Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 2022/ДШМ/08

 

 

Я.О, Б.Б, Х.Б, О.Б,

Б.М, Л.М нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                  Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч Н.Болормаа, шүүгч А.Сайнтөгс нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд цахимаар нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;

                                                                                           

Прокурор: Л.С /зайнаас цахимаар/,

Яллагдагч: Я.О /зайнаас цахимаар/,

Яллагдагчийн өмгөөлөгч: Я.Б /зайнаас цахимаар/,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Намуунзул нарыг оролцуулан,

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Д.Цэдэнпэлжээ даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 12 дугаар сарын 28-ны  өдрийн 2022/ШЗ/03 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрсөн Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Бын эсэргүүцлээр яллагдагч Я.О, Б.Б, Х.Б, О.Б, Б.М, Л.М нарт холбогдох эрүүгийн хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч А.Сайнтөгс илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Яллагдагч нарын биеийн байцаалтын талаар:

 

1. И овгийн Я-ийн О, Монгол Улсын иргэн, 1966 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 55 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хөдөлмөр зохион байгуулагч мэргэжилтэй, гэмт хэрэг үйлдэгдэх үед Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Гаалийн газрын гаалийн ахлах байцаагчаар ажиллаж байсан, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамтаар Дорноговь аймаг, ****** сум, * дүгээр баг, * дугаар хэсэг гудамж, **** байр, * тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй.

 

2. Х овгийн Б-ийн Б, Монгол Улсын иргэн, 1991 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Дорноговь аймагт төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Дорноговь аймаг, ****** сум, * дугаар баг, ***** гудамж, ** тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй.

 

3. Г овгийн Х-ийн Б, Монгол Улсын иргэн, 1998 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Баянхонгор аймагт төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эх, ах, дүү нарын хамтаар Баянхонгор аймаг, ****** сум, * дүгээр баг, ***** гудамж, ** тоотод оршин суух бүртгэлтэй боловч Дорноговь аймаг, ***** сум, ******* тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй.

 

4. Б овгийн О-ийн Б, Монгол Улсын иргэн, 1990 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Дорноговь аймагт төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, эхийн хамтаар Дорноговь аймаг, ******** сум, * дугаар баг, ****** гудамж, ***** тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй.

 

5. В овгийн Б-ны М, Монгол Улсын иргэн, 1986 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Дорноговь аймагт төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, хүүхдүүдийн хамтаар Дорноговь аймаг, ***** сум, * дугаар баг, *** гудамж * тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй.

 

6. Б овгийн Л-ын М, Монгол Улсын иргэн, 1987 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Дорноговь аймагт төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамтаар Дорноговь аймаг, ****** сум, * дугаар баг, *** гудамж, *** тоотод оршин суух, урьд 2010 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн Дорноговь аймгийн Сум дундын 2 дугаар шүүхийн 79 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 сар хорих ял оногдуулж, уг ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзсан.

 

Холбогдсон гэмт хэргийн талаар:

 

Яллагдагч Я.О нь Нийтийн албан тушаалтан буюу Гаалийн ерөнхий газрын харьяа Замын-Үүд дэх гаалийн газарт гаалийн улсын ахлах байцаагчаар ажиллаж байхдаа Монгол Улсын Гаалийн тухай хуулийн 274 дүгээр зүйлийн “274.1.1. энэ хуульд заасны дагуу гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт тавьж, бүрдүүлэлт хийх; 274.1.2. гаалийн хууль тогтоомжийг хэрэгжүүлэх зорилгоор иргэн, албан тушаалтанд хууль ёсны шаардлага тавьж биелэлтийг хангуулах; 274.1.7. гаалийн хууль тогтоомж зөрчсөн захиргааны зөрчилд хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэх; 274.2.2. гаалийн хяналт, бүрдүүлэлтийг хийхдээ төр, байгууллага, хувь хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хохироохгүй, албан тушаалаа урвуулан ашиглахгүй, хэтрүүлэхгүй байх; 274.2.3. гаалийн хууль тогтоомжийг зөрчсөн хууль бус үйлдэл /эс үйлдэхүй/-н талаар зохих байгууллага, албан тушаалтанд мэдээлэх” гэснийг, мөн хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.2 дахь хэсэгт заасан “гаалийн мэдүүлэг, барааны дагалдах бичиг баримтад дурдсан мэдээлэл үнэн зөв, бодитой, хоорондоо тохирч байгаа эсэх”, 246 дугаар зүйлийн 246.3 дахь хэсэгт заасан “Гаалийн хяналтад байгаа бараа, тээврийн хэрэгслийн битүүмжлэлийг авах, онгойлгох, баглаа боодлыг задлах, барааг таних, тоолох зэрэг аль тохиромжтой аргаар шалгана” гэж заасныг тус тус зөрчин, хахууль өгөгч Б.Б-ийн **-** ДГС улсын дугаартай Истана маркийн автомашинд гаалийн бүрдүүлэлт хийхдээ олон нэр төрлийн ачаатай тээврийн хэрэгслийг гаалийн албан татвар бага төлүүлж гаалийн хяналтын талбайгаас гаргуулах, ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын * дүгээр баг, * дугаар байрны гадна 400,000 төгрөгийн хахууль авсан, 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр хахууль өгөгч Х.Б-ын **-** ДГС улсын дугаартай Истана маркийн автомашинд гаалийн бүрдүүлэлт хийхдээ олон нэр төрлийн ачаатай тээврийн хэрэгслийг гаалийн татвар бага төлүүлж гаалийн хяналтын талбайгаас гаргуулах ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын * дүгээр баг, * дугаар байрны 3 тоотод 450,000 төгрөгийн хахууль авсан, 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хахууль өгөгч О.Б-ийн **-** ДГА улсын дугаартай Жимбий маркийн автомашинд гаалийн бүрдүүлэлт хийхдээ олон нэр төрлийн ачаатай тээврийн хэрэгслийг гаалийн татвар бага төлүүлж гаалийн хяналтын талбайгаас гаргуулах ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын * дүгээр баг, * дугаар байрны * тоотод 1,000,000 төгрөгийн хахууль авсан, 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр хахууль өгөгч Б.Мэндсайханы **-** ДГА улсын дугаартай УАЗ-469 маркийн автомашинд гаалийн бүрдүүлэлт хийхдээ олон нэр төрлийн ачаатай тээврийн хэрэгслийг гаалийн татвар бага төлүүлж гаалийн хяналтын талбайгаас гаргуулах ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын * дүгээр баг, * дугаар байрны * тоотод 450,000 төгрөгийн хахууль авсан, хахууль өгөгч Л.М-ийн 48-88 ДГС улсын дугаартай Истана маркийн автомашинд гаалийн бүрдүүлэлт хийхдээ олон нэр төрлийн ачаатай тээврийн хэрэгслийг гаалийн татвар бага төлүүлж гаалийн хяналтын талбайгаас гаргуулах ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхгүйн хариуд 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 750,000 төгрөгийн хахууль авахыг завдсан, мөн нийтийн албан тушаалтан Я.О нь Гаалийн ерөнхий газрын харьяа Замын-Үүд дэх гаалийн газарт гаалийн ахлах байцаагчаар ажиллаж байхдаа Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.5 “албан үүргээ гүйцэтгэх, эсхүл гүйцэтгэхгүй байхтай холбогдуулан бусдаас шан харамж шаардах” 7.1.7 “албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх”, 7.1.8 “үндэслэлгүйгээр хөрөнгөжих” гэсэн заалтуудыг зөрчин өөрийн төрсөн хүү О.Э-ын нэр дээр Сүхбаатар дүүргийн * дүгээр хороо ***** гудамж ** байр * тоот 52.1 мкв орон сууцыг 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдөр 80 сая төгрөг, төрсөн дүү Ц.Х-ны нэр дээр 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр **-** УНТ улсын дугаартай Лексус 570 загварын авто машиныг 132 сая төгрөгөөр худалдан авч нийт 212 сая төгрөгөөр буюу хөрөнгө нь их хэмжээгээр нэмэгдсэн байхад авлигын эсрэг хуулийн 10 дугаар зүйлийн 10.4 дэх хэсэгт зааснаар “Мэдүүлэг гаргагч энэ хуулийн 10.3-т заасан хугацаанд мэдүүлгээ мэдүүлсний дараа хөрөнгө, орлого нь нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх буюу түүнээс дээш хэмжээгээр өөрчлөгдсөн бол түүнийг тухай бүр 30 хоногийн дотор мэдүүлнэ” гэсний дагуу үндэслэлтэй тайлбарлаагүй буюу үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн,

Яллагдагч Б.Б нь өөртөө давуу байдал бий болгон гаалийн татвар бага төлүүлсний хариуд 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын * дүгээр багийн * дугаар байрны гадна Гаалийн ерөнхий газрын харьяа Замын-Үүд дэх гаалийн газарт гаалийн ахлах байцаагчаар ажиллаж байсан Ч.О-д албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 400,000 төгрөгийн хахууль өгсөн,

Яллагдагч Х.Б нь өөртөө давуу байдал бий болгон гаалийн татвар бага төлсний хариуд 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр багийн 3 дугаар байрны гадна Гаалийн ерөнхий газрын харьяа Замын-Үүд дэх гаалийн газарт гаалийн ахлах байцаагчаар ажиллаж байсан Я.О-д албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 450,000 төгрөгийн хахууль өгсөн,

Яллагдагч О.Б нь өөртөө давуу байдал бий болгон гаалийн татвар бага төлүүлсний хариуд 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын * дүгээр багийн * дугаар байрны * тоотод Гаалийн ерөнхий газрын харьяа Замын-Үүд дэх гаалийн газарт гаалийн ахлах байцаагчаар ажиллаж байсан Я.О-д албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 1,000,000 төгрөгийн хахууль өгсөн,

Яллагдагч Б.М нь өөртөө давуу байдал бий болгон гаалийн татвар бага төлөх зорилгоор 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын * дүгээр багийн * дугаар байрны * тоотод Гаалийн ерөнхий газрын харьяа Замын-Үүд дэх гаалийн газарт гаалийн ахлах байцаагчаар ажиллаж байсан Я.О-д албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 450,000 төгрөгийн хахууль өгсөн,

Яллагдагч Л.М нь өөртөө давуу байдал бий болгон гаалийн татвар бага төлүүлсний хариуд 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутаг дэвсгэрт Гаалийн ерөнхий газрын харьяа Замын-Үүд дэх гаалийн газарт гаалийн ахлах байцаагчаар ажиллаж байсан Я.О-д албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 750,000 төгрөгийн хахууль өгөхийг завдсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Б.***аас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4, 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Я.О, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б, Х.Б, О.Б, Б.М, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.М нарт холбогдох хэргийг анхан шатны шүүх 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.

 

Анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх гэсэн үндэслэлээр буюу “...Яллагдагч Я.О нарт холбогдох хэргийг 2020 оны 09 сарын 15-ны өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд нэмж тодруулахаар хэргийг прокурорт буцаасан дөрвөн заалтын нэг болох яллагдагч Х.Б, Б.Б, О.Б нар болон бусад яллагдагч нарыг тээврийн хэрэгслээр ачаа, бараа улсын хилээр нэвтрүүлэхэд 2019 оны 05 сард хэн хэн гэдэг гаалийн байцаагч хэдэн төгрөгийн татвар төлүүлсэн, уг татварыг төлүүлэхэд гаалийн ахлах байцаагч Я.О нөлөөлж байсан эсэх, бага татвар төлүүлээд байгаа гаалийн байцаагч нар шүүгдэгч Я.О-тай холбоотой буюу оролцоотой эсэхийг шалгаж тогтоох гэсэн заалтыг биелүүлээгүй...” гэсэн үндэслэлээр яллагдагч Х овогт Б-ийн Б, Г овогт Х-ийн Б, Б овогт О-ийн Б, В овогт Б-ы М, Б овогт Л-ын М, И овогт Я-ийн О нарт холбогдох Эрүүгийн 184100043017 дугаартай хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Нийслэлийн прокурорын газарт буцааж,

 

Хэрэгт хавсаргасан 1 ширхэг СИДИ бичлэг, 58 хуудас бүхий мөрдөн шалгах нууц ажиллагааны **** дугаартай магадлагааг битүүмжлэн хэргийн хамт Нийслэлийн прокурорын газарт хүргүүлж,

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, яллагдагч нарын иргэний баримт бичиг нь шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж,

 

Хэргийг прокурорт очтол яллагдагч Я.О-д авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарласан хязгаарлалт тогтоосон, хувийн баталгаа гаргах, яллагдагч Х.Б, Б.Б, О.Б, Б.М, Л.М нарт авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

 

Энэ захирамжийг прокурор, шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл уг захирамжийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичих, гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

 

Прокурор Б.*** эсэргүүцэлдээ: “...1. Шүүхийн хэргийг прокурорт буцаах тухай хууль зүйн дүгнэлт нь хэргийн бодит байдалд нийцээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарыг зөрчсөн.

Анхан шатны шүүх урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцэх асуудалд хамаарахгүй, гэм буруугийн шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтыг шинжлэн судалж, талуудын тэгш мэтгэлцээний үндсэн дээр шийдвэрлэх асуудалд буюу мөрдөн байцаалтын шатанд цугларсан шинжлэн судлагдаагүй нотлох баримт /гэрч, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлэг/-д шүүгдэгчийн гэм буруугийн асуудлаар урьдчилан дүгнэлт хийсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан “урьдчилсан хэлэлцүүлгийн хүрээнд хэлэлцэх асуудлын талаарх хуулиар тогтоосон хэмжээ хязгаар”-ыг хэтрүүлсэн. Мөн шүүхийн дээрх заалт нь шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийсэн шинжтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 33.1 дүгээр зүйлийн 11 дэх хэсэгт заасныг онцгой зөрчсөн гэж үзнэ.

2. Шүүхээс буцаасан дөрвөн заалтын нэг заалт болох яллагдагч Х.Б, Б.Б, О.Б нар болон бусад яллагдагч нарыг тээврийн хэрэгслээр ачаа, бараа улсын хилээр нэвтрүүлэхэд 2019 оны 05 сард хэн хэн гэдэг гаалийн байцаагч хэдэн төгрөгийн татвар төлүүлсэн, уг татварыг төлүүлэхэд гаалийн байцаагч Я.О нөлөөлж байсан эсэх, бага татвар төлүүлээд байгаа гаалийн байцаагч нар шүүгдэгч Я.О-тай холбоотой буюу оролцоотой эсэхийг шалгаж тогтоох гэсэн заалтыг биелүүлээгүй гэснийг хүлээн авах үндэслэлгүй бөгөөд энэ нь мөн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд нотлох баримт, гэм буруугийн асуудалд дүгнэлт хийсэн төдийгүй, прокуророос яллах дүгнэлт үйлдээгүй, гаалийн байцаагч нарын үйлдэл оролцоог шалгах гэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэснийг ноцтой зөрчсөн гэж үзнэ.

Иймд Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн” үндэслэлээр Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 2022/ШЗ/03 дугаартай захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон прокурорын эсэргүүцэл бичсэн” гэв.

 

Прокурор Л.*** давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...Эсэргүүцлээ дэмжиж оролцож байна. Эсэргүүцэл бичсэн үндэслэл нь яллагдагч Я.О-д холбогдох хэргийг дөрвөн заалт бүхий асуудлыг тодруулахаар хэргийг прокурорт буцаасан. Уг заалтад заагдсан ажиллагаа хийгдсэн ба энэ дөрвөн заалтын нэг заалт болох яллагдагч Х.Б, Б.Б, О.Б нар болон бусад яллагдагч нарыг тээврийн хэрэгслээр ачаа, барааг улсын хилээр нэвтрүүлэхэд хэн хэн гэдэг гаалийн байцаагч хэдэн төгрөгийн татвар төлүүлсэн, уг татварыг төлүүлэхэд гаалийн байцаагч Я.О яаж нөлөөлж байсан эсэх, бага татвар төлүүлээд байгаа гаалийн байцаагч нар шүүгдэгч Я.О-тай холбоотой буюу оролцоотой эсэхийг шалгаж тогтоох гэсэн заалтыг биелүүлээгүй гэж үзсэн байгаа. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт уг асуудлыг дурдсан байгаа ба урьдчилсан хэлэлцүүлэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 11 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарын гэм буруугийн талаар хэлэлцэхгүй гэж тусгаж өгсөн байгаа. Тийм учраас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт яригдах зүйлийн хэмжээ хязгаарыг зөрчсөн гэж үзэж байна. Хоёрдугаар асуудал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан байдаг. Гэтэл яллагдагч нарын мэдүүлгийг үндэслээд бусад гаалийн байцаагч нарын үүрэг оролцоог шалгаж Я.О хэрхэн нөлөөлснийг шалгаж тогтоо гэсэн нь үндэслэлгүй энэ хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байгаа. Үүнийг олон дахин, удаа дараа буцааж байгаагаас тухайн хэрэг шийдэгдэхгүй удааширч байгаа гэж үзэж байгаа. Тухайн хэрэг мөрдөн байцаалтын хугацаанд шалгагдсан байдаг. Одоо гэм буруугийн асуудлаа шүүхээр шийдвэрлүүлэх бүрэн боломжтой гэж үзэж байна” гэв.

 

Яллагдагч Я.О давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2019 оны 5 дугаар сард 113 дугаар гаалийн хяналтын бүс дээр 10-15 байцаагчтай байсан. Тухайн үед намайг танихгүй гэж мэдүүлсэн мөртлөө надад авлигал өгсөн байдлаар мэдүүлдэг. Надад хяналт шалгалтад оролцох эрх байдаггүй. Би зөвхөн удирдлагаар хангах, үйл ажиллагааг нь хэвийн явуулах, татвар хураамж бүрэн ногдож байгаа эсэх, хориглосон, хязгаарласан бараа нэвтэрч байгаа эсэх дээр удирдах ажилтнуудаас тавьсан шаардлагыг чиглүүлэн ажилладаг ахлах байцаагч. Гэтэл намайг авлига авсан гэж гүтгээд байгаа хүмүүс  намайг танихгүй гэж мэдүүлсэн байдаг. Тэгээд яаж мэддэг юм гэхээр “Х.О тамгаа дараад өгчихдөг” гэдэг. Тэгэхээр миний тамга тэнд байна уу, үгүй юу гэдгийг шалгаад өгчих хэрэгтэй. Мөн тухайн үед хэдэн сарын хэдний өдөр, хэд гэсэн дугаартай машин дээр хэдэн төгрөгийн татвар ногдуулаад би хэдэн төгрөгийг нь завшсан юм, ямар дугаартай тамга дарагдсан юм, миний тамга байна уу, үгүй юу гэдгийг шалгаж өгөх ёстой байхгүй юу. Гаалийн ерөнхий газрын дарга нар, хэдэн хүмүүс очоод миний ажил, албан тушаалыг авах гээд нэлээд үзсэн, тэгээд авч чадахгүй болохоороо “АТГ-аар шалгуулчихъя” гэж хэлсэн үг нь хүртэл байдаг. Тэгээд шалгаад юм олдохгүй болохоор нь 69-н хэдэн жолооч нараас мэдээлэл цуглуулсан гэж дуулдсан. Байгууллагын дарга удирдлагаас чиглэл өгсөн том тээврийн хэрэгслийн ачааг 69-н жолооч нар хулгай хийгээд ачаад байна. Жижиг тэргэнд зөвхөн зорчигчдыг суулгаад ард нь ачааг нь ач гэж чиглэл өгсний дагуу хэргийн материалд 4-5 ээлжийн тайланг хавсаргасан байгаа. Тэр тайлан дээр 15 хоногоор ээлжинд гарч ажиллаж байсан. Ажиллах хугацаандаа 340,000,000-360,000,000 төгрөгийн татвар орж байсан баримт байгаа. Харин манай ээлж эхэлснээс хойш 794,000,000 төгрөгийн татвар оруулсан байдаг. Тэр үед би өөртөө завшиж байсан бол 360,000,000 гаран төгрөг байсан татварыг 794,000,000 гаран болгож 2 дахин өсгөж хийх үү?. Миний бодлоор яг тухайн практик дээр өөрийн таньж мэддэг хүмүүстээ л боломж олгоод бага татвар ногдуулаад тусалдаг байх. Түүнээс биш огт танихгүй хүнд туслаад боломж олгоно гэж байхгүй байх. Тухайн үед ажилдаа үнэхээр хатуу шаардлагыг тавьж ажилласан, олны зарим нэг хүмүүс хэрүүл шуугиан хийх асуудал нэлээдгүй байдаг. Мөн миний том хүүг энэ мөнгөөр машин байшин авч унасан гэж ярьдаг. Манай том хүү намайг 2016 онд ахлах байцаагчаар Замын-Үүд суманд томилогдоод очихоос өмнө аль хэдийн сургуулиа төгсөөд эхнэр хүүхэдтэйгээ хамт байж байхдаа 69 машин өөрөө худалдаж аваад дээрээс 3, 4 машин түрээсэлж аваад хилээр наашаа цаашаа явж амьдралаа авч явж байсан. Гэтэл Авлигатай тэмцэх газрын Билгүүн гэдэг хүн нэг 69 хэдэн төгрөгийн ашигтай байдаг вэ гээд тулгаж асууж байна лээ, тийм хүний хувийн нэг машинаас хэдэн төгрөгийн ашиг олдгийг тогтоох боломжгүй шүү дээ.  Хэрэгт 69 машинуудыг дугаар хүртэл байгаа тэр машинууд дээр нь очоод асуугаад шалгахын оронд хүчээр намайг шалгаад байдаг. Энэ хүн анхаанаасаа л намайг буруутгах унагах, яллах гэсэн санаатай байсан. Одоо тэгээд ажлаасаа гараад явчихсан миний 3,000,000 төгрөгийг аваад идчихсэн тэр мөнгөө би яаж гаргуулж авах юм, би одоо гомдол гаргах тусгай субъект юу байдаг юм тэр хүнд нь гомдол гаргая гэж бодож байгаа. Энэ хуучин жишгийг эвдээд ажилласныхаа төлөө хүмүүст ад үзэгдээд, дээрээс нь манай ерөнхий удирдлагууд олон нийтийн телевизээр “ажил хийж чадахгүй төрийн албыг нурааж байна” гээд ярьдаг. Тэгээд ажил сайн хийсэнгүй үгэнд нь орсонгүй гэж намайг шалгаад ийм л асуудал байгаа” гэв.

 

Яллагдагчийн өмгөөлөгч Л.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би үндсэн хоёр сэдвээр хэлье, нэгдүгээрт прокурорын эсэргүүцлийн гол санаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 11 дэх хэсэгт зааснаар урьдчилан хэлэлцүүлгийн хүрээнд хэлэлцэх асуудлыг хуулийн хүрээнд тогтоосон хэм хэмжээнүүдийг зөрчсөн. Хоёр дахь нь Эрүүгийн хуулийг зөрчсөн гэдэг байдлаар бичигдсэн байна. Тэгэхээр 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр болсон урьдчилсан хэлэлцүүлгийн явцад миний гаргасан хүсэлтээр өмнө нь 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр гэм буруугийн шүүх хуралдаанаар хэлэлцээд шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгүүлэх боломжгүй гэдэг үндэслэлээр хэргийг прокурорт буцаасан. Нэмэлт мөрдөн шалгах ажиллагааны явцад тухайн үеийн шүүгчийн захирамжид заагдсан ажиллагаанууд хийгдээгүй учраас 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр шүүгч захирамж гарган өмнөх захирамжид заагдсан ажиллагаа бүрэн хийгдээгүй учир хэргийг дахин прокурорт буцаасан байдаг. Түүнээс биш урьдчилсан хэлэлцүүлгийн явцад гэм буруу, нотлох баримтуудыг хэлэлцээд буцаасан ойлголт биш. Тэгэхээр прокурор буруу ойлгосон байх шиг байна. Тэр нь өмнөх гэм буруугийн хуралдаанаар ярилцаж хэлэлцэгдэн нөхөн гүйцэтгүүлэх боломжгүй юм байна гэдэг байдлаар хэргийг прокурорт буцаасан захирамж гарсан юм. Тийм учраас прокурорын эсэргүүцлийг хүлээн авах боломжгүй, шүүхийн шүүгчийн захирамжид заасан ажиллагааг хийж байж гэм буруугийн шүүх хуралдаанаар шүүгдэгч нарын асуудлыг хэлэлцэх боломжтой тул энэ шүүгчийн захирамжийг дэмжиж байна” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх прокурор Б.***ын эсэргүүцлийг үндэслэн хэргийг хүлээн авч,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн “хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийг хүчингүй болгохоор шийдвэрлэлээ.

 

               Анхан шатны шүүхээр хянан хэлэлцэгдсэн хэрэгт авагдсан баримтуудаар  яллагдагч Я.О Замын-Үүд сум дахь Гаалийн газрын гаалийн ахлах улсын байцаагчаар ажиллаж байхдаа олон нэр төрлийн  ачаатай тээврийн хэрэгслийг гаалийн татвар бага төлүүлж гаалийн хяналтын талбайгаас гаргуулах ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд 2019 оны 05 дугаар сард хахууль өгөгч Б.Б-ээс 400000 төгрөгийн, Х.Б-аас 450000 төгрөгийн, хахууль өгөгч О.Б-ээс 1000000 төгрөгийн, хахууль өгөгч Б.М-аас 450000 төгрөгийн хахуулийг тус тус авсан,  хахууль өгөгч Л.М-өөс 750000 төгрөгийн хахууль авахыг завдсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар,

              

               Өөрийн төрсөн хүү О.Э-ын нэр дээр Нийслэлийн Сүхбаатар дүүргийн * дүгээр хороо** гудамж ** байрны * тоот 52.1 мкв орон сууцыг 2018 оны 06 дугаар сарын 11-ны өдөр 80 сая төгрөгөөр худалдан авснаа, төрсөн дүү Ц.Х-ны нэр дээр 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр **-** УНТ улсын дугаартай Лексус 570 загварын автомашиныг 132 сая төгрөгөөр худалдаж авч нийт 212 сая төгрөгөөр буюу хөрөнгө нь их хэмжээгээр нэмэгдсэн байхад Авлигын эсрэг хуулийн 10 дугаар зүйлийн 10.4 дэх хэсэгт зааснаар “мэдүүлэг гаргагч энэ хуулийн 10.3-т заасан хугацаанд мэдүүлгээ мэдүүлсний дараа хөрөнгө, орлого нь нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх буюу түүнээс дээш хэмжээгээр өөрчлөгдсөн бол түүнийг тухай бүр 30 хоногийн дотор мэдүүлнэ” гэсний дагуу нэмэгдсэн хөрөнгөө үндэслэлтэй тайлбарлаагүй, Үндэслэлгүй хөрөнгөжсөн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

 

               Яллагдагч Б.Б нь өөртөө давуу байдал бий болгон гаалийн татвар бага төлүүлсний хариуд 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Замын-Үүд дэх Гаалийн газрын гаалийн ахлах байцаагчаар ажиллаж байсан Я.О-д албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 400000 төгрөгийн хахууль өгсөн,

 

               Яллагдагч Х.Б нь өөртөө давуу байдал бий болгон гаалийн татвар бага төлсний хариуд 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Замын-Үүд дэх Гаалийн газрын гаалийн ахлах байцаагчаар ажиллаж байсан Я.О-д албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 450000 төгрөгийн хахууль өгсөн,

 

               Яллагдагч О.Б нь өөртөө давуу байдал бий болгон гаалийн татвар бага төлсний хариуд 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Замын-Үүд дэх Гаалийн газрын гаалийн ахлах байцаагчаар ажиллаж байсан Я.О-д албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 1000000 төгрөгийн хахууль өгсөн,

 

               Яллагдагч Б.М нь өөртөө давуу байдал бий болгон гаалийн татвар бага төлөх зорилгоор 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Замын-Үүд дэх Гаалийн газрын гаалийн ахлах байцаагчаар ажиллаж байсан Я.О-д албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 450000 төгрөгийн хахууль өгсөн,

 

               Яллагдагч Л.М нь өөртөө давуу байдал бий болгон гаалийн татвар бага төлүүлсний хариуд 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Замын-Үүд дэх Гаалийн газрын гаалийн ахлах байцаагчаар ажиллаж байсан Я.О-д албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 750000 төгрөгийн хахууль өгөхийг завдсан  гэмт хэрэгт тус тус холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус  яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн.

 

               Анхан шатны шүүх хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.15, 33.3 дугаар зүйлийн 1.2-т заасанд тус тус үндэслэн яллагдагч Я.О-ын өмгөөлөгч Я.Б-ны хүсэлтээр шүүх урьдчилсан хэлэлцүүлэг явуулж, хэрэгт “...хахууль өгөгч нарыг 2019 оны 05 дугаар сард Монгол Улсын хилээр ачаа бараа нэвтрүүлэхэд хэн хэн гэдэг гаалийн байцаагч нар хэдэн төгрөгийн татвар төлүүлсэн, уг татварыг төлүүлэхэд гаалийн ахлах байцаагч Я.О нөлөөлж байсан эсэх, бага татвар төлүүлээд байгаа гаалийн байцаагч нар яллагдагч Я.О-тай холбоотой буюу оролцоотой эсэхийг шалгаж тогтоох гэсэн урьд хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр буцааж байсан шүүгчийн захирамжид заасан шаардлага биелэгдээгүй“ гэсэн агуулга бүхий үндэслэлээр хэрэгт дахин мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр буцаасан шүүхийн шийдвэрийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна гэж давж заалдах шатны шүүхээс үзлээ.

 

               Хэрэгт  2019 оны 05 дугаар сард Замын-Үүд дэх Гаалийн газарт гаалийн улсын байцаагчаар ажил үүргээ гүйцэтгэж байсан С.Г, Б.Ө, У.Ж, Н.Т, Д.Э, Д.Ж, Х.А, Х.Н, Г.У, Ж.Т, Д.М нарыг гэрчээр /9 хх 44-95/ асуусан ба шүүх эдгээр гэрчүүдийг шүүх хуралдааны шатанд оролцуулж дээрх нөхцөл байдлыг тодруулж асуух боломжтой буюу уг ажиллагаа нь шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжтой байна.

 

               Өөрөөр хэлбэл: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хүрээнд явагдана” гэсэнд нийцээгүй буюу шүүхийн шийдвэрийн дүгнэлт нь хэргийн бодит байдалд нийцээгүй гэж давж заалдах шатны шүүхээс үзэж,  энэ үндэслэлээр прокуророос гаргасан эсэргүүцэл нь үндэслэлтэй байна.

 

               Анхан шатны шүүхийн энэ алдаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1-д заасан анхан шатны шүүхийг шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болж байх тул анхан шатны шүүхийн “Хэргийг мөрдөн шалгах ажиллагаанд буцаах” тухай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

                Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3, 39.4 дүгээр зүйл, 39.5 дугаар зүйлийн 1, 1.1, 39.6 дугаар зүйлийн 1, 1.1, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.3, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 28-ны  өдрийн 2022/ШЗ/03 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг яллагдагч нарыг шүүхэд шилжүүлэх шатнаас болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхэд буцааж, прокурор Б.***ын эсэргүүцлийг хангасугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1, 1.1, 14.2 дугаар зүйлд зааснаар яллагдагч Я.О, Б.Б, Х.Б, О.Б, Б.М, Л.М нарыг шүүхэд шилжүүлэх хүртэл хугацаанд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 1, 1.1, 1.2, 1.3, 2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Н.БАТЧИМЭГ

 

                                              ШҮҮГЧИД                                   Н.БОЛОРМАА

 

                                                                                                  А.САЙНТӨГС