| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 102/2023/04828/И |
| Дугаар | 102/ШШ2024/01586 |
| Огноо | 2024-03-28 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 03 сарын 28 өдөр
Дугаар 102/ШШ2024/01586
| 2024 оны 03 сарын 28 өдөр | Дугаар 102/ШШ2024/01586 | Улаанбаатар хот |
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, *** дугаар хороо, *** дугаар гудамж, *** тоот хаягт оршин суух, Б овогт Ц-гийн Т /РД:***/,
Хариуцагч: Баянгол дүүрэг, *** дүгээр хороо, *** дугаар хороолол, *** дугаар байр, *** тоот хаягт оршин суух, Т овогт Б-гийн Х /РД:***/,
Нэхэмжлэлийн шаардлага: 11,900,000 төгрөг гаргуулах тухай,
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батчимэг, хариуцагч Б.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Алсу нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Хан-Уул дүүргийн *** дүгээр хороо, *** хотхон, *** тоотод тавилга хийлгүүлэхээр тавилга үйлдвэрлэдэг хүнд хандсан. Хариуцагч нь 2022.11.21-ний өдөр ирж, хэмжилт хийж, загвар гарган, гэрээ байгуулахаар тохиролцсон. Ажил гүйцэтгэгч нь 10 хоногийн дотор захиалсан тавилгыг нийлүүлэх, захиалагч нь гэрээний төлбөрөөс 80 хувийг урьдчилан төлөх, барааг хүлээн авсны дараа үлдэх хувийг шилжүүлэхээр тохиролцсон. Гэрээ байгуулснаас хойш 10 хоногийн дараа үүрэг гүйцэтгэгч нь гэрээний үүргээ биелүүлээгүй, мөн удаа дараа хойшлуулж байсан. Гэвч 1 сарын турш хүлээгээд үр дүн гараагүй тул урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн 8,500,000 төгрөгийг буцааж авах хүсэлт гаргасан боловч хэд хэдэн удаа хойшлуулсан. Сүүлдээ санхүүгийн боломжгүй байгаа тул хүү төлөөд хэд хоног хүлээх санал тавьсныг бид хүлээж авсан. Хүүгийн хэмжээ сарын 5 хувь байхаар тохиролцсон. Одоогийн байдлаар хүүний төлбөр 3,400,000 төгрөг болсон байна. Иймд хариуцагчаас нийт 11,9000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Зохигчид шүүх хуралдаанд байгуулсан эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаас хүү тооцсон 3,400,000 төгрөгийн хасаж, үндсэн гэрээний мөнгөн дүн буюу 8,500,000 төгрөгөөр нэхэмжлэлийн үнийн дүнг тогтоов. Уг мөнгөн дүнг хариуцагч нь 2024 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө бүхэлд нь төлж барагдуулахаар тохиролцов гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.Т нь хариуцагч Б.Х-д холбогдуулан 11,900,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэл гаргажээ.
Хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаас хүү гэж шаардсан 3,400,000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч нь үндсэн төлбөр 8,500,000 төгрөгийг 2024 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулахаар эвлэрлийн гэрээ байгуулж байна.
Зохигчдын энэхүү эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчдын эвлэрлийг баталгаажуулж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 205,350 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 150,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон, ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Ц.Т-ын нэхэмжлэлтэй, Б.Х-д холбогдох, 11,900,000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэрэгт нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын хүү болох 3,400,000 төгрөг гаргуулах шаардлагаасаа татгалзаж, хариуцагч нь үндсэн төлбөр 8,500,000 төгрөгийг 2024 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулахаар эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 205,350 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 150,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.МӨНХЦЭЦЭГ