Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 147/ШШ2024/00129

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

            

Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч  П.Болормаа би

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 6-р хороо, ............. байрны ............. тоотод оршин суух, ******* *******

 

Хариуцагч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7-р баг, Дөрвөлжийн .....айлын орон сууцны ... тоотод оршин суух, ******* ******* холбогдох,

 

эд хөрөнгөд учруулсан гэм хорын хохирол 34,630,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 01 сарын 22-ны өдөр хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* нь 2023 оны 11 сарын 09-ний орой 18 цаг 35 минутын үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэн согтуурсан үедээ Баруун-Урт сумын 7-р багийн нутаг дэвсгэрт HOWDA-HRV маркийн 49-99 СҮҮ улсын дугаартай авто машиныг жолоодож яваад, миний унаж замын хөдөлгөөнд оролцож явсан VANGUARD маркийн 60-56 УНС улсын дугаартай авто машиныг урсгал сөрж, ирж мөргөсөн зам тээврийн осол гаргасан. Үүний улмаас миний биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан. Авто машинд үнэлгээний газраас 11,860,000 төгрөгний хохирол учирсан гэсэн дүгнэлт гарч нийт 20 орчим эд анги гэмтэж, эвдэрсэн тухай тодорхойлолт гарсан. Уг тээврийн хэрэгслийг миний найз ******* 2023 оны 9 сард 27,000,000 төгрөгөөр буюу 10,000,000 төгрөгийг бэлнээр төлж, үлдэгдэл 17,000,000 төгрөгийг ******* ******* -аас 24 сарын хугацаатай, сарын 3.2 хувийн хүүтэйгээр зээл авч худалдан авсан байсан. Ингээд 2,000,000 төгрөгний нэмэлт үйлчилгээ хийлгэж, бичиг баримтын хуулбар, даатгал зэрэгт 1,000,000 төгрөгийг зарцуулж, нийт 30,000,000 төгрөгөөр авсан. Осол болох үед би уг машиныг барьж явсан юм. Одоо энэ машиныг ослоос өмнөх хуучин байдалд нь эргүүлж оруулах боломжгүй болсон тул машины төлбөр 30,000,000 төгрөгийг бүрэн гаргуулах хүсэлтэй байна. /хариуцагч Г.******* машиныг өгөх/ Мөн энэ хэргийн улмаас Улаанбаатараас Сүхбаатар аймагт энэ асуудлыг шийдвэрлүүлэхээр өнөөдрийг хүртэл 5 удаа ирж байна. Үүний тээвэр шатахууны зардалд одоогоор 3,585,000 төгрөг төлөөд байна.

Иймд *******аас эрүүл мэндэд учирсан хохирол 990,000 төгрөг, авто машины төлбөрт 30,000,000 төгрөг, УБ хотоос Сүхбаатар аймагт ирж буцсан шатахууны зардал 1.564.000 төгрөг, зочид буудалд болон бусад зардалд 2.021.000, авто оношилгооны 55.000 төгрөг, нийт 34.630.000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч, хариуцагч нар 2024 оны 05 сарын 15-ны өдөр шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: ******* би тус шүүхэд зам тээврийн ослын улмаас учирсан гэм хорын хохирол 34,630,000 төгрөгийг нэхэмжилсэн боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчтай харилцан тохиролцож нэхэмжлэлийн шаардлагаа 19,630,000 төгрөгөөр багасгаж, үлдсэн 15,000,000 төгрөгийг хариуцагч ******* төлөхөөр хүлээн зөвшөөрч, 2024 оны 05 сарын 30-нд 5,000,000 төгрөг, 2024 оны 06 сарын 30-нд 5,000,000 төгрөг, 2024 оны 07 сарын 30-нд 5,000,000 төгрөгийг төлж дуусгахаар тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулав гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

           Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Г.******* холбогдуулан эд хөрөнгөд учруулсан гэм хорын хохирол 34,630,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч ******* 34,630,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаа 19,630,000 төгрөгөөр багасгаж, үлдэгдэл 15,000,000 төгрөгийг хариуцагч ******* төлөхийг хүлээн зөвшөөрч, 2024 оны 05 сарын 30-нд 5,000,000 төгрөг, 2024 оны 06 сарын 30-нд 5,000,000 төгрөг, 2024 оны 07 сарын 30-нд 5,000,000  төлж дуусгахаар эвлэрлийн гэрээ байгуулсан байна.

 

Талуудын эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй, хуульд харшлахгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

            Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч Д.******* улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 331,100 төгрөгийн тал хувь 165,550 төгрөгийг улсын төсвийн орлогоос, зохигчдын эвлэрсэн үнийн дүн 15,000,000 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж 232,950 төгрөгийн тал хувь 116,475 төгрөгийг хариуцагч *******аас тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.   

 

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* нь эд хөрөнгөд учруулсан хохирол 34,630,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа 19,630,000 төгрөгөөр багасгаж, хариуцагч ******* үлдэгдэл 15,000,000 төгрөгийг 2024 оны 05 сарын 30-нд 5,000,000 төгрөг, 2024 оны 06 сарын 30-нд 5,000,000 төгрөг, 2024 оны 07 сарын 30-нд 5,000,000 төгрөгөөр тус тус төлөхөөр харилцан тохиролцож, эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч Д.******* улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 331,100 төгрөгийн тал хувь 165,550 төгрөгийг улсын төсвийн орлогоос, зохигчдын эвлэрсэн үнийн дүн 15,000,000 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж 232,950 төгрөгийн тал хувь 116,475 төгрөгийг хариуцагч *******аас тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

                                              ШҮҮГЧ                          П.БОЛОРМАА