| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Довчинсэнгээгийн Алтанжигүүр |
| Хэргийн индекс | 195/2025/2638/Э |
| Дугаар | 2026/ШЦТ/657 |
| Огноо | 2026-03-10 |
| Зүйл хэсэг | 12.1.2.4., |
| Улсын яллагч | Ц.Ууганцэцэг |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2026 оны 03 сарын 10 өдөр
Дугаар 2026/ШЦТ/657
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, шүүгч Л.Баатар, шүүгч И.Ганбат нарын бүрэлдэхүүнтэй, улсын яллагч Ц.Ууганцэцэг, иргэдийн төлөөлөгч П.Бадамрагчаа, шинжээч эмч С.Эрдэнэцэцэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ***, шүүгдэгч ***, түүний өмгөөлөгч Л.Батжав, Б.Даваадорж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Галмандах нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Т овогт ***ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2510000000572 дугаартай хэргийг 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч *** нь 2025 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо, “Кинг товер” хотхоны *** дугаар байрны *** тоотод бага насны буюу 13 настай М.***тай хүчээр бэлгийн харьцаанд орсон гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, шинжээч, шүүгдэгч нарын мэдүүлсэн мэдүүлэг:
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ***: “...Бага насны хүүхэд гэдгийг мэдэж байсан учир гэмт хэрэг үйлдэх санаа зорилготой удаа дараа манай гэрт ирж байсан. *** 19 настай, улсын аварга шалгаруулах тэмцээнд манай 2 хүүхэд хоёулаа оролцож байсан, тэрийг *** хамгийн сайн мэднэ, өөрөө ч оролцож байсан. Санаатайгаар хүчиндэхийг нэг удаа завдсан, дараа нь нэг удаа хүчиндсэн. Цагдаад хэлбэл би шоронд орно ш дээ гэж байнга хэлсэн байсан. Манай гэр бүлийн хувьд маш их сэтгэл зүйн түгшүүртэй болсон, охин 14 хоногт нэг удаа сэтгэл зүйчээс зөвлөгөө авдаг болсон, өмнө нь би энэ хүнийг харж байгаагүй, хувийн өс хонзон байхгүй, энэ хүнийг ингэж үзэн ядах шаардлага байхгүй. Охин маань болсон асуудлын талаар ээж, аавтайгаа байнга ярилцдаг, тухайн үед болсон асуудлын талаар надад хэлж байгаагүй, ээж, эмээ нартаа хэлсэн байсан. Нэхэмжлэх зүйл байхгүй, хуулийн дагуу арга хэмжээ авч, хуулийн хамгийн дээд ялыг оногдуулж өгнө үү. Маш их гомдолтой байгаа...” гэв.
Шинжээч С.Эрдэнэцэцэг: “...Охины ээжийг байлцуулаад биечлэн үзсэн, охин 152 см өндөр, 56 кг жинтэй байсан. Хуучин урагдалыг 14-өөс дээш хоногийн өмнө эдгэсэн байдлаар дүгнэдэг. Охин хальсыг урагдал уу, төрөлхийн сэтэрхий юу гэдгийг ялгахад төвөгтэй, хүнд байдаг. Охин хальс хуниралдсан, давхарлагдсан янз бүр байдаг, ирмэгийг нийлүүлэхэд нийлдэг, төрөлхийн сэтэрхий нь нийлдэггүй, навч шиг ирмэг нь жигд бус байдаг...” гэв.
Шүүгдэгч ***: “...2024 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Скай Ресортод хүүхдийн төрсөн өдөр дээр ***тай танилцсан. Скай ресорт хаагдаад ***э, ***, ***, Цэцэгзаяа, түүний дүү бид нар КФС орж хоол идээд салсан. Гэр рүү нь хамт алхсан, гэрийх нь гада би машинаа тавьсан байсан, тэндээс машинаа унаад явсан, маргааш нь машинаа угаах гэж байтал *** цүнхээ үлдээсэн байсан. Цүнхийг нь өгөх гээд залгасан боловч утсаа аваагүй. ***гийн гэрийн ойролцоо байдаг ***эд боардыг нь өгөх гээд холбогдсон, ***ийн гэрт нь очоод боардыг өгсөн, тэгэхдээ ***г цүнхээ орхисон гэхэд хамт өгье гээд гэрт нь очиход аав нь хаалга тайлаад аавд өгсөн. *** надад ээж миний чат харсан, уурласан, тиктокоор чатлая, түрүүлж *** чат бичихээр тохирсон. *** надтай хамт баймаар байна, өмнө ухаан алдаж унаж байсан гэж хэлж байсан. 2024 оны 03 дугаар сарын 31-ний өдөр *** толгой эргээд байна, хамт дүүг хараад өгөөч гэж дуудсан, би очоод дүүг нь хамт харж байгаад явсан. Тик ток-оор чатлаж байхдаа өмнө нь өөр хүнтэй унтаж байсан талаар хэлж байсан, энэ талаарх баримтыг өгсөн. Цэцэгзаяа манай ажил дээр ирээд кино үзмээр байна гээд ирсэн, би чөлөө аваад хамт гараад гэгээнтэнд очиж тасалбар захиалж кино үзсэн. Парк-Одоос гэрт нь хүргэж өгөх гээд явж байхдаа Шинэбаяртай тааралдсан, кино үзэх гэж байгаагаа хэлсэн. Мөн гэрт нь хүргэж өгөх замд *** урьд нь хүнтэй унтаж байсан, ээжид баригдвал тантай унтсан гэж хэлнэ гэсэн. Би за гэж хэлээд гэрт нь хүргэж өгсөн. 04 дүгээр сарын 17-ны өдөр шилээ авах гээд очиход ээж гараад явсан, ороод ир гэсэн, би гэрт нь орсон, шилээ аваад гарахгэж байхад гаднаас ээж нь орж ирсэн, тэгэхэд *** намайг нуугд гэхээр нь би нуугдсан, ээж нь орж ирсэн, хүн байгаа юм уу гэж асуухад *** мэдэхгүй гэж хэлсэн. Намайг нуугдсан байхад ээж олсон, буйдан дээр суулгаж байгаад яах гэж манайд ирсэн талаар асуухад шилээ авах гэж ирснээ хэлсэн. Охиноо гэрт гадны хүн орууллаа гэж цохисон, цагдаа дуудна гэж байгаад гэнэт гар гээд намайг гаргасан, би утсаа үлдээсэн, эргэж ороод утсаа авья гэхэд машиндаа байжээ, би гаргаж өгнө гэсэн, шатаар буугаарай, нөхөр лифтээр ирж байгаа гэхээр нь би шатаар буусан. Би машин зам дагуу машинаа тавьсан байсан, ээж нь гарч ирээд машинд суугаад намайг загнасан, ээжийнхээ дугаарыг өг гэхээр нь би өгөөгүй, машины дугаарын зургийг авсан. Утсаа аваад үзэхэд миний бүх зураг, чатыг устгасан байсан. ***гийн инстаграмм дээр байсан зураг миний утсан дээр байсан гэсэн нь худлаа. Маргааш нь намайг ажил дээрээ байхад ээж, эмээ нар нь хүрээд ир гэсэн, тэгээд намайг чи манай охинтой унтсан байна гээд цохисон, тэр үед ***гийн надаас гуйсан асуудал санаанд ороод нэг удаа унтсан гэж худлаа хэлсэн. Урьд нь унтсан хүүхэд чамд хамаагүй гэсэн, өмнө хүнтэй унтсаныг мэддэг юм шиг байна лээ. Аав нь залгааад уулзая гэхэд нь өмнө хүнтэй унтсан талаар эцэг, эхдээ хэлээд тэр талаар ярих гэж байгаа юм байна гээд уулзахаар очиход ээж нь намайг боож загнасан, чамайг яагаад *** өмөөрөөд байдаг юм, миний охиныг дарамталдаг юм уу гэхэд аав нь ээжийг нь татаж авч байсан. Цанын баазад ***тай хамт гулгадаг, чат бичдэг байсан, хамт байгаач гэж гуйдаг байсан. Хэддүгээр анги болохыг нь мэдэхгүй, асууж байгаагүй. Хэдэн настай болохыг огт мэдэхгүй. Танилцсанаас хойш байнга хамт уулзаж гулгадаг байсан, нилээн олон удаа уулзсан. Бэлгийн харьцаанд орсон зүйл болоогүй, огт орж байгаагүй. Гэрт нь 5-6 удаа очиж байсан, тодорхой он сарыг нь санахгүй байна, гэрт нь ороод дүүг нь хамт хардаг, хамт кино үзнэ, хоол иддэг байсан...” гэв.
Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:
Насанд хүрээгүй хохирогч М.*** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би *** эрэгтэйтэй 2025 оны 03 дугаар сарын эхээр цанын бааз дээр хамт сновбоардоор гулгадаг ***ийн төрсөн өдөр дээр байхдаа танилцсан. Тэнд *** миний инстаграм хаягийг мэдчихсэн, найзын хүсэлт явуулсан. 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдөр би ***ий машинд цүнхээ мартаад маргааш нь ***, ***э хоёр манай гэрт авчирч өгсөн. *** яваад очъё гэж хэлээд 02 цагийн дараа манай хаалгыг тогшсон, хаалгаа би тайлсан, *** гэрт орж ирээд 20 орчим минут том өрөөнд суусан. Манай дүү миний өрөөнд унтаж байгаад уйлахаар нь би дээшээ 2 давхарт гарахад *** араас миний өрөөнд ороод ирсэн. Би дүүгээ унтуулчхаад орон дээр сууж байхад *** миний дээрээс дарж хэвтсэн. *** надад унтъя гэж хэлэхээр нь би дургүйцээд үгүй гэхэд *** юм хэлээгүй, больсон. Тэгээд би ***д уурласан болохоор *** гэрт байж байгаад гараад явсан. Ээж, аав гэрийнхэн 19-20 цагийн үед ирсэн. Орой нь *** над руу инстаграмаар уучлаарай гэж бичсэн. 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр би ***д чатаар болон утас руу нь залгаад харьцахаа боль гэхэд *** үгүй гээд байн байн залгаад, харьцахаа болихгүй гэж чат бичсэн. Үүнээс хойш би харьцаагүй. 2025 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр би 6 настай дүүтэйгээ гэртээ байхад *** ирээд хаалга тогшсон, хаалгаа тайлахад *** орж ирээд ярилцъя гэхээр нь үгүй гэхэд яагаад гэж асуугаад араас зууралдсан. Цаг 13 цаг болж байсан, манай дүү хоёр давхарт миний өрөөнд уйлж байгаад унтсан, би дүүгээ унтуулсан, тэр үед хажууд *** байсан. Дүү унтсаны дараа *** яг өмнөх шигээ орон дээр намайг дээрээс дарж хэвтээд миний хоёр гарыг дээш нь болгож бариад *** нэг гараараа өөрийнхөө өмдийг тайлаад нөгөө гараараа миний хоёр гарыг барьсан байсан. Өөрийнхөө өмдийг *** бүрэн тайлаад бэлэг эрхтнээ гаргаад миний өмссөн байсан гэрийн өмдийг бүрэн шувталж тайлаад, миний бэлэг эрхтэн рүү бэлэг эрхтнээ шууд хийх гээд байхаар нь би уйлаад болиоч гээд хашгирсан. Тэгтэл *** нь миний бэлэг эрхтэн рүү өөрийнхөө бэлэг эрхтнийг хийсэн. Миний бэлэг эрхтэн маш их өвдсөн тул ***ий барьж байсан өөрийнхөө гарыг хүчтэй татаж аваад, ***ийг түлхээд би босоод яв гэсэн. *** юм хэлэлгүй шууд явсан. Тэгээд би ***д харьцахаа больё гэж чатаар хэлээд байхад болихгүй гээд над руу залгаад яасан бэ, байна уу, яагаад хариу бичихгүй байгаа юм бэ гэх утгатай зүйлийг бичдэг байсан. Тэгээд 2025 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хайрцагтай нүдний шилээ орхисон байна, авъя гээд 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 16-17 цагийн үед *** нь манай гэрт ирээд нүдний шилээ авахад нь би ***ийг гэрээс яв гэтэл гаднаас ээж Мандухай орж ирсэн, гаднаас хүн орж ирснийг *** сонсоод надад юм хэлэлгүй нуугдахаар хоёр давхар руу гүйчихсэн. Ээж орж ирээд үүдэнд гутал байсан болохоор мэдээд миний өрөөний хөшигний ард *** зогсож байсныг мэдсэн. Тэгээд би болсон явдлын тухай бүгдийг нь ярьсан. Би энэ үйл явдлын талаар өөр хэнд ч хэлээгүй...” /1 дүгээр хавтаст хэргийн 25-31, 175-181 дэх тал/ гэсэн,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2025 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр гэртээ байхад манай эхнэр Мандухай надад хандан сновбаордаар гулгадаг *** гэх 19 настай хүүхэд охиныг чинь манай гэрт ирээд хүчирхийлсэн байна гэсэн. Тэгээд манай эхнэр ***ий ээж гэх эмэгтэйтэй яриад уулзъя, мөн манай хадам ээж Алимаатай уулзъя гэж ярьсан байсан. Тэгээд охин ***гаас асуухад *** манай гэрийг мэдэж авсныхаа дараа тик токын тодорхой хугацааны дараа устдаг чатаар, эсхүл гар утасны мессежээр уулзъя гэж бичээд нэг удаа гэрт ирсэн. Манай охин жоохон дүүгээ хараад хоёулхнаа байхад *** хаалга тогшоод ороод ирсэн. Тэгээд манай охины дээр дараад манай охин уурлахад явсан гэсэн. 2025 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр эхнэр бид хоёрыг байхгүй, манай охин дүүгээ харж байхад *** манай гэрт ирээд миний охины хоёр гарыг дээр нь барьж байгаад хүчээр бэлгийн харьцаанд орсон байсан. Түүний дараа 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр охин маань ээждээ сургууль дээрээс ирээд аваач гэсэн байсан, манай бага хүүхэд унтаж байсан болохоор ээж нь гэртээ хүрээд ирээч гэхэд охин гэртээ ирсэн. Түүний дараа манай эхнэр таньдаг хүнээсээ юм авахаар охинтой зөрж гарахад *** манай эхнэрийг харж байсан юм шиг байгаа юм, *** эхнэрээс хойш 5-10 минутын дараа манай гэрт ороод нэг цаг орчим болсны дараа манай эхнэр гаднаас гэртээ ороход хөшигний ард *** нуугдсан байсан. Манай эхнэрт нүдний шилээ авах гэж ирсэн гэж хэлсэн байна лээ. Миний охин *** 13 настай, насанд хүрээгүй, энэ залууд доромжлуулсандаа гомдолтой байна. ...Манай охин найз нөхөдтэйгөө нийтэч, бусдад тусархуу, гэр бүлийнхээ хувьд хамгийн сайн хүүхэд. Өнөөдөр би хүүхдээ сургуульд нь явуулж чадсангүй, манай охин надад ааваа намайг хэнээр ч дуудуулаад сургуулиас гэрийн хооронд харж байж магадгүй, би айгаад байна гэсэн. Манай охин шөнө унтахгүй, сүүлийн 7 хоног өрөөндөө ганцаараа унтаж чадахгүй байна гээд аав, ээж дүүтэйгээ хамт унтаж байгаа, маш их сэтгэл зүйн дарамтад орсон. Манай охин надад ийм зүйл болно гэж бодоогүй, таньдаг хүн гэж бодсон гэсэн. Миний охин сүүлийн нэг сарын хугацаанд маш их чимээгүй болсон, аав ээжтэйгээ уулзахгүй, юм ярьдаггүй болсон. Миний гэр бүлийг аймшигтайгаар доромжилсон. Миний охины үлдсэн амьдралыг гутамшигтай зүйл болгосонд гомдолтой байна. Охиныхоо нэр хүндэд халдах, бие сэтгэлийн эрх чөлөөнд нь халдахыг хүлээн зөвшөөрөхгүй, хуулийн арга хэмжээг хурдан авч, хэргийг шийдэж өгнө үү. Миний охин сэтгэл зүйн гүн дарамтад орсон. ...Хэрэг болсноос хойш стрессийн улмаас ходоод нь өвддөг болсон, уг өвчнийг эмч нар стрессээс үүдэлтэй гэж оношилсон, хэрэг хийсэн хүнээс мөнгө нэхэмжлэхгүй, хуулийн дагуу үнэн зөв шийдвэрлэж өгөхийг хүсэж байна. Охиндоо сэтгэл зүйн засал хийлгэж байгаа, сэтгэл зүйчийн дүгнэлтийг шүүхэд гаргаж өгнө...” /1 дүгээр хавтаст хэргийн 44-46, 50 дахь тал/ гэсэн,
Гэрч *** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Манай охин *** өмнө нь намайг хичээлээс авчих гэж хэлж байгаагүй. 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хичээлээс авчих гэхээр нь би тэгье гэсэн ч хичээл нь тарах үеэр бага хүү унтаж байсан учир би гарч чадахгүй болж охиндоо миний охин ганцаараа яваад ирэх үү, дүү нь унтчихаад босохгүй байна гэхэд манай охин өө би тантай энэ хавиар явъя гэж бодсон юм гэж хэлээд 16 цагийн үед гэртээ ирсэн. Би найзтайгаа уулзахаар гэрээсээ гарахдаа охиндоо хоолоо анзаарч байгаарай, гарчхаад удахгүй ирнэ гэж хэлээд гэрээсээ 16 цаг 29 минутад гарсан. Эргээд 16 цаг 40 минутад гэртээ ирсэн, гэртээ орохдоо гаднаас код хийх үед дотор хүмүүст сонсогддог. Тэгээд дөнгөж үүдэнд орж ирэхэд эрэгтэй хүний гутал байсан. Би нөхрөө хүн дагуулж ирсэн юм болов уу гэж бодоод хартал хүн байхгүй байсан, дүүгээ хооллож байсан охиноосоо би аав, дүү хоёр нь ирсэн үү гэж асуухад ирээгүй гэсэн. Тэгээд хэний гутал вэ гэж охиноосоо асуухад мэдэхгүй гэхээр нь маш их айж манай гэрт гадны хүн байна гэдгийг мэдсэн. Нэг давхарт байгаа юм байна гэж бодоод гал тогооны өрөөний текний ар, буйдангийн ар, агуулахын өрөө, бүх газраар үзэхэд байхгүй байхаар нь хоёр давхарт байна гэж бодоод замдаа нөхөр рүүгээ залгасан. Баруун гар тал руу эргээд охины нойлын өрөө рүү ороход хүн байхгүй байсан. Дахиад цаашаа эргээд охины өрөөг нийтэд нь харахад хүн байхгүй байсан. Тэгээд охины өрөөний цонх руу ойртоод цонхонд тулаад очиход чулуун тавцан дээр саарал өнгийн цамцтай, жинсэн өмдтэй, улаан өнгийн подволктой *** гэх манай охины сновбоардад хамт хичээллэдэг эрэгтэй зогсчихсон байсан. Би утсаа таслаад хашгичаад чи манай гэрт юу хийж байгаа юм бэ гээд цохиход нүдний шилээ авах гэж ирсэн гэсэн. Тэгээд би орилж, хашхичаад манай охиныг ганцаараа байхад гэрт орж ирлээ, гэрээс зайл гэхэд *** нь гутлаа өмсөөд гэрээс гарсан. Тэгээд эргэж хаалга тогшоод нээхэд *** эгчээ би утсаа авчихъя гэсэн. Би ***ийг зайл гээд хаалгаа хаачхаад утсыг нь хайхад манай охины орон дээр дэрэн доор байсан. Би ***ий утсыг аваад доошоо буугаад ***д хаалганы цаанаас би өөрөө утсыг чинь гаргаж өгнө, чи доор байж бай гэсэн. Тэгээд охин дээр очоод яагаад ийм юм болж байгаа юм, юу болоод байгаа юм, энэ яагаад манай гэрт байгаа юм гэж асуусан. Охиноосоо энэ яах гэж манай гэрт ирснийг асуухад шилээ авах гэж ирсэн гэсэн. Тэгээд би ***ий утасны дэлгэцийн гэрэл асахаар нь харахад манай охин ***гийн 6 настай жаахных нь инстаграм дээр байдаг зураг байсан. Би яахаараа манай охины зураг байдаг юм бол гэж бодоод ***ий утасны зураг руу орж харахад манай охины инстаграм дээр байдаг ихэнх зургийг татаж авсан байсан. Тэгэхээр нь миний дургүй хүрээд утсан дээр нь байсан бүх зургийг устгасан. Охиноосоо асуухад охин юу ч хэлж чадахгүй байсан. *** нэг давхарт байхгүй, зам дагуу ***ий машин зогсож байсан. *** машинаасаа бууж ирэхээр нь би очоод уурлаад чи яахаараа манай гэрт ордог юм, чи яахаараа манай гэрийг эзгүйчилдэг юм гэхэд эгчээ би яагаач үгүй, би шилээ л авах гэж ирсэн гэхээр нь би аав, ээжийнхээ утсыг өг гэхэд өгөхгүй байсан. Эгчээ би таныг дуудах үед чинь хэзээ ч хамаагүй ирнэ гэсэн. Тэгэхээр нь би чи миний охиныг ганцаараа байхад нь яасан гэхэд эгчээ би яагаа ч үгүй, танд амлая, манай ээж, аав руу битгий залгаач гэсэн. Тэгээд би охиноо дагуулаад гэртээ ороход нөхөр гэртээ бага хүүхэдтэйгээ байсан. Тэр өдөр би нөхөртөө хэлээгүй. 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өглөө манай ээж Алимаа манай гэрт ирээд би ээждээ болсон зүйлийн талаар ярихад ингэж болохгүй гэсэн. Тэгээд *** гэх хүүхдийг ээж бид хоёр дуудаад би өөрийнхөө машинд ***ийг суулгаад ээжтэйгээ хамт гурвуулаа уулзаад чи манайд хэдэн удаа ирсэн, яасан талаар асуухад *** нь 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдөр, мөн 04 дүгээр сарын 17-ны өдөр, нийт 2 удаа гэрт орсон гэсэн. 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдөр ирэхдээ нүдний шилээ үлдээсэн, 04 дүгээр сарын 17-нд шилээ авах гэж ирсэн гэсэн. Чи миний охиныг хүчирхийлсэн үү, чи миний охинтой унтсан байна гэхэд тийм юм байхгүй гэхээр нь хүүхэд минь хэлчхээд байхад чи яахаараа ингэдэг юм гэхэд *** би нэг удаа унтсан гэсэн. Тэгээд би цагдаад өгнө гээд ***ийг дагуулж цагдаагийн газрын гадаа ирээд ээж, аавынхаа дугаарыг өг гэхэд ээж, аавтай цагдаа нь яриг дээ гэсэн. Тэгээд манай ээж ***ий ээж рүү ярьсан, ээж нь очлоо гэсэн. Тэгээд би ***ий аав, ээж нь ирж байна гэхээр нь уулзахаас цээрлээд ***ийг буулгачхаад явсан. Тэгээд 2025 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр манай охин бүх үнэнээ хэлье гээд *** манайд гурван удаа ирсэн гээд болсон үйл явдлыг ярьсан...” /1 дүгээр хавтаст хэргийн 34-36 дахь тал/ гэсэн,
Шинжээч С.Эрдэнэцэцэг мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Хуучин урагдал гэдэг нь урагдал үүссэнээс хойш 10-аас дээш хоногт эдгэрэх, хуучин сорви үүсэх боломжтой. Үүнийг хуучин урагдал гэж үзнэ. Төрөлхийн сэтэрхий нь зах ирмэг нь нийлэхгүй, ирмэг нь тэгш бус, өндөр нам байдаг. Хуучин урагдал нь ирмэг нь нийлж тэгш түвшинд байдаг. Ийм учир ***гийн 09 цагийн түвшин дэх хуучин урагдал нь зах ирмэг нийлж, ижил түвшинд байсан. 2-оос 4 цагийн түвшин дэх төрөлхийн сэтэрхий нь зах ирмэг тэгш бус хоорондоо нийлэхгүй, өндөр нам байсан. Төрөлхийн сэтэрхий, хуучин урагдал нь хоёрыг хооронд нь ялгах боломжтой байдаг...” /1 дүгээр хавтаст хэргийн 206 дахь тал/ гэсэн,
Шүүгдэгч *** мөрдөн шалгах ажиллагааны явцад сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Анх 2025 оны 03 дугаар сарын эхээр цанын бааз дээр *** болон түүний найзууд Шинэбаяр, ***, *** нартай хамт гулгаж байгаад ***д зааж зөвлөөд гулгая гэсэн байдлаар танилцаж анх удаа ярилцсан. 2025 оны 03 дугаар сарын дундуур цанын бааз хаагаад ***, ***, ***, ***, түүний дүү Тэгшдүүрэн, бид нар Энканто товерын 5 давхарт тоглоомын газар 19 цагийн үед нэг цаг тоглоод 20 цагийн үед гарсан, тэндээсээ замын эсрэг талын Хоом Плазагийн КПС-д хоол идчихээд нэлээн оройтоод 21 цаг 50 минутын үед гарсан, тэгээд гэртээ харья гээд ***, Тэгшдүүрэн, *** нарыг дөхүүлж өгөнгөө бүгдээрээ алхсан, мөн миний машин цанын баазаас ирээд ***гийн гэрийн гадаа байсан, тэгээд бөөнөөрөө алхаж байгаад даараад ***, ***, Тэгшдүүрэн нар таксидаад явчихсан. ***, *** бид гурав Кинг товер луу алхсан, бид гурав юм ярьж алхаж байгаад *** бид хоёр машин дээрээ үлдээд *** гэр лүүгээ орсон. Маргааш нь би машинаа угаах гээд юмнуудаа гаргахад ***гийн цүнх машинд байсныг харсан, цүнхийг хүргэж өгөх гээд ***гийн утас руу залгахад утсаа аваагүй. Тухайн өдөр ***гийн сновбоардийг өгөх гээд гэр рүү нь явсан, замдаа ***гийн цүнхийг өгчихье гэж бодсон. ***гийн гэрийн гадаа ирээд ***д сновбоардыг өгсөн. Би ***д ***гийн цүнх машинд үлдсэн байна гэхэд *** би гэрийг нь мэднэ хоёулаа хамт оруулаад өгье гээд ***гийн гэрийн хаалгыг тогшиход ***гийн аав нь хаалга тайлаад ***гийн цүнхийг өгчхөөд бид хоёр явсан. Маргааш нь *** над руу залгаад би авахад ***гийн ээж нь байсан, ээж нь надад миний охиноос хол бай, чи миний охиныг яасан, битгий дахиж бич, битгий дахиж залга гэж яриад хашгираад байсан. Маргааш нь *** над руу инстаграммаар чат бичээд ээж уурлаад, хоёуланг чинь харьцаж чат бичиж байгааг мэдсэн, ээж танаас холд гэсэн, ээж юу ч гэсэн би танаас холдохгүй гэхээр нь би тоохгүй орхичихсон, Маргааш нь *** над руу инстаграммаар уулзъя, манай гэрт хүн байхгүй, би дүүтэйгээ хоёулаа байна, хүрээд ир гэхээр нь би ***гийн гэрт очсон. Гэрт нь ороход *** ээж уурлаад байсан юм, уучлаарай, дахиж ээж уурлах зүйл болохгүй гэж хэлээд бид хоёр ойр зуурын юм яриад дүүг нь хараад байж байсан. *** надад ээж миний утсыг шалгадаг, ээж тик ток шалгахгүй, тик ток татчих энүүгээр харьцаж юм бичиж байя, ээж мэдэхгүй гэхээр нь би утсан дээрээ тик ток татсан. Тэгээд бид хоёр эвлэрчхээд удалгүй 30 орчим минутын дараа би явсан. *** бид хоёр тик токоор чатлаж харьцаад 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хүрсэн. *** надад ээж, аав байнга загнаж зоддог, намайг дарамталдаг болохоор надад хэцүү байдаг, амиа хорломоор санагддаг, тантай хамт байхаар тухтай санагддаг, тийм бодлоосоо салж тайван байдаг гээд намайг гэртээ 6-аас 7 удаа дуудаж би гэрт нь очиж байсан. 2025 оны 03 дугаар сарын дундуур цүнхийг нь аваачиж өгснөөс хойш 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн хооронд гэрт нь хүн байхгүй болохоор намайг шууд ирээч гэж дууддаг, би очдог байсан. ***гийн гэрт очоод хоорондоо юм яриад дүүг нь хамт хардаг, хааяа хоол хийчихсэн байвал надад аягалж өгдөг. Өөр ямар нэгэн зүйл болоогүй. 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр *** намайг дуудаад уулзъя, уулзангаа шилээ авчих гэхээр нь 19 цагийн үед очсон, гэрт нь ороод ***тай юм ярьж байгаад 10 минут болоод өөрийнхөө нүдний шилийг авчхаад гарах гэж байхад ***гийн ээж нь гаднаас хаалга онгойлгоод орж ирэхэд *** надад дээшээ гараад нуугдчих гэхээр нь би дээд давхар руу гараад ***гийн өрөөний хөшигний ард нуугдсан. Ээж нь дээшээ гарч ирээд намайг олоод миний цамцнаас татаж буулгаад буйдан дээр суулгаад *** руу уурлаад чи танихгүй хүн гэртээ оруулсан байна гээд ***г алгадсан. Мөн ***гийн ээж над руу уурлаад чи хүний гэрт дураараа орж ирсэн, чи миний охиныг яасан гээд, охиноосоо бас чамайг яасан гэж асуухаар нь *** бид хоёр яагаа ч үгүй гээд үнэнээ хэлсэн. Намайг гар гээд гаргасан. Би гарахдаа гэрт нь утсаа үлдээсэн байснаа санаад буцаж хаалгыг нь тогшоод утсаа авах гэсэн юм гэхэд үүдэнд байж бай, машин чинь хаана байгаа юм, би утсыг чинь аваад гарна гэхээр нь би гараад машиндаа суугаад хүлээсэн. Тэгээд ***, түүний ээж гарч ирэхэд нь би өөдөөс нь очтол ээж нь миний утсыг надад өгөөд миний утсан дээр байсан зураг, чат зэргийг бүгдийг нь устгачихсан байсан. ***гийн ээж нь намайг ээжийнхээ утасны дугаарыг өг, ярина гэхээр нь би өгөөгүй. Миний машины дугаарыг дараад энүүгээр чинь хайж олно, манай нөхөр хуулийн хүн гэсэн, би гэр лүүгээ явсан. Маргааш нь 19 цагийн үед ***гийн ээж залгаад гэрийн гадаа ир гэхэд нь би очсон, ***гийн ээж намайг машиндаа суулгаад яваад л байсан, мөн ***гийн эмээ нь хамт байсан, ***гийн эмээ намайг алгадаад цохисон, ээж нь бас чи миний охинтой унтсан байна гэж над руу тулгасан, чи миний охиныг хүчиндсэн гэсэн, би тийм зүйл болоогүй гээд үнэнээ хэлсэн. ***тай өмнө уулзаж байхад *** надад өмнө үерхэж байсан найз залуутайгаа унтсан, энийг би ээж, аавдаа хэлбэл намайг ална, зодно, би айж байна гээд уйлаад намайг авраарай, би үнэхээр баригдах юм бол тантай унтсан гэж хэлнэ, тэр үед намайг авраарай гэж хэлж байсныг санасан. Тэгээд би ***г аварч байна гэж бодоод би ***тай нэг удаа унтсан гэж ээж, эмээ нарт нь хэлсэн. *** бид хоёр бие, биедээ хайртай байсан, хоорондоо чат бичээд хайртай гэдгээ харилцан бичдэг байсан. Орой унтахдаа хайртай, үнсье гэж бичдэг, бусдаар бол би ***г үнсэж байсан зүйл байхгүй. *** над руу хоёулаа секс хийх үү гэж бичиж байсан. Би ч тоглоод 1-ээс 2 удаа адилхан секс хийе гэж ***д хэлж байсан, бид хоёр маазраад бичдэг. Би ***тай бэлгийн харьцаанд орж байгаагүй, би ***г үнсэж ч үзээгүй. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй...” /1 дүгээр хавтас хэргийн 9-10, 13, 15 дахь тал/ гэсэн мэдүүлгүүд,
- Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн №5834 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт: 1.2.М. ***гийн биед гэмтэл тогтоогдсонгүй.
3. 4. М.***гийн охин хальс хуучин урагдалтай байна.
5. Шүүх бичил амь судлалын шинжилгээнд тэмбүү, заг хүйтэн, трихомониазын халдвар илрээгүй байна.
6. Шүүх биологийн арчдас, наалдцад эр бэлгийн эс илрээгүй байна....” /1 дүгээр хавтаст хэргийн 164-165 дахь тал/ гэсэн,
- Мөн газрын 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 1745 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт: 1.*******ийн *** /РД: УХ11292068/-ийн сэтгэцэд 2025 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд хүндэвтэр түвшинд илэрч байна.
2. Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар зэрэглэлд хамаарна.
3. Цаашид сэтгэцийн болон сэтгэл зүйн тусламж үйлчилгээнд хамрагдах шаардлагатай байна...” /1 дүгээр хавтаст хэргийн 170-172 дахь тал/ гэсэн,
- Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 5969 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт: 1. 4. ***ий биед зүүн шуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.
3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоохгүй.
5. Бичил амь судлалын шинжилгээгээр Тэмбүү, Заг хүйтэн, Трихомониазын халдвар илрээгүй.
6. *** нь бэлгийн харьцаанд орох чадвартай байна.
7. Иммунологийн шинжилгээгээр үр тогтоох чадвартай байна...” /1 дүгээр хавтаст хэргийн 156-157 дахь тал/ гэсэн,
- Шүүх сэтгэц эмгэг судлалын 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 561 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. М.*** нь айдас түгшилтийн хариу урвалтай байна. М.*** нь сэтгэцийн эмнэлгийн хяналтад байдаг гэх баримт мэдээлэл үгүй байна.
2. М.*** нь айдас түгшилтийн хариу урвал нь олдмол болно.
3. М.*** нь гэмт хэрэг үйлдэгдэх үед болон үйлдэгдсэнээс хойш айдас түгшилтийн хариу урвалтай болсон байх боломжтой байна.
4. М.***д эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна.
5. М.*** нь өөрийн насны түвшинд хийж байгаа үйлдлийг ойлгон мэдэж, удирдах чадвартай байна.
6. М.*** нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна...” /1 дүгээр хавтаст хэргийн 200-201 дэх тал/ гэсэн,
- Мөн газрын 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 617 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. *** нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. *** нь сэтгэцийн эмнэлгийн хяналтад байдаг гэх баримт мэдээлэл үгүй байна.
2. *** нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.
3. *** нь гэмт хэрэг үйлдэгдэх үед болон гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш сэтгэцийн ямар нэг өвчнөөр өвчилсөн гэх баримт мэдээлэл үгүй байна.
4. ***д эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна.
5. *** нь өөрийн хийж байгаа үйлдлийг зөв ойлгон мэдэж, удирдах чадвартай байна.
6. *** нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.
7. *** нь хэрэг хариуцах чадвартай байна...” /1 дүгээр хавтаст хэргийн 195-196 дахь тал/ гэсэн дүгнэлтүүд,
- Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 18, 19-20 дахь тал/,
- Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 51-54 дэх тал/,
- Насанд хүрээгүй хохирогчийн нас тоолсон тэмдэглэл, төрсний бүртгэлийн лавлагаа /1 дүгээр хавтаст хэргийн 55-56 дахь тал/,
- Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 82-94, 95-96 дахь тал/,
- Урьдчилан сануулах хамгаалалтын арга хэмжээ авсан тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 98 дахь тал/,
- Шүүгдэгч ***ий хувийн байдалтай холбоотой гэрч Г.Гантуяагийн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 48 дахь тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /1 дүгээр хавтаст хэргийн 65 дахь тал/, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /1 дүгээр хавтаст хэргийн 66 дахь тал/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /1 дүгээр хавтаст хэргийн 67 дахь тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 дүгээр хавтаст хэргийн 69, 248 дахь тал/ зэрэг нотлох баримтууд болно.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:
1. Шүүгдэгч *** нь 2025 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо, “Кинг товер” хотхоны 126 дугаар байрны 161 тоотод бага насны буюу 13 настай М.***тай хүчээр бэлгийн харьцаанд орсон гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн болох нь насанд хүрээгүй хохирогч М.***, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч И.Мөнзалгамж, гэрч ***, шинжээч С.Эрдэнэцэцэг нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын 2025 оны №5834 дугаартай дүгнэлт: “...М.***гийн биед гэмтэл тогтоогдсонгүй. М.***гийн охин хальс хуучин урагдалтай байна. Шүүх бичил амь судлалын шинжилгээнд тэмбүү, заг хүйтэн, трихомониазын халдвар илрээгүй байна. Шүүх биологийн арчдас, наалдцад эр бэлгийн эс илрээгүй байна....” /1 дүгээр хавтаст хэргийн 164-165 дахь тал/ гэсэн, мөн газрын 2025 оны 1745 дугаартай дүгнэлт: “...М.***гийн сэтгэцэд 2025 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд хүндэвтэр түвшинд илэрч байна. Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар зэрэглэлд хамаарна. Цаашид сэтгэцийн болон сэтгэл зүйн тусламж үйлчилгээнд хамрагдах шаардлагатай байна...” /1 дүгээр хавтаст хэргийн 170-172 дахь тал/ гэсэн, Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын 2025 оны 5969 дугаартай дүгнэлт: “...***ий биед зүүн шуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоохгүй. Бичил амь судлалын шинжилгээгээр тэмбүү, заг хүйтэн, трихомониазын халдвар илрээгүй. *** нь бэлгийн харьцаанд орох чадвартай байна. Иммунологийн шинжилгээгээр үр тогтоох чадвартай байна...” /1 дүгээр хавтаст хэргийн 156-157 дахь тал/ гэсэн, Шүүх сэтгэц эмгэг судлалын 2025 оны 561 дугаартай дүгнэлт: “...М.*** нь айдас түгшилтийн хариу урвалтай байна. М.*** нь сэтгэцийн эмнэлгийн хяналтад байдаг гэх баримт мэдээлэл үгүй, айдас түгшилтийн хариу урвал нь олдмол болно. М.*** нь гэмт хэрэг үйлдэгдэх үед болон үйлдэгдсэнээс хойш айдас түгшилтийн хариу урвалтай болсон байх боломжтой. М.***д эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй. М.*** нь өөрийн насны түвшинд хийж байгаа үйлдлийг ойлгон мэдэж, удирдах чадвартай. М.*** нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай...” /1 дүгээр хавтаст хэргийн 200-201 дэх тал/ гэсэн, мөн газрын 2025 оны 617 дугаартай дүгнэлт: “...*** нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй, сэтгэцийн эмнэлгийн хяналтад байдаг гэх баримт мэдээлэл үгүй. *** нь гэмт хэрэг үйлдэгдэх үед болон гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш сэтгэцийн ямар нэг өвчнөөр өвчилсөн гэх баримт мэдээлэл үгүй. ***д эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй. *** нь өөрийн хийж байгаа үйлдлийг зөв ойлгон мэдэж, удирдах чадвартай, үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай. *** хэрэг хариуцах чадвартай байна...” /1 дүгээр хавтаст хэргийн 195-196 дахь тал/ гэсэн дүгнэлтүүд, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 18, 19-20 дахь тал/, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 51-54 дэх тал/, насанд хүрээгүй хохирогчийн нас тоолсон тэмдэглэл, төрсний бүртгэлийн лавлагаа /1 дүгээр хавтаст хэргийн 55-56 дахь тал/, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 82-94, 95-96 дахь тал/ зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан бөгөөд дээрх нотлох баримтуудыг үгүйсгэсэн, няцаасан баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Хүчиндэх гэмт хэрэг нь “хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, эсхүл сэтгэцийн өвчтэй, согтуурсан, мансуурсан, сэтгэцийн үйл ажиллагаа нь түр сарнисан, бусад өвчний улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй, эсхүл эд хөрөнгө, албан тушаал, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон, эсхүл бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн”-ийг шаардахаар байх бөгөөд бага насны хүүхдийн эсрэг энэ гэмт хэргийг үйлдсэнд тооцоход эдгээр аргаар үйлдсэн байхыг шаардахгүй байхаар хуульчилжээ.
Насанд хүрээгүй хохирогч М.*** гэмт хэрэг гарах үед 13 нас, 06 сар, 17 хоногтой буюу бага насны хүүхэд болох нь хэрэгт авагдсан хохирогчийн нас тоолсон тэмдэглэл, иргэний улсын бүртгэлийн лавлагаа зэрэг баримтаар /1 дүгээр хавтаст хэргийн 55-56 дахь тал/ тогтоогдох бөгөөд шүүгдэгч *** нь насанд хүрээгүй хохирогч М.***тай хүчээр бэлгийн харьцаанд орсон үйлдэл нь “Хүчиндэх” гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн шинжийг бүрэн хангаж байна.
Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч ***д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна.
Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч П.Бадамрагчаа: “...Шүүгдэгч *** нь хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэм буруутай байна...” гэж дүгнэснийг шүүх хүлээн авсан болохыг тэмдэглэв.
Шүүгдэгч *** нь 2026 оны 03 дугаар сарын 04-ний өдрөөс 2026 оны 03 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл 5 хоног цагдан хоригдсон (2 дугаар хавтаст хэргийн 73 дахь тал)-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох хууль зүйн үндэслэлтэй.
2. Шүүгдэгч *** тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Дээрх хөнгөрүүлэн үзэх нөхцөл болон шүүгдэгч ***ий үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, учруулсан хохирол, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, гэмт хэрэг гарсан байдал, шалтгаан нөхцөл зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 14 /арван дөрөв/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
3. Шүүгдэгч ***ий үйлдсэн хүчиндэх гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч М.***гийн бэлгийн эрх чөлөө зөрчигдсөн байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад насанд хүрээгүй хохирогч М.***гийн сэтгэцэд учирсан хохирлыг тогтоохоор шинжээч томилж дүгнэлт гаргасан бөгөөд дүгнэлтээр сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар зэрэглэлд хамаарч байх тул шүүхээс хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалыг батлах тухай Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 25 дугаартай тогтоолд зааснаар гэмт хэрэг гарах үед мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 792,000 төгрөгийг 20 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээ буюу 15,840,000 /арван таван сая найман зуун дөчин мянга/ төгрөгөөр тогтоож, гэм буруутай этгээдээс гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ***ид олгохоор шийдвэрлэв.
Эрүүгийн 2510000000572 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан компакт диск гурван ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсарган үлдээж, “Iphone 13 pro” загварын гар утас нэг ширхгийг шүүгдэгч ***ий ар гэрийнхэнд олгохыг шүүгчийн туслахад даалгаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч ***ий иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *** гомдолтой гэснийг тус тус дурдаж шийдвэрлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ***, Л.Батжав, Б.Даваадорж нараас “...Прокурорын яллах дүгнэлтэд бичиж яллаж баримтуудаар энэ хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй, нотлож чадаагүй баримтууд. Яллах дүгнэлтэд 1-12 хүртэл дугаарласан насанд хүрээгүй хохирогч, гэрч ***, ***, “***нарын мэдүүлэг, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, нас тоолсон тэмдэглэл, төрсний бүртгэлийн лавлагаа, шинжээчийн дүгнэлтүүд зэрэг баримтууд нь энэ хэргийг хөтөлбөргүй нотолж чадаагүй, дээрх баримтууд 2024 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр *** насанд хүрээгүй хохирогчийг хүчиндсэнийг нотлохгүй, нотлогдохгүй байна. Хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай баримтгүй гэж үзэж байгаа учир хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгуулах саналтай...” гэсэн санал дүгнэлт гаргасныг шүүх хүлээн авах боломжгүй, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч ***ийг гэмт хэрэг үйлдээгүй болохыг нотолсон баримт байхгүйн дээр насанд хүрээгүй хохирогч, гэрч нарын мэдүүлгийг үгүйсгэсэн, няцаасан баримтгүй байна.
Өмнө өөр хүнтэй унтаж байсан талаар харилцан ярилцаж байсан гэх баримт нь шүүгдэгч ***ийг насанд хүрээгүй хохирогчтой чатласан гэж үзэх боломжгүй, хэнтэй чатласан нь тодорхойгүй баримт байгааг тэмдэглэх нь зүйтэй.
Насанд хүрээгүй хохирогч М.***гийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон бичгийн бусад нотлох баримтаар шүүгдэгч *** гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдон тогтоогдож байна гэж шүүхээс дүгнэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т овогт ***ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***ийг 14 /арван дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***д шийтгэсэн 14 /арван дөрөв/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***ий цагдан хоригдсон 5 /тав/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***ээс 15,840,000 /арван таван сая найман зуун дөчин мянга/ төгрөг гаргуулж, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ***ид олгосугай.
6. Эрүүгийн 2510000000572 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан гурван ширхэг компакт дискийг хэрэгт хавсарган үлдээж, “Iphone 13 pro” загварын гар утас нэг ширхгийг шүүгдэгч ***ий ар гэрийнхэнд олгож, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч ***ий иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *** гомдолтой гэснийг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч ***д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2026 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн тоолсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНЖИГҮҮР
ШҮҮГЧ Л.БААТАР
ШҮҮГЧ И.ГАНБАТ