Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 09 сарын 07 өдөр

Дугаар  109/ШШ2023/0021

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

              Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Одонтуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

           Нэхэмжлэгч:  Ц.М,

Хариуцагч: Архангай аймгийн Х сумын Засаг даргад холбогдох “Архангай аймгийн Х сумын Засаг даргад 2021 оны А/49 дүгээр захирамжийн хавсралтын 4-д заасан Ц.М надад эзэмшүүлсэн 153.2 га газрыг бүрэн олгож өгөхийг хүссэн өргөдөлд сумын Засаг дарга хариу өгөхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, миний тус сумын Засаг даргын 2021 оны А/49 дүгээр захирамжийн дагуу эзэмших ёстой газрыг бүрэн хэмжээгээр эзэмшүүлэхийг Х сумын Засаг даргад даалгах” шаардлага бүхий маргааныг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.П, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Оюунгэрэл нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Иргэн Ц.М, Архангай аймгийн Х сумын Засаг дарга нарын хооронд Архангай аймгийн Засаг даргад 2021 оны А/49 дүгээр захирамжийн хавсралтын 4-д заасан Ц.М надад эзэмшүүлсэн 153.2 га газрыг бүрэн олгож өгөхийг хүссэн өргөдөлд сумын засаг дарга хариу өгөхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, миний тус сумын Засаг даргын 2021 оны А/49 дүгээр захирамжийн дагуу эзэмших ёстой газрыг бүрэн хэмжээгээр эзэмшүүлэхийг Х сумын Засаг даргад даалгах”-аар маргаж байна.

 

2.  Архангай аймгийн Х сумын Засаг даргын 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн А/49 дүгээр “Газар эзэмших эрхийг бусдад шилжүүлэх тухай” захирамжаар Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2., Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4. дэх хэсгийг тус тус үндэслэн газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэн авч байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын нэр, газрын хэмжээ, зориулалт, байршил хугацааг баталж, тус захирамжийн хавсралтын 4 дэх хэсэгт Ц.Мд “С” ХХК-иас 1532938 м.кв хэмжээтэй газрыг ***** баг ***** тариалангийн хөндийд үр тарианы зориулалтаар 12 жилийн хугацаагаар шилжүүлж эзэмшүүлсэн байна. (Хавтаст хэргийн 86-88 дахь тал)

           

            3.  Ийнхүү 2021 оны 5 дугаар сарын 14-ний өдөр иргэн Ц.Мд Архангай аймгийн Х сумын Засаг даргын 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн А/49 дүгээр захирамжийг үндэслэн Архангай аймгийн Х сумын 2 дугаар баг, ***** байрлах нэгж талбарын *****  дугаартай ***** м.кв газрыг үр тарианы зориулалтаар 12 жилийн хугацаатай эзэмшүүлж, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгожээ. (Хавтаст хэргийн 71 дэх тал)

 

            4. Иргэн Ц.Мд эзэмшүүлсэн Архангай аймгийн Х сумын 2 дугаар баг, ***** байрлах 153 га газраас 100 га газрын эзэмшиж, 53 га газрыг дутуу олгосон гэжээ.

 

            5. Захиргааны ерөнхий хуулийн 92 дугаар зүйлийн 92.1. дэх хэсэгт заасны дагуу  нэхэмжлэгч Ц.М нь  дээрх 53 га газрыг дутуу олгосон талаар Архангай аймгийн Х сумын Засаг даргад гомдол гаргаж, тус сумын Засаг даргаас нэхэмжлэгчид хариу хүргүүлээгүй, нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг шийдвэрлээгүй байна.

 

6. Ийнхүү нэхэмжлэгч Ц.Мгаас Архангай аймгийн Х сумын Засаг даргад холбогдуулан нэхэмжлэл гаргаж, маргаан үүсгэжээ.

7. Нэхэмжлэгч Ц.М шүүхэд гаргасан  нэхэмжлэлдээ: “Ц.М би Архангай аймгийн Х сумын засаг даргын 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн А/49 тоот захирамжаар тус сумын 2 дугаар баг, ***** гэх газар 153,2 м.кв газрыг Үр тарианы зориулалтаар эзэмших эрх олж авсан ба энэ захирамжийн дагуу надтай гэрээ байгуулж, газар эзэмших эрхийн ***** дугаартай гэрчилгээ олгож, газар эзэмшүүлсэн. Тухайн эзэмшүүлсэн газарт Геодезийн хэмжилт зураглалын газраар хэмжилт хийлгэхэд 100,2 га байсан ба газар эзэмших захирамж болон гэрчилгээнд заасан газрын хэмжээнд хүрэхгүй, 53 га газар дутуу олгогдсон байгаа. Энэ талаар Х сумын Засаг даргад 2021 оны 12 сард өргөдөл гаргасан боловч одоо хүртэл хариу өгөөгүй. Мэргэжпийн байгууллага болох Архангай аймгийн Газрын харилцаа барига хот байгуулалтын газарт надад дутуу олгосон 50.3 га газрыг шийдвэрлэж хохиролгүй болгож өгөх талаар өргөдөл гаргасан, уг өргөдлийн дагуу тус газраас Архангай аймгийн Х сумын Засаг даргад Х сумын засаг даргад “...Иргэн нь дээрхи олгогдсон газрыг шеодезийн хэмжилт зураглалын байгууллагаах хэмжилт хийлгэхэд 100.2 га байсан ба 50.3 га газар дутуу байгаа талаар гомдол ирүүлээд байна. Иргэнийг гомдол саналгүй болгоно уу” гэсэн албан бичиг хүргүүлсэн юм. Энэ албан бичгийн хуулбарыг миний бие 2023 оны  5 дугаар сарын 24-ний өдөр авсан. Гэсэн хэдий ч сумын засаг дарга надад дутуу олгосон газрыг гүйцээж олгож өгөхгүй миний эрх ашгийг хохироож байна. Миний тухайд Х сумын засаг дарга Д.Быг нэгэнт захирамж гарсан хүчин төгөлдөр захирамжтай юм чинь надад дутуу олгосон 53 га газрыг олгож өгнө гэж итгэсээр өдий хүрсэн. Гэтэл надад дутуу олгосон газрыг олгох эсэх талаар ямар ч хариу өгөхгүй өдий хүрч байгааг иргэн миний газар эзэмших эрхийг хохироосон эс үйлдэхүй гэж үзэж байна.” гэжээ.

8. Нэхэмжлэгч Ц.М шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан тайлбартаа: “Ц.М би газрын гэрчилгээнд заасан хэмжээгээр газар олгож, баталгаажуулж өгөхийг хүссэн өргөдөл Архангай аймгийн Х сумын Засаг даргад 2021 оны 12 сард өргөдөл гаргасан боловч одоо хүртэл хариу өгөөгүй. Энэхүү өргөдөлд хариу өгөхгүй байгаа эс үйлдэхүйг нь хууль бус гэж үзэж байгаа бөгөөд үүний улмаас миний газар эзэмших эрх зөрчигдөж байна. Иймд Архангай аймгийн Засаг даргад 2021 оны А/49 дүгээр захирамжийн хавсралтын 4-д заасан Ц.М надад эзэмшүүлсэн 153.2 га газрыг бүрэн олгож өгөхийг хүссэн өргөдөлд сумын засаг дарга хариу өгөхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, миний тус сумын Засаг даргын 2021 оны А/49 дүгээр захирамжийн дагуу эзэмших ёстой газрыг бүрэн хэмжээгээр эзэмшүүлэхийг Х сумын Засаг даргад даалгаж, миний зөрчигдсөн эрхийг сэргээж өгнө үү.” гэжээ.

9. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.П шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлд гол үндэслэлээ дурдсан. Ц.Мгийн тухайд 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн захирамжаар Архангай аймгийн Х сумын 2 дугаар багийн нутаг Х гэх газар 153.2 га газар эзэмшсэн. Тухайн газрыг С гэх компанаас шилжүүлж авсан. Газар эзэмших эрхийнхээ дагуу газар тариалангийн үйл ажиллагаа явуулсан. Газар тариалангийн үйл ажиллагааг явуулахдаа газрынхаа нөхцөл байдлыг харуулахаар газар тариалангийн мэргэжилтэн н.Ж гэх хүнийг авч ирээд газраа үзүүлтэл тэр хүн чиний наад газар чинь 153.2 га талбай хүрэхгүй ээ. Чиний санасан ургац наад талбайгаас чинь гарахгүй гэх асуудал яригдаад үүнээс үүдээд хэмжилт хийлгэхэд 100.2га газар болох нь тогтоогдодсон. Тэгээд 100.2га газар байна гэдгийг мэдсэн цагаасаа эхлэн сумын Засаг дарга, газрын даамал нарт гаргаад өчгих байх гэсэн үүднээс хандахад тийм зүйл байхгүй ээ, захирамжид 153.2га газар гэж бичигдсэн байгаа. Манай олгож болох газар тухайн хэмжээтэй л газар гэсэн зүйлийг хэлдэг. Мэргэжлийн байгууллага болох газрын харилцаа барилга хот байгууллатын газар мөн сумын Засаг даргад албан бичиг хүргүүлээд хандсан. Мэргэжлийн байгууллагад ханлдахаас өмнө мөн 2022 оны 12 дугаар сарын эхээр Х сумын Засаг даргад өргөдөл гаргаж өгсөн ч Засаг дарга газрын асуудлыг шийдвэрлэж өгөөгүй. Тэгээд энэ бол эс үйлдэхгүй байна гэж үзэж шүүхэд хандсан. Нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна. Газрыг газар зэмшигчид бүрэн эзэмшүүлэх нь захиргааны байгууллагын үүрэг байх. Гэтэл газраа дутуу олгочихоод энэ асуудлаа шийдвэрлэж өгөхгүй, гомдол, өргөдөл гаргаад явдахад ямар нэг шийдвэрлэсэн тал дээр хариу өгөхгүй байгаа учраас энд эс үйлдэхүй байна.” гэв.

10. Хариуцагч Архангай аймгийн Х сумын Засаг дарга  шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “2017 онд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар ***** багийн 3 байршлын атаршсан газар нь эргэлтийн талбайтайгаа нийтдээ 475 га талбай тусгагдсан. Дуудлага худалдааг 475 га талбайгаар нийтэд нь газрын цахим биржээр дуудагдсан. Архангай аймгийн Х сумын ***** багийн ***** нутаг дэвсгэрт байрлах үр тарианы зориулалттай талбайг сумын Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн А/103 тоот захирамжаар “С” ХХК-д эзэмшүүлсэн. Засаг даргын захирамж төлөвлөхдөө нэгж талбар тус бүрээр нь гэрээ, гэрчилгээ, кадастр хэвлэгдсэн. Тухайн үед AUТОСАD2007 программын тариалангийн мэдээллийн сангаас газрын хэмжээг авахад 1532938 квадрат метр хэмжээтэй байсан. Сумын Засаг даргын 2021 оны 5 дугаар сарын 10-ны А/49 дүгээр захирамжаар Цогоо овогтой Мд газар эзэмших эрх шилжигдсэн. 2021 онд Ц.М нь Газрын хэмжилтйн эрх бүхий байгууллага болох “А” ХХК-аар тус талбайд хэмжилтээ хийлгүүлсэн. Хэмжилтийн үр дүнд тус талбай нь 100,2 га болох нь тогтоогдсон. Хэмжилтийн компани “А” ХХК-ийн мэргэжилтнээр хэмжилт хийж дууссаны дараа АUТОСАD2007 программаас хэмжээг татуулж үзэхэд 153,2 га талбай гарч ирж байсан. Компаний мэргэжилтэн АUТОСАD программыг шалгаж үзээд цэгийн давхцал үүссэнээс болж талбайн хэмжээ буруу бодогдсон болохыг 2021 оны хэмжилтийн үр дүнд мэдсэн болно.” гэжээ.

 

Шүүх энэ хэрэгт хуульд заасан нөхцөл журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын тайлбарыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд дараах хууль зүйн үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв. Учир нь:

 

  1. Хэргийн үйл баримтын тухайд:  

 

1.1. Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1. дэх хэсгийн 20.1.2-д зааснаар Архангай аймгийн Х сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн 07 дугаар тогтоолоор сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөө, бэлчээр зохион байгуулалтын төлөвлөгөөг баталж, тус тогтоолын 2 дугаар хавсралтын 2-т тус сумын ***** баг, 475 га газрыг үр тарианы зориулалтаар эзэзмшүүлэхээр баталсан байна. (Хавтаст хэргийн 90 дэх тал)

 

1.2.  Тус аймгийн Х сумын Засаг даргын 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн А/98 дугаар захирамжаар 2018 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгасны дагуу дуудлагын худалдаагаар Архангай аймгийн Х сумын ***** баг, *****  байршилтай 475 га газрыг  дуудлага худалдааны зарчмаар эзэмшүүлэхээр шийдвэрлэжээ. Уг 475 га газарт маргаан бүхий 153 га газар мөн багтжээ. ( Хавтаст хэргийн 74-75 дахь тал)

 

1.3.  Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1. дэх хэсгийн 33.1.2-д зааснаар тус сумын Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн А/99 дүгээр захирамжаар дуудлагын худалдааг 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 10 цаг 00 минутад сумын Засаг даргын Тамгын газрын иргэний танхимд явуулахаар болж, дуудах анхны үнэ дээр өгсөн дуудах интервалыг 1.000.000-5.000.000 төгрөгөөр тогтоожээ.

 

1.4. Архангай аймгийн Х сумын  ***** баг, ***** ” байршилтай үр тарианы зориулалтаар эзэмшүүлэх дуудлагын худалдаанд оролцогчдийн бүртгэлийн 1-д “С” ХХК бүртгүүлсэн байна. (Хавтаст хэргийн 78 , 79 дэх тал)

 

1.5. Тус сумын Засаг даргын Тамгын газар дуудлагын худалдааг зохион байгуулж, дуудлага худалдааны ялагчаар “С” ХХК болж, 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр дуудлага худалдааны ялагч “С” ХХК-тай дуудлага худалдааг зохион байгуулагч Архангай аймгийн Х сумын Засаг даргын Тамгын газрыг төлөөлж газрын даамал Б.Шүрэнцэцэг “Дуудлага худалдаанд ялагчтай байгуулах гэрээ”-г байгуулсан нь Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1. дэх хэсэгт заасныг зөрчөөгүй байна.

 

1.6. Ийнхүү “С” ХХК-д Архангай аймгийн Х сумын Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн А/103 дугаар захирамжийг үндэслэн Архангай аймгийн Х сумын 2 дугаар баг, ***** *****т байрлах нэгж талбарын ***** дугаартай 1532938.0м.кв газрыг үр тариланы усалгаатай зориулалтаар 15 жилийн хугацаагаар эзэмшүүлж, эрхийн улсын бүртгэлийн ***** дугаарт бүртгэж аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн ***** дугаартай гэрчилгээг олгожээ. (Хавтаст хэргийн 59 дэх тал)

 

            1.7. Улмаар “С” ХХК-иас 2021 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн  Архангай аймгийн Х сумын Засаг даргад  гаргасан хүсэлтдээ: “... Архангай аймгийн Х сумын ***** багт байгаа газар тариалангийн зориулалттай 153 га газрыг иргэн Ц.Мгийн нэр дээр шилжүүлж гэрчилгээ олгож өгнө үү.” гэжээ.

 

            1.8. Тухайн газар эзэмшигч  “С” ХХК нь  Ц.Мд 2021 оны 5 дугаар сарын 7-ны өдөр Архангай аймгийн Х сумын ***** баг ***** *****т байрлах 1532938.0 м.кв талбайтай газрыг шилжүүлэхээр “газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”-г байгуулсан байна. (Хавтаст хэргийн 53 дахь тал)

 

            1.9. Ийнхүү иргэн Ц Мгаас Архангай аймгийн Х сумын Засаг даргад Архангай аймгийн Х сумын 2 дугаар баг ***** *****т байрлах 153 га газрыг өөрийн нэр дээр шилжүүлэх хүсэлтийг гаргажээ. (1 дүгээр хавтаст хэргийн 52 дэх тал)

 

            1.10. Тус аймгийн Х сумын Засаг даргын 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн А/49 дүгээр “Газар эзэмших эрхийг бусдад шилжүүлэх тухай” захирамжаар Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2., Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4. дэх хэсгийг тус тус үндэслэн газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэн авч байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын нэр, газрын хэмжээ, зориулалт, байршил хугацааг баталж, тус захирамжийн хавсралтын 4 дэх хэсэгт Ц.Мд “С” ХХК-иас 1532938 м.кв хэмжээтэй газрыг ***** баг ***** тариалангийн хөндийд үр тарианы зориулалтаар 12 жилийн хугацаагаар шилжүүлж эзэмшүүлсэн нь байна. (Хавтаст хэргийн 86-88 дахь тал)

           

            1.11. Түүнчлэн 2021 оны 5 дугаар сарын 14-ний өдөр иргэн Ц.Мд Архангай аймгийн Х сумын Засаг даргын 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн А/49 дүгээр захирамжийг үндэслэн Архангай аймгийн Х сумын 2 дугаар баг,  *****  байрлах нэгж талбарын ***** дугаартай 1532938 м.кв газрыг үр тарианы зориулалтаар 12 жилийн хугацаатай эзэмшүүлж, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгожээ.  (Хавтаст хэргийн 71 дэх тал)

 

            1.12. Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1. дэх хэсэгт “Газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага Газрын төлбөрийн тухай хуулийн дагуу газрын төлбөр төлнө.” гэж зааснаар нэхэмжлэгчээс 2022, 2023 онд маргаан бүхий газрын төлбөрийг төлсөн байна. (Хавтаст хэргийн 98-99 дэх тал)

 

 

2. Хууль зүйн үндэслэлийн тухайд,

 

2.1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт заасан маргаан бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д заасан субъект тул Захиргааны хэргийн шүүхийн харьяаллын хэрэг мөн, нутаг дэвсгэрийн хувьд харьяалагдаж байгаа учир хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах үндэслэлтэй.

2.2. Түүнчлэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1. дэх хэсэгт заасныг зөрчөөгүй, захиргааны байгууллага, албан тушаалтны үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн эрхээ хамгаалуулах, эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн гэж үзэж тус шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна.

 

            2.3. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Архангай аймгийн Х сумын Засаг даргын 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн А/49 дугаар захирамжаар тус сумын 2 дугаар баг, ***** хөндий гэх газар 153,2 м.кв газрыг Үр тарианы зориулалтаар эзэмших эрх олж авсан ба энэ захирамжийн дагуу надтай гэрээ байгуулж, газар эзэмших эрхийн 000129408 дугаартай гэрчилгээ олгож, газар эзэмшүүлсэн. Тухайн эзэмшүүлсэн газарт Геодезийн хэмжилт зураглалын газраар хэмжилт хийлгэхэд 100,2 га байсан ба газар эзэмших захирамж болон гэрчилгээнд заасан газрын хэмжээнд хүрэхгүй, 53 га газар дутуу олгогдсон ...” гэжээ.

 

            2.4. 2023 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн үзлэгийн тэмдэглэлд: “Архангай аймгийн Х сумын газрын даамлын Аutocad  2019 оны праграмаас маргаан бүхий газрыг шүүж үзэхэд “С” ХХК 153 га гэж байв.” гэжээ. (Хавтаст хэргийн 42-44 дэх тал)

 

2.5. Харин 2023 оны праграммд  нэхэмжлэгч Ц.Мгийн маргаан бүхий газар 991715 м.кв хэмжээтэй байна. (Хавтаст хэргийн 45 дахь тал)

 

            2.6. Нэхэмжлэгчийн өөрийн эзэмшлийн газраас 53 га газар дутуу байгаа талаар сумын Засаг даргад болон Архангай аймгийн Газрын харилцаа барилга, хот байгуулалтын газарт бичгээр өргөдөл гаргаж байжээ. (Хавтаст хэргийн 6-8 дахь тал)

 

2.7. Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1. дэх хэсгийн 60.1.1.-д заасныг зөрчөөгүй бөгөөд 60 дугаар зүйлийн 60.2 дахь хэсэгт “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газартай холбогдон үүссэн маргааны талаар энэ хуулийн 60.1.1, 60.1.2, 60.1.З-т заасан байгууллага, албан тушаалтны гаргасан шийдвэрийг эс зөвшөөрвөл уг маргааныг тэдгээрийн дээд шатны албан тушаалтан, байгууллага, эсхүл шүүхээр шийдвэрлүүлнэ.” гэж зааснаар гомдол гаргагч этгээд шүүхэд шууд хандах эрхтэй байна.

 

            2.8. Архангай аймгийн Газрын харилцаа барилга, хот байгуулалтын газрын 2022 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн 1008 дугаартай Архангай аймгийн Х сумын Засаг даргад гаргасан  “... Иргэн Ц.Мгийн Х сумын 2 дугаар баг *****  хөндийд байршилтай үр тарианы зориулалттай 153.2 га газрыг сумын Засаг даргын 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн А/49 дугаар захирамжаар газар эзэмших эрх авч гэрээ, гэрчилгээ олгогдсон байна. Тухайн иргэн нь дээрх олгогдсон газрыг геодезийн хэмжилт зураглалын байгууллагаар хэмжилт хийлгэхэд 100.2 га байсан ба 50.3 га газар дутуу байгаа талаар мэргэжлийн байгууллагад гомдол ирүүлээд байна. Иймд дутуу олгогдсон 50.3 га газрыг хуульд нийцүүлэн олгож, тухайн иргэнийг гомдол саналгүй болгоно уу.” гэх албан бичиг,

 

            2.9. Иргэн Ц.Мгаас Архангай аймгийн Х сумын Засаг даргад өөрийн эзэмшлийн газраас 53 га газар дутуу байгаа талаар өргөдөл гаргасан болохыг тус аймгийн Х сумын газрын даамал ажилтай гэрч Б.Шүрэнцэцэг “Сумын Засаг даргад өргөдөл гомдол ирсэн.” гэх мэдүүлэг зэргээр тогтоогдож байна. (Хавтаст хэргийн 103-105 дэх тал)

 

            2.10. Иймд Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт зааснаар тус аймгийн Х сумын Засаг дарга нь нэхэмжлэгчийг гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, шийдвэрлэхгүй орхигдуулсан эс үйлдэхүй хууль бус гэж үзнэ.

 

2.11. Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйл. 12/ “төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдлоо гаргаж шийвдэрүүлэх эрхтэй. Төрийн байгууллага, албан тушаалтан нь иргэдийн өргөдөл, гомдлыг хуулийн дагуу шийдвэрлүүлэх үүрэгтэй.” гэж,

 

2.12. Захиргааны ерөнхий хуулийн 92 дугаар зүйлийн 92.1. “Хуульд өөрөөр заагүй бол иргэн, .. түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзвэл холбогдох захиргааны актыг хууль болон зорилгодоо нийцэж байгаа эсэх талаар хянуулахаар гомдол гаргах эрхтэй,” мөн хуулийн 98 дугаар зүйлийн 98.1. “Энэ хуулийн 93 дугаар зүйлд заасан захиргааны байгууллага гомдлыг хянан үзээд дараах захиргааны актын аль нэгийг гаргана.” гэж тус тус зааснаар хариуцагч тал нэхэмжлэгчийн гаргасан өргөдөлд заавал хариу өгөх үүрэгтэй байна. 

 

            2.13. Түүнчлэн Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1. дэх хэсэгт “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно.” гэж,

 

2.14.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1.. дэх хэсэгт заасан хуулийн зорилгын дагуу хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, .. гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.” гэж тус тус зааснаар уг хэрэгт нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны эрх зөрчигдсөн гэж үзэв.

2.15. Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4.-д “Эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай хүсэлтийн хүлээн авснаас хойш ажлын 15 өдрийн дотор тухайн шатны Засаг дарга шийдвэр гаргана. Уг шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал газрын албанд бүртгүүлснээр эрхийн гэрчилгээг шилжүүлсэн нь хүчин төгөлдөр болно.” гэж зааснаар Архангай аймгийн Х сумын Засаг даргын 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн “Газар эзэмших эрхийг бусад шилжүүлэх тухай” А/49 дүгээр захирамжийн хавсралтын 4-т заасан Ц.Мд 153.2. га газрыг эзэмшүүлэхээр захиргааны акт гаргасан. (Хавтаст хэргийн 86 дахь тал)

 

2.16. Уг захиргааны актанд дурдсан 153.2 га газраас 53 га газрыг дутуу олгосон нь холбогдох баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг хангаж, хариуцагч нь нэхэмжлэгчийн өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, шийдвэрлэхгүй орхигдуулсан эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож , тус сумын Засаг даргын 2021 оны А/49 дүгээр захирамжийн дагуу эзэмших ёстой газрыг бүрэн хэмжээгээр эзэмшүүлэхийг Х сумын Засаг даргад даалгаж шийдвэрлэв.

 

2.17. Шүүх хуралдаанд нэхэмжлэлд бичсэн  50.3 га газрыг тодруулахад 53 га газар бөгөөд бичихдээ 50.3 га газар гэж алдаатай бичигдсэн байна гэж мэдүүлсэн болно.

 

2.18. Түүнчлэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.5.-д зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүхэд гаргаж өгсөн тайлбарыг шүүх хуралдаан дээр гаргасантай адилтгаж,  хэрэгт цугларсан нотлох баримтанд үндэслэн хэргийг шийдвэрлэсэн болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1., 106.2., 106.3. дахь хэсгийн 106.3.4. дэх заалт, 107 дугаар зүйл, 108 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

                                                        ТОГТООХ  нь:

1. Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4., 61 дүгээр зүйлийн 61.1.дэх хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3, 98 дугаар зүйлийн 98.1. дэх хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Архангай аймгийн Х сумын Засаг дарга нь нэхэмжлэгчийн гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, шийдвэрлэхгүй орхигдуулсан эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, тус сумын Засаг даргын 2021 оны А/49 дүгээр захирамжийн дагуу эзэмших ёстой газрыг бүрэн хэмжээгээр эзэмшүүлэхийг Х сумын Засаг даргад даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1. дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Б.ОДОНТУЯА