| Шүүх | Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мөнхбаярын Нямбаяр |
| Хэргийн индекс | 2136001610225 |
| Дугаар | 01 |
| Огноо | 2022-01-08 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Ууганзаяа |
Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 01 сарын 08 өдөр
Дугаар 01
*******д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Туяа даргалж, шүүгч М.Нямбаяр, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор Э.Ууганзаяа
нарийн бичгийн дарга Б.Уянга нарыг оролцуулан,
******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ө.Бахытбек даргалж хийсэн 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 287 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурорын эсэргүүцлээр *******д холбогдох эрүүгийн ******* дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Нямбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол улсын иргэн, ******* ургийн овогт *******ын Энхсайхан 1988 оны 07 дугаар сарын 15-ны өдөр ******* аймгийн******* суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ******* аймгийн******* сумын ******* багийн******* дугаар гудамжны тоотод оршин суудаг, урьд ял шийтгэгдэж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаартай,
*******ын Энхсайхан нь согтуугаар ******* аймгийн******* сумын ******* багийн 08- тоотод байх гэртээ 2021 оны 09 дүгээр сарын 24-ниий орой 23 цагийн үед эхнэр тэй хардалтаас болж маргалдаж улмаар гараараа нүүрэн тус газарт цохиж, биед нь зүүн чихний хэнгэргэн хальс урагдаж цоорсон бүхий хөнгөн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогджээ.
******* аймгийн Прокурорын газраас: *******ы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-т заасан нөхцөл байдал тогтоогдсон эсэхийг хянах явцад хохирогч нь шүүгдэгч *******ы эхнэр нь буюу шүүгдэгч хохирогч нар нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох нь тогтоогдсон тул прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар хэргийг зүйлчилж ирүүлсэн нь үндэслэлгүй, хэргийн бодит байдалд нийцээгүй байна. Иймд шүүхийн хэлэлцүүлэгээр хэлэлцэгдсэн хэрэгт цугларсан баримтуудыг тал бүрээс нь хянаж харьцуулан дүгнэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэг, энэ хуулийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлын аль нэг нь хангагдаагүй гэж үзэж хэргийг шүүгчийн захирамжаар прокурорт буцааж шийдвэрлэжээ.
Прокурор эсэргүүцэл болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-т заасан нөхцөл байдал тогтоогдсон эсэхийг хянах явцад хохирогч нь шүүгдэгч *******ы эхнэр нь буюу шүүгдэгч хохирогч нар нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох нь тогтоогдсон. Тодруулбал хэрэгт цугларсан нотлох баримтад дүгнэлт хийхэд шүүгдэгч нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санааатай учруулсан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдож байхад прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар хэргийг зүйлчилж ирүүлсэн нь үндэслэлгүй, хэргийн бодит байдалд нийцээгүй байна.
2. Хэрэгт цугларсан нолох баримтуудыг тал бүрээс нь харьцуулан дүгнэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт... эсхүл энэ зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлын аль нэг нь хангагдаагүй гэж үзэн хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, хуулийн шаардлагад нийцээгүй гэж үзэж байна.
3. Яллагдагч ******* хохирогч нарын хооронд үүссэн маргаан нь гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлаас илүүтэй эхнэр нөхрийн хоорондын таарамжгүй харьцаанаас улбаатай ахуйн суурьтай гарсан тул яллагдагч *******ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж үзэх, бусдын эрүүл мэндэд хохирол учруулах гэмт хэргийг энэ шинжээр үйлдсэн гэж хүндрүүлэн үзэх хууль зүйн үндэслэлгүй, хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэжээ.
4.Шүүгчийн захирамж нь хэт нэг талыг барьсан, гэр бүлийн яллагдагчийн эрх зүйн байдлыг дордуулсан, хэргийн үйл баримтын хүрээнд оновчтой дүгнэлт хийгээгүй, субьектив санааг тодорхойлоогүй байх ба захирамж нь хууль хэрэглээний ноцтой алдаа гаргаж байна гэж үзэж байна. Яллагдагч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож байгаа талаар танилцуулсан байдаг. Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлж өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 2021/ШЗ/287 дугаартай “хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлийг үндэслэн хэргийг давж заалдах шатны шүүхээр хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
1. Анхан шатны шүүх “хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх явцад хохирогч нь шүүгдэгч *******ы эхнэр нь буюу шүүгдэгч хохирогч нар нь гэр бүрийн хамаарал бүхий харилцаатай хүн болох нь тогтоогдсон тул прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар хэргийг зүйлчилж ирүүлсэн нь үндэслэлгүй, хэргийн бодит байдалд нийцээгүй байна” гэх дүгнэлт хийж, хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.
Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч ******* нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох өөрийн эхнэр, хохирогч тэй хардалтын улмаас маргалдаж, түүний нүүрэн тус газарт цохиж, биед нь зүүн чихний хэнгэргэн хальс урагдаж цоорсон бүхий хөнгөн гэмтэл учруулсан болох нь тогтоогдсон байна.
Хэдийгээр шүүгдэгч *******д холбогдох хэргийг прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн боловч “шүүх хэргийн зүйлчлэлийг зөвтгүүлэхээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь хууль ёсны зарчимд нийцсэн байна” гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.
2. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх хэсэгт "гэр бүлийн хүчирхийлэл" гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно гэж, мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт “энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан, эсхүл учруулж болзошгүй аливаа үйлдэл, эс үйлдэхүйг бие махбодын хүчирхийлэл гэнэ” гэж тус тус хуульчилсан байна.
Шүүгдэгч *******ы өөрийн эхнэртэйгээ маргалдаж, түүнийг цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нэг удаагийн үйлдлийг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд заасан "гэр бүлийн хүчирхийлэл" мөн эсэхийг тогтоохын тулд хүчирхийлэл үйлдсэн этгээд болон хохирогч аль аль нь мөн хуулийн 3 дугаар зүйлд заасан уг хуулийн үйлчлэлд хамаарах этгээд мөн байх шаардлагатай талаар хуульд тодорхой заасан байна.
Өөрөөр хэлбэл хууль тогтоогч “гэр бүлийн хүчирхийлэл” гэх ойлголтыг хуульчлахдаа уг харилцаанд оролцогч субъектүүдийн бие, биетэйгээ хамаарал бүхий онцлог байдлыг харгалзан тодорхойлсон байна.
Иймд уг харилцаанд оролцогч субъектын гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн субъектив санаа, зорилго, шалтгаан нөхцөл, хүчирхийллийг хэд хэдэн удаа, эсхүл байнгын шинжтэй үйлдсэн гэх объектив шинжүүд нь “гэр бүлийн хүчирхийлэл” мөн эсэхийг тодорхойлоход ач холбогдолгүй гэж үзнэ.
3. Давж заалдах шатны шүүх “дээр дурдсан үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн .1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэсэн хүндрүүлэх шинж нь байнгын шинжтэй үйлдсэн байхыг шаардахгүй” гэж дүгнэсэн тул прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. ******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 2021/ШЗ/287 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Хэрэг анхан шатны шүүхэд очтол яллагдагч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.
3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.
4 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн энэ шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор “анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” гэсэн үндэслэлээр оролцогчид Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ТУЯА
ШҮҮГЧ Д.КӨБЕШ
ШҮҮГЧ М.НЯМБАЯР