| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Пунцагийн Золзаяа |
| Хэргийн индекс | 101/2015/3492/И |
| Дугаар | 001/ХТ2016/00854 |
| Огноо | 2016-06-28 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2016 оны 06 сарын 28 өдөр
Дугаар 001/ХТ2016/00854
Д.Нацагдоржийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2016 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 101/ШШ2016/02290 дүгээр шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2016 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 898 дугаар магадлалтай,
Д.Нацагдоржийн нэхэмжлэлтэй
“Өндөрбуянт холдинг” ХХК, “Юу Би Эйч проперти” ХХК-д тус тус холбогдох
Ажил гүйцэтгэх гэрээний алдангид 73 734 810 төгрөг, гэрээнээс учирсан хохиролд 8 523 900 төгрөг гаргуулах, 2015 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн орон сууц захиалгаар бариулах тухай гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Зохигчдын хяналтын гомдлоор
шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Батмэнд, нэхэмжлэгчийн өмгөөлөгч К.Бауржин, хариуцагч “Өндөрбуянт холдинг” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэнд-Очир, хариуцагч “Юу Би Эйч проперти” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Батзориг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Хажидмаа нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Нацагдорж 2012 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр “Өндөрбуянт холдинг” ХХК-тай орон сууц захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын С/11 дүгээр гэрээг байгуулж, энэ гэрээгээр Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороололд баригдаж байгаа Нарру town хотхоны С корпусын 71 дүгээр байрны 2 дугаар орцны 1 дүгээр давхрын Е тоот 61.91 м.кв 2 өрөөг байрыг 74.292 ам.доллароор 2014 оны 1 дүгээр улиралд байр ашиглалтанд оруулахаар харилцан тохиролцсон. Захиалагч талаас гэрээнд заасан үүргээ зохих ёсоор гүйцэтгэж төлбөр мөнгийг төлөх хугацаанд нь бүрэн төлж барагдуулсан. Харин гүйцэтгэгчийн хувьд орон сууц захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын С/11 дүгээр гэрээний 1.4, 3.1-д 2014 оны 1 дүгээр улиралд ашиглалтанд оруулж, хүлээлгэн өгнө гэж заасан гэрээний заалтыг зөрчиж, хугацаа хэтрүүлэн 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүлээлгэн өгсөн. Өөрөөр хэлбэл гүйцэтгэгч талын хувьд гэрээний үүргийг зохих ёсоор гүйцэтгээгүй. Гүйцэтгэгч тал нь байрыг 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө ашиглалтад оруулж захиалагч талд хүлээлгэн өгөх ёстой байсан бөгөөд энэ үүргээ 90 хоногоос дээш хугацаагаар хэтрүүлсэн тохиолдолд буюу 91 дэх хоногоос эхлэн захиалагч талд алданги төлөхөөр гэрээний 5.2-т хэтэрсэн хоног тутамд гэрээний нийт үнийн дүнгийн 0.2 хувьтай тэнцэх алдангийг захиалагчид төлөхөөр заасан. Гүйцэтгэгч талаас гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй буюу гэрээний 1.4, 3.1-д заасан хугацааг хэтрүүлсэн гэж үзэн гэрээний 5.2-т зааснаар алданги тооцвол нийт төлөх алдангийн хэмжээ 41 306.3 ам.доллар болж байна. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасны дагуу тооцон үзэхэд алдангийн хэмжээ 37 146 ам.доллар байна. Захиалагч талаас удаа дараа алдангийн талаар харилцан тохиролцох санал хүсэлтийг “Өндөрбуянт холдинг” ХХК-д хүргүүлж байсан ч ямар нэгэн арга хэмжээг авч байгаагүй. Иймд “Өндөрбуянт холдинг” ХХК-аас талуудын хооронд байгуулсан гэрээний 5.2-т заасны дагуу 37.146 ам.доллар буюу 73 734 810 төгрөгийг гаргуулж өгнө үү. Д.Нацагдоржийн “Өндөрбуянт холдинг” ХХК-тай 2012 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр байгуулсан С/11 дүгээр гэрээгээр Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо 16 дугаар хороололд баригдаж байгаа Нарру town хотхоны С корпусын 71 дүгээр байрны 2 дугаар орцны нэг давхрын Е тоот 61.91 м.кв байрыг 2014 оны 1 дүгээр улиралд ашиглалтанд оруулахаар харилцан тохиролцсон. Уг орон сууцыг 2014 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүлээлгэж өгсөн бөгөөд орон сууцыг хүлээн авсны дараа Зураг төслийн тусгай зөвшөөрөлтэй “Голден моргон” ХХК-аар хэмжилт хийлгэхэд 58.22 м.кв болсон бөгөөд гэрээ байгуулахад харилцан тохиролцсон 61.91 м.кв-аас 3.69 м.кв дутуу зөрчил илэрсэн. Иймд уг орон сууцны 3.69 м.кв-ын зөрүүд илүү төлсөн 8 523 900 төгрөгийг мөн гаргуулж өгнө үү. Нэхэмжлэгч нь “Өндөрбуянт холдинг” ХХК-тай орон сууц захиалан бариулах С/11 дүгээр гэрээг байгуулан ажиллаж байсан ба “Юу Би Эйч проперти” ХХК-тай албан ёсоор НРТ12С/11 дүгээр гэрээг байгуулаагүй. Харин барилга ашиглалтанд орсны дараа өөрийн захиалан бариулсан орон сууцны өмчлөх эрхийг баталгаажуулан гэрчилгээ гаргуулан авахаар “Өндөрбуянт холдинг” ХХК дээр очиж уулзахад нь та энэ гэрээг авч очоод Улсын бүртгэлийн ерөнхий газарт бүртгүүлээд гэрчилгээ авах боломжтой гэж хэлсэн. Ямар учраас энэ гэрээг өгөх ёстой юм бэ гэхэд энэ гэрээгүйгээр таны өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгөхгүй гэж хэлсэн. Тэгээд хэлсэн ёсоор нь уг гэрээг аваад Улсын бүртгэлийн ерөнхий газар очиж бүрттүүлэх гэхэд улсын бүртгэгч нь та гэрээн дээр гарын үсэг зураагүй байна гэсэн бөгөөд зурсны дараа улсын бүртгэлд бүртгэж гэрчилгээ олгогдоно гэсэн учир Д.Нацагдорж нь гарын үсэг зурж улсын бүртгэлд бүртгүүлэн үл хөдлөх хөрөнгийнхөө гэрчилгээг гаргуулан авсан. Д.Нацагдоржийн хувьд “Юу Би Эйч проперти” ХХК-аар орон сууц захиалан бариулаагүй, тус компанитай ямар нэгэн гэрээг хүсэл зоригоо илэрхийлэн гэрээ байгуулаагүй учраас НРТ12С/11 дүгээр гэрээний эх хувь компанид болон надад байхгүй бөгөөд зөвхөн ганц байгаа нь Улсын бүртгэлийн ерөнхий газарт байгаа. Мөн “Юу Би Эйч проперти” ХХК-тай байгуулсан НРТ12С/11 дүгээр гэрээний огноо нь 2015 оны 03 дугаар сарын 17-ны өдөр байдаг бөгөөд нэхэмжлэгч нь “Өндөрбуянт холдинг” ХХК-аас 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр С/11 дүгээр гэрээний дагуу хүлээн авсан бөгөөд 2015 оны 03 дугаар сарын 17-ны өдөр байрны гэрчилгээгээ авахын тулд уг гэрээнд гарын үсэг зуран Улсын бүртгэлийн газар өгсөн 2015 оны 03 дугаар сарын 30-ны өдөр эрхийн улсын бүртгэлийн 2204070099 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийхөө гэрчилгээг гаргуулан авсан. Иймд нэхэмжлэгчийн хувьд өөрийн хүсэл зоригоо илэрхийлэн гэрээ байгуулаагүй учир “Юу Би Эйч проперти” ХХК-тай байгуулсан гэх НРТ12С/11 дугаар бүхий Орон сууц захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох тухай шаардлагыг мөн гаргаж байна гэжээ.
Хариуцагч “Өндөрбуянт холдинг” ХХК-ийн төлөөлөгч шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Нацагдорж нь нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлохдоо “Өндөрбуянт холдинг” ХХК болон Д.Нацагдорж нарын хооронд 2012 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн С/11 тоот орон сууц захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээг үндэслэсэн байх боловч энэхүү гэрээ нь өөрчлөгдөж нэхэмжлэгчийн өмнө хүлээх эрх үүрэг “Юу Би Эйч проперти” ХХК-д шилжсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байна. “Өндөрбуянт холдинг” ХХК нь 2013 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 2013/04-12 тоот үл хөдлөх хөрөнгө худалдах-худалдан авах гэрээний дагуу Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, Нарру town хотхонд байрлах 70 хувийн гүйцэтгэлтэй ХД-71 дүгээр барилгыг бүхэлд нь буюу “Юу Би Эйч проперти” ХХК-д худалдсан бөгөөд захиалагч иргэдийн манай компанид төлсөн төлбөрийг “Юу Би Эйч проперти” ХХК-д шилжүүлсэн. Дээрх барилгатай холбоотой захиалагчдын өмнө хүлээх эрх, үүрэг “Юу Би Эйч проперти” ХХК-д бүрэн шилжсэн. Иймд Д.Нацагдоржийн өмнө хүлээх эрх үүрэг мөн адил дээрх компанид шилжсэн бөгөөд үүнийг захиалагч өөрөө хүлээн зөвшөөрч захиалсан байрныхаа үлдэгдэл төлбөрийг “Юу Би Эйч проперти” ХХК-д 2 удаа төлснөөс үзэхэд Д.Нацагдорж нь ажил гүйцэтгэгч өөрчлөгдснийг хүлээн зөвшөөрч төлбөрийг бүрэн төлсөн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. “Юу Би Эйч проперти” ХХК-тай албан ёсоор гэрээ байгуулаагүй гэсэн байна. Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 42 дугаар зүйлийн 42.2, 43 дугаар зүйлийн 43.2, 43.2.1-д тус тус заасны дагуу Д.Нацагдорж нь уг гэрээний хуудас болгон дээр гарын үсэг зурж хүсэл зоригоо илэрхийлсэн нь гэрээг албан ёсоор байгуулаагүй гэх үндэслэлгүй. Д.Нацагдорж нь өөрийн захиалсан байртай холбоотой бүх эрх үүрэг “Өндөрбуянт холдинг” ХХК-аас “Юу Би Эйч проперти” ХХК шилжснийг хүлээн зөвшөөрснийг мэдсний дагуу үлдэгдэл 47 000 000 төгрөгийг “Юу Би Эйч проперти” ХХК-д төлсөн бөгөөд уг компаниас мэдэгдсээр байтал өөрөө гэрээ байгуулалгүй явсаар эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ авах үед гэрээгээ байгуулсан нь гэрээг бүхэлд нь хүсэл зоригийн илэрхийлэл байгаагүй гэж үзэж хүчингүйд тооцуулах нь хууль зүйн үндэслэл болохгүй. Учир нь Д.Нацагдорж нь дээрх гэрээг байгуулахдаа гэрээний зүйл заалт бүрийг уншиж танилцаж баталгаажуулан хуудас бүрт гарын үсэг зурсан байдаг. Мөн нэхэмжлэгч тал дээрх гэрээг байгуулснаар өмчлөх эрхийн гэрчилгээгээ гаргуулж авсан гэсэн нь уг гэрээг өөрийн хүсэл сонирхолд нийцүүлэн байгуулсан гэдгээ нотолж байна. Д.Нацагдорж болон “Юу Би Эйч проперти” ХХК-ийн хооронд байгуулсан НРТ12С/11 дүгээр гэрээний хувьд талууд гэрээний нөхцөл, гарах үр дагаврыг хүлээн зөвшөөрч өөрсдийн хүсэл сонирхолд нийцсэн гэж үзэн гарын үсэг зурж баталгаажуулсан, уг гэрээг үндэслэн захиалагч тухайн байрыг өмчлөх эрхээ төрийн байгууллагад бүртгүүлсэн тул гэрээ хүчин төгөлдөр гэрээ юм гэжээ.
Хариуцагч “Юу Би Эйч проперти” ХХК-ийн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани 2013 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 2013/04-12 тоот Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээний дагуу Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, Нарру town хотхонд байрлах 70 хувийн гүйцэтгэлтэй 3 ширхэг барилгыг “Өндөрбуянт холдинг” ХХК-аас худалдаж авсан бөгөөд уг 3-н барилгыг өөрийн зардал, материалаар гүйцээн барьж ашиглалтанд оруулсан. Барилгыг худалдан авах үед хэд хэдэн иргэд “Өндөрбуянт холдинг” ХХК-тай гэрээ байгуулан байр захиалж урьдчилгаа төлбөр өгсөн байсан бөгөөд эдгээр иргэдийн төлбөрийг “Өндөрбуянт холдинг” ХХК манай компанид бүрэн шилжүүлэн өгсөн. Мөн нэхэмжлэгчийн урьдчилгаа төлбөр 62 619 543 төгрөгийг “Өндөрбуянт холдинг” ХХК манай компанид шилжүүлсэн. Бид захиалагч Д.Нацагдоржид түүний захиалсан байртай холбоотой бүх эрх үүрэг манай компанид шилжснийг мэдэгдсэн бөгөөд үүний дагуу Д.Нацагдорж нь үүрэг шилжснийг хүлээн зөвшөөрч “Юу Би Эйч проперти” ХХК-тай НРТ12С/11 тоот “Орон сууц захиалгаар бариулах тухай гэрээ”-г шинээр дахиж байгуулсан. Мөн захиалагч байрны үлдэгдэл төлбөр болох 46 726 340 төгрөгийг манай компанид төлж дуусгасан бөгөөд орон сууцыг манай компаниас актаар хүлээн авсан. Мөн “Юу Би Эйч проперти” ХХК нь 2013 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр захиалгаар барилга байгууламж бариулах тухай гэрээг “Өндөрбуянт холдинг” ХХК-тай байгуулж, дээрх 3-н барилгын угсралтын ажлыг уг компаниар гүйцэтгүүлсэн. Манай компани нь “Өндөрбуянт холдинг” ХХК-тай байгуулсан дээрх гэрээний хувьд барилгын тухай хуулийн 15 дугаар зүйлд заасан барилгын хөрөнгө оруулагч, захиалагчийн эрх үүргийг, харин нэхэмжлэгчийн хувьд Барилгын тухай хуулийн 16 дугаар зүйлд заасан барилгын ажил гүйцэтгэгчийн эрх үүргийг тус тус хэрэгжүүлсэн. Иймд захиалагчийн өмнө түүний захиалсан байртай холбоотой эрх, үүргийг гэрээний дагуу манай компани хариуцах юм. Д.Нацагдоржтой байгуулсан НРТ12С/11 тоот орон сууц захиалгаар бариулах тухай гэрээний 5.9-д гүйцэтгэгчийн буруугаас шалтгаалахгүй нөхцөлийн улмаас барилгын ашиглалтанд орох хугацаа хойшилсон тохиолдолд гүйцэтгэгч хариуцлага хүлээхгүй гэж тусгайлан зааж талууд харилцан тохиролцсон байдаг. 2014 оны 07 дугаар сарын 08-ны өдөр техникийн комисс ажиллуулж барилгыг шалгуулсан бөгөөд 2014 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 14/1037 тоот албан бичгээр Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газарт улсын комисс ажиллуулах тухай хүсэлтийг явуулсан ч 2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 16 давхар 640 айлын 3 ширхэг орон сууцны барилгыг нэгэн зэрэг улсын комисс хүлээн авсан болно. Мөн 2013 оны 08 дугаар сараас эхлэн ам.долларын ханш огцом өсч, үүнтэй уялдан барилгын бараа материалын үнэ ч дагаад өссөн нь барилгын ажилд хүндрэлтэй туссан ч энэ эрсдлийг бид дангаараа хүлээж, нэг ч захиалагчийн захиалсан байрны м.кв-ын үнийг өсгөлгүй байрыг нь ашиглалтанд хүлээлгэн өгсөн. Иймд манай компанийн буруутай үйл ажиллагаанаас бус гэнэтийн давагдашгүй нөхцөл байдлын улмаас барилгыг ашиглалтанд өгөх хугацаа тодорхой хугацаагаар хойшилсон тул захиалагчтай байгуулсан гэрээний 5.9-д заасны дагуу бид хугацаа хойшилсонтой холбоотой хариуцлагыг хүлээхгүй. Өмнө нь дээрх барилгын хугацаатай холбоотой асуудлыг шүүхээр шийдвэрлэж байсан. Нэхэмжлэлд дурдсан үйл баримттай холбоотой, адил агуулга бүхий маргааныг шүүхээр дахин дахин шийдвэрлүүлэх шаардлагагүй. Нэхэмжлэгчийн хувьд өөрийн захиалсан байрны талбайн хэмжээг хүлээн зөвшөөрч манай компанитай НРТ12С/11 тоот орон сууц захиалгаар бариулах тухай гэрээг байгуулсан бөгөөд гэрээний 1.3, 1.4, 1.5, 1.6-т заасан заалтуудаас үзэхэд захиалагч нь гэрээний 1.3-д заасан борлуулалтын талбай буюу 61.91 м.кв хэмжээг хүлээн зөвшөөрч гэрээ байгуулсан бөгөөд Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д заасны дагуу талууд хүсэл сонирхлоо баталгаажуулж харилцан тохиролцсны дагуу гэрээ байгуулсан тул талбайн хэмжээтэй холбоотой асуудлыг бид хариуцах үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Захиалагч нь орон сууцны өмчлөх эрхийг улсын бүртгэлийн газарт бүртгүүлж, гэрчилгээгээ авсны дараагаар гэнэт НРТ12С/11 тоот орон сууц захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээг мэдээгүй, хүсээгүй гэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, 42 дугаар зүйлийн 42.2-т тус тус заасны дагуу захиалагч тал нь гэрээний нөхцөл зүйл заалттай бүрэн танилцаж хуудас болгон дээр гарын үсэг зурж баталгаажуулсан тул дээрх гэрээ хүчин төгөлдөр гэрээ. Иймд захиалагч болон “Юу Би Эйч проперти” ХХК хооронд байгуулагдсан НРТ12С/11 тоот орон сууц захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 101/ШШ2016/02290 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.4, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д зааснаар хариуцагч Өндөрбуянт холдинг ХХК-иас 82 186 275 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Нацагдоржид олгож, нэхэмжлэлээс үлдэх 72 435 төгрөгийг, хариуцагч “Юу Би Эйч проперти” ХХК-д холбогдох нэхэмжлэлийн хамт хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар нэхэмжлэгч Д.Нацагдорж, хамтран хариуцагч “Юу Би Эйч проперти” ХХК-тай 2015 оны 03 дугаар сарын 17-ны өдөр байгуулсан Орон сууц захиалгаар бариулах тухай гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.3-т зааснаар нэхэмжлэгч Д.Нацагдоржоос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 705 400 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, төлбөл зохих дутуу 568 523 төгрөгийг нэхэмжлэгч талаас нөхөн гаргуулж улсын төсөвт оруулж, хариуцагч “Өндөрбуянт холдинг” ХХК-аас 568 881 төгрөг, “Юу Би Эйч проперти” ХХК-аас 704 679 төгрөг гаргуулж Д.Нацагдоржид тус тус олгож шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 898 дугаар магадлалаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 101/ШШ2016/02290 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.4, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д зааснаар хариуцагч “Юу Би Эйч проперти” ХХК-аас 8 523 900 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Нацагдоржид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 73 734 810 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч “Өндөрбуянт холдинг” ХХК-аас 82 258 710 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.” гэж, тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан үндэслэлгүй тул Д.Нацагдорж, “Юу Би Эйч проперти” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2015 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн Орон сууц захиалгын гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэгч Д.Нацагдоржийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж тус тус өөрчлөн найруулж, тогтоох хэсгийн 3 дахь заалтын “...704 679 төгрөг...” гэснийг “...151 332 төгрөг...” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын гомдолдоо: Магадлалд гомдол гаргаж байна. Давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулж хариуцагч “Өндөрбуянт холдинг” ХХК-д холбогдох шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон, талбайн зөрүү болох 8 523 900 төгрөгийг” Юу Би Эйч проперти” ХХК-аас гаргуулан нэхэмжлэлийн бусад шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлтийг хийгээгүй, хуулийг буруу хэрэглэсэн.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй тапаас нь үнэлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрснөөс хэргийн нөхцөл байдалд үнэн зөв дүгнэлтийг өгсөнгүй. “Өндөрбуянт холдинг” ХХК нь 70 хувийн гүйцэтгэлтэй 3 блок барилгыг 2013 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр “Юу Би Эйч проперти” ХХК-д 17 822 592 ам.доллароор худалдсан тухайгаа захиалагчид мэдэгдээгүй болохыг нотолсон баримтууд болох 2013 оны 07 дугаар сарын 01-ны өдөр 7 430 ам.доллар буюу 10 745 043 төгрөгийг “Өндөрбуянт холдинг” ХХК-д бэлнээр төлсөн баримт болон Д.Нацагдоржоос “Өндөрбуянт холдинг” ХХК-д холбогдуулан 2014 оны 10 дугаар сарын 28, мөн оны 11 дүгээр сарын 06, 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдрүүдэд өгч байсан 3 удаагийн мэдэгдэл хэрэгт авагдсан байхад давж заалдах шатны шүүх эдгээр баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой эсэх талаас нь үнэлэлгүй, “Юу Би Эйч проперти” ХХК-ийн дансанд тушаасан мөнгөний баримтыг үндэслэн “үүрэг шилжсэнийг мэдэж байсан” гэж дүгнэсэн ньучир дутагдалтай болсон. Хэдийгээр хэргийн материалд “Өндөрбуянт холдинг” ХХК нь 70 хувийн гүйцэтгэлтэй барилыг “Юу Би Эйч проперти” ХХК-д худалдсан гэх боловч тухайн барилгын гүйцэтгэгчээр “Өндөрбуянт холдинг” ХХК 2013 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн гэрээгээр ажиллаж байсан, мөн “Өндөрбуянт холдинг” ХХК болон “Юу Би Эйч проперти” ХХК-ууд нь нэг байранд буюу “Юу Би Эйч центерт” байрладаг, нэг үүсгэн байгуулагчтай компаниуд бөгөөд “Өндөрбуянт холдинг” ХХК-ийн нягтлан бодогчийн зааж өгсөн дансанд үлдэгдэл төлбөрүүдийг хийж байсан гэдэгт шүүх үндэслэл бүхий дүгнэлт өгөөгүй. Захиалагчийн хувьд барилгыг “Юу Би Эйч проперти” ХХК-д худалдсан гэдгийг мэдээгүй, мэдэх боломжгүй байсан учраас гэрээний үлдэгдэл төлбөр болон хугацаа хэтэрсэн нөхцөл байдлыг хэрхэн шийдвэрлэх талаар удаа дараалан “Өндөрбуянт холдинг” ХХК-ийн нягтлан бодогч болон бусад холбогдох хүмүүстэй уулзаж мэдэгдэл өгч байсан боловч тус компаний зүгээс гэрээний үүрэг шилжсэн тухай огт мэдэгдэж, хариу өгч байгаагүй. Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д “шаардах эрх шилжих тухай үүрэг гүйцэтгэгчид мэдэгдэх хүртэл үүрэг гүйцэтгэгч анхны үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэнэ”, 123.8-д “хууль буюу гэрээнд заасан хэлбэрээр хийх хэлцлийн хувъд шаардах эрхайг шилжүүлэхдээ уг хэлцлийг хийсэн хэлбэрээр шилжүүлнэ” гэж заасан. Хуулийн дээрх шаардлага хангагдаагүй байхад давж заалдах шатны шүүх нь үүрэг өөр этгээдэд шилжсэн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болсон.
“Өндөрбуянт холдинг” ХХК-ийн хувьд захиалагчийн өмнө хүлээсэн үүргээс чөлөөлөгдөх үндэслэлгүй бөгөөд тус компантай байгуулсан 2012 оны С/11 гэрээний дагуу орон сууцыг хүлээлгэн өгсөн болохыг давж заалдах шатны шүүх анхааран үзсэнгүй. Давж заалдах шатны шүүх “үүрэг гүйцэтгэгч нь гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн боловч нэхэмжлэгч нь гэрээгээр тохирсон төлбөр төлөх хуваарийг зөрчиж 2013 оны 05 дугаар сарын 15-ны өдөр төлөх 7 340 ам.долларыг 2013 оны 07 дугаар сарын 07-ны өдөр баримтаар 1 өдөр 10 745 043 төгрөг төлж, 2014 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр төлөх 22 288 ам долларыг 2014 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 34 992 100 төгрөг төлж, 1-2 сараар хугацаа хэтрүүлсэн тул Иргэний хуулийн 224 дүгээр зүйлийн 224.2.3-т заасан алданги авах эрхээ алджээ” гэж дүгнэн нэхэмжлэгчийн алданги гаргуулах шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрт өөрчлөлт оруулахдаа Иргэний хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Иргэний хуулийн 224 дүгээр зүйлийн 224.2.3-т “хугацаа хэтрүүлсэн үүрэг гүйцэтгүүлэгч гэм буруутай эсэхээс үл хамааран ...мөнгөн төлбөрийн үүрэг ёсоор хүү, анз авах эрхээ алдах... ур дагавар үүснэ” гэж заасан. Нэхэмжлэгчийн хувьд “Өндөрбуянт холдинг” ХХК-тай байгуулсан 2012 оны С/11 тоот гэрээнд заасан төлбөр төлөх график ёсоор 2 удаа буюу 2013 оны 05 дугаар сарын 15, 2014 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр төлөх төлбөрийг 1-2 сарын хугацаагаар хоцроож төлсөн хэдий боловч, энэ нь хариуцагчаас алданги нэхэмжлэх эрхийг бүхэлд нь үгүйсгэх үндэслэл болохгүй. Учир нь захиалагч нь “Өндөрбуянт холдинг” ХХК-тай 2012 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр байгуулсан С/11 тоот гэрээ байгуулсан цагаас эхлэн орон сууцны төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлж ирсэн байдаг ба гэрээнд зааснаар төлбөрийг 5 хувааж төлөхөөс 2 удаагийн төлбөрийг тодорхой шалтгааны улмаас хоцроож төлсөн байгаа нь түүнийг гэрээгээр хүлээсэн үүргээ бүхэлд нь хугацаа хэтрүүлж гүйцэтгэсэн гэж үзэх үндэслэл болохгүй гэж ойлгож байна. “Өндөрбуянт холдинг” ХХК-ийн хувьд гэрээнд заасан үүргээ зөрчиж байсан ба ялангуяа гэрээнд заасан хугацааг удаа дараалан зөрчиж байсан.
Давж заалдах шүүхийн магадлалын хянавал хэсэгт “...Талууд 2012 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр C\11 тоот орон сууц захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээг байгуулсан бөгөөд уг гэрээ хэрэгжих явцад үүрэг гүйцэтгэгч өөрчлөгдсөнөөс талууд 2015 оны 03 дугаар сарын 17-ны өдөр орон сууц захиалагын гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлсэн хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэх үндэслэлгүй гэж дүгнэн 2015 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримт болон талуудын шүүхэд гаргасан тайлбар хэргийн бодит нөхцөл байдал зэрэгт үндэслэл бүхий дүгнэлтийг өгөлгүй нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Учир нь захиалагч нь 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр 1 ширхэг орон сууцыг 2012 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр байгуулсан орон сууц захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын С\11 дугаар гэрээний дагуу “Өндөрбуянт холдинг” ХХК-аас хүлээн авсан бөгөөд өөр ямар нэгэн байр авахаар “Юу Би Эйч проперти” ХХК-тай 2015 оны 03 дугаар сарын 17-ны өдөр “Орон сууц захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээ”-г байгуулж орон сууц хүлээж аваагүй. Цаг хугацааны хувьд Д.Нацагдорж нь 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр байрыг хүлээн авсан учир дахин 2015 оны 03 дугаар сарын 17-ны өдөр “Юу би эйч проперти” ХХК-тай орон сууц захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээг байгуулах шаардлагагүй бөгөөд тус компаний тавьсан шаардлагын нэг хувь гэрээнд гарын үсэг зурсан. Гэвч давж заалдах шатны шүүх энэ нөхцөл байдалд дүр үзүүлэн хийсэн, тодорхой зорилгогүй гэрээг хүчин төгөлдөр бусад тооцох үндэслэлгүй гэж үзсэн нь үндэслэлгүй. Иймд дээрх нөхцөл байдал болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэн шийдвэрт өөрчлөлт оруулан, магадлалыг хүчингүй болгож шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
Хариуцагч “Юу Би Эйч проперти” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын гомдолдоо: Магадлалын зарим хэсгийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. “Юу Би Эйч проперти” ХХК нь 2013 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 2013/04-12 тоот Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээний дагуу Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Хаппи Таун хотхонд байрлах 70 хувийн гүйцэтгэлтэй 3 ширхэг барилгыг “Өндөрбуянт холдинг” ХХК-аас худалдаж авсан бөгөөд уг барилгуудыг өөрийн зардал, материалаар гүйцээн барьж ашиглалтанд оруулсан. Барилгыг худалдан авах үед нэхэмжлэгчийн урьдчилгаа төлбөр 62 619 543 төгрөгийг “Өндөрбуянт холдинг” ХХК манай компанид шилжүүлсэн бөгөөд бид захиалагчид түүний захиалсан байртай холбоотой бүх эрх үүрэг манай компанид шилжсэнийг мэдэгдсэний дагуу Д.Нацагдорж нь үүрэг шилжсэнийг хүлээн зөвшөөрч “Юу Би Эйч Проперти” ХХК-тай НРТ12С/11 тоот “Орон сууц захиалгаар бариулах тухай гэрээ”-г шинээр дахиж байгуулсан. Мөн захиалагч байрны үлдэгдэл төлбөр 46 726 340 төгрөгийг манайд төлж дуусгасан бөгөөд орон сууцыг манай компаниас актаар хүлээн авсан. Захиалагч нь удаа дараа дуудуулсаны эцэст “Юу Би Эйч проперти” ХХК-ийн оффисын байранд 2015 оны 03 дугаар сарын 17-ны өдөр өөрийн биеэр ирж уулзан НРТ12С/11 тоот “Орон сууц захиалгаар бариулах тухай гэрээ”-г байгуулсан бөгөөд захиалагч уг гэрээг үндэслэн тухайн байрны өмчлөх эрхээ улсын бүртгэлийн газарт бүртгүүлэн эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээгээ авсан. Анхан шатны шүүх дээрх гэрээг дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж дүгнэснийг давж заалдах шатны шүүх хуулийн дагуу үнэн зөв, шударга шийдвэр бөгөөд гагцхүү уг гэрээний зарим зүйл заалт, нөхцөлийг үнэлж дүгнэлгүй орхигдуулсаны улмаас манай компаниас талбайн зөрүү төлбөрт 8 523 900 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэсэн нь гэрээний чөлөөт байдпыг зөрчсөн алдаатай шийдвэр гэж үзэж байна. Цаг хугацааны хувьд Д.Нацагдорж нь 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр байрыг хүлээн авсан учир дахин 2015 оны 03 дугаар сарын 17-ны өдөр “Юу Би Эйч проперти” ХХК-тай гэрээг байгуулах шаардлагагүй бөгөөд тус компаний тавьсан шаардлагын дагуу нэг хувь гэрээнд гарын үсэг зурсан байдаг. Гэвч давж заалдах шатны шүүх энэ нөхцөл байдалд буюу дүр үзүүлэн хийсэн, тодорхой зорилгогүй гэрээг хүчин төгөлдөр бусад тооцох үндэслэлгүй гэж үзсэн шүүхийн дүгнэлт үндэслэлгүй. Иймд дээрх нөхцөл байдалд үндэслэн шийдвэрт өөрчлөлт оруулсан магадлалыг хүчингүй болгон шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.
Нэхэмжлэгч Д.Нацагдорж нь хариуцагч “Өндөрбуянт холдинг” ХХК, “Юу Би Эйч проперти” ХХК-д холбогдуулан 2012 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн гэрээний дагуу захиалсан орон сууцыг хугацаа хэтрүүлж хүлээлгэн өгсөн тул алдангид 73 734 810 төгрөг, орон сууцны талбайн хэмжээ 3.69 м.кв-аар дутаж, зөрүү 8 523 900 төгрөг тус тус гаргуулах, 2015 оны 03 дугаар сарын 17-ны өдөр байгуулсан орон сууц захиалгын гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн гурван шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, маргасан байна.
Хэрэгт цугларсан баримтаас үзвэл Д.Нацагдорж нь 2012 оны 09 дүгээр сарын 11-ны өдөр “Өндөрбуянт холдинг” ХХК-тай орон сууц захиалгын гэрээ байгуулсан, орон сууцны үнийг бүрэн төлсөн, “Өндөрбуянт холдинг” ХХК 2013 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр “Юу Би Эйч проперти” ХХК-д 70 хувийн гүйцэтгэлтэй орон сууцны барилгаа худалдсан, 2015 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Д.Нацагдорж болон “Юу Би Эйч проперти” ХХК-ийн хооронд орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулагдсан, гэрээний зүйл болох Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 16 дугаар хорооллын нутаг дэвсгэр дэх 640 айлын орон сууцны С блокийн 2 дугаар орцны 1 дүгээр давхрын Е дугаарын 61.91 м.кв 2 өрөө орон сууцыг 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүлээлгэн өгсөн үйл баримт тогтоогджээ.
Д.Нацагдорж болон “Өндөрбуянт холдинг” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2012 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн гэрээгээр орон сууцыг 2014 оны 01 дүгээр улиралд ашиглалтад оруулахаар тохиролцсон, “Өндөрбуянт холдинг” ХХК-ийн шаардах эрх “Юу Би Эйч проперти” ХХК-д шилжсэн, ажил гүйцэтгэгч барилгыг ашиглалтад оруулах хугацааг хэтрүүлсэн боловч захиалагчийн зүгээс ажлын хөлс төлөх гэрээний үүргээ мөн хугацаандаа биелүүлээгүй болох нь тогтоогдсон тул давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 224 дүгээр зүйлийн 224.2.3-т заасан зохицуулалтаар алданги 73 734 810 төгрөг гаргуулах Д.Нацагдоржийн нэхэмжлэлийн энэ хэсгийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй байна.
Талууд гэрээгээр орон сууцны талбайн хэмжээг 61.91 м.кв гэж тохирсон боловч бодит байдалд 58.29 м.кв болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсоноос гадна захиалагч Д.Нацагдорж орон сууцыг хүлээн авах үед талбайн хэмжээ дутуу доголдлыг мэдэж байсан гэх нөхцөл байдал баримтаар тогтоогдохгүй байх тул шүүх талбайн зөрүү 8 523 900 төгрөгийг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.3-т нийцжээ. Түүнчлэн ажил гүйцэтгэх гэрээний үүрэг гүйцэтгэгч өөрчлөгдсөнөөс талууд 2015 оны 03 дугаар сарын 17-ны өдөр дахин орон сууц захиалгын гэрээ байгуулсан, өмчлөх эрхээ олж авахын тулд гэрээнд гарын үсэг зурсан гэх нэхэмжлэлийн үндэслэл Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлсэн хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэх зохицуулалтад хамаарахгүй талаар шүүх хуульд нийцсэн дүгнэлт хийжээ.
Хоёр шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй тул “нэхэмжлэлийг бүрэн хангаж өгөхийг хүссэн” нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Батмэндийн гомдол, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгуулахыг хүссэн хариуцагч “Юу Би Эйч проперти” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Батзоригийн гаргасан гомдлыг тус тус хангахгүй орхих нь зүйтэй гэж үзлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 898 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Батмэнд, хариуцагч “Юу Би Эйч проперти” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Батзориг нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 57.4-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Батмэндийн 1 232 000 төгрөг, хариуцагч “Юу Би Эйч проперти” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Батзоригийн 152 000 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ П.ЗОЛЗАЯА