Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 128/ШШ2023/0666

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Дуламсүрэн даргалж, шүүх бүрэлдэхүүнд шүүгч С.Ганбат, шүүгч Д.Халиуна нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Лидер финанс ТМЗ ХХК /РД:5319129/

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтэс

 

Гуравдагч этгээд: Д.Баясгалан нарын хооронд үүссэн Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, 7 дугаар хороолол, Их тойруу гудамж 54 дүгээр барилгын 1 давхар 1026 тоот хаягт байршилтай 25м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай улсын бүртгэлийн Ү-2203043836 дугаарт гэрчилгээг хүчингүй болгуулах маргааныг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Бадамханд, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Бүрнээ, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Одонгэрэл, гуравдагч этгээд Д.Баясгалангийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Тэмүүжин, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Л.Энхбаясгалан, иргэдийн төлөөлөгч Б.Батбилэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Номинзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч нь Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, 7 дугаар хороолол, Их тойруу гудамж 54 дүгээр барилгын 1 давхрын 1026 тоот хаягт байршилтай 25 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай улсын бүртгэлийн Ү-2203043836 дугаар гэрчилгээг хүчингүй болуулах-аар маргаж байна.

 

2. Лидер Финнанс ТМЗ ХХК-иас Улсын бүртгэлийн ерөнхий газарт ...Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, 7 дугаар хороолол их тойруу гудамж 54 дугаартай барилгын 1 давхар 1026 тоот хаягт байршилтай 25 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай улсын бүртгэлийн Ү-2203043836 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийг хүчингүй болгож өгнө үү гэх гомдлыг гаргасан.

 

3.Улсын бүртгэлийн ерөнхий газраас 2022 оны 06 дугаар сарын 09-ны өдрийн 7/5101 тоот албан бичгээр ...Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдээллийн санд Сүхбаатар дүүрэг, 9 дүгээр хороо, 7 дугаар хороолол, Их тойруу гудамж, 54 дүгээр барилгын 1 дүгээр давхар, 1026 тоот хаягаар шалгахад эрхийн улсын бүртгэлд бүртгэгдээгүй байна. гэж, 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 3/6031 тоот албан бичгээр Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдээллийн санд эрхийн улсын бүртгэлийн Y-2203043836 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 9 дүгээр хороо, 7 дугаар хороолол, Их тойруу гудамж, 54 дүгээр барилгын 1 дүгээр давхар, 1026 тоот хаягт байршилтай үйлчилгээний зориулалттай, Д.Баясгалангийн өмчлөлд бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Баянгол дүүргийн 143 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгчийн 102/Ш32022/06375 дугаар хөрөнгийн эрх түдгэлзүүлэх тухай тогтоолыг үндэслэн тусгай тэмдэглэл бүртгэгдсэн байна. Дээрх үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой маргаан шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэний дараа бүртгэлийн байгууллагад хандах эрхтэй гэх хариуг тус тус хүргүүлсэн.

 

4.Нэхэмжлэгч Лидер Финанс ТМЗ ХХК-иас Сүхбаатар дүүрэг дэх улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, 7 дугаар хороолол их тойруу гудамж 54 дугаартай барилгын 1 давхар 1026 тоот хаягт байршилтай 25 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай улсын бүртгэлийн Ү-2203043836 дугаар эрхийн улсын бүртгэл, гэрчилгээг хүчингүй болгох шаардлага бүхий нэхэмжлэлийг 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдөр гаргаж нэхэмжлэлийн үндэслэлдээ:

 

Нэхэмжлэгч "Лидер финанс ТМЗ" ХХК нь Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, 7 дугаар хороолол, их тойруу гудамж, 54 дүгээр барилгын 12 давхар 1203 тоот хаягт байршилтай, 80 м.кв талбайтай, оффис үйлчилгээний зориулалттай, улсын бүртгэлийн Y-2203032637 дугаарын гэрчилгээтэй үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч юм. Гэтэл өөрийн ажлын байр луу орж гарахдаа байнга дайран өнгөрдөг 1-р давхрын үүдний хэсгийг иргэн Д.Баясгалан нь өөрийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулан авсан талаар тус барилгын өмчлөгч болон түрээслэгч нарын эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар үйлчилгээ, үйлчилгээний таатай нөхцөлийг дэмжих зорилгоор байгуулагдсан "Компьютер худалдааны төвийн барилга өмчлөгчдийн холбоо" ГҮТББ-ын ажилтан, албан хаагчдаас 2022 оны 05 сарын 16-ны өдөр мэдсэн болно.

 

Иргэн Д.Баясгалан нь Ү-2203043836 дугаар бүхий үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг авахдаа бусадтай үгсэн хуйвалдан холбогдох баримт бичгийг хуурамчаар үйлдэн гаргуулсан гэх үндэслэл бүхий эргэлзээ байгаа болно. Учир нь 54 дүгээр барилгын 1-р давхарт 1026 гэсэн дугаартай ямар ч өрөө байхгүй, мөн анхнаасаа нийтийн эзэмшлийн талбай байсан болно. Өөрөөр хэлбэл улсын бүртгэлийн эрх бүхий албан хаагчид барилгын эскиз зураг, ажлын зураг, 54 дүгээр байрны захиалгаар барьсан орон сууцны жагсаалт, мөн бодит байдлыг шалгаж үзэлгүйгээр улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгосон гэж үзэж байна.

 

Өмнө нь "Лидер Финанс ТМЗ" ХХК компанийн зүгээс УБЕГ-т 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Д.Баясгалангийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, 7 дугаар хороолол, их тойруу гудамж, 54 дүгээр барилгын 1 давхарт, 1026 тоот хаягт байршилтай, улсын бүртгэлийн Y-2203043836 дугаартай үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой асуудлаар Улсын бүртгэлийн ерөнхий газарт гомдол гаргахдаа Д.Баясгалангийн өмчлөлийн улсын бүртгэлийн Y-2203043836 гэх улсын бүртгэлийн дугаарыг Ү-2203013836 гэж андуурч бичиж техникийн шинжтэй алдаа гаргасан.

 

Улмаар Улсын бүртгэлийн ерөнхий газраас 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдөр 7/5101 тоот "Эд хөрөнгийн улсын бүртгэлийн мэдээллийн санд Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, 7-р хороолол, Их тойруу гудамж, 54 дүгээр барилгын 1 дүгээр давхар, 1026 тоот хаягаар шалгахад эрхийн улсын бүртгэлд бүртгэгдээгүй байна. Таны гомдолд дурдсан эрхийн улсын бүртгэлийн Ү-2203013836 дугаарт Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороонд байрлах орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө бүртгэлтэй байх тул танай хүсэлтэд дурдсан шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй болохыг үүгээр мэдэгдье" гэх хариуг 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдөр авсан болно. Улсын бүртгэлийн ерөнхий газраас өгсөн 7/5101 тоот хариунаас харахад Д.Баясгалангийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2203043836 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн улсын бүртгэл, түүнд үндэслэж олгосон гэрчилгээ нь хууль, тогтоомжийн дагуу гарсан эсэх асуудлаар ямар ч ажиллагаа хийгдээгүй болох нь тогтоогддог. Тиймээс өмнө нь гаргасан техникийн шинжтэй алдаагаа засаж залруулан 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдөр тус асуудлаар Улсын бүртгэлийн ерөнхий газарт дахин гомдол гаргасан.

 

Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 3/6031 тоот "Таны гомдолд дурдсан шаардлагыг хангах боломжгүй" гэх утгатай хариуг гардаж авсан тул нэхэмжлэгч талын зүгээс зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн холбогдох хэгсийг үндэслэн шүүхэд хандан нэхэмжлэл гаргаж байгаа болно гэжээ.

 

5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдааны явцад гаргасан нэмэлт тайлбартаа ...Нэхэмжлэгч Лидер Финанс ТМЗ ХХК нь нэхэмжлэл гаргаж байгаа боловч тухайн төвд үйл ажиллагаа явуулж байгаа 108 өмчлөгч, түрээслэгч, үйлчлүүлэгч нарын хувьд зорчих хэсэг, үүдний хэсэг хязгаарлагдана. Тухайн үүдний хэсэгт үйлчилгээний талбай байх ёстой гэх байдлаар гэрчилгээ олгосноор нэхэмжлэгчийн эрх ашиг зөрчигдөж байна. Огт байхгүй гэдгийг оффис үйлчилгээний барилга буюу 54 дүгээр байрыг барих зураг төслийг Эдшил ХХК хийж гүйцэтгэсэн. Эдшил ХХК-ийн зураг төсөл дээр нэгдүгээр давхарт 1026 тоот гэж байхгүй. Харин тухайн хүмүүс 1026 тоот байх ёстой гэсэн баримтууд бүрдүүлж Үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ гаргуулж авсан байгаа. Тухайн гэрчилгээг гаргуулахдаа анх хийгдсэн эскиз зурагт өөрчлөлт оруулж, өөрчлөлт оруулсан зургаа өгсөн.

 

Мөн тухайн хөрөнгийн өмчлөгч биш, Гурван талт гэрээний нэг тал болох Мэдээлэл технологи, хөгжүүлэлтийн холбоо ТББ нь бусад этгээд буюу захиалагч нартай тухайн барилгын Б1-ээс 7 давхар хүртэлх талбайнуудад гэрээ байгуулж, захиалагч татах үүрэгтэй оролцсон. Тухайн холбоо нь захиалагч нарын хөрөнгөөр дуусаагүй барилга буюу 70 хувийн гүйцэтгэлтэй барилгын гэрчилгээг гаргуулан авч өмчлөгч болсон бөгөөд Д.Баясгалантай эвлэрлийн гэрээ байгуулж, хуурамч баримт бүрдүүлж гэрчилгээ гаргуулсан.

 

Энэ хэрэг дээр яагаад Сүхбаатар дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсийг хариуцагчаар татаж байгаа вэ гэвэл Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4.13 дугаар зүйлд шаардлагатай гэж үзвэл үл хөдлөх эд хөрөнгө байгаа газар биечлэн очиж, түүний хэмжээ, байршилтай танилцах гэж заасан. Өөрөөр хэлбэл тухайн талбайн хэмжээ зөв эсэх, тухайн талбай байдаг эсэх тал дээр шалгалт, үзлэг хийсний дараа гэрчилгээ олгоно. Гэтэл энэ үүргээ биелүүлэхгүйгээр хүсэлт гаргасан этгээдийн баримтад үндэслэж гэрчилгээг огт байхгүй талбай дээр гэрчилгээ олгосон. Огт байхгүй талбай дээр гэрчилгээ олгосон учраас үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг хүчингүй болгож өгнө үү?

 

Тухайн 54 дүгээр барилга нь хоёр хэсэгтэй. Худалдаа, үйлчилгээний хэсэг нь нөгөө хаалгаар ордог том хэсэг байгаа. Оффисын хэсэг нь мөн тусдаа хаалгаар ордог. Маргаж байгаа 1026 тоот нь оффисын нэгдүгээр давхарт байх ёстой гэдгээрээ гэрчилгээ гаргаж авсан. Үйлчилгээний хэсэгт ч 1026 тоот байдаггүй. 1025 тоотоор дуусдаг. Тухайн барилгын зорчигч нарт зориулсан цахилгаан шат гурван ширхэг, 1-ээс 13-н давхар хүртэлх явган хүний шат, цахилгааны щит, харуул хамгаалалтын өрөө, ресейпшиний угтах хэсгийн зориулалттай болох нь анхны зураг төсөл дээрээс харагдана. Гэтэл барилгыг барьсан гурван талт гэрээний нэг тал болох Угалз холдинг ХХК-ийн реклам, зар, сурталчилгаа явуулсан 108 сая төгрөгийн оронд буюу арилжааны гэрээний үндсэн дээр Зар мэдээ сонинтой Б1 давхарт 25 м.кв, 1 давхарт 25 м.кв, 4 давхарт 43 м.кв талбайг өгнө гэж гэрээ байгуулсан. Үүн дээр ямар нэгэн тоот заагаагүй бөгөөд 4 давхарт байрлах 43 м.кв талбайг өгөөгүй. Б1 давхарт 25 м.кв, 1 давхарт оффисын эскиз зургийг өөрчилж 1026 тоот 25 м.кв хоосон талбайг хүлээлгэж өгсөн. Тухайн талбайн дээр нь 2018 он хүртэл хэн нэгний өмчлөлийн гэрчилгээ гараагүй байсан. Гэтэл 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдөр Онцгой байдлын ерөнхий газраас ашиглалтад орсон барилгад оруулах шалгалтын хийх хуваарийн дагуу шалгалт орсон. Анхны эскиз зургийг өөрчилж, энэ талбайд үйлчилгээний албай байрлах боломжгүй. Тухайн талбай чөлөөтэй байх ёстой талбай. Уг барилгад болзошгүй аюул тулгарахад 50 хүний багтаамжтай талбай чөлөөтэй байх ёстой. Үйлчилгээний талбай байх асуудал байж болохгүй гээд 6.000.000 /зургаан сая/ төгрөгөөр торгож шаардлага хүргүүлсэн байгаа. Үүний дагуу хуучин эскиз зургийн дагуу үйлчилгээний талбай байх ёсгүй. Дээр дурдсан зориулалтын дагуу байх ёстой гэсний дагуу зориулалтын дагуу байлгасан юм. Огт 1026 тоот гэж байхгүй. Оффисын үүдний хэсэгт үйлчилгээний талбай байх ёсгүй байхад тухайн нөхцөл байдлыг шалгаж үзэлгүйгээр гэрчилгээ олгосон. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлд заасны дагуу шалгаж үзэх ёстой байсан ч шалгалт хийлгүйгээр олгосон нь хууль зөрчсөн. Эдгээр баримтуудыг Улсын бүртгэлийн газарт гаргаж өгөхдөө огт хамааралгүй Угалз холдинг ХХК-тай арилжааны гэрээ. Монголын мэдээлэл технологийн хөгжүүлэлтийн холбоо ТББ нь тухайн барилгын өмчлөгч биш гэв.

 

6.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Одонгэрэл шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

 

Улсын бүртгэлийн ерөнхий газрын харьяа Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд 54 дүгээр байр анх бүртгэхдээ 70 хувийн гүйцэтгэлтэй барилга бүртгэгдэж байсан. Энэ нь тухайн үед үйлчилж байсан 2003 оны Эд хөрөнгийн эрх болон бусад эрхийн бүртгэлийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2 дахь хэсэгт Баригдаж дуусаагүй барилга байгууламж өмчлөх эрхийг газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ, иргэний өмчийн газар дээр баригдаж байгаа бол газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тухайн газрыг өмчлөгч иргэний зөвшөөрлийг үндэслэн эрхийн улсын бүртгэлд бүртгэж болно гэж заасны үндэслэсэн. Мөн хуулийн 16.1 болон Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 38 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журмын 4.3 дугаар зүйлд заасны дагуу дутуу гүйцэтгэлтэй буюу 70 хувийн гүйцэтгэлтэй барилгыг бүртгэсэн.

 

Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, 7 дугаар хороолол, Их тойруу гудамж 54 дүгээр барилгын зоорины давхар, 1, 2, 4, 7 дугаар давхруудыг тус тус оффис үйлчилгээний зориулалтаар 4419 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийг 2015 оны 3 дугаар сарын 23-ны өдөр бүхэлд нь Монголын мэдээлэл технологийн хөгжүүлэлтийн холбоо ТББ холбогдох хуульд заасны дагуу бүртгэж гэрчилгээг олгосон. Тухайн үед мөрдөгдөж байсан Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журмын 4 дүгээр зүйлийн 4.9 дүгээр хэсэгт Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд дуусаагүй барилгаар бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг 2 ба түүнээс дээш этгээд хөрөнгө оруулан барьж дуусган ашиглалтад оруулсан бол хөрөнгө оруулагч, захиалагч нарын хүсэлтээр уг үл хөдлөх эд хөрөнгийг дундаа хамтран өмчлөх эрхтэй өмчлөгчдийн хамтын өмчлөлд, эсвэл хэсгээр өмчлөгч нарын тус тусын өмчлөлд бүртгэнэ. Ийнхүү салгаж бүртгэхдээ хөрөнгө оруулагч, захиалагч нарын талаар урьдчилан ирүүлсэн жагсаалтын дагуу тулган хянах бөгөөд анхны өмчлөгчийн хувийн хэрэгт нэмэлт, өөрчлөлт хийж, гэрчилгээг хүчингүй болгоно. Энэ тохиолдолд улсын бүртгэгч энэхүү журмын 8.12, 8.13-т заасан үндэслэл байгаа эсэхийг шалгана гэж заасан.

 

Бүхэлд нь бүртгэгдсэн дутуу барилгаа барьж дуусгаад өмчлөгч захиалагч нарын өмчлөлд салгаж бүртгэхийн тулд барилга байгууламжийг барьсан компани жагсаалтаа бүртгэлийн байгууллагад ирүүлдэг. Ирүүлсэн жагсаалтын дагуу тухайн жагсаалтад тусгагдсан тоот бүрээр нь бүртгэлийн байгууллага хуульд заасан нотлох баримтад үндэслэж бүртгэхдээ тухайн журмын 8.12, 8.13-т заасан үндэслэл байгаа эсэхийг шалгана.

 

Сүхбаатар дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, 7 дугаар хороолол, Их тойруу гудамж 54 дүгээр барилгын зоорины давхар, 1, 2, 4, 7 дугаар давхруудад байршилтай оффис үйлчилгээний зориулалттай 70 хувийн гүйцэтгэлтэй 4419 м.кв үйл хөдлөх хөрөнгийн өмчлөгч Монголын мэдээлэл технологийн хөгжүүлэлтийн холбоо ТББ-ын зөвшөөрөл болон барилгыг барьж ашиглалтад оруулсан Угалз холдинг ХХК-ийн албан бичиг, захиалагч иргэдийн Сүхбаатар дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтэст гаргасан өргөдөл, албан бичиг бусад нотлох баримтуудад үндэслэж улсын бүртгэгч нь иргэн, хуулийн этгээдүүдэд салгаж бүртгэсэн байдаг. Ингэж бүртгэхдээ Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5 дахь хэсэгт ...нотлох баримтад үндэслэж, хуульд заасан журмын дагуу хөтлөх гэсэн зарчмыг баримталсан.

 

Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.9 дэх хэсэгт Мэдүүлэг гаргагч нь мэдүүлэг, түүнд хавсаргах баримт бичгийг үнэн зөв гаргах үүрэгтэй бөгөөд энэ үүргээ зөрчсөнөөс бусдад учирсан хохирлыг нөхөн төлнө гэж заасан.

 

Мэдүүлэг гаргахдаа тухайн мэдүүлэгтээ хавсаргаж өгсөн баримтын үнэн зөв эсэх асуудлыг өөрөө зохицуулахаар заасан байдаг. Улсын бүртгэгч үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан мэдүүлгийг хүлээж авч Эд хөрөнгийн улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлд заасан мэдүүлгийг хүлээж авахаас татгалзах, 29 дүгээр зүйлд заасан эрхийн улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах нөхцөл байхгүй тохиолдолд эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгэдэг. Эд хөрөнгийн улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэгт хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 8.1-д зааснаас бусад үндэслэлээр мэдүүлгийг хүлээн авахаас татгалзахыг хориглоно гэж заасан.

 

Улсын бүртгэлийн тухай хулийн 19 дүгээр зүйлийн 19.4.3 дугаар зүйлд энэ хуулийн 19.4.2-т заасан нотлох баримт нь зөрчилтэй, бүрэн бус, холбогдох хуулийн заалтыг зөрчсөн бол улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах талаар хуульчилсан. Хуульд заасан татгалзах үндэслэл байгаагүй тул бүртгэл хийсэн. Монгол улсын Засгийн газрын 2018 оны 397 дугаар тогтоолоор батлагдсан Эд хөрөнгийн улсын бүртгэл хөтлөх журам-ын 5 дугаар зүйлийн 5.7 дахь хэсэгт захиалгаар барьж дууссан барилгын дундаа хэсгээр өмчлөгч бүрд ногдох хэсгийн өмчлөх эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгэхэд мэдүүлэг гаргагчийн ирүүлсэн нотлох баримтыг захиалагчийн нэрс, тэдгээрийн оруулсан хөрөнгийн болон ногдох талбайн хэмжээ, байршлын хаяг, хэлцлийн мэдээллийг тусгасан захиалагчдын нэрсийн жагсаалт, барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлттэй тулгаж нягтална гэж заасан. Үүний дагуу маргаан бүхий 1026 тоот үл хөдлөх эд хөрөнгийг бүртгэхдээ тухайн барилгыг барьж байхад 70 хувийн гүйцэтгэлтэй байхад Мэдээлэл технологи техник хөгжүүлэлтийн холбоо ТББ-ийн бүртгэлд 4419 м.кв бүхэлдээ бүртгэгдсэн бөгөөд захиран зарцуулах эрх нь Мэдээлэл технологи техник хөгжүүлэлтийн холбоо ТББ-д олгогдсон.

 

Үл хөдлөх эд хөрөнгийн жагсаалтад 1026 тоот буюу тухайн 25 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгө байгаагаар ирүүлсэн. Мөн ажлын байр захиалан бариулах гэрээ хийгдсэн байсан. Тус гэрээ нь 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Угалз холдинг ХХК болон иргэн Д.Баясгалан нарын хооронд байгуулагдсан байдаг. Угалз холдинг ХХК нь үл хөдлөх эд хөрөнгийг барихад иргэн н.Сарантуяагийн газар дээр Угалз холдинг ХХК болон Мэдээлэл технологи техник хөгжүүлэлтийн холбоо ТББ нарын гурван талт гэрээнд үндэслэж баригдсан байр байгаа. Жагсаалтыг бүртгэлийн байгууллагад ирүүлэхдээ 1026 тоотын өмчлөгч нь Угалз холдинг ХХК гэж ирүүлсэн. Өмчлөх эрхтэй Угалз холдинг ХХК нь иргэн Д.Баясгалантай захиалгаар ажлын байр барих гэрээ-г 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр байгуулсан байдаг. Тухайн үед барилгыг улсын комисс хүлээж аваагүй бөгөөд барилгын ажил бүрэн дуусаагүй байсан. Барилга дуусаж улсын комисс хүлээж авсны дараа бүртгэлийн байгууллагад салгаж бүртгэхээр хандсан. Тухайн үед өмчлөгчөөр бүртгэгдсэн Угалз холдинг ХХК нь иргэн Д.Баясгалантай захиалгаар ажлын байр барих гэрээ болон салгаж бүртгүүлэх жагсаалт, план зураг зэргийг хүргүүлсэн. Бүртгэлийг хийхдээ гаргаж өгсөн нотлох баримтуудын хүрээнд үнэлж үзээд тус үл хөдлөх хөрөнгийг бүртгэхэд татгалзах үндэслэлгүй гэж үзсэн тул бүртгэсэн байгаа. Бүртгэлийг хүчингүй болгох боломжгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

7.Гуравдагч этгээд Д.Баясгалан шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа:

 

Д.Баясгалан нь "Угалз холдинг"ХХК-тай 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн Захиалгаар ажлын байр барих, бариулах тухай гэрээний 2.1-т заасан төлбөрийг төлж, 1 давхрын үйлчилгээний зориулалт бүхий 25 м2 талбайг захиалж, 2017 онд байрыг хүлээн авч, өөрийн тусгаарлах хана дотоод засварыг хийж байх үед "Компьютер төвийн барилга өмчлөгчдийн холбоо" ГҮТББ нь үүдний нийтийн эзэмшлийн талбай болох цахилгаан шатны хэсгийг засварлаж байгаа нэрийн дор дур мэдэн буулгаж, харуул хамгаалагчдыг суулгаж, ийнхүү талбайг өгөхгүй байгаа тул Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд иргэний хэрэг үүссэн байгаа юм. Уг иргэний хэргийг энэ захиргааны хэргийг шийдвэрлэгдэх хүртэл хугацаагаар 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн захирамжаар хариуцагч тал буюу "Компьютер төвийн барилга өмчлөгчдийн холбоо"ГҮТББ нь танай шүүхэд захиргааны хэрэг үүсгэсэн захирамжийг хуулбарлан өгч, хэргийг ийнхүү түдгэлзүүлж, өмчлөгчийн өмчлөх эрхэд халдсаар байна.

 

Гэтэл захиргааны хэргийн шүүхэд "Лидер Финанс ТМЗ" ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 128/ШЗ2022/2183 тоот шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгосон. Тус захирамжийн гол үндэслэл нь тухайн хэргийн нэхэмжлэгч болох "Компьютер худалдааны төвийн барилга өмчлөгчдийн холбоо ГҮТББ-ын өмчлөх эрхийн бүртгэлийг хүчингүй болгуулахаар маргаж буй энэ "эрхийн улсын бүртгэлийн Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, 7 дугаар хороолол Их тойруу гудамж 54 дүгээр барилгын 1 Давхар 1026 тоот хаягт байршилтай 25 м2 үйлчилгээний зориулалттай улсын бүртгэлийн Ү-2203043836 дугаар бүхий өмчлөх эрхийн бүртгэлийг хүчингүй болгуулах" асуудлаар түүнийг нэхэмжлэл гаргаж маргах эрхтэй этгээд гэж үзэхээргүй байна. Тодруулбал, Компьютер худалдааны төвийн барилга өмчлөгчдийн холбоо ГҮТББ-ын дүрмээр барилгын өмчлөлийн асуудлаар маргах эрх түүнд олгоогүй, нөгөөтээгүүр уг барилгын нэгдүгээр Давхар нь 2017 онд Монголын мэдээлэл технологийн хөгжүүлэлтийн холбоо ТББ-ын өмчлөлд бүхэлдээ бүртгэгдсэн, уг өмчлөгчийн хүсэлтээр 1 дүгээр давхрын 1026 тоот 25 м2 талбай нь эрхийн улсын бүртгэлийн Ү-2203043836 дугаарт салж бүртгэгдсэн байна" гэжээ. Улмаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 280 тоот тогтоолоор анхан шатны шүүхийн захирамжийг хэвээр үлдээсэн.

 

Дээрх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн захирамжаар тухайн 25м.кв талбайн Улсын бүртгэл нь хууль зөрчөөгүй, өмчлөгч нь хууль ёсны болохыг тогтоосон байхад ЗХШХШТ хуулийн 34.4 болон ИХШХШТ хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй. Тодруулбал, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 280 тоот тогтоолоор эцэслэн шийдвэрлэсэн байхад дээрх үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлтэй холбоотой, яг адилхан нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хүлээн авч, дахин шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй юм.

 

Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, 7 дугаар хороолол Их тойруу гудамж 54 дүгээр барилгад иргэд, аж ахуй нэгж олноор үйл ажиллагаа явуулдаг бөгөөд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болох Д.Баясгалангийн өмчлөлийн талбайд харуул хамгаалалтын хэсэг байршуулан үнэ төлбөргүй ашиглах зорилгоор "Компьютер төвийн барилга өмчлөгчдийн холбоо" ГҮТББ-ын захиалгаар ийнхүү удаа дараа шүүхэд хандаж байгааг шүүх анхаарч үзнэ үү. Мөн түүнчлэн Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг өнөөдрийг хүртэл нэг жил гаруй хугацаанд хойшлуулж, талбайг чөлөөлж өгөхгүй байгаа төдийгүй "Лидер Финанс ТМ3" ХХК буюу банк бус санхүүгийн тухайн барилгын 12 давхарт оршин суугч нь ямар гэрээ холбогдох баримтыг үндэслэн ийнхүү нэхэмжлэл гаргах эрх үүссэн нь тодорхой нотлох баримтгүй байна. Гэтэл дээрх шүүгчийн захирамжид 2017 онд Монголын мэдээлэл технологийн хөгжүүлэлтийн холбоо ТББ-ын өмчлөлд бүхэлдээ бүртгэгдсэн үүнээс хойш Д.Баясгалангийн өмчлөлд байгаа гэж дүгнэсэн.

 

Иймд энэхүү нэхэмжлэлийг ЗХШХШТ хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6-д Нэхэмжлэлд заасан үйл баримт, захиргааны үйл ажиллагааны талаар, эсхүл уг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр болон шүүгчийн захирамж, шүүхийн тогтоол байгаа, мөн хуулийн 109,2-т энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл хэргийг хянан шийдвэрлэх явцад, эсхүл шүүх хуралдааны үед тогтоогдвол шүүгч, шүүх бүрэлдэхүүн хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана гэж зааснаар нэн даруй хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү? гэжээ.

 

8. Гуравдагч этгээд Д.Баясгалангийн өмгөөлөгч шүүх хуралдааны явцад гаргасан нэмэлт тайлбартаа Нэхэмжлэлийн гол үндэслэл нь 1025 тоот 25 м.кв талбай байхгүй гэж маргаж байгаа. Гэтэл Улсын комисс хүлээж аваад тухайн барилгыг нийтэд нь буюу 13 давхар хүртэл өмчлөх эрхийн гэрчилгээ гаргаж өгөхдөө Улсын бүртгэлийн ерөнхий газарт хаягийн тодорхойлолтыг Хот төлөвлөлтийн газраас өгдөг. Уг тодорхойлолтод нэгдүгээр давхрыг Мэдээлэл технологи техник хөгжүүлэлтийн холбоо ТББ авсан бөгөөд өмчлөх эрхтэй, өмчлөгч нь болсон. Ийм учраас өмчлөгч өөрийнхөө эд хөрөнгийг захиран зарцуулах эрхийнхээ хүрээнд 4419 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгөөсөө нэгдүгээр давхарт 25 м.кв талбайг иргэн Д.Баясгаланд шилжүүлж өгсөн. Худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр шилжүүлж байгаа нь анхны өмчлөгч Мэдээлэл технологи техник хөгжүүлэлтийн холбоо ТББ-ны Ү-2203030307 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн дугаар өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр байгаа. Гэтэл энэ дугаар өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр байхад 25 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн дугаарыг хүчингүй болгуулъя гэж шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх энэ хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч хариуцагч гуравдагч этгээд, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд дараахь хууль зүйн үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл:

 

- Нэхэмжлэгч Лидерфинанс ТМЗ ХХК нь Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, 7 дугаар хороолол, Их тойруу гудамж 54 дүгээр байрны 12 давхрын 1203 тоот хаягт байршилтай 80 м2 талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр 2017 оны 7 дугаар сарын 04-ний өдөр бүртгэгдэн гэрчилгээ авч, тус тоотод үйл ажиллагаагаа явуулдаг,

 

-Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, 7 дугаар хороолол, Их тойруу гудамж 54 дүгээр барилгын зоорийн болон 1, 2, 4, 7 давхар тоот хаягт байршилтай 4419 м.кв талбай бүхий оффис үйлчилгээний зориулалттай 70 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй үл хөдлөх хөрөнгийг бүртгүүлэхээр гаргасан Монголын мэдээлэл технологи техник хөгжүүлэлтийн холбоо ТББ-ын мэдүүлэг, холбогдох нотлох баримтуудыг үндэслэн 2015 оны 3 дугаар сарын 23-ны өдөр эрхийн улсын бүртгэлийн Ү-2203030907 дугаарт Монголын мэдээлэл технологи техник хөгжүүлэлтийн холбоо ТББ-ын нэр дээр 54 дүгээр барилгын зоорийн болон 1, 2, 4, 7 давхар тоот хаягт байршилтай 4419 м.кв талбайг бүхэлд нь оффис үйлчилгээний зориулалтаар бүртгэж өмчлөх эрхийн гэрчилгээг олгосон, энэ талаар хэргийн оролцогчид маргаагүй,

 

-Түүнчлэн 2021 оны 5 дугаар сарын 19-ний өдөр Зар мэдээ ХМХ-г төлөөлж иргэн Х.Тэмүүжингээс Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг гаргаж үүндээ 2017 онд ашиглалтанд орсон 50,0 сая төгрөгийн үнэ бүхий 25 м2 оффисын зориулалттай хөрөнгийг Зар мэдээ ХМХ-н захирал Даваа овогтой Баясгалангийн нэр дээр бүртгэж гэрчилгээ олгоно уу гэж хандсан байх ба уг мэдүүлэгтээ 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Угалз холдинг ХХК болон иргэн Д.Баясгалан нарын хооронд байгуулсан Захиалгаар ажлын байр барих, бариулах гэрээ-г хавсаргасан, уг гэрээгээр Д.Баясгалан нь 1 давхрын үйлчилгээний зориулалттай 25 м2 талбайг 48 387 000 төгрөгөөр худалдан авах, уг төлбөр тооцоонд Зар мэдээ сурталчилгаа сонин ХМХ-ийн зар сурталчилгааны маркетингийн дагуу 100 хувь бараа солилцооны журмаар шийдвэрлэн сурталчилгаа явуулж өгөх-өөр харилцан тохиролцсон, түүнчлэн Угалз холдинг ХХК-ийн ...төлбөр тооцоо бүрэн дууссан учир Д.Баясгалангийн нэр дээр үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргахад татгалзах зүйлгүй гэх, мөн Монголын мэдээлэл технологи техник хөгжүүлэлтийн холбоо ТББ-ын тэргүүн Н.Батцэрэнгийн гарын үсэг бүхий 2021 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн ...1 давхрын 1026 тоотын 25,00 мкв худалдаа үйлчилгээний зориулалттай талбайн үл хөдлөхийн гэрчилгээг Д.Баясгаланд гаргаж өгнө үү... гэх албан бичгүүд болон тус 54 дүгээр барилгын 1 дүгээр давхрын байгуулалт гэх зургийг гаргаж хүргүүлсэн, уг зурагт д/д-26, өрөөний нэр-оффис үйлчилгээ, талбай м2-25.00 гэж тэмдэглэсэн,

 

Дээр дурдсан эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг, түүнд хавсаргаж ирүүлсэн Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, 7 дугаар хороолол, Их тойруу гудамж 54 дүгээр барилгын зоорийн болон 1, 2, 4, 7 дугаар давхруудад байршилтай оффис үйлчилгээний зориулалттай 70 хувийн гүйцэтгэлтэй 4419 м.кв үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч Монголын мэдээлэл технологийн хөгжүүлэлтийн холбоо ТББ-ын зөвшөөрөл, уг барилгыг барьж ашиглалтад оруулсан Угалз холдинг ХХК-ийн албан бичиг болон тус компани Д.Баясгалан нарын хооронд байгуулсан Захиалгаар ажлын байр барих, бариулах гэрээ зэрэг нотлох баримтуудыг үндэслэн 2021 оны 6 дугаар сарын 03-ны өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, 7 дугаар хороолол, Их тойруу гудамж 54 дүгээр барилгын 1 дүгээр давхрын, 1026 тоот хаягт байршилтай, 25 м2 талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Д.Баясгаланг улсын бүртгэлийн Ү-2203043836 дугаарт бүртгэж гэрчилгээ олгосон үйл баримтууд тус тус тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч тухайн улсын бүртгэлийн Ү-2203043836 дугаарт бүртгэгдсэн бүртгэл, гэрчилгээг хүчингүй болгуулах шаардлагын үндэслэлээ ...иргэн Д.Баясгалан нь...баримт бичгийг хуурамчаар гаргуулсан гэх үндэслэл бүхий эргэлзээ байна, учир нь 54 дүгээр барилгын 1 дүгээр давхарт 1026 гэсэн дугаартай ямар ч өрөө байхгүй,...1203 тоотыг өмчлөгч манай компанийн эрхийг хөндөж байгаа, зорчих эрх болон дундын эд хөрөнгийн засвар үйлчилгээ, аюулгүй байдал, ашиглалт, хамгаалалтанд нөлөөлнө... гэж тодорхойлсныг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ...бүртгэлийн мэдүүлэгт хавсаргаж өгсөн баримтуудад 1 дүгээр давхрын 1026 тоот гэж тодорхойлсон байсан,...уг бүртгэл нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй... гэж, гуравдагч этгээд ...нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй... гэж тус тус маргасан.

 

Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5-д улсын бүртгэлд нотлох баримтад үндэслэж, хуульд заасан журмын дагуу хөтлөх зарчмыг баримтлахаар, мөн хуулийн 14.4-т Улсын бүртгэлд бүртгүүлэхээр хүсэлт гаргаж байгаа этгээд нь бүртгүүлэхээр мэдүүлж байгаа эрхийн нотлох баримтыг бүрэн гүйцэд, үнэн зөв гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд энэ үүргээ биелүүлээгүйн улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлнө, 19 дүгээр зүйлийн 19.4.3-д нотлох баримт нь зөрчилтэй, бүрэн бус, холбогдох хуулийн заалтыг зөрчсөн бол улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах-аар тус тус заажээ.

 

Түүнчлэн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д Эрхийн улсын бүртгэл үнэн зөв байх... шаардлагыг тусгаж улмаар  8 дугаар зүйлийн 8.1-д Улсын бүртгэгч дараах үндэслэлээр мэдүүлгийг хүлээн авахаас татгалзана: 8.1.1.энэ хуулийн 7 дугаар зүйлд заасан журам, шаардлагыг зөрчиж мэдүүлэг гаргасан, 8.1.3.хуульд заасан журмын дагуу мэдүүлэгт хавсаргавал зохих баримт бичгийн бүрдэл дутуу, засвартай, эсхүл мэдээлэл нь зөрүүтэй; 8.1.5.энэ хуулийн 4.1-д заасан эрхийг бүртгүүлэхээр мэдүүлэгт тусгасан үндэслэл нь энэ талаар хийсэн гэрээ, хэлцэлтэй агуулгаараа илт зөрүүтэй гэж, мөн зүйлийн 8.2-т хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 8.1-д зааснаас бусад үндэслэлээр мэдүүлгийг хүлээн авахаас татгалзахыг хориглоно гэж заасан байна.

 

Хуулийн эдгээр заалтуудаас үзвэл мэдүүлэг гаргагч Д.Баясгалангийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Тэмүүжингээс 2021 оны 6 дугаар сарын 03-ны өдөр улсын бүртгэлийн байгууллагад хандаж гаргасан мэдүүлэг, түүнд хавсаргаж ирүүлсэн нотлох баримтуудыг үндэслэн Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, 7 дугаар хороолол, Их тойруу гудамж 54 дүгээр барилгын 1 дүгээр давхрын 1026 тоот хаягт байршилтай, 25 м2 талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Д.Баясгаланг бүртгэсэн бүртгэл нь хуульд нийцсэн, уг мэдүүлгийг хүлээн авахаас татгалзах үндэслэлгүй нь тогтоогдсон байх ба тухайн бүртгэлийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байна гэж шүүх дүгнэв.

 

Тухайлбал, нэхэмжлэгч нь 54 дүгээр барилгад 1026 тоот гэх өрөө байхгүй гэж тайлбарлан маргаж байх боловч мэдүүлэгт хавсаргасан үл хөдлөх эд хөрөнгийн жагсаалтад 1026 тоотын 25 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгө байгааг тодорхойлж 1 дүгээр давхрын байгуулалтын зургийг ирүүлсэн, нэгэнт тухайн барилгын өмчлөгчөөс зөвшөөрөл өгч холбогдох нотлох баримтыг ирүүлсэн, өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн зарим хэсгийг иргэн Д.Баясгаланд салгаж бүртгүүлэхээр хандсан тохиолдолд хариуцагч захиргааны байгууллагад мэдүүлгийг хүлээн авахаас татгалзах хуульд заасан үндэслэл үүсэхгүй юм.

 

Өөрөөр хэлбэл Д.Баясгалангийн /Зар мэдээ ХМХ-ийн/ итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэгт 1026 тоотын 25 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгө байгааг тодорхойлж буй 1 дүгээр давхрын байгуулалтын зургийг хавсаргаж хүргүүлснээс үзвэл 54 дүгээр барилгын 1 дүгээр давхарт 1026 гэсэн дугаартай өрөө байхгүй гэж үзэх үндэслэлгүйн дээр тухайн зургийг хуурамчаар гаргуулсан гэж тогтоосон эрх бүхий байгууллагын шийдвэр, дүгнэлт гараагүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Түүнчлэн маргаан бүхий бүртгэл нь 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Угалз холдинг ХХК болон иргэн Д.Баясгалан нарын хооронд байгуулагдсан Захиалгаар ажлын байр барих, бариулах гэрээ-г үндэслэсэн бөгөөд өнөөдрийн байдлаар тус гэрээний талаар гэрээний талууд болон сонирхогч этгээдээс нэхэмжлэлийн шаардлага гаргаж маргаагүй, гэрээ нь хүчин төгөлдөр байгааг тэмдэглэж байна.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.1.3-д "нэхэмжлэл" гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаарзахиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг хэлэхээр, мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д захиргааны актхууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох-оор тус тус заасан ба хуулийн энэ зохицуулалт нь маргаан бүхий захиргааны акт нь хууль бус байх, уг хууль бус захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байх нөхцөлд шүүх уг захиргааны актыг хүчингүй болгох агуулгатай.

 

Энэ маргааны тухайд 2021 оны 6 дугаар сарын 03-ны өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, 7 дугаар хороолол, Их тойруу гудамж 54 дүгээр барилгын 1 дүгээр давхар, 1026 тоот хаягт байршилтай, 25 м2 талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Д.Баясгаланг улсын бүртгэлийн Ү-2203043836 дугаарт бүртгэж гэрчилгээ олгосон нь хуульд нийцсэн, тухайн бүртгэлийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул уг бүртгэлийг хүчингүй болгох хууль зүйн боломжгүй гэж шүүх дүгнэв.

 

Нэхэмжлэгч компани нь 54 дүгээр байрны 1203 тоотод үйл ажиллагаа явуулдаг, зорчих эрхийг болон дундын өмчлөлийн эд хөрөнгөө ашиглах зэрэгт зөрчил үүсгэж байна гэж тайлбарлан Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймрийн улсын хяналтын байцаагчийн 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 107/196 дугаар Заавал биелүүлэх албан шаардлага-ыг иш татсан, тухайн албан шаардлагаар Галын аюулгүй байдлын тухай хуулийн болон холбогдох норм, дүрмийн дагуу зөрчлөө арилгахыг Компьютер худалдааны төв Барилга өмчлөгчдийн холбоо Гүйцэтгэх захирал Ц.Бархасбадьхүү-д мэдэгдсэн байх хэдий ч эдгээр тайлбар үндэслэл нь шударга өмчлөгч Д.Баясгалангийн өмчлөх эрхийг хүчингүй болгох шууд үндэслэл биш.

 

Иймд дээр дурдсан хууль зүйн үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон болно.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Лидерфинанс ТМЗ ХХК-иас гаргасан Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, 7 дугаар хороолол, Их тойруу гудамж 54 дүгээр барилгын 1 давхрын 1026 тоот хаягт байршилтай 25 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай улсын бүртгэлийн Ү-2203043836 дугаар бүртгэл, гэрчилгээг хүчингүй болуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4 дэх хэсэгт тус тус зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг гардаж авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ДУЛАМСҮРЭН

 

ШҮҮГЧ С.ГАНБАТ

 

ШҮҮГЧ Д.ХАЛИУНА