Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 03

 

 

 

                                        

 

   2022          02           08                                      2022/ДШМ/03

 

 

 

Д.Цэвээнравдан нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч М.Нямбаяр даргалж, Ерөнхий шүүгч Н.Туяа, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор: Э.Ууганзаяа

Хохирогчийн өмгөөлөгч Ж.Энхжаргал

Шүүгдэгч Б.Энхбаатар

Шүүгдэгч Д.Цэвээнравдан

Шүүгдэгч Б.Жавзандамба

Шүүгдэгч Д.Барсболдын өмгөөлөгч Л.Данзанноров/цахимаар/

Шүүгдэгч Д.Цэвээнравдангийн өмгөөлөгч Т.Баасанжаргал/цахимаар/

Шүүгдэгч Н.Бадрах, П.Амгаланбаатар нарын өмгөөлөгч Б.Батсүх/цахимаар/

Шүүгдэгч Ч.Пүрэвдоржийн өмгөөлөгч Л.Эрдэнэ-Оюун/цахимаар/

Шүүгдэгч Б.Энхбаатарын өмгөөлөгч Г.Батзаяа

Шүүгдэгч Б.Жавдандамбын өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг

нарийн бичгийн дарга Б.Уянга нар оролцов. 

 

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гантөгсийн даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 129 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч тэдгээрийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч Д.Цэвээнравдан нарт холбогдох эрүүгийн 201721000100 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч Н.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1.Монгол улсын иргэн, 1986 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Ховд аймгийн Дөргөн суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, Цогт барс ХХК-ний захирал ажилтай, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт Ховд аймгийн Жаргалант сумын Бугат багийн 25-14 тоотод оршин суух,  улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй Цоохор мод овогт Банзрагчийн Жавзандамба,/ПП86051513/,

2.Монгол улсын иргэн, 1968 оны 03 дугаар сарын 8-ны өдөр Ховд аймгийн Чандмань суманд төрсөн, 53 настай, эрэгтэй, дээд боловсролтой, төрийн удирдлага арга зүйч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, гэмт хэрэг үйлдэх үедээ Ховд аймгийн Засаг даргаар ажиллаж байсан, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Ховд аймгийн Жаргалант сумын Жаргалан багийн 4-р 30 айлын 17 тоотод оршин суух, Ардын хувьсгалын 80,90 жилийн ойн медаль, Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойн медаль, Алтан гадас одон, Хөдөлмөрийн гавьяаны одон зэргээр шагнагдаж байсан, урьд ял шийтгэлгүй Цэцэгт Олхонууд овогт Дамдиндоржийн Цэвээнравдан/ ПН68030817/,

3.Монгол улсын иргэн, 1979 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, Ховд аймгийн Жаргалант сумын 12 жилийн 1 дүгээр сургуульд нягтлан бодогч ажилтай, гэмт хэрэгт холбогдох үедээ Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын Санхүү төрийн сангийн хэлтсийн даргаар ажиллаж байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй ,ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт Ховд аймгийн Жаргалант сумын Жаргалан багийн 2-р 80 айлын 33 тоотод оршин суух,  Оорцог овогт Пидагийн Амгаланбаатар /ПВ79022313/,

4.Монгол улсын иргэн, 1978 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргаа удирдлагын хэлтэст мэргэжилтэн ажилтай, гэмт хэрэгт холбогдох үедээ Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн орлого, хөрөнгө оруулалт хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, ам бүл 5 эхнэр хүүхдүүдийн хамт Ховд аймгийн Жаргалант сумын Наран багийн Болорын 27 айлын орон сууцны 11 тоотод оршин суух Элжигэд овогт Баттулгын Энхбаатар /ПЮ78012319/,

5.Монгол улсын иргэн, 1954  оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Ховд аймгийн Зэрэг суманд төрсөн, 67 настай, эрэгтэй, дээд боловсролтой, сантехникийн инженер мэргэжилтэй, өндөр насны тэтгэвэрт байдаг, гэмт хэрэгт холбогдох үедээ Ховд аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргаар ажиллаж байсан, ам бүл 2 эхнэрийн хамт Ховд аймгийн Жаргалан сумын Магсаржав багийн 1-р 60 айлын 53 тоотод оршин суух, Алтангадас одон, Ойн медалиудаар шагнагдаж байсан, урьд ял шийтгэлгүй Буурлынхан овогт Чимгээгийн Пүрэвдорж /ПИ54010578/,

6.Монгол улсын иргэн, 1986 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Ховд аймгийн Зэрэг суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, гэмт хэрэгт холбогдох үедээ Ховд аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын Барилгын техник хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан, ам бүл 3, эхнэр хүүхдүүдийн хамт Ховд аймгийн Жаргалант сумын Буянт багийн Усан бассейны 38 айлын 12 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй Мөнхтөр овогт Даваагийн Барсболд/ПЕ86040711/,

7.Монгол улсын иргэн, 1964 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Ховд аймгийн Зэрэг суманд төрсөн, 57 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, Цаст-Алтайн хөгжил ХХК-ний захирал ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдүүдийн хамт Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржав багийн Алтайн буйлааст 2-р 12 айлын орон сууцны 4 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй,  урьд Ховд аймаг дахь сум дундын шүүхийн 1999 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.3-т зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлж байсан Багшийнхан овогт Норжмаагийн Бадрах/ ПЮ64052573/,

2.Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар:

2.1.Яллагдагч Б.Жавзандамба нь “Сумын төвийн шинэчлэл" төслийн хүрээнд Ховд аймгийн Зэрэг сумын төвд хийгдэх тохижилт, хашаажуулалтын ажлыг хийж гүйцэтгэлгүйгээр 'Алтайн Буйлааст" ХХКомпанийн захирал Н.Бадрахтай бүлэглэн ажлын хуурамч гүйцэтгэл хийж, аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга Ч.Пүрэвдорж, тус газрын мэргэжилтэн Д.Барсболд, аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга П.Амгаланбаатар, тус хэлтсийн мэргэжилтэн Б.Энхбаатар, аймгийн засаг дарга Д.Цэвээнравдан нараар гарын үсэг зуруулж баталгаажуулан улсын төсвөөс 279.000.000 төгрөгийн санхүүжилт авч, улмаар Монгол Улсын төсөвт онц их хэмжээний хохирол учруулсан,

Нийслэлийн Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ‘Хас" авто угаалгын гадна талд 2015 оны 5 дугаар сарын 11- ний өдөр хохирогч Д.Баатархуягийн өмчлөлийн эд хөрөнгө буюу "11-04 УБИ улсын дугаартай Тоёото Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг надад зарчих, би Ховд аймагт очиж мөнгийг нь шилжүүлнэ” хэмээн түүний эд хөрөнгө өмчлөх эрхийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар залилан мэхэлж, түүнд 14.000.000 төгрөгийн хохирол, улмаар 2015 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрт иргэн Д.Баатархуягийн өмчлөлийн 11-04 УБИ улсын дугаартай Тоёото Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг хохирогч Т.Айсэвлээд “уг машиныг хотоос авчирсан юм. Та энэ авто машиныг 12.000.000 сая төгрөгөөр худалдан авч болно” хэмээн хуурч мэхлэн, итгэл эвдэх аргаар залилан мэхэлж, түүнд 12.000.000 төгрөгийн хохирол,

 Ховд аймгийн Манхан сум Зэрэг гол багийн нутаг дэвсгэрт 2015 оны 6 дугаар сарын 23-ны өдөр хохирогч Э.Ганхуягт “Домбот хотхонд байрлах 2 өрөө бүхий байрыг зарна" хэмээн түүний 481 тооны хонь /эр төлөг/, 89 тооны сэрхийг өмчлөх эрхийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар залилан мэхэлж, улмаар түүнд 51.300.000 төгрөгийн хохирол буюу бусдад онц их хэмжээний хохирол тус тус учруулсан.

2.2.Яллагдагч “Алтайн Буйлааст" ХХКомпанийн захирал Н.Бадрах нь Цогт Барс” ХХКомпанийн захирал Б.Жавзандамбын “Зэрэг сумын төвд хийгдэх тохижилт, хашаажуулалт”-ын ажлыг хийж гүйцэтгээгүй байхад хийсэн мэтээр ажлын хуурамч гүйцэтгэл хийж, улмаар аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга Ч.Пүрэвдорж,мэргэжилтэн Д.Барсболд, Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга П.Амгаланбаатар, мэргэжилтэн Б.Энхбаатар, аймгийн Засаг дарга Д.Цэвээнравдан нараар гарын үсэг зуруулж баталгаажуулан улсын төсвөөс 279.000.000 төгрөгийн санхүүжилт авч, улмаар Монгол Улсын төсөвт онц их хэмжээний хохирол учруулсан.

2.3.Яллагдагч аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт барилгын техникийн хяналт хариуцсан мэргэжилтэн Д.Барсболд нь аймгийн Засаг дарга Д.Цэвээнравдангийн 2014 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн А/154 дүгээр захирамжаар, мөн Сангийн сайдын 2012 оны 290 дүгээр тушаалын хэрэгжилтийг хангах ажлын явцын гүйцэтгэлийн санхүүжилтийг олгохдоо аймгийн Санхүү, төрийн сангийн хэлтэс, явцын гүйцэтгэлийн талаар аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар хариуцахаар тусгасан байтал хийвэл зохих ажил үүргээ биелүүлэхгүй албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, “Цогт Барс" ХХКомпани нь Зэрэг сумын төвд тохижилт, хашаажуулалтын ажпыг хийж гүйцэтгээгүй байхад ажлын хуурамч гүйцэтгэлд гарын үсэг зурж баталгаажуулснаар “Цогт Барс" ХХКомпанид 279.000.000 төгрөг олгож, улмаар Монгол Улсын төсөвт онц их хэмжээний хохирол учруулсан

2.4.Яллагдагч аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргаар ажиллаж байхдаа Ч.Пүрэвдорж нь аймгийн Засаг дарга Д.Цэвээнравдангийн 2014 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн А/154 дүгээр захирамжаар, мөн Сангийн сайдын 2012 оны 290 дүгээр тушаалын хэрэгжилтийг хангах ажлын явцын гүйцэтгэлийн санхүүжилтийг олгохдоо аймгийн санхүү төрийн сангийн хэлтэс, явцын гүйцэтгэлийн талаар аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар хариуцахаар тусгасан байтал хийвэл зохих ажил үүргээ биелүүлэхгүй албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, “Цогт Барс” ХХКомпани нь Зэрэг сумын төвд тохижилт, хашаажуулалтын ажлыг хийж гүйцэтгээгүй байхад ажлын хуурамч гүйцэтгэлд гарын үсэг зурж баталгаажуулснаар Цогт Барс ХХКомпанид 279.000.000 төгрөг олгож, улмаар Монгол Улсын төсөвт онц их хэмжээний хохирол учруулсан.

2.5.Яллагдагч аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа Д.Цэвээнравдан нь хуулиар хүлээсэн хийвэл зохих ажил үүргээ биелүүлэхгүй, албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Цогт Барс ХХКомпанийн захирал Б.Жавзандамбатай 2014 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр "Сумын төвийн шинэчлэл" төслийн хүрээнд тохижилт, хашаажуулалтын ажлыг 279.000.000 төгрөгөөр хийж гүйцэтгэх гэрээг шууд байгуулах ажлыг зохион байгуулсан.

Улмаар “Цогт Барс" ХХКомпанийн захирал Б.Жавзандамба Зэрэг сумын төвд хийгдэх тохижилт, хашаажуулалтын ажлыг хийж гүйцэтгээгүй байхад 2014 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн 1/2492 тоот “Санхүүжилт хүсэх' тухай албан бичгээр 132.818.160 төгрөгийг, мөн өдрийн 1/2493 тоот албан бичгээр эхний санхүүжилт 85.134.147 төгрөгийг, 2014 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 1/2568 тоот албан бичгээр тохижилт, хашаажуулалтын ажлын үлдэгдэл санхүүжилт 60.867.694 төгрөгийг “Цогт Барс’ ХХКомпанид тус тус олгуулахаар Сангийн яамны төсвийн бодлого, төлөвлөлтийн газарт хандан, санхүүжилтийг бүрэн олгож, улсын төсвөөс 279.000.000 төгрөг гаргуулан Монгол Улсын төсөвт онц их хэмжээний хохирол учруулсан,

2.6.Яллагдагч аймгийн Засаг даргын Тамгын газарт хөрөнгө оруулалт хариуцсан мэргэжилтэн Б.Энхбаатар нь хийвэл зохих ажил үүргээ биелүүлэхгүй, албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, аймгийн Засаг дарга Д.Цэвээнравдангийн 2014 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн А/154 дүгээр захирамжаар, мөн Сангийн сайдын 2012 оны 290 дүгээр тушаалын хэрэгжилтийг хангах ажлын явцын гүйцэтгэлийн санхүүжилтийг олгохдоо аймгийн Санхүү, төрийн сангийн хэлтэс, явцын гүйцэтгэлийн талаар аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар хариуцахаар тусгасан байтал ‘Цогт Барс" ХХКомпани нь Зэрэг сумын төвд тохижилт, хашаажуулалтын ажлыг хийж гүйцэтгээгүй байхад ажлын хуурамч гүйцэтгэлд гарын үсэг зурж баталгаажуулснаар “Цогт Барс" ХХКомпанид 279.000.000 төгрөг олгож, улмаар Монгол Улсын төсөвт онц их хэмжээний хохирол учруулсан,

2.7.Яллагдагч  аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн даргаар ажиллаж байхдаа П.Амгаланбаатар нь хийвэл зохих ажил үүргээ биелүүлэхгүй, албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, аймгийн Засаг дарга Д.Цэвээнравдангийн 2014 оны 3 дугаар сарын 31- ний өдрийн А/154 дүгээр захирамжаар, мөн Сангийн сайдын 2012 оны 290 дүгээр тушаалын хэрэгжилтийг хангах ажлын явцын гүйцэтгэлийн санхүүжилтийг олгохдоо аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар хариуцахаар тусгасан байтал “Цогт Барс" ХХКомпани нь Зэрэг сумын төвд тохижилт, хашаажуулалтын ажлыг хийж гүйцэтгээгүй байхад ажлын хуурамч гүйцэтгэлд гарын үсэг зурж баталгаажуулснаар “Цогт Барс” ХХКомпанид 279.000.000 төгрөг олгож, улмаар Монгол Улсын төсөвт онц их хэмжээний хохирол учруулсан хэрэгт тус тус холбогджээ.

3.Ховд аймгийн Прокурорын газраас: Б.Жавзандамбын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий  ангийн 35 дугаар зүйлийн 35.5, 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2-т зааснаар,

Н.Бадрахын үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2-т зааснаар,

Д.Барсболдын үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий  ангийн 35 дугаар зүйлийн 35.5, 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2-т зааснаар,

Ч.Пүрэвдоржийн үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий  ангийн 35 дугаар зүйлийн 35.5, 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2-т зааснаар,

Д.Цэвээнравдангийн үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий  ангийн 35 дугаар зүйлийн 35.5, 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2-т зааснаар,

Б.Энхбаатарын үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий  ангийн 35 дугаар зүйлийн 35.5, 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2-т зааснаар,

П.Амгаланбаатарын үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий  ангийн 35 дугаар зүйлийн 35.5, 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

4.Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тогттоолын:

1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Б.Жавзандамба, Н.Бадрах, Д.Цэвээнравдан, П.Амгаланбаатар, Б.Энхбаатар, Ч.Пүрэвдорж, Д.Барсболд нарт Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Ууганзаяагаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5, 36 дугаар зүйлийн 36.3-т заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 болгон өөрчилж,

2.Шүүгдэгч Цоохор мод овогт Банзрагчийн Жавзандамбыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан бусдад их хэмжээний хохирол учруулж залилах гэмт хэрэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2-т заасан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгож их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн,

Шүүгдэгч Багшийнхан овогт Норжмаагийн Бадрах, Цэцэгт олхонууд овогт Дамдиндоржийн Цэвээнравдан, Оорцог овогт Пидагийн Амгаланбаатар, Илжигэд овогт Баттулгын Энхбаатар, Буурлынхан овогт Чимгээгийн Пүрэвдорж, Мөнхтөр овогт Даваагийн Барсболд нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2-т заасан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

3.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Цоохор мод овогт Банзрагчийн Жавзандамбад 02/хоёр/ жил 01/нэг/ сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн 3.1 дүгээр зүйлийн 3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2/хоёр/ жилийн хугацаагаар хасаж 1/нэг/  жил 1/нэг/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж,

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Н.Бадрах, Д.Цэвээнравдан, П.Амгаланбаатар, Б.Энхбаатар, Ч.Пүрэвдорж, Д.Барсболд нарыг тус бүрийг нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, шүүгдэгч тус бүрийг таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5400000/таван сая дөрвөн зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж,

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Б.Жавзандамбад оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 02/хоёр/ жил 01/нэг/ сарын хугацаагаар хорих ял дээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар 1/нэг/ жил 1/нэг/ сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 3/гурав/ жил 2/хоёр/ сарын хугацаагаар тогтоож,

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Б.Жавзандамбад оногдуулсан 3/гурав/ жил 2/хоёр/ сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-т зааснаар шүүгдэгч Н.Бадрах, Д.Цэвээнравдан, П.Амгаланбаатар, Б.Энхбаатар, Ч.Пүрэвдорж, Д.Барсболд нарт оногдуулсан торгох члыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлж, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд төлөөгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч нарт мэдэгдэж,

8.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3-т зааснаар шүүгдэгч Б.Жавзандамбад оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 2/хоёр/ жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг хорих ял эдэлж дууссанаар, шүүгдэгч Н.Бадрах, Д.Цэвээнравдан, П.Амгаланбаатар, Б.Энхбаатар, Ч.Пүрэвдорж, Д.Барсболд нарт оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчинтөгөлдөр болох үеэс эхлэн тоолж,

9.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Б.Жавзандамбаас 51300000/тавин нэгэн сая гурван зуун мянган/ төгрөг гаргуулж хохирогч Э.Ганхуягт, Цогтбарс ХХК-ны захирал шүүгдэгч Б.Жавзандамбаас, 279000000 /хоёр зуун далан есөн сая/ төгрөг гаргуулж Ховд аймгийн Засаг даргын Тамгын газарт олгуулж,

10.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Б.Жавзандамба нь цагдан хоригдсон 112 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож,

11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар Б.Жавзандамбын өмчлөлийн Ховд аймгийн Жаргалан сумын 4-р баг, Бугат багийн 25-14 тоотод байрлах Г-1617003229 дугаартай 879.2 м.кв газар, Ү-1617003220 дугаартай 41 м.кв граж, Ү-1617003845 дугаартай 69.33 м.кв хувийн сууцыг битүүмжилсэн 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн тогтоолыг төлбөр төлөгдөх хүртэл хэвээр үлдээж,

12.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.2 дугаар зүйлийн 3-д зааснаар хадгалах үүрэг хүлээлгэсэн шүүгдэгч Д.Цэвээнравдангийн өмчлөлийн Ховд аймгийн Жаргалант сумын Жаргалан багийн 30 айлын 17 тоото 2 өрөө  Ү-161700185 дугаартай орон сууц битүүмжилсэн 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн шүүгдэгч Д.Барсболдын Тоёото Королло маркийн 72-37 ХОҮ улсын дугаартай авто машин битүүмжилсэн 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн шүүгдэгч П.Амгаланбаатарын Мицубиши пажеро маркийн 28-76 ХОҮ улсын дугаартай авто машин битүүмжилсэн 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн, шүүгдэгч Б.Энхбаатарын Тоёото Приус-20 маркийн 09-43 ХОҮ улсын дугаартай автомашин битүүмжилсэн 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн, шүүгдэгч Ч.Пүрэвдоржийн Мицубиши пажеро маркийн 42-48 ХОА улсын дугаартай автомашин  битүүмжилсэн 2017 оны 02 сарын 17-ны өдрийн, шүүгдэгч Н.Бадрахын Lexus 470  маркийн 44-99 ХОА улсын дугаартай автомашин битүүмжилсэн 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн тогтоолуудыг цуцалж, хэрэгт эд мөрийн баримтаар болон шүүгдэгч нарын бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдаж,

13.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Б.Жавзандамбад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч Н.Бадрах, Д.Цэвээнравдан, П.Амгаланбаатар, Б.Энхбаатар, Ч.Пүрэвдорж, Д.Барсболд нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

5.Хэргийн оролцогчдын давж заалдсан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар:

5.1.Шүүгдэгч П.Амгаланбаатар, Н.Бадрах нарын өмгөөлөгч Б.Батсүх давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Сумын төвийн шинэчлэл төслийн хүрээнд Ховд аймгийн Зэрэг суманд хийгдэх тохижилт, хашаажуулалтын ажлын ТШ/2014/А/51 дугаар гэрээний ерөнхий ойлголт юм. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1-д энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно гэсэн гэмт хэргийн ойлголт шинжийг агуулаагүй үйлдэл буюу Ховд аймгийн Засаг даргын 2014 оны А/154 дугаар  захирамж,Сангийн сайдын 2012 оны 290 дугаар тушаалыг дугаар тушаалыг зөрчсөнөөр гэм буруутайд тооцох боломжгүй юм. Өөрөөр хэлбэл Засаг даргын захирамж, Сангийн сайдын тушаалыг зөрчсөн үйлдэл нь нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй гэж үзэх боломжгүй юм.

Сангийн сайдын 290 дугаар тушаал 2012 оны 12 дугаар сарын 27-ны өдөр батлагдсан бөгөөд уг тушаалын үндэслэл болсон Төсвийн байгууллагын удирдлага санхүүжилтийн тухай хууль нь 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчингүй болсон. Энэхүү сангийн сайдын тушаалыг үндэслэн  Ховд аймгийн Засаг дарга А/154 дугаар захирамж гаргасан. Хүчингүй болгосон хуулийг үндэслэн гаргасан 290, А/154 дугаар захирамжийг үндэслэн ял халдааж буй нь хүлээн зөвшөөрөх боломжгүй юм.  Шүүгдэгч Н.Бадрах нь төрийн байгууллагад удирдах, гүйцэтгэх албан тушаал эрхэлдэггүй бөгөөд Төрийн албаны тухай хуулинд зааснаар төрийн албан тушаалын удирдах, гүйцэтгэх, туслах албан тушаалтан биш этгээд юм. Мөн Н.Бадрах нягтлангаараа дамжуулан гүйцэтгэлийг хийж өгсөн боловч гүйцэтгэлийн талаар нэр бүхий албан тушаалтан нарт хэлснээс биш гүйцэтгэлд гарын үсэг зурахыг шаардаагүй, тухайн албан тушаалтан нар нь ажил хийнэ гэсэн үүднээс гүйцэтгэлд гарын үсэг зурсан гэдгээ шүүхийн шинэчилсэн байцаалтад мэдүүлсэн. П.Амгаланбаатар үйлдлээрээ хувийн ашиг ашиг сонирхлоо гүйцэлдүүлээгүй, албаны эрх ашиг эсрэг хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлээгүй тухайн ажилд хяналт тавих чиг үүрэг бүхий байгууллагын холбогдох албан тушаалтан гүйцэтгэлд гарын үсэг зурсан байдал, тухайн ажилд гүйцэтгэлийн хувьд хяналт тавих албан тушаалтан биш тул хийх ёстой үйлдлийг хийж гүйцэтгэлд гарын үсэг зурсан нь албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласан гэж үзэх боломжгүй юм.

Мөрдөн байцаалт, прокурорын хяналтад хэргийг тал бүрээс бодитой шалган тогтоогүйн дээр нотолбол зохих асуудлыг нотолж чадаагүй. Хэдийгээр улсын төсөвт 279 сая төгрөгийн бодит хохирол учирсан боловч энэхүү хохирлын тухайн гүйцэтгэгч хариуцан арилгах үүрэгтэй бөгөөд албан тушаалтан нар нь давуу байдлыг Цогт барс ХХК-д олгогдоогүй байдаг. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

5.2. Шүүгдэгч Ч.Пүрэвдоржийн өмгөөлөгч М.Эрдэнэ-Оюун давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ч.Пүрэвдорж нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2-т заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжүүдийг хангах гэмт хэрэг үйлдээгүй болох нь нотлогдон тогтоогдож байна.

Авилгын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах гэж албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийхийг хуульчилсан. Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэхгүй бөгөөд Эрүүгийн хуульд заасан төрийн албан тушаалтан хэмээх ойлголтыг адилтгаж хэрэглэснээр нийт шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэж байна. Түүнчлэн хэрэг шалгах ажиллагаа бүрэн гүйцэд хийгдээгүй бөгөөд энэ олон удаагийн хэргийг мөрдөн байцаалтанд буцаасан шүүгчийн шийдвэрүүд биелэгдээгүй тухайлбал барилга хүлээн авах комиссын актгүйгээр төсвийн мөнгө гарах боломжгүй байгааг шалгаж тогтоогоогүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шүүгдэгч Ч.Пүрэвдоржид холбогдох үйлдлийг цагаатгаж өгнө үү гэв.

5.3. Шүүгдэгч Б.Энхбаатар түүний өмгөөлөгч Г.Батзаяа нарын давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн обьектив болох субьектив талын бүрэлдэхүүний шинжийг хэрхэн агуулж байгааг тайлбарлаагүйгээс гадна нотлох баримтанд үндэслэлгүйгээр шууд дүгнэн бичсэн нь ойлгомжгүй болжээ.

Авилгын эсрэг хуулийн 3.1.3-т зааснаар ойлгох бөгөөд хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгоор хийх ёсгүй зүйлийг хийх гэдгийг нотлох баримтанд үндэслэн тайлбарлалгүй зөвхөн журам зөрчсөн гэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй. Хашаажуулалтын ажил гүйцэтгэгдээгүй гэдгийг мэдсээр байж хувьдаа ашиг орлого, авилга хээл хахууль авсан зүйл байхгүй гэдгийг удаа дараа тайлбарлаж мэтгэлцсэн байхад шүүх үүнийг үгүйсгэсэн няцаасан ямар ч дүгнэлт хийгээгүй. Сангийн сайдын журам, Засаг даргын захирамж зөрчсөн үйлдэл болгон гэмт хэрэг болохгүй бөгөөд хуурамч гэдгийг мэдсээр байж хувийн ашиг сонирхлоо хэрэгжүүлэх үүднээс зориудаар хүсэж үйлдсэн байх юм. Хэдийгээр улсын төсөвт 279 сая төгрөгийн бодит хохирол учирсан боловч энэхүү хохирлыг тухайн гүйцэтгэгч хариуцан арилгах үүрэгтэй бөгөөд албан тушаалтан нар нь давуу байдлыг Цогт барс ХХК-д олгогдоогүй байдаг. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хэргийн бодит байдалд нийцээгүй байх тул шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

5.4 Шүүгдэгч Д.Цэвээнравдан түүний өмгөөлөгч Т.Баасанжаргал нарын давж заалдах гомдол шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Прокуророос буцаан хэрэглэх нь зүйтэй гэж үзсэн шалтгаанаа яллах дүгнэлтдээ тайлбарлаагүй. Шүүх прокурорын яллах дүгнэлтээс зөрүүтэйгээр хууль хэрэглэсэн.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд 2015 оны Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх үндэслэлээ тайлбарлахдаа торгох ялын доод хэмжээ багассан гэснээс бусад ял шийтгэл өөрчлөгдсөнийг үндэслэлтэйгээр тайлбарласангүй. Шинэ хуулинд зорчих эрх хязгаарлах ял шинээр нэмэгдсэн, мөн эрх хасах нэмэгдэл ялын доод хэмжээ нэмэгдсэн зэрэг нөхцөл нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж байгааг анхаарч үзсэнгүй.

Шүүгдэгч Д.Цэвээнравданг Эрүүгийн хуулиар хориглогдсон, хамгаалагдсан ямар ч төрлийн гэмт хэргийг үйлдсэн гэж үздэггүй. Ховд  аймгийн Засаг даргын хувьд өөрт олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд аймгийн хэмжээнд тендер  шалгаруулалтыг сонгон шалгаруулах эрх бүхий субьктуудын сонгон шалгаруулсан аж ахуй нэгжтэй гэрээ байгуулсан явдал юм.

Шүүхийн шийдвэр ойлгомжтой, шүүгдэгч нэг бүрийг гэм буруутай эсэхийг тогтоосон баримтын хүрээнд тодорхой бичигдээгүй байна.

Иймд Д.Цэвээнравданд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү гэв.

5.5. Хохирогч Э.Ганхуягийн өмгөөлөгч Ж.Энхжаргалд давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр, хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл нотолбол зохих байдлуудыг бүрэн нотолсон.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч тэдгээрийн өмгөөлөгч нарын гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэв.

5.6.Шүүгдэгч Д.Барсболдын өмгөөлөгч Л.Данзанноров давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ хэргийг шүүхээр хянан хэлэлцэхэд шүүгдэгч нарын өмгөөлөгчдийн зүгээс хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул хэргийг хэрэгсэхгүй болгож, нэр бүхий шүүгдэгч нарыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлтэй талаар тайлбарласан боловч анхан шатны шүүх үндэслэлтэй тайлбар өгөөгүй.

2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс өмнө эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан, хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан хэргүүд байсан бөгөөд эрүүгийн 201721000100 дугаартай хэргийн хувьд 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдөр яллагдагчаар татсан хэдий ч 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр буюу 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн  Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт оруулсан өөрчлөлт хэрэгжиж эхлэхээс өмнө хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байсан.

Анхан шатны шүүхээс Д.Барсболдыг буруутгасан гэхдээ аль заалтыг зөрчсөн талаар тодорхой дүгнээгүй Д.Барсболд нь Цогт барс ХХК-тай хийсэн гэрээг баталгаажуулаагүй, уг гэрээнүүдэд гарын үсэг зураагүй, хяналт хэрэгжүүлэх үүрэг гэрээгээр хүлээгээгүй. Харин Д.Барсболд нь Цогт барс ХХК-ний ажлын гүйцэтгэл бодитоор хийгдээгүй байхад хийгдсэн мэтээр гүйцэтгэлийн хуудсыг баталгаажуулж, гарын үсэг зурсан, олгосон үйлдэл нь 2002 онд батлагдсан Эрүүгийн хуулийн 271 дугаар зүйлд заасан албан тушаалтан хуурамч баримт бичиг үйлдэх гэмт хэргийн шинжийг илүүтэй агуулсан байх магадлалтай.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, Д.Барсболдод холбогдох хэргийн зүйлчлэлийг зөвтгөн, хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

5.7 Шүүгдэгч Б.Жавзандамба түүний өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг нар давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлгүй гарсан гэж үзэж байна. Шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцсон атлаа хохирлыг ганцхан Б.Жавзандамбааг гаргуулж байгааг хүлээг зөвшөөрөхгүй байна гэв.

5.8.Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Шүүгдэгч Б.Жавзандамба нь эхний удаа санхүүжилтээ авахын тулд газрын албаны мэргэжилтэн Д.Барсболдтой уулзсан ба Д.Барсболд нь санхүүжилт авахын тулд ямар материал бүрдүүлэхийг хэлж явуулсан ба тухайн баримтыг бүрдүүлэхийн тулд “Алтайн Буйлаас” ХХК-ний захирал Н.Бадрахтай бүлэглэн хуурамч ажлын гүйцэтгэлийн баримт бүрдүүлж газрын албаны Д.Барсболдод өгсөн байдаг. Д.Барсболд нь санхүүжилтийн материал дээр тухайн ажил эхэлсэн эсэх, ямар шатанд явж байгаа эсэхийг нягтлахгүйгээр гарын үсэг зурж баталгаажуулсан. Улмаар Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга Ч.Пүрэвдорж нь санхүүжилт хүссэн материалыг хянахгүйгээр гарын үсэг зурж, цаашилбал төрийн албан тушаалтан болох П.Амгаланбаатар, Б.Энхбаатар, Д.Цэвээнравдан нараар гарын үсэг зуруулж 3 удаагийн үйлдлээр нийт 279.000.000 төгрөг улсын төсвөөс шүүгдэгч Б.Жавзандамбад гаргуулан өгөхөд хамтран оролцсон нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон.

Энэ бүлэгт дурдсан төрийн албан тушаалтан гэдэгт төрийн байгууллагад удирдах, гүйцэтгэх албан тушаал эрхэлж байгаа этгээдийг хамааруулна гэж заасан тул гэм буруутайд тооцосн шийтгэх тогтоол үндэслэлтэй. Харин гэмт хэргийн улмаас улсад учирсан хохирол болох 279.000.000 төгрөгийг шүүгдэгч Б.Жавзандамбаас дангаар нь гаргуулна гэж шийдвэрлэсэнийг хүлээн зөвшөөрөхгүй тул шүүгдэгч тус бүр гэмт хэрэгт хамтран оролцсон дээрх санхүүжилтийг улсын төсвөөс гаргуулан авсан, өнөөдрийн байдлаар хийгдсэн ажил байхгүй байгаа зэрэг нөхцөл байдал нь шүүгдэгч нар нь улсад учирсан хохирлыг хувь тэнцүүлэн төлөх ёстой гэж үзэж байна. Иймд улсад учирсан 279.000.000 төгрөгийн хохиролыг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулж нэг шүүгдэгчээс 39.857.142 төгрөгөөр тооцож улсын төсөвт шилжүүлэхээр гэж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж бусад шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болсон эсэхийг шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгчдийн гомдолд дурдсан  үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг  бүхэлд нь хянаж үзлээ.

1. Эрүүгийн 201621000256 дугаартай хэргийн процессын түүх буюу “анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах замаар хэргийг эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй” гэж давж заалдах шатны шүүх дүгнэсэн талаар.

Ховд аймгийн Прокурорын газраас “Монгол Улсын төсөвт онц их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэргийн шинжтэй мэдээллийг шалгаад 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 201621000256 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэж, хэрэгт мөрдөн байцаалт явуулахыг Авилгатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст даалгажээ. Авилгатай тэмцэх газар уг хэрэгт мөрдөн байцаалт явуулж, нэр бүхий албан тушаалтнуудыг яллагдагчаар татан хэргийг прокурорт шилжүүлснийг Ховд аймгийн Прокурорын газраас 2017 оны 6 дугаар сарын 03-ны өдөр яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх хэрэг хүлээн авсан үеэс буюу 2017 оны 6 дугаар сарын 03-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүртэл Б.Жавзандамба нарт  холбогдох эрүүгийн  201721000100 дугаартай хэргийг 6 удаа хянан хэлэлцэж, 4 удаа хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж, 2 удаа  яллагдагч нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.

Харин  давж заалдах шатны шүүх прокурорын эсэргүүцлийг үндэслэн 1 удаа хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцаасан шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, 1 удаа анхан шатны шүүхийг хэрэг хянан шийдэрлэх ажиллагааны хуульд заасан журам зөрчсөн гэх үндэслэлээр, 4 удаа “хэргийг прокуророос ирүүлсэн хэргийн хүрээнд эцэслэн шийдвэрлэх боломжтой” гэх агуулгаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэсэн байна.

Давж заалдах шатны шүүх удаа дараа “прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хэргийг шийдвэрлэх боломжтой байна” гэх агуулгатай дүгнэлт хийж, хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байхад анхан шатны шүүх удаа дараа хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаан шийдвэрлэжээ.

Энэ нь уг хэрэг шүүхийн шатанд шийдвэрлэгдэхгүй удаашрах шалтгаан болсон бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг анхан шатны шүүх, прокурор, мөрдөгч биелүүлнэ.”, мөн хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болно гэх хуулийн зохицуулалтыг анхан шатны шүүх биелүүлээгүй байна.

Өөрөөр хэлбэл энэ хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа 6 сар 20 хоног явагдсан бол хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсний дараа 4 жил 4 сар 19 хоногийн дараа анхан шатны шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн байх тул давж заалдах шатны шүүх “анхан шатны шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах” замаар хэргийг эцэслэн шийдвэрлэв.

2. Хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул “хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй” байна.

3. Энэ хэргийн үйл баримтыг тогтоох үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх талаар мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх бөгөөд шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нь дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ. Үүнд

3.1 Шүүгдэгч Б.Жавзандамба нь  Нийслэлийн Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ‘Хас" авто угаалгын гадна талд 2015 оны 5 дугаар сарын 11-ний өдөр хохирогч Д.Баатархуягийн өмчлөлийн эд хөрөнгө буюу "11-04 УБИ улсын дугаартай Тоёото Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг надад зарчих, би Ховд аймагт очиж мөнгийг нь шилжүүлнэ” хэмээн түүний эд хөрөнгө өмчлөх эрхийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар залилан мэхэлж, түүнд 14.000.000 төгрөгийн хохирол,

улмаар 2015 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрт иргэн Д.Баатархуягийн өмчлөлийн 11-04 УБИ улсын дугаартай Тоёото Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг хохирогч Т.Айсэвлээд “уг машиныг хотоос авчирсан юм. Та энэ авто машиныг 12.000.000 сая төгрөгөөр худалдан авч болно” хэмээн хуурч мэхлэн, итгэл эвдэх аргаар залилан мэхэлж, түүнд 12.000.000 төгрөгийн хохирол,

Ховд аймгийн Манхан сум Зэрэг гол багийн нутаг дэвсгэрт 2015 оны 6 дугаар сарын 23-ны өдөр хохирогч Э.Ганхуягт “Домбот хотхонд байрлах 2 өрөө бүхий байрыг зарна" хэмээн түүний 481 тооны хонь /эр төлөг/, 89 тооны сэрхийг өмчлөх эрхийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар залилан мэхэлж, улмаар түүнд 51.300.000 төгрөгийн хохирол буюу бусдад онц их хэмжээний хохирол тус тус учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь:

Хохирогч Д.Баатархуягийн “...надад өөрийн болон эхнэрийнхээ иргэний үнэмлэхийг хуулбарлаад худалдаж авсан авто машиныхаа мөнгийг 2015 оны 5 дугаар сарын 20-өдөр өгнө гэж бичиг хийж өгсөн. Би урьд нь ийм байдлаар машин зардаг байсан бөгөөд асуудалгүй цаг хугацаандаа өгчихдөг байсан тэгэхээр нь энэ залууд бас итгээд өгөөд явуулсан юм. Тэгээд надад ярихдаа Ховд аймагт барилга барьж байгаа бизнес хийдэг гэх маягаар яриад итгээд өгчхөөч гээд байхаар нь өгсөн” гэх мэдүүлэг /5хх-н 165-166х/ ,

            Хохирогч Т.Айсэвлэгийн “...тэр машины гэрчилгээ нь өөр хүний нэр дээр байхаар нь миний нэр дээр шилжүүлээд өгчих гэсэн гэсэн чинь манай төрсөн ахын нэр дээр байгаа, та санаа зоволтгүй би ажлаа дуусгаж байгаад танд шилжүүлж өгнө гэсэн. Тухайн үед Б.Жавзандамба нь миний машин өөрөө авч ирсэн, миний төрсөн ахын нэр дээр байгаа гэхээр нь итгэсэн юм” гэх мэдүүлэг /5хх-н 167-168х/,

            Гэрч Ж.Энхтүвшингийн ...манай ээжийн төрлийн хүүхэд болох Б.Баатархуяг нь Япон улсаас авто машин оруулж ирж худалддаг юм. Улаан өнгийн приус машиныг тэр хүн нь зээлээр авч байгаа, мөнгөө өгөхөөр нь нэр шилжүүлж өгөхөөр тохирсон тул таны нэр дээр тээврийн хэрэгслийн гэрчилгээ гаргачихъя гээд миний нэр дээр гэрчилгээ гаргуулсан” гэх  мэдүүлэг /5хх-н 169х/,

            Хохирогч Э.Ганхуягийн “... би Б.Жавзандамба гэдэг хүнтэй Домбот хотхоны 21 тоотод байрлах 2 өрөө байрыг 570 толгой малаар сольж авахаар тохиролцоод Б.Жавзандамба  нь Мөнхбат гэдэг хүнд 70 сэрх өгөх ёстой, танайд үлдээчихлээ ирээд авах байх гэж хэлээд 481 тооны төлөг, 19 тооны сэрхийг 2 залуугаар туулгаад аваад явсан. Байрныхаа бичиг баримтыг яаж шилжүүлж авах юм бэ гэсэн чинь Б.Жавзандамба би малаа туугаад орж байхад 2-3 хонох байхаа та араас ороод ирээрэй гэж хэлсэн” гэх мэдүүлэг /5хх-н 33-37х/,

            Гэрч Н.Ядамсүрэнгийн “...би Манхан сумын Зэрэг гол багийн малчин Э.Ганхуягаас очиж 70 сэрх авсан. Б.Жавзандамба” тэднийхээс очиж мал авахдаа үлдээгээд явсан байсан. Би Б.Жавзандамбаас 100,000 төгрөгөөр бодож авсан гэх мэдүүлэг /5хх-н 38х/,

Хохирогч Э.Ганхуягийн хотноос буюу Манхан сумын Зэрэг гол багаас Дөргөн сум хүртэл мал тууж өгсөн гэрч Ц.Магсар, Н.Бямба нарын мэдүүлэг /5хх-н 46-47х/,

            Гэрч Д.Мягмаржавын “...Б.Жавзандамба чинь 500 хонь авч явчхаад надад байрныхаа ордерийг шилжүүлж өгөхгүй байна, чи очоод уулзаад ордер шилжүүлж өгнө гэсэн яасан бэ? гээд асуугаад өг гэж хэлсэн. Б.Жавзандамба сарын дараа би яг найдвартай байрныхаа ордерийг шилжүүлж өгнө гэж хэлээд явсан. Тэгээд тэрнээс хойш Б.Жавзандамбатай уулзаагүй, утсаа ч авахгүй яваад алга болсон” гэх мэдүүлэг /5хх-н 48х/,

            Шүүгдэгч Б.Жавзандамбын Хаан банкны зээлийн барьцаанд байсан байрыг Хаан банкны ажилтантай гэрээ хийж худалдан авсан гэрч Б.Батгэрэлийн мэдүүлэг /5хх-ийн 56-57х/ зэрэг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

            3.2 Мөн шүүгдэгч Б.Жавзандамба нь “Сумын төвийн шинэчлэл" төслийн хүрээнд Ховд аймгийн Зэрэг сумын төвд хийгдэх тохижилт, хашаажуулалтын ажлыг хийж гүйцэтгэлгүйгээр Алтайн Буйлааст ХХК-ийн захирал Н.Бадрахтай бүлэглэн ажлын хуурамч гүйцэтгэл хийж, аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга Ч.Пүрэвдорж, тус газрын мэргэжилтэн Д.Барсболд, аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга П.Амгаланбаатар, тус хэлтсийн мэргэжилтэн Б.Энхбаатар нараар гарын үсэг зуруулж, баталгаажуулан улсын төсвөөс 279.000.000 төгрөгийн санхүүжилт авч, улмаар Монгол Улсын төсөвт онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь:

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Ганзоригийн “...уг албан тушаалтнуудын хууль бус үйлдлийн улмаас Ховд аймгийн Засаг даргын Тамгын газарт 279,000,000 төгрөгийн хохирол учирсан, өнөөдрийн байдлаар уг хохирлоос нөхөн төлсөн зүйл байхгүй, хийж хүлээлгэн өгсөн ажил байхгүй, тийм учраас уг 279,000,000 төгрөгийг гэм буруутай этгээдээр бүрэн төлүүлж барагдуулах хүсэлтэй байна” гэх мэдүүлэг /10хх-н 100-102х/,

            Гэрч Б.Бат-Очирын “...Зэрэг сумыг тохижуулах, хашаажуулах ажлыг хийнэ гэж аймгийн Засаг даргатай Цогт барс ХХК-ийн захирал Б.Жавзандамба гэж хүн 2014 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр ТШ/2014/А51 дугаартай гэрээ байгуулаад аймгийн улсын төсвөөс 279,000,000 төгрөгийн санхүүжилт аваад Зэрэг суманд хэдэн шон буулгаад, заримыг нь хатгаад орхисон байсан” гэх мэдүүлэг /3хх-н 100-102х/,

            Гэрч Д.Идэрбатын “...Тэгээд гэрээний хугацаа дуусахад уг компани ажлаа гүйцэтгээгүй захирал Б.Жавзандамба руу залгахад утас нь холбогдох боломжгүй, эхнэр лүү нь залгахаар Завхан аймагт байна нөхрөөсөө салсан, наад хүн чинь одоо хаана байгааг мэдэхгүй гэсэн хариулт өгдөг байсан. Тэгээд хөгжлийн бодлогын хэлтсийн даргаар томилогдсон Б.Бат-Очир даргатай ярьж байгаад цагдаад хандахаар болж, цагдаад өгч шалгуулсан байгаа” гэх мэдүүлэг /3хх-ийн 103-106х/,

            Гэрч Л.Октябрийн “...гэрээ байгуулагдсаны дараа Цогт Барс ХХК-ийн захирал Б.Жавзандамба суманд ирээд бид нартай уулзаад хаана хашаа татуулах гэж байгаа талаар асуугаад бид хашаа татуулах газраа зааж өгөөд ажил эхэлж байсан. Тэгээд яасан мэдэхгүй алга болсон, компанийн захирлын хойноос хөөцөлдөн утас руу нь залгахаар холбогдохгүй, хаана байгаа нь мэдэхгүй байсаар өнөөдрийг хүрсэн. Энэ хугацаанд би аймаг орж аймгийн удирдлагуудад манай суманд хашаажуулалтын ажил хийнэ гэж ажлаа эхэлсэн Цогт барс ХХК-ийн хүмүүс яасан мэдэгдэхгүй алга болсон гэдэг талаар Засаг дарга Д.Цэвээнравданд танилцуулж байсан” гэх мэдүүлэг /3хх-ийн 107-111х/,

            Гэрч Д.Тодбаярын “...2014 оны намар 4000 метр газар хашаа татахаас 1187,8 метрт 420 шон суулгасан байсан, тэгээд хүйтэн болоод ажлаа дуусгалгүй хавар ирж банз хатгаж янзална гээд явсан бөгөөд өнөөдрийг хүртэл ирээгүй, ажлаа хийгээгүй байгаа. Сумын удирдлагууд болон миний зүгээс компанийн захирал Б.Жавзандамбын утас руу залгаж ярихаар өнөө маргаашгүй очиж хийнэ гэдэг байсан, сүүлдээ утсаа авахаа болиод одоо утас нь холбогдохгүй байгаа” гэх мэдүүлэг /3хх-ийн 112-114х/

            Гэрч Б.Бат-Эрдэнийн “... энэ ажлыг сумын төвийн зүүн талд буюу Далан үнээний тавьт гэдэг байршилд байх айлын шавар хашаануудын гадна талаар модон банзан хашаа хийж гүйцэтгэх, сумын төвийн цэцэрлэг, эмнэлэг, соёлын төвийн тохижилтын ажлыг хийж гүйцэтгэхээр төлөвлөгдсөн ажил байсан юм. Үүнээс айлын хашаануудыг эхэлж хийнэ гээд хашаануудын шонг суулгаж байгаад ор сураггүй алга болчхоод байгаа юм” гэх мэдүүлэг /3хх-ийн 117-120х/,

            Гэрч З.Эрхбаярын “...санхүү төрийн сангийн хэлтсийн хөрөнгө оруулалт хариуцсан мэргэжилтэн Б.Энхбаатар Цогт Барс ХХК-тай аймгийн Засаг дарга гэрээ байгуулах тухай албан бичиг бүхий мэдэгдлийг барьсан гэрээний загварын хамт оруулж ирэн надаар гарын үсэг зуруулсан. Үүний дараа тухайн компанитай бусад албан тушаалтнууд гарын үсэг зурж баталгаажуулаад дараа нь санхүүжилтээ хөөцөлдөөд явсан байх” гэх мэдүүлэг /3хх-ийн117-120х/,

            Ховд аймгийн мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, газрын харилцаа, геодез, зураг зүйн хяналтын улсын байцаагч Г.Ганзоригийн “...390 ширхэг 10 см-ийн диаметртэй 2.2 метр урттай модон шонг бодоход 63 метр куб мод болж байна. Үүнийг зах зээлийн одоогийн ханшаар 1,166,642 төгрөг болж байна” гэх №1 дугаартай шинжээчийн дүгнэлт /3хх-167-168х/,

            Аймгийн Санхүү төрийн сангийн 2014 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн №09 дугаартай төлбөрийн хүсэлтээр “Цогт Барс” ХХК-ийн Хаан банк дахь 5845520079 тоот данс руу 85,314,147 төгрөг, 2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн №12 дугаартай төлбөрийн хүсэлтээр 132,818,160 төгрөг, 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн №17 дугаартай төлбөрийн хүсэлтээр 60,867,694 төгрөг тус тус шилжүүлсэн тухай баримтын хуулбар /1хх-ийн 70-72х/ зэрэг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

3.3 Шүүгдэгч Алтайн Буйлааст ХХК-ийн захирал Н.Бадрах нь Цогт Барс ХХК-ийн захирал Б.Жавзандамбын “Зэрэг сумын төвд хийгдэх тохижилт, хашаажуулалт”-ын ажлыг хийж гүйцэтгээгүй байхад хийсэн мэтээр ажлын хуурамч гүйцэтгэл хийж, улмаар аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын мэргэжилтэн Д.Барсболд, дарга Ч.Пүрэвдорж, Санхүү, төрийн сангийн хэлтсийн мэргэжилтэн Б.Энхбаатар, хэлтсийн дарга П.Амгаланбаатар, аймгийн Засаг дарга Д.Цэвээнравдан нараар гарын үсэг зуруулж баталгаажуулан улсын төсвөөс 279.000.000 төгрөгийн санхүүжилт авч, улмаар Монгол Улсын төсөвт онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь:

Гэрч Б.Даваадоржийн “...Би Б.Жавзандамбыг таньдаггүй байсан манай захирал Н.Бадрах захиралтай тэр Б.Жавзандамба гэх залуу 2-3 удаа ирж уулзаж байсан. Зэрэг сумын төвийн шинэчлэл төслийн хүрээнд хашаажуулах ажлын тендерийг Б.Жавзандамба гүйцэтгэхээр гэрээ байгуулсан юм байна лээ. Н.Бадрах захирал надад энэ Б.Жавзандамба гэх залууд чи ажлын гүйцэтгэлийг нь хийгээд өг гээд байсан. Би 2 орой сууж байж гүйцэтгэлийг хийж өгсөн. Хөлсөнд нь 500,000 төгрөг авсан өөр мэдэхгүй зүйлгүй гэх /3-р хх-ийн 166х/,

            Шүүгдэгч Б.Жавзандамбын мөрдөн байцаалтын шатанд өгсөн ”.... Н.Бадрах ах надад ажлын гүйцэтгэл бичүүлж өгөн түүн дээр Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын мэргэжилтэн, дарга, нараар гарын үсэг зуруулж өгсөн, Санхүү төрийн сангийн мэргэжилтэн Б.Энхбаатар, дарга П.Амгаланбаатар нараар гарын үсэг зуруулан улсаас санхүүжилт авахад тусалсан гэж 3,000,000 төгрөгийг Н.Бадрахтай ярьж дансыг нь авч хийсэн.. гэх мэдүүлэг /3-р хх-ийн 219-220х/,

Шүүгдэгч Ч.Пүрэвдоржийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн”... аймгийн иргэдийн хурлын төлөөлөгч “Алтайн буйлааст ХХК”-ийн захирал Н.Бадрах, “Цогт барс” ХХК-ийн захирал Б.Жавзандамба нар манай өрөөнд орж ирээд гүйцэтгэлийн маягт дээр гарын үсэг зуруулах гэсэн тухайн үед би Зэрэг сумын төвд тохижилт хашаажуулалтын ажлыг “Цогт барс” ХХК-иар хийлгэх гэрээ байгуулаагүй ш дээ гэхэд Н.Бадрах танд хамаагүй энэ гэрээг аймагтай байгуулсан, Зэрэг суманд ажил явагдаж байгаа, байгаа мөнгөөрөө материал худалдаад авчихсан байгаа, одоо ажилчид ажиллуулах мөнгө байхгүй байна, санхүүжилтээ авъя гэсэн. ...Энэ ажлыг хариуцсан аймгийн ИТХ-ын төлөөлөгч Н.Бадрах сайн мэдэж байгаа гэсэн тэгэхээр нь ажил хэзээ дуусах юм гэхэд Д.Барсболд удахгүй дуусна гэж хэлсэн тэгэхээр нь ажлаа хурдан, хүйтрэхээс өмнө дуусгаарай гэж хэлээд гарын үсэг зурсан гэх мэдүүлэг /3хх-н 248-249х/,

Шүүгдэгч Н.Бадрахын мөрдөн байцаалтын шатанд өгсөн”... Зэрэг суманд хийгдэж байгаа барилга угсралтын ажилд хяналт тавьж байсан мэргэжилтэн Д.Барсболдтой уулзаад миний дүү энэ залуугийн гүйцэтгэлийг батлаад өгөөч, оны төгсөл болж байна, Сангийн яамнаас санхүүжилт нь татагдах гээд байна гээд гуйж байгаад Д.Барсболдоор гарын үсэг зуруулсан. Тэгэхэд Д.Барсболд ахаа энэ гүйцэтгэл нь хуурамч байна шүү та ажлыг нь хийлгээрэй гэж хэлэхэд нь тэгнээ тэгнэ, ажлыг нь хийлгэнэ гэж хэлсэн. Тэгээд Б.Жавзандамбатай хамт Ч.Пүрэвдорж дээр орж уулзаад гуйгаад гарын үсэг зуруулсан гэх мэдүүлэг /3хх-н 228-229х/ зэрэг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

3.4 Шүүгдэгч аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт барилгын техникийн хяналт хариуцсан мэргэжилтэн Д.Барсболд нь аймгийн Засаг дарга Д.Цэвээнравдангийн 2014 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн А/154 дүгээр захирамжаар, мөн Сангийн сайдын 2012 оны 290 дүгээр тушаалын хэрэгжилтийг хангах ажлын явцын гүйцэтгэлийн санхүүжилтийг олгохдоо аймгийн Санхүү, төрийн сангийн хэлтэс, явцын гүйцэтгэлийн талаар аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар хариуцахаар тусгасан байтал хийвэл зохих ажил үүргээ биелүүлэхгүй албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, “Цогт Барс" ХХК нь Зэрэг сумын төвд тохижилт, хашаажуулалтын ажпыг хийж гүйцэтгээгүй байхад ажлын хуурамч гүйцэтгэлд гарын үсэг зурж баталгаажуулснаар “Цогт Барс" ХХКд 279.000.000 төгрөг олгож, улмаар Монгол Улсын төсөвт онц их хэмжээний хохирол учруулсан,

            Шүүгдэгч Ч.Пүрэвдорж нь аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргаар ажиллаж байхдаа аймгийн Засаг дарга Д.Цэвээнравдангийн 2014 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн А/154 дүгээр захирамжаар, мөн Сангийн сайдын 2012 оны 290 дүгээр тушаалын хэрэгжилтийг хангах ажлын явцын гүйцэтгэлийн санхүүжилтийг олгохдоо аймгийн санхүү төрийн сангийн хэлтэс, явцын гүйцэтгэлийн талаар аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар хариуцахаар тусгасан байтал хийвэл зохих ажил үүргээ биелүүлэхгүй албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, “Цогт Барс” ХХК нь Зэрэг сумын төвд тохижилт, хашаажуулалтын ажлыг хийж гүйцэтгээгүй байхад ажлын хуурамч гүйцэтгэлд гарын үсэг зурж баталгаажуулснаар Цогт Барс ХХКд 279.000.000 төгрөг олгож, улмаар Монгол Улсын төсөвт онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн нь:

Зам, Тээвэр, Барилга хот байгуулалтын сайдын 2010 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн №106 дугаартай “Үлгэрчилсэн дүрэм” батлах тухай тушаал, түүний хавсралт /2хх-ийн 237-341х/,

Ховд аймгийн Засаг дарга Д.Цэвээнравдангийн 2014 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн А/159 дугаартай “Сумын төвийн шинэчлэл” төслийг хэрэгжүүлэх, гүйцэтгэлд хяналт тавих үүрэг бүхий “Ажлын хэсэг байгуулах тухай” захирамж /6хх-ийн 191х/,

Барилга угсралтын ажлын гүйцэтгэл №1 /1хх-ийн 85х/,

Барилга угсралтын ажлын гүйцэтгэл №2 /1хх-ийн 80х/,

Барилга угсралтын ажлын гүйцэтгэл №3 /1хх-ийн 86х/,

Аймгийн Санхүү төрийн сангийн 2014 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн №09 дугаартай төлбөрийн хүсэлтээр “Цогт Барс ХХК-ийн Хаан банк дахь 5845520079 тоот данс руу 85,314,147 төгрөг, 2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн №12 дугаартай төлбөрийн хүсэлтээр 132,818,160 төгрөг, 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн №17 дугаартай төлбөрийн хүсэлтээр 60,867,694 төгрөг тус тус шилжүүлсэн тухай баримтын хуулбар /1хх-ийн 70-72х/ зэрэг анхан шатны шүүх хуралдаанаар  хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

3.5 Шүүгдэгч аймгийн Засаг даргын Тамгын газарт хөрөнгө оруулалт хариуцсан мэргэжилтэн Б.Энхбаатар нь хийвэл зохих ажил үүргээ биелүүлэхгүй, албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, аймгийн Засаг дарга Д.Цэвээнравдангийн 2014 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн А/154 дүгээр захирамжаар, мөн Сангийн сайдын 2012 оны 290 дүгээр тушаалын хэрэгжилтийг хангах ажлын явцын гүйцэтгэлийн санхүүжилтийг олгохдоо аймгийн Санхүү, төрийн сангийн хэлтэс, явцын гүйцэтгэлийн талаар аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар хариуцахаар тусгасан байтал Цогт Барс ХХК нь Зэрэг сумын төвд тохижилт, хашаажуулалтын ажлыг хийж гүйцэтгээгүй байхад ажлын хуурамч гүйцэтгэлд гарын үсэг зурж баталгаажуулснаар Цогт Барс ХХК-д 279.000.000 төгрөг олгож, улмаар Монгол Улсын төсөвт онц их хэмжээний хохирол учруулсан,

3.6 Шүүгдэгч П.Амгаланбаатар нь аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн даргаар ажиллаж байхдаа хийвэл зохих ажил үүргээ биелүүлэхгүй, албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, аймгийн Засаг дарга Д.Цэвээнравдангийн 2014 оны 3 дугаар сарын 31- ний өдрийн А/154 дүгээр захирамжаар, мөн Сангийн сайдын 2012 оны 290 дүгээр тушаалын хэрэгжилтийг хангах ажлын явцын гүйцэтгэлийн санхүүжилтийг олгохдоо аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар хариуцахаар тусгасан байтал “Цогт Барс" ХХК нь Зэрэг сумын төвд тохижилт, хашаажуулалтын ажлыг хийж гүйцэтгээгүй байхад ажлын хуурамч гүйцэтгэлд гарын үсэг зурж баталгаажуулснаар “Цогт Барс” ХХКд 279.000.000 төгрөг олгож, улмаар Монгол Улсын төсөвт онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн нь:

Монгол Улсын Сангийн сайдын 2019 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 290 дугаартай “журам шинэчлэн батлах тухай” 290 дугаартай тушаал /2хх-ийн 229-241х/,

Барилга угсралтын ажлын гүйцэтгэл №1 /1хх-ийн 85х/,

Барилга угсралтын ажлын гүйцэтгэл №2 /1хх-ийн 80х/,

Барилга угсралтын ажлын гүйцэтгэл №3 /1хх-ийн 86х/

Аймгийн Санхүү төрийн сангийн 2014 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн №09 дугаартай төлбөрийн хүсэлтээр “Цогт Барс ХХК-ийн Хаан банк дахь 5845520079 тоот данс руу 85,314,147 төгрөг, 2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн №12 дугаартай төлбөрийн хүсэлтээр 132,818,160 төгрөг, 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн №17 дугаартай төлбөрийн хүсэлтээр 60,867,694 төгрөг тус тус шилжүүлсэн тухай баримтын хуулбар /1хх-ийн 70-72х/ зэрэг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

3.7 Шүүгдэгч Д.Цэвээнравдан нь аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа хуулиар хүлээсэн хийвэл зохих ажил үүргээ биелүүлэхгүй, албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, “Цогт Барс" ХХК-ийн захирал Б.Жавзандамбатай 2014 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр "Сумын төвийн шинэчлэл" төслийн хүрээнд тохижилт, хашаажуулалтын ажлыг 279.000.000 төгрөгөөр хийж гүйцэтгэх гэрээг шууд байгуулсан.

Улмаар Цогт Барс ХХК-ийн захирал Б.Жавзандамба Зэрэг сумын төвд хийгдэх тохижилт, хашаажуулалтын ажлыг хийж гүйцэтгээгүй байхад 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 1/2492 тоот Санхүүжилт хүсэх тухай албан бичгээр 132.818.160 төгрөгийг, мөн өдрийн 1/2493 тоот албан бичгээр эхний санхүүжилт 85.134.147 төгрөгийг, 2014 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 1/2568 тоот албан бичгээр тохижилт, хашаажуулалтын ажлын үлдэгдэл санхүүжилт 60.867.694 төгрөгийг Цогт Барс ХХКд тус тус олгуулахаар Сангийн яамны төсвийн бодлого, төлөвлөлтийн газарт хандан, санхүүжилтийг бүрэн олгож, улсын төсвөөс 279.000.000 төгрөг гаргуулан Монгол Улсын төсөвт онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь:

2014 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр Ховд аймгийн Засаг дарга Д.Цэвээнравдан, Цогт барс ХХК-ийн захирал Б.Жавзандамбатай байгуулсан “Сумын төвийн шинэчлэл төслийн хүрээнд Ховд аймгийн Зэрэг суманд хийгдэх тохижилт, хашаажуулалтын гэрээ” /1хх-н 65-67х/,

Аймгийн Засаг дарга Д.Цэвээнравдангийн 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн  өдрийн 1/2493 тоот Сангийн яамны төслийн бодлого, төлөвлөлтийн газраас 85,314,147 төгрөгийн санхүүжилт, мөн өдрийн 1/2492 тоот Сангийн яамны төслийн бодлого, төлөвлөлтийн газраас 132,818,160 төгрөгийн санхүүжилт, 2014 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 1/2658 тоот Сангийн яамны төслийн бодлого, төлөвлөлтийн газраас 60,867,694 төгрөгийн санхүүжилт тус тус хүссэн албан бичиг /3хх-ийн 80, 81, 83х/ зэрэг анхан шатны шүүх хуралдаанаар

 хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

4. Хэргийн үйл баримт болон зүйлчлэлийн талаар:

Шүүгдэгч Д.Цэвээнравдан нь Ховд аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай  хуулийн 34.1.1, мөн хуулийн 30 дугаар зүйлийн

30.4.3-т заасныг зөрчиж, албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, “Цогт Барс" ХХК-ийн захирал Б.Жавзандамбатай 2014 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр "Сумын төвийн шинэчлэл" төслийн хүрээнд тохижилт, хашаажуулалтын ажлыг 279.000.000 төгрөгөөр хийж гүйцэтгэх гэрээг шууд байгуулан бусдад давуу байдал бий болгосны улмаас Монгол Улсын төсөвт их хэмжээний хохирол учруулсан,

Шүүгдэгч Д.Барсболд, Ч.Пүрэвдорж нар нь Зам, Тээвэр, Барилга хот байгуулалтын сайдын 2010 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн №106 дугаартай “Үлгэрчилсэн дүрэм” батлах тухай тушаал, түүний хавсралт, Ховд аймгийн Засаг дарга Д.Цэвээнравдангийн 2014 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн А/159 дугаартай “Сумын төвийн шинэчлэл” төслийг хэрэгжүүлэх, гүйцэтгэлд хяналт тавих үүрэг бүхий “Ажлын хэсэг байгуулах тухай” захирамжид тус тус заасан "Сумын төвийн шинэчлэл" төслийн хүрээнд хийгдэх тохижилт, хашаажуулалтын ажилд хяналт тавих үүргээ биелүүлэхгүйгээр албан үүрэг, бүрэн эрх албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж хуурамч ажлын гүйцэтгэлд гарын үсэг зурж баталгаажуулсны улмаас  Монгол Улсын төсөвт их хэмжээний хохирол учруулсан,

Шүүгдэгч Б.Энхбаатар, П.Амгаланбаатар нар нь Монгол Улсын Сангийн сайдын 2019 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 290 дугаартай “журам шинэчлэн батлах тухай” 290 дугаартай тушаалыг зөрчиж, албан үүрэг, бүрэн эрх албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хуурамч ажлын гүйцэтгэлд гарын үсэг зурж баталгаажуулсны улмаас  Монгол Улсын төсөвт их хэмжээний хохирол учруулсан,

Шүүгдэгч “Цогт Барс”ХХК-ийн захирал Б.Жавзандамба, “Алтайн буйлааст” ХХК-ийн захирал Н.Бадрах нар нь нэр бүхий албан тушаалтнууд албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг үйлдэхэд нь үйлдлээрээ санаатай нэгдэж Монгол Улсын төсөвт их хэмжээний хохирол учруулсан

Шүүгдэгч Б.Жавзандамба нь хохирогч Д.Баатархуяг, Т.Айсэвлээ, Э.Ганхуяг нарын өмчлөх эрхийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар залилан мэхлэж бусдад онц их хэмжээний хохирол учруулсан үйл баримт тус тус хэрэгт авагдсан дээр дурдсан нотлох баримтуудаар  хангалттай нотлогдон тогтоогдсон, хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Ховд аймгийн прокурорын газраас шүүдэгч Б.Жавзандамбын иргэдийн эд хөрөнгө  өмчлөх эрхийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар залилан мэхэлж, бусдад онц их хэмжээний хохирол учруулсан үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар, шүүгдэгч Б.Жавзандамба, Н.Бадрах, Д.Барсболд, Ч.Пүрэвдорж, Б.Энхбаатар, П.Амгаланбаатар, Д.Цэвээнравдан нарын Монгол Улсын төсөвт онц их хэмжээний буюу 279,000,000 төгрөгийг хохирол учруулсан үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5, 36 дугаар зүйлийн 36.3-т заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2-т зааснаар тус тус зүйлчилж ирүүлснийг,

анхан шатны шүүх шүүгдэгч Б.Жавзандамба, Н.Бадрах, Д.Барсболд, Ч.Пүрэвдорж, Б.Энхбаатар, П.Амгаланбаатар, Д.Цэвээнравдан нарын Монгол Улсын төсөвт онц хэмжээний буюу 279,000,000 төгрөгийг хохирол учруулсан үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 болгон өөрчилж, шүүгдэгч нарыг эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэж гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй бөгөөд шүүх шүүгдэгч нарт хуульд заасан ял шийтгэл оногдуулсан байна.

5. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсан үндэслэл

            Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага хангаагүй байх боловч, хэрэг шүүхийн шатанд шийдвэрлэгдэхгүйгээр удааширсан байдлыг харгалзан, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, хэргийг эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Тухайлбал шүүгдэгч нар нь 2002 оны Эрүүгийн хууль үйлчилж байх үед гэмт хэрэг үйлдсэн бөгөөд шүүх 2015 оны Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэж, шүүгдэгч нарыг гэмт буруутайд тооцохдоо шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг баримтлаагүй байна.

Шүүх шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулахдаа шүүгдэгч тус бүрийн үйлдэл, оролцоо, гэмт хэрэгт хамтран оролцсон хэлбэр зэргийг анхаарахгүйгээр бүх шүүгдэгч нарын нэрийг бичиж гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, мөн хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хуулийн шаардлагад нийцэхгүй болжээ.

Шүүгдэгч Б.Жавзандамба, Н.Бадрах нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан албан тушаалтан биш бөгөөд харин нэр бүхий албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг үйлдэхэд нь “үйлдлээрээ санаатай нэгдэж, гэмт хэрэгт хамтран оролцсон” байхад шүүх тэдгээрийг “өөрийн албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон гэж ойлгогдохоор шийтгэх тогтоолд тусгасан байх тул шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2, 4 дэх заалтад дээр дурдсан хууль хэрэглээ болон найруулгын шинжтэй зохих өөрчлөлт оруулж, зөвтгөж шийдвэрлэв.

6. Шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгчдийн давж заалдсан гомдлын талаар:

6.1 Шүүгдэгч П.Амгаланбаатар, Н.Бадрах тэдгээрийн өмгөөлөгч Б.Батсүхийн давж заалдсан гомдлын тухайд:

Шүүгдэгч Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчөөр ажиллаж байсан  Алтайн Буйлааст ХХК-ийн захирал Н.Бадрах нь шүүгдэгч Цогт Барс ХХК-ийн захирал Б.Жавзандамбын "Сумын төвийн шинэчлэл" төслийн хүрээнд хийгдэх тохижилт, хашаажуулалтын ажил хийгээгүй байхад хийсэн мэтээр хуурамч гүйцэтгэл хийлгэх, улмаар хуурамч гүйцэтгэлд аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын барилгын техникийн хяналт хариуцсан мэргэжилтэн Д.Барсболд,  аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга Ч.Пүрэвдорж, аймгийн Засаг даргын Тамгын газарт хөрөнгө оруулалт хариуцсан мэргэжилтэн Б.Энхбаатар, аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга П.Амгаланбаатар нараар гарын үсэг зуруулсан, үүнийхээ шан харамж болгож 3,000,000 төгрөг авсан идвэхитэй үйлдэл хийсэн нь шүүгдэгч Н.Бадрахын өөрийнх нь болон  шүүгдэгч Б.Жавзандамба,  Ч.Пүрэвдорж, гэрч Б.Даваадорж нарын мэдүүлгүүдээр тогтоогдсон байна. 

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.Жавзандамба нь шүүгдэгч Н.Бадрахын идвэхитэй үйлдэл, тусламж дэмжлэггүйгээр гэмт санаа зорилгодоо хүрэх боломжгүй байсан ба түүний тусламжтайгаар нэр бүхий албан тушаалтан нар нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг үйлдэхэд үйлдлээрээ санаатай нэгдсэн байна.

Мөн шүүгдэгч П.Амгаланбаатар нь аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн даргаар ажиллаж байхдаа хуурамч ажлын гүйцэтгэлийг баталгаажуулан гарын үсэг зурсан, Сангийн яамнаас орж ирсэн мөнгийг ажил хийгдээгүй байхад Төрийн сангийн нягтлан Ганчимэгийн гүйлгээг хянаж гарын үсэг зурж, компанийн данс руу шилжүүлсэн үйлдлээрээ аймгийн Засаг дарга Д.Цэвээнравдан, “Цогт Барс” ХХК-ийн захирал Б.Жавзандамба нарын 2014 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр байгуулсан  "Сумын төвийн шинэчлэл төслийн хүрээнд Ховд аймгийн Зэрэг суманд хийгдэх тохижилт, хашаажуулалтын ажлын гэрээний 4 дэх хэсэг, Монгол Улсын Сангийн сайдын 290 дугаартай тушаал, түүний хавсралтад заасан “төсвийн хөрөнгө оруулалтын санхүүжилтийн журам”-ыг зөрчсөн байна.

Иймд Н.Бадрах, П.Амгаланбаатар нарын үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгуулахаар гаргасан өмгөөлөгч Б.Батсүхийн гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

6.2 Шүүгдэгч Ч.Пүрэвдоржийн өмгөөлөгч М.Эрдэнэ-Оюуны давж заалдсан гомдлын тухайд:

Аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргаар ажиллаж байсан шүүгдэгч Ч.Пүрэвдорж нь Зам, Тээвэр, Барилга хот байгуулалтын сайдын 2010 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн №106 дугаартай “Үлгэрчилсэн дүрэм” батлах тухай тушаал, түүний хавсралт, Ховд аймгийн Засаг дарга Д.Цэвээнравдангийн 2014 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн А/159 дугаартай “Сумын төвийн шинэчлэл” төслийг хэрэгжүүлэх, гүйцэтгэлд хяналт тавих үүрэг бүхий “Ажлын хэсэг байгуулах тухай” захирамжид тус тус заасан "Сумын төвийн шинэчлэл төслийн хүрээнд Ховд аймгийн Зэрэг суманд хийгдэх тохижилт, хашаажуулалтын ажлын гэрээ”-ний хэрэгжилтэнд  хяналт тавих үүргээ биелүүлэхгүйгээр хуурамч ажлын гүйцэтгэлд гарын үсэг зурж баталгаажуулсан байх тул түүний үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгуулах тухай өмгөөлөгчийн гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна. 

Мөн анхан шатны шүүх шүүгдэгч Б.Жавзандамба, Н.Бадрах нарыг “нийтийн албан тушаалтан” гэж ойлгогдохоор тогтоолд бичсэнийг давж заалдах шатны шүүх зөвтгөж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсан болно.

6.3 Шүүгдэгч Б.Энхбаатарын давж заалдах гомдлын тухайд

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглах гэмт хэрэг нь “нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө эсхүл бусдад давуу байдал бий болгосон”-оор энэ гэмт хэргийн шинж хангагдана.

Өөрөөр хэлбэл албан тушаалтан зөвхөн өөртөө давуу байдал бий болгосон, эсхүл шан харамж авсан болох нь хэргийн зүйлчлэлд ач холбогдолгүй гэж үзнэ.

Харин нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ эрх бүхий байгууллагаас тогтоосон хуульчилсан дүрэм, журмыг зөрчсөн албан тушаалтны үйлдлийн улмаас Монгол Улсын төсөвт их хэмжээний хохирол учирсан үйлдэл нь  энэ гэмт хэргийн шинжийг агуулсан байна.

Шүүгдэгч Б.Энхбаатар нь өөрийн буруутай үйлдлийн улмаас улсын төсөвт 279,000,00 төгрөгийн хохирол учруулсан, өөрийн үйлдлээрээ ийм хохирол учруулах нөхцөлийг бүрдүүлсэн” гэдгээ мөрдөн байцаалтын шатанд ойлгосон мэдүүлэг өгсөн, хуурамч гүйцэтгэлд гарын үсэг зурсан, гэрээ болон санхүүжилт хүссэн албан тоот зэргийг боловсруулан аймгийн Засаг даргаар гарын үсэг зуруулсан зэрэг үйл баримт тогтоогдсон байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.Энхбаатар нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр хуурамч гүйцэтгэлд гарын үсэг зурж баталгаажуулан эрх бүхий байгууллагаас тогтоосон журмыг зөрчиж, дурдсан үйлдэл хийж бусдад давуу байдал бий болгосон байх тул түүний гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

            6.4 Шүүгдэгч Д.Цэвээнравдангийн давж заалдах гомдлын тухайд:

            Хэдийгээр ажлыг түргэн шуурхай явуулахын тулд шууд гэрээ байгуулж болохоор чиглэл өгсөн Засгийн газрын хурлын тэмдэглэл, мөн аймгийн Засаг даргын орлогч М.Амарсанаагаар ахлуулсан ажлын хэсэг Цогт Барс ХХК-тай гэрээ байгуулж, уг компаниар ажил гүйцэтгүүлэхээр шийдвэрлэсэн тухай хурлын тэмдэглэл тус тус хэрэгт байгаа боловч  шүүгдэгч Д.Цэвээнравдан нь аймгийн Засаг даргын хувьд захиалагчийг төлөөлж гэрээнд гарын үсэг зурахдаа “шууд гэрээ байгуулах хуульд заасан нөхцөл шаардлагыг хангаж байгаа” эсэхийг нягтлах үүрэгтэй.

Энэхүү хуульд заасан үүргээ биелүүлэхгүйгээр шууд гэрээ байгуулсан нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай  хуулийн 34.1.1, мөн хуулийн 30 дугаар зүйлийн 30.4.3-т заасныг зөрчсөн байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан “нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон” гэмт хэргийн шинж хангагдсан байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

            Харин шүүгдэгч Д.Цэвээнравдангийн “уг гэрээний хугацаа сунгасан гэрээнд би гарын үсэг зураагүй, аймгийн Засаг даргын орлогч М.Амарсанаа гарын үсэг зурсан байхад яллах дүгнэлт болон шийтгэх тогтоолд намайг гэрээг сунгасан гэж буруутгасан, би ажлын гүйцэтгэлд гарын үсэг зураагүй, харин хийх ажлын үе шатны хуваарь буюу хийх ажлын төлөвлөгөөг баталж гарын үсэг зурсан” гэх  тайлбарууд нь үндэстэй боловч энэ нь түүний холбогдсон хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл болохгүй.

6.5 Шүүгдэгч Д.Цэвээнравдангийн өмгөөлөгч Т.Баасанжаргалын давж заалдах гомдлын тухайд:

Анхан шатны шүүх шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцож, торгох ял шийтгэл оногдуулахдаа торгох ялын доод хэмжээ багассан буюу шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дээрдүүлсэн шинэ хуулийг буцаан хэрэглэснийг давж заалдах шатны шүүхээс буруутгах үндэслэлгүй байна.

2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 12 дугаар зүйлийн 12.1, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохицуулалтууд нь “зөвхөн тусгай ангийн хувьд шинэ хуулиар үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэг тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн бол шинэ хуулиар гэм буруутайд тооцож, шинэ хуульд заасан ял шийтгэл оногдуулна” гэж ойлгоно.

Өөрөөр хэлбэл шинэ хуулийг хуучин харилцаанд буцаан хэрэглэх нь зөвхөн тусгай ангийн хувьд хэрэгжих боломжтой юм.

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангид мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдсэн этгээдэд ял шийтгэл оногдуулахад баримтлах зарчим, нөхцөлүүдийг тусгасан байдаг.

Иймд шүүх шүүгдэгч нарт 2015 оны Эрүүгийн хуулийг баримтлан гэмт буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулсан тохиолдолд 2002 оны Эрүүгийн хуулийн 72 дугаар зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацаа тоолох журмыг шүүх хэрэглэх хууль зүйн үндэслэлгүй юм. 

Шүүгдэгч Д.Цэвээнравдан нь “шууд гэрээ байгуулах хуульд заасан нөхцөл шаардлага бүрдээгүй” байхад шууд гэрээ байгуулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан “нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон” гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийсэн байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэсэн.

Харин өмгөөлөгчдийн гомдолд дурдсан “шүүх олон хүнийг бөөнөөр нь гэм буруутайд тооцсон” гэх гомдол үндэслэлтэй байх бөгөөд анхан шатны шүүхийн энэ алдааг давж заалдах шатны шүүх зөвтгөж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсан болно

6.6 Шүүгдэгч Д.Барсболдын өмгөөлөгч Л.Данзанноровын давж заалдах гомдлын тухайд.

Шүүгдэгч нарын үйлдэл нь 2014 онд эхэлж 2014 оны 12 дугаар сарын 30-нд төгссөн, тэдгээрийг 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн хөөн хэлэлцэх хугацаа тоолох журамд өөрчлөлт оруулсан хууль хэрэгжихээс өмнө буюу 2017 оны 2 дугаар сарын 02-ны өдөр яллагдагчаар татсан, 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 2002 оны Эрүүгийн хуулийн 72 дугаар зүйлийн 72.1.2 дахь хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх өмгөөлөгчийн гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр өөрчлөн найруулсан хууль нь хөөн хэлэлцэх хугацааг тоолож журам, материаллаг хууль гэхээсээ илүүтэй процессын эрх зүйн зохицуулалтын шинжийг агуулсан байх тул хууль хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн дагаж мөрдөх ёстой.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр өөрчлөн найруулсан хууль хүчин төгөлдөр үйлчлэхээс өмнө мөрдөгдөж байсан “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно” гэх хөөн хэлэлцэх хугацаа тоолох журмыг баримтлан шүүгдэгч нарын үйлдлийг хэрэгсэхгүй болгох нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1, 3 дэх хэсэгт заасан хууль ёсны зарчим, 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шударга ёсны зарчим болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод үл нийцнэ гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 2020/ШЦТ/129 дугаартай шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн 2 дахь заалтыг: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан

шүүгдэгч Д.Цэвээнравданг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч П.Амгаланбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Б.Энхбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Ч.Пүрэвдоржийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Д.Барсболдыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Н.Бадрах, Б.Жавзандамба нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, шүүгдэгч П.Амгаланбаатар, Б.Энхбаатар, Ч.Пүрэвдорж, Д.Барсболд нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэхэд нь үйлдлээрээ тус тус санаатай нэгдэж хамтран оролцсон гэм буруутайд,

шүүгдэгч Б.Жавзандамбыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан бусдад их хэмжээний хохирол учруулж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай гэж,

4 дэх заалтыг: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Бадрахыг нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, түүнд 5,400 нэгжтэй тэнцэх буюу 5,400,000 төгрөгөөр торгох ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Цэвээнравдан, П.Амгаланбаатар, Б.Энхбаатар, Ч.Пүрэвдорж, Д.Барсболд нарын тус бүрийн нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 5,400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгөөр тус тус торгох ялаар шийтгэсүгэй гэж өөрчлөн найруулж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч П.Амгаланбаатар, Н.Бадрах нар болон тэдгээрийн өмгөөлөгч Б.Батсүх, шүүгдэгч Ч.Пүрэвдорж түүний өмгөөлөгч М.Эрдэнэ-Оюун, шүүгдэгч Б.Энхбаатар, шүүгдэгч Д.Цэвээнравдан түүний өмгөөлөгч Т.Баасанжаргал , шүүгдэгч Д.Барсболд түүний өмгөөлөгч Л.Данзанноров нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Жавзандамбын цагдан хоригдсон нийт 223 хоногийн хугацааг түүний ял эдэлсэн хугацаанд оруулж тооцсугай.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн энэ шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор “анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” гэсэн үндэслэлээр оролцогчид Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.

 

                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           М.НЯМБАЯР

                                ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                                           С.ӨМИРБЕК

                                 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                           Н.ТУЯА