Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 182

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюунчимэг даргалж, шүүгч Г.Мөнхзул, шүүгч Г.Ганбаатар нарын бүрэлдэхүүнтэй,

Иргэдийн төлөөлөгч Т.Батбаяр,

Нарийн бичгийн дарга Ч.Сайнзаяа,

Улсын яллагч О.Пүрэвсүрэн,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Эрдэнэчулуун,

Шүүгдэгч Б.Баярсайхан, түүний өмгөөлөгч Л.Амартогос,

Шүүгдэгч Б.Шараваа, түүний өмгөөлөгч Ч.Баасанжав нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.15, 247 дугаар зүйлийн 247.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тусхолбогдон яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201626011396 дугаартай 2 хавтаст хэргийн шүүгдэгч

 

Монгол Улсын иргэн,  1967 оны 4 дүгээр сарын 29-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 50 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо Мандал-Овоогийн 31-53 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, ЧЕ67042972 дугаар регистртэй Боржигон овогт Баатарын Баярсайхан,

 

Монгол Улсын иргэн, 1938 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Архангай аймаг Тариат суманд төрсөн, 79 настай, эмэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, өндөр насны тэтгэвэрт байдаг, ам бүл 1, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо 1 дүгээр баазын 1-4 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, ЧЕ38081063 дугаар регистртэй Боржигин овогт Бэхийн Шараваа нарт холбогдох хэргийг 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

 

Шүүгдэгч Б.Баярсайхан нь согтуурсан үедээ 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 5 дугаар баазын 1 дүгээр гудамжны 04 тоотод өөрийн төрсөн ах хэвтрийн өвчтэй, хөдөлмөрийн чадвар 80 хувийн алдалттай, асаргаанд байдаг 55 настай Баатарын Чинчулууныг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж гэрийн бүслүүрийн уяагаар хоолойг нь боож боолт амьсгал бүтэлтээр санаатай алсан гэмт хэрэгт,

 

Шүүгдэгч Б.Шараваа нь 2016 оны 6 дугаар сарын 06-ны өдөр  Б.Баярсайхан нь согтуурсан үедээ Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 5 дугаар баазын 1 дүгээр гудамжны 4 тоотод өөрийн төрсөн ах хэвтрийн өвчтэй, хөдөлмөрийн чадвар 80 хувийн алдалттай, асаргаанд байдаг 55 настай Баатарын Чинчулууныг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж гэрийн бүслүүрийн уяагаар хоолойг нь боож санаатай алсан гэмт хэргийг үйлдснийг урьдчилан амлалгүйгээр нуун далдалсан гэмт хэрэгт  тус тус холбогджээ.                         

 

ТОДОРХОЙЛОХ нь :

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч  Б.Баярсайхан шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

2016 оны 6 дугаар сарын 6-ны өдөр өглөө ээж өрхийн эмнэлэг явж би ах Чинчулууныг харж үлдсэн. Ах орондоо бие зассан байхаар нь хувцсыг нь сольсон. Ах маань унтаад байсан, унтуулдаг эм өгдөг байсан болохоор унтаад байдаг юм. 10 цаг дөнгөж өнгөрч байтал ээж орж ирсэн, би зөрөөд банк орохоор гарсан. Тэгээд хоол ундны зүйл, 1 шил архи аваад 12 цаг өнгөрч байхад гэртээ ирсэн. Замдаа авсан архиныхаа талыг уусан. Гэртээ ирэхэд ах унтаж л байсан. Би үлдсэн архинаасаа ээжид өгөөд, бусдыг нь өөрөө ууж дуусгасан. Дахин пиво авахаар 12 цаг өнгөрч байхад дэлгүүр рүү явсан, замдаа 2 хүнтэй таарч  мөнгө нийлүүлэн 1 шил архи авч хувааж уусан. Дахин архи авах гээд мөнгө авахаар гэртээ ирэхэд ээж цай уугаад сууж байсан. Ээж эгчийгээ дууд гэхээр нь би Тунгалаг эгч рүү залгаад “ах унтаад сэрэхгүй байна, хүрээд ирээч” гэж хэлсэн. Тэгээд буцаад гэрээсээ гарсан. Орой 17 цаг өнгөрч байхад гэртээ ирэхэд гэрт үүдэнд эгч, дүүтэйгээ таарсан. Гэрт ороход ах хэвтэж л байсан.  Ах чинь хөдлөхгүй байна гэж ээж хэлсэн. Би дахин дэлгүүр рүү явсан. 19 цаг өнгөрч байхад гэртээ очиход цагдаа ирсэн байсан. Юу болсоныг асуухад намайг согтуу байна, гар гэхэд эгч намайг хөтлөөд гэрээс гарсан. Гадаа хэсэг сууж байгаад даараад байхаар нь  буцаад гэртээ ороход ахыг аваад явсан байсан гэв.

 

Шүүгдэгч  Б.Шараваа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

2017 оны 6 дугаар сарын 6-ны өдөр хүү Баярсайхан банк явсан, 15 цагийн үед явсан байх. Би хүү Чинчулуунд тараг өгсөн, тэр үед Баярсайхан ирсэн. Тэгээд би Баярсайханы авчирсан архинаас 2 рунк архи  уусан.  Талийгаач хөлөө годолзуулаад байхаар нь хөлийг хучих гээд ойртоод очтол намайг үсдээд авсан, би амь авраарай  гэж орилсон. Би Чинчулууны цээж, өвчүү хэрэгт дарж байгаад үсээ гараас нь салгасан. Тэгээд гэрээсээ гараад тусламж гуйсан, гадаа 1 эмэгтэйгээс эмч дуудаад өгөөч гэж гуйсан. Удаа ч үгүй эмч ирсэн. Тэр үед Баярсайхан байгаагүй гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Эрдэнэчулуун шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Би багаасаа архи уудаг нөхцөлд өссөн. Эмээ маш  их архи уудаг, аавыг архинд оруулсан. 2016 оны 4 дүгээр сарын эхээр аав дээрээ очиход эмээ согтуу байсан. Аавыгаа яаж байна гэж асуусан. Миний аавыг удахгүй өөд болно гэж хэлдэг байсан. Манай ээж надад аав чинь өнгөрсөн гэж хэлэхээр нь би 2017 оны 6 дугаар сарын 7-ны өдөр очиход эмээ шал согтуу байсан, Тунгалаг эгч намайг шүүх эмнэлэгт очоорой гэж хэлэхээр би маргааш нь очсон. Манай аавыг гадны нөлөөтэй өнгөрсөн байна гэж хэлсэн. Надад нэхэмжлэх зүйл алга, гомдол саналгүй гэв.

 

Хохирогч Ч.Эрдэнэчулуун мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:

2016 оны 06 дугаар сарын 07-ны өдөр манай ээж Түвшинжаргал надад “аав Чинчулуун чинь нас барсан байна, Чиндалай ахтай чинь 3-уулаа очъе” гэж хэлэхээр нь би ганцаараа очоод тэгээд та 2-т хэлье гэж хэлээд би ганцаараа 00 өнгөрч байхад Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо 5 баазын 4 дүгээр гудамжны 1 тоотод амьдарч байсан аав Чинчулууны гэрт очиход эмээ Шараваа согтуу, Тунгалаг эгч нар байсан. Талийгаач аавын шарил байхгүй байсан...Шараваа, эгч Тунгалаг нар аав чинь өвчнөөр нас барсан гэж надад хэлсэн...2015 оны 5 дугаар сард эмээ аав 2 дээр очиход аав чинь харвасан юм шиг байна гэж хэлсэн, тэгэхэд аав хэвтэрт орчихсон өөрөө босож чадахгүй хүнээр түшүүлж байж орон дээрээ суудаг, босож явж л байсан. Тэгээд хамгийн сүүлд 2016 оны 04 дүгээр сард аав Чинчулуун дээр очиход аав хүнээр түшүүлж байж орон дээрээ суудаг, босож явж чадахгүй байсан...Би эмээд “ээж ах бид 3 аав дээрээ хашаандаа ирдэг юм билүү” гэхэд...эмээ Шараваа “энэ хүн чинь удахгүй нас барна, та нар одоо зайл” гэж байсан. Намайг бага байх үеэс л эмээ Шараваа аавыг архинд оруулж уруу татаж архи уулгаж, манай ээжийг зайл гэж хөөсөөр байгаад аав Чинчулуун, ээж Түвшинжаргал нарыг салгаж, дараа нь аавыг өвчтэй болгож хэвтэрт нь харж байгаад нас баруулсанд би эмээ Шараваад их гомдолтой байна...Аав Чинчулууныг хэвтэрт орсон байх үед эмээ Шараваа хардаг байхдаа намайг сардаа 2 удаа очих болгонд согтуу гэртээ танихгүй хүмүүс цуглуулсан эсвэл Баярсайхан ахтай согтуу байдаг байсан. Нэг удаа очих үед аавд пиво өгч байхаар нь би болиоч гэж хэлэхэд аав чинь дуртай юм өг өг гэж хэлж байсан...Одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...гэжээ. /1хх-29-31,160/,

 

Гэрч Б.Тунгалаг мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:

...2016 оны 6 дугаар сарын 6-ны өдөр 19 цаг өнгөрч байхад миний төрсөн дүү Баярсайхан 90380810 дугаарын утаснаас миний 91197650 дугаарын утсанд залгаж “Чинчулуун ах нас барсан байна, эмнэлэг ирээд талийгаачийн шарилыг авч явсангүй” гэж хэлсэн. Би охин Номин-Эрдэнийн хамт Нарантуул захаас төрсөн ээж Шараваагийн гэрт 21 цагийн үед очиход...талийгаач ахын шарил хөнжлөөр бүтээлэгтэй байсан... Миний төрсөн охин Номин-Эрдэнэ цагдаагийн байгууллагад дуудлага өгч цагдаагийн алба хаагч нар ирж үзлэг шалгалт хийх гээд ирэхэд Баярсайхан согтуу байхаар нь ээжийн хашаанаас гаргаж нуусан. Тэгээд цагдаагийн байгууллагаас үзлэг шалгалт хийж байгаад талийгаачийн хоолой хүзүү нь яасан юм гэж асуухад би хараагүй байсан болохоор мэдэхгүй байж байтал манай ээж мэдэхгүй гэж хэлж байсан...Ээж Шараваа бага зэргийн согтолттой, Баярсайхан их хэмжээний согтолттой байсан...гэжээ. /1хх-35/,

 

Гэрч Х.Марта мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:

...2016 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо 5 дугаар баазын 4 дүгээр гудамжны 01 тоотод 55 настай эрэгтэй ухаангүй байна гэж 19 цаг 00 минутанд дуудлага ирсэн. 19 цаг 10 минут дуудлагын дагуу...очиход 55 настай эрэгтэй Баатар овогтой Чинчулуун гэж хүн ухаангүй, зүрх судасны үйл ажиллагаа зогссон, амьсгал байхгүй, хүүхэн хараа өргөссөн нас барсан байсан. Тэгээд нас барсан гэсэн бичгийг бичиж өгсөн. Дуудлагын дагуу очиход нас барсан хүний хажууд 80 настай ээж нь, хөрш айлын хүмүүс гэж өөрсдийгөө хэлж байсан 2 эмэгтэй, нэг намхан хар царайтай ах нь юм уу, дүү нь юм уу гэмээр эрэгтэй хүн байсан. Намайг дээрх хүний биед үзлэг хийхэд гарын хуруу хүйтэн болсон, шүдээ зуучихсан байсан болохоор хөшилт явагдаж эхэлсэн байсан болохоор намайг очихоос өмнө 1 цаг орчмын өмнө нас барсан гэж бодож байна. Мөн 80 настай ээж нь “1 цагийн өмнөөс хөдөлгөөнгүй болчихлоо, дуудахад сэрэхгүй байна” гэж хэлсэн...Хүзүү хоолой дээр байсан шарх гэмтлийг харсан, уг гэмтлийг ямар шалтгаанаас учирсан гэмтэл болохыг 80 настай ээжээс нь асуухад надад хариулаагүй чимээгүй байсан...гэжээ. /хх-40,2хх-7/,

 

Гэрч Б.Мөнгөнцэцэг мөрдөн байцаалтанд  өгсөн мэдүүлэгтээ:

...2016 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хадам ээж Шараваа согтуу манай гэрт орж ирээд агсам тавьсан...хадам ээж Шараваагийн гэрт ороход хадам ээж Шараваа хаалганаасаа хар уяа унжуулсан, гартаа заазуур барьчихсан өөрийгөө ална, үхмээр байна гээд уйлаад орилоод байж байсан...тэгэхээр нь би хүүхдүүддээ хэлээд гараас нь заазуурыг нь авахуулаад...манай охин Солонго Тунгалагтай утсаар яриад ээж Шараваагийн байдлыг хэлэхэд “би ажилтай байна гэж уурлаад, энэ бүхэн танай ааваас болж байгаа юм, танай аавын хийсэн лайнаас болж байгаа юм” гэж хэлээд утсаа тасалсан гэсэн. Тэгээд би ээж Шараваа дээр очоод Тунгалаг Баярсайханаас болсон гээд юм яриад байхын, юу болоод байгаа юм” гэж хадам ээж Шараваагаас асуухад “би хүүхдээ алаагүй, би биш” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “та арай Баярсайханы өмнөөс хэрэг хүлээх гээд байгаа юм биш биз дээ” гэхэд “яахав яахав, би явъя, Баярсайхан үлдэг” гэж хэлж байсан...Баярсайхан алсан гэж хэлээгүй, би алаагүй, Баярсайхан үлдэг, би шоронд явъя гэж хэлсэн...Та нар мэдэхгүй байна, би алаагүй. Баярсайхан хүүхдүүдтэй, ач зээтэй, би өндөр настай шоронд нь явна гэж хэлсэнийг би амны уншлагаар нь мэдсэн. Мөн охин Солонго надад бичиж хэлж байсан...гэжээ. /2хх-8-10/,

 

Насанд хүрээгүй гэрч  Б.Солонго мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:

...Манай хашаанд амьдарч байх хугацаанд эмээ Шараваа аав Баярсайхантай нийлж архи уудаг байсан. Архи уухаараа “Би хүүхдээ алаагүй, намайг хүүхдээ алсан гэж хүн болгон хэлж байна, би алаагүй” гэж уйлдаг байсан. 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдөр эмээ ганцаараа гэртээ архи уучихаад агсам тавьсан...агсам тавиад байхаар нь гэрт нь оруулаад гаднаас нь түгжих гээд байж байтал ээж эмээгийн гэрт ороход эмээ Шараваа гэрийнхээ хаалганы дээд талын 3 унь авчихсан, тооно хаалга 2-ын хооронд байсан уяаг унжуулчихсан, өөрийн хүзүүгээрээ уяагаа хийчихсэн, гартаа хутга билүү, заазуур ч билүү барьчихсан “хүн болгон намайг хүүхдээ алсан гэж байна, би алаагүй, би үхмээр байна” гэж хэлж байсан. Тэр үед би Тунгалаг эгч рүү залгаж эмээг амиа хорлох гээд байна хүрээд ир гэхэд Тунгалаг эгч очиж чадахгүй ажилтай байна гэж байсан...ах Эрдэм бид 2 эмээгийн архийг гартал нь амиа хорлох бий гэж бодоод харж сахисан. Намайг эмээ Шаравааг хараад сахиад байж байхад би болсон явдлын талаар үнэнийг хэлье гэж хэлж байснаа “намайг хүн болгон хүүхдээ алсан гэж хэлж байна, би явсан дээр, би угаасаа дуусаж байна, үхэх дөхсөн хүн, Баярсайхан үр хүүхэд, ач зээтэй хүн, би бараг дууссан хүн, би явъя” гэж хэлж байсан...гэжээ. /2хх-10-11/,

       

Шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн ¹1076 акт, Дүгнэлт:

  1. Талийгаачид  механик амьсгал бүтэлт-багалзуурдалт, боолт тогтоогдлоо.
  2. Багалзуурдалт нь сарвуугаар хоолойг базаж шахах, дарах үед, боолт нь уяа оосороор хоолойг гарын хүчээр дарах шахах үед үүснэ.

3.5.Талийгаач нь амьсгал бүтэж нас баржээ.

  1. Цус нь 1-р бүлэг байна.
  1. Талийгаач нь тархины зүүн тал бөмбөлөгийн уйланхайтай байсан ба энэ нь үхэлд хүргээгүй.
  2. Нас барах үедээ согтолтгүй байжээ гэжээ. /1хх-51-53/,

         

Шүүх ДНХ-ийн шинжээчийн №5556 тоот акт. Дүгнэлт:

  1. Шинжилгээнд ирүүлсэн хэргийн газрын үзлэгээр хураан авсан гэрийн хананд өлгөөтэй байсан гэх, зүүн талын булангаас хураан авсан гэх, Б.Шараваагаас хураан авсан гэх 3 хэсэг уяа дээр цус, биологийн ул мөр илрээгүй гэжээ. /1хх-60/,

 

Шүүхийн криминалистикийн шинжээчийн №4193 тоот акт, Дүгнэлт:

  1. Шинжилгээнд ирүүлсэн гэрийн баруун хананд байх уяаны тасархай гэх бичигтэй 270 см урттай уяаны төгсгөл гэж ялгасан үзүүр болон гэрийн гадна хашааны зүүн урд булангаас олдсон гэх 66 см урттай уяаны эхлэл гэж ялгасан үзүүрүүд урьд нэг бүхэл байсан ба хурц иртэй зүйлээр 1 удаагийн үйчлэлээр шинээр таслагдсан байна. Бусад үзүүрүүд нь эдэлгээний явцад сэмэрч тасарсан ба хэдэн удаагийн үйчлэлээр гарсан болохыг тогтоох боломжгүй байна.
  2. Дээрх 3 ширхэг уяа тус бүр нь ташуу нэхээстэй полиэстер материалтай нэг төрлийн уяа мөн байна гэжээ. /1хх-48-50/,

       

Шүүх сэтгэц  гэм судлалын 710 дугаар дүгнэлтэд:

  1. Б.Шараваа нь сэтгэцийн ямар нэгэн өвчтэй эсэхийг нотлох баримт алга байна.
  2. Б.Шараваа нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.
  3. Б.Шараваа нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.
  4. Б.Шараваа нь үйлдсэн хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгч бусдад ойлгуулах чадвартай байна.
  5. Б.Шараваа нь өөрийн харсан зүйлийнхээ талаар бусдад тайлбарлан ойлгуулах чадвартай байна.
  6. Б.Шараваа нь хэрэг хариуцах чадвартай байна гэжээ. /1хх-132-134/,

 

Шүүх сэтгэц  гэм судлалын 155 дугаар дүгнэлтэд:

  1. Б.Баярсайхан нь гэмт хэрэг болох үед өөрийн үйлдлийн хор уршгийг ухамсарлаж, үйл ажиллагаагаа удирдан жолоодох чадвартай байсан байна.Гэмт хэрэг болох үед Б.Баярсайхан сэтгэцийн өвчингүй  байсан байна.
  2. Б.Баярсайхан нь хэрэг болох үед сэтгэцийн өвчингүй байсан байна. Мөн тухайн үед өөрийн үйлдлийг удирдаж чадаж байсан байна.
  3. Б.Баярсайхан нь сэтгэцийн өвчингүй байна. Б.Баярсайхан нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна.
  4. Б.Баярсайханд албадан эмчилгээ хийлгэх шаардлагагүй байна.
  5. Б.Баярсайхан нь зөв мэдүүлэг өгөх чадвартай байна гэжээ. /2хх-53-54/,

 

Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн № 1808 тоот акт, Дүгнэлт:

  1. Шараваагийн биед гэмтэл тогтоогдсонгүй гэжээ. /2хх-50/,

 

Шинжээч эмч Ц.Ганболд мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:

…Хүзүүг бооход 4 кг хүч үйлчлэхэд мөгөөрсөн хоолой болон хүзүүний том судсууд дарагдаж амьсгал бүтэлтэнд хүрдэг...Талийгаачид шинжилгээ хийсэн шинжилгээний үед хүзүүний арьсанд боолтын ором мөн гарын сарвуугаар шахаж дарсан буюу багалзуурдалтын шинж тэмдгүүд илэрсэн. Эдгээр нь механик амьсгал бүтэлт үүсгэж хоёулаа үхэлд богино хугацаанд хүргэдэг. Хэвтрийн хөл гар нь саа саажилттай хүн нь эсэргүүцэн тэмцэх нь бага, эрүүл хүн ч гэсэн боолт орсон тохиолдолд богино хугацаанд ухаан алддаг тул амьсгал бүтэлтэнд орж нас барна. Шинжилгээгээр зовхинд цус харвалтууд, хүзүүний булчингийн цус харвалт, ховч ясны хугарал, зүрх, уушигны гадаргууд голомтод цус харвалт, хүзүүний арьсанд дахь боолтын ором, зулгаралт, цус хуралтууд үүссэн байсан. Дээрх гэмтэл нь үзүүлж буй уяагаар үүсгэгдсэн байх боломжтой. Хүзүүнд учирсан улаан хүрэн өнгийн 2 ширхэг зулгаралт нь гараар үүсгэгдэхгүй. Ховч яс хүзүү хоолойг шахах, дарах-багалзуурдах үед хугарна…гэжээ. /1хх-164-165/,

 

Таньж олуулах ажиллагааны тэмдэглэлд:...таньж олуулах ажиллагааг дуусгаж гэрч Хавалбайн Марта 2 удаагийн давтамжтайгаар таньж олуулах ажиллагаа хийхэд Баатарын Баярсайхан /ЧЕ67042972/-ыг заасныг...тэмдэглэл болгон...гарын үсэг зуруулав гэжээ. /2хх-2-4/,

 

Шүүгдэгч Б.Шараваа, Б.Баярсайхан нарын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /1хх-85,26/, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургийн үзүүлэлтүүд /1хх-3-6, 18-22/, түргэн тусламжийн дуудлагын хуудас /1хх-89/, цогцост үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-15-17/, нийслэлийн түргэн тусламжийн төвийн 103 дугаарт залгаж дуудлага өгсөн тухай ярианы бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /2хх-73-74/,  бусад бичгийн болон эд мөрийн баримт зэрэг болно.

 

Шүүгдэгч Б.Баярсайхан, шүүгдэгч Б.Шараваа нар гэмт хэрэг үйлдээгүй гэж мэтгэлзэж байгаа боловч шүүгдэгч Б.Баярсайхан нь согтуурсан үедээ 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 5 дугаар баазын 1 дүгээр гудамжны 4 тоотод өөрийн төрсөн ах хэвтэрийн өвчтэй, хөдөлмөрийн чадвар 80 хувийн алдалттай, асаргаанд байдаг 55 настай Баатарын Чинчулууныг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж гэрийн бүслүүрийн уяагаар хоолойг нь боож боолт амьсгал бүтэлтээр санаатай алсан гэмт хэргийг, шүүгдэгч Б.Шараваа нь дээрхи гэмт хэргийг урьдчилан амлалгүйгээр нуун далдалсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Эрдэнэчулууны “....аав Чинчулууны гэрт очиход эмээ Шараваа согтуу, Тунгалаг эгч нар байсан. Талийгаач аавын шарил байхгүй байсан...Аав Чинчулууныг хэвтэрт орсон байх үед эмээ Шараваа хардаг байхдаа намайг сардаа 2 удаа очих болгонд согтуу гэртээ танихгүй хүмүүс цуглуулсан эсвэл Баярсайхан ахтай согтуу байдаг байсан...” гэх /1хх-29-31,160/, гэрч Б.Тунгалагийн “...Би охин Номин-Эрдэнийн хамт Нарантуул захаас төрсөн ээж Шараваагийн гэрт 21 цагийн үед очиход...талийгаач ахын шарил хөнжлөөр бүтээлэгтэй байсан...Миний төрсөн охин Номин-Эрдэнэ цагдаагийн байгууллагад дуудлага өгч...цагдаагийн байгууллагаас үзлэг шалгалт хийж байгаад талийгаачийн хоолой хүзүү нь яасан юм гэж асуухад би хараагүй байсан болохоор мэдэхгүй байж байтал манай ээж мэдэхгүй гэж хэлж байсан...Ээж Шараваа бага зэргийн согтолттой, Баярсайхан их хэмжээний согтолттой байсан...” гэх /1хх-35/, гэрч Х.Мартын ”…Баатар овогтой Чинчулуун гэж хүн ухаангүй, зүрх судасны үйл ажиллагаа зогссон, амьсгал байхгүй, хүүхэн хараа өргөссөн нас барсан байсан...  Намайг дээрх хүний биед үзлэг хийхэд гарын хуруу хүйтэн болсон, шүдээ зуучихсан байсан болохоор хөшилт явагдаж эхэлсэн байсан болохоор намайг очихоос өмнө 1 цаг орчмын өмнө нас барсан гэж бодож байна...Хүзүү хоолой дээр байсан шарх гэмтлийг харсан, уг гэмтлийг ямар шалтгаанаас учирсан гэмтэл болохыг 80 настай ээжээс нь асуухад надад хариулаагүй чимээгүй байсан...” гэх /1хх-40,2хх-7/, гэрч Б.Мөнгөнцэцэгийн ”… би ээж Шараваа дээр очоод Тунгалаг Баярсайханаас болсон гээд юм яриад байхын, юу болоод байгаа юм гэж хадам ээж Шараваагаас асуухад “би хүүхдээ алаагүй, би биш” гэж хэлсэн. Би “та арай Баярсайханы өмнөөс хэрэг хүлээх гээд байгаа юм биш биз дээ” гэхэд “яахав яахав, би явъя, Баярсайхан үлдэг” гэж хэлж байсан...Баярсайхан алсан гэж хэлээгүй, би алаагүй, Баярсайхан үлдэг, би шоронд явъя гэж хэлсэн...Та нар мэдэхгүй байна, би алаагүй. Баярсайхан хүүхдүүдтэй, ач зээтэй, би өндөр настай шоронд нь явна гэж хэлсэнийг би амны уншлагаар нь мэдсэн. Мөн охин Солонго надад бичиж хэлж байсан...” гэх /2хх-8-9/, насанд хүрээгүй гэрч Б.Солонгын  ”…ээж эмээгийн гэрт ороход эмээ Шараваа...хүзүүгээрээ уяагаа хийчихсэн гартаа хутга билүү заазуур ч билүү барьчихсан хүн болгон намайг хүүхдээ алсан гэж байна, би алаагүй, би үхмээр байна гэж хэлж байсан...эмээ Шаравааг хараад сахиад байж байхад би болсон явдлын талаар үнэнийг хэлье гэж хэлж байснаа намайг хүн болгон хүүхдээ алсан гэж хэлж байна, би явсан дээр, би угаасаа дуусаж байна, үхэх дөхсөн хүн, Баярсайхан үр хүүхэд, ач зээтэй хүн, би бараг дууссан, хүн би явъя гэж хэлж байсан...” гэх /2хх-10-11/, шинжээч эмч Ц.Ганболдын ”…Талийгаачид шинжилгээ хийсэн шинжилгээний үед хүзүүний арьсанд боолтын ором, мөн гарын сарвуугаар шахаж дарсан буюу багалзуурдалтын шинж тэмдгүүд илэрсэн. Эдгээр нь механик амьсгал бүтэлт үүсгэж хоёулаа үхэлд богино хугацаанд хүргэдэг...Шинжилгээгээр зовхинд цус харвалтууд, хүзүүний булчингийн цус харвалт, ховч ясны хугарал, зүрх уушигны гадаргууд голомтод цус харвалт, хүзүүний арьсанд дахь боолтын ором, зулгаралт, цус хуралтууд үүссэн байсан. Дээрх гэмтэл нь үзүүлж буй уяагаар үүсгэгдсэн байх боломжтой. Хүзүүнд учирсан улаан хүрэн өнгийн 2 ширхэг зулгаралт нь гараар үүсгэгдэхгүй. Ховч яс хүзүү хоолойг шахах, дарах-багалзуурдах үед хугарна...” гэх /хх-164-165/, шүүгдэгч Б.Баярсайхан, Б.Шараваа нарын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлгүүд /2хх-109/, 2хх-21-22,61/, Шүүхийн шинжилгээний үндэсний төвийн №4136, 4193,1076, 5076, 5075, 5276, 5556 тоот актууд, шүүх сэтгэц  гэм судлалын 710,155 дугаар дүгнэлт, бусад бичгийн болон эд мөрийн баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Иймд Б.Баярсайханыг  бусдыг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж санаатай алсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.15-д зааснаар, Б.Шаравааг хүнийг санаатай алах гэмт хэргийг урьдчилан амлалгүйгээр нуун далдалсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 247 дугаар зүйлийн 247.1 дэх хэсэгт зааснаар  ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

Шүүх хуралдаан оролцсон шүүгдэгч Б.Шараваагийн өмгөөлөгч Ч.Баасанжав   зүйчлэлийг хүлээн зөвшөөрөхгүй, гэмт хэрэг үйлдснийг харсан гэх байдал нотлогдоогүй  Шараваагийн төрсөн хүү нь талийгаач болон шүүгдэгч Б.Баярсайхан болох нь тогтоогдсон, Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд зааснаар үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй гэсэн заалтыг зөрчсөн тул Б.Шараваад холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн онолын тайлбар гаргалаа.

 

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-т “өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх” эрхийн дагуу гэрч өөрийнх нь мэдүүлэг гэр бүлийн гишүүн, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг буюу тэдгээрийг гэмт хэрэгт холбогдолтой болохыг нотлоход чиглэгдсэн байвал байцаалт өгөхөөс татгалзах эрхтэй бөгөөд хэрэгт гэрчээр тогтоогдсон Б.Тунгалаг, Б.Мөнгөнцэцэг, Б.Солонго нар мэдүүлэг өгөхөөс татгалзаагүй нь хууль зөрчөөгүй бөгөөд шүүгдэгч Б.Шараваа, Б.Баярсайхан нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлд заасан эрх, үүргийг нь танилцуулсан, шүүгдэгч нарт Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-т заасан заалт хамааралгүй тул өмгөөлөгч Ч.Баасанжавын гаргасан онолын тайлбар нь үндэслэлгүй байна гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч  Д.Баярсайхан нь 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдрөөс 2016 оны 06 дугаар сарын 21-нийг хүртэл, 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс нийт 123 хоног цагдан хоригдсоныг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцов.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.3, 88.1.7-д зааснаар  энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн 66 см,  88 см, 270 см урттай нэг талдаа сэмэрсэн цэнхэр өнгийн уяа 3 ширхэгийг устгаж, шүүгдэгч Б.Шараваагийн амбулаториор эмчлүүлэгсдийн карт /40 хуудастай/, түүний гар сарвууны 3 ширхэг рентген зургийг Б.Шараваад буцаан олгох, талийгаач Б.Чинчулууны амбулаториор эмчлүүлэгсдийн карт /50 хуудастай/, нийслэлийн түргэн тусламжийн төвийн 103 дугаарын утсанд дуудлага өгсөн бичлэг бүхий 1 ширхэг сидийг уг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээхээр шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Б.Баярсайхан, Б.Шараваа нарт ял шийтгэл оногдуулахдаа согтуугаар гэмт хэрэг  үйлдснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.10-д зааснаар хүндрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Эрдэнэчулуун шүүгдэгч нараас нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэнийг дурдав.