Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 2022/ДШМ/08

В.Р, Б.Л, Э.М нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Ж даргалж, шүүгч Б.Б, Ч.Э нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

Прокурор Ц.С,

Хохирогчийн өмгөөлөгч О.Б /цахимаар/, Ц.Э /цахимаар/,

Шүүгдэгч В.Р-ийн өмгөөлөгч Д.О,

Шүүгдэгч Б.Л-ын өмгөөлөгч О.С /цахимаар/, Ж.Д,

Шүүгдэгч Э.М-ы өмгөөлөгч Д.А /цахимаар/,

Шүүгдэгч В.Р,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.У нарыг оролцуулан

Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.М даргалж, шүүгч Д.С, шүүгч Н.Д нарын бүрэлдэхүүнтэйгээр хийсэн шүүх хуралдааны 2021 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 2021/ШЦТ/118 дугаар цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.У, түүний өмгөөлөгч О.Б, Ц.Э нарын гаргасан давж заалдах гомдлоор В.Р, Б.Л, Э.М нарт холбогдох 2016000440271 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Э-ийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овогтой В.Р нь Монгол улсын иргэн, халх, 1977 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумд төрсөн, 44 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт, Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 25- ... тоотод оршин сууж байгаа, улсаас авсан гавьяа шагналгүй, ДЭ............. регистрийн дугаартай.

В.Р урьд нь Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 23/А дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсгүүдэд зааснаар 3 жил 2 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, мөн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсгүүдэд зааснаар оногдуулсан хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж байжээ.

Ш овогтой Б.Л нь Монгол улсын иргэн, халх, 1990 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумд төрсөн, 31 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, нөхөр, 3 хүүхдийн хамт Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Жинст багийн 41- ... тоотод оршин суух бүртгэлтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, ДЮ.............. регистрийн дугаартай.

У овогтой Э.М нь Монгол улсын иргэн, халх, 1990 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Говь-Алтай аймгийн Төгрөг сумд төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, урлаг судлаач мэргэжилтэй, Говь-Алтай аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт залуучуудын сургалт хариуцсан мэргэжилтнээр ажилладаг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Жинст багийн Хөгжил хорооллын 3 дугаар гудамжны 2- ... тоотод оршин суух бүртгэлтэй. Улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, ДЙ................. регистрийн дугаартай.

Шүүгдэгч В.Р нь Говь-Алтай аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа 2020 оны 02 дугаар сарын 18-аас 19-нд шилжих шөнө тус аймгийн Есөнбулаг сумын нутаг дэвсгэр Аймгийн Засаг даргын Тамгын газарт байрлах албан өрөөндөө Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Дараах газарт согтууруулах ундаа хэрэглэх, худалдах, түүгээр үйлчлэхийг хориглоно.”, 7.1.1-д “Төрийн болон төрийн бус байгууллагын албан байр” гэж, мөн хуулийн 7.4-т “Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэх, бусдыг шахаж согтоох, түүнчлэн 21 нас хүрээгүй хүнийг уруу татаж согтууруулах ундаа уулгахыг хориглоно.” гэж, мөн “Төрийн албаны сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай” Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 258 дугаартай тогтоолын 1 дэх хэсэгт дараах арга хэмжээ авч ажиллахыг Засгийн газрын гишүүд, бүх шатны Засаг дарга, Засгийн газрын агентлагийн дарга, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгж, байгууллагын дарга нарт үүрэг болгосугай. 1 дэх хэсгийн 1.7 дахь хэсэгт “төрийн албан хаагч албан томилолтын явцад, ажлын болон ажлын бус цагаар ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэх явдлыг таслан зогсоох, төрийн байгууллагын байр, ажлын байранд согтууруулах ундаа, мансууруулах бодис, галт болон хүйтэн зэвсэг, тэсэрч дэлбэрэх болон шатамхай бодис, хэрэгслийг нэвтрүүлэх, хадгалах, хэрэглэх, ашиглахыг байгууллагын дотоод журамд тусган хориглож, зөрчсөн тохиолдолд хариуцлага тооцох” гэж заасныг тус тус зөрчиж, улмаар тус аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга, амь хохирогч С.Б болон ахлах мэргэжилтэн Б.Л нартай архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж, согтууруулах ундааны зүйл хэрэглэсний улмаас С.Б нь биеэ хамгаалах чадваргүй байгааг мэдсээр байж, гэр бүлийн гишүүн, бусад шаардлагатай этгээдэд мэдэгдээгүй, харилцан итгэлцлээр хүлээсэн тусламж үзүүлэх үүргээ зориуд биелүүлээгүй орхисны улмаас С.Б нь тус аймгийн Есөнбулаг сумын Жинст багийн нутаг дэвсгэрт 83-93 ГАҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотор амьсгалын зам ходоодны агууламжаар бөглөрсний улмаас механикаар амьсгал бүтэж нас барсан,

Шүүгдэгч Б.Л нь 2020 оны 02 дугаар сарын 18-аас 19-нд шилжих шөнө тус аймгийн Есөнбулаг сумын нутаг дэвсгэр Аймгийн Засаг даргын Тамгын газарт байрлах Засаг даргын албан өрөөнд тус аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга, амь хохирогч С.Б-г архи ууж, согтуурсны улмаас өөрийгөө удирдан жолоодох чадваргүй болсныг мэдсэн, амь хохирогчийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах зорилгоор гэр бүлийн гишүүн, эмнэлгийн байгууллагад, тодруулбал өөртөө болон бусдад хохирол учруулахгүйгээр гуравдагч этгээдэд /хүн, хуулийн этгээд/ мэдэгдэх, мэдээлэл хүргэх боломжтой байтал аливаа идэвхтэй үйлдлийг биечлэн гүйцэтгэлгүй Э.М-д өгч явуулан Есөнбулаг сумын Жинст баг, Хөгжил хорооллын 3-2- ... тоот Э.М-ы гадна 83-93 ГАҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотор орхисны улмаас С.Б нь амьсгалын зам ходоодны агууламжаар бөглөрсний улмаас механикаар амьсгал бүтэж нас барсан,

Шүүгдэгч Э.М нь 2020 оны 02 дугаар сарын 18-аас 19-нд шилжих шөнө тус аймгийн Есөнбулаг сумын нутаг дэвсгэр Аймгийн Засаг даргын Тамгын газарт байрлах Засаг даргын албан өрөөнөөс тус аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга, амь хохирогч С.Б-г үүрч авч явсан атлаа амь хохирогчийг архи ууж, согтуурсны улмаас өөрийгөө удирдан жолоодох чадваргүй болсныг мэдсэн, амь хохирогчийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах зорилгоор гэр бүлийн гишүүн, эмнэлгийн байгууллагад, тодруулбал өөртөө болон бусдад хохирол учруулахгүйгээр гуравдагч этгээдэд /хүн, хуулийн этгээд/ мэдэгдэх, мэдээлэл хүргэх боломжтой байтал аливаа идэвхтэй үйлдлийг биечлэн гүйцэтгээгүй, харилцан итгэлцлээр хүлээсэн тусламж үзүүлэх үүргээ зориуд биелүүлэлгүй Есөнбулаг сумын Жинст баг, Хөгжил хорооллын 3-2- ... тоот гэрийнхээ гадна өөрийн эзэмшлийн 83-93 ГАҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотор орхисны улмаас амь хохирогч өөрийгөө удирдаж жолоодох чадваргүйн улмаас бусдын аливаа тусламж авах боломжгүй нөхцөл байдалд амьсгалын зам ходоодны агууламжаар бөглөрсний улмаас механикаар амьсгал бүтэж нас барсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч В.Р, Б.Л, Э.М нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч нарыг цагаатгаж, шүүгдэгч В.Р, Б.Л, Э.М нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар хохирогч Г.У-ын нэхэмжилсэн 325,801,353 (гурван зуун хорин таван сая найман зуун нэг мянга гурван зуун тавин гурав) төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлд зааснаар цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн амь хохирогчийн өмсөж явсан хар өнгийн хүрэмний баруун урд хэсгээс хайчилж авсан хэсэг 1 ширхэг, IPhone загварын ягаан өнгийн гар утас 1 ширхэг, шаргал өнгийн виза карт 1 ширхэг, С.Б гэсэн иргэний үнэмлэх 1 ширхэг, тэмдэглэлийн дэвтэр 1 ширхгийг хохирогч Г.У-д, LG загварын хар ногоон өнгийн гар утас 1 ширхгийг шүүгдэгч В.Р-д тус тус буцаан олгож, вискиний шил 2 ширхэг, автомашины иж бүрэн суудлын бүрээс, бүрээснээс хайчилж авсан хэсэг 3 ширхэг, урд суудлын хивсэнцэр 2 ширхэг, Э.М-ы дотоож 1 ширхэг, Б.Л-ын дотоож 1 ширхгийг эд мөрийн баримт устгах комисст шилжүүлж устгах, 9 ширхэг CD-г хэрэгт хавсаргаж, эрх бүхий этгээд уг тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах, үндэслэл журмыг тайлбарлаж шийдвэрлэжээ.

Хохирогч Г.У давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Миний бие Г.У нь өөрийн төрсөн охин болох С.Б-г бусдын гарт зуурдаар алдаж нөхөж барашгүй хохирол амсаад 1 жил 10 сарын хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд охины минь амийг хохироосон хэрэг анхан шатны шүүх дээр шийдэгдээгүй бүтэн 1 жил өнгөрсөний эцэст шүүхээр шийдвэрлэсэн боловч шүүгдэгч нарыг цагаатгаж шийдвэрлэсэнд эх хүний хувьд, ээж хүний хувьд маш их гомдолтой байна. Миний зүгээс уг хэргийг хянан шийдвэрлэсэн Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 2021/ШЦТ/118 дугаартай цагаатгах тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй, дээрх шүүхийн шийдвэрт маш их гомдолтой байх тул дараах гомдлыг гаргаж байна.

Би гурван сайхан охинтой хүн тэрний бага нь Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргаар ажиллаж байсан С.Б юм. Ажил үйлсийнхээ хувьд миний охин зохион байгуулах авьяастай, аливаад чинбай ханддаг, үлгэрлэн дуурайлагч, манлайлагч, удирдагч эмэгтэй. Хүүхдүүдийнхээ хувьд сайн ээж, эр нөхрийнхөө хувьд сайн хань ижил байсан юм. Даанч би охиныгоо бусдын гарт зуурдаар алдана гэж бодож ч явсангүй, зүүдэлж ч байсангүй. Миний охин ид бүтээж хийж хөдөлмөрлөх насан дээрээ сайн найз гэж итгэж, хайрлаж явсан найздаа, хүндэлж явсан ахдаа, хамтран зүтгэж явсан ажилтандаа хорлогдсонд маш их гомдолтой байна. Миний охин одоо хэзээ ч босч ирэхгүй. Хоёр хүүхэд нь хэзээ ч ээжийнхээ царайг дахиж харахгүй. Хань ижил нь эхнэрийнхээ царайг хэзээ ч харахгүй. Ижий, аав, эгч, ах, дүү нар бид хэзээ ч охиноо харахгүй. Бид нарт үнэхээр нөхөж барашгүй хүнд гарз дохиогоод бүтэн 1 жил 10 сарын хугацаа өнгөрсөн байна.

Гэтэл анхан шатны шүүхээс яагаад шүүгдэгч нарыг илтэд гэм буруутай байхад тэд нарыг хаацайлж хэргийг шийдэхгүй 1 жилийн хугацааг үндэслэлгүй шүүх дээр өнгөрүүлж хохирогч бид нарыг залхаан цээрлүүлж хэргийг шийдвэрлэхдээ гэм буруутай этгээдүүдийг цагаатгаж шийдвэрлэснийг миний бие үнэхээр ойлгохгүй байна. Миний охин хэзээ ч ээжээсээ юмаа нууж байгаагүй. Ажил дээр, гэр бүлдээ найз нөхөддөө болж байгаа бүх зүйлийг үргэлж ээждээ хэлдэг байсан. Аймшигт хэрэг болдог өдөр буюу 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 13 цагийн үед миний охин цайны цагаараа манайд ирж 2 хүүхдээ үлдээчихээд өдрийн цайгаа уучихаад 14 цагийн үед би ажил дээр нь хүргэж өгсөн. Тэгэхэд охин маань аймгийн Засаг дарга, Б.Л руу утсаар яриад “Даргатайгаа нэг шил архитай хамт ир.” гэж хэлж байна гэж надад хэлж байсан. Би тухайн үед “Төрийн удирдах ажил хийхэд хэцүү. Хүнтэй эвтэй байгаарай. Битгий муудалцаарай миний охин.” гэж хэлж байсан. Би тухайн өдрийн орой охин руугаа “Ирэх болж байна уу?” гэхэд “Онцгой комиссын хуралтай байна. Манай хүүхдүүдийг гэртээ байлгаж байгаарай ээжээ. Би хурал тарахаар очоод авна. Санаа зоволтгүй.” гэж бичсэн байсан. Тухайн үед би охины минь сүүлийн үг гэдгийг мэдээгүй.

Аймгийн Засаг дарга В.Р нь Засаг дарга болсон үеэс эхэлж аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын газрын даргаар ажиллаж байсан охиныг минь дарамталж байнга “арга хэмжээ авна. Чамтай ажиллаж чадахгүй. Ажлаа хурдан өг.” гэх мэтээр дарамталж сүрдүүлдэг болсон. Энэ байдлаас болж охин минь надад “Ажиллах үнэхээр хэцүү, дарамттай байна. Ажлаа өгдөг ч юм билүү?” гэж надад хэлж байсан. Арай ч охины минь амь насыг аваад явчихна гэж би тухайн үед бодоогүй. Миний охин гэр бүл, хамаатан садан, аймагтаа, улсдаа нэр хүндтэй сайн удирдагч манлайлагч эмэгтэй байсан. 2019 онд Гэр бүл, хүүхэд, залуучуудын газрын даргаар ажиллаж байхдаа ажлын үзүүлэлтээр 21 аймаг, 9 дүүргийн хэмжээнд 2 дугаар байранд орж ажил үйлсээрээ бусдыгаа манлайлж байсан. Гэтэл Засаг даргаас хийсэн ажлыг нь үгүйсгэж албан тушаалын хойноос хөөцөлдөж миний охиныг 2019 онд ажлын үзүүлэлтээр төрийн байгууллагуудаас аймагтаа доороосоо 2-т оруулж, миний охиныг илтэд гадуурхаж хуралдаа ирдэггүй ажлаа хийдэггүй мэтээр бусдад ойлгуулж Улаанбаатар хотод байх Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн агентлагын даргад хүртэл миний охинд арга хэмжээ авахуулахаар албан тоот бичиж хүргүүлж байсан. Үүнээс үзэхэд В.Р, Б.Л нар нь урдаас төлөвлөж миний охиныг хордуулж амь насыг нь хохироохын тулд үгсэн хуйвалдсан гэж миний зүгээс үзэж байна. Учир нь Б.Л нь хэрэг болохоос 2 хоногийн өмнө охинтой минь чатаар болон утсаар харьцаж “Засаг дарга хамт архи ууя гэж байна. Архи аваад ир.” гэж байна гэсэн утгатай мессеж чат бичиж, утсаар ярьж уулзсан байдаг. Үүний дагуу охин минь Б.Л-ын хэлсэн үгэнд итгэж Засаг даргатай учраа олох, яагаад гадуурхаад үл тоогоод байдгийг олж мэдэх үүднээс өөрийн найз, ажлын хамтрагч Б.Л-ын хэлсний дагуу түүнтэй хамт Засаг дарга дээр очсон байдаг. Хэрэв миний охин найз гэж бодож байсан Б.Л нь “Засаг дарга хамт архи ууя гэж байна. Архи аваад цуг очьё.” гэж хэлээгүй байсан бол хэзээ ч Засаг дарга дээр очихгүй байсан. Гэтэл Б.Л нь найз гэж хэлчихээд миний охиныг биеэ хамгаалах чадваргүй байхад нь яагаад хүнд өгөөд явуулж байгаа юм бэ? Миний охиныг Засаг даргын өрөөнд газар унасан байхад нь яагаад эмнэлгийн тусламж үзүүлэхгүй, гэрт нь хүргэж өгөхгүй, жолоочийг нь дуудаад хүргээд өгчихгүй өөрөө согтсон болж дүр эсгэж өөрт нь итгэсэн найзыгаа хаяад Засаг даргын өрөөнд үлдсэн юм бэ? яагаад бүхэл бүтэн 50 минут Засаг даргын өрөөнд хаалгыг нь дотроос нь цоожлоод үлдсэн юм бэ? Үүний учрыг одоо ч олоогүй.

Засаг даргын өрөөнд бүхэл бүтэн хүн уначихаад байхад яагаад тэнд байсан В.Р, Б.Л нар нь эмч дууддаггүй юм бэ? Яагаад тусламж үзүүлээгүй юм бэ? Э.М яагаад миний охиныг эмнэлэгт үзүүлээгүй амь нас нь аюултай нөхцөл байдалд байхад нь орхисон юм бэ? Би үүнийг эх хүний хувьд үнэхээр ойлгохгүй байна.

Хэрвээ хүн чанар гэж байдаг бол Б.Л миний охиныг өөрт нь итгэсэн итгэлийг хүлээж хамт Засаг даргын өрөөнөөс гараад гэрт нь ээж, аавд нь хань ижилд нь хүргээд өгсөн байсан бол, эмнэлгийн тусламж үзүүлсэн байсан бол ийм хэрэг гарахгүй байсан.

Би уг хэргийг жирийн нэг золгүй явдал гэж үзэхгүй байна. Би үүнийг В.Р, Б.Л нарыг бүлэглэн санаатайгаар миний охиныг алсан гэж үзэж байна.

Учир нь уг хэрэгт одоо хүртэл ойлгомжгүй байгаа зүйл нь шинжээчийн дүгнэлтээр миний охины толгой дагзны хуйханд 2.8x2.8 хэмжээтэй цус хуралт гэмтэл үүссэн байдаг. Уг гэмтэл нь амьд байх үед нь үүссэн шинэ гэмтэл байдаг үүнийг хэн хэрхэн яаж учруулсан гэдгийг мөрдөн байцаалтын ажиллагаагаар ердөөсөө тогтоогоогүй. Яагаад Засаг даргын ширээний хөл хугарсныг, яагаад миний охин камерийн бичлэг дээр 23 цаг 40 минут болоход зүв зүгээр 00 орчихоод 10 хүрэхгүй минутын дараа Засаг даргын өрөөнд ухаангүй газар хэвтэж байсныг би одоо хүртэл ойлгохгүй байгаа. Үүнийг нэг мөр шалгаж тогтоогоогүй. Таавар мэт үлдсэн.

Миний охины амь насыг аврах боломжтой байхад тусламж үзүүлэх үүргээ В.Р, Б.Л, Э.М нар нь биелүүлээгүй орхисны улмаас миний охин нас барсан. Гэтэл шүүхээс хэт нэг талыг барьж гэм буруутай этгээдүүдийг цагаатгаж шийдвэрлэсэнд миний бие маш их гомдолтой байна. Албан тушаалыг нь авахгүй яагаад миний охины амиар албан тушаалыг сольж байгаа юм бэ? Би уг хэрэг гарснаас хойш бүтэн нойртой хонож үзсэнгүй. Өдөр болгон цаг минут бүрт би бусдын гарт зуурдаар алдсан охиноо бодож шаналж байна. Ард үлдсэн өнчин 2 нялх хүүхэд, нас дээр гарсан аав нь охиноо үгүйлж, бэтгэрч байгааг манай гэр бүл ямар их уй гашуудалд автаж байгааг, дахиад манай гэрт нар цэлмэхгүйг та бүхэн ойлгоосой гэж хүсч байна. Хамгийн гол нь шүүх шударга байж хэнээс ч хараат бусаар хэргийг шийдээсэй гэж хүсч байна. Харамсалтай нь анхан шатны шүүх миний хувьд шударга байж чадсангүй, хэтэрхий ноёдуудад үйлчилж, энгийн нэг жирийн ард бидэнд хатуу хандлаа.

Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгож хэргийг шударгаар, үнэн зөвөөр шийдвэрлэж, өгөхийг хүсч байна гэжээ.

Хохирогчийн өмгөөлөгч О.Б, Ц.Э нар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүн өмгөөлөгч О.Б, Ц.Э бид нар Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 118 дугаартай цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах журмаар хамтран гомдол гаргаж байна.

Учир нь анхан шатны шүүхээс шүүгдэгч В.Р, Б.Л, Э.М нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “...шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, мөн зүйлийн 1.2-т заасан “...Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулахаар давж заалдах журмаар гомдол гаргаж байна.

1. Шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй талаар: Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолын дүгнэлт хэсэгт: “...амь хохирогч С.Б бэртэл гэмтэл өвчтэй байгаагүй боловч хүчтэй согтолтын улмаас биеэ авч явах болон өөртөө тусламж үзүүлэх, бусдаас тусламж хүсэх чадваргүй байсан нь хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай тогтоогдож байгаа бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлд бусад шалтгааны улмаас өөрийгөө хамгаалах, өөрийнхөө төлөө анхаарал халамж тавих боломжгүй хүний эрүүл мэнд, амь насыг тухайн гэмт хэргийн объект болгож хуулийг хэрэглэхэд эргэлзээтэй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч нарт ашигтайгаар шийдвэрлэх үндэслэлтэй байна...” гэжээ.

Гэтэл хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч В.Р, Э.М, Б.Л нар нь хамтран итгэлцлээр хүлээсэн тусламж үзүүлэх үүргээ биелүүлээгүйн улмаас амь хохирогч С.Б-г аюултай байдалд орхиж улмаар амь хохирогч С.Б нас барсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон байдаг. Үүнд:

ШШҮХ-ийн 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 892 дугаартай бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтийн 8 дахь хэсэгт “...Амьсгал бүтэлт нь бие махбодийг хүчилтөрөгчийн дутагдалд оруулж нас барахад хүргэдэг, үндсэн 2 үе шатыг дамжин 6-7 минут орчим үргэлжилдэг нийлмэл үйл явц бөгөөд амьсгалын зам ходоодны агууламжаар бөглөрч механик амьсгал бүтэлт бий болсныг тэр даруйд нь мэдэж эмнэлгийн нөхцөлд эмнэлгийн нарийн мэргэжлийн тусламж үзүүлсэн бол амь насыг аврах боломжтой. Амьсгал бүтэлт нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан амь тэнссэн байдалд хамаарна...” гэсэн дүгнэлт /4хх-161-172/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, талийгаачийн хэрэглэж байсан макбүүк-д үзлэг хийсэн тэмдэглэл, гэрч Б.Э-ын мэдүүлэг, гэрч Б.Д-ийн мэдүүлэг, шүүгдэгч нарын мөрдөн байцаалтын шатанд гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон байдаг.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Аюултай байдалд орхих, тусламж үзүүлэхгүй байх” гэмт хэрэг нь харилцан итгэлцлээр хүлээсэн тусламж үзүүлэх, асран хамгаалах үүргээ зориуд биелүүлээгүй орхисны улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр, хүнд гэмтэл учрах үүний улмаас хохирогч нас барсан байхыг шаарддаг.

Энэ гэмт хэргийн объект нь өөрийгөө хамгаалах өөрийнхөө төлөө анхаарал халамж тавих боломжгүй хүний амь нас, эрүүл мэнд байдаг.

Уг гэмт хэрэг нь гэмт этгээдийн эс үйлдэхүйгээр илэрдэг бөгөөд гэмт хэрэгтэн нь амь нас эрүүл мэнд нь аюултай байдалд орсон хүнд тусламж үзүүлэх үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүй хэлбэрээр үйлдэгддэг онцлогтой.

Энэ тохиолдолд хэрэг гарахаас 2 хоногийн өмнө буюу 2020 оны 02 дугаар сарын 16-ны 22 цаг 10 минутын үед амь хохирогч С.Б-ийн фэйсбүүк чатаар Л.Б гэсэн хаягнаас “Би сая Р даргатай ярьлаа. Аймагт ирээгүй байна. Маргааш гарна гэнэ. Ганц шил юм ууя гэсэн.” гэх утгатай мессеж чат бичсэн байдаг бөгөөд хариуд нь амь хохирогч “Хэн” гэхэд Л.Б гэсэн хаягнаас “Засаг өөрөө” гэж чат бичсэн байдаг. Үүний дагуу амь хохирогч нь хэрэг гардаг өдөр 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдөр өөрийн сайн найз, цуг ажилладаг ахлах мэргэжилтэн Б.Л-тай цуг дэлгүүрээс 1 литрийн хэмжээтэй Валентайс нэртэй виски авсан байдаг. Өөрөөр хэлбэл Б.Л-ын хэлсний дагуу аймгийн Засаг дарга В.Р-той архи уух санааг шүүгдэгч Б.Л гаргаж амь хохирогчийн зүгээс Б.Л-д итгэж тухайн вискиг авч 2020 оны 02 дугаар сарын 18-ны орой 21 цагийн үед Засаг даргын өрөөнд орж тухайн авсан вискийг Б.Л, амь хохирогч С.Б, Засаг дарга В.Р нар хамт уусан байдаг. Үргэлжлүүлэн В.Р Жак данеалс нэртэй вискиг арын өрөөнөөс гаргаж мөн хувааж уусан. Энэ үед амь хохирогч С.Б нь өөрийн цуг ажилладаг найз Б.Л, Засаг дарга В.Р нарт итгэсний үндсэн дээр Засаг даргын өрөөнд цуг орж тухайн вискиг шүүгдэгч В.Р, Б.Л нартай хамт уусан. Үүний улмаас биеэ хамгаалж чадахгүй, өөрийнхөө төлөө анхаарал халамж тавих боломжгүй нөхцөл байдалд орж бусдын туслалцаа, эмнэлгийн тусламж шаардлагатай байхад уг харилцан итгэлцлээр хүлээсэн тусламж үзүүлэх үүргээ шүүгдэгч В.Р, Б.Л нар нь биелүүлээгүйн улмаас амь хохирогч С.Б нас барсан гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогддог.

Нөгөө талаас шүүгдэгч Б.Л нь “...Хэрэг болох шөнө тасартлаа согтсон байсан. Юу ч санахгүй байсан." гэж мэдүүлэг өгсөн боловч уг мэдүүлэг нь худал, биеэ авч явах чадвартай байсан. Мөн хэрэг гарах шөнө 2020 оны 02 дугаар сарын 18-ны 23 цаг 56 минутад шүүгдэгч Э.М-тай утсаар ярьж байсан болох нь мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт гэрчийн мэдүүлэг өгсөн гэрч Б.Э, шүүгдэгч Э.М-ы мэдүүлэг болон шүүгдэгч Э.М, Б.Л нарын утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-84х/ зэргээр нотлогддог.

Амь хохирогч С.Б нь тухайн үед Говь-Алтай аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын газрын даргаар ажиллаж байсан. Газрын даргын хувьд өөрийн гэсэн жолоочтой бөгөөд хэрэг учрал болох үед шүүгдэгч Б.Л нь талийгаачийн жолоочийг дуудаагүй, Э.М гэх мэргэжилтнийг дуудсан. Тухайн үед Э.М нь шүүгдэгч Б.Л-ын дуудсанаар аймгийн Засаг даргын өрөөнд 23 цаг 59 минут 40 секундэд ирж шөнийн 00 цаг 07 минутад амь хохирогчийг үүрч гарч өөрийн машинд оруулж байгаа нь камерийн бичлэгт /1хх-162-164х/ авагдсан байдаг. Талийгаачийг Э.М-ы машинд оруулахад талийгаач ухаангүй байсан, биеэ авч явах чадваргүй бусдын туслалцаа шаардлагатай байсан гэдгийг шүүгдэгч Э.М мэдэж байсан боловч уг үүргээ биелүүлээгүй. Амь хохирогчийг гэрт нь хүргэж өгнө гэсэн боловч хүргэж өгөөгүй. Өөрийн машиндаа өвлийн хүйтэнд дээшээ харуулан хэвтүүлж эрсдэлтэй, амь насанд нь аюултай нөхцөл байдалд орхисон болох нь хавтаст хэрэгт авагдсан ШШҮХ-ийн 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 892 дугаартай бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтийн 8 дахь хэсэгт “...Амьсгал бүтэлт нь бие махбодийг хүчилтөрөгчийн дутагдалд оруулж нас барахад хүргэдэг, үндсэн 2 үе шатыг дамжин 6-7 минут орчим үргэлжилдэг нийлмэл үйл явц бөгөөд амьсгалын зам ходоодны агууламжаар бөглөрч механик амьсгал бүтэлт бий болсныг тэр даруйд нь мэдэж эмнэлгийн нөхцөлд эмнэлгийн нарийн мэргэжлийн тусламж үзүүлсэн бол амь насыг аврах боломжтой байсан гэх дүгнэлт, гэрч Б.Э, Б.Д нарын мэдүүлэг, шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, камерын бичлэг болон бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон байдаг.

Түүнчлэн бусдыг аюултай байдалд орхих, тусламж үзүүлэхгүй байх гэмт хэрэг нь хохирогчийн амь насанд аюултай нөхцөлд орхисон тэр үеэс гэмт хэрэг төгс үйлдэгдсэнд тооцогдоно. Энэ тохиолдолд шүүгдэгч Э.М-ы хувьд амь хохирогчийг гэрт нь хүргэж өгөөгүй шаардлагатай эмнэлгийн тусламжийг үзүүлээгүй машиндаа орхисон үеэс уг гэмт хэрэг төгс үйлдэгдсэн гэж үзнэ.

Гэтэл анхан шатны шүүхээс дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүй хэт нэг талыг барьж шүүгдэгч нарыг амь хохирогчийг аюултай нөхцөл байдалд орхисныг мэдэх боломжгүй байсан мэтээр хэргийн жинхэнэ бодит байдалд нийцээгүй хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийж шүүгдэгч нарт холбогдох эрүүгийн хэргийг цагаатгаж шийдвэрлэсэнд гомдолтой байна.

2. Цагаатгах тогтоол нь хууль ёсны шаардлага хангаагүй талаар: Анхан шатны шүүхээс шүүгдэгч нарт холбогдох хэргийг цагаатгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй. Уг хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1.2-т “...шүүгдэгчийг цагаатгах үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн эсхүл улсын яллагчийн дүгнэлт өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгчийн саналыг няцаан үгүйсгэсэн үндэслэл..." тусгана гэсэн хуулийн шаардлага хангаагүй. Улсын яллагч, хохирогчийн өмгөөлөгч нарын зүгээс шүүгдэгч нарыг гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдсон шүүгдэгч нар нь харилцан итгэлцлээр хүлээсэн тусламж үзүүлэх үүргээ биелүүлээгүй, аюултай нөхцөл байдалд орхисны улмаас амь хохирогч бусдын тусламж авч чадалгүй нас барсан гэж үзэж мэтгэлцэж оролцсон бөгөөд шүүхийн цагаатгах тогтоолд хохирогчийн өмгөөлөгч, улсын яллагчийн дээрх дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн дүгнэлтийг тус бүрд нь хийгээгүй орхигдуулсан. Анхан шатны шүүх цагаатгах тогтоолыг гаргахдаа уг тогтоолд хууль зүйн дүгнэлт хийгээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3-т заасан “...Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна..." гэсэн хуулийн шаардлага хангаагүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Түүнчлэн анхан шатны шүүхээс шүүгдэгч В.Р, Б.Л, Э.М нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ...” гэж заасан.

Гэтэл дээрх хэргийн хувьд шүүгдэгч нарыг гэм буруутай эсэхэд эргэлзээтэй нотлох баримт байхгүй тухайн гэмт хэрэг нь нотлогдсон тогтоогдсон байхад шүүхээс Эрүүгийн хуулийг хэрэглэхэд эргэлзээ гарсан гэж үзэж шүүгдэгч нарыг цагаатгаж шийдвэрлэсэн нь хэргийн жинхэнэ бодит байдалтай нийцээгүй Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн хууль зүйн үндэслэлгүй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна.

Иймд Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 118 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

Прокурор Ц.С давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол хуульд заасан шаардлага хангаагүй, хэргийн бодит байдалд нийцээгүй, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг яаж үгүйсгээд байгаа талаар цагаатгах тогтоолд дурдаагүй. 15.2-т заасан бага насны хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй хүн биш байна гэдэг байдлаар дүгнэлт хийж байгаа нь үндэслэлгүй байна. Иймээс анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэв.

Шүүгдэгч В.Р-ийн өмгөөлөгч Д.О давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх зарчмыг хангасан учир анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж хохирогч болон хохирогчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хүчингүй болгож өгнө үү гэв.

Шүүгдэгч В.Р давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өмгөөлөгчийн хэлсэн байр суурьтай адил байр суурьтай байна. Хоёр жилийн хугацаанд хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын шатанд хэрэгсэхгүй болгох саналтайгаар хүргүүлж байсан. Нийслэлийн прокуророос яллагдагчаар татахдаа зүйл ангийг буруу зүйлчилсэн гэж бодож байгаа. Анхан шатны шүүхийн шийдвэрээр цагаатгасан. Иймээс цагаатгасан шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Шүүгдэгч Б.Л-ын өмгөөлөгч Ж.Д давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Цагаатгах тогтоолын үндэслэх хэсэгт Эрүүгийн хуулийн 15.2 дугаар зүйлд заасан гэмт хэргийн үндсэн шинжийг үгүйсгэсэн нотлох баримтыг тусгасан байгаа. Анхан шатны шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтыг үндэслэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутай эсэхэд эргэлзээтэй байдал тогтоогдвол шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ гэж заасан. Мөн прокурор нь эсэргүүцэл бичээгүй байгааг дурдаж байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар хохирогч болон хохирогчийн өмгөөлөгчийн гомдлыг хэрэгсэхгүй орхиж цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэсэн саналтай байна гэв.

 Шүүгдэгч Б.Л-ын өмгөөлөгч О.С давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг баримталж шийдвэрлэсэн нь хууль зүйн хувьд үндэслэл бүхий гарсан. Хэрэгт авагдсан баримтуудын хүрээнд 3 удаагийн шинжээчийн дүгнэлт гарсан. Талийгаачийн хуйхны дотор талын гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Мөн хохирогчийн үхэлтэй, шалтгаантай холбоо байхгүй гэж дүгнэлтэд дурдсан. Тэгэхээр гэмт хэрэг үйлдэхээр төлөвлөсөн гэдэг зүйл байхгүй. Гэмт хэрэг бол биш. Үүнийг Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэж тодорхойлоогүй. Иймээс шүүгдэгч Б.Лын өмгөөлөгчийн зүгээс анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэсэн саналтай байна гэв.

Шүүгдэгч Э.М-ы өмгөөлөгч Д.А давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд үндэслэл бүхий шийдвэр гаргасан гэж үзэж байна гэв.

Хохирогчийн өмгөөлөгч О.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Эрүүгийн хуулийн 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь харилцан итгэлийн үндсэн дээр тусламж үзүүлэх үүргээ хэрэгжүүлээгүй эс үйлдэл байдаг. Хохирогч харилцан итгэлцлийн үндсэн дээр Б.Л болон В.Р нартай архи уусан нөхцөл байдал тогтоогдсон. Энэ гэмт хэрэг нь амь насанд аюултай нөхцөл байдалд орхисноор төгсдөг. Амь насанд аюултай нөхцөл байдал тогтоогдсон байсан. Үүнийг анхан шатны шүүх дүгнэж үзэхгүйгээр хэт нэг талыг баримталж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлд заасан шүүгдэгчид эргэлзээтэй нөхцөл байдал үүсвэл шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ гэж үзсэн. Эргэлзээтэй нөхцөл байдал байхгүй. Тухайн гэмт хэрэг гарсан нөхцөл байдал тогтоогдсон. Гэтэл анхан шатны шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл буюу Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэдэг үндэслэлээр хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэв.

Хохирогчийн өмгөөлөгч Ц.Э давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гомдлоо дэмжиж байна гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар зөвхөн давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад нотолбол зохих байдлуудыг хангалттай  шалгаж тодруулсан, анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч В.Р, Б.Л, Э.М нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэж хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болгосон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

1. Хэргийн үйл баримтын талаар: Шүүгдэгч В.Р, Б.Л, амь хохирогч С.Б нар нь 2020 оны 02 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын нутаг дэвсгэрт байрлах Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газарт, тус аймгийн Засаг даргаар ажиллаж байсан В.Р-ийн албан өрөөнд Б.Л амь хохирогч С.Б нарын авч очсон согтууруулах ундааны зүйлийг хувааж ууснаас гурвуул согтож С.Б нь хүчтэй согтолтын улмаас биеэ авч явах бусдаас тусламж хүсэх чадваргүй болсон тул Б.Л нь хамт ажилладаг Э.М-ыг утсаар дуудаж ирүүлээд Э.М нь Засаг даргын өрөөнөөс 00 цаг 07 минутад С.Б-г үүрч гараад өөрийн эзэмшлийн 83-93 ГАҮ улсын дугаартай приус-20 маркийн авто машиндаа суулгаж авч яваад гэрт нь очиход хүн байгаагүй, түлхүүр нь байхгүй, эцэг, эхийнх нь утасны дугаар, гэрийн хаягийг нь мэдэхгүй, Б.Л-тай холбоо барьж чадаагүйн улмаас гэрийнхээ гадаа авто машиндаа амь нас эрүүл мэндэд нь аюул учирч болох нөхцөл үүссэнийг мэдэлгүй, сэргэхийг нь хүлээж, байхад нь С.Б амьсгалын зам нь ходоодны агууламжаар бөглөрсний улмаас механикаар амьсгал нь бүтэж нас барсан байна.

Энэ үйл баримт нь гэрч Б.Э-ын: “Талийгаач С.Б, Б.Л нар тухайн өдрийн 20-21 цагийн үед аймгийн Засаг даргын өрөөнд орсон бөгөөд тэднийг хамт байх үед 3-4 удаа өрөөнд ороход хоорондоо хэрэлдэж маргалдсан зүйлгүй, гурвуулаа нилээд уусан байсан. Засаг дарга энэ хоёр нилээн халсан байна хүргээд өг гэхэд Б.Л би жолооч дуудсан. Ирж байгаа оруулаад ир гэсэн. Энэ үед талийгаач нилээн согтсон сууж байсан бөгөөд Б.Л-ын хэлсний дагуу жолоочийг нь оруулж ирэхэд сандлын хажуу тийш унасан шалан дээр хэвтэж байсан тул сандлыг нь холдуулж байгаад өргөөд аваад гарсан. Тэнд эвдэрсэн, хугарсан зүйл, хоорондоо зодолдсон, талийгаачийн биед шарх сорив үүссэн нөхцөл байдал байгаагүй. Талийгаач маш их согтолттой хөл дээрээ зогсож чадахгүй байсан болохоор Э.М талийгаачийг үүрээд авч явсан ба тэгэж явахад талийгаач амандаа үглээд байсан, машинд суулгасаны дараа хаалга самардаад байсан.” тухай мэдүүлэг,

Гэрч Б.Д-ийн: “2020 оны 02 дугаар сарын 18-ны өглөөнөөс эхлэн Засаг даргын Тамгын газрын жижүүрийн үүрэг гүйцэтгэж байхад нь 00 цаг 20 минутын үед хойд талын хаалган дээр саарал өнгийн приус-20 маркийн авто машин ирсэн. Хоёр давхраас нэг залуу ухаангүй бололтой эмэгтэй хүнийг үүрч бууж ирэхэд Засаг даргын туслах Б.Э хамт бууж ирээд тэд хойд хаалгаар гарсан. Б.Э нь буцаж орж ирээд дээшээ гараад 01 цаг 30 минутын үед Засаг даргын хамт бууж ирээд гараад явсан тухай” мэдүүлэг (2 хх 99-101),

Гэрч З.М-ийн: “2020 оны 02 дугаар сарын 18-ны орой 22 цагийн үед Э.М-ыг гэртээ байхад ажлын газрынх нь Б.Л залгаад “Дарга бид хоёрыг захиргаанаас ирж аваад гэрт хүргээд өг. Бэлэн болохоороо хэлнэ.” гэж яриад 23 цагийн үед дахин залгаад хүрээд ир гэсний дагуу Э.М өөрийн эзэмшлийн 83-93 ГАҮ улсын дугаартай приус-20 маркийн авто машинаараа яваад 00 цаг 30 минутын үед ирээд “Дарга архи уучихсан, их согтуу байна. Гэрт нь оруулах гэсэн чинь хүн байхгүй. Гэрийнх нь түлхүүр байхгүй юм шиг байна. Нөхөр нь хот явсан.” гэхээр нь согтуу юм бол эрүүлжүүлэхэд нь өгөөч гэхэд “Дарга хүний нэр хүндэд халтай” гэхээр “Тэгвэл гэртээ оруулж амруулаач” гэхэд “Би даахгүй байна.” гэж хариулаад эргэж тойроод машинаа асаагаад орж гараад яваад байснаа 04 цаг болох гэж байхад “Дарга сонин болчихлоо.” гэхээр нь гарч харахад машины арын суудал дээр С.Б нь хэвтсэн, дээлээр хучсан байдалтай байсан ба амьсгалыг нь үзэхэд амьсгалахгүй, судас нь цохилохгүй байсан тул эмнэлэг, цагдаа дуудсан” тухай мэдүүлэг (2 хх 67-68),    

Гэрч П.Г-ийн: “2020 оны 02 дугаар сарын 18-ны 14 цаг өнгөрч байхад С.Б нь ажлынхаа газрын гишгээ доголон эмэгтэйтэй хамт ирээд 75000 төгрөгийн үнэтэй, цэнхэр хайрцагтай Валентайнс нэртэй виски авч явсан” тухай мэдүүлэг,

Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын камерийн бичлэгт амь хохирогч С.Б, Б.Л нарын засаг даргын өрөөнд орсон, гарсан байдал бичигдсэн тухай камерийн бичлэг бүхий компакт дискэнд үзлэг хийсэн тэмдэглэл,

В.Р-ийн албан өрөөнд үзлэг хийх явцад Ballantines нэртэй вискиний шил, дотроо шингэнтэй Jack Daniels нэртэй шилтэй виски гарсныг эд мөрийн баримтаар тооцож, тэдгээрийг хайрцагны хамт хураан авсан тухай тэмдэглэл,

Шинжээч Б.Ц-ын: “Jack Daniels нэртэй вискиний шилэнд байсан шингэнийг шинжилхэд 75 мл хэмжээтэй 37 хувийн этилийн спирт агуулсан согтууруулах ундааны зүйл байсан бөгөөд хүчил, шүлт, мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодис илрээгүй тухай” дүгнэлт (2 хх 232-233),

Гэрч Т.Г-ын: “Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн 103 тасагт жижүүр эмчийн үүрэг гүйцэтгэж байхад нь 2020 оны 02 дугаар сарын 19-ний 04 цаг 05 минутад 9203........ гэсэн дугаараас ирсэн дуудлагын дагуу очиход Toyota Prius-20 маркийн тээврийн хэрэгслийн арын суудалд хэвтэж байсан 30 орчим насны эмэгтэйн үзүүлэлтүүдийг шалгахад нойл зааж байсан. Хүүхэн харааг нь жижиг гар чийдэн тусгаж шалгахад хоёр талд жигд өргөссөн, чагнуураар зүрхийг нь чагнахад зүрх нь зогссон, бие нь хөшөөгүй, биеийн температур нь багассан, машин асаалттай, машин дотор дулаахан байсан.” тухай мэдүүлэг (2 хх 71-73),

Шинжээч Т.А-ийн: “103-ын эмчийн үзлэгээс харахад нас барсны баттай шинж тэмдгүүд илрээгүй байсан учраас нас бараад удаагүй буюу 1-2 цаг болж байсан гэж ойлгож болно. Анхны шинжилгээ хийсэн бүрэлдэхүүн бол 2020.02.20-ны өдрийн 17 цаг 35 минутанд талийгаачийн цогцост үзлэг хийхдээ нас бараад 24 цагаас дээш хугацаа өнгөрсөн гэж үзсэнийг дүгнэлтэнд тусгаж өгсөн.

Талийгаачийн хуйханд үүссэн цус хуралт гэмтэл нь хэмжээний хувьд жижиг, цаашаа зүсэхэд гүн биш, гавлын яс болон тархины эдэд ямар нэгэн гэмтэл тогтоогдоогүй. Тийм учраас хурхирах шинжийг тархины гэмтэлтэй холбож үзэх боломжгүй. Хурхирах шинж бол анагаахын хувьд тархи гэмтэлтэй үед, эсхүл согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэснээс болж унтаа байдалд орж хурхирч болно. Мөн энгийн тохиолдолд эрүүл боловч хурхирч унтдаг хүмүүс байдаг.

Эд эсийн шинжилгээгээр уушигны бүх гуурсанцар, нарийн гуурсанцруудад ходоодны агууламж буюу гадны биет илэрсэн. Уушигны гуурсанцар, нарийн гуурсанцар хүртэл ходоодны агууламжийг гаднаас нь цутгах боломжгүй. Энгийн үгээр тайлбарлавал талийгаач өөрөө ходоодны агууламж буюу бөөлжсөндөө хахаж, амьсгал бүтэлтэд орж нас барсан.” гэсэн мэдүүлэг  (4 хх 175-176),

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч О.Б, Б.Г, Т.А нарын 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний: “Талийгаач С.Б-ийн цогцост дагзны зүүн хэсгийн хуйхны дотор гадаргуугийн цус хуралт гэмтэл тогтоогдсон нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Талийгаач С.Б-ийн үтрээний арчдас, наалдац дээр эр бэлгийн эс илрээгүй. Талийгаачийн цусанд 2.8 промилли спиртийн агууламж илэрсэн нь хүчтэй зэргийн согтолтод хамаарна. 2020.02.20-ны 17 цаг 35 минутад талийгаачийн цогцост үзлэг хийхэд нас бараад 24 цагаас дээш хугацаа өнгөрсөн байна.

Талийгаач нь амьсгалын зам ходоодны агууламжаар бөглөрсний улмаас механикаар амьсгал бүтэж нас барсан болно” гэсэн 559 дугаартай шинжээчийн дүгнэлт  (2 хх 201-207), 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Т.А, Ж.Г, Ө.С, Н.Т, С.Ч нарын 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн:

“Талийгаач С.Б-ийн цогцост учирсан дагзны зүүн хэсгийн хуйхны дотор талын цус хуралт гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, хохирогчийг амьд байхад цохих, цохигдох, унах үеийн алинд ч үүсэх боломжтой бөгөөд гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй, нас барсан шалтгаантай холбоогүй.

Талийгаачийн дотор эрхтний шинжилгээгээр тархины орой болон суурийн хэсгийн судаснууд цус дүүрч өргөссөн нь түргэн үхлийн, тухайлбал амьсгал бүтэлтийн үед гардаг нэг шинж юм.

Талийгаач С.Б нь амьсгалын зам ходоодны агууламжаар бөглөрсний улмаас механикаар амьсгал бүтэж нас баржээ.

Шүүх эмнэлэгт архины согтолтын зэргийг 0,5-аас бага бол Эрүүл, 0,5- 1,5 бол Хөнгөн, 1,5-2,5 бол дунд, 2,5-3,0 бол хүчтэй, 3,0-аас их бол хүнд зэргийн согтолттой гэж ангилдаг ба талийгаачийн хувьд цусанд 2,8 промилли спиртийн агууламж илэрсэн нь хүчтэй зэргийн согтолтод хамаарч байна.

Цогцост хийсэн шүүх эмнэлгийн 559 тоот дүгнэлт үндэслэлтэй” гэсэн 677 дугаартай дүгнэлт (4 хх 142-149),

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Т.А, М.Э, Ө.С, Б.Э, С.Ч нарын 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн:

“Талийгаач С.Б-ийн биед анх үзлэгийг хийж амин үзүүлэлтүүдийг шалгасан эмчийн мэдүүлснээс үзэхэд талийгаач нь 2020.02.19-ний шөнийн 04 цаг 10 минутын үед нас бараад 1 цаг орчим болсон байж болохоор байна.

Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн эмчийн мэдүүлэг, 2020.02.19-ний 11 цаг 02 минутад хийсэн цогцосны гадна үзлэг, 2020.02.20-ны 17 цаг 35 минутад талийгаачийн цогцост хийсэн үзлэг зэргээс харахад талийгаач С.Б нь 2020.02.19-ний шөнийн 03 цагаас 03 цаг 30 минутын үед нас барсан байх боломжтой байна.

Яаралтай тусламжийн эмчийн мэдүүлгээс үзэхэд 2020.02.19-ний шөнийн 04 цаг 10 минутаас 04 цаг 20 минутын үед талийгаач нь нас барсан. Цогцост цогцосны эрт үеийн өөрчлөлтүүд үүсч эхэлж байсан байна.

Талийгаачийн цогцост хийсэн задлан шинжилгээгээр тогтоогдсон толгойн хуйхны дотор гадаргуу буюу дагзны зүүн хэсгийн хуйханд үүссэн 2,8х2,8 см цус хуралт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журамд зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

Дээрх цус хуралтаас болж талийгаач нас бараагүй ба нас барсан шалтгаантай хамааралгүй.

Толгойн хуйхны дотор гадаргууд цус хуралт гэмтэл үүссэн тохиолдолд хурхирах, яраглах зэрэг шинж тэмдэг илрэхгүй.

Амьсгал бүтэлт нь бие махбодийг хүчилтөрөгчийн дутагдалд оруулж нас барахад хүргэдэг, үндсэн 2 үе шатыг дамжин 6-7 минут орчим үргэлжилдэг нийлмэл үйл явц бөгөөд амьсгал бүтэлт нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.3.9 зааснаар амь тэнссэн байдалд хамаарна” гэсэн 892 дугаартай нэмэлт дүгнэлт (4 хх 161-173),

Б.Л-ын согтолтыг 2020 оны 02 дугаар сарын 19-ний драйгер багажаар шалгахад 1.02 хувийн согтолттой байсан тухай тэмдэглэл (3 хх 80),

Цогцосны гадна биед үзлэг хийсэн тэмдэглэл (1хх 30-32), Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1хх147-171), В.Р, Б.Л, амь хохирогч С.Б, гэрч Б.Э, Э.М нарын гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 хх 80-99) зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.

Шүүгдэгч нарын хэргийн үйл баримтын талаар өгсөн мэдүүлгүүд нь хэрэгт авагдсан бусад нотлох баримттай тохирч байгаагаас гадна өөр хоорондоо харилцан зөрүүгүй байх тул шүүгдэгч нарын мэдүүлгийг хэргийн үйл баримтыг нотлож байна гэж үнэлэх үндэслэлтэй.

Хэргийн үйл баримтыг нотлож байгаа, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтууд нь хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагааны явцад хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэнээс гадна эргэлзээгүй, хоорондоо зөрүүгүй, харилцан бие биенээ нөхсөн шинжтэй, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.

Хэрэгт авагдсан бусад нотлох баримтууд нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг няцаан үгүйсгээгүй, харин давхар нотлож байгаа болохыг дурьдах нь зүйтэй.

3. Прокурорын яллах дүгнэлт, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын талаар: Харин улсын яллагч, хохирогчийн өмгөөлөгч нар болон шүүгдэгчийн өмгөөлөгч нар шүүгдэгч нарын үйлдэлд Эрүүгийн хуулийг тайлбарлах хэрэглэх талаар харилцан эсрэг байр суурийг илэрхийлж шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэтгэлцсэн байна.

Прокуророос В.Р, Б.Л, Э.М нар нь харилцан итгэлцлээр хүлээсэн тусламж үзүүлэх үүргээ зориуд биелүүлээгүйн улмаас хохирогч С.Б нь амьсгалын зам ходоодны агууламжаар бөглөрсний улмаас механикаар амьсгал бүтэж нас барсан гэж үзээд шүүгдэгч нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчилж тус тус яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх: “Хохирогч С.Б бэртэл гэмтэл, өвчтэй байгаагүй харин хүчтэй согтолтын улмаас биеэ авч явах болон өөртөө тусламж үзүүлэх, бусдаас тусламж хүсэх чадваргүй болсон байсан нь хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай тогтоогдож байгаа боловч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлд зааснаас бусад шалтгааны улмаас өөрийгөө хамгаалах, өөрийнхөө төлөө анхаарал халамж тавих боломжгүй хүний эрүүл мэнд, амь насыг тухайн гэмт хэргийн объект болгож хуулийг хэрэглэхэд эргэлзээтэй байна гэсэн үндэслэлээр шүүгдэгч нарын үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ гэж заасныг баримтлан шүүгдэгч нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч нарыг цагаатгаж шийдвэрлэжээ.

4. Эрүүгийн хуулийг тайлбарлах, хэрэглэх талаар: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан аюултай байдалд орхих тусламж үзүүлэхгүй байх гэмт хэргийн шинж нь бага насны хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй, бэртэл гэмтэлтэй, өвчний улмаас бусдын туслалцаа, асрамж шаардлагатай хүний амь нас, эрүүл мэндэд аюул учирсан байх, хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцэл эсхүл харилцан итгэлцлээр асран хамгаалах, тусламж үзүүлэх үүрэг хүлээсэн этгээд нь зориуд биелүүлээгүй орхисон байх урьдач нөхцөлийг шаардаж байна.

Анхан шатны шүүхээс тогтоогдсон хэргийн бодит байдал буюу шүүгдэгч нарын үйлдлийн шинжүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад тодорхойлон заасан гэмт хэргийн шинжүүдтэй бүх талаар бүрэн тохирч байгаа тохиолдолд шүүгдэгч нарыг тухайн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэх үндэслэлтэй.

Тийм ч учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохоор, мөн зүйлийн 3 дахь хэсэгт Эрүүгийн хуулийн тусгай ангид заагаагүй үйлдэл, эс үйлдэхүй, хохирол, хор уршиг, гэм буруугийн шинжийг төсөөтэй хэрэглэж гэмт хэрэгт тооцохгүй байхаар тус тус заасан байдаг.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч нарын эс үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад тодорхойлон заасан шинжүүдийн аль нэг шинжийг хангаагүй тохиолдолд тухайн үйлдэл, эс үйлдэхүйг шүүх гэмт хэргийн шинжгүй гэж үзэх ёстой.

Аливаа гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүн хангагдсан гэж дүгнэхийн тулд тухайн гэмт хэргийн үндсэн бүрэлдэхүүн заавал хангагдсан байхыг шаарддаг.  

Өөрөөр хэлбэл шүүгдэгч нарын эс үйлдэхүй нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүнийг хангаж байна гэж үзэхийн тулд шүүгдэгч нарын эс үйлдэхүй нь Эрүүгийн хуулийн тусай ангийн 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тухайн гэмт хэргийн үндсэн бүрэлдэхүүнийг хангасан байх шаардлагатай.

Тиймээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэргийн обьект нь өөрийгөө хамгаалах, өөрийнхөө төлөө анхаарал халамж тавих боломжгүй бага насны хүүхэд, өндөр настай, хөгжлийн бэрхшээлтэй, бэртэл гэмтэл, өвчтэй хүмүүсийн амь нас, эрүүл мэнд байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйл нь дээр нэрлэн заасан этгээдүүдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах зорилгыг агуулж байна.

Харин архи, согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсний улмаас, хүчтэй согтож, өөрийнхөө төлөө анхаарал халамж тавих боломжгүй болсон хүмүүсийн амь нас, эрүүл мэндийг хууль тогтоогч тухайлан эрүүгийн хуулийн энэ зүйлд хамааруулаагүй байна.   

Тодруулж хэлбэл хүчтэй согтолтын улмаас өөрийгөө хамгаалах, өөрийнхөө төлөө анхаарал халамж тавих боломжгүй болсон хүмүүсийн амь нас, эрүүл мэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлийн объект биш байна.

Архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд зааснаар 21 нас хүрсэн хүн хуулиар хориглосноос бусад газарт согтууруулах ундаа хэрэглэхийг хуулиар хязгаарлаагүй боловч архи согтууруулах ундаа хэрэглэх нь нийгэмд ашигтай үйлдэл биш тул, мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт архидан согтуурахтай тэмцэх, түүний хор уршгийг олон нийтэд ойлгуулан таниулах талаар бүх төрлийн сурталчилгаа явуулахыг төрийн захиргааны төв болон орон нутгийн захиргааны байгууллага, эрүүл мэнд, хэвлэл мэдээлэл, соёл, боловсролын байгууллагад үүрэг болгосон байдаг.  

Тийм учраас хууль тогтоогч Эрүүгийн хуулийн 15.2 дугаар зүйлээр архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсний улмаас үүсч болох эрсдэлийг архи хэтрүүлэн хэрэглэсэн этгээдтэй хамт архи уусан хүмүүс болон, өөрийн боломжийн хэмжээнд түүнд асрамж, тусламж үзүүлж байсан хүмүүст хариуцуулаагүй байна.

 Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлд заасан  “Харилцан итгэлцлээр тусламж үзүүлэх үүрэг хүлээсэн этгээд” гэдэг ойлголтыг үгийн шууд утгаар тайлбарлавал тусламж хэрэгтэй нөхцөл байдал бий болсон үед нь тухайн хүнд заавал тусламж үзүүлэх талаар зөвшилцөж, тохиролцсоны үндсэн дээр тухайн үүргийг өөртөө хүлээхийг зөвшөөрсөн этгээд байхаар байна. Ямар нэгэн байдлаар зөвшилцөж, тохиролцоогүй тохиолдолд харилцан итгэлцэл болон түүний дагуу үүрэг үүсэх боломжгүй юм.

Шүүгдэгч нарын хувьд хохирогчид тусламж шаардлагатай үед тусламж үзүүлэх, асран хамгаалахаар харилцан тохиролцож үүрэг хүлээсэн болох нь тогтоогдохгүй байна.

Тиймээс шүүгдэгч нарыг амь хохирогчид харилцан итгэлцлээр тусламж үзүүлэх, асран хамгаалах үүрэг хүлээсэн этгээд гэж дүгнэх үндэслэлгүй.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар болгоомжгүй үйлдэл эс үйлдэхүй нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд л гэмт хэрэгт тооцогдоно.

Гэтэл Эрүүгийн хуулийн 15.2 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь харилцан итгэлцлээр хүлээсэн тусламж үзүүлэх үүргээ зориуд биелүүлээгүй байхыг шаардаж байна.

Шүүгдэгч нарыг хохирогчийн өмнө харилцан итгэлцлээр тусламж үзүүлэх үүрэг хүлээсэн этгээд байсан гэж үзсэн ч шүүгдэгч нар нь хохирогчийн амь насанд аюул учирсан гэдгийг мэдсээр байж харилцан итгэлцлээр хүлээсэн тусламж, үзүүлэх, асран хамгаалах үүргээ “зориуд” буюу санаатайгаар биелүүлээгүй гэх байдал хэрэгт авагдсан нотлох баримтаар үгүйсгэгдэж байна.

 Түүнчлэн шүүгдэгч нарын эс үйлдэл нь амь хохирогчийн үхэлтэй шууд шалтгаант холбоогүй байна. 

Дээр дурдсан бүх нөхцөл байдлуудаас үндэслэн дүгнэвэл шүүгдэгч нарын үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй байна.

Прокурорын яллах дүгнэлтэд В.Р нь Говь-Алтай аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа 2020 оны 02 дугаар сарын 18-аас 19-нд шилжих шөнө тус аймгийн Есөнбулаг сумын нутаг дэвсгэр аймгийн Засаг даргын Тамгын газарт байрлах албан өрөөндөө Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Дараах газарт согтууруулах ундаа хэрэглэх, худалдах, түүгээр үйлчлэхийг хориглоно.”, 7.1.1-д “Төрийн болон төрийн бус байгууллагын албан байр” гэж, мөн хуулийн 7.4-т “Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэх, бусдыг шахаж согтоох, түүнчлэн 21 нас хүрээгүй хүнийг уруу татаж согтууруулах ундаа уулгахыг хориглоно.” гэж, мөн “Төрийн албаны сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай” Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 258 дугаартай тогтоолын 1 дэх хэсэгт дараах арга хэмжээ авч ажиллахыг Засгийн газрын гишүүд, бүх шатны Засаг дарга, Засгийн газрын агентлагийн дарга, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгж, байгууллагын дарга нарт үүрэг болгосугай. 1 дэх хэсгийн 1.7 дахь хэсэгт “төрийн албан хаагч албан томилолтын явцад, ажлын болон ажлын бус цагаар ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэх явдлыг таслан зогсоох, төрийн байгууллагын байр, ажлын байранд согтууруулах ундаа, мансууруулах бодис, галт болон хүйтэн зэвсэг, тэсэрч дэлбэрэх болон шатамхай бодис, хэрэгслийг нэвтрүүлэх, хадгалах, хэрэглэх, ашиглахыг байгууллагын дотоод журамд тусган хориглож, зөрчсөн тохиолдолд хариуцлага тооцох” гэж заасныг тус тус зөрчиж, улмаар тус аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга, амь хохирогч С.Б болон ахлах мэргэжилтэн Б.Л нартай архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж дүгнэсэн байх бөгөөд эдгээр үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлд заасан Аюултай байдалд орхих гэмт хэргийн шинжид хамааралгүй болохыг дурьдах нь зүйтэй.

5. Давж заалдах гомдлын талаар: Шинжээчийн дүгнэлтээр хохирогч нь амьсгалын зам ходоодны агууламжаар бөглөрч механик амьсгал бүтэлтээр нас барсан болох нь тогтоогдсон, амь хохирогч С.Б-ийн цогцост учирсан дагзны зүүн хэсгийн хуйхны дотор талд үүссэн цус хуралт нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, цохих, цохигдох, унах үеийн алинд ч үүсэх боломжтой бөгөөд гэмтлийн зэрэгт хамаарахгүй, нас барсан шалтгаантай холбоогүй болох нь тогтоогдсон байна.

Тиймээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.У-ын уг хэргийг жирийн нэг золгүй явдал гэж үзэхгүй байгаа бөгөөд В.Р, Б.Л нарыг бүлэглэн санаатайгаар миний охиныг алсан гэж үзэж байгаа гэсэн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

Мөн анхан шатны шүүх хэтэрхий нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн гэх байдал тогтоогдохгүй байна.

Тиймээс цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулах тухай хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Хохирогчийн өмгөөлөгч нарын энэ гэмт хэргийн объект нь өөрийгөө хамгаалах, өөрийнхөө төлөө анхаарал халамж тавих боломжгүй хүн бүрийн амь нас байдаг гэсэн үндэслэлийг дээр няцаасан болно.

Мөн хохирогчийн өмгөөлөгч нар давж заалдах гомдолдоо: Энэ хэргийн хувьд шүүгдэгч нарыг гэм буруутай эсэхэд эргэлзээтэй нотлох баримт байхгүй. Тухайн гэмт хэрэг нь нотлогдсон тогтоогдсон байхад шүүхээс эрүүгийн хуулийг хэрэглэхэд эргэлзээ гарсан гэж үзэж шүүгдэгч нарыг цагаатгаж шийдвэрлэсэн нь хэргийн жинхэнэ бодит байдалтай нийцээгүй Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэжээ.

Гэтэл анхан шатны шүүх нотлох баримтуудыг эргэлзээтэй гэж дүгнээгүй харин хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон, шүүгдэгч нарын өөрсдөө ч хүлээн зөвшөөрч байгаа үйлдэл, эс үйлдэл нь гэмт хэргийн шинжтэй эсэх нь эргэлзээтэй байна гэж дүгнэн хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч нарыг цагаатгаж шийдвэрлэсэн байна.

Харин анхан шатны шүүх цагаатгах тогтоолын тогтоох хэсэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийг бүхэлд нь баримталсан атлаа тогтоох хэсгийн 1 дүгээр заалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримталсан нь хууль хэрэглээний хувьд алдаатай болсон байна.

Энэ талаарх хохирогчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол тайлбар үндэслэлтэй боловч энэ нь анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгох үндэслэл болохгүй байна.

Анхан шатны шүүх прокуророос шүүгдэгч нарын үйлдэл, эс үйлдэлд яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хуулийн зүйл заалтыг тайлбарлаж хэрэглэхэд эргэлзээтэй байна гэж үзсэн бол энэ үндэслэлээ цагаатгах тогтоолын тодорхойлох хэсэгт тайлбарлаад энэхүү эргэлзээтэй байдлыг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх зарчмын дагуу шийдвэрлэж шүүгдэгчийн үйлдлийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгохоор байжээ.

Энэ хэргийн тухайд эрүүгийн хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээтэй гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй, харин шүүгдэгч нарын эс үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй байх тул анхан шатны шүүхийн тогтоолд хууль хэрэглээний хувьд зөвтгөн өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах давж заалдах шатны шүүхийн эрх хэмжээнд нийцэж байх бөгөөд шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дордуулахгүй байна.

Түүнчлэн анхан шатны шүүх цагаатгах тогтоолдоо хэрэгт хураагдсан эд мөрийн баримт, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гаргасан нэхэмжлэлийн талаар үндэслэлтэй дүгнэлт хийж шийдвэрлэсэн болохыг дурьдах нь зүйтэй.

Тиймээс анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол дээр дурдсан өөрчлөлтийг оруулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон өмгөөлөгч нарын гаргасан анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг дахин хэлэлцүүлэх тухай давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч В.Р, Б.Л, Э.М нарт холбогдох 2016000440271 дугаартай эрүүгийн хэргийг шийдвэрлэсэн Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 118 дугаар цагаатгах тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтад “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг” гэснийг “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг” гэж өөрчилж тогтоох хэсгийн бусад зүйл заалтыг хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.У, түүний өмгөөлөгч О.Б, Ц.Э нарын гаргасан анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулж хэргийг дахин хэлэлцүүлэх тухай давж заалдах гомдлыг  хэрэгсэхгүй болгосугай.

   2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

ДАРГАЛ

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Т.Ж

                 ШҮҮГЧИД                               Б.Б

                                                   Ч.Э