Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 2022/ДШМ/07

 

 

Б.Н, У.Б, Ц.О

нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                 Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч Н.Болормаа, шүүгч А.Сайнтөгс нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;

                                                                                           

Прокурор: Г.А /шүүх хуралдааны танхимаас/,

Шүүгдэгч: У.Б /шүүх хуралдааны танхимаас/,

Шүүгдэгч Ц.О-ийн өмгөөлөгч: Ж.Х /шүүх хуралдааны танхимаас/,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Намуунзул нарыг оролцуулан,

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Адъяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 2021/ШЦТ/172 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн прокурор Г.А-н эсэргүүцлээр шүүгдэгч Б.Н, У.Б, Ц.О нарт холбогдох 2019002360051 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч А.Сайнтөгс илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Ш овгийн Беийн Н, Монгол Улсын иргэн, 1984 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Дорноговь аймгийн Мандах суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, алт мөнгөний дархан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Дорноговь аймгийн Сайншанд сумын * дугаар баг, Мандах наран *, *** тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Дорноговь аймгийн Сум дундын 2 дугаар шүүхийн 2004 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 49 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.2 дахь хэсэгт зааснаар 18 жил хорих ялаар шийтгүүлж байсан.

 

Ш овгийн У-ын Б, Монгол Улсын иргэн, 1986 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, 2 хүүхдийн хамт Дорноговь аймгийн Сайншанд сум, * дүгээр баг, Ганзамын *** тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Дорноговь аймгийн Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 13 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 5 сар хорих ял оногдуулж, хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэж 3 жил тэнссэн, Дорноговь аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 72 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 460.000 төгрөгөөр торгох ялаар, Дорноговь аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 62 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан.

 

О овгийн Ц-ын О, Монгол Улсын иргэн, 1968 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Өвөрхангай аймгийн Нарийнтээл гэх газар төрсөн, 53 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Дорноговь аймгийн Сайншанд сум, * дугаар баг, Жанчивын *** тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Дорноговь аймгийн Сум дундын шүүхийн 2008 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 8 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар 1 сар баривчлах ялаар, Дорноговь аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 2004 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 69 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял оногдуулж, хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэж 2 жил тэнссэн.

 

Шүүгдэгч Б.Н нь У.Б-тэй бүлэглэн, 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр бага оврын Daewoo solar gold 55-v маркийн SLV55VG-20920 арлын дугаартай бичиг баримтгүй экскаватор, gold master-1000 маркийн цэнхэр өнгийн металл хайгч 1 ширхгийг ашиглан, Дорноговь аймгийн Мандах сум 3 дугаар багийн нутаг дэвсгэрт Элстэй гэх газарт 5,4х3,3х1,25 метр, 10,8х1,1 метр, 2,8х0,8х0,9 метр, 6,3х4х0,8 метр, 18х12х2,6 метр харьцаатай 5 нүхийг ухаж, тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул явуулж, 0.0382 га талбайг эвдэлж, байгаль орчинд нийт 427,737 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч У.Б нь Б.Н-тэй бүлэглэн, 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр бага оврын Daewoo solar gold 55-v маркийн SLV55-VG-20920 арлын дугаартай бичиг баримтгүй экскаватор, gold master-1000 маркийн цэнхэр өнгийн металл хайгч 1 ширхгийг ашиглан, Дорноговь аймгийн Мандах сум 3 дугаар багийн нутаг дэвсгэрт Элстэй гэх газарт 5,4х3,3х1,25 метр, 10,8х1,1 метр, 2,8х0,8х0,9 метр, 6,3х4х0,8 метр, 18х12х2,6 метр харьцаатай 5 нүхийг ухаж, тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул явуулж, 0.0382 га талбайг эвдэлж, байгаль орчинд нийт 427,737 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Ц.О нь 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Б.Н, У.Б нар нь бүлэглэн, 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр бага оврын Daewoo solar gold 55-v маркийн SLV55VG-20920 арлын дугаартай бичиг баримтгүй экскаватор, gold master-1000 маркийн цэнхэр өнгийн металл хайгч 1 ширхгийг ашиглан, Дорноговь аймгийн мандах сум, 3 дугаар багийн нутаг дэвсгэрт Элстэй гэх газарт 5,4х3,3х1,25 метр, 10,8х1,1 метр, 2,8х0,8х0,9 метр, 6,3х4х0,8 метр, 18х12х2,6 метр харьцаатай 5 нүхийг ухаж тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул явуулж, 0.0382 га талбайг эвдэлж, байгаль орчинд нийт 427,737 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдэхэд урьдчилан амлаж, машин механизмаар хангаж, гэмт хэрэг үйлдэх нөхцөл боломжийг бүрдүүлэн өгч дэмжлэг үзүүлж хамтран оролцсон гэмт хэрэгт холбогджээ.

 

Дорноговь аймаг дахь прокурорын газрын хяналтын прокурор Г.А-ээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг анхан шатны шүүх 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.

 

Анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 36.9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Дорноговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч О овогт Ц-ын О-д холбогдох хэргийг гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож цагаатгаж,

 

Шүүгдэгч Ш овогт Б-ийн Н, Ш овогт У-ын Б нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал хайж, хууль бусаар газрын хэвлийд халдсан” гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н, У.Б нарт ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.Н, У.Б нарт гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, энэ хуулийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.4 дэх заалтад зааснаар уул уурхай, байгалийн баялаг ашиглахтай холбоотой аж ахуйн үйл ажиллагаа явуулахыг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээг 3 жилийн хугацаагаар авч,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч нарт анхааруулж,

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар байгаль экологид учруулсан нийт хохирол 910,994 төгрөгийн тал хувь 455,497 төгрөгийг шүүгдэгч Б.Н-ээс, тал хувь 455,497 төгрөгийг шүүгдэгч У.Б-ээс тус тус гаргуулж, хохирогч, иргэний нэхэмжлэгч Дорноговь аймгийн Мандах сумын Засаг даргын тамгын газарт олгож,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл болох Ц.О-ийн эзэмшлийн гоулд мастер алт хайгчийн үнэ 2,030,000 төгрөгийг адил тэнцүү хувааж Б.Н-ээс 1,015,000 төгрөгийг, У.Б-ээс 1,015,000 төгрөгийг, Ч.Ц-ийн эзэмшлийн DAEWOO-SOLAR55v маркийн, 37-45 УН улсын дугаартай экскаваторын үнэ 30,000,000 төгрөгийг адил тэнцүү адил тэнцүү хувааж, шүүгдэгч Б.Н-ээс 15,000,000 төгрөгийг, шүүгдэгч Ц.Б-ээс 15,000,000 төгрөгийг гаргуулж, байгаль экологид учруулсан болон нөхөн сэргээлтийн нийт хохирол 910,994 төгрөгийг Дорноговь аймгийн Мандах сумын Засаг даргын тамгын газарт, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал 3,000,000 төгрөгийг нөхөн төлүүлж, Дорноговь аймаг дахь Цагдаагийн газарт олгож, илүү гарсан хэсгийг улсын орлогод оруулж,

 

Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн гоулд мастер 1000 металл хайгчийг Ц.О-д буцаан олгож, шүүгдэгч Б.Н, У.Б, Ц.О нар нь цагдан хоригдсон хоноггүй тэдгээрийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Н, У.Б, Ц.О нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

            Прокурор Г.А эсэргүүцэлдээ болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Урьдчилан амлаж бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн хүнийг гэмт хэргийн хамжигч гэнэ.” гэж заасан. Өөрөөр хэлбэл, бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд үзүүлэх дэмжлэг нь зааж зөвлөх, зэвсэг, хэрэгсэл өгөх, учрах саадыг арилгах, унаа орон байраар хангах зэргээр урьдчилан амлах хэлбэртэй байдаг. Хамжигчийн зүгээс дэмжлэг /хамжлага/ үзүүлж байгаа үйл ажиллагааны шинж аргуудыг харгалзан биеийн хүчний болон сэтгэл санааны дэмжлэг гэж 2 ангилна. Биеийн хүчний дэмжлэг үзүүлэх нь гүйцэтгэгчээс тодорхой гэмт хэргийн объектив талыг хэрэгжүүлэхэд чиглэгдсэн шаардлагатай зэвсэг хэрэгсэл олж өгөх, гэмт хэрэг үйлдэх явдлыг хөнгөвчлөхөд чиглэгдсэн бусад дэмжлэг үзүүлэх зэрэг идэвхтэй үйл ажиллагаа явуулах байдлаар илэрдэг. Мөн гүйцэтгэгч хамжигчийн өгсөн зэвсэг хэрэгслийг зөвхөн тохиролцсон гэмт хэргийг үйлдэхдээ ашигласан бол үүрэг гүйцэтгэсэн хамжигч гэж үзнэ. Хамгийн гол нь эдгээр зэвсэг хэрэгсэл нь зориулалтын хувьд гэмт хэрэг үйлдэхэд ашиглах бүрэн боломжтой байх ёстой байдаг.

            Тэгтэл шүүгдэгч Ц.О нь Daewoo soalr gold 55-v маркийн SLV55-VG-20920 арлын дугаартай бичиг баримтгүй экскаватор, gold master-1000  маркийн цэнхэр өнгийн металл хайгч 1 ширхгийг зэргийг Б.Н, У.Б нарын гуйлт хүсэлтээр өгч ашиглуулсан газрын хэвлийд халдаж ашигт малтмал олборлох боломж нөхцөлийг бүрдүүлсэн, өөрийн идэвхтэй үйлдлээрээ нэгдэн техник хэрэгсэл өгсөн, зөвшөөрөлгүй газар ухаж болохгүй гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн нь субъектив санаа зорилго нь нэгдмэл болохыг харуулж байгаа үйлдэл гэж үзэхээр байна.

            Иймд Ц.О-ийн техник, унаа хэрэгслээр тусалж байгаа үйлдэл нь Б.Н, У.Б нарын 5 нүх ухаж байгаль орчинд 427,737 төгрөгийн шууд хохирол учруулсан үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой хамтран оролцсон гэж үзэх үндэслэлтэй байх тул түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэж байна. Хэрэв Ц.О нь техник хэрэгслээр туслаагүй бол байгаль орчинд 427,737 төгрөгийн хэмжээний хор хохирол учруулахгүй байсан гэж үзэж байна. Шүүх Ц.О-ийн дээрх үйлдэлд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудад тулгуурлан бодитой дүгнэлт хийгээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна гэж дүгнэв.

            Иймд Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 2021/ШЦТ/172 дугаартай шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн” гэв.

 

            Шүүгдэгч У.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би анхан шатны шүүх хуралдаанаар 3 жилийн тэнсэн харгалзах ял авсан байгаа. Үүнийг торгох ял болгож өгнө үү. Би түүхий эдийн ченж хийдэг. Одоо энэ хавар ноос ноолуурын үе болохоор төлөх боломжтой” гэв.

 

Шүүгдэгч Ц.О-ийн өмгөөлөгч Ж.Х давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 172 дугаартай шийтгэх тогтоол нь хуульд нийцсэн үнэлэлт, дүгнэлт өгсөн шийдвэр гэж үзэж байгаа. Улсын яллагчаас Ц.О-д Эрүүгийн хуулийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар У.Б, Б.Н нартай энэ гэмт хэргийн үйлдэхэд хамжигчаар оролцсон гэдэг байдлаар зүйчилж яллах дүгнэлт үйлдэж оруулж ирсэн байна. Үүнийг шүүх хянан үзээд хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ц.О нь урьдчилан юу амлаж Б.Н, У.Б нарыг гэмт хэрэг үйлдэхэд ямар байдлаар дэмжлэг үзүүлэх энэ гэмт хэргийг үйлдэхэд сэтгэл санааны ямар нэгдмэл сэтгэл зүйтэй байсан нь хэрэгт авагдсан ямар ч нотлох баримтуудаар тогтоогдсонгүй. Өөрөөр хэлбэл 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хуулийн зүйчлэлийн шаардлага болох урьдчилан амлаж гэдэг дээр юу амлаж энэ гэмт хэрэг дээр хамжигчаар оролцсон юм, ямар зорилгоор дэмжлэг үзүүлсэн юм гэдэг нь тогтоогдохгүй байна гэдэг байдлаар цагаатгаж шийдвэрлэсэн нь хуулийн үндэслэлтэй зөв шийдвэр гарсан гэж үзэж байгаа, тэрнээс гадна Ц.О-ийн техник хэрэгслээ өгч байгаа үйлдэл нь тогтоогдохгүйгээс гадна гэмт хэргийн шинжгүй гэдэг үндэслэл харагдаж тогтоогддог. Анхнаасаа мэдүүлэг өгөөд явахдаа У.Б, Б.Н, Ц.О нарын мэдүүлэг нь маш тогтвортой байдлаар машин нь эвдрэх үед энэ техникийг нь гуйж аваад засах үед нь энэ ажиллагааг явуулсан энэ дээр бол Ц.О ямар нэгэн ашиг хонжоо харж урьдчилан амласан зүйл байхгүй гэдэг. Прокурорын эсэргүүцэл дээр бол Ц.О нь мэдсээр байж энэ гэмт хэргийг хүсэж хамжигчаар оролцсон гэдэг байдлаар эсэргүүцэл бичсэн нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогддоггүй. Иймээс анхан шатны шүүхийн шийтгэх  тогтоол хууль зүйн үндэслэлтэй тул хэвээр үлдээж өгөх хүсэлтэй байна” гэв.

             

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх прокурор Г.А-н эсэргүүцлийг үндэслэн хэргийг хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар шийдвэрлэлээ.

 

Учир нь: Дорноговь аймаг дахь Прокурорын газрын хяналтын прокурор Г.А-ээс гаргасан эсэргүүцэлд үндэслэн түүнд бичигдсэн үндэслэлүүдэд хязгаарлагдалгүйгээр тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь давж заалдах шатны шүүхээс хянан хэлэлцвэл анхан шатны шүүхээс шүүгдэгч нарт хүлээлгэсэн эрүүгийн хариуцлага нь шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохироогүй, энэ талаарх хуулийг буруу хэрэглэсэн байна гэж давж заалдах шатны шүүхээс үзлээ.

 

Анхан шатны шүүхээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар 2020 оны 08 дугаар сарын 31-нээс 09 дүгээр сарын 01-нд шилжих өдөр Ц.О өөрийн эзэмшлийн экскаватороо ачин Баянхонгор аймаг руу ажил хийхээр явж байх замд нь буюу Дорноговь аймгийн Мандах сумын ойролцоо явж байхад нь Б.Н, У.Б нар араас нь гүйцэж очин түүнийг зогсоож,  шүүгдэгч Б.Н, У.Б нар алт олборлож ашиг олох зорилгоор “ ...2 дүү нь ёндоогоо үзмээр байна, хэдэн нүх ухаад өгөөч“ гэсний дагуу Ц.О экскаватороо буулган Мандах сумын 3-р баг, “Үхэр чулуут”-ын элстэй гэх газарт 5х4х3,3х1,25м, 10,8х1,1м, 2,8х0,8х0,9м, 6,3х4х0,8м, 18х12х2,6м харьцаатай 5 нүхийг ухаж өгсөн үйл баримт тогтоогдсон байна.

 

Энэ үйлдэлд прокуророос шүүгдэгч Б.Н, У.Б нарыг бүлэглэн тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул явуулж, 0.0382 га талбайг эвдэлж, байгаль орчинд нийт 427.737 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

 

шүүгдэгч Ц.О-ийг тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул явуулж, 0.0382 га талбайг эвдэлж байгаль орчинд 427.737 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдэхэд урьдчилан амлаж, машин механизмаар хангаж,  шүүгдэгч Б.Н, У.Б нарыг гэмт хэрэг үйлдэх нөхцөл боломжийг бүрдүүлэн өгч дэмжлэг үзүүлж гэмт хэрэгт хамтран оролцсон буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус  яллах дүгнэлт үйлдсэн.

 

Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч Ц.О-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгах, шүүгдэгч Б.Н, У.Б нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал хайж, хууль бусаар газрын хэвлийд халдсан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэж гэм буруутайд тооцож тус тус шийдвэрлэсэн  шүүхийн шийдвэрийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн гэж давж заалдах шатны шүүхээс үзлээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйл 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох гол үндэслэл  нь “ашигт малтмал эрэх, хайх тусгай зөвшөөрөлгүй байх” гэх нөхцөлд үндэслэх ба шүүгдэгч Б.Н, У.Б нар нь ашигт малтмал эрэх хайх, олборлох  эрхгүй этгээдүүд гэдгээ мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт  хүлээн зөвшөөрдөг.

 

Тусгай зөвшөөрөлтэй этгээд гэдэг нь Ашигт малтмалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.5-д зааснаар “...ашигт малтмалыг эрэх, хайх эрх олгох сонгон шалгаруулалтад шалгарсан хуулийн этгээд” байх ба мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д зааснаар  “...Ашигт малтмалын асуудлаар геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас олгосон ашигт малтмал эрэх, хайх эрх олгосон баримт бичигтэй байх”-ыг хуульд заасан.

 

Шүүгдэгч Б.Н, У.Б нар нь Ашигт малтмалын асуудлаар геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас олгосон ашигт малтмал эрэх, хайх эрх олгосон баримтгүйгээр  Дорноговь аймгийн Мандах сумын 3-р баг, “Үхэр чулуут” –ын элстэй гэх газарт 5х4х3,3х1,25м, 10,8х1,1м, 2,8х0,8х0,9м, 6,3х4х0,8м, 18х12х2,6м харьцаатай 5 нүхийг ухаж, байгаль орчинд 427.737 төгрөгийн хохирол, түүний нөхөн сэргээлтийн зардалд 483.257 төгрөгийн хохирол учруулсан нь хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх 4-7/, “Сайхан ариун дэлхий” ХХК-ниас гаргасан хохирлын талаарх шинжээчийн дүгнэлт/1 хх 29-55/, гэмт хэрэгт ашигласан техникүүдийн үнэлгээ /1 хх 154-162, 2 хх 88-89/ шүүгдэгч нарын гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлгүүд зэргээр тогтоогдсон байна.

 

Эдгээр нотлох баримтууд нь шүүгдэгч нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан баримтат мэдүүллүүд байна.

 

Мөрдөн шалгах болон прокурорын хяналтад хэргийн оролцогч нарыг хавтаст хэрэгтэй танилцуулсан,  тэдний зүгээс тусгайлсан санал хүсэлтийг гаргаагүй ба мөрдөн шалгах ажиллагаа,  прокурор, шүүхийн шатанд хэргийн оролцогч нарын хуульд заасан эрхийг хасаж, хязгаарласан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч Б.Н, У.Б нь гэм буруугийн талаар маргадаггүй болно.

 

Шүүгдэгч Б.Н, У.Б нарын ашигт малтмал эрэх, хайх тусгай зөвшөөрөлгүй байж Дорноговь аймгийн Мандах сумын 3-р баг, “Үхэр чулуут” –ын элстэй гэх газарт 5х4х3,3х1,25м, 10,8х1,1м, 2,8х0,8х0,9м, 6,3х4х0,8м, 18х12х2,6м харьцаатай 5 нүхийг ухаж, байгаль орчинд 427737 төгрөгийн хохирол, түүний нөхөн сэргээлтийн зардалд 483257 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-т зааснаар  “Тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул явуулж “... хууль бусаар газрын хэвлийд халдсан“ гэх гэмт хэргийн шинжид,   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэсэн гэж үзнэ” гэсэн шинжид тус тус нийцсэн.

 

Харин анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Н, У.Б нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ялыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна гэж үзсэн ч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  заасныг тус тус баримтлан мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-т зааснаар ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5-д зааснаар шүүгдэгч нарт гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, энэ хуулийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.4-д зааснаар уул уурхай, байгалийн баялаг ашиглахтай холбоотой аж ахуйн үйл ажиллагаа явуулахыг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээг 3 жилийн хугацаагаар авахаар шийдвэрлэсэн эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохироогүй буюу шударга ёсны зарчимд нийцсэнгүй гэж давж заалдах шатны шүүхээс үзлээ.

 

Өөрөөр хэлбэл: Анхан шатны шүүхээс хэрэглэсэн албадлагын арга хэмжээ нь хүний эрхийг 3 жилийн хугацаанд буюу хэт удаан хугацаанд хасаж хязгаарласан шинжтэй болсон буюу шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүмүүсийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзалгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн гэж үзэхээр байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт буюу “Хууль бусаар ашигт малтмал хайх” гэмт хэрэг үйлдсэн бол “... таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх”-ээр заасан.

 

Эрүүгийн хариуцлага нь энэ хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэх ба мөн хуулийн 5.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт 1.1-1.4 гэсэн дараалалд торгох, нийтэд тусгай ажил хийлгэх ял, зорчих эрхийг хязгаарлах, хорих ял гэсэн үндсэн ялуудыг жагсааснаас үзэхэд үндсэн ялын хамгийн хөнгөн төрөл нь торгох ял гэж ойлгоно. 

 

Иймд давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч Б.Н, У.Б нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас  таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5400000 төгрөгөөр торгох ялыг шүүгдэгч нарт сонгож хэрэглэх нь шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүмүүсийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдалд нийцнэ гэж үзсэн ба анхан шатны шүүхээс хүлээлгэсэн эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэхгүй гэж үзлээ.

 

Мөн анхан шатны шүүх хөрөнгө орлого хураах албадлагын арга хэмжээ хэрэглэх талаараа шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг үндэслэсэн атлаа шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт заасныг баримталсан нь буруу байх ба анхан шатны шүүх нэгэнт хөрөнгө орлого хураах албадлагын арга хэмжээ хэрэглэж хохирлыг нөхөн төлөх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулах, мөн илүү гарсан хэсгийг улсын төсөвт оруулахаар шийдвэрлэсэн тул энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт нийцэх тул  үүнийг шийтгэх тогтоолд тус тус  зөвтгөн өөрчлөх нь зүйтэй.

 

Анхан шатны шүүх шүүгдэгч Ц.О урьдчилан амлаж шүүгдэгч Б.Н, У.Б нарыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн гэдгийг тогтоож чадаагүй гэж анхан шатны шүүх үзсэн нь үндэслэлтэй болсон байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд зааснаар мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй ба бодит байдлыг эргэлзээгүйгээр тогтоох ёстой.

 

Шүүгдэгч Б.Н, У.Б нар хэрэгт гэрчээр болон яллагдагч, шүүгдэгчээр өгсөн мэдүүлгүүдэд “ 2020 оны 08 дугаар сарын 31-нд Н, Б нар хоорондоо таараад  Н-ээс Б-д хандан “О ах Баянхонгор руу бага оврын экскаватор ачаад ажил хийхээр явж байгаа, замаас нь тэрийг ашиглаад Мандахын алт гарч байгаа газарт ажиллуулж, алт олж мөнгөтэй болъё” гэснийг зөвшөөрөөд Н-ийн машинаар бид 2 явж Сайхандулаан сумын хойд талд гүйцэж очоод О-ийг Мандах сумын алт гарч байгаа газар руу явуулсан  ... шөнө 03 цагаас 05 цагийн хооронд нинжа нарын урьд ухчихсан байсан хамруудыг ухуулсан, ... хөлс мөнгөний талаар тохироогүй, алт гарвал замын зардалд нь нэмэрлэе гэж байсан юм ... тусгай зөвшөөрөл байхгүй ” гэсэн агуулга бүхий мэдүүлгүүд /1 хх 20-21, 27-28, 144-149, 201-244, шүүх хуралдааны тэмдэглэлүүд/-ийг өгсөн.

 

Шүүгдэгч Ц.О “... урьд Хатанбулагийн нөхөн сэргэлтээр ажиллаж байгаад танилцсан Боодго гэдэг залуу Баянхонгорын төв дээр экскаватороо, баригчтайгаа аваад ир, дүү нь тосч аваад цаашаа ажилд явъя гэж дуудсан, тэгээд би 08 дугаар сарын 31-ны 12 цагийн орчим экскаватороо том тэрэгтэй зүс таних залууд ирэх очихын 1000.000 төгрөгөөр хөлсөлж ачуулж явсан. ... Сайхандулаан сум өнгөрөөд явж байтал шөнийн 02 цагийн орчимд хар өнгийн машин бидний араас ирээд зогсоож уулзахад урьдын танил Н гарч ирж та Баянхонгор явах замдаа Өлзийтөөс мурийж байх замдаа 1 газраар ороод газар ухаад өгөөч, 2 дүү нь ёндоогоо үзмээр байна гэхээр нь зөвшөөрөөд экскаватороо хөлөөр нь явуулаад газар ухуулсан. ... өмнө нь ухсан газрыг ухсан байсныг маргааш өглөө нь би харсан, ... миний экскаватор, голд мастер 1000 металл хайгчийг ашигласан,  ... бид нар мөнгө төгрөгний талаар тохироогүй, ёндоо үзмээр байна гэхээр нь л зөвшөөрсөн “ гэсэн мэдүүлэг /1 хх 18-19, 150, 201-244,  шүүх хуралдааны тэмдэглэлүүд/-ийг хэрэгт гэрчээр, яллагдагчаар, шүүгдэгчээр өгсөн.

 

Хэрэгт гэмт хэрэг гарах цаг хугацаанд хамт байсан Г.Б /1 хх 22-23/, Г.П /1 хх 24-25/ нарыг гэрчээр асуусан боловч тэдний мэдүүлгүүдээр шүүгдэгч Ц.О хэрэгт хамтран оролцсон гэдэг нь мөн хангалттай  тогтоогдоогүй байна.

 

Иймд эдгээр нөхцөл байдлуудад үндэслэн шүүгдэгч Ц.О-д холбогдох Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасан нь үндэслэлтэй болсон байна гэж давж заалдах шатны шүүхээс үзлээ.

 

Эдгээр нөхцөл байдлуудад үндэслэн анхан шатны шүүхээс  шүүгдэгч Б.Н, У.Б нарт оногдуулсан эрүүгийн хариуцлагыг өөрчилж, шүүгдэгч нарыг торгох ялаар шийтгэж, прокурор Г.А-ээс гаргасан “... шүүгдэгч Ц.О-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасан нь үндэслэлгүй ...“ гэсэн агуулга бүхий эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3, 39.4 дүгээр зүйл, 39.5 дугаар зүйлийн 1.2, 39.7 дугаар зүйлийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.4, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 2021/ШЦТ/172 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дугаар заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н, У.Б нарт ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнссүгэй.” гэснийг

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н, У.Б нарт таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 5400000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай.” гэж өөрчилж,

 

4 дүгээр заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.Н, У.Б нарт гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, энэ хуулийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.4 дэх заалтад зааснаар уул уурхай, байгалийн баялаг ашиглахтай холбоотой аж ахуйн үйл ажиллагаа явуулахыг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээг 3 жилийн хугацаагаар авсугай.” гэснийг хүчингүй болгож,

 

4 дүгээр заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан торгох ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлж, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учрыг мэдэгдсүгэй.” гэж нэмж,

 

7 дугаар заалтын “ ...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4, 5 хэсэгт ...” гэснийг  

 

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт” гэж тус тус өөрчилж, 5 дугаар заалтыг хүчингүй болгож, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, прокурор Г.А-н эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 1, 1.1, 1.2, 1.3, 2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Н.БАТЧИМЭГ

 

                                              ШҮҮГЧИД                                   Н.БОЛОРМАА

 

                                                                                                  А.САЙНТӨГС