоод амьдарсан. Намайг энэ байрандаа амьдарч байх хугацаанд ямарч хүн миний худалдаж авсан байрыг үзэж, худалдан авч байгаа гэж маргаан гаргаж байгаагүй.
Гэтэл миний бие худалдаж авсан байрандаа 10-аад жил амьдарсны дараа барилгын компанийн захирал Ж.Мэндбаяр орон сууцнуудад гэрчилгээ гаргаж өгөхөөр боллоо гэж айлуудад зарлаж мөнгө хурааж эхэлсэн. Би гэрчилгээ гаргахтай холбоотой бүх мөнгө төгрөгийг төлөөд явж байсан гэтэл Гийн М гэдэг хүн гэнэт гарч ирээд миний 10 жил амьдарсан байрыг давхар худалдан авч маргаан үүсгэсэн.
Ингэхдээ: 2005 онд ашиглАд орчихсон орон сууцан дээр 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр захиалгын гэрээ хийсэн байсан. Хүний авсан байрыг мэдсээр байж давхар худалдан авсан болохоороо байрыг үзэж шалгаагүй. Би 2019 оны 3 дугаар сарын 8-ны өдөр шүүхээс зарлан авч анх мэдсэн.
Гэрчилгээ гаргуулангуутаа ХХБанкны ажилтанд авилга өгч барьцаа хөрөнгө шалгуулалгүй зээл авсан байсан. Худалдаа хөгжлийн банкнаас зээл гаргуулж авсан үйлдэл нь хууль дүрэм зөрчсөн болохыг нь Монгол банкны Дотоод аудитын газраас тогтоосон.
Мгийн шүүх цагдаад өгсөн мэдүүлгүүд нь байнга худал зөрүүтэй байдаг. Жишээ татвал: 2019 онд ... дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: миний байрыг 2005 онд захиалж урьдчилгаа төлж 2018 онд үлдэгдэл мөнгөө төлж авсан гэж бичсэн байсан. Харин одоо шал өөрөөр тайлбарлаж байгаа.
Миний бие худалдаж авсан орон сууцан дээрээ үүссэн маргааныг шийдүүлэхээр шүүх цагдаад гомдол гаргаж 2019 оноос өнөөдрийг хүртэл 5 дахь жилдээ явж байна. Энэ хугацаанд Гийн М гэгч хүн удаа дараа залилан хийж таслан сэргийлэх арга хэмжээ авагдаж шоронд сууж байсан гэдгийг нь цагдаад гомдол гаргаж шалгуулж байх хугацаанд хавтаст хэрэгтэй танилцах явцдаа Г.Мгийн үйлдсэн эрүүгийн хэргүүдийн лавлагааг хавсаргасан баримтаас олж мэдсэн. Түүгээр ч зогсохгүй 2022 онд авлигал өгсөн хэргээр ял шийтгүүлсэн байдаг.
Энэ хүн ямар арга заль хэрэглэж миний байрыг давхар худалдаж авч гэрчилгээ гаргуулж намайг хохироосныг би мэдэхгүй боловч хууль бус үйлдлээр мэргэшсэн учир тэр арга замаараа явсаар байгаад намайг орох оронгүй болгож хохироосон. Байрны гэрчилгээ нэгэнт Г.Мгийн нэр дээр гарчихсан учир гэрчилгээ гарсан талд нь шүүхийн шийдвэр гардаг юм билээ. Намайг орох оронгүй болгочихоод үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж мөнгө нэхэмжилж дахин хохироох гэж байгаа нь дэндүү их доромжлол гэж би үзэж байна. Би Мгийн байранд дайрч ороогүй. Би хүний байр булааж маргаан үүсгээгүй. Би энэ байрыг шударга хөдөлмөрийнхөө хөлсөөр худалдаж аваад шударгаар эзэмшиж байсан тул энэ нэхэмжлэлийг миний бие яасан ч хүлээн зөвшөөрөхгүй. Надад үндэслэлгүй хөрөнгөжсөн зүйл байхгүй би улсад ажилласан ариун цагаан хөдөлмөрийнхөө хөлсөөр орон сууц аваад тэрийгээ залилангийн этгээдэд алдчихаад сэтгэл санааны гүн хямралтай амьдарч байна. Шударга иргэнээ хамгаалдаг шүүх миний нөхцөл байдлыг ойлгож үнэнээр нь шийдэж Г.Мгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоно гэж итгэж байна. гэжээ.
3. Зохигч талуудаас хэрэгт гаргаж өгсөн нотлох баримтууд:
3.1.Нэхэмжлэгчээс: Улсын тэмдэгтийн хураамжид 341.950 төгрөг төлсөн баримт, Г.Мгийн иргэний үнэмлэхний лавлагаа, Г.Мгийн оршин суугаа газрын лавлагаа, Орон сууц захиалгын гэрээ, Депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Глоб констракш ХХК-ийн албан тоот, Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, ... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021.12.01-ний өдрийн 21058 тоот захирамж, ... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.06.15-ны өдрийн 02785 тоот шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021.09.16-ны өдрийн 01735 тоот магадлал, Монгол Улсын Дээд Шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчдийн 01344 тоот тогтоол, ... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 00309 тоот захирамж, 00033 тоот гүйцэтгэх хуудас, Гүйцэтгэх баримт бичигт заасан хөрөнгийг төлбөр авагчид шилжүүлсэн тэмдэглэл, Г.Бод олгосон итгэмжлэл, ... дүүргийн Прокурорын газрын 2023.04.19-ний өдрийн 877 дугаартай тогтоол, Тэнцвэр эстимэйт ХХК-ийн гаргасан 2024.04.05-ны өдрийн үнэлгээний тодорхойлолт зэргийг гаргаж өгсөн.
3.2.Хариуцагчаас: С.Нийн оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, Орон сууц худалдах худалдан авах гэрээ, хавсралтын хамт, Орон сууц захиалгын гэрээ, хавсралтын хамт, Батламж, Г ХХК-ийн 2016 оны 2 дугаар сарын 15-ны өдөр ... дүүргийн эд хөрөнгийн бүртгэлийн албанд Урьдчилсан тэмдэглэл хийлгэх тухай, компанийн батламжийг үндэслэн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргаж өгөх-ийг хүссэн 06/02 тоот албан бичиг, Хэсэгчилсэн Инженерийн хангамжийн удирдах газар, С.Н нарын хооронд 2014 оны 3-р сарын 26-ний өдөр байгуулсан 32/27 тоот Цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах гэрээ, ... дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны 2018 оны 3-р сарын 26-ны өдрийн 5633 тоот тэмдэглэл /Г ХХК- ийн Батламж нь төлбөрөө 100% өгч барагдуулсан айлд өгсөн гэх компанийн захирал Ж.Мэндбаярын мэдүүлэгтэй хэсэг, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар-ын Иргэн Б.Даваацэрэн-гийн хүсэлтийн хариу 2018 оны 2-р сарын 26-ны өдрийн 02/03-744 тоот албан бичиг - 1 хуудас /Агуулга нь Г ХХК-ийн захиалгаар баригдсан орон сууцны 32-р байрыг улсын комиссоор байнгын ашиглАд хүлээн авсан тухай мэдээлэл байхгүй талаар/, Монгол банкнаас ирүүлсэн албан бичиг, Г.Мгийн 2019 оны 2 дугаар сарын 22-ны өдөр ... дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэл, Ц.Чод олгосон итгэмжлэл, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023.01.24-ний өдрийн 183/ШЗ2023/01874 дугаар захирамж, 2022.06.20-ны өдрийн Орон сууц шилжүүлсэн тухай баримт, ... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022.10.17-ны өдрийн 101/ШЗ2022/23993 дугаар захирамжийг тус тус гаргаж өгчээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж дүгнэлээ.
2.Нэхэмжлэгч Г.М нь хариуцагч С.Нт холбогдуулан ... дүүргийн ... хороо, Хоршооллын хотхон, ... гудамж, ... тоот хаягт байршилтай ... дугаартай, 80 м.кв талбайтай орон сууцанд 2019 оны 5 дугаар сараас 2023 оны 3 дугаар сар хүртэл 46 сарын хугацанд хууль ёсны өмчлөгчийн зөвшөөрөлгүй, мөн үнэ төлбөргүй амьдарч үндэслэлгүй хөрөнгөжсөн тул 36.800.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3.Хэрэгт нотлох баримтаар авагдсан өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээнээс үзэхэд, Нийслэлийн ... дүүргийн ... хороо, Хоршооллын хотхон /13360/ ... гудамж ... тоотод байрлах, 80 м.кв талбайтай, гурван өрөө, Орон сууцны зориулалттай улсын бүртгэлийн ... дугаартай, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Г.М нь Иргэний хуулийн 182 дугаар зүйлийн 182.1 дэх хэсэгт заасны дагуу 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгэгджээ./хх 10/
3.1.Хариуцагч С.Н нь 27 тоот орон сууцыг Ч.Пүрэвзанатай 2009 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр худалдах, худалдан авах гэрээг байгуулсны үндсэн дээр тухайн үл хөдлөх хөрөнгийг эзэмшиж байсан бөгөөд ашиглАд орсон цаг хугацаанаас хойш 2023 оны 03 дугаар сарыг хүртэл амьдарч байсан талаар зохигчид маргаагүй./хх 11-21/
3.2.... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 101/ШШ2022/02785 дугаар шийдвэрээр, ... дүүргийн ... хороо, Хоршооллын хотхон /13360/ ... гудамж 32-р байрны 27 тоотод байршилтай, 80 м.кв талбайтай, улсын бүртгэлийн ... дугаарт бүртгэлтэй гурван өрөө орон сууцыг хариуцагч С.Нийн эзэмшлээс албадан чөлөөлж шийдвэрлэснийг, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 210/МА2022/01735 дугаар магадлалаар хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
3.3.Дээрх Иргэний хэргийн шүүхийн шийдвэр гарснаас хойшхи хугацаанд зохигчдын хоорондох маргаан бүхий орон сууцыг хариуцагч С.Н үргэлжлүүлэн эзэмших эрхтэй болох нь хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.
4.Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Г.М нь хариуцагч С.Нээс өмчлөгчийн зөвшөөрөлгүй үнэ төлбөргүй амьдарч үндэслэлгүй хөрөнгөжсөн нийт 46 сарын хугацааны түрээсийн төлбөр 36.800.000 төгрөгийг шаардах эрхгүй байна.
4.1.Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ маргаан бүхий орон сууцыг Г ХХК-ийн зүгээс хүмүүс түрээсээр оруулчихсан, өвөл болохоор гаргаж болохгүй байна, та хэд түр хүлээж бай гэж хэлэхээр нь итгээд хүлээсэн, дулаарчихлаа гар гэхэд гарахгүй байсан тул цагдаа, шүүхээр олон жил явсны эцэст 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хүчээр гаргуулсан гэх агуулгаар тодорхойлсноос үзвэл нэхэмжлэгч нь хариуцагчид орон сууцыг эзэмшүүлэхээр гэрээний харилцаа үүсээгүй, нөгөөтэйгүүр Г.М, С.Н нарын хоорондын хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагавраас нэхэмжлэгчид хохирол учирсан гэх агуулгагүй байна гэж шүүх дүгнэлээ.
4.2.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс тэдгээрийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон тохиолдолд хөрөнгөө буцаан шаардах эрхтэй гэсэн зохицуулалтын агуулга нь хөрөнгө шилжүүлсэн болон хүлээн авсан этгээдийн хооронд хуульд зааснаар үүрэг үүсэхийг зохицуулсан.
4.3.Үндэслэлгүй хөрөнгөжсөн этгээдээс буцаан шаардах шаардлагад хамаарах Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.1 дэх хэсгийн буцаан шаардах шаардлагад өөр этгээдэд шилжүүлсэн хөрөнгө, түүнээс олсон орлого, үр шим, түүнчлэн тухайн хөрөнгийг эвдсэн, устгасан, гэмтээсэн буюу хураалгасан бол нөхөн төлбөрт авах бүх зүйл хамаарна гэж зааснаар хөрөнгө олж аваагүй этгээд болох хариуцагч С.Нээс гурван өрөө орон сууцны түрээсийн төлбөр гэж тодорхойлсон 36.800.000 төгрөгийг нэхэмжлэгч Г.Мг гаргуулахаар шаардах эрхгүй байна гэж шүүх үзэв.
Учир нь нэхэмжлэгч маргааны зүйл болсон орон сууцыг хариуцагч С.Нт шилжүүлээгүй байх тул хөрөнгө олж аваагүй этгээдээс орон сууцнаас олох байсан орлого буюу түрээсийн төлбөрийг 46 сараар тооцон шаардах эрхгүй байна.
4.4.Иймээс нэхэмжлэгч Г.М нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч С.Нийг өөрийн өмчлөлийн орон сууцанд хууль бусаар үнэ төлбөргүй ашиглаж үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэсэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасан журмаар хуваарилав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан С.Нээс 36,800,000 төгрөг гаргуулах тухай Г.Мгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Г.Мгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 341,950 /гурван зуун дөчин нэгэн мянга есөн зуун тавь/ төгрөгийг улсын орлого болгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.5, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй, зохигчийн оролцоогүйгээр шийдвэрлэсэн талд шүүх шийдвэрийг энэ хуулийн 119.4-т заасан хугацаанд зохигчид гардуулах ба ийнхүү гардуулах боломжгүй бол шүүх уг хугацаа өнгөрснөөс хойш 7 хоногийн дотор зохигчийн оршин суугаа /оршин байгаа/ газар болон ажилладаг байгууллагын аль нэг хаягаар баталгаат шуудангаар, эсхүл шүүхийн ажилтнаар хүргүүлэх бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ТҮМЭНЦЭЦЭГ