| Шүүх | Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Банзрагчийн Оюунцэцэг |
| Хэргийн индекс | 142/2019/00654/и |
| Дугаар | 117 |
| Огноо | 2019-08-21 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 08 сарын 21 өдөр
Дугаар 117
Н-ийн нэхэмжлэлтэй хариуцагч
Б-д холбогдох иргэний хэргийн тухай
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Баттөр даргалж, шүүгч М.Хүрэлбаатар, Б.Оюунцэцэг, нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 142/ШШ2019/00720 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч Н-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч Б-д холбогдох,
Гэм хорын хохирол 1.948.813 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаагийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н, нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.
Нэхэмжлэгч Н- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Миний бие 2017 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө сумаас Улаанбаатар хотруу ажлаар явж байгаад Сэлэнгэ аймгийн Баянгол сумын 1-р баг нарийн хөндий гэх газар өөрийн Nissan Tida маркийн ДАР 65-97 улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож байх үед Б- гэгч нь эсрэг урсгалаас гүйцэд түрүүлэх үйлдэл хийж замын хөдөлгөөний дүрэм зөрчиж sonata-6 маркийн ОРО 49-97 улсын дугаартай машинаар миний машиныг мөргөж миний бие эрхтэн болон сэтгэл санаа,эд хөрөнгөнд их хэмжээний хохирол учруулан өнөөдрийг хэртэл нэг ч төгрөг өгөхгүй хохироож байна. Тухайн хэрэг болох үед цагдаагийн ажилтан ирж зохих ажиллагааг хийж Б-г эсрэг урсгалаас гүйцэд түрүүлэх үйлдэл хийхдээ замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн, өөрийн эзэмшлийн бус машиныг жолоодож явсан гэх мэт 100% буруутайг тогтоосон. Миний бие нь тухайн өдөр тус Баянгол сумын эмнэлгийн яаралтай тусламжийг авч мөн тэр өдрийн орой нь Улаанбаатар хотын гэмтлийн эмнэлэгт үзүүлэн хэвтэж эмчлүүлэх шаардлагатай гэснээр 2017 оны 07 дугаар сарын 20-ноос 07 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл Улаанбаатар хотын "А-" эмнэлэгт 07 сарын 31-нээс 08 сарын 06-ны өдрийг хүртэл хугацаанд W уламжлалын эмнэлэгт эмчилгээ хийлгэсэн. Гэвч миний биеийн байдал муудаж ослоос үүдсэн гэмтлээс шалтгаалж мэс засалд орох болсон тул дахин Улаанбаатар хотод "А-" эмнэлэгт хэвтэн 2017 оны 08 сарын11-нд мэс засалд орсон. Энэ хугацаанд Б- нь нэг ч удаа надтай холбогдоогүй бөгөөд мэс засалд орохын өмнө Улаанбаатар хотод нэг удаа уулзан эмчилгээний зардал гаргаж өгөөч гэж гуйсан боловч харин миний өөдөөс танд өгөх мөнгө алга надад сая төгрөг байна, танд өгч чадахгүй миний хүүхэд хатгаа авчхаад байна тийм учраас би өөрийнхөө хүүхдийг эмчлүүлнэ гэсэн хариу өгсөн тул би гэрлүүгээ буцан ирж өөрийн тэтгэврийн зээлийг авч очин мэс засалд орж эмнэлэгт хэвтэн эмчилгээ хийлгэн орон нутагтаа ирсэн боловч одоо болтол бие маань сайн тэнхэрч өгөхгүй байгаа бөгөөд би өөрөө тэтгэврийн мөнгөөр амьдардаг тул ихэнх мөнгөө эмэнд зарцуулж байна. Иймд Б-гаас ослын дараах эмчилгээний зардал 1.264.000 төгрөг, тухайн үед Зүүнхараагийн цагдаагийн газарт хэрэг шийдвэрлэгдэж байсан тул Зүүнхараа луу явсан зардал 225.812 төгрөг, эмний мөнгө 30.251 төгрөг эмнэлэгт хэвтэж байх үед авсан хүнсний зардал 59.468 төгрөг, машинд гаргасан зардал 177.500 төгрөг, тэтгэврийн зээлийн хүү 3 сарын 191.782 төгрөг, нийт 1.948.813 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.
Хариуцагч Б- шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
Н- надаас хохиролд 1.948.813 төгрөг гаргуулан авахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ энэхүү шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Үүнд: 2017 оны 07 дугаар сарын 19-ний өдөр авто ослын улмаас Н-ийн авто машинд эвдрэл гарсан учир би өөрийнх нь хүсэлтийн дагуу түүний авто машиныг Улаанбаатар хотод бүрэн засварт оруулж өгсөн учир авто машины 177.500 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй. Н- банк хоёрын хооронд зээлийн гэрээ байгуулагдаж банкны өмнө зээл болон хүү төлөх үүрэг зээлдэгч болох Н-т байгаа учир би түүний өмнөөс түүний зээлдэж авсан зээлийн хүүг төлөх үүрэг хүлээхгүй учир зээлийн хүү гэж нэхсэн 191.782 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй. Эмчилгээ, хүнсний зүйлийн үнэ гэж нийт 1.264.000 төгрөг гаргуулахаар шаарджээ.нэхэмжлэгч Н-ийн биед учирсан гэмтэлд Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр түүний биед тархи доргилт, хэвлийн өмнөд өөхөн эд дэх цусан хураа,баруун хөхөнд нь цус хуралт бүхий гэмтэл үүссэн гэсэн дүгнэлт гарсан байсан. Дээрх гэмтэл нь түүний хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэсэн байсан. Тухайн үед эмчилгээний зардалд төлбөр өгөх гэтэл тухайн үед мөнгө авахгүй байсан. Н-ийн нэхэмжлэлээс харахад 2 удаа эмнэлэгт хэвтэж нэг удаа бариа заслын эмчилгээ хийлгэсэн гэжээ.Эмчилгээний зардлын хувьд холбогдох нотлох баримтуудыг үндэслэн төлөх болно. Одоогийн байдлаар нэхэмжлэлийн шаардлагаас нийт 428.750 төгрөг болж байна гэжээ.
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 142/ШШ2019/00720 дугаар шийдвэрээр:
Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 228 дугаар зүйлийн 228.1-д заасныг баримтлан Б-гаас 1.505.063 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 443.750 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 46,131 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 39,031 төгрөг, гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаа давж заалдсан гомдолдоо:
Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 142/ШШ2019/00720 дугаартай шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч дараах үндэслэлүүдээр гомдол гаргаж байна. Үүнд: Шүүх Н-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангахдаа үндэслэлгүйгээр дүгнэлт хийлээ. Хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудад хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий дүгнэлтийг хийсэнгүй. Учир нь нэхэмжлэгч Н- 2017 оны 07 дугаар сарын 14-ний өдөр Сэлэнгэ аймгийн Баянгол сумын 1-р багийн нутагт авто осолд орж тархи нь доргиж, хэвлийн өмнөд өөхөн эдэд нь цусан хураа, баруун хөхөнд нь цусан хураа үүссэн гэмтлүүд үүссэнээс эрүүл мэнд нь түр хугацаагаар сарнин хөнгөн гэмтэл учирсан болох нь хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдох юм. Иргэний хуулийн 505-р зүйлийн 505.1,2-т зааснаар хохирогч гэм буруутай этгээдээс хөдөлмөрийн чадвар алдсантай холбоотой зардал, эрүүл мэндийг нь хэвийн байдалд оруулахтай холбоотой зардлууд байдаг. Гэтэл хэрэгт цугларсан баримтуудаас харах юм бол Н- 2016 оны 3-р сард зүүн талын тархинд нь харвал өгч байсан бөгөөд энэ өвчнөө эмчлүүлсэн, шинжилгээ өгсөн баримтуудаа хэрэгт хавсаргаж өгснийг шүүх бодит дүгнэлт хийлгүй осол болох үед авсан гэмтлээ эмчлүүлсэн мэт шийдвэрлэлээ. Нэхэмжлэгчийн хууч өвчнөө эмчлүүлэх нь тухайн осолтой ямар шалтгаант холбоотой болоод шүүх хууч өвчнөө эмчлүүлсэн эмчилгээний зардлыг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн болох шийдвэрийн үндэслэх хэсгээс огт харагдахгүй байна. Хууль тогтоогчид хохирол гаргуулахдаа зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй гэсэн байх тул гарсан бүх зардлыг биш харин зайлшгүй байх бүх зардлыг төлөх үүргийг ялган тодорхойлсонгүй. Иймд дээрх шийдвэртэй хэргийг хянан үзэж шийдвэрт хариуцагч Б-гаас 1.505.063 төгрөг гаргуулж гэснийг 443.752 гэж өөрчлөн 1.061.311 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөнөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.2.-т заасан шаардлагыг хангаагүй байна.
Нэхэмжлэгч Н- гэм хорын хохирол 1.948.813 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримт нь төр, байгууллага, хувь хүний нууцтай холбоотой; өөр улс, орон нутагт байгаа учраас зохигч тэдгээрийг өөрөө олж авах боломжгүй; түүнчлэн туршилт, үзлэг, таньж олуулах, шинжилгээ хийлгэх, гэрчийн мэдүүлэг авах тохиолдолд нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлнэ” гэж заажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх хэргийн оролцогчийн хүсэлтээр А- эмнэлэг, W уламжлалт бариа заслын эмнэлгээс нэхэмжлэгч С.Наранцэцэгт хийсэн эмчилгээ болон 2017 оны 8 дугаар сарын 11-ний өдөр хийлгэсэн хагалгааны талаарх лавлагаа, түүний амбулаторийн картыг тус тус нотлох баримтын шаардлага хангуулан гаргуулахаар шийдвэрлэсэн ба шүүх нотлох баримтыг гаргуулах талаарх ажиллагааг хуульд заасны дагуу явуулаагүй байна.
Түүнчлэн шүүх 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдөр буюу хэргийн оролцогчийн гаргасан хүсэлтийг шийдвэрлэсэн тухайн өдөр хариуцагч Б-д холбогдох иргэний хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д “хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт хангалттай бүрдсэн” гэж заасан үндэслэлээр уг иргэний хэргийг 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдөр нээлттэй хийхээр шийдвэрлэсэн зөрчлийг тус тус гаргажээ.
Дээрх зөрчил нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-д заасан үндэслэлд хамаарч байх тул давж заалдах шатны шүүхээс маргааны үйл баримт болон талуудын хооронд үүссэн харилцаанд эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5. дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 142/ШШ2019/00720 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаагийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 30.382 төгрөгийг шүүгчийн захирамжаар төрийн сангаас буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАТТӨР
ШҮҮГЧИД М.ХҮРЭЛБААТАР
Б.ОЮУНЦЭЦЭГ