| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Алагаагийн Мөнхзул |
| Хэргийн индекс | 181/2024/01583/И |
| Дугаар | 181/ШШ2024/01420 |
| Огноо | 2024-04-09 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 09 өдөр
Дугаар 181/ШШ2024/01420
| 2024 04 09 | 181/ШШ2024/01420 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.******* даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Сүхбаатар дүүрэг, ................тоотод оршин суух Б.Мөнгөнзул /РД:................./-ын хүсэлттэй,
Иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Дөлхүү /РД:УШ90051692/-г эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Л.Мэндбулган оролцов.
1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баясгалан нь эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх бичгийн хүсэлт ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт гаргагч Б.Мөнгөнзул /РД:УП91042009/ нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Нэхэмжлэгч Б.Мөнгөнзул миний бие 2010 онд Монгол Улсаас Чех Улсад өөрийн эцэг, эхийн хамт амьдрахаар явсан. 2033 оныг дуустал Чех Улсад байнгын оршин суух зөвшөөрлийн дагуу хөдөлмөр эрхэлж, 3 хүүхдийнхээ хамт оршин сууж байгаа тул итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулан шүүхэд хандаж байна.
Б.Мөнгөнзул би 2019 оны 7 дугаар сард Б.Дөлхүүтэй Чех Улсад танилцсан ба Б.Дөлхүү нь тухайн оны 10 дугаар сард манай аавын гэрт ирж бидэнтэй хамт амьдраад бид 12 дугаар сардаа тусдаа гарч, 2022 оны 7 дугаар сарын 29-ний өдөр жирэмсэн байх үедээ Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газарт очиж Б.Дөлхүүтэй гэрлэлтээ батлуулж гэр бүл болсон юм. Б.Дөлхүү нь 2023 оны 8 дугаар сар хүртэл Чех Улсад 3 хүүхдийн хамт бидэнтэй амьдарч байгаад Монголд байгаа аавын бие муу байна гэж хэлээд ажлын газраасаа 3 долоо хоногийн чөлөө авч, Монгол Улсруу явсан ч одоог хүртэл эргэж ирээгүй. Монголд очоод надаас салж байгаа тухайгаа хэлж, буцаж Чех Улсад очихгүй гэсэн. Б.Дөлхүү нь Монгол Улсруу буцахаасаа өмнө надад мэдэгдэхгүй банкнаас зээл авсан байсан ба өмнө нь ч бидний хэрэглээндээ зарцуулах зорилгоор банкнаас авсан зээлийн төлбөр төлөгдөөгүй байсан юм.
Ингээд өнөөдрийг хүртэл сураггүй болсон учраас би Чех Улсад 9 настай хүү. 1 настй 2 ихэр охины хамт өрх толгойлон үлдэж, Чех Улс дахь банкны өр төлбөрийн үүргийг хариуцахаар нөхцөл байдалд хүрээд байна. Иймд яаралтай Б.Дөлхүүгээс гэрлэлтээ цуцлуулахаар түүний оршин сууж байсан Хан-Уул дүүрэг, 1-р хороо, 20-р байр, 16 тоот хаягаар Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлалд өргөдөл гарган хандсан ч 2023 оны 02 дугаар сарын 23-ны өдөр 00029 дугаар "Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулахаас татгалзах тухай баримт"-аар Б.Дөлхүү нь Хан- Уул дүүрэг, 1-р хороо, 20-р байр, 16 тоот хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй нь Засаг даргын тодорхойлолтоор нотлогдсон тул эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулахаас татгалзаж буйгаа мэдэгдсэн.
Иймд******* овогт Балжиннямын******* /РД:УШ90051692/-г эрэн сурвалжлуулах тухай шийдвэр гаргаж өгнө үү.гэжээ.
2. Хүсэлт гаргагчаас нотлох баримтаар: Нэхэмжлэл 2 хувь, иргэний үнэмлэхний хуулбар, итгэмжлэл, УТХ төлсөн баримт; 2023 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 00029 дугаар "Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулахаас татгалзах тухай баримт", Баг, хорооны засаг даргын бүртгэлтэй боловч оршин суудаггүй талаархи тодорхойлолт, шуудангийн баримтын хамт.. зэргийг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Хүсэлт гаргагч Б.Мөнгөнзул /РД:УП91042009/ нь Б.Дөлхүүг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргажээ.
2. Гэрлэлт цуцлуулах тухай иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Дөлхүү нь хаягандаа оршин суудаггүй болох Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх Эвлэрүүлэн зуучлагчийн 2024 оны 02 сарын 14-ний өдрийн №00029 Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулахаас татгалзсан баримт, хүсэлт гаргагчийн шүүхэд ирүүлсэн тайлбар, бичгийн бусад баримт зэргээр тогтоогдож байна.
Иймд Б.Мөнгөнзулийн хүсэлттэй Б.Дөлхүүг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100.1 дэх хэсэгт заасныг үндэслэн нэхэмжлэгч хэргийг эзгүйд шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлт ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100.3 дахь хэсэгт зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар Сэнгэ овогт Балжиннямын******* /РД:УШ90051692/-г эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар Б.Дөлхүүгийн оршин суугаа хаяг тогтоохыг Хан-Уул дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Оршин суугаа хаяг тодруулсны эцэст хүсэлт гаргагч Б.Мөнгөнзулд мэдэгдэхийг Хан-Уул дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ