Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 128/ШШ2023/0692

 

2023 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 128/ШШ2023/0692

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнхзул би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “2” дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: С.Б*******, 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Х*******,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: М.А*******,

Хариуцагч: Зэвсэгт хүчний Жанжин штаб,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.С******* нарын хоорондын нэг удаагийн тэтгэмжийг дутуу олгосонтой холбоотой маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.А*******, хариуцагчийн  итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.С*******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Уранбилэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Маргааны үйл баримтын талаар:

            1.1. Нэхэмжлэгч С.Б*******гийн хүү болох Б.Р******* нь Зэвсэгт хүчний 123 дугаар ангид ажиллаж байсан бөгөөд Зэвсэгт хүчний хуурай замын цэргийн командлагчийн А/33 тушаалаар “З*******” хамтарсан дадлага сургуульд оролцохоор Улаанбаатар хот руу явах замдаа буюу Өвөрхангай аймгийн нутаг дэвсгэрт зам тээврийн осолд орж 2022 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр амь насаа алджээ.

1.2. Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Б/2082 тушаалаар ахлах дэслэгч Б.Р******* агсаны ар гэрт Цэргийн алба хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3, 18 дугаар зүйлийн 18.1, 19 дүгээр зүйлийн 19.4 дэх хэсгийг тус тус үндэслэн 3 жилийн цалин хөлстэй тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмж буюу 32,500,224 төгрөгийг олгосон байна.

1.3. С.Б*******гаас 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Зэвсэгт хүчний жанжин штабт холбогдуулан “Тэтгэмжийг буруу тооцож олгосон Зэвсэгт хүчний Жанжин штабын үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох, 24 сарын тэтгэмжийн зөрүү болох 21,666,816 төгрөгийг ар гэрт нь олгохыг Зэвсэгт хүчний жанжин штабт даалгах” тухай нэхэмжлэл гаргасан.

 

            Хоёр. Нэхэмжлэлийн үндэслэл:

2.1 Нэхэмжлэгч С.Б*******гаас шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Монгол улсын иргэн С.Б******* би 2 хүүхэдтэй бөгөөд ууган хүү Б*******гийн Р******* нь 1997 онд мэндэлж, Д******* аймгийн С******* сумын нэгдүгээр 10 жилийн сургуульд Ерөнхий боловсрол эзэмшин, өөрийн хүсэл сонирхлоо даган Монгол улсын Үндэсний Батлан Хамгаалах Их Сургуулийн цэргийн нэгдсэн сургуулийг А******* мэргэжлээр суралцан 2018 онд төгссөн. Миний хүү суралцах хугацаандаа ҮБХИС-ийн Эрдмийн их чуулганд "Хээрийн нөхцөлд суудлын автомашины дугуйг засварлах төхөөрөмж" бүтээлээр ҮБХИС-ийн захирлын нэрэмжит “Шилдэг бүтээл" өргөмжлөл хүртэж өөрийн сонгосон мэргэжилдээ чин хүсэл эрмэлзлээр, хичээнгүйгээр суралцаж байсан. Улмаар сургуулиа төгсөөд 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн Б/1034 тушаалаар Зэвсэгт хүчний 123-р ангид салааны захирагчаар томилогдон очоод, 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Б/16 дугаар тушаалаар Авто тээврийн салааны захирагчаар, 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн Б/272 дугаар тушаалаар Мото буудлагын батальоны мото буудлагын ротын захирагчийн зэвсэглэл техник хариуцсан орлогчоор тус тус томилогдож ажиллаж байсан. Манай талийгаач хүү Исламын Бүгд Найрамдах Афганистан улсад "Шийдвэртэй дэмжлэг" ажиллагаанд ХБНГУ-тай хамтарсан Монгол улсын цэргийн багийн XII ээлжид үүрэг гүйцэтгэж байсан цэргийн албан хаагч юм. Миний хүү 3Х 123-р ангийн захирагчийн 2022 оны 04 сарын 06-ны өдрийн тушаалаар Зэвсэгт хүчний аварга шалгаруулах марш тактик тусгай бэлтгэлийн цогцолбор тэмцээнд оролцуулна хэмээн тус тэмцээний хээрийн бэлтгэлд гарсан байсан. Түүнээс 2022 оны 04 сарын 20- ны өдөр бууж ирээд томилолт өөрчлөгдөж З******* сургалтад өмнө нь оролцож байсан учраас оролцуулахаар боллоо. Тиймээс 2022 оны 04 сарын 25-ны өглөө Төв аймаг дахь ангид бэлэн бай , тиймээс хүү нь хот явахаар боллоо гэсэн. 2022 оны 04 сарын 21-ний орой яриад маргааш хот руу гарна гэж хэлээд, 2022 оны 04 сарын 22-ны орой 20 цагийн үед “Ховдоос гарсан Дарви суманд явж байна, хүү нь өглөө яръя" гэж хамгийн сүүд утсаар ярьсан. Гэтэл Төв аймаг дахь ЗХ-ний 016-р ангид болох Америктай хамтарсан "З*******" сургалтад оролцохоор тушаал аван нийслэл хот руу 2022 оны 04 сарын 23-ны өдөр ирж явахдаа Өвөрхангай аймгийн нутаг дэвсгэрт зам тээврийн осолд өртөж нас барсан.

Гэтэл яг хүүг маань Улаанбаатар хот руу хөдөлдөг өдөр буюу 2022 оны 04 сарын 22-ны өглөө үүрээр 06:00 цагийн үед тус ангиас марш тактик тусгай бэлтгэлийн цогцолбор тэмцээнд оролцох бие бүрэлдэхүүн 2-3 машин тусгай цуваа мөн Улаанбаатар хот руу гарсан байсан. Зэвсэгт хүчний 123 дугаар ангиас талийгаач хүүд маань нийслэл хот руу тушаалаар томилолт өгч явуулахдаа холбогдох дүрэм журамд заасан зааврыг хэрэгжүүлэхгүй, талийгаачийг хувийн хүний унаанд суулган явуулсан, аюулгүй ажиллагааны зааварчилгааг мордож, зөрчсөн үйлдэл гаргасан. Хүүгээ нас барснаас хойш би өөрөө цэргийн албан хаагч байсны хувьд Зэвсэгт хүчний жанжин штабыг хууль, дүрэм журамд заасны дагуу ажиллана гэж бодож хүлээцтэй хандаж ирсэн боловч тус байгууллагаас хууль ёсны дагуу ажилласангүй. Осол болсноос хойш 8 сарын дараа буюу 2022 оны 12 сарын 21-ний өдөр дансанд амь насаа алдсаны тэтгэмж 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний мөнгө болох 32,500,224 төгрөг (гучин хоёр сая таван зуун мянга хоёр зуун хорин дөрөв) шилжүүлсэн. Түүнээс өмнө. Тус тэтгэмж олгож буй үндэслэл, холбогдох тушаал шийдвэр, хуульд заасан үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын судлан бүртгэх дүрмийн дагуу үйлдсэн "акт" зэрэг баримт бичигтэй танилцах хүсэлтийг Зэвсэгт хүчний жанжин штабын хуулийн зөвлөх Э, Д нарт мэдэгдэж уулзах тухай хүсэлт удаа дараа тавьж байсан боловч бид шийдвэрлэж байна, бид уулзах цагийг тань руу буцааж хэлье, залгаж холбогдоно зэргээр худлаа хэлж, дээрх баримт бичиг, тушаал шийдвэрийг өнөөдрийг хүртэл огт танилцуулаагүй.

Монгол улсад төрийн хувийн хэвшлийн ямар ч байгууллага хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулах үүрэгтэй бөгөөд цэргийн албан хаагч албан үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдахад тус байгууллага Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, МУ-ын Засгийн газрын 2015 оны 269 дүгээр тогтоолыг мөрдөж ажиллах үүрэгтэй байна. Уг Засгийн газрын 269 дүгээр тогтоолоор баталсан “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм"-ийн 1.8-д заасны дагуу Батлан хамгаалах, ... албанд гарсан үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг энэхүү дүрмийн дагуу судлан бүртгэнэ", мөн 1.9-д "Осолдогч ажил, үүргээ  гүйцэтгэж байх үедээ зам тээврийн осолд орсон тохиолдолд ослыг замын цагдаагийн байгууллагын дүгнэлтийн дагуу хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч судалж баталгаажуулна" зэрэг байгууллагын эрх бүхий албан тушаалтан судлан бүртгэх үүрэгтэй" гэж журамласан байхад уг ажиллагаа огт хийгдээгүй. Өөрөөр хэлбэл осол болсон асуудлыг тус байгууллага огт судалж бүртгээгүй, холбогдох шалгалтыг явуулаагүй бөгөөд албан хаагчийн амь насаа алдсантай холбоотой хууль журмын дагуу ажиллаагүй. Тэр талаар шийдвэрлэсэн ямар нэгэн тушаал шийдвэртэй биднийг огт танилцуулаагүй. Түүнчлэн эцгийн хувьд хүүгээ зам тээврийн осолд өртөж нас барсан боловч албан үүргээ гүйцэтгэж байхдаа амь насаа алдсан гэж үздэг.

Гэтэл талийгаачийн 36 сарын тэтгэмжийг 2022 оны 12 сарын 21-ний өдөр шилжүүлсний дараа тушаал гарсныг мэдэж, уг тушаалтай танилцуулах талаар хүсэлт тавихад мөн адил танилцуулаагүй бөгөөд удаа дараа танилцах хүсэлт гаргасны эцэст буюу 2023 оны 1 сарын 19-ний өдөр 20:00 цагт Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын 2022 оны 11 сарын 02-ны өдрийн Б/2082 дугаартай "Ахлах дэслэгч Б.Р******* агсаны ар гэрт нэг удаагийн тэтгэмж олгох тухай" тушаалыг и мэйлээр ирүүлсэн. Уг тушаалд миний хүүг “зуурдаар нас барсан" гэж үзэж Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3 дахь хэсэг, мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4 дэх хэсгийн “.„мөн зүйлийн 1 дэх хэсгийн 3-т заасан шалтгаанаар амь насаа алдвал 3 жилийн цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг ар гэрт нь олгоно" гэснийг үндэслэн шийдвэрлэсэн байна. Би өөрөө эр цэрэг, бэлтгэл ахлагчийн хувьд хүүгээ албан үүргээ гүйцэтгэж яваад нас барсан гэж үздэгээс гадна хүүгийнхээ нэр тор алдар гавьяаг хууль ёсны дагуу баталгаажуулж, үнэн зөвөөр тогтоох ёстой гэж үзэж байна.

Хэдийгээр миний хүү зам тээврийн осолд өртөж амь насаа алдсан боловч цэргийн албан хаагч ажил Үүргээ гүйцэтгэж, цэргийн албаны тушаалаар Нийслэл хот руу ирж явах замдаа буюу албан үүргээ гүйцэтгэх зорилготойгоор тушаал биелүүлэх явцдаа амь насаа алдсан. Зэвсэгт хүчний Жанжин штаб эр цэргийн тангараг өргөсөн миний хүүг тушаал биелүүлэн явахад “зуурдаар нас барсан” гэж үзсэн нь үндэслэлгүй юм. Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2 дахь хэсэгт албан үүргээ гүйцэтгэх явцад төрийн албан хаагч амь нас хохирсон тохиолдолд 60 сарын албан тушаалын үндсэн цалинтай тэнцэх хэмжээтэй нэг удаагийн буцалгүй тусламжийг түүний ар гэрт олгоно, Цэргийн албаны тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4-т заасан Цэргийн алба хаагч, түүнчлэн дайчилгаатай сургууль цугларалтад оролцож байгаа цэргийн үүрэгтэн энэ хуулийн 10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2-т заасан шалтгаанаар /Цэргийн үүрэгтэн дайчилгаатай сургууль, цугларалтад оролцож байхдаа/ амь насаа алдвал 5 жилийн тэнцэх хэмжээний тэтгэмжийг тухайн албан хаагчийн сарын цалин хөлсний дунджаар, цэргийн үүрэгтэн амь насаа алдсан бол сарын цалин хөлсний дунджаар тооцож тэдний ар гэрт нэг удаа олгоно гэдгийг тус тус зөрчиж, хууль зүйн үндэслэлгүйгээр буюу миний хүүг албан үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдсан гэж үзэлгүйгээр 36 сарын сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгож байгаа нь хууль бус байна.

Иймд миний талийгаач хүү Б.Р*******ийн цэргийн албан үүргээ биелүүлэх явцдаа амь насаа алдсаны тэтгэмжийг буруу тооцож олгосон Зэвсэгт хүчний Жанжин штабын үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох, 60 сараар олгогдоогүй 24 сарын тэтгэмжийн зөрүү болох 21,666,816 төгрөгийг ар гэрт нь олгохыг Зэвсэгт хүчний жанжин штабт даалгаж өгнө үүгэв.

2.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний дүү 2018 онд Үндэсний Батлан хамгаалах их сургуулийг авто инженерийн мэргэжлээр төгсөөд улмаар 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Б/1034 дүгээр тушаалаар Ховд аймагт байрлах Зэвсэгт хүчний 123 дугаар ангид томилогдож очиж ажилласан. Тус хугацаанд албан үүргээ хариуцлагатайгаар өөрөөс шалтгаалах бүх боломж нөхцөлөөрөө биелүүлээд явж байсан. 2022 оны 04 дүгээр сарын 06-ны хавьцаа манай дүү Улаанбаатар хотод болох Марш тактикийн тэмцээнд оролцохоор боллоо, хээрийн бэлтгэлд гарлаа гээд хээрийн бэлтгэлд гарсан. Хээрийн бэлтгэлээсээ 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр бууж ирээд 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өглөө Төв аймаг дахь Зэвсэгт хүчний 016 дугаар ангид бэлэн бай гэж байна, миний тушаал өөрчлөгдсөн. Би марш тактикийн тэмцээнд биш Зэв 2022 сургалтад намайг өмнө жил оролцож байсан болохоор одоо оролц гэж байна гэж хэлсэн. Миний дүү 2022 оны 4 дүгээр сарын 22-ны орой Ховд аймгаас гарсан байдаг. 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр бууж ирээд утсаар яриад холбогдох үед тушаал өөрчлөгдсөн гэх үед нь хот руу яаж ирэх юм бэ, ямар унаа тэргээр яаж ирэх юм, зардал мөнгийг нь яах вэ, танай байгууллагаас гарах уу гэхэд эгч минь хувиараа л явна гэх яриа болж өнгөрсөн. Хамгийн сүүлд надтай 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн орой 20 цагийн үед холбогдоод Ховд аймгаас гараад явж байна, Ховд аймгийн Дарви суманд явж байна гэж холбогдсон. Гэтэл 2022 оны 4 дүгээр сарын 23-ны өглөө 9 цагийн үед дүү чинь аваарт орчихсон юм шиг байна гээд ааваас маань дуудлага ирсэн. Бид 2022 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр 11:00 цагийн үед дүүгээ нас барсныг мэдсэн. Өвөрхангай аймгийн аймгийн төвөөс 30-аад километрийн цаана аваарт орсон, газар дээрээ нас барсан байдалтай байсан. Миний аав ээж хоёулаа цэргийн албанд насаараа алба хаасан хүмүүс байдаг. Миний ээж зэвсэгт хүчнээс тэтгэвэрт гарсан гавьяаны амралт дээрээ гарсан хүн байдаг. Бид нар аль болох зэвсэгт хүчний нөхцөл байдал, орон нутаг болон хотод ямар байдалтай байдгийг амьдралаараа мэддэг хүмүүс учраас харилцан хүлээцтэй хандсан. Дүүгээ нас бардаг өдөр 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өглөө Улаанбаатар хотод болох байсан марш тактикийн тэмцээнд зориулсан алба хаагчдыг тээвэрлэхээр 6 цагт Ховд аймгаас 3 цуваа авто машин албан ёсоор тээвэрлэх бүрэлдэхүүн гарсан байсныг мэдсэн. Бид бүхэн дүүгээ албан хэрэг албан үүргээ гүйцэтгэж яваад буюу Төв аймагт зохион байгуулах Зэв 2022 сургалтад оролцохоор явж байгаад нас нөгчсөн гэж үзэж байна. 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн тушаалаар Б/2082 дугаартай тушаал дээр Ахлах дэслэгч Раднаасүрэн агсны ар гэрт олгох нэг удаагийн мөнгөн тэтгэмж олгох тухай гэсэн утга бүхий тушаал гарсан. Энэ тушаалд зуурдаар нас барсан гэж миний дүүг үзсэн байсан. Зуурдаар нас барсан гэж үзээд Цэргийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3 дахь заалтыг үндэслээд миний дүүд 3 жилийн цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг ар гэрт нь олгоно гэсэн үндэслэлийг баримталж олгосон байсан. Дүүгээ зуурдаа нас барсан гэж бид нар үзэхгүй байна. Албан үүргээ гүйцэтгэж яваад өнгөрсөн учраас Цэргийн албан хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4-д заасныг үндэслээд мөн энэ хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2-т заасныг үндэслээд цэргийн үүрэгтэн дайчилгаа, сургууль, цугларалтад оролцож байхдаа няцаад алдвал 5 жилийн тэнцэх хэмжээний тэтгэмжийг тэнцэх хэмжээний тэтгэмжийг тухайн албан хаагчийн сарын цалин хөлсний дунджаар цэргийн үүрэгтээ амь насаа алдсан бол сарын цалин хөлсний дунджаар тооцож ар гэрт нь олгоно буюу 5 жилийн буюу 60 сар гэж үзэж байна. Бид нарт олгосон 36 сарын зөрүүг хасаад зөрүү 24 сарын тэтгэмжийн зөрүү болох 21,666,816 төгрөгийг нэхэмжилж байна. Мөн дүүгийнхээ нэр төрийг сэргээлгэмээр байна.” гэв.

2.3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.А******* шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Хариуцагчийн хамгийн гол тайлбар энэ үйл ажиллагаанд оролцож байгаа буюу дайчилгаанд оролцох гэж байгаад зам тээврийн осолд орсон учраас бол хамаарахгүй гэдэг үндсэн тайлбар тавьдаг. Дайчилгаанд оролцох гээд тушаал аваад явж байгаа нь орно гэдгийг тодорхой хэллээ. Цэргийн албаны тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 10 дугаар зүйлд хөдөлмөрийн чадвараа алдсаны тэтгэвэр авах эрхийг хуульчилж өгсөн. Хариуцагч 10 дугаар зүйлийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг хэрэглэдэг. 19 дүгээр зүйлийн 19.4-д тухайлан заасан. 19 дүгээр зүйлийн 19.2-т заасан шалтгаанаар амь насаа алдвал 5 жилийн хугацаатай тэтгэмж олгоно гэж заасан. 10 дугаар зүйлийн 10.1 дүгээр зүйлд албан үүргээ гүйцэтгэж явахдаа амь алдсан бол 5 жилийн хугацаагаар тэтгэмжийг бол олгох ёстой. Хариуцагч тайлбартаа зам тээврийн ослоор нас барсан гэж үздэг. Мэдээж зам тээврийн ослоор нас барсан гэдэг нь тухайн хүн амь насаа алдах үндсэн шалтгаан болохоос биш цэргийн албаны тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд заасан албан үүргээ гүйцэтгэж явахдаа амь насаа алдсан гэдгийг бол үгүйсгэх бол боломжгүй гэж үзэж байгаа. Ажилдаа ирж буцах маршрут нь гэр гэж үзэж байна. Холбогдох хууль тогтоомжид бол албан үүргээ гүйцэтгэнэ, дайчилгаанд явж байхдаа гэдгийг тодорхой дурдсан байна. Хариуцагч хэд хэдэн туршилт гаргаж өгдөг. Үүндээ Марш тактик болон Зэв 2022 тушаалуудыг гаргаж өгсөн боловч уялдаа холбоо байдаггүй. Энэ хүн үнэхээр А/127 гэсэн тушаалын дагуу үйл ажиллагаанд оролцоод байгаа юм уу эсвэл А/89 гэсэн тушаалын дагуу Зэв 2022-т оролцоод байна оролцоод байна уу гэдэг дээр хариуцагч тодорхой тайлбар өгдөггүй. Хавтаст хэргийн 70 дугаар хуудсанд авагдсан баримт байгаа. Энэ баримтад танилцуулсан гэж хэлээд байгаа баримт нь гарын үсэг зуруулаад эх хувиар авагдсан гэж байгаа нь эргэлзээтэй. Хэн ч гэсэн гарын үсэг зурахдаа далий зурах уу? Уг баримтыг үзвэл хоногийн чөлөө болон хөдөө орон нутагт гэж байгаа. Энэ нь Жанжин штабын даргын тушаалын дагуу Олон улсын цэргийн ажиллагаа дээр бол оролцох гэж явж байгаа албан тушаалтнууд. Гэтэл гаргаж өгч байгаа баримт нь ганцхан хуудас бөгөөд нэг хоногийн чөлөө болон хөдөө орон нутаг руу явах хүмүүст албан хаагчид танилцуулсан гэж байгаа байдлаас үзвэл энэ баримт нь эргэлзээтэй баримт байна. Үнэхээр Зэв 2022 Олон Улсын байгууллагын даргын тушаалын дагуу хийгдсэн бол тусгай зааварчилгааг танилцуулсан тусгайлсан үйл ажиллагаа хийгдэх байх. Гэтэл энэ талаар баримтууд байдаггүй. Хариуцагч төрийн онцгой байгууллага. Гэтэл үүнтэй холбоотойгоор дотоод хяналт шалгалтын газар нь албан хаагч амь насаа алдаад байгаа зүйлд цагдаагийн газар ажиллагаа хийж байгаа учраас бид нар ямар нэгэн байдлаар хяналт шалгалт явуулаагүй гэдэг. Засгийн газрын 269 дүгээр тогтоолд аливаа аж ахуйн нэгж байгууллага үүнийг дагаж мөрдөнө гэж заасан бөгөөд бүхэл бүтэн хүн ажил үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдаад байгаа тохиолдолд тогтоолд заасны дагуу заавал судлан бүртгэх ослын акт үйлдэх үүрэгтэй юм. Гэтэл үйлдсэн ямар нэгэн дүгнэлт баримтууд байдаггүй. Хариуцагч тайлбарлахдаа болно гэж тайлбарладаг. Тогтоол журамд хэрвээ албан үүргээ гүйцэтгэж яваа ажилтан, албан хаагч хүний амь нас хохирч байгаа учраас заавал ослын актууд үлдэх ёстой. Гэтэл үүнийг огт биелүүлээгүй. Маргаан бүхий захиргааны актын хуульд үндэслээд байгаа албан үүргээ гүйцэтгэж яваагүй гэсэн гол үндэслэл нь хэрэг судлагч нотлох баримт болон шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэхэд болбол няцаагдаж байна гэж үзэж байна. Учир нь энэ талийгаач Монгол улсад цэргийн болон тусгай албан үүргийг гүйцэтгэдэг мэргэшсэн албан хаагч. Жанжин штабын тушаалын дагуу тушаал авчхаад хот руу явах замдаа бол нас барсан байна. Тушаалын дагуу албан үүргээ гүйцэтгэж яваад сургалтад дайчилгааны сургалтад хамрагдах гэж машинд сууснаас эхлээд энэ хүн дайчилгааны сургалтад хамрагдаж яваа гэж ойлгоно. Ингэж явахдаа амь насаа алдсан учраас Цэргийн албан хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4.4-д заасан 5 жилийн хугацаатайгаар энэхүү тэтгэмжийг олгох нь зүйтэй байна. Өмгөөлөгчийн хувьд Жанжин штабын холбогдох удирдлагатай бол очиж уулзахад ерөнхий нөхцөл байдлыг бид нар бол ойлгож байгаа. Гэхдээ шүүхээр бол ямар нэгэн шийдвэр гарах юм бол бид нар шүүхийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрнө. Цаана нь танай агуулгыг ойлгож байгаа ч гэсэн мөнгөтэй холбоотой болохоор аудитын хяналт шалгалтаар ийм акт тогтоогддог асуудал байдаггүй учраас шүүхээр шийдүүлбэл бид нар ямар нэгэн байдлаар ийм тушаалдаа өөрчлөлт оруулаад засаж залруулах боломжтой гэж хэлсэн. Тэгэхээр хариуцагчийн ерөнхий агуулгаар хүлээн зөвшөөрч байгаа боловч заавал шүүхээр шийдүүлэх сонирхол байна гэж ойлгож байгаа. Жанжин штабын гаргасан тушаал хуульд заасан хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байгаа боловч өмгөөлөгч миний хувьд холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн мөн хуульд үндэслээгүй мөн өөрсдөө хуулийг буруу тайлбарлаж тушаалыг бол гаргаж байна. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэв.

 

Гурав. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзал:

3.1 Хариуцагчаас тус шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: “Иргэн С.Б*******гийн Зэвсэгт хүчний Жанжин штабт холбогдуулан гаргасан захиргааны хэргийн нэхэмжлэлтэй танилцаж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон дараах тайлбарыг хүргүүлж байна.

Б.Р******* агсны ар гэрт Цэргийн алба хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн дагуу 24 сарын тэтгэмжийн зөрүү болох 21,666,816.00 (хорин нэгэн сая зургаан зуун жаран зургаан мянга найман зуун арван зургаа) төгрөгийн тэтгэмжийг олгох хууль зүйн үндэслэлгүй байна.

Цэргийн алба хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт зааснаар ЗХЖШ-ын даргын 2022 оны Б/760 дугаар тушаалаар ахлах дэслэгч Б.Р******* агсны ар гэрт оршуулгын зардал болох 1,000,000.00 (нэг сая) төгрөгийг Зэвсэгт хүчний нэг удаагийн тэтгэмжийн сангаас олгосон, мөн тус хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3   дахь заалт, 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэг 19 дүгээр зүйлийн 19.4 дэх хэсгийг үндэслэн ЗХЖШ-ын даргын 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Б/2082 дугаар тушаалаар 3 (гурав)  жилийн цалин хөлстэй тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмжийг олгосон байна.

Иргэн С.Б*******, Б.Н нар нь 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдөр тухай асуудлаар ЗХЖШ-ын даргад өргөдөл, гомдол гаргасан бөгөөд тус өргөдлийг Иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай 12,13 дугаар зүйл, 16 дугаар зүйл 16.1 дэх хэсэгт зааснаар Зэвсэгт хүчний Хяналт-шинжилгээ, үнэлгээний газар хүлээн авч хянан, хуулийн хугацаанд буюу 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 1/2826 дугаар албан бичгээр хариу тайлбар илгээсэн.

Шалгалтын үйл ажиллагааг тус газраас Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн холбогдох албан тушаалтнуудаас тайлбар гаргуулах, баримт бичгүүдийг хуулбарлан авах, гомдол гаргагчтай утсаар холбогдох зэрэг аргаар явуулсан бөгөөд өргөдөл, гомдлын хариуд тодорхой тайлбарласан байдаг.

Талийгаачийн ар гэрт Цэргийн алба хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн хуулийн 10 дугаар зүйл 10.1.2  дахь заалтаар тэтгэмж олгох боломжгүй байгаа нөхцөл шалтгаан нь “З*******” сургуулийн нэгдүгээр шатны сургалтад хамрагдахаар томилогдсон ахлах дэслэгч А.Т, ахлах дэслэгч Б.Р******* агсан нарыг ангийн удирдлага, шат дараалсан дарга нар 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Зэвсэгт хүчний аварга шалгаруулах марш тактик тусгай бэлтгэлийн тэмцээнд оролцох бүрэлдэхүүнтэй хамт тусгай зориулалтын автомашинаар явуулах шийдвэр гаргасан боловч хувийн машинаар хөдөлгөөнд оролцох саналыг өөрсдийн хүсэлтээр гаргаж улмаар зам тээврийн осолд өртөж амь насаа алдсан учир тус хуулийн 10 дугаар зүйл 10.1.2 дахь заалтаар тэтгэмж олгогдоогүй болно” гэв.

3.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.С******* шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: “За юуны өмнө бол Зэвсэгт хүчний жанжин штабын зүгээс бол бидний мөрдөс нэгтэй мэргэшсэн, боловсон залуугаа Зэвсэгт хүчний жанжин штабын болон зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн маш их харамсаж байна. Нэхэмжлэгчийн хууль ёсны итгэмжлэгдсэн төлөөлөгч зардал мөнгөний талаар асуудал дурдаж байна. Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн удирдах хурлаас агсныг маань сургалтад оролцуулахаас өмнөх буюу хөдөлгөөн үйлдэх үеийн аюулгүй ажиллагааны анхан болон давтан зааварчилгаа танилцуулсан. Явах автобусны талаар ярьж байсан. Ангийн удирдлага хүмүүсээс Зэв 2022 сургалтад оролцох цэргийн албан хаагчдыг тухайн марш тактикийн тэмцээнд оролцох бүрэлдэхүүнийг тээвэрлэх албаны машинд суух чиглэл үүргүүдийг өгөөд гарын үсгээ зурж баталгаажуулсан байдаг. Гэтэл агсан болон ахлах дэслэгч н.Т 2 өөрсдийн хүсэлтээ амаар гаргасан. Амаар гаргасан хүсэлтдээ дурдахдаа бидний хамрагдах сургалт Төв аймаг дахь 016 дугаар ангид явагдана. 5 толгойгоос цаашаа унаа дуудахад асуудалтай. Тийм учраас биднийг ингээд хувийн машинаар явахыг зөвшөөрөөч гэдэг хүсэлтийг амаар гаргасан байдаг. Тухайн хүсэлтийг нь тухайн анги байгууллагын удирдлага, ротын захирагч гэх хүмүүс тайлбар мэдүүлэг дээрээ дурдсан байдаг. Тухайн хүсэлтийг нь хүлээж аваад гарын үсэг зурж зааварчилгаа танилцуулаад зөвшөөрсөн. Тэтгэмжийн хувьд манайх 3 жилийн цалин хөлстэй тэнцэх нэг удаагийн тэтгэмжийг олгосон. Батлан хамгаалах салбар эрх зүйгээ баримталдаг мөн Цэргийн албан хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийг үндэслээд 3 жилийн тэтгэмжийг олгосон. Энэ хуулийн 4 дүгээр зүйл дээр албан үүргээ гүйцэтгэж байгаа цэргийн жинхэнэ албан хаагч, цэргийн дайчилгаатай сургууль, цугларалтад оролцож байгаа бэлтгэлд хамаарна гэж заасан байдаг юм. Мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3 дэх хэсэгт албан үүргээ гүйцэтгэж байгаад тооцно гэж заасан. Зам хооронд явж байгаа гэсэн заалт байхгүй. Цэргийн албан хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дэх хэсэг ажилдаа ирж буцах үеийг албан үүргээ гүйцэтгэж байгаад тооцно гэж заасан байдаг. Энэ дээр Жанжин штабын зүгээс Цэргийн албан хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд заасан үндэслэлээр тэтгэмжийг олгосон. Ажилдаа ирж буцах маршрут гэдгийг хуулийн тайлбараас ойлгоход ажил гэдэг нь Зэвсэгт хүчний 123 дугаар анги, гэр гэдэг нь тухайн орон нутагт амьдарч гэр хоорондын маршрутыг ажилдаа ирж буцаах ажил ойлгож байна.

Зэвсэгт хүчний Жанжин штаб болон Зэвсэгт хүчний 123 дугаар ангиудаас гаргасан тушаал, шийдвэр баримтуудыг бүхэлд нь үгүйсгэж байна. Бүгдийг нь тушаал шийдвэрт нь байхгүй хүчингүй хугацаа дууссан гэсэн зүйлүүдийг ярьж байна. Тушаал холбогдох хууль тогтоомжийн зүйл заалтуудыг үндэслэсэн. Мөн Зэв 2022 сургуульд хамруулах тушаал гарсан байгаа. Тэгээд мөн сүүлийн нэг тайлбар дээр нь Зэвсэгт хүчний Жанжин штаб хяналт шалгалтын холбогдох албан тушаалтантай уулзаж ярилцсан гэж байна. Үүнийг амаар хэлж байна. Хэн гэдэг албан тушаалтантай хэдний өдөр яаж уулзсан гэдгийг мэдэхгүй юм байна. Зэвсэгт хүчний Жанжин штаб, батлан хамгаалах салбар эрх зүй болон Цэргийн албан хаагчийн тэтгэвэр тэтгэврийн тухай хуульд заасан шийдвэрийг гаргасан. Тухайн гаргасан шийдвэртээ бат зогсож байгаа.” гэв.

 

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч С.Б*******гаас Зэвсэгт хүчний жанжин штабт холбогдуулан “Тэтгэмжийг буруу тооцож олгосон Зэвсэгт хүчний Жанжин штабын үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох, 24 сарын тэтгэмжийн зөрүү болох 21,666,816 төгрөгийг ар гэрт нь олгохыг Зэвсэгт хүчний жанжин штабт даалгах” тухай нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн үндэслэлээ “захирагчийн тушаалаар дайчилгаатай сургуулилалтад оролцохоор явж байхдаа зам тээврийн осолд өртөж амь насаа алдсан байхад 36 сарын хугацааны тэтгэмж олгосон нь хууль бус” байгаа нь үндэслэлтэй байна. Үүнд:

            2. Хэргийн үйл баримтын тухайд:

            2.1. Зэвсэгт хүчний хуурай замын цэргийн командлагчийн 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн А/33 дугаар тушаалаар “... АНУ-ын Зэвсэгт хүчний Аюулгүй байдлын 5 дугаар бригадтай хамтран зохион байгуулах “Зэв-2022” сургуулийн нэгдүгээр шатны сургалтыг 2021 оны 03 дугаар сарын 21-ний өдрөөс 05 дугаар сарын 20-ны хооронд Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэл 014, 119, 120 дугаар ангиудын сургалтын материаллаг баазыг түшиглэн зохион байгуулж явуулах”-аар,

2.2. Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн захирагчийн 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн А/89 дугаар тушаалаар “... АНУ-ын Зэвсэгт хүчний Аюулгүй байдлын 5 дугаар бригадтай хамтран зохион байгуулах “З*******” сургуулийн нэгдүгээр шатны сургалтад хамрагдах бүрэлдэхүүнийг 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрөөс 05 дугаар сарын 20-ны хооронд оролцуулах”-аар,

2.3. Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн захирагчийн 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн А/127 дугаар тушаалаар “... Зэвсэгт хүчний аварга шалгаруулах Марш-тусгай бэлтгэлийн цогцолбор тэмцээнд оролцох бүрэлдэхүүнийг 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр “Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төв” рүү Байнгын байрлал-Говь-алтай аймаг-Баянхонгор аймаг-Өвөрхангай аймаг-Төв аймаг Алтанбулаг сумын “Таван толгой”-н чиглэлд нэг маршрутаар хөдөлгөөнийг зохион байгуулах”-аар тус тус шийдвэрлэжээ.

 

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “ахлах дэслэгч Б.Р******* нь марш тактикийн тэмцээнд оролцохоор бэлтгэлд гарсан байснаа 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр гэнэт тушаал өөрчлөгдөж З******* сургуулилалтад оролцохоор тушаал өөрчлөгдсөн” гэж тайлбарлах боловч энэхүү үйл баримт тогтоогдсонгүй.

4. Харин дээр дурьдсан А/33 дугаар тушаалаар томилогдсон алба хаагчдыг сургуулилалт болох газарт хүргэх албаны унааг анги, удирдлагаас шийдвэрлээгүй байх ба ахлах дэслэгч Б.Р*******, А.Т нарыг Улаанбаатар хот руу хувийн унаанд сууж явахыг зөвшөөрсөн болох нь Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн эрх бүхий албан тушаалтнуудын гаргасан тайлбараар тогтоогдож байна.

5. Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 08 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б.Сайханжаргалыг “автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас ... хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож” шийдвэрлэжээ.

6. Зэвсэгт хүчний жанжин штабын даргын 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн Б/760 дугаар тушаалаар “... ахлах дэслэгч Б*******гийн Р******* нь зуурдаар нас барсан тул ар гэрт нь оршуулгын зардал 1,000,000 төгрөгийг олгох”-оор, мөн даргын 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Б/2082 дугаар тушаалаар “... Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн мотобуудлагын батальоны ротын захирагчийн зэвсэглэл, техник хариуцсан орлогч ахлах дэслэгч Б*******гийн Р******* зуурдаар нас барсан тул ар гэрт нь 3 жилийн цалин хөлстэй тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмж олгох”-оор шийдвэрлэжээ.

            7. Цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “Цэргийн алба хаагч ангийн байрлал, эсхүл ангийн байрлалын гадна албан үүрэг, байлдааны жижүүрлэлт, харуул, хоногийн манааны үүрэг гүйцэтгэх, ажилдаа ирэх, буцахыг албан үүргээ гүйцэтгэж байгаад тооцно” гэж, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Дор дурдсан шалтгаанаар хөдөлмөрийн чадвар алдсан цэргийн алба хаагч хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй:”, мөн хэсгийн 2-т “энэ зүйлийн 1 дэх хэсгийн 1-д зааснаас бусад албан үүрэг гүйцэтгэхтэй холбогдсон ослын улмаас” гэж, 18 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Цэргийн алба хаагч нас барах, тэтгэвэрт гарах, орон тоо, зохион байгуулалтын өөрчлөлт, биеийн эрүүл мэндээр болон цэргийн алба хаах нас хэтэрч халагдах тохиолдолд нэг удаагийн тэтгэмж олгоно” гэж, 19 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Цэргийн алба хаагч, түүнчлэн дайчилгаатай сургууль цугларалтад оролцож байгаа цэргийн үүрэгтэн энэ хуулийн 10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасан шалтгаанаар амь насаа алдвал 10 жилийн, мөн зүйлийн 1 дэх хэсгийн 2-т заасан шалтгаанаар амь насаа алдвал 5 жилийн, мөн зүйлийн 1 дэх хэсгийн 3-т заасан шалтгаанаар амь насаа алдвал 3 жилийн цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг тухайн албан хаагчийн сарын цалин хөлсний дунджаар, хэрэв байлдагч, түрүүч, цэргийн үүрэгтэн амь насаа алдсан бол ахлагчийн сарын цалин хөлсний дунджаар тооцож тэдний ар гэрт нэг удаа олгоно” гэж заажээ.

8. Хуулийн дээрх зохицуулалт болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдож буй дээрх нөхцөл байдлыг нэгтгэн үзвэл, ахлах дэслэгч Б.Р******* нь ажилдаа очих замдаа ослын улмаас амь насаа алдсан байхад хариуцагч нь “албан үүргээ гүйцэтгэхтэй холбогдолгүй осол”-ын улмаас амь насаа алдсан гэж үзэж 3 жилийн цалин хөлсний дундажтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгосон нь буруу байна.

9. Учир нь ахлах дэслэгч Б.Р******* нь дээр дурдсан тушаалын дагуу хамтарсан сургуулилтад оролцохоор явж байсан нь алба хаагчийн ажилдаа ирэх, буцах хөдөлгөөнд улмаар албан үүргээ гүйцэтгэж байгаад тооцогдох тул нэхэмжлэгч талын “... тушаалын дагуу албан үүргээ гүйцэтгэж яваад дайчилгааны сургалтад хамрагдах гэж машинд сууснаас эхлээд энэ хүн дайчилгааны сургалтад хамрагдаж яваа гэж ойлгоно. Ингэж явахдаа амь насаа алдсан учраас Цэргийн албан хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд заасан 5 жилийн цалин хөлстэй тэнцэх тэтгэмжийг олгох ёстой байсан” гэх тайлбар үндэслэлтэй.

10. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “дайчилгаатай сургууль, цугларалтад оролцоогүй, оролцохоор явж байхдаа амь насаа алдсан тул албан үүргээ гүйцэтгэж байсанд тооцоогүй” хэмээн тайлбарлан маргах боловч хуулийн дээрх зохицуулалтуудын дагуу цэргийн алба хаагчийн ажилдаа ирэх, буцах хөдөлгөөнийг албан үүргээ гүйцэтгэж байгаад тооцохоор, мөн амь насаа алдвал нэг удаагийн тэтгэмж олгохоор, түүнчлэн нэг удаагийн тэтгэмж олгох нөхцөлийг албан үүргээ гүйцэтгэхтэй холбоотой ослоор амь насаа алдсан тохиолдолд 5 жилийн цалин хөлстэй тэнцэх хэмжээний, харин “дайчилгаатай сургууль, цугларалтад биечлэн оролцож байхдаа амь насаа алдсан бол 10 жилийн цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмж олгохоор тус тус ялгаатай зохицуулсан байх тул дээрх тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй.

11. Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн захирагчаас 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр “З******* Монгол-Америкийн хамтарсан хээрийн сургуульд оролцох бүрэлдэхүүнд танилцуулах аюулгүй ажиллагааны зааварчилгаа”-г баталсан байх ба уг зааварчилгаатай ахлах дэслэгч Б.Р******* танилцаж гарын үсэг зурсан байх боловч энэ нь нэг удаагийн тэтгэмж олгохоос татгалзах үндэслэл биш байна. Учир нь:

11.1. Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн даргын 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн А/127 дугаар тушаалаар Марш-тусгай бэлтгэлийн цогцолбор тэмцээнд оролцох бүрэлдэхүүнийг байнгын байрлал-Говь-Алтай-Баянхонгор-Өвөрхангай-Төв аймгийн Алтанбулаг сумын Таван толгой маршрутаар явуулахаар хөдөлгөөнийг зохион байгуулж шийдвэрлэхдээ Улаанбаатар хотод болох “З*******” сургуулилтад оролцох алба хаагчдыг хамт хөдөлгөөнд оролцуулахаар шийдвэрлээгүй байна.

11.2. Мөн “З*******” сургуулилтад оролцох 2 алба хаагчийг дээрх тусгай цуваатай хамт явуулахыг “аман шийдвэр”-ээр шийдвэрлэсэн гэж үзэхээр боловч  хувийн унаанд суухыг зөвшөөрсөн нөхцөл байдал тогтоогдож байна.

12. Энэ тохиолдолд алба хаагчийг аюулгүй ажиллагааны зааварчилгаа биелүүлээгүй гэж буруутгах боломжгүй.

13. Үүнээс гадна цэргийн алба хаагч нь аюулгүй ажиллагааны зааварчилгаа биелүүлсэн эсэхээс үл хамааран ажилдаа ирэх, буцах замдаа аливаа хэлбэрээр осолд өртөж амь насаа алдсан тохиолдолд 5 жилийн цалин хөлстэй тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмж олгох зохицуулалттай байна.

14. Иймд нэхэмжлэгч С.Б*******гийн Зэвсэгт хүчний жанжин штабт холбогдуулан гаргасан “Тэтгэмжийг буруу тооцож олгосон Зэвсэгт хүчний Жанжин штабын үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох, 24 сарын тэтгэмжийн зөрүү болох 21,666,816 төгрөгийг ар гэрт нь олгохыг Зэвсэгт хүчний жанжин штабт даалгах” нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 , 106.3.4, 106.3.12-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2, 18 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 19 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч С.Б*******гийн Зэвсэгт хүчний жанжин штабт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, тэтгэмжийг буруу тооцож олгосон Зэвсэгт хүчний Жанжин штабын үйлдлийг хууль бус болохыг тогтоож, 24 сарын тэтгэмжийн зөрүү болох 21,666,816 төгрөгийг ар гэрт нь олгохыг Зэвсэгт хүчний жанжин штабт даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.       

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ц.МӨНХЗУЛ