Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 181/ШШ2024/01957

 

 

 

 

 

 

 

 

2024 05 14

181/ШШ2024/01957

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Түмэнцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: .... тоотод оршин суух, Б овогт Лгийн Б /РД:.../-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: .... давхарт оршин байрлах, М ХХК /РД:.../-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: орон сууц захиалах гэрээнээс татгалзаж 86,436,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Отгончимэг нар оролцов.

/Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлтийг нэхэмжлэгч тал гаргасны хүлээн авч түүний эзгүйд хэргийг шийдвэрлэв./

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Л.Б, хариуцагч М ХХК-д холбогдуулан орон сууц захиалах гэрээнээс татгалзаж 86,436,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

Миний бие М ХХК-тай 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдөр № П2-С-01/33-82 тоот Орон сууц захиалан бариулах гэрээг байгуулж Хан-Уул дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт барих П-2 орон сууцны С блокны 1-р орцны 10-р давхар 1004 тоот 61.74 м.кв 3 өрөө орон сууцыг 1 м.кв-г нь 1.400.000 төгрөгөөр буюу нийт 86.436.000 төгрөгөөр захиалан бариулах гэрээг байгуулсан. Ингээд гэрээг байгуулагдмагц төлбөрт нийт 86.436.000 төгрөгийг бүрэн төлсөн билээ.

Бидний байгуулсан гэрээнд зааснаар ажил гүйцэтгэгч нь орон сууцыг 2023 оны 02 дугаар улиралд багтаан хүлээлгэн өгөхөөр тохиролцсон. Гэвч 2022 ондоо барилгын ажил огт эхлээгүй, хэзээ эхлэх нь тодорхойгүй болж эхэлсэн. Ингээд 2023 оны хавар болж бүтэн нэг жил өнгөрсөн ч барилгын ажил нэгэнт эхлээгүй, хэзээ эхлэх нь тодорхойгүй байсан тул гэрээнээс татгалзаж өгсөн мөнгөө буцаан авахаар болж 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдөр талууд Гэрээ цуцалсан акт үйлдсэн. Уг актын огноог андуурч 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдөр гэж бичигдсэн байдаг.

Тус актаар дээр дурдсан гэрээг цуцалж төлбөр болох 86.436.000 төгрөгийг 180 хоногт буцаан төлөхөөр харилцан тохиролцсон ба энэхүү хугацаа 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдөр ийнхүү дуусч байгаа бөгөөд төлбөрөөс нэг ч төгрөг төлөөгүй байна.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.

Мөн Иргэний хуулийн хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 -д Гэрээний нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол энэ хуулийн 225, 226 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл, журмын дагуу нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй гэж заажээ.

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 1-д Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй, мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж тус тус заажээ.

Иймд М ХХК-тай байгуулсан Орон сууц захиалан бариулах гэрээнээс талууд татгалзсан тул төлбөрт төлсөн 86.436.000 төгрөгийг М ХХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.

2.Хариуцагч М ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Од 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулан өгсөн боловч хариу тайлбар шүүхэд ирүүлээгүй байна.

3.Хэрэгт цугларсан нотлох баримтууд:

3.1.Нэхэмжлэгч талаас: Улсын тэмдэгтийн хураамжид 590,130 төгрөг төлсөн баримт, М ХХК, Л.Б нарын хооронд байгуулсан, 2022.05.16-ны өдрийн П2-С-01/33-82 дугаартай Орон сууц захиалан бариулах гэрээ, 2022.06.22-ны өдрийн Гэрээ цуцалсан акт, мөнгөн шилжүүлгийн баримт, Л.Бын иргэний үнэмлэхийн лавлагаа, Ч.Бд олгосон итгэмжлэл зэргийг гаргаж өгсөн.

3.2.Хариуцагч талаас: Б.Од олгосон итгэмжлэл, М ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбарыг гаргаж өгсөн.

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

4.Нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

5.Нэхэмжлэгч шаардах эрхийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: Нэхэмжлэгч Л.Б нь М ХХК-тай 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Орон сууц захиалан бариулах гэрээг бичгээр байгуулж, 3 өрөө орон сууцыг 86.436.000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцон, гэрээ байгуулсан өдрөө 5.000.000 төгрөгийг, 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 81.436.000 төгрөгийг тус тус шилжүүлсэн боловч хариуцагч нь гэрээгээр тохиролцсон хугацаанд орон сууцыг барьж ашиглалтад оруулан хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй тул гэрээнээс татгалзаж, өгсөн мөнгөө буцаан гаргуулахаар шаардах эрхтэй гэж тодорхойлов.

6.Шүүх хариуцагч М ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Од нэхэмжлэлийн хувийг 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдөр гардуулсан. Хариуцагч нь нэхэмжлэлийн хувийг гардаж авсан өдрөөс хойш шүүхээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтыг шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй бөгөөд шүүх хуралдааны тов мэдсэн атлаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т зааснаар хариуцагч нь тайлбараа шүүхээс тогтоосон хугацаанд гаргаж өгөөгүй, шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул хариуцагчийг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлтэй.

7.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

7.1.Нэхэмжлэгч Л.Б нь хариуцагч М ХХК-тай 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдөр П3-D-01/33-82 дугаартай Орон сууц захиалан бариулах гэрээ байгуулж, уг гэрээгээр М ХХК нь Хан-Уул дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр П-2 хотхоноос С блок, 1 дүгээр орц, 10 дугаар давхар, 1004 тоот хаягт байрлах, 61.74 мкв, 3 өрөө орон сууцыг 2023 оны 2 дугаар улиралд багтаан ашиглалтад оруулах, Л.Б нь нийт 86.436.000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон байна. /хх 4-6/

Гэрээний ерөнхий нөхцөл, зохигчийн хооронд хийгдсэн тохиролцоо зэргээс дүгнэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т заасан Ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байна.

7.2.Гэрээ байгуулсантай холбоотойгоор 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн Орон сууц захиалан бариулах гэрээ-ний 2.2-т Гэрээний төлбөрийг урьдчилгаа 5.000.000/таван сая/ төгрөгийг гэрээ байгуулан гарын үсэг зурж хүчин төгөлдөр болсон өдөр төлнө, үлдэгдэл 81.436.000 төгрөгийг 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдөр төлж барагдуулахаар харилцан тохиролцсоны дагуу 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдөр 5.000.000 төгрөгийг тус компанид бэлнээр, мөн оны 05 дугаар сарын 20-ны өдөр 81.436.000 төгрөгийг нэхэмжлэгч Л.Б нь М ХХК-д шилжүүлсэн боловч уг орон сууцны барилгын ажил нь гэрээгээр тохирсон хугацаанд буюу 2023 оны 2 дугаар улиралд багтаан ашиглалтанд оруулах өдрийн байдлаар эхлээгүй, ашиглалтад ороогүй, цаашид гэрээний үүргийг гүйцэтгэгч биелүүлэх эсэх нь тодорхойгүй болсон, орон сууцыг барьж ашиглалтад оруулах үүргээ биелүүлэх боломжгүй /барилгын ажил огт явагдаагүй/ нөхцөл байдал илэрхий болсонтой холбоотойгоор гэрээнээс татгалзах нөхцөл байдал үүсчээ. /хх 4-6/

7.3.Нэхэмжлэгч Л.Б нь хариуцагч М ХХК-д дээрх гэрээний үүрэгт гэрээг байгуулсан 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдөр 5.000.000 төгрөгийг, мөн оны 05 дугаар сарын 20-ны өдөр 81.436.000 төгрөгийг буюу нийт 86.436.000 төгрөгийг төлсөн болох нь хэрэгт авагдсан Төрийн банкны мөнгөн шилжүүлгийн баримт, тооцооны үлдэгдлийн баталгаа, гэрээ цуцалсан актын баримтаар тус тус хөдөлбөргүй тогтоогдож байна. /хх 7-9/

7.4.Талуудын байгуулсан Орон сууц захиалгын гэрээ-ний 3.1-т Гэрээний ерөнхий хугацаа нь 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрөөс 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүртэл үргэлжилнэ. гэж, 3.2-т Гүйцэтгэгч тал нь барилга угсралтын ажил графикийн дагуу хэвийн явагдсан нөхцөлд орон сууцны барилгыг 2023 оны 2 дугаар улиралд багтаан ашиглалтад оруулна гэж заажээ.

Хариуцагч М ХХК нь гэрээгээр тохирсон хугацаанд барилгыг барьж, ашиглалтад оруулах үүргээ биелүүлсэн болохоо нотлох үүргээ хэрэгжүүлээгүй бөгөөд зохигч талуудын хооронд 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдөр гэрээ цуцалсан акт үйлдэгдсэн ба ...гэрээний үнэ нийт: 86.436.000 төгрөгийг төлсөн, захиалагч талаас гаргасан гэрээ цуцлах хүсэлтийг үндэслэн... 180 хоногт 86.436.000 төгрөгийг Хаан банкны 5019388020 тоот дансанд буцаан олгохоор шийдвэрлэв...гэжээ./хх 8/

8.Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-т Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй. гэж заасан.

Хариуцагч М ХХК нь гэрээнд заасан үүргээ хугацаанд нь биелүүлсэн болохоо нотлох үүргээ хэрэгжүүлээгүй тул нэхэмжлэгч Л.Б нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-т зааснаар гэрээнээс татгалзах эрхтэй.

9.Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-т Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй бөгөөд хариуцагч М ХХК нь захиалагчтай харилцан тохирч гэрээг цуцалснаар өөрт шилжүүлэн авсан мөнгөн хөрөнгийг буцаан өгөх үүргээ зохих ёсоор хугацаандаа биелүүлээгүйтэй холбоотойгоор нэхэмжлэгч шаардах эрхтэй тул нэхэмжлэгчийн төлсөн нийт 86.436.000 төгрөгийг хариуцагч М ХХК-иас гаргуулан нэхэмжлэгч Л.Бод олгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

10.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэлд улсын тэмдэгтийн хураамж 590,130 төгрөг төлөх үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 590,130 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлага хангагдсан тул улсын тэмдэгтийн хураамж 590,130 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасан зохицуулалтад нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг баримтлан М ХХК-аас 86,436,000 /наян зургаан сая дөрвөн зуун гучин зургаан мянга/ төгрөгийг гаргуулж Л.Бод олгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хараамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 590,130 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч М ХХК-аас 590,130 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Л.Бод олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.5, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй, зохигчийн оролцоогүйгээр шийдвэрлэсэн талд шүүх шийдвэрийг энэ хуулийн 119.4-т заасан хугацаанд зохигчид гардуулах ба ийнхүү гардуулах боломжгүй бол шүүх уг хугацаа өнгөрснөөс хойш 7 хоногийн дотор зохигчийн оршин суугаа /оршин байгаа/ газар болон ажилладаг байгууллагын аль нэг хаягаар баталгаат шуудангаар, эсхүл шүүхийн ажилтнаар хүргүүлэх бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ТҮМЭНЦЭЦЭГ