Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 306

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Алдар даргалж, Улсын яллагч: Б.Мөнх-Од, Нарийн бичгийн дарга: Г.Ууганзаяа, Шүүгдэгч Э, түүний өмгөөлөгч А.Ганбат нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Сүхбаатар дүүргийн прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П.Э-д холбогдох эрүүгийн 201725020906 дугаартай хэргийг 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол улсын иргэн, .. өдөр .. суманд төрсөн, эрэгтэй, .. настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт... багт оршин суух, урьд 1. 2013 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн прокурорын газрын 1558 дугаар тогтоолоор Э-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.1 дэх хэсэгт заасан хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3, 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасан буюу хохирогч, яллагдагчтай сайн дураар эвлэрсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон, 2. Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 1135 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, 3. Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 634 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 1 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Өршөөл үзүүлэх тухай хуулиар эдлээгүй үлдсэн ялаас өршөөн суллагдсан, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар ..., .... Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/ Шүүгдэгч ... нь өөрийн эзэмшиж буй 1814УБЗ улсын дугаартай шаргал өнгийн Верна Аксент маркийн автомашиныг ашиглан ганцаараа 2017 оны 04 дүгээр сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Хангайн 5-168 тоотод байрлах иргэн Guo Yinju /Гуо Янжу/-ийн эзэмшлийн байшингийн хаалганы цоожийг эвдэн орж цахилгааны утас, кондейшн, цахилгааны багаж, ажлын багажууд зэрэг эд зүйлүүдийг нь хулгайлж бусдад нийт 1.626.000 төгрөгийн хохирлыг орон байр агуулах саванд хууль бусаар нэвтэрч, автомашин механизм ашиглан үйлдсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Гэм буруугаа ойлгож байна гэв.

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Guo Yinju /Гуо Янжу/ /хх-ийн 38-39/, гэрч Ш.Содном-Иш /хх-ийн 46-47/, гэрч Э.Хуягбаатар /хх-ийн 43-45/, сэжигтэн, яллагдагчаар татагдан байцаагдсан Э /хх-ийн 51-52/ нарын өгсөн мэдүүлгүүд, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 5-6/, эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 22-24/, эд зүйл битүүмжилсэн тэмдэглэл /хх-ийн 26-27/, илтгэх хуудас, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-8/, эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 11/, шүүгдэгч Э-н урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 76/ зэрэг болно. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Э нь өөрийн эзэмшиж буй 1814УБЗ улсын дугаартай шаргал өнгийн Верна Аксент маркийн автомашиныг ашиглан ганцаараа 2017 оны 04 дүгээр сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Хангайн 5-168 тоотод байрлах иргэн Guo Yinju /Гуо Янжу/-ийн эзэмшлийн байшингийн хаалганы цоожийг эвдэн орж цахилгааны утас, кондейшн, цахилгааны багаж, ажлын багажууд зэрэг эд зүйлүүдийг нь хулгайлж бусдад нийт 1.626.000 төгрөгийн хохирлыг орон байр агуулах саванд хууль бусаар нэвтэрч, автомашин механизм ашиглан үйлдсэн гэж прокуророос 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ. Шүүгдэгч Э нь дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд: Хохирогч Guo Yinju /Гуо Янжу/ мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Би Монгол улсад төрсөн. Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хятад сургуулийг төгссөн. Монгол хэлээр уншиж, бичиж чадна. Би Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Хангайн 5-168 тоотод хашаа байшинтай юм. Уг байшиндаа хуучны хэрэглэж байсан барилгын багаж хэрэгсэлээ хадгалдаг байсан юм. Гэтэл 2017 оны 04 дүгээр сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө 02 цаг 00 минутын үед над руу аав залгаад хашаанд хулгайч орсон байна гэж хэлсэн. Тэгээд би шууд яваад очиход цагдаа нар ирсэн байсан. Байшинд хулгай ороод эд зүйлс алдагдсан байсныг цагдаа нар илрүүлсэн байсан. Хулгайч хашаанд байсан хоёр ширхэг тоосгон байшингийн хаалганы цоожийг эвдсэн байсан. Бас чингэлэгний хаалганы цоожийг эвдсэн байсан. Би алдсан эд зүйлсээ бүгдийг нь хүлээгээд авчихлаа. Би цоожоо нэхэмжлэхгүй...” гэх мэдүүлэг /хх- ийн 38-39/, Гэрч Ш.Содном-Иш мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Э-г сайн танихгүй, манай нутгийн хүн байгаа юм. Манай аав анх 2008 онд шаргал өнгийн Верна маркийн автомашин худалдан авахдаа миний нэр дээр буулган авч байсан ба 2016 оны 11 дүгээр сард Эрдэнэболд гэдэг хүнд манай аав зарсан юм. Зарахдаа Эрдэнэболдын нэр дээр шилжүүлээгүй зарсан асуудал байгаа. Яагаад гэвэл Эрдэнэболдод манай аав 2 000 000 төгрөгөөр зарсан боловч 1 500 000 төгрөг аваад 500 000 төгрөг үлдсэн байгаа юм. Тэрнээс биш энэ залуутай ямар нэгэн хамааралтай хүн биш. Анх машинаа Эрдэнэболдод зарахдаа ямар нэгэн гэрээ хэлцэл хийгээгүй шууд мөнгөө аваад, үлдсэн мөнгөө дараа авахаар тохиролцоод өгч авалцсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 46-47/, Гэрч Э.Хуягбаатар мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Тухайн үед би эргүүлийн офицер цагдаагийн ахмад М.Нармандахын хамтаар Бэлх 111 чиглэлийн авто машинаар Сүхбаатар дүүргийн 10, 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрээр эргүүлийн үүрэг гүйцэтгэсэн. Үүрэг гүйцэтгэж байх хугацаанд Сүхбаатар дүүргийн 11, 12 дугаар хороодын уулзвар буюу Сэлбэ голын далангийн /ертөнцийн зүгээр баруун доод/ хэсэгт 1814 УБЗ улсын дугаартай шаргал өнгийн Верна Аксент маркийн автомашин зогсож байсан. Шалгаад асуухад дугуй хагарчихаад байна. Дугуйгаа засаад одоо явах гэж байна гэж хэлсэн. Би буугаад машин руу нь харахад машины арын сандалаар нь дүүрэн эд зүйл ачсан байсан. Тэгэхээр нь шалгаад юу юм бэ гээд юу ачиж яваа талаар асуухад би барилга дээр ажилладаг юм. Ажилладаг газраасаа авч яваа эд зүйлс байгаа юм гэж хэлсэн. Надтай хамт үүрэг гүйцэтгэж байсан Нармандах офицер чи хаана ажилладаг юм гэж асуухад тэр этгээд би “Буянт-Ухаа 2” хотхоны барилга дээр ажилладаг юм гэсэн. Бид түүнийг цагдаагийн хэлтэс рүү авч яваад шалгана гэхэд тэр этгээд явахгүй гэж эсэргүүцсэн. Тэр этгээд ах нараа цагдаагийн хэлтэс рүү явалгүй энэ газартаа тохиролцоё гээд байсан. Бид түүнийг дагуулаад цагдаагийн хэлтэс дээр авч ирсэн. Хэлтэс рүү дагуулаад явж байхдаа машиндаа байгаа эд зүйлсийг хаанаас авсан юм гэж түүнээс асуухад энэ хавьд ойролцоо байх газраас авсан гээд биднийг гудамж руу оруулж дэмий будлиулаад хулгай хийсэн газраа зааж өгөөгүй. Тэгээд цагдаагийн хэлтэс дээр ирсний дараа бид Асап сангаас уг этгээдийн мэдээллийг шүүж үзэхэд урьд өмнө хулгайн хэрэгт холбогдон ял шийтгэгдэж байсан. Бас удаа дараагийн захиргааны арга хэмжээ авагдсан этгээд байсан. Тэр этгээд цагдаагийн хэлтэс дээр ирснийхээ дараа би яг одоо хулгай хийсэн газраа яг үнэнээр нь зааж өгье гэсэн. Тэр этгээдийн автомашиндаа авч явсан эд зүйлсийг тэмдэглэл үйлдэж хэлтэс дотор үлдээгээд уг этгээдийг дагаад хулгай хийсэн гэх газар руу нь явсан. Авч явахдаа албаны авто машиндаа авч явсан. Замдаа тэр этгээдээс ямар утгатай айл руу чи орчихсон юм бэ гэж асуухад миний найзын яг ар талын хашаа эзэнгүй байдаг айл гэж ярьсан. Би 2-3 хоногийн өмнө уг айлыг харсан гэж надад хэлсэн. Хулгайн гэмт хэрэг үйлдэгдсэн хашааг заалгаад очсон. Хашааны том жижиг хаалга хаалттай, доторх байшингийнх нь баруун талд жижигхэн бор хаалга байсан. Би түүнээс чи хаагуур орсон юм бэ гэж асуухад би энэ бор хаалгаар орсон гээд байшингийн баруун талын жижигхэн бор хаалгыг заасан. Чи дотор ороод хулгайлсан эд зүйлсээ хаанаас авсан юм бэ гэж асуусан. Хаалгаар ороод амбаараар дамжаад байшин руу орж эд зүйлсийг авсан гэж зааж өгсөн. Байшингийн баруун талын бор өнгийн жижиг хаалганы дотор хажууд дахин авч явах гэж байгаа бололтой хуйлаастай цахилгааны утас, багаж хэрэгслийг бэлдчихсэн байсан. Бид түүнээс чи энэ хаалгыг эвдэж орсон юм уу гэж асуухад үгүй ээ энэ хаалгыг зүгээр налуулаад юмаар дараад орхичихсон байсан. Би зүгээр хаалгыг түлхээд дотогш орсон гэж бидэнд хэлсэн. Би түүнээс чи хулгайлсан энэ их зүйлсийг хэнтэй хамт ачаад машиндаа оруулсан юм бэ гэж асуухад би ганцаараа зөөсөн гэж надад хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 43-45/, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 5-6/, эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 22-24/, эд зүйл битүүмжилсэн тэмдэглэл /хх-ийн 26- 27/, илтгэх хуудас, гэрэл зургийн үзүүлэлтүүд бусад бичгийн нотлох баримтуудаар түүний гэм буруутай үйлдэл хангалттай нотлогдож тогтоогдож байх тул шүүгдэгч П.Эрдэнэболдыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуульд заасан хорих ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзнэ. Хохирогч Guo Yinju /Гуо Янжу/ нь хохирлоо бүрэн барагдуулж авсан, цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэснийг дурдвал зохино. Шүүхээс шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж, дүгнэлт хийж байгаа зэргийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцон үзлээ. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. Шүүгдэгч Э нь хүнд гэмт хэрэг үйлдсэн бөгөөд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг баримтлан хорих ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах боломжтойн гадна мөн дээрх нөхцөл байдлуудыг шүүхээс оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзэв. Шүүгдэгч Э-н урьд цагдан хоригдсон 26 хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурьдах нь зүйтэй. Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан 1814УБЗ улсын дугаартай Верна Аксент маркийн тээврийн хэрэгсэл нь түүний өмчлөлд бүрэн шилжээгүй нь гэрч Ш.Содном-Ишийн мэдүүлгээр тогтоогдох бөгөөд энэ байдал нь шүүгдэгч Э-н өмчлөлд бүрэн шилжсэн гэж үзэх боломжгүй байна. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар уг тээврийн хэрэгслийн үнэ болох 400.000 төгрөгийг Э-с албадан гаргуулж, улсын төсөвт шилжүүлж, дээрх тээврийн хэрэгслийг хууль ёсны өмчлөгчид нь буцаан олгохоор тогтов.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Э-г бусдын эд зүйлийг хулгайлах гэмт хэргийг орон байр, агуулахад хууль бусаар нэвтэрч, машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э-г 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э-н эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э-н урьд цагдан хоригдсон 26 /хорин зургаа/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

5. Шүүгдэгч Э нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурьдсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ болох 400.000 /дөрвөн зуун мянга/ төгрөгийг шүүгдэгч Э-с албадан гаргуулж, улсын төсөвт шилжүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 8.8 дахь хэсэгт зааснаар 1814УБЗ улсын дугаартай Верна Аксент маркийн автомашиныг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, хууль ёсны өмчлөгчид нь буцаан олгосугай.

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Э-н урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

9. Энэ тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Э-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ М.АЛДАР