Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 477

 

Д.А-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Д.Ганзориг, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Бурмаа, шүүгдэгчийн өмгөөлөгч К.Бауиржан, В.Батжаргал, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Д-, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 614 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 809 дүгээр магадлалтай, Д.А-д холбогдох 1805024000453 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Д.А-, түүний өмгөөлөгч К.Бауиржан, В.Батжаргал, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Д- нарын гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1979 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 39 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эх, эгч, дүүгийн хамт *** тоотод оршин суух, ял шийтгүүлж байгаагүй З овогт Д-н А-.

Д.А- нь согтуурсан үедээ 2018 оны 04 дүгээр сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө *** тоотод оршин суух гэртээ төрсөн ах Д.А-г архи уулаа гэж зодож эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Д.А-ийг хүнийг биеэ хамгаалж чадахгүй байдлыг мэдсээр байж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Д.А-ийг 8 жил хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий энгийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.А-д оногдуулсан 8 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.А-ийн цагдан хоригдсон 30 хоногийг түүний хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Баянгол дүүргийн прокурорын газрын 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 541 дугаартай “яллагдагч Д.А- нь согтуурсан үедээ 2018 оны 4 дүгээр сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 51 дүгээр байрны 24 тоотод оршин суух гэртээ төрсөн ах Д.А-г биеэ хамгаалж чадахгүй байдлыг мэдсээр байж архи уусан байна гэж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэх”-ээр тогтоосон яллах дүгнэлтээс “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэснийг хэрэгсэхгүй болгосугай” гэсэн нэмэлт заалт оруулж,

Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Шүүгдэгч Зээр овгийн Д.А-ийг хүнийг биеэ хамгаалж чадахгүй байдлыг мэдсээр байж зодож эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэж,

2 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Д.А-д 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй” гэж,

3 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.А-д оногдуулсан нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй” гэж тус тус өөрчилж, тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.А-, түүний өмгөөлөгч С.Энхбат нарын давж заалдсан гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Д.А- гаргасан гомдолдоо “... Миний бие төрсөн ах Д.А-гийн биед халдаж цохисноо анхнаасаа хүлээн зөвшөөрч үүндээ маш их харамсан гэмшиж байна. Хохирогч ах маань биеэ хамгаалах чадвартай байсан, өвчтэй байж архи уулаа гэж хэлэхэд уурлаж, маргаан хийж миний биед халдаж, хөнгөн гэмтэл учруулсан. Мөн өдөржин гадуур ...явсныг гэрч нар мэдүүлдэг, камерын бичлэгт байгаа. Энэ нь хохирогч ах маань биеэ хамгаалах чадвартай байсныг тодорхойлж байхад прокурор шалгаж тогтоогоогүй, шүүхүүд хянаж үзээгүй. ШШҮХ-ийн шинжээчийн дүгнэлт хэт нэг талыг харж, нотолгоо баримтгүйгээр хүнд гэмтэл учруулсан гэж зүйлчилснийг шүүхүүд хянаж үзээгүй. Сиди дээрх бичлэгт буй цохилтоос хохирогчийн биед хүнд гэмтэл учирсан эсэхийг шинжээчээр нарийн тогтоолгох хүсэлтэй байна. Хохирогч ах маань гэрийн хаалга болон хөршийн хаалга хооронд унасан, толгойгоороо хөршийн хаалгийг мөргөсөн байхад нь би анх олж босгоод гэрлүүгээ оруулсныг гэрч О гэрчилдэг байхад үүнийг шалгаж үзээгүй. Миний бие хохирогч ахыгаа Солонгос улсаас тархиндаа харвалт өгөөд бие муутай ирэхэд эмнэлэгт үзүүлж тариа авч асран хамгаалж байсан.

Эдгээр нь ЭХХШТХ-н 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн 39.6 дүгээр зүйлийн 1.3-т заасан заалтуудыг зөрчсөн. Иймд миний гаргаж буй санал, хүсэлт, хохирогчид үүссэн гэмтлийг сидинд буй бичлэгтэй тулгаж үзэх, шинжээч эмчийг байцааж гэмтлийг нарийн тогтоолгох, хохирогчийн биеэ хамгаалах чадвартай байсан эсэх, хэргийн бодит байдлыг тогтоолгохоор нэмэлт мөрдөн байцаалтад буцааж, эс бол ЭХТА-н 11.6 зүйлийн 2-т зааснаар зүйлчилж хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэжээ.

Мөн шүүхэд шүүгдэгч Д.А-ийн өмгөөлөгч К.Бауиржан, В.Батжаргал нар хамтран гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “… Д.А-д холбогдох хэрэгт өмгөөлөгчдөөс ЭХХШТ хуулийн 40.1 дүгээр зүйлийн 3.1, 3.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр гомдол гаргаж байна.

Анхан болон давж заалдах шатны шүүхээс Д.А-д холбогдох хэргийг хянан хэлэлцээд биеэ хамгаалах чадваргүй гэдгийг мэдсээр байж хүний биед хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн нь тогтоогдсон гэж дүгнэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтууд болон гэрч, хохирогчийн мэдүүлэгт үндэслэл бүхий дүгнэлтийг өгсөнгүй.

ЭХХШтухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт "хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно" гэж заасан. Хуульд ийнхүү заасан учир юуны өмнө Д.А- гэдэг хүн төрсөн ахыгаа зодож хүнд гэмтэл учруулсан эсэх, биеэ хамгаалж чадахгүй байдлыг мэдэж байсан эсэх гэсэн асуудлыг зайлшгүй шалган тогтоох шаардлага үүснэ.

Мөрдөн байцаалтын явцад томилогдсон шинжээч эмчийн 999 дугаартай дүгнэлтээр хохирогчийн биед “хүнд”, “хөнгөн” гэмтлүүд тогтоогдсон бөгөөд Д.А-ийн хувьд талийгаачийн биед учирсан гэх "хөнгөн" зэрэгт хамаарах гэмтлүүдийг учруулсан байх боломжтой. Шүүгдэгчийн зүгээс гар, хөлөөрөө талийгаач Д.А-гийн баруун болон зүүн шанаа, хөл, нуруу орчимд цохисон үйлдэл хийж байгаа тухай камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлээс харагддаг бөгөөд түүний энэхүү үйлдэл нь 19 цаг 49 минут 21 секундээс 19 цаг 49 минут 35 секундийн хооронд буюу 14 секунд үргэлжилдэг. Энэ хугацаанд талийгаач Д.А- нь хана нал унах, газар ойчих гэх мэт үйлдэл огт хийгээгүй нь бичлэгээс харагддаг.

Харин "хүнд" зэрэгт хамаарах "тархи чамархай дэлбэнд цусархаг няцрал" гэсэн гэмтлийг хэн хэзээ, хэрхэн, ямар байдлаар учруулсан эсэх нь тодорхойгүй байдаг. Талийгаачийн биед учирсан хуйхны цус хуралт гэмтэл болон тархи чамархайн дэлбэнд цусархаг гэмтлүүд нь талийгаачийн өмнө хагалгаанд орж байсан гавлын ясгүй хэсэгт учирсан гэмтлүүд ба нэг дор, нэг удаагийн үйлчлэлээр авсан, цохиж шалан дээр унах, ойчих үед авах боломжтой талаар шинжээч эмч тайлбарласан.

Хэргийн материалд хэд хэдэн баримт авагдсан байдаг нь хэрэг болсон гэх ... байранд ямар нэг хүч хэрэглэсэн хүчирхийлэл үйлдсэн гэх ул мөр илрээгүй буюу бүх өрөөний тавилга хэрэгсэл эмх цэгцтэй байсан гэх хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, талийгаач Д.А- нь хөршийн хаалгыг налаад сууж байсан, ямар нэг дуу чимээ гараагүй, нэг удаа түг хийх чимээ гарсан гэх гэрч О-н мэдүүлэг, талийгаачид учирсан гэх хүнд зэргийн гэмтлийг цохихоос гадна унах ойчих үед авах боломжтой гэсэн шинжээч эмчийн тайлбар, талийгаачийн баруун, зүүн шанаа, зүүн хөл, ар нуруу хэсэгт цохиж байгаа талаарх 4 давхрын камерын бичлэг, Д.А- нь гэр бүлийнхэндээ хүчирхийлэл үйлддэггүй, төрсөн ахынхаа хаана нь ямар хагалгаанд орж байсныг мэддэг тухай хохирогч Д.Д-, төрсөн эх Содномпил нарын мэдүүлэг зэрэг юм.

Нөгөө талдаа Д.А-ийг буруутгаж буй гэрчүүдийн мэдүүлэг буюу архи их уудаг уусан үедээ агсам согтуу тавьдаг, айлгаж ичээдэг тухай мэдүүлэг, ШШҮХ-ийн шинжээчийн дүгнэлтүүд, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг баримтууд байдаг. Эдгээр бүх нотлох баримтууд дунд Д.А- нь талийгаач Д.А-гийн биед хүнд гэмтэл учруулж байгаа ямар нэг үйлдэл хийснийг хөдөлбөргүй нотолсон баримт огт байхгүй юм.

Д.А-ийн үйлдлийн улмаас хохирогчийн биед хүнд зэргийн гэмтэл учирсан гэдгийг эргэлзээгүй байдлаар тогтоож, нотлоогүй, шүүгдэгчийн үйлдэл болон талийгаачиин биед учирсан хүнд зэргийн гэмтлийн хооронд шалтгаант холбоо байгааг тогтоогоогүй нөхцөлд ЭХТА-ийн 11.1 дүгээр зүйлд зааснаар хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэж үзэн ял шийтгэх нь хууль буруу хэрэглэж байгаа хэрэг юм.

Мөн түүнчлэн шүүх талийгаачийг биеэ хамгаалж чадахгүй байсан, түүний энэ байдлыг Д.А- мэдэж байсан гэж дүгнэсэн. Гэтэл талийгаач нь "биеэ хамгаалж чадахгүй" ямар байдалтай байсан, энэ нь ямар нотлох баримтаар тогтоогдож байгаа тухай шүүх шийтгэх тогтоол, магадлалдаа тодорхой дурдаагүйгээс гадна энэ талаарх үндэслэл бүхий дүгнэлтийг хийгээгүй.

... ШШҮХ-ийн Шинжээчийн 5628, 999 дугаартай дүгнэлтэд дурдсан байгаагаас үзэхэд 2 биедээ гэмтэл учруулсан байх боломжтойгоос гадна хохирогч болон гэрчийн мэдүүлэг, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд талийгаач нь удаа дараалан гэрээсээ чөлөөтэй, хэн нэгний тусламжгүйгээр гарч орж явж байсан зэргээс үзэхэд талийгаачийг биеэ хамгаалж чадахгүй байсан гэж дүгнэх нь учир дутагдалтай юм.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад талийгаач болон хэрэгт холбогдогч нарын цусанд шинжилгээ хийж Д.А-ийн цусанд 1.7 промилли, талийгаач Д.А-гийн цусанд 1.2 промилли хэмжээтэй спирт агуулагдаж байсныг тогтоосон. Өөрөөр хэлбэл, хэн аль нь хүнд зэргийн согтолттой байсан болохыг тогтоосон. Энэ нөхцөлд талийгаачийг биеэ хамгаалж чадахгүй байсан, үүнийг байдлыг Д.А- мэдэж байсан гэж дүгнэх нь үндэслэлгүй юм.

Талийгаачийг биеэ хамгаалж чадахгүй байсан гэх нөхцөлийг Д.А- мэдэж байсан гэх ямар нөхцөл байдал хэрэгт авагдсан, энэ нь ямар баримтаар нотлогдоод байгаа талаар үндэслэл бүхий дүгнэлтийг шүүх хийх ёстой байсан.

Бусдын биеэ хамгаалах чадваргүй байдлыг мэдсээр байж хүнд хохирол санаатай учруулсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, эргэлзээгүй байдлаар нотлогдоогүй байгаа тохиолдолд нотлогдож байгаа байдлаар нь буюу ЭХЕА-ийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан тохирсон хариуцлагыг оногдуулах нь хуульд нийцнэ гэж үзэж байна.

Түүнчлэн эрүүгийн хэргийг шалгах явцад ЭХХШ тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчиж Д.А-д ямар хэрэгт яллагдаж байгааг танилцуулаагүй буюу 2018 оны б дугаар сарын 22-ны өдөр ял өөрчилж, түүнийг ЭХТА-ийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татсан 135 дугаартай тогтоолыг танилцуулалгүйгээр 3 хоногийн дараа яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. Энэ нь ЭХХШтухай хуулийн 32.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “...Эрүүгийн хуулийн зүйл, хэсэг заалтыг өөрчлөх, нэмэлт оруулсан бол яллагдагчаар татах тогтоолыг яллагдагчид танилцуулах...” гэсэн хуулийн заалтыг зөрчсөн хэрэг бөгөөд Д.А-ээс ЭХХШ тухай хуулийн 7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан эрхээ хэрэгжүүлэх боломжийг олгоогүй, хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан гэж үзэж байна.

Мөн яллагдагч Д.А-г яллагдагчаар татаж, ял өөрчлөн сонсгож байцаалт авахдаа хэзээ авсан нь тодорхойгүй он сар өдрийг бичээгүй орхисон зөрчил гаргасан байдаг ба энэ зөрчил түүнийг хохирогч, иргэний нэхэмжлэгчээр татсан, байцаасан тэмдэглэл үйлдэх үед давтагдсан байна.

Эрүүгийн хэргийг шалгах явцад 27 удаа шинжээч томилж, дүгнэлт гаргуулсан байсан боловч 999, 5628 дугаартай шинжээчийн дүгнэлтийг яллагдагч Д.А-д танилцуулаагүй үлдсэн 25-н шинжээчийн дүгнэлтийг огт танилцуулаагүй байна. Мөн дээр дурдсан 27 удаагийн шинжээч томилсон тогтоол, шинжээчийн дүгнэлтийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид танилцуулаагүй байна. Энэ нь ЭХХШ тухай хуулийн 27.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг зөрчсөн үйлдэл тул хэргийн оролцогчдоос мөн хуулийн 27.7 дугаар зүйлиин 2 дахь хэсэгт заасан эрхээ хэрэгжүүлэх боломжийг олгоогүй байна.

Иймд дээр дурдсан нөхцөл байдлуудыг харгалзан ЭХХШ тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Д- хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо “... Мөрдөн шалгах ажиллагаа хуульд заасны дагуу явагдаагүй байхад шүүх хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Хэргийг шалгах явцад олон удаа шинжээч томилж дүгнэлт гаргасан хэрнээ хохирогчийн төлөөлөгч Д.Д- надад шинжээч томилсон тогтоол, дүгнэлтүүдийг хуульд зааснаар танилцуулаагүй.

Түүнчлэн Д.Д- миний бие хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр томилогдсон хэдий ч гэр бүлийнхнийхээ хүсэл зоригийг шүүхэд танилцуулан мэдүүлэх үүрэгтэй гэж ойлгож байна.

Манай гэр бүлийн гишүүд бүгд Д.А-ийг төрсөн ах талийгаач Д.А-д хүнд гэмтэл учруулж, амь насыг хохироосон гэж үзэхгүй байгаа бөгөөд харин талийгаач хүү Д.А- маань нойр булчирхайн хүнд хэлбэрийн үрэвсэл, түүний өвдөлтийг тэвчихгүйгээр орон дээрээ тийчлэж байгаад орноосоо унаж, орны модыг мөргөн унаж, түүнээс шалтгаалан тархиндаа хүнд гэмтэл авсан гэж ойлгож байгаа юм.

Бид эцэг эхээс тавуул хоёр хүүтэй айл байлаа. Архи гэдэг зүйлээс болоод нэг дүүгээ алдаж нөгөөх нь хэрэгт холбогдчихлоо. Хэрэг гарах үед хоёулаа архи уусан байсан. Манай дүү нар хоорондоо ямар нэгэн байдлаар зөрчилдөж, маргаан хийж байгаагүй. Талийгаач дүү маань олон жил Солонгос улсад амьдарч байгаад бие нь тааруу болоод ирээд удаагүй байсан. Гэхдээ машин тэрэг барьдаг, ойр зуур ажил хийдэг байсан.

Дүү А-ийн хувьд дээд боловсролтой, хувиараа ажил хийдэг гэр орноо санхүүгийн тал дээр авч явдаг, өндөр настай ээжийгээ асран халамжлагч нь байсан. Ахдаа сайн ханддаг, группд оруулна, машин авч өгөөд таксинд явуулж сургана гэж ярьдаг байсан хүн ахдаа ямар нэгэн гэмтэл учруулаад үхэлд хүргэнэ гэж үү.

Шүүхээс талийгаачийг биеэ хамгаалж чадахгүй байхад цохиод гэмтэл учруулсан гэж дүгнэсэн боловч үнэн хэрэг дээрээ талийгаач болон А- нарын хэн аль нь согтуу байсан, мөн талийгаач нь өөрөө гарч ороод явж байсан гэдэг нь камерын бичлэгт тодорхой харагддаг. Талийгаач Амгаланг бие хамгаалах чадваргүй байсан гэх шүүхийн дүгнэлт үндэслэлгүй гэж ойлгож байна.

Одоо өндөр настай ээжийн маань бие тааруу, сэтгэл санааны хувьд маш хүнд байгааг харгалзан үзэж ганц үлдсэн эрэгтэй дүүг маань ээжтэй нь хамт байлгаж өгнө үү. Миний ийнхүү шүүхийн шийдвэр, магадлалыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа явдал нь миний гэр бүлийн хүсэл сонирхол илэрхийлэгдэж байгааг шүүхээс анхаарч үзэхийг хичээнгүйлэн хүсэж байна. Иймд шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Прокурор Ц.Бурмаа хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: “Шүүгдэгч нь хохирогчийн биед хүнд гэмтэл учруулсан болох нь хэрэгт авагдсан бичгийн болон бусад нотлох баримтуудаар тогтоогддог. Камерын бичлэг хохирогчийг зодож байгаа нь бичигдсэн бөгөөд хохирогчийг үргэлжлүүлэн гэртээ оруулж байгаад зодсон байдаг. Энэ нь хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрчийн мэдүүлгээр нотлогддог. Мөн талийгаач нь толгойн баруун чамархай хэсэгтээ мэс заслын хуучин цооногтой, архины хүнд зэргийн согтолттой, мөн хохирогч нь Солонгос улсад удаан хугацаагаар ажиллаж, амьдарсан болохоор Монгол хэлээр муу ярьж, удаан ойлгодог, Солонгос улсаас Монголд ирээд нисэх онгоцны буудлаас гэрээ олж чадахгүй байсан тул цагдаагийн тусламжийг авч, гэртээ ирсэн байдаг зэргээр түүний биеэ хамгаалж чадахгүй байсан нь нотлогддог. Талийгаачийн тархин тус газарт их хэмжээний гэмтэл учирсан. Талийгаачийн эрх ашгийг түүний ар гэрийнхэн нь хамгаалдаггүй. Үүнийг хууль л хамгаалах шаардлагатай болж байна.

Мөрдөн байцаалтын шатанд хэргийн бодит байдлыг шалгаж тогтоосон. Шинжээчийн дүгнэлт гарахаас өмнө Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дүгээр зүйлийн 8 дахь заалтыг үндэслэн хэргийг зүйлчилсэн. Харин  шинжээчийн дүгнэлт гарсны дараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1-д зааснаар хэргийг зүйлчилж, шүүхэд шилжүүлсэн. Шинжээчийн дүгнэлт, мөрдөн байцаах ажиллагааны явцад илэрсэн зөрчлүүдийн талаар хэлж байна. Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлд заасан ажиллагааг бүрэн хийсэн байна гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй. Шүүх хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Д.А-, түүний өмгөөлөгч К.Бауиржан, В.Батжаргал, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Д- нарын гаргасан гомдлыг үндэслэн Д.А-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Д.А- нь согтуурсан үедээ 2018 оны 04 дүгээр сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 51 дүгээр байрны 24 тоотод оршин суух гэртээ төрсөн ах Д.А-г архи уулаа гэж зодож эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанд хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүх хууль ёсны бөгөөд үндэслэлтэй дүгнэлт хийжээ.

Шүүгдэгч Д.А-ийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх бөгөөд анхан болон давж заалдах шатны шүүх Д.А-ийг төрсөн ахыгаа зодож хүнд хохирол санаатай учруулсан үйлдлийг хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнд хохирол санаатай учруулсан гэж хүндрүүлэн зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзнэ.

Учир нь хохирогчийн “биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж” гэдэгт бие махбодийн болон сэтгэцийн хувьд өөрийгөө хамгаалах, түүнчлэн гэмт этгээдийн үйлдлийн эсрэг идэвхтэй эсэргүүцэл үзүүлж чадахгүй болохыг илэрхий мэдэж ухамсарласан байдлыг ойлгодог байна.

Харин энэ хэргийн хувьд хохирогч Д.А- нь биеэ хамгаалж чадахгүй байсан гэх нөхцөл байдал, мөн шүүгдэгч Д.А- хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байгаа байдлыг ухамсарлан ойлгож тухайн байдлыг зориудаар ашигласан гэх нөхцөл байдал хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлэг, камерын бичлэг бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдоогүй байна.

Мөн гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй үйлдэл гэдэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан” зэрэг үйлдлийг байнгын шинжтэй байхыг ойлгох бөгөөд тухайн үйлдлийн улмаас ямар нэг хохирол, гэмтэл учирсан байхыг шаардахгүй болно.

Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг мөн зүйлийн 2.1-д заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэдгээр хүндрүүлэн зүйлчлэхдээ уг хүчирхийлсэн үйлдэл нь байнгын шинжтэй байсан эсэх нөхцөл байдлыг харгалзан үзэж байвал зохино.

Д.А-ийн хувьд нь төрсөн ахыгаа байнга зодож, харгис хэрцгий харьцаж, догшин авирлаж, тарчлааж байсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, гэр бүлийн хүмүүсийн хоорондох тохиолдлын шинжтэй маргааны улмаас гэмт хэрэг үйлдэгдсэн байх тул шүүгдэгч, түүний өмгөөлөгчид, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын энэ талаар гаргасан гомдлыг хүлээн авах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал бүхий зөрчил тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.4-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 614 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 809 дүгээр магадлалын тогтоох хэсэгт “Прокуророос Д.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилсүгэй”, “Д.А-ийг хүний биед хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай”, “Д.А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4 /дөрөв/ жил хорих ял шийтгэсүгэй” гэсэн өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалт, хэсгийг хэвээр үлдээсүгэй.

ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

          ШҮҮГЧ                                                        С.БАТДЭЛГЭР

                                                                             Б.БАТЦЭРЭН

                                                                            Д.ГАНЗОРИГ

                                                                                           Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН