| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Базаррагчаагийн Түмэнцэцэг |
| Хэргийн индекс | 181/2024/00370/И |
| Дугаар | 181/ШШ2024/01661 |
| Огноо | 2024-04-23 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 23 өдөр
Дугаар 181/ШШ2024/01661
| 2024 04 23 | 181/ШШ2024/01661 |
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхна шатны шүүхийн шүүгч Б.Түмэнцэцэг би:
Нэхэмжлэгч: .... тоот хаягт оршин суух Аын М /рд:.../-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ...өөрийн байранд байрлах Х ХХК /рд:.../,
Хариуцагч: .... тоот хаягт оршин суух Дийн А /рд:.../ нарт холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 7,571,325 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хүсэлтийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
А.М миний бие Д.А, С.Оюундарь нарын охин болж 2005 онд төрсөн бөгөөд 2019 оноос эхлэн аав ээж хоёр хамт амьдрахаа больж тус тусын амьдралыг хөөхөөр болсон.
Аав ээж 2 хамт амьдарч байхдаа надад зориулж Ханд 17 жилийн хугацаатай хүүхдийн мөнгийг хадгалж байхаар 5000147959 тоот дансыг 2006/01/16- 2041/05/20-ны өдрийг хүртэл хугацаатай хамтран эзэмшигчээр аав Д.Аыг бүртгэж ирээдүйн саятан хүүхдийн хадгаламж нээлгэж тус дансанд хүүхдийн мөнгө шууд орж байх нөхцөлтэй хадгаламж нээлгэсэн.
Ингээд хүүхдийн мөнгө Хны тус дансанд cap бүр ордог байсан учраас М миний бие 2023.09.28-нд 18 насанд хүрч тус хадгаламжаасаа мөнгөө авах гэтэл хамтран эзэмшигч болох аав Д.А нь тус дансыг барьцаалж Хнаас зээл авсан байсан.
Ингэж зээл авахдаа аав Д.А нь А.М надад хэлээгүй, миний зөвшөөрлийг аваагүй байхад Хнаас хадгаламж барьцаапж зээл олгож хууль бус үйлдэл гаргасан.
Ингээд би тус хадгаламжийн дансаа хаалгах хүсэлт гаргахад та заавал энэ дансны зээлийн үлдэгдэл болох 5.002.383 төгрөгийг төлөхөөс нааш энэ хадгаламжийн дансыг хаахгүй гэж хэлсэн учраас аргагүй эрхэнд би аавын авсан зээлийн үлдэгдэл болох 5.002.383 төгрөгийг 2023.09.28-ны өдөр Ханд төлж дансаа хаалгасан.
Харин 2023.09.18-ны өдөр дээрх миний данснаас 2.568.942 төгрөг Хадгаламжийн хугацаа дуусаж данс хааж шилжүүлэв гэх утгатай гүйлгээ гарсан энэ мөнгийг Х авсан байсан.
Энэ гүйлгээг ямар учиртай миний данснаас суутгаж авсан талаар асуухад данс хугацаанаас өмнө хадгаламж цуцапж байгаа учраас хүүд 70 хувийг нь суутгаж авсан гэх тайлбарыг хэлсэн боловч энэ талаар надад мэдэгдээгүй надаас зөвшөөрөл авалгүй үндэслэлгүйгээр суутгаж авсан байна.
Иймээс миний хадгаламжид байсан нийт 7.940.165 төгрөгөөс аавын хадгаламж барьцаалж авсан зээлийн төлбөрийн үлдэгдэл болох 5.002.383 төгрөгийг надаар төлүүлж хаалгасан би тэр зээлийг аваагүй учраас хадгаламжид байсан 5.002.383 төгрөгийг аав болох Д.Ааас гаргуулах, харин Х нь хууль бусаар хамтран эзэмшигчийн зөвшөөрөлгүй хадгаламж барьцаалж зээл олгосон мөн хамтран эзэмшигч хугацаанаас өмнө тус дансыг цуцалж байгаа учраас хүүгийн суутгал авна гэж ямар нэгэн үндэслэлгүйгээр миний данснаас суутгаж авсан 2.568.942 төгрөгийг Хнаас тус тус гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ундрал шүүхэд гаргасан хүсэлтдээ: Нэхэмжлэгч А.М нь 2024 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр Д.Ааас 5,002,383 төгрөгийг гаргуулах, Хнаас 2,568,942 төгрөг, нийт 7,571,325 төгрөгийг тус тус гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа хийх явцад буюу 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр хариуцагч Д.А нь нэхэмжлэгч А.Мийн Хаан банкны данс болох 5431700392 тоот данс руу 7,571,325 төгрөгийг А ШШДАГУУ НЭХЭМЖЛЭЛ ТӨЛБӨР гэсэн утгаар шилжүүлэг хийсэн байна.
Нэгэнт нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнг хариуцагч Д. А нь сайн дураар хүлээн зөвшөөрч нэхэмжлэгч А.Мд буцаан олгосон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан эрхийн дагуу өдөр Д.Ааас 5,002,383 төгрөгийг гаргуулах, Хнаас 2,568,942 төгрөг, нийт 7,571,325 төгрөгийг тус тус гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа бүрэн татгалзаж байна.
Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4 дэх заалтын дагуу хариуцагч Д.А нь нэхэмжлэлийн шаардпагыг бүрэн хүлээн зөвшөөрсөн байх тул улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу буцаан олгож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А.М нь Хасбанк ХК болон Д.А нарт холбогдуулан 7,571,325 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ундрал нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.Ажзаргал нь нэхэмжлэлийн шаардлага болох 7,571,325 төгрөгийг нэхэмжлэгч А.Мийн Хаан банкны 5431700392 тоот данс руу шилжүүлсэн гэх үндэслэлээр тус шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан хүсэлтийг гаргасан байна.
Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дах хэсэгт заасны дагуу нэхэмжлэлээсээ татгалзсан нь хуульд нийцнэ.
Ийнхүү нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ундрал нь Хасбанк ХК болон Д.А нарт холбогдох 7,571,325 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсан байдал нь бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч А.М нь Хасбанк ХК болон Д.А нарт холбогдуулан 7,571,325 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаснаас түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ундрал татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 136,100 төгрөгийн 68,050 төгрөгийг улсын төсвийн орлого болгож, үлдэх 68,050 төгрөгийг улсын төсвийн орлогоос гаргуулж нэхэмжлэгч А.Мд олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ТҮМЭНЦЭЦЭГ