Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 221/MA2017/0564

 

 

 

 

 

 

 

2017 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 221/МА2017/0564

Улаанбаатар хот

Б.Ганзоригийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Зоригтбаатар даргалж, шүүгч О.Номуулин, Ерөнхий шүүгч Д.Батбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Батзориг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Хандмаа нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 468 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Даваажанцангийн давж заалдах гомдлоор Б.Ганзоригийн нэхэмжлэлтэй, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороонд холбогдох захиргааны хэргийг Ерөнхий шүүгч Д.Батбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 468 дугаар шийдвэрээр: ”Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2, 12 дугаар зүйлийн 12.4.1, 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Ганзоригийн Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороонд холбогдуулан гаргасан “Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 03 дугаар тогтоолын Б.Ганзоригт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтад заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Ганзоригоос улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж” шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Даваажанцан давж заалдах гомдолдоо: “Шүүхийн шийдвэрийн 8 дугаар талын 3 дахь доголд Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2 дахь хэсгийн агуулгыг илт мушгин гуйвуулж, буруу тайлбарласан.

... Хуулийн энэхүү зохицуулалт бол туйлын тодорхой 16 хүнээс л шинжилгээ авахаар зохицуулсан бөгөөд аливаа салаа утгагүй, нэг мөр ойлгогдохоор тодорхой заасан байхад 32 хүнээс авч болно гэж буруу дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэсэн.

:.. Шөвгийн 16 бөхөөс шинжилгээ авах ажлын хэсэг томилогдоогүй, 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 61 дүгээр тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийг Спортын анагаах ухааны чиглэлийн 14 эмч нарын бүрэлдэхүүнтэй баталж, даргаар нь Спортын анагаах ухааны албаны дарга Ч.Насанбат гэх хүн ахалсан байдаг. Энэ тогтоол нь нэр бүхий 14 эмчийг томилсон тогтоол болохоос биш “ДЭҮТ” ТББ-ын томилсон тогтоол биш юм.

Гэтэл ямар нэгэн байдлаар эрх олгогдоогүй этгээд болох “ДЭҮТ” ТББ нь бөхчүүдээс шинжилгээ авч, шинжилгээний сорьцыг Бүгд Найрамдах Солонгос Улс руу явуулах, хариуг хүлээн авах, ирсэн хариуг Үндэсний их баяр наадам зохион байгуулах хороо болон МҮОХ, МҮБХ-д хүргүүлэх зэрэг ажлыг гүйцэтгэж байгаа нь өөрөө хууль бус юм.

шүүхийн журмаар Хуулийн этгээдийн Улсын бүртгэлээс гаргуулан авсан “ДЭҮТ” ТББ-ын үүсгэн байгуулах бичиг баримтад тус байгууллагыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд буюу захирлаар Н.Цогтсайхан (РД:ЧН75022110)-ыг томилсон байна. гэтэл тус байгууллагыг Г.Сүхбат гэх этгээд төлөөлж дээр бүхий л байгууллагууд болон шүүхэд гарган өгсөн баримтад гарын үсэг зурж оролцсон нь “ДЭҮТ” ТББ-ыг төлөөлж оролцож буй этгээд нь эрхгүй (албан ёсны бүртгэл байхгүй) этгээд оролцож байгаа бөгөөд шинжилгээг эрх зүйн чадамжгүй этгээд хийсэн.

... Захиргааны Ерөнхий хуульд заасны дагуу Захиргааны байгууллага акт гаргахдаа эрх ашиг нь хөндөгдөж буй этгээдийг тогтоож түүнд сонсгох ажиллагааг явуулаагүй, шинжилгээгээр зөрчилтэй гарсан 2 бөхөд яагаад ялгамжтай хандах болсон, Б.Ганзоригийн цолыг яагаад хасах болсон зэрэг олон нөхцөл байдлыг тодруулах, Б.Ганзоригт хуулиар олгосон эрхээ эдэлж, тайлбар хийх, баримтаа танилцуулах зэрэг боломжийг олгоогүй болно.

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны 2007 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 03 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан Үндэсний их баяр наадмын бөх, харваач, моринд сэргээшийн шинжилгээ хийх журам нь хэм хэмжээний актын Улсын нэгдсэн санд бүртгэгдээгүй.

Хавтаст хэрэгт цугларсан баримтаар Засгийн газрын 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 65 дугаар тогтоолоор Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны даргаар Нийслэлийн Засаг даргыг томилсон байтал маргаан бүхий захиргааны актад Монгол Улсын Шадар сайд гарын үсэг зурсан нь эрхгүй этгээд уг актыг гаргасан бөгөөд зөвхөн Засгийн газрын интернэт орчинд тавигдсан мэдээлэлд үндэслэж эрх бүхий этгээд мөн мэтээр тайлбарлаж шийдвэр гаргасанд гомдолтой байна. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 468 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Б.Ганзоригоос “Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн “Сэргээшийн шинжилгээний дүгнэлттэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” 03 дугаар тогтоолын Б.Ганзоригт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай” шаардлага гаргажээ.

Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2-т “Энэ хуулийн 7.1, 7.2-т заасан барилдааны шөвгийн 16-д үлдсэн бөх, ... сэргээшийн шинжилгээнд заавал оруулна”, 7 дугаар зүйлийн 7.1.1-д “тав давсан бөхөд улсын начин”, 12 дугаар зүйлийн 12.4-д “Зохион байгуулах хороо нь баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэх талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 12.4.5-д “бөх, харваачийг энэ хуулийн 10.2-т заасан сэргээшийн шинжилгээнд оруулах ажлыг зохион байгуулах” гэж зааснаас үзэхэд Улсын баяр наадамд амжилт гаргасан буюу улсын цол авсан бөхөөс сэргээшийн шинжилгээг авахаар байна.

Өөрөөр хэлбэл, 7 дугаар зүйлийн 7.10-д заасны дагуу 1024 бөхийн барилдааныг тэгш ойн Үндэсний их баяр наадмын үеэр зохион байгуулсан барилдаанд 5 давж Улсын начин цол хүртсэн бөхөд 10 дугаар зүйлийн 10.2-т заасан “шөвгийн 16-д үлдсэн бөх” гэдгийг 5 давж улсын начин цолны болзол хангасан бөхөд хамаарахгүй гэх боломжгүй байна.

Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1-д “үндэсний бөхийн барилдаан, хурдан морины уралдаан, үндэсний сурын харвааны дүрмийг тухайн үндэсний спортын холбооны саналыг харгалзан батлах“ гэж заасны дагуу Засгийн газрын 2003 оны 164 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдааны дүрэм”-ийн 8.2-т “Улсын баяр наадмын бөхийн барилдаанд тав болон түүнээс дээш давж шөвгөрсөн бөхчүүд сэргээшийн шинжилгээнд заавал орохоор заасан нь тав давсан бөхчүүд сэргээшийн шинжилгээг заавал өгөх ёстойг мөн нотолж байна.

Эндээс үзвэл нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “Б.Ганзориг сэргээшийн шинжилгээнд хамаарах субьект биш” гэх давж заалдах гомдол үндэслэлгүй.

Хэрэгт цугларсан баримтаас үзэхэд Тулгар төрийн 2225, Их Монгол Улс байгуулагдсаны 810, Ардын хувьсгалын 95 жилийн баяр наадмаар 1024 бөх барилдсанаас нэхэмжлэгч Б.Ганзориг 5 давж Монгол Улсын начин цолны болзол хангаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2016 оны 07 дугаар сарын 12-ны өдрийн 104 дүгээр зарлигаар түүнд Монгол Улсын начин цолыг олгосон, улмаар түүнээс сэргээшийн шинжилгээ авсан бөгөөд Улсын начин цолны болзол хангасан Б.Ганзориг сэргээшийн шинжилгээг өгсөн, сэргээшийн төрлийн бодис хэрэглээгүй талаар батламжийг гаргаж, сорьцын лабораторын шинжилгээнд жагсаалтад орсон бодис хэрэглэсэн тухай хариу гарвал Үндэсний их баяр наадмын тухай хууль болон бусад холбогдох дүрэм, журамд заасан шийтгэл хүлээхэд гомдолгүй болохоо илэрхийлсэн, Бүгд Найрамдах Солонгос Улсын Шинжлэх ухаан, технологийн институтийн /KIST/ допингийн хяналтын лабораторид шинжлүүлэхэд 3939453 дугаартай Б.Ганзоригийн сорьцод дростанолоне метаболите /drostanolone metabolite/ хэмээх допингийн төрлийн бодис илэрсэн болох нь А, Б сорьцын шинжилгээний хариу зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон бөгөөд энэ талаар нэхэмжлэгч маргаагүй байна.

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны 2007 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 03 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Үндэсний их баяр наадмын бөх, харваач, моринд сэргээшийн шинжилгээ хийх журам”-ын 3.1 /Биеийн тамир, спортын улсын хороо болон Монголын үндэсний олимпийн хорооны хамтарсан шийдвэрээр томилогдсон Сэргээшийн шинжилгээний сорьц авах ажлын хэсэг сорьц авах ажлыг гүйцэтгэнэ/, Засгийн газрын 2007 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн “Тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” 130 дугаар тогтоолоор Засгийн газрын 2003 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн “Дүрэм батлах тухай” 164 дүгээр тогтоолд “11.2. Сэргээшийн шинжилгээний сорьц авах, хадгалах, шилжүүлэх ажлыг Зохион байгуулах хорооноос баталсан журмын дагуу салбар хороо, Монголын үндэсний олимпын хороо хамран зохион байгуулна” гэх заалтыг нэмсэн бөгөөд энэ байдлаас үзвэл бөхийн салбар хороо, Монголын үндэсний олимпын хорооноос хамтран зохион байгуулж нэхэмжлэгч Б.Ганзоригоос сэргээшийн шинжилгээ авсан нь түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.

Иймд энэ талаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “Сэргээшийн шинжилгээний сорьц авах ажлын хэсэг сорьц авах ажлыг гүйцэтгээгүй, шинжилгээг эрх зүйн чадамжгүй этгээд хийсэн, Допингийн эсрэг үндэсний төв шинжилгээ хийх эрхгүй” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй.

Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 65 дугаар тогтоолоор Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны даргаар Монгол Улсын Шадар сайд, орлогч даргаар Нийслэлийн Засаг дарга,

Засгийн газрын 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 352 дугаар тогтоолоор Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны даргыг Нийслэлийн Засаг дарга, Засгийн газрын 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 27 дугаар тогтоолын 6 дугаар хавсралтаар Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны даргаар Монгол Улсын Шадар сайд, орлогч даргаар Нийслэлийн Засаг дарга байхаар шинэчлэн баталжээ.

Үүнээс үзвэл Монгол Улсын Шадар сайд Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн маргаан бүхий 03 дугаар тогтоолыг гаргах, гарын үсэг зурах бүрэн эрхтэй байна.

Энэ талаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “захиргааны актыг эрх хэмжээгүй этгээд гаргасан” гэх давж заалдах гомдол үндэслэлгүй.

Үндэсний их баяр наадмын бөх, харваач, моринд сэргээшийн шинжилгээ хийх журам нь бүх нийтээр дагаж мөрдөх шаардлагагүй, өөрөөр хэлбэл, Үндэсний их баяр наадамд барилдан зөвхөн шөвгөрсөн бөхчүүдэд хамаарах журам тул тухайн журмыг хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгүүлэх шаардлагагүй, уг журмыг хүчин төгөлдөр болоогүй захиргааны акт гэж дүгнэх боломжгүй тул энэ талаарх давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

Нөгөөтэйгүүр, Үндэсний их баяр наадмын Үндэсний бөхийн салбар хороо 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хуралдаж, Б.Ганзоригийн улсын начин цолыг хураахаар шийдвэрлэж, холбогдох шийдвэрийг Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороонд хүргүүлснээр Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо нь дээрх шийдвэрийг үндэслэн Б.Ганзоригийн улсын начин цолыг хасах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлсэн нь Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдааны дүрмийн 2.1 /Улсын наадмын үндэсний бөхийн барилдааныг Бөхийн салбар хороо хариуцан зохион байгуулна/-д нийцсэн бөгөөд Б.Ганзоригийн асуудлыг хэлэлцэх, шийдвэрлэх ажиллагааг Үндэсний их баяр наадмын Үндэсний бөхийн салбар хороо шийдвэрлэснээс үзвэл Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагааг Үндэсний баяр наадмыг зохион байгуулах хороог хэрэгжүүлээгүй гэж буруутгах боломжгүй.

Өөрөөр хэлбэл, сонсох ажиллагаа хийх нь эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах бололцоог олгох зорилготой бөгөөд Б.Ганзоригийн тухайд үүнээс өмнө 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдөр “А” сорьцын хариу ирүүлснээр түүнтэй танилцаж, өөрөө хүсэлт гаргаснаар “Б” сорьцыг дахин шинжилгээнд явуулсан нь баримтаар тогтоогдсон бөгөөд тэрхүү хариуг үндэслэн хийгдсэн гэж үзэхээр байна.

Иймд “сонсох ажиллагааг хийгээгүй, Б.Ганзоригт тайлбар хийх, баримтаа танилцуулах эрх олгоогүй” гэх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй.

Эдгээр болон бусад асуудлаар анхан шатны шүүх хэргийн нөхцөл байдалд үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 468 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

ШҮҮГЧ                                                                        Э.ЗОРИГТБААТАР

ШҮҮГЧ                                                                        О.НОМУУЛИН

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                               Д.БАТБААТАР