| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 102/2023/05851/И |
| Дугаар | 102/ШШ2024/01572 |
| Огноо | 2024-03-27 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 03 сарын 27 өдөр
Дугаар 102/ШШ2024/01572
| 2024 оны 03 сарын 27 өдөр | Дугаар 102/ШШ2024/01572 | Улаанбаатар хот |
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, *** дугаар хороо, *** хотхон, *** дугаар байр, *** тоот хаягт оршин суух, Д овогт О-ын Д /РД:***/,
Хариуцагч: Баянгол дүүрэг, *** дугаар хороо, Үйлдвэрийн төвийн бүс, *** гудамж, *** байр, *** тоот хаягт оршин суух, С овогт Б-ийн Ц /РД:***/,
Нэхэмжлэлийн шаардлага: 2023 оны 01 сарын 17-ны өдрийн 0167 бүртгэлийн дугаартай үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, гэм хорын хохиролд 1,135,809 төгрөг гаргуулах тухай,
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч О.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Соронзонболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Алсу нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: О.Д би мэхлэгдсэн тул 2023 оны 01 сарын 17-ны өдрийн 0167 бүртгэлийн дугаартай үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Хууран мэхлэгдсэнээ мэдсэн даруйд Б.Ц болон холбогдох төрийн байгууллагад мэдэгдсэн. Б.Ц-гийн хууран мэхэлсэн үйлдлийн улмаас О.Д надад 1,135,809 төгрөгийн гэм хор учирсан. Иймд үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д заасны дагуу өөрт учирсан 1,135,809 төгрөгийн гэм хорыг арилгахыг Б.Ц-гээс шаардаж байна гэжээ.
Зохигчид шүүх хуралдаанд байгуулсан эвлэрлийн гэрээндээ: Хариуцагч нь зохигчдын хооронд байгуулагдсан 2023 оны 01 сарын 17-ны өдрийн 0167 бүртгэлийн дугаартай үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг хүлээн зөвшөөрч, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаас хохиролд 1,135,809 төгрөг гаргуулах шаардлагаасаа татгалзаж, харилцан тохирч эвлэрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч О.Д нь хариуцагч Б.Ц-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, гэм хорын хохиролд 1,135,809 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэл гаргажээ.
Хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагаас зохигчдын хооронд байгуулагдсан 2023 оны 01 сарын 17-ны өдрийн 0167 бүртгэлийн дугаартай үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг хүлээн зөвшөөрч, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаас хохиролд 1,135,809 төгрөг гаргуулах шаардлагаасаа татгалзаж, эвлэрлийн гэрээ байгуулж байна.
Зохигчдын энэхүү эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчдын эвлэрлийг баталгаажуулж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 440,200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 407,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон, ЗАХИРАМЖЛАХ нь:
1. О.Д-ын нэхэмжлэлтэй, Б.Ц-д холбогдох, 2023 оны 01 сарын 17-ны өдрийн 0167 бүртгэлийн дугаартай үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, гэм хорын хохиролд 1,135,809 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагаас зохигчдын хооронд байгуулагдсан 2023 оны 01 сарын 17-ны өдрийн 0167 бүртгэлийн дугаартай үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг хүлээн зөвшөөрч, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаас хохиролд 1,135,809 төгрөг гаргуулах шаардлагаасаа татгалзаж, эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 440,200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 407,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.МӨНХЦЭЦЭГ