Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 102/ШШ2024/01541

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 102/ШШ2024/01541

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Хүсэлт гаргагч: Баянгол дүүрэг, ... дугаар хороо, ... дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, ... байр, ... тоот хаягт оршин суух, Б овогт В-ийн А /РД:.../,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Хариуцагчаар оролцвол зохих Г ХХК, захирал Б.Ц нарыг эрэн сурвалжлуулах тухай,

 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Алсу оролцов. Нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний эзгүйд шийдвэрлэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Хүсэлт гаргагч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: В.А нь Г ХХК-д холбогдуулан 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Орон сууц захиалан бариулах ... тоот гэрээг цуцалж, гэрээний төлбөр болох 90,558,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан. Хариуцагч Г ХХК-ийн Баянзүрх дүүрэг ... дугаар хороо, ... зам, ... тоот хаягаар мэдэгдэх хуудас хүргүүлсэн боловч хаягтаа оршин суудаггүй, нүүсэн болох нь хорооны Засаг даргын тодорхойлолт, шуудангийн магадлагаагаар тогтоогдсон гэх үндэслэлээр тус шүүхийн шүүгчийн 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн .... дугаар захирамжаар иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Иймд оршин суугаа хаяг нь тодорхойгүй Г ХХК, тус компанийн захирал Б.Ц нарыг эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.

2. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2022.04.06-ны өдрийн .... тоот Орон сууц захиалан бариулах гэрээ, төлбөр шилжүүлсэн мемориалын баримт, 2023.12.07-ны өдрийн ... дугаар хэргийг хэрэгсэхгүй болгох тухай Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж зэргийг шүүхэд гаргаж өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Нэхэмжлэгч В.А нь Г ХХК-д холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргасан хариуцагчийн хаана оршин байгаа нь тодорхойгүй гэж хэргийг хэрэгсэхгүй болгосон тул тул эрэн сурвалжлуулна гэв.

3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн 2022.04.06-ны өдрийн ... тоот Орон сууц захиалан бариулах гэрээ, төлбөр шилжүүлсэн мемориалын баримт, 2023.12.07-ны өдрийн ... дугаар шүүгчийн захирамжаар дараах үйл баримт тогтоогдож байна.

4. Нэхэмжлэгч нь Г ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргахад хариуцагч нь бүртгэлтэй хаяг болох Баянзүрх дүүрэг, ... дугаар хороо, ... зам, ... тоот хаягт бүртгэлтэй боловч оршин байдаггүй болох нь тус хорооны Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдсон гэж хэргийг хэрэгсэхгүй болгожээ.

5. Г ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох нь, түүнчлэн түүний оршин байгаа хаяг тодорхойгүй болох нь тус тус тогтоогдож байх тул хүсэлт гаргагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг гаргаж болно гэж зааснаар шаардах эрхтэй байна.

6. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Баянзүрх дүүрэг, ... дугаар хороо, ... зам, ... тоот хаягт оршин байсан Г ХХК /РД:.../, түүнийг төлөөлөх эрх бүхий этгээд болох захирал Б.Ц нарыг эрэн сурвалжлахаар шийдвэрлэлээ.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсгийг удирдлага болгон, ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх заалтыг баримтлан Баянзүрх дүүрэг, ... дугаар хороо, ... зам, ... тоот хаягт оршин байсан Г ХХК /РД:.../, захирал Б.Ц нарыг эрэн сурвалжилсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх заалтыг баримтлан Г ХХК /РД:.../, захирал Б.Ц нарыг эрэн сурвалжилж, оршин байгаа газрын хаягийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэст даалгасугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

4. Хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжилж, оршин байгаа газрын хаягийг тогтоосныг нэхэмжлэгч В.А /утас:.../-д мэдэгдэхийг Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэст мэдэгдсүгэй.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.МӨНХЦЭЦЭГ