| Шүүх | Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Адилбишийн Сайнтөгс |
| Хэргийн индекс | 2119002380224 |
| Дугаар | 2022/ДШМ/09 |
| Огноо | 2022-02-14 |
| Зүйл хэсэг | 11.1.1, |
| Улсын яллагч | Э.Ариунболд |
Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 02 сарын 14 өдөр
Дугаар 2022/ДШМ/09
Д.А-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч Н.Болормаа, шүүгч А.Сайнтөгс нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;
Прокурор: Э.А /зайнаас цахимаар/,
Шүүгдэгч: Д.А /зайнаас цахимаар/,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ю.Н /зайнаас цахимаар/,
Хохирогч: С.Т /шүүх хуралдааны танхимаас/,
Хохирогчийн өмгөөлөгч: З.А /шүүх хуралдааны танхимаас/,
Хохирогчийн өмгөөлөгч: Б.Г /шүүх хуралдааны танхимаас/,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Намуунзул нарыг оролцуулан,
Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Адъяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 2022/ШЦТ/176 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн хохирогч С.Т-ийн давж заалдсан гомдлоор шүүгдэгч Д.А-д холбогдох 2119002380224 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч А.Сайнтөгс илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: П овгийн Д-ийн А, Монгол Улсын иргэн, 1994 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, машинист мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Дорноговь аймгийн Сайншанд сумын * дугаар баг, Ноён хутагтын ** тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, урьд шийтгэлгүй.
Шүүгдэгч Д.А нь 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр 19 цагийн орчим архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дорноговь аймгийн Сайншанд сумын * дугаар багийн нутаг дэвсгэр Ноён хутагтын *** дүгээр байрны *-р орц, * давхар, ** тоотод С.Т-ийг гэрт нь хэрүүл маргаан үүсгэлээ гэх ялихгүй зүйлээр шалтаглан, түүнийг явган сууж байх үед нь нүүр рүү нь хөлөөрөө өшиглөж, баруун нүдний салстын шарх, баруун нүдний хараагүйдэл гэмтэл буюу түүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.А-оос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг анхан шатны шүүх 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцжээ.
Анхан шатны шүүх: Шүүгдэгч П овогт Д-ийн А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.А-ийг 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 /арван сая/ төгрөгөөр торгох ял шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.А нь торгуулийн ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлж улсын орлогод оруулж,
Шүүгдэгч Д.А нь шүүхээс тогтоосон хугацаанд торгуулийн ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хорих ялаар солихыг мэдэгдэж,
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хэргийн газрын үзлэг хийсэн тухай 1 ширхэг Сидиг хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж,
Хохирогч С.Т нь цаашид гарах эмчилгээний зардал болон хөдөлмөрийн чадвар алдалтын зөрүү зэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч өмгөөлөгч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.
Хохирогч С.Т давж заалдсан гомдолдоо болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... 1. Тус хэргийг хийсэн шүүгдэгч нар нь үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшихгүй, тэр бүү хэл зарим нь шүүхэд шилжиж ирээгүй, шилжиж ирсэн этгээд нь хэргээ дангаар үүрч, шүүх хуралдаан дээр хүртэл мэдүүлэг өгөхгүй гэж татгалзаж буюу албан ёсоор уучлал гуйхгүй байгаа нь хүн ёсны хоо хувьд ч гэсэн их муухай мэдрэмжийг төрүүлж байгаа учир асар ихээр гомдож, арга буюу өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үүднээс өмгөөлөгч хүртэл авч, анхан шатны шүүх хуралдаан дээр гомдлоо илэрхийлсэн. ...шүүгч Н.Адъяа хуульд заасан “хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэхэд ...хохирогчийн хүсэлтийг харгалзах, хамааруулах талаар хуульчлаагүй байна” гэж өрөөсгөл дүгнэлтийг хийж байгаа нь хууль хэрэглээний онол ба практикийн үндэслэлгүй- шүүхийн илт хууль бус шийдвэр болсныг харуулсан хэрэг боллоо. Жишээ нь: Шийтгэх тогтоолын 2 дахь талд шүүгдэгч Д.А шүүхийн хэлэлцүүлэгт “мэдүүлэг өгөхгүй” гэв гэж маш тодорхой тэмдэглэгдсэн байхад шүүгч “гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болохоо шүүх хуралдаанд илэрхийлсэн” гэж шүүх хуралдааны үеэр яригдаагүй асуудлаар хууль бус /зохиомол/ дүгнэлт хийсэн /4 дэх талд бий/.
2. Хохирогч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлд “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах” эрхтэй гэж заасны дагуу мөрдөн байцаах шатанд зарим хохирлыг нэхэмжилсэн. Гэтэл шүүх “хохирол бүрэн төлөгдсөн” гэж хохирогч намайг сэтгэл санааны гүн хямралд улам бүр оруулав. Тус эрүүгийн хэрэг дэх иргэний нэхэмжлэлийг яасан ийсэн тухай огт яриагүй, “4 сая төгрөг төлсөн байна, энэ нь үндэслэлтэй” гээд бичсэн аятай болсон явдал нь шүүхийн шийдвэр нь “шийдвэр” гэхээсээ илүүтэй хэргийг хялбарчлан тоймлосон таталбар болсноороо уг хэргийн хохирогчийн эрх зүйн байдлыг илт дордуулсан юм. Хууль заавал баримт нотолгоо шаарддагаас гадна хууль хэрэглээ гэж бас нэг айхтар зүйл байгааг тэмдэглэхийг хүсч байна. Шүүх бүрд тогтсон сайн жишиг, зөв хандлагыг анхаарч үзэхгүй байгаа нь маш буруу юм. Үүнийг нотлох үүднээс миний бие нэгэн шүүхийн шийдвэрийг жишээ болгож байна. Монгол Улсын Дээд шүүхийн тогтоол /2017.10.06 Дугаар 228. С.Б-д холбогдох эрүүгийн хэргийн тухай/ үз. Монгол Улсын шүүхийн шийдвэрийн цахим сан/. Анхан шатны шүүх эсхүл Улсын Дээд Шүүхийн аль шийдвэр /тогтоол/ зөв болохыг эрхэм шүүгч та магадалж өгнө үү.
3. Шүүх “ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй” эсхүл тогтоогдоод гэж дүгнэлт хийсэн бол би ойлгоно. Харамсалтай нь эрдэнэт хүний амин чухал эрхтэй хохирч, нөхөж баршгүй хохирол учруулсан байхад хамгийн бага ял оногдуулсан нь ойлгомжгүй, намайг хохироогүй гэж үзсэнтэй адил юм. Миний хувьд маш их гомдолтой байгаагаа илэрхийлж, торгох ялыг нь огт хүлээн зөвшөөрөхгүй, хорих ял оногдуулах санал шүүх хуралдаан дээр гаргасан ба одоо ч энэ байр суурин дээрээ баттай байна.
4. Бодит байдал дээр энэ хэргийг 2 этгээд бүлэглэн үйлдсэн болно. Эхлээд А гэдэг этгээд миний цээж рүү олон удаа цохиж, улмаар элэгдэж унагаасан үед шуудхан А нүүр нүд рүү өшиглөсөн юм. А намайг зодсон цаг мөчид хамар, амнаас маш их цус гарсан бөгөөд хэрэг болсон газарт цусны ул мөр их үлдсэн. Гэтэл үүнийг хэргийн газрын үзлэгээр авч үзээгүй /тэмдэглэлд тусгаагүйг анхаарна уу/, А элэгдэж унагаасны дараа шууд үргэлжлүүлэн А намайг өшиглөсөн /шууд шалтгаан холбоо үүнд байгааг нягтлан шалгана уу/, сүүлчийн цохилт яг аймхайд онож амьсгал авч чадахгүй доош болох үед шууд өшиглөж нүдийг минь сохолсон бөгөөд гарах хаалгыг тэд зориудаар цоожилж, түлхүүрээ олохгүй байна гэх шалтаг хэлж бүлэглэж зодсон. Хэрэг бодит байдлын хувьд ийм байхад анхан шатны шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт бий “хэд хэдэн шүүгдэгчид холбогдох хэргийг шийдвэрлэж байгаа бол шүүгдэгч тус бүрийн үйлдэл, оролцоо, гэмт хэрэгт хамтран оролцсон хэлбэрийг олж тогтоох” гэсэн заалтыг удирдлага болгоогүй, прокурор буюу улсын яллагч нь уг хэргийг анхлан хянахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.3 дугаар зүйлийн 1.7 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн бүх этгээдийг яллагдагчаар татсан эсэхийг” заавал нягтлах ёстой байв. Энэ үүргээ прокурор, шүүх биелүүлээгүй гэж үзэж байна.
5. Ял шийтгэл илтэд хөнгөдсөн, хохирол төлбөрийн талаар огт дүгнэлт хийгээгүй, хохирогчийн эрх зүйн байдлыг илт дордуулсан, хэргийг бүхэлд нь шалгаж, үйлдэл холбогдол нэг бүрд мөрдөн шалгах ажиллагаа явуулаагүй, хэргийн газрын үзлэг зэргийг дутуу хийсэн, холбогдогч нэг бүрийн талаар ажиллагаа хийгээгүй, хэт нэг талыг барьсан учир уг шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаах саналыг давж заалдах шатны шүүхэд оруулж байна” гэв.
Хохирогчийн өмгөөлөгч З.А давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байдаг. Энэ хүсэлтийг прокурор хүлээн авчхаад хохирогчид танилцуулсан зүйл байхгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлд хохирогчийн эрхийг заагаад өгчихсөн, үүний 1.8-д өөрт хамааралтай хэсэгтэй танилцах эрхтэй байгаа. Гэтэл прокурор яагаад хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт өгчихсөн байхад хохирогчид танилцуулаагүйгээр шууд хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр шийдвэрээ гаргаж байгаа юм бэ гэдэг нь өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дахь хэсгийн 4.5-ыг зөрчиж шийдвэрлэлээ гэж үзэж байгаа. Мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.5-д гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн гэж заасан байгаа. Гэтэл Д.А-ийн зүгээс хохирогчид учирсан хохирол төлбөр буюу хор уршгийг бүрэн төлсөн нь хэрэгт авагдсан баримтуудаас харагддаггүй. Энэ хохирол хор уршгийг нөхөн төлсөн баримт хэрэгт байхгүй байхад прокурор энэ хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн нь дээрх хуулийн заалтыг зөрчиж байна гэж үзэж байгаа. Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт энэ хуульд заасан "ноцтой хохирол, хор уршиг" гэж хохирогчийн амьдралын эх үүсвэр болсон эд хөрөнгийн эрхэд, эсхүл улс орон, хүн амын аюулгүй байдалд ач холбогдол бүхий эрхэд хохирол, хор уршиг учирсныг ойлгоно гэсэн байдаг. Хохирогчийн тухайд нэг нүд нь хараагүй болж сохорсны улмаас бүх л амьдралынх нь тэнцвэртэй байх эрх нь зөрчигдөх байдалд хүрсэн. Тухайлбал өөрийнхөө ажлаас хүсэлтээрээ гарсан. Амьдралд нь ийм их хохирол хор уршиг учирсан байхад прокурор ер анхаарч үзэхгүй хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэлээ гэж үзэж байгаа. Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 5 дах хэсэгт “Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно” гэж байгаа, гэтэл анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо хохирогчид учирсан хор уршгийг тогтоосон зүйлгүйгээр зөвхөн материаллаг зардлын хэмжээгээр хохирол төлбөрийг оногдуулж байгаа нь хохирогчийн хор уршиг бүрэн хэмжээгээр арилаагүй байхад ийм хэмжээгээр тогтоож байгаа нь өмгөөлөгчийн зүгээс дутуу дулимаг шийдвэр гаргалаа гэж үзэж байна. Хохирогчийн хувьд харах эрхтнээс гадна тухайн хор уршиг нь тодорхой хэмжээгээр нөхөн сэргээгдэх боломжгүй нь хэрэгт авагдсан өвчтөний түүхийн баримтаас харагдаж байгаа. Уг баримтад нүд дахин сэргээгдэх боломжгүй гэсэн байгаа, ийм нөхцөл байдал байхад хэргийн бодит байдалтай нийцсэн үнэлэлт дүгнэлтийг өгсөнгүй гэж үзэж байна. Гэмт хэргийн тухайд тухайн гэмт хэргийн бүлэглэн үйлдсэн нь хэргийн нөхцөл байдлаас харагддаг. Гэрч С, А-ийн мэдүүлэг анх гэрчээр өгсөн Д.А-ийн өөрийнх нь мэдүүлэгт ч байдаг. А ирээд цохиод унагасан унагасны ардаас шууд ирээд өшиглөсөн гэдэг. Энэ байдал нь Эрүүгийн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх зааснаар Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэх зүйл заалтад орох боломжтой байтал энд А-г зөвхөн гэрчээр татаад Д.А-д энэ бүх үйл баримт хамааралтай юм шиг шалгаж байгаа нь хэргийн нөхцөл байдлыг бүрэн бодитоор гүйцэт тогтоогдоогүй харагдаж байна гэж үзэж байгаа. Мөн хэргийн газрын үзлэг хийсэн баримтаар Д.А нь хаалгаа нээж өгөөгүйгээс хэргийн газрын үзлэг хийх боломжгүй байсан нөхцөл байдал харагддаг. Үүнийг нөхөн гүйцэтгэх боломжгүй байсан бол хэрэгт авагдсан гэрч, хохирогч шүүгдэгч нарын мэдүүлгүүд өөр хоорондоо зөрүүтэй байхад тухайн мөрдлөгийг газар дээр нь шалгах ажиллагаа хийгдэх байсан. Гэтэл хийгдэх ёстой ажиллагаа хийгдэлгүй хэргийг дутуу шалгаснаар А-ийн хамтран ажилласан нөхцөл байдал төдийлөн харагддаггүй. Энэ байдлыг шүүх анхааран үзэж хэргийн мөрдөн байцаалтад шилжүүлж өгөөч гэсэн өмгөөлөгчийн хүсэлтийг нэмж оруулж байна” гэв.
Хохирогчийн өмгөөлөгч Б.Г давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн ажиллагаа нь өөрөө хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна. Үүнд нэгдүгээрт, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт Прокурор хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзвэл хэргийн зүйлчлэл, түүнд оногдуулах ялын төрөл, хэмжээ, эсхүл ялаас чөлөөлөх, эсхүл ял оногдуулахгүй тэнсэж албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай саналыг яллагдагч, түүний өмгөөлөгчид танилцуулж, яллагдагч зөвшөөрвөл гарын үсэг зуруулж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд даруй шилжүүлнэ гэж заасан байдаг. Гэтэл хавтаст хэргийн 120 дахь тал дээр өмгөөлөгч Ю.Н, яллагдагч Д.А нар нь хүсэлт гаргасан байгаа. Ийнхүү хүсэлт гаргасан байгаа тохиолдолд уг хүсэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд зааснаар хүсэлт гаргасан 2 хүнд хоёуланд нь танилцуулсан байх ёстой. Гэтэл зөвхөн Д.А-д танилцуулсан Ю.Н-д танилцуулаагүй, хавтаст хэргийн материалд танилцуулсан баримт үйлдээгүй байдаг. Энэ байдлаараа энэ хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх эхний процессын алдаа гарсан. Хоёр дахь алдаа нь ялын санал прокурор үйлдсэн. Ялын саналыг үйлдэхдээ их сонин, практикт ийм зүйл байхгүй гэж бодож байна, би 22 жил судалгаа хийсэн хүн. Яллах дүгнэлтээ 2021 оны 12 дугаар сарын 8-ны өдөр үйлдсэн. Прокуророос яллагдагчид оногдуулсан ялын төрөл хэмжээний тухай санал гээд энэ саналыг 2021 оны 12 дугаар сарын 9-ний өдөр үйлдсэн. Өөрөөр хэлэх юм бол яллах дүгнэлтээ үйлдсэний дараагаар прокурор ялын саналаа үйлдсэн байгаа. Гэтэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт Прокурор хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзвэл хэргийн зүйлчлэл, түүнд оногдуулах ялын төрөл, хэмжээ, эсхүл ялаас чөлөөлөх, эсхүл ял оногдуулахгүй тэнсэж албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай саналыг яллагдагч, түүний өмгөөлөгчид танилцуулж, яллагдагч зөвшөөрвөл гарын үсэг зуруулж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд даруй шилжүүлнэ гэж байгаа. Тэгэхээр яллах дүгнэлтээ түрүүлж үйлдэхгүй ялын саналаа түрүүлж үйлдээд яллагдагч тал хүлээн зөвшөөрсөн тохиолдолд яллах дүгнэлтээ үйлддэг процессын журам нь Монгол Улсын хуульд байдаг. Энэ дарааллыг зөрчсөн, яагаад зөрчсөн гэхээр нэг өдөр бүх ажиллагааг хийсэн. 2021 оны 12 дугаар сарын 8-ны өдөр хүсэлтийг гаргасан, энэ хүсэлтийг хүлээн авч мөн уг өдрөө хүсэлтийг хангасан шийдвэр гаргасан. Энэ өдрөө яллах дүгнэлтээ үйлдсэн. ... Хоёр л юм хэлье нэгдүгээрт яллах дүгнэлт гардуулж өгсөн тухай тэмдэглэл гэж тэмдэглэл үйлдсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль дээр яллах дүгнэлт гардуулахдаа тэмдэглэл үйлдэнэ гээд заачихсан. Шүүх хуралдааны тэмдэглэл дээр шүүгч “яллах дүгнэлт гардаж авсан уу” гэж асуусан байна лээ шүүгдэгч “гардаж авсан” гэж хариулсан байна лээ. Түүний дараа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.4 дүгээр зүйлд зааснаар шүүгч юу гэж асуух вэ гэхээр “яллах дүгнэлтээ хэзээ гардаж авсан бэ” гэдгийг асууна гэж заасан байдаг. Гэтэл энэ асуултыг шүүх хуралдаан дээр асуугаагүй байна лээ. Хавтаст хэргийн гардуулж өгсөн баримт гээд хавтаст хэрэгт авагдсан байгаа үүн дээр он сар, өдөр огноо байхгүй, хэзээ гаруулсан минут нь байхгүй. Тэгээд яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн тухай тэмдэглэл гэж байгаа энэ тэмдэглэл дээр он сар өдөр байхгүй, яллагдагчдаа танилцуулах ёстой танилцуулж гарын үсэг зуруулаагүй. Ийм байдлаар процессын хуульд заасан зүйлс алдаатай, нэг л зүйл анхнаасаа буруу болж байгаа “хэдэн сарын хэдний өдөр яллах дүгнэлтээ гардаж авсан бэ” гээд асуухаар нэг өдрийг хэлэх байсан байх, гэтэл асуугаагүй, одоо асуухаар нэг өдрийг хэлнэ, хэлэхээр нь хууль зүйн үүднээс хэргээс тэмдэглэлийг харахаар он сар өдөр гарын үсэг зураагүй учир энэ хүн гардаж аваагүй гэдэг хууль зүйн үр дагавар үүсэж байна. Дараагийн процесс ажиллагаа нь хэргийн газрын үзлэг гэдгийг хийсэн, хэргийн газрын үзлэгийг дутуу явуулсан, хэрэг гарсан байрны дотор талд үзлэг хийгээгүй, гадна талаас нь хаалга, байшингийн зураг дараад тэмдэглэл дуусчихаж байгаа. Гэтэл гэрч нар ноцтой мэдүүлэг өгсөн байдаг “гэрт ороход ноцолдсон, тэмцэлдсэн шинж байдал байсан, цус ихээр гарсан байсан” гэсэн мэдүүлэг байдаг. Ийм мэдүүлэг байхад энэ талаарх ажиллагаа огт хийгээгүй. Дараа нь хэргийг бүлэглэн үйлдсэн талаарх ажиллагаа мөн хийгдээгүй хохирогчийн биед нэг цаг хугацаанд нэг газар хоёр этгээд зэрэгцэн эсхүл цуварсан байдлаар халдсан байгаа. Хохирогч болон гэрч нар мэдүүлэхдээ эхлээд А цохиж зодсон түүнд зодуулаад доош суух үед нь Д.А ирээд шууд өшиглөсөн гэдэг нь мэдүүлэг дээрээс тодорхой харагддаг. Үүнээс гадна би юу гэж үзээд байна гэхээр энэ хоёр тэгээд урьдчилан тохиролцоогүй байж болно, гэвч нэг цаг хугацаанд нэг орон зайд үргэлжилсэн үйлдлээр шалтгаант холбоог үүсгэж байгаа учраас энэ гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэдгийг харуулна. Мөрдөн шалгах ажиллагаа нь хэргийг тал бүрээс нь бүрэн дүүрэн явуулах, шүүгдэгч тус бүрийн үүргийг тогтоох, хамтран үйлдсэн хүн байгаа эсэхийг шалгадаг. Үүнийг шалгаагүй байгаа нь нэг талыг барьсан ноцтой зөрчил үүсгэсэн гэж дүгнэж байгаа.
Дараа нь хохирол, хор уршгийн талаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэж байгаа тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.5 гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн эсэхийг хянаж үзнэ гээд заасан байдаг. Энэ хуулийн заалтаас нэг асуулт гарч ирээд би хариултыг нь олж чадахгүй байгаа. Хохирогч нүдтэй болчихсон юм уу, эсхүл хохирогчийг нүдтэй болно гэсэн юм уу ийм л асуулт гарч ирээд хариулт нь олдохгүй байна. Харин манай прокурор, шүүгч нар энэ дээр сайн хариулт өгсөн. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг гээд хоёр том ялгаатай ойлголт байна энэ хоёрын талаар зөрүү буруу ойлгосон мэдлэг дутсанаас болоод хүний эрх зөрчигдсөнөөр өнөөдрийн шүүх хуралдаан явагдаж байна. Энэ нь эрүүгийн эрх зүйн онолоор материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг энэ гэмт хэрэг дээр хор уршиг шалтгаант холбоо гэдэг зүйлийг шаардана. Харин практикт хүний нүд сохорсон хэрэг дээр хохирлын хэмжээг тодорхойлохдоо мөнгөн илэрхийллээр тооцдоггүй юм. Монгол улсад Хохирогчид нөхөн олговор олгох тухай хууль байгаа. Энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-д хүнд хохирол учирсан тохиолдолд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 112 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр дүйцүүлэн бодно гэдэг. Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино гэсэн байдаг. Гэтэл энэ зорилгоосоо гажсан өөрөөр хэлэх юм бол торгууль энэ этгээдэд цээрлэл болж чадаагүй. Яагаад чадаагүй гэхээр хавтаст хэрэгт нэг баримт байна лээ шүүгдэгчийн ээжийнх нь дансанд 10,000,000 төгрөг байршуулсан баримт байгаа. Энэ баримтын харахаар надад юу бодогдож байна гэхээр Д.А-ийг торгоогүй ээжийг нь торгочихсон юм байна. Тийм учраас Монгол улсын Үндсэн хуульд зааснаар гэмт хэрэг үйлдсэн хүний ял шийтгэлийг халдаан хэрэглэхийг хориглодог. Гэтэл ээжийнх нь дансыг битүүмжлээд прокурор хавтаст хэрэгт хавсаргаад шүүх рүү оруулсан байгаа. Энэ нь Д.А-ийг бус ээжийг нь торгосон байна гэж ойлгогдохоор байгаа. Өөрөөр хэлбэл прокурор, яллагдагч, шүүгч гурав хүний нүдийг 4,000,000 төгрөгөөр л үнэлж байна л даа. Прокурорын яллах дүгнэлтийн хавсралт дээр байна лээ 3,710,000 төгрөг нэхэмжилсэн энэ нэхэмжилсэн мөнгөнөөс 4,000,000 төгрөгийг төлсөн учраас хохирол нөхөн төлөгдсөн гэж үзэж байна гэдэг. Тэгэхээр хүний эрүүл мэнд ийм л үнэ цэнэгүй болчихсон юм байна л даа. Хамгийн сүүлд шударга ёсны зарчим байна, Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байхыг шаардсан. Эрүүгийн эрх зүйн онолд үйлдсэн гэмт хэрэг ял хоёр нь тохирсон байх юм бол шударга гэж үздэг. Гэтэл өнөөдрийн цаг мөчид хүний нэг нүдийг сохолсон үйлдэл 10,000,000 төгрөгтэй тэнцэж байна. Хохирол 4,000,000 төгрөг төлчихсөн учраас хохирол нөхөн төлөгдлөө гэж үзээд байгаа улсын яллагчийн санал, үүнийг хүлээн зөвшөөрч байгаа шүүгчийн саналтай санал нийлэхгүй байна. Ийм учраас шүүх бүрэлдэхүүнд дараах саналыг оруулж байна. Шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагатай, энэ шаардлагыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэхээр заасан 6 нөхцөлийг аль нэг нөхцөл нь хангагдаагүй байгаа учраас шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, тус хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж өгнө үү гэсэн хүсэлтэй байна. Зарим нэг зүйлийг товчилж ярьсан учраас өөрийнхөө бичсэн хууль зүйн дүгнэлтийг бичгээр шүүхэд өгчихье гээд бичгээр гаргасан тайлбарыг шүүх бүрэлдэхүүнд өгөв” гэв.
Шүүгдэгч Д.А давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би хохирогчтой утсаар холбогдох гэхээр холбогдож чадахгүй, уулзах гэхээр чамтай уулзахгүй гэдэг. Би цаашид гарах зардлуудыг барагдуулна гэж бодож байгаа” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ю.Н давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгч Д.А-ийн хүсэлт хандсан байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хулийн 17.1 дүгээр зүйлд зааснаар тухайн холбогдсон хэргийн зүйл анги болох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг буюу ялын хувьд 10,000 нэгжээс 40,000 нэгжтэй тэнцэх хэмжээгээр торгуулах, 2-8 жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгүүлэх ялын санкцтай. Энэ нь хуульд заасан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх журамд нийцнэ гэж үзсэн учраас миний үйлчлүүлэгч Д.А болон өмгөөлөгчийн зүгээс хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай хүсэлтийг гаргасан. Прокуророос хүсэлтийг хүлээн аваад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд зааснаар яллах дүгнэлт үйлдэж, танилцуулж гарын үсэг зуруулж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Шүүх 17.4 дүгээр зүйлд заасан үндэслэл ханагдсан учраас хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн байгаа. Хохирогчийн тухайд анхан шатны шүүх хуралдаанд ч ярьж байсан, сая ч гэсэн ерөнхий агуулгаа ярьж байна. Ял тохирохгүй байна хэрвээ хүний нүдийг ингээд 10,000,000 төгрөгөөр үнэлчих юм бол би шүүгдэгчийн нүдийг сохлоод 10,000,000 төгрөгийг өөрөөсөө төлчихье гэдэг зүйлийг ч ярьж байсан. Тэгээд А-д бас ял шийтгүүлээч ээ гэдэг. Тухайн хэрэг гардаг өдөр А, С нь хохирогч болон Д.Ан нарын хооронд юу болсон талаар тодорхой мэдүүлсэн байдаг. Энэ дээр хохирогчийн өөрийнх нь ч тайлбар байдаг “ийм ийм юм болоод би уучлалт гуйгаад сууж байхад Д.А намайг ирээд өшиглөчихсөн” гэдэг. Үүнийг гэрч С, А нар ч мөн адил ярьдаг. Хохирогчийн нүд сохорсон гэмтлийг А учруулаагүй учраас А-д ял шийтгүүлэх нь өөрөө бас шударга ёсны зарчимд нийцэхгүй гэдгийг өмгөөлөгч нар ч мөн адил мэдэж байгаа байх гэж бодож байна. Ял тохирох, тохирохгүй тухайд 10,000,000 төгрөгийг хохирол төлсөн, аравхан сая төгрөгөөр торгосон гэдэг 10,000,000 өөрөө ял мөн үү мөн шүү дээ. 10,000,000 төгрөгөөр торгуулаад зүгээр өнгөрлөө гэж дандаа ярьдаг л даа. Гэхдээ энэ хэрэг дээрх ялын санкц чинь өөрөө 10,000,000-40,000,000 төгрөгөөр торгох шийтгэлтэй. Энэ өөрөө торгох ял мөн шүү дээ. Гэтэл үүнийг яагаад ял гэж үзэхгүй байгаа юм. Хоёрдугаарт ял шийтгэлийг сонгож оногдуулах нь хохирогч, хохирогчийн өмгөөлөгч, шүүгдэгчийн өмгөөлөгч улсын яллагчийн нарын эрх хэмжээ байдаггүй, энэ бол шүүхийн эрх хэмжээний асуудал. Хууль тогтоогч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд ямар тохиолдолд хэргийг ямар ямар үндэслэлээр хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх вэ гэдгийг заагаад өгчихсөн. Шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс хуульд заасан үндэслэл журмын дагуу хүсэлтээ гаргаад энэ хүсэлтийг хуульд заасан журмын дагуу шийдвэрлэсэн. Бид нар хуулиас гадуур шийдвэрлүүлсэн тохиолдол байхгүй. Энэ хэрэг нь хуульд заасан журмаар хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлсэн байгаа. Өмгөөлөгч нар ярьж байна “яагаад шүүгдэгчийн хүсэлтийг хохирогчид танилцуулаагүй юм бэ” гээд. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хохирогчид хэдийн хэдэд заасан журмаар заавал танилцуулна гэсэн заалт байхгүй. Хэргийг хялбаршуулснаар шийдвэрлэхэд хохирогчоос саналыг нь авна зөвшөөрөх үү, эс зөвшөөрөх үү эсэх тухай заалт байхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна уу хохирлыг нөхөн төлсөн юм уу төлөх өө илэрхийлсэн үү оногдуулсан эрүүгийн хариуцлага, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрч байна уу гээд ийм л хэдэн нөхцөл байдлыг харгалзан үзнэ гээд заачихсан. Түүнээс заавал танилцуулна гэсэн заалт хэдийн хэдэд байгаа юм бэ? гомдолдоо хуулийнхаа заалтыг тусгаач ээ гэж хүсэж байна. Бид нар хүний амь нас, эрүүл мэнд хохирсон ч байхад эргээд нөхөн сэргэж байсан ямар тохиолдол байгаа юм ямар практик байгаа юм. Тэгэхээр энэ хохирлыг яаж тооцдог юм гэхээр баримтаар гаргаж өгсөн нотлох баримтын хэмжээнд хохирлыг төлж барагдуулсан гэж авч үздэг. Түүнээс биш хараатай болчихлоо, өрөөсөн нүд эргэж хэвэндээ орно гэдэг байдлаар шүүх шийдээгүй ээ үүнийг битгий мөшгөж гуйвуулаад хэтэрхий нэг талаас нь битгий хараач ээ гэж хэлмээр байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Д.А-ийн ээж хохирогчтой уулзъя хэдэн төгрөг өгөх юм хэрэг дээр 3,710,000 төгрөгийн хохирол гэж байна бүхэл бүтэн хүний нүд сохорсон байхад эд нарт харамсалтай л байгаа уулзъя гэхэд хохирогчийн хувьд “би Д.А-тэй уулзахгүй царайг нь ч хармааргүй байна” гэдэг. Тийм учраас бид нар ярилцаад эхний ээлжид хохирлыг нь 4,000,000 төгрөг болгоод төлчихье гээд төлсөн. Анхан шатны хурал дээр ч мөн ярьж байсан бид нар үүнээс илүү мөнгө авахгүй хуулиараа шийдүүлнэ гэсэн зүйлийг ярьдаг. Уг нь торгох ял ч гэсэн ял, хорих ял ч гэсэн ял, гэхдээ алийг нь эдлүүлэх вэ гэдгийг шүүх шийддэг болохоос хохирогч, шүүгдэгч, өмгөөлөгч, улсын яллагч шийддэггүй гэдгийг дахиж хэлмээр байна. Хамтран оролцооны тухай ярьдаг л даа. Тэр тухай гэрч хохирогч гэсэн хэлсэн байдаг тэр тухай хохирогч мэдсэн харсан үзсэн гэж бодож байгаа. Гэтэл хэргийг хялбаршуулснаас болоод өнөөдөр А-гийн тухай яриад, хорих ялын тухай асуудлыг яриад байгаа, энэ нь мөрдөн шалгах ажиллагааны явцад тодорхой болчихсон зүйл шүү. Өмгөөлөгч ярьж байна л даа яллах санал дээрээ ял тохиролцоод Д.А-д танилцуулаад явна гээд энэ дээр гомдол гаргах гаргахгүй нь манай асуудал аа. Миний бие Улаанбаатар хотод байсан ч манай үйлчлүүлэгч ийм ял санал болгож байна гэхэд нь тухай бүрд нь зэрэгцээд хамт оролцоод, зөвшөөрөөд явж байсан. Хэрвээ зөвшөөрөөгүй юм уу, бид нарт хэлж яриагүй бол тохиролцоогүй тохиолдолд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхгүй боломжгүй гээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заачихсан байгаа. Ийм ялын санал хэлж байна гээд өмгөөлөгчдөө танилцуулсан энэ дээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гараагүй ээ. Өмгөөлөгчид танилцуулаагүй гээд хэргийг буцаах үндэслэл байхгүй. Анхан шатны шүүх хэргийг хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэрлэсэн гэж үзэж байгаа. Хэрвээ анхан шатны шүүхийн шийдвэр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нийцээгүй гэж үзвэл яг ямар үндэслэлийг нь зөрчсөн гэдэг нь тогтоогдоод байгаа юм бэ? эсхүл Эрүүгийн хуулийн яг аль заалтыг яаж зөрчөөд байгаа юм. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчлүүд гэж байдаг хаана ямар ажиллагаа нь ноцтой зөрчсөн юм бэ баримттай яриач ээ гэж хүсмээр байна. Тийм учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг үндэслэлгүй болгох хууль зүйн үндэслэл тогтогдохгүй байна гэж үзэж байна. Тийм учраас шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. Хохирогчийн нөхцөл байдлыг үнэхээр ойлгож байгаа, тиймдээ миний үйлчлүүлэгч хохирол төлбөрийг баагдуулна гэдгээ анхан шатны хуралд ч хэлсэн одоо ч бас өмгөөлөгчийнх нь зүгээс хэлье. Тиймээс өнөөдөр хохирол анхан шатны шүүхэд гардуулж өгсөн баримтын хэмжээнд төлөгдсөн гэж үзэж байгаа. Түүнээс биш хохирол бүрэн төлөгдсөн гэж манай талаас ч авч үзээгүй шүүхээс ч мөн тэгж үзээгүй тиймдээ ч шийтгэх тогтоол дээр хөдөлмөрийн чадвар алдалтын зөрүү олгож, цаашид гарах төлбөр эмчилгээний зардлыг иргэний журмаар нэхэмжилнэ гээд жич зааж өгсөн байгаа шүү дээ, яагаад тэр заалтыг дутуу орхиод байгаа юм. Бүрэн гүйцэт төлөгдөөгүй, цаашид нэхэмжлэх эрх зүйн үр дагавар байгаа болоод үүнийг зааж өгөөд байгаа шүү дээ, энийг тэр талаас нь авч үзээч ээ. Мөн ял шийтгэл оногдуулсан нь шударга ёсны зарчимд, мөн эрүүгийн хариуцлага оногдуулахад шүүх юу юуг анхаарах ёстой вэ гэдгийг заагаад өгчихсөн гэмт хэрэг учруулсан хүний хувийн байдал, гэмт хэрэг учруулсан нөхцөл байдал зэргээс эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх хүндрүүлэх бүхий л нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж оногдуулна гээд заачихсан. Д.А-ийн хувьд тэр хэд хэдэн нөхцөл байдлууд байдаг, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бага насны 2 хүүхэдтэй байгаа. Хамгийн гол нь гаргаж өгсөн нотлох баримтын хэмжээнд хохирлыг төлж барагдуулсан үүнийг яагаад төлсөн гэж үзэхгүй байгаа юм. Ээжийнх нь дансанд 10,000,000 төгрөг байна ял халдаагаад ээжийнх нь дансыг битүүмжилсэн байна гэж байна. Уучлаарай шийтгэх тогтоолд Д.А-ийг 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заасан болохоос ээжийг нь гэж заагаагүй шүү үүнийг бас битгий мушгин гуйвуулаад бай. Хэрвээ мушгиад байвал аль ч талаас харагдана. Хавтаст хэрэгт авагдсан дансны хуулганууд байгаа, тэр дээр Д.А-ийн дансанд 20,000,000 төгрөг байсан. Тэгээд үрчих вий дээ гэдгээс айгаад өнөөдрийг хүртэл ээжийнх нь дансанд хийсэн. Хэрвээ шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болбол ээж нь очиж төлнө гэдэг байдлаар одоо хүртэл байгаа. Хэрвээ хавтаст хэргийг бүтэн үзвэл Д.А-ийн дансанд 20,000,000 байсан энэ мөнгийг үрэгдчихнэ гэдгээс айгаад ээжийнх нь дансанд хийсэн байгаа. Хэн нэгний дансанд мөнгө байснаараа ял шийтгэлийг халдааж байгаа асуудал биш юм аа. Тиймээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өнгө үү гэсэн саналтай байна” гэв.
Прокурор Э.*** давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...Хохирогчийн давж заалдсан гомдол болон өмгөөлөгчдийнх нь гаргасан саналтай танилцлаа. Тухайн үйл баримт нь гэрч С, А мөн хохирогч С.Т, шүүгдэгч Д.А-ийн хооронд болсон. Гэрч А хохирогч С.Т нарын хооронд болсон Амгалан нь хохирогчийн цээжин тус цохисон үйл баримт нь Д.А-ийн үйл баримттай тодорхой зайтай байдаг. Энэ үйл баримт нь мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч болон шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгээс “А С.Т нарын дунд болсон үйл баримт намжаад уучлалт гуйгаад сууж байхад түүний дараа шүүгдэгч Д.А гүйж ирээд хохирогчийн нүүрэн тус газар өшиглөсөн” гэдэг нь тогтоогддог. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт бүлэглэн гүйцэтгэхийг хуульчилж өгсөн байдаг. Энэ нь гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ. Үүнийг Улсын Дээд шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 429 дүгээр тогтоолд зааж өгсөн байдаг, гэмт хэргийн хамтран оролцогчдыг шалгахдаа нэг санаа зорилгоор нэгдсэн эсэхийг тогтоох нь чухал гэдгийг тайлбарлаж хуульчилсан байдаг. Энэ талаар мөрдөн шалгах ажиллагааг явуулсан тухайн үйл хэрэг тус тусдаа болсон хамтран санаа зорилго нэгдсэн үйл баримт тогтоогдоогүй гэж үзсэн. Иймд шүүгдэгч Д.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэгт буруутган яллах дүгнэлт үйлдсэн байгаа. Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд прокурорын хяналт гэж байгаа. Прокурорын хяналтыг тодруулбал Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасан нөхцөл хангагдсан эсэх, гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон эсэхийг шалгадаг. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүгдэгч нь эдгээр шаардлагууд хангасан байна гэж үзсэн. Мөн шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийн дагуу прокурор хэргийг хялбаршуулсан журмаар хянах шийдвэрлэх тогтоол гаргаж ял тохиролцсон байгаа. Хэргийг шүүхэд шилжүүлсэн, шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нөхцөл байдал хангадсан гэж үзсэн байдаг. Шүүгдэгч Д.А үйлдсэн гэмт хэргээ сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас баримтаар учирсан хохирлыг нөхөн төлсөн, цаашид учрах эмчилгээний зардал зэрэг шаардлагатай зардлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн байдаг. Эдгээр нөхцөл байдлыг харгалзан үзэж хуульд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байдаг. Хохирол төлбөрийн хувьд шүүхийн шийтгэх тогтоол дээр баримтаар нэхэмжилсэн хохирлыг бүрэн төлсөн байгаа. Хохирогчийн хувьд цаашид гарах зардлаа баримтаар бүрдүүлээд шүүгдэгчээс нэхэмжлэх бүрэн боломжтой гэж үзэж байгаа. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн, хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Тиймээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж хохирогчийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхүй болгож өгнө үү гэсэн саналыг гаргаж байна” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх хохирогч С.Т-ийн давж заалдсан гомдлыг үндэслэн хэргийг хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хохирогчийн давж заалдсан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгохоор шийдвэрлэлээ.
Учир нь: Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.***оос шүүгдэгч Д.А-д холбогдуулан 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ С.Т-ийг “...гэрт хэрүүл, маргаан үүсгэлээ” гэх шалтгаанаар нүүр лүү нь 1 удаа өшиглөсний улмаас биед нь баруун нүдний салстын шарх, баруун нүдний хараагүйдэл гэмтэл буюу хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч П овогт Д-ийн А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.А-ийг 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 /арван сая/ төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.А нь торгуулийн ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлж улсын орлогод оруулахаар шийдвэрлэжээ.
Прокурор хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шилжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дугаар зүйлийг зөрчсөн ба ингэхдээ хохирогч С.Т-гийн эрхийг хангаагүй байгааг анхан шатны шүүх анхаараагүй хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь буруу гэж үзлээ.
Прокурор хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзвэл хэргийн зүйлчлэл, түүнд оногдуулах ялын төрөл, хэмжээний тухай саналыг яллагдагч, түүний өмгөөлөгчид танилцуулж, яллагдагч зөвшөөрвөл гарын үсэг зуруулж, яллах дүгнэлт үйлдэж шүүхэд даруй шилжүүлэх талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3-д заасан нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоолыг прокурор гаргаж, ялын талаар саналаа яллагдагчид танилцуулж , яллагдагч зөвшөөрч гарын үсэг зурсны дараа яллах дүгнэлт үйлдэж шүүхэд хэргийг шилжүүлэх байсан гэж ойлгогдохоор байна.
Гэтэл прокурор 2021 оны 12 дугаар сарын 08-нд яллах дүгнэлт үйлдсэн /хх 132-135/-ий дараа буюу 2021 оны 12 дугаар сарын 09-нд ялын тухай прокурорын санал /хх 131/-аа яллагдагчид танилцуулж шүүхэд хэргийг шилжүүлсэн нь прокурорын хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн ажиллагаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасанд нийцээгүй гэж үзнэ.
Мөн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шийдвэрлэсэн тухайгаа хохирогч С.Т-т мэдэгдээгүйгээс хохирогчийн эрхийг хангаагүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.9-д заасан хохирогчийн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах эрхээ хэрэгжүүлж чадаагүй гэсэн давж заалдсан гомдол нь үндэслэлтэй гэж үзэв.
Тодруулбал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан агуулгаас үзэхэд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл нь яллагдагчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүсэлт байх боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 3, 17.4 дүгээр зүйлийн 4.5-д заасан агуулгаас үзэхэд гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн эсэх асуудлыг яллагдагч хүсэлтдээ хэрхэн дурдсан, энэ талаарх хүсэлтэд дурдсан нөхцөл байдал нь бодитой эсэхийг хянаж, шалгах нь энэхүү ажиллагааны нэг хэсэг байхаар ойлгогдож байна.
Энэ утгаараа хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хохирогчийн хүсэл зориг, хохирогчийн эрх ашиг хөндөгдөж байдаг тул энэхүү ажиллагааг түүнд танилцуулах нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.8, 1.9-д заасан ... хэргээс өөрт хамааралтай хэсэгтэй танилцах, .... гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах эрхийг хангах үндэслэл болно.
Иймд прокурорыг хэргийг шүүхэд шилжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйл буюу “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа”-ны журмыг зөрчсөн гэж үзнэ.
Мөн хэрэгт Ц.А гэрчээр өгсөн мэдүүлэгтээ “ ... бид 2 гэрт нь ороход Т гэх нэртэй нэг үл таних залуу А тэр 2 согтуу байцгааж байсан ба С бид 2 нэмэгдээд 4-үүлээ архи ууцгаасан. Ингээд сайхан ойр зуурын зүйл яриад сууцгааж байтал үл таних Т гэдэг залуу А-ийн гэр дотор шүлсээ энд тэндгүй хаяаад наагуур, цаагуур хүн татаж чангааж яваад “муу шээснүүд, бааснууд, ална, тална” гэж тавьтаргүйтээд тайван байлгаагүй. Би тухай бүрд нь одоо больчих, суучих, ингэж болохгүй гэж зөндөө хэлсэн боловч нилээд согтуу байсан учраас намайг тоогоогүй. Тэгэхээр нь ... аргаа бараад 00-ийн тэнд тавьтаргүйтээд зогсож байхаар нь очоод баруун гараараа нэг удаа гэдэс рүү нь цохисон. Тэгсэн чинь доошоо суугаад “уучлаарай хөгшөөн” гэж хэлсэн. Тэгсэн гэнэт А том өрөөнөөсөө гүйж ирээд “Чи муу аль түрүүнээс хойш намайг өдөөд байгаа шүү” гэж орилонгуутаа Т-ийн нүүр лүү баруун хөлөөрөө 1 удаа маш хүчтэй өшиглөчихсөн” гэж /хх 25-27/ мэдүүлсэн ба гэрчийн энэ үйлдлийн улмаас хохирогч С.Т-ийн эрүүл мэндэд учирсан хүнд хор уршиг учрахад түүний гэм буруутай үйлдэл нөлөөлсөн эсэх нөхцөл байдлыг бүрэн гүйцэд шалгаж тогтоогоогүй гэж давж заалдах шатны шүүхээс үзлээ.
Эдгээр нөхцөл байдлуудаас үзэхэд анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ прокуророос хэргийг шүүхэд шилжүүлсэн ажиллагаанд үндэслэл бүхий дүгнэлт хийлгүйгээр шүүгдэгч Д.А-д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.
Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болж байх тул давж заалдах шатны шүүхээс шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж нэмэлт ажиллагаа хийлгэх нь зүйтэй гэж үзсэн ба хохирогч С.Т-аас гаргасан “хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх гэж байгаа тухайгаа надад мэдэгдээгүй, ...мэдэгдсэн бол эрүүл мэндэд учирсан хохирлын талаар нэхэмжлэлээ прокурорын шатанд гаргах байсан, ... энэ хэргийг А А-тай бүлэглэж намайг зодож учруулсан байхад энэ талаар огт шалгаагүй орхигдуулсан” гэсэн агуулга бүхий давж заалдсан гомдлыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3, 39.4 дүгээр зүйл, 39.5 дугаар зүйлийн 1, 1.1, 39.6 дугаар зүйлийн 1, 1.2, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.3, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 2022/ШЦТ/176 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Дорноговь аймгийн Прокурорын газарт буцааж, хохирогч С.Т-ийн давж заалдсан гомдлыг хангасугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1, 1.1, 14.2, 14.3 дугаар зүйлд зааснаар хэргийг прокурорт очтол шүүгдэгч Д.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 1, 1.1, 1.2, 1.3, 2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТЧИМЭГ
ШҮҮГЧИД Н.БОЛОРМАА
А.САЙНТӨГС