Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 1694

 

МАГАДЛАЛ

 2019.09.16                                                Дугаар 1694

Ч.Ж-ын нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Э.Золзаяа, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,      

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 101/ШШ2019/01803 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Ч.Ж-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Г.Б-д холбогдох

          Гэрээний үүргийн гүйцэтгэлд 565 634 900 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Ц,

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Б,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

          Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Б-тай Баянзүрх дүүрэг Гачуурт хар усан тохойд амины орон сууц бариулах гэрээг 2012 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр байгуулсан. Уг гэрээний дагуу гүйцэтгэгч нь Баянзүрх дүүргийн Гачуурт хар усан тохойд баригдаж байгаа Баянзүрх эко хотхонд 189 м.кв талбай бүхий амины орон сууцыг гүйцэтгэгчээр бариулж захиалагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэг хүлээсэн. Амины орон сууцыг 2012 оны 12 дугаар сарын 20-ны дотор багтаан барьж гүйцэтгэхээр тохиролцсон. Ч.Ж гэрээний дагуу 215 000 ам.доллар төлсөн. Хариуцагч гэрээгээр тохиролцсон хугацаандаа амины орон сууцыг ашиглалтад оруулж хүлээлгэж өгөөгүй байна. Иймд хариуцагч Г.Б-аас гэрээний дагуу төлсөн 215 000 ам.доллар буюу 2019 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн Монголбанкны ам.долларын ханш 2 630.86 төгрөгт шилжүүлэн тооцвол 565 634 900 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Ч.Ж-ын амины орон сууц захиалгаар барих гэрээг 2012 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр байгуулсан ба захиалагчийн гэрээгээр тохирч төлсөн зарим төлбөрийг захиалагчийн амины орон сууцыг барихад зарцуулж одоогоор тус барилга 90 хувийн гүйцэтгэлтэй байгаа. Мөн нэхэмжлэгч 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдөр Сүхбаатар дүүргийн анхан шатны шүүхэд үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, харьяаллын дагуу Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх рүү шилжин тус шүүхээр шийдвэрлүүлсэн, улмаар нэхэмжлэгч Нийслэлийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж маргааныг хянан шийдвэрлүүлсэн ба хариуцагч талаас хяналтын шатны шүүхэд гомдол гаргаж одоогоор шүүх хуралдааны тов зардагдаагүй байна. Тодруулбал, Ч.Ж-ын төлөөлөгч Х.Ц энэхүү нэхэмжлэлийн үндэслэл болсон амины орон сууц барих гэрээтэй холбогдуулан үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай шаардлага бүхий нэхэмжлэл бүхий маргаан нь эцэслэн шийдвэрлэгдээгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд байгааг мэдсээр байж шүүхэд дахин нэхэмжлэл гаргаж байгаа нь хууль зөрчсөн шүүхийн ачааллыг улам нэмэгдүүлсэн асуудал юм. Миний зүгээс сүүлийн 10 жил өвчний улмаас ажил хөдөлмөр эрхэлж орлого олоогүй нөхцөл байдал удаан үргэлжилсэн тул арга буюу эмнэлгийн байгууллагаар өвчний оношоо тогтоолгож, нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрээр хөдөлмөрийн чадвараа 59 хувиар алдсан болохыг тогтоож, нийгмийн халамж олгохоор тогтоолгосон. Мөн тархины судас бөглөрсөн оноштой бөгөөд хэд хэдэн удаа цус харвасан байдалтай байна. Энэхүү өвчний улмаас зайлшгүй мэс засал хийлгэх шаардлагатай болоод байгаа бөгөөд энэхүү мэс заслыг Монгол улсад хийх боломжгүй гэсэн хариуг 3 дугаар төв эмнэлгээс гаргасан ба Солонгос улсад эмчилгээ, хагалгаа хийлгэхээр БНСУ-ын холбогдох эмнэлгийн байгууллагаас шийдвэр гарч мэдээлэл ирсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.7-д нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзахаар заасан байдаг. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-д заасан үндэслэлээр Ч.Ж-ын нэхэмжлэлтэй Г.Б-д холбогдох иргэний хэргийг 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдөр үүссэн иргрэний хэрэг маргааныг эцэслэн шийдвэрлэтэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж өгнө үү. Мөн миний биеийн байдлыг үндэслэн өөрийн биеэр шүүх хуралдаанд оролцох боломжоор хангаж, хэргийг 6 сараар түдгэлзүүлж өгнө үү гэжээ.

          Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 225 дугаар зүйлийн 225.1, 218 дугаар зүйлийн 218.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Г.Б-аас 520 620 885 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ч.Ж-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 45 014 015 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураажийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 3 144 079 төгрөгөөс илүү төлсөн 157 955 төгрөгийг улсын төсвийн орлогоос буцаан гаргуулж, Ч.Ж-д олгож, үлдэх 2 986 124 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Баас 2 761 054 төгрөг гаргуулж Ч.Ж-д олгож шийдвэрлэжээ.

Харицагч давж заалдах гомдолдоо: Г.Б өмнө нь шүүгчээс татгалзсан асуудлыг шийдвэрлэсэн нь өмгөөлөгч шүүгчээс татгалзаж буй асуудлыг шийдвэрлэж буй асуудал биш. Өмгөөлөгч, хариуцагч нь хэргийн тусдаа оролцогч байтал ийнхүү адилтган үзэж, үндэслэлгүй шийдвэр гаргасан. Өмгөөлөгчийн хүсэлтийг Ерөнхий шүүгчээр шийдвэрлүүлэхгүйгээр өөрөө шийдэн хуралдааныг үргэлжлүүлсэн бөгөөд өмгөөлөгчөөс шүүгчийн энэ хууль бус үйл ажиллагааг хүлээн зөвшөөрөөгүй тул шүүгчийн зөвшөөрлөөр шүүх хуралдааны танхимыг орхисон юм. Шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн тайлбар татгалзлаа нотлохоор гаргасан бүхий л хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бөгөөд харьяаллын бус асуудлаар хэрэг үүсгэж, хянан шийдвэрлэсэн тул шүүгчийг татгалзах болсон шалтгаан юм. Нөгөөтэйгүүр, нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзаж их хэмжээний төлбөр нэхэмжилж, хариуцагч нь гэрээнээс өнөөдрийг хүртэл татгалзаагүй. Өөрөөр хэлбэл, Иргэний хуульд заасан үндэслэл журмын дагуу тухайн гэрээнээс татгалзаагүй тул татгалзсанаас үүдэлтэй хохирол төлбөр нэхэмжлэх эрхгүй гэж үзэж байна. Иргэний хуулийн 204, 205, 225 дугаар зүйлд нарийн зохицуулсан бөгөөд 2013 оны гэрээний талаар 2019 онд гэрээнээс татгалзаж байгаа нь хуулийн болон бодит үндэслэлгүй. Г.Б “Алтай таван богд хайрхан” ХХК-ийн хувьцаа эзэмшигч байх үедээ тухайн төслөөс амины орон сууцны захиалгын гэрээ хийсэн бөгөөд нэхэмжлэгчийн оруулсан мөнгийг “Алтай таван богд хайрхан” ХХК-ийн барьж байгаа амины орон сууцны барилгын ажилд оруулсан байдаг. Өнөөдрийн байдлаар “Алтай таван богд хайрхан” ХХК-ийн хувьцааг өөр этгээд худалдан авч эзэмшиж байгаа бөгөөд тухайн амины орон сууцны төсөл нь бүхэлдээ бусдад шилжсэн байдаг. Мөн тухайн хэргийг хэрэгсэхгүй болгох өмгөөлөгчийн хүсэлтийг үндэслэлгүйгээр хүлээн аваагүй байна. Нэхэмжлэгч Ч.Ж 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хариуцагч Г.Б-д холбогдуулан “Амины орон сууц бариулах" гэрээний үүрэгт 528 050 750 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан. Дээрх 2012 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн “Амины орон сууц бариулах” гэрээний 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсэгт “Гэрээг хэрэгжүүлэхтэй холбогдон гарсан аливаа маргааныг талууд харилцан зөвшилцөх замаар шийдвэрлэх ба тохиролцоонд хүрээгүй тохиолдолд арбитрийн шүүхээр маргааныг шийдвэрлүүлнэ” гэж гэрээний үүргийн гүйцэтгэлтэй холбоотой маргаан гарсан тохиолдолд арбитраар шийдвэрлүүлэхээр талууд харилцан тохиролцсон байна. Гэрээний 6.4 дэх хэсэг болон Арбитрын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт заасны дагуу дээрх амины орон сууц бариулах гэрээний үүргийн гүйцэтгэлтэй холбоотой маргаан арбитрын журмаар шийдвэрлэгдэхээр байна. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2, 65 дугаар зүйлийн 65.1.1-т зааснаар тус хэрэг гэрээ болон хуулиар тогтоосон хэргийн харьяалал зөрчигдөж шийдвэрлэсэн бөгөөд Иргэний хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2 дах хэсэгт заасан үндсэн зарчим зөрчигдөж миний үйлчлүүлэгчийн хуулиар олгогдсон эрх зөрчигдөж байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй. Дээрхээс дүгнэхэд шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэж үзэж байна. Мөн шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт заасан шаардлагад нийцсэн дүгнэлт хийж чадаагүй. Нөгөөтэйгүүр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож буй өмгөөлөгчийн эрхийг зөрчсөн болно. Иймд анхан шатнаы шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүй нь шийдвэрийг хүчингүй болгох хуульд заасан үндэслэлд хамаарахгүй байх тул шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Ч.Ж нь хариуцагч Г.Б-д холбогдуулан гэрээний үүрэгт 565 634 900 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагадаа “зохигчийн хооронд 2012 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр байгуулагдсан амины орон сууц бариулах гэрээний үүргийг хариуцагч биелүүлээгүй тул уг гэрээний дагуу шилжүүлсэн 215 000 ам.долларыг гаргуулна...” гэсэн үндэслэл заасан.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэх үндэслэлээ “...орон сууцны барилгын ажлын гүйцэтгэл 90 хувьтай байгаа, мөнгийг орон сууцыг барихад зарцуулсан...” гэж тайлбарласан байна.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл талуудын хооронд 2012 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр байгуулагдсан гэрээний зүйл болох Баянзүрх дүүргийн Гачуурт дахь Хар усан тохойд амины орон сууц бариулах гэрээгээр хариуцагч нь 189 м.кв талбай бүхий амины орон сууцны ажлыг хариуцагч гүйцэтгэх, орон сууцны нийт үнэ 274 050 ам.доллар байхаас нэхэмжлэгч нь 215 000 ам.долларыг хариуцагчид шилжүүлсэн.

Дээрх гэрээнд заасан хугацаанд буюу 2012 оны 12 дугаар сарын 20-ны өдөрт багтаан барилгыг барих ажлыг хариуцагч гүйцэтгээгүй үйл баримт тогтоогдсон байна.

Зохигчийн хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар байгуулагдсан гэрээний хүчин төгөлдөр байдалд талууд маргаагүй, нэхэмжлэгч нь гэрээний үүргийг хариуцагч зөрсөнтэй холбоотойгоор уг гэрээнээс татгалзсан.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлсон, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгосон нь нотлох баримтанд үндэслэгдсэн боловч маргааныг шийдвэрлэхэд хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүй байна.

Давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой.

Хариуцагч, түүний өмгөөлөгчийн гаргасан “...маргаан нь Арбитрын журмаар шийдвэрлэгдэхээр байна...” гэх давж заалдах гомдлыг хангах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй гэж үзнэ. Учир нь Арбитрын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д “Арбитрын хэлэлцээртэй боловч шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд аль нэг тал нь тайлбар гаргахаасаа өмнө уг маргааныг арбитрын журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан бол шүүх аль нэг талын хүсэлтээр арбитрын хэлэлцээрийг хүчин төгөлдөр бус, эсхүл биелүүлэх боломжгүй гэж үзсэнээс бусад тохиолдолд шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дуусгавар болгоно.” гэж заасан.

Хариуцагч Г.Б-д холбогдуулан шүүх иргэний хэрэг үүсгэж, нэхэмжлэлийг түүнд гардуулсанаар хариу тайлбар гаргахдаа хэргийн харъаллын талаар маргаагүйгээс гадна Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.1-д заасан үндэслэлээр хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийг шүүх шийдвэрлэсэн байна.

Иймд дээх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хариуцагч, түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хариуцагч Г.Б нь давж заалдах журмаар гомдол гаргахад төлбөл зохих улсын тэмдэгтийн хураамж төлөх хугацааг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 101/ШЗ2019/12238 тоот захирамжаар хойшлуулсан байх тул нөхөн гаруулах нь зүйтэй.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дах  хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 101/ШШ2019/01803 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 225 дугаар зүйлийн 225.1, 218 дугаар зүйлийн 218.2-т...” гэснийг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1...” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахад төлөх улсын тэмдэгтийн хураамж 2 761 054 төгрөгийг Г.Б-аас нөхөн гаргуулж улсын төсвийн орлого болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

                                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Ц.ИЧИНХОРЛОО

                                 ШҮҮГЧИД                                                  Э.ЗОЛЗАЯА

                                                                                                  М.НАРАНЦЭЦЭГ