Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 123

 

 

 

 

 

 

 

 

2019        09         04                                    123

 

 

“С” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч А-, А- нарт

холбогдох иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Баттөр даргалж, шүүгч С.Уранчимэг, Б.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 142/ШШ2019/00764дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: “С” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: А-, А- нарт холбогдох,

Гэм хорын хохирол 41.845.120 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Хариуцагч А-гийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2019 оны 07 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц, хариуцагч А-, А-, хариуцагч А-гийн өмгөөлөгч Э, нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.

Нэхэмжлэгч “С” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс 04-нд шилжих шөнө "С" ХХК-ийн өмчлөлийн Булган аймаг Орхон сумын Халиун багийн Хөх чулуут гэх газарт байрлах 2 давхар сууцанд сахиул болох н.Амгаланбаатар төвд орж ирээд хонож байх хойгуур түүний найз гэх А-, А- нар 2 эмэгтэйн хамт очиж архи ууж гал алдсанаас байшин шатаж компанид маань 41.845.120 төгрөгийн хохирол учирсан. 2017 оны 11 дүгээр сарын 04-ний өглөө 06 цаг 16 минутанд Орхон аймгийн Онцгой байдлын газарт иргэн Т.Буянхишиг 99384673 дугаарын утсаар байшин шатаж байгаа тухай дуудлага өгснөөр Гал унтраах.аврах нэгдүгээр зэрэглэлийн 56-р ангийн 2-р салааны захирагч.ахлах ахлагч Б.Амарбаяр салааны захирагч-1 хүн, аврагч жолооч-1 хүн, аврагч гал сөнөөгч-4 хүний бүрэлдэхүүнтэйгээ DEIWOO ОРХ 99-94 улсын дугаартай автоцистерн /АЦ-40У/-1 авто машинтай 14 км замыг 15 минут туулж очоод гал түймрийг бүрэн унтраасан болох нь 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн Гал түймэр гарсан тухай 118/28 дугаартай актаар нотлогдоно. Дээрх актыг үндэслээд эрүүгийн хэрэг үүсгэн шалгагдсан боловч хохирлын хэмжээгээр хэрэг хэрэгсэхгүй болсон. Нэхэмжилж байгаа сууцны үнээс гадна 3.0 сая гаруй төгрөгийн хохирол учирсан болохыг хариуцагч нар мэдэж байгаа. Иймд эд хөрөнгийг маань галдан шатааж хохирол учруулсан А-, А- нараас сууцны үнэ 41.845.120 төгрөг гаргуулан "С" ХХК-д олгуулахаар шийдвэрлэж өгнө үү" гэжээ.

Хариуцагч А- шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Миний бие С нь Ц гэдэг хүнийг танихгүй. 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр таксинд явж байтал А- Хүлэг захын урд тааралдсан. Тэрээр саяхан танилцсан 2 хүнтэйгээ жаахан ярьж архи машинд чинь ууя гэж гуйсаар би зөвшөөрсөн. Дараа нь Бүрэнбүст орно, тэнд байшин байгаа хүргээд өг гэсэн. Ингээд 10.000 төгрөгөөр бензин хийж хүргүүлсэн. Тэнд очоод байшингийн ойролцоо нэг айлд орсон.Би А-д хандан явлаа гэхэд биднийг нэг мөсөн явахад яв, буцах унаа байхгүй гэсэн. Тэр 3 нэг шил архи задалж ууж байгаад унтацгаасан. Би ч бас унтсан. Гэнэт чимээ гарах чимээгээр сэрээд хартал байшингийн яндангийн орчим таазнаас шатаж байсан. Ингээд бид тэднийг дуудаж сэрээгээд галыг унтраах гэсэн боловч дийлэхгүй байсан. Гал команд дуудах гэтэл гар утас унтарсан байсан. А- хая, явъя гэсээр явсан. Энэ үед 04:30 цаг болж байсан. Миний хувьд энэ айлын байшин гал авалцсан шалтгааныг юунаас болсныг сайн мэдэхгүй байгаа. Би өөрөө галдаж шатаагаагүй, тэр байр саванд очих шаардлага байхгүй тул нэхэж буй 41.845.120 төгрөгийг төлөх үндэслэл байхгүй гэжээ.

Хариуцагч А- шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Миний бие нь С ХХК-ийн гаргаж буй нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна. Тус амралтын газар 3 хүний хамт очсон бөгөөд бидний санамсар болгоомжгүй байдлаас болж уг гал түймэр гараагүй, тэгээд ч тус амралтын газрын сахиул н.Амгаланбаатарын эхнэр бидэнтэй хамт худаг орж 20 литр ус авч өгч өөрөө байшин онгойлгож гал түлж өгсөн. Түүнчлэн тус С ХХК пийшин зуухны галын аюулгүй байдлыг хангаагүйгээс гал түймэр гарсан гэж үзэж байна. Тольдох оюуны өгөөж ХХК-ийн гаргасан үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байна. Гал түймэр хэний буруутай үйлдлээс болж гарсныг тогтоолгож байж буруутай этгээдүүд уг хохирлыг хувааж төлөх нь зүйтэй гэжээ.

 Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 142/ШШ2019/00764 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг тус тус баримтлан А-, А- нараас тус бүр 12.055.230 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 17.734.660 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 367.176 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч А-, А- нараас тус бүр 139.251 төгрөг гаргуулан нэхэмжлэгч.С ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч А- давж заалдсан гомдолдоо:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй, үндэслэлгүй шийдвэр гаргасан гэж үзэж байна. Шүүхийн үндэслэх хэсэгт хариуцагч А-, А- нар нь 2017 оны 11 дүгээр сарын 03-наас 04-д шилжих шөнө "С"ХХК-ийн Булган аймгийн Орхон сумын Халиун багийн Хөх чулуут гэх газарт байрлах 2 давхар байшинд очиж гал түлж, архи уусан бөгөөд тэднийг унтаж байхад гал гарсан нь нотлогдож байна гэжээ. Гэтэл хавтас хэрэгт авагдсан баримтаар \ зөрчлийн арга авагдах үедээ өгсөн мэдүүлэгтээ\ А-г гал түлсэн тухай байдаггүй. Гал түймэр тус байшингийн пийшингийн яндангаас, дээврийн хэсгээс гарч байсан тухай гэрч нар мэдүүлсэн. Орхон аймгийн Онцгой байдлын газрын 2017 оны 11 дүгээр сарын 06-өдрийн 118\28 дугаартай "Гал түймэр гарсан тухай акт-д гал түймэр хаанаас гарсан, юунаас болсон шалтгаан нөхцөлийг дурдаагүй. 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 39\01 дугаартай зөрчлийг хэрэг нээж тогтоол үйлдэхэд А-, С нар нь Онцгой байдлын гал түймэр унтраах, аврах ангид дуудлага өгөлгүй хэргийн газрыг орхисон болох нь тогтоогдож байна гээд 100.000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан байдаг. Хариуцагч нарыг Галын аюулгүй байдлын тухай хуулийн 16.2.2 дах заалтыг зөрчсөн талаар тусгасан байна. Нэхэмжлэгч нь шаардлагадаа "ТӨ"ХХК -ний үнэлгээгээр 12x5 харьцаатай байшин 35.055.720 төгрөг, гэр доторхи эд зүйлс, тавилга 6.789.400 төгрөг нийт 41.845,120 төгрөгийг нэхэмжилдэг. Хариуцагч нар энэ үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байшингийн үнэлгээ бодит байдалд нийцээгүй, гэр дотор ийм их хэмжээний эд зүйлс, тавилга байгаагүй гэж мэдүүлж маргадаг бөгөөд нэхэмжлэгч ийм эд зүйлс байсан гэдгийг нотолж чаддаггүй. Харин гэрч Ягаанцэцэг шүүх хурал дээр мэдүүлэхдээ урьд нь нөхрийнхөө хамт энэ байранд бургас авахаар хэд хэдэн удаа ирж байсан үнэлгээнд дурдсан эд зүйлс тавилгууд байгаагүй гэдгийг мэдүүлдэг.Хариуцагч нар ч гэсэн юу юу хаана байсан талаар тодорхой хэлж мэдүүлдэг. Тиймээс дээрх үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй, энэ байшингийн үнэлгээ бодит байдалд нийцэхгүй Гэтэл анхан шатны шүүх шийдвэрлэхдээ “ТӨ" ХХК-ний үнэлгээг баримтлан 6.789.400 төгрөгийн эд зүйлс байсан мэтээр нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангасан нь үндэслэлгүй байна. Мөн "Ашид билгүүн"ХХК -ний үнэлгээгээр шатсан байшинг зах зээлийн дундаж үнийг 20.000.000 төгрөгөөр тооцож шүүх хариуцагч нараас 24.110.460 төгрөгийг тэнцүү хуваан гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Зах зээлийн дундаж үнийг 20.000.000 гэж үзвэл анхны үнэлгээ хийсэн Тольдох оюуны өгөөж ХХК-ны үнэлгээнээс давсан нь бодит байдалд нийцээгүй гэх үндэслэлтэй. Хэрвээ байшингийн үнийг хариуцагч нараас гаргах шаардлагатай гэж үзвэл "АБ ХХК -ний үнэлсэн 12.288.000 төгрөгийг хариуцагч нараас тэнцүү хувааж төлөхөөр шийдвэрлэсэн нь шударга ёсонд нийцэх байх гэж үзэж байна. Иймд Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 07- ны өдрийн 00764 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч “С” ХХКомпани хариуцагч А-, А- нарт холбогдуулан гэм хорын хохирол 41.845.120 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба шүүх Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг тус тус баримтлан А-, А- нараас тус бүр 12.055.230 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 17.734.660 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Булган аймгийн Орхон сумын Халиун багийн Хөх чулуут гэх газарт байрлах 2 давхар сууцанд хариуцагч А-, А- нарын болгоомжгүй үйлдлийн улмаас 2017 оны 11 сарын 4-ний өглөө гал гарч шатаж улмаар 41.845.120 төгрөгийн хохирол учирсан ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.11 дүгээр зүйлийн 2-т заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний объектив талын шинж болох хохирлын хэмжээнд хүрэхгүй гэсэн үндэслэлээр хэрэг бүртгэлийн хэргийг хааж шийдвэрлэсэн байна.

Хариуцагч А-, А- нарын гэм буруутай хууль бус үйлдэл тогтоогдсон хэдий ч тухайн шатсан 2 давхар сууцны өмчлөгч нь хуулийн этгээд эсхүл иргэн болохыг нотолсон баримт хэрэгт авагдаагүй, нэхэмжлэгч С ХХКомпаний үүсгэн байгуулагч нь хэн болох нь тодорхойгүй байхад /хэрэг бүртгэлийн хэргийн хохирогч Б.Цэдэндорж/ шүүх хариуцагч нараас тус бүр 12.055.230 төгрөг гаргуулж “С” ХХКомпанид олгож шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэргийн оролцогчийн эрх зүйн байдлыг зөв тодорхойлж чадаагүй, хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг дутуу бүрдүүлж шийдвэрлэсэн байх тул хариуцагч А-гийн гаргасан “үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байшингийн үнэлгээ бодит байдалд нийцээгүй, гэр дотор ийм их хэмжээний эд зүйлс, тавилга байгаагүй, Ашид билгүүн ХХК -ний үнэлсэн 12.288.000 төгрөгийг хариуцагч нараас тэнцүү хувааж төлөхөөр шийдвэл шударга ёсонд нийцнэ,... шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү“ гэх давж заалдах гомдолд эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 142/ШШ2019/00764 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагч А-гийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 211.861 төгрөгийг шүүгчийн захирамжаар төрийн сангаас буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Б.БАТТӨР

ШҮҮГЧИД                                                                С.УРАНЧИМЭГ

                                                                                 Б.ОЮУНЦЭЦЭГ