Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 02

 

 

                                      

 

 

Х.Серикт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч М.Нямбаяр даргалж, Ерөнхий шүүгч Н.Туяа, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор: Э.Ууганзаяа

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Энхбат/онлайнаар/

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Мөнхзаяа

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг

нарийн бичгийн дарга Б.Уянга нар оролцов. 

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ө.Бахытбек даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 138 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Энхбат түүний өмгөөлөгч Б.Мөнхзаяа нарын гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч Х.Серикт холбогдох эрүүгийн 2136000000160 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч Н.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, Ырысбай ургийн овогт Хавилхагийн Серик нь 1977 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Баян-Өлгий аймгийн Улаанхус суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 1 дүгээр багийн 16 дугаар гудамжны 17 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэгдэж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай гэх, БК77041072 регистрийн дугаартай,

Ырысбай ургийн овогт Хавилхагийн Серик нь 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 06-07 цагийн үед Ховд аймгийн Дарви сумын Баянбулаг багийн нутаг дэвсгэрт “ Corollo RunX” маркийн 4860 УБС улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн заалтуудыг зөрчсөний улмаас 9 сар 13 хоногтой амь хохирогч Э.Төгөлдөр нь нас барсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

Ховд аймгийн Прокурорын газраас: Х.Серикийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Ырысбай ургийн овогт Хавилхагийн Серикийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Хавилхагын Серикийн тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 3/гурав/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1/нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Х.Серикт тэнссэн хугацаанд гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг болон тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож мөн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг тус тус шүүгдэгч Х.Серикт тайлбарлаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Серикт оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасах ялыг үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1-д тус тус заасныг баримтлан шүүгдэгч Х.Серикээс 3016200/ гурван сая арван зургаан мянга хоёр зуу/ төгрөг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Энхбатад олгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн иргэний нэхэмжлэлээс 5000000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, 10641800 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  Х.Серикт гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг 1 /нэг/ жил, 2/хоёр/ сарын дотор төлөх хугацааг тогтоож шийдвэрлэжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Энхбат түүний өмгөөлөгч Б.Мөнхзаяа нар давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхээс шүүгдэгч Х.Серикийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан хорих ял оногдуулахгүйгээр 1/нэг/ жилийн хугацаагаар тэнссэн байна. Шүүгдэгч Х.Серикийн хувьд гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо бүрэн нөхөн төлж барагдуулаагүй гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо бүрэн нөхөн төлж барагдуулаагүй гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг арилгаагүй, шүүгдэгч Х.Серикийн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлнө гэж байгаа боловч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Энхбатын гаргасан хохирлын зардлын хэмжээг хүлээн зөвшөөрөхгүй маргаантай байхад анхан шатны шүүхээс эрүүгийн хуулийн ерөнхий ангийн уг заалтыг баримтлан шийдвэр гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй байна. Хохирол хор уршиг дээрээ шүүгдэгч болон хохирогч тал аль аль нь маргаантай байхад ялыг тэнссэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 39.7.1.2-д заасан хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн 39.7.1.3-д заасан хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэх хууль зүйн үндэслэлтэй байна. Шүүгдэгч Х.Серик болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Энхбат нар хохирол, хор уршиг дээрээ маргаантай байхад анхан шатны шүүхээс гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн гэж үзэж хууль зүйн дүгнэлт гаргасан нь хуулийн зүйл заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн нь хууль зүйн ноцтой алдаа байна. Иймээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэв.

Шүүгдэгч Х.Серикийн өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн эрхийг зөрчөөгүй хохирлоо иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсэн гэв.

Прокурор шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Шүүгдэгч Х.Серик анхан шатны шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, шүүхээс тогтоосон хэмжээнд төлж барагдуулна гэдгээ мөн танилцуулж шүүх хуралдаан болохоос өмнө хохирогчийн өмгөөлөгч Б.Мөнхзаяад хохирол 2 сая төгрөг өгснөөр харагддаг. Мөн шүүгдэгчид анхан шатны шүүх ял оногдуулахдаа шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, учруулсан хохирол, хор уршгийн байдал, мөн хувийн байдлыг харгалзан үзэж үндэслэлтэй шийдвэр гаргасан гэж үзэж байна.Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг тал бүрээс шинжлэн судалсны үндсэн дээр дээрх ажилгүй  байсны цалинг олгох боломжгүй, хувиараа таксинд явдаг, мөн камерын бичлэг шүүж сард 1 сая нийлээд 2 сард 2 сая төгрөг олдог болох нь тогтоогдохгүй, хохирогчийн ээж Номинд Холдинг ХХК-нд ажилладаг гэх боловч тухайн үед хүүхэд харах чөлөөтэй байсан гэх нөхцөл байдал тогтоогдсон ба шүүх тухайн хохирлыг хэлэлцүүлэхгүйгээр орхисон нь үндэслэлтэй байна. Иймээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

                                                                                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

            Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Энхбат, түүний өмгөөлөгч Б.Мөнхзаяа нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, хэргийг хянан хэлэлцэхдээ гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийтгэх тогтоолыг бүхэлд нь хянаж, гомдлыг хүлээн авч шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэв.

1. Шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон шаардлагыг бүрэн хангасан тохиолдолд хууль ёсны болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина.”гэж хуульчилсан байна.

Шүүгдэгч Х.Серикт холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүх  шийтгэх тогтоол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хууль ёсны байх зарчимд нийцээгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Анхан шатны шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэрэгт хамаарч байгаа ба тэрээр гэм буруугаа хүлээн зөвшөөрч, 2020000 төгрөгийн хохирол, төлбөрийг төлж, үлдсэнийг нөхөн төлөхөө илэрхийлсэн, урьд ял шийтгүүлж байгаагүй, ослын улмаас гэмтэл авсан хагалгаа хийлгэх шаардлагатай гэх нөхцөл байдал тогтоогдсоныг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар  шүүгдэгч Х.Серикийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жил хугацаагаар тэнсэж шийдвэрлэжээ.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д “хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно.” гэж хуульчилжээ.     

            Шүүгдэгч Х.Серик нь 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдөр 06-07 цагийн үед Ховд аймгийн Дарви сумын Баянбулаг багийн нутаг дэвсгэрт “Corollo Runh” маркийн 4860 УБС улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож яваад зам тээврийн осол гаргасны улмаас 9 сар 13 хоногтой амь хохирогч Э.Төгөлдөр тархины гэмтлийн улмаас нас барсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлж барагдуулахаа илэрхийлж байна гэх боловч хохирогчид хэдий хэмжээний хохирол учирсан, хохирлыг  хэрхэн төлж барагдуулахаа яаж илэрхийлж байгаа нь тодорхойгүй байхад анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Серикт хорих ял оногдуулахгүйгээр 1 жил хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн хууль зүйн үндэслэлгүй болсон байна.

Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх шүүгдэгч болон хохирогч нар хохирлын талаар маргаантай байхад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-дэх заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна.

3.Анхан шатны шүүх хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжилсэн ломбардын хүү, өмгөөллийн хөлс, олох байсан орлого, хүүхдийн мөнгө, шүүхээс гаргуулснаас бусад буяны үйл ажиллагаатай холбоотой зардал, хоол, унаа, буудлын мөнгө зэрэг 10641800 төгрөгийн зардал нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдоогүй байна гэж дүгнэсэн атлаа  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр 2-т зааснаар хэлэлцэхгүй орхиж,  нотлох баримтаа жич бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг нээлттэй үлдээлээ гэж шийдвэрлэсэн нь үндэслэл муутай  болсон байна.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Энхбат болон түүний өмгөөлөгч Б.Мөнхзаяа нарын “...хохирол хор уршиг дээрээ шүүгдэгч болон хохирогч тал аль аль нь маргаантай байхад шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Х.Серикт ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”гэж  давж заалдах журмаар гаргасан гомдол  үндэслэлтэй байна.

 Иймд анхан шатны шүүх шийтгэх тогтоолыг   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.2.-д заасан “Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн” гэх үндэслэлээр хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэх зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Х.Серикт урьд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэж шийдвэрлэв.

             Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгож ТОГТООХ нь:

            1. Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 2021/ШЦТ/138 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Х.Серикт холбогдох эрүүгийн 213600000016 дугаартай хэргийг мөн шүүхэд буцааж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Энхбат түүний өмгөөлөгч Б.Мөнхзаяа нарын давж заалдсан гомдлыг хүлээн авсугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг анхан шатны шүүхэд хүргүүлэх хүртэл Х.Серикт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр нь хэрэглэсүгэй.

            3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн энэ шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор “анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” гэсэн үндэслэлээр оролцогчид Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.                              

                               

 

 

 

 

                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        М.НЯМБАЯР

 

                                                   ШҮҮГЧ                                         Д.КӨБЕШ

 

                                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Н.ТУЯА