Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 1733

 

МАГАДЛАЛ

2019.09.23                                                Дугаар 1733                                     Улаанбаатар хот

 

Ж.А-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч А.Мөнхзул, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн,

2019 оны 06 дугаар сарын 11-ны өдрийн 183/ШШ2019/01358 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Ж.А-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Ж.Н-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 14 168 888 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.У,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: М.Э,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Ж.Нд 14 168 888 төгрөгийг нэг жилийн хугацаатайгаар, хүүтэй зээлж, амаар зээлийн гэрээ байгуулсан. Ийнхүү зээлийг Хаан банкин дахь Ж.Н-ийн нэр дээрх 5007959292 тоот дансанд шилжүүлснээр бидний хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ байгуулагдсан болно. 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Ж.Н нь надаас зээлсэн 14 168 888 төгрөгийг буцаан төлөх байсан бөгөөд зээлээ буцаан төлөхийг шаардсан боловч надаас зээл аваагүй хэмээн дайрч, эрх ашгийг хохироосоор байна. Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар бидний хооронд байгуулагдсан “Зээлийн гэрээ”-ний үүргийн гүйцэтгэлийг хангуулж, Ж.Н-оос 14 168 888 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: н.Нарантуяа гэж эмэгтэйн санал болгосноор “жи тайм” гэж сүлжээнд орох зорилгоор нийт 4 хүний бүртгэлийн хураамж болох 10 000 000 төгрөгийг (нэг хүний 2 500 000) нэхэмжлэгч гэх Ж.А-д 13 дугаар хороолол, бөхийн өргөөний хажуугийн байрны үүдэнд би өөрийн биеэр 2017 оны 4 дүгээр сарын үед аваачиж өгсөн. Намайг мөнгө өгсөн өдрөөс хойш тэрээр G-time сүлжээнд бүртгэл хийнэ, нэр солино, Е гэдэг хүнийг авах уу, болих уу ороод хар гэх мэтээр утсаар ярьж, мессэж бичиж, надтай харьцаж явж байгаад 3 сар болсоны эцэст G-time зүгээр хэрэггүй мөнгөө авсан дээр гэсэн мессэжийг 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдөр явуулахад нь мөнгөө авья хурдал гэхэд дансаа өгчих гэж байснаа гэнэт л бүртгэсэн, өөр хүний нэрийг өгсөн гэх мэт ор үндэслэлгүй зүйл ярьж байснаа 2017 оны 08 дугаар сарын 14-нийг хүртэл ор сураггүй болсон. Энэ мэтчилэн худлаа ярьж зугтааж удаан хугацаанд явсны эцэст 2017 оны 09 дүгээр сарын 26-ны орчим над руу яриад байр, зоорь, газар гэх мэт үл хөдлөх эд хөрөнгүүд байна, газруудыг тавина, эсвэл барьцаанд тавимаар байна, би өөрийн нэр дээр зээлтэй болохоор банк эсхүл банк бус байж болохгүй тиймээс хувиараа мөнгө зээлдэх хүн олооч, урамшууллыг нь өгнө гээд гуйгаад байсан. Би арга буюу G-time гэх залилангийн сүлжээнд өгсөн мөнгөө Ж.Агаас олж авахын тулд мөнгөтэй хувь хүн хайя гэж хэлээд үл хөдлөх эд хөрөнгө худалдан авах, барьцаалж зээл өгөх хүн сураглаж, хайж байгаад өөрийн найзаар дамжуулан мөнгө зээлэх хүн олоод энэ тухайгаа хэлэхэд би өөрөө хөөцөлдөж байна, зээл бүтэх гээд байна гээд 10 дугаар сарын 16-ны өдөр хүртэл явсан. Ингэж худлаа ярьж нэг хэсэг хугацаа өнгөрүүлсэний дараа чиний олсон хүнээс мөнгө зээлдэж авъя гэхээр нь найзынхаа олж өгсөн мөнгө зээлдэх хүнийг түүнтэй холбож өгсөнөөр тэрээр 90 000 000 төгрөгийг зээлдэж авсан байсан. Ингээд тохирсон ёсоор дээрх мөнгөний 10 хувь гээд 8 000 000 төгрөгийг болон G-timeд гэх хуурамч сүлжээнд оруулна гээд надаас авсан мөнгөний үлдэгдэл нийт 14 168 888 төгрөгийг миний Хаан банк дах дансанд 2017 дны 10 дугаар сарын 24-ний өдөр Ж.А шилжүүлсэн байсан. Ж.А надад мөнгө зээлдүүлээгүй, түүнд зээлдүүлэх мөнгө ч байхгүй харин намайг залилан G-time гэх залилангийн хуурамч сүлжээнд оруулна гэж мөнгө аваад буцаагаад төлөхдөө дансаар төлчихөөд түүнийг мөнгө зээлдүүлсэн гэж байгаа нь ор үндэслэлгүй гүтгэлэг тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй юм. Энэ үйл явдлыг гэрчлэх түүний надад бичсэн мессэж болон гэрчүүд байгаа. Иймд Ж.А-ийн надад бичсэн мессэжинд шүүхээр үзлэг хийлгүүлж, гэрчүүдийг шүүх хуралдаанд оролцуулж мэдүүлэг авахуулж түүний нэхэмжлэлийн шаардлагыг няцаах болно гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ж.Н-оос зээлийн гэрээний үүрэгт 14 000 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.А-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 228 795 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Ж.Нгоос улсын тэмдэгтийн хураамжинд 228 795 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ж.Ад олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Ж.Н-ийн гар утсанд Ж.А-тай харилцаж байсан мессеж, мөн цахим сүлжээний захидалд үзлэг хийсэн бөгөөд Ж.А, Ж.Н нарын харилцсан мессеженд Жи тайм сүлжээнд элсэхээр 11 200 000 төгрөг Ж.Нгоос өгсөн болох нь хангалттай нотлогдсон. Ийм байхад шүүхэд хариуцагч талаас ач холбогдолтой гэж үзэж үзлэг хийлгэсэн үзлэгийн тэмдэглэлийг огт үнэлэлгүй дан ганц тайлбарыг үндэслэл болгож нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь шүүх уг үзлэгийг хэрхэн үнэлсэн талаар огт дүгнэлт хийлгүй орхигдуулсан нь буруу байна. Энэ байдлуудаас үзэхэд шүүх хариуцагчийн гаргаж өгсөн нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай ач холбогдолтой, үнэн зөв талаас нь хуульд заасан зарчмыг баримталж үнэлээгүй байх бөгөөд хэргийн нөхцөл байдлыг бүрэн тогтоож чадаагүй хэргийг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2, 118 дугаар зүйлийн 118.4 дэх хэсэгт заасан нөхцөл, шаардлагыг хангаагүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хянан үзэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Нэхэмжлэгч Ж.А нь хариуцагч Ж.Н-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 14 168 888 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан байна.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл Ж.А нь 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Ж.Н-ийн 5007959292 тоот Хаан банкны дансруу 14 168 888 төгрөг шилжүүлсэн болох нь депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар тогтоогдож байна.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй учир нь “дээрх мөнгийг авах ёстой мөнгө байсан “жи-тайм сүлжээнд оруулна гэж мөнгө авсан мөн зээл өгөх хүн олж өгсөн тохиолдолд хувь өгнө” гэж тайлбарласан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна.

Нэхэмжлэгчээс хариуцагчид 14 168 888 төгрөгийг бодитоор шилжүүлсэн болох нь хэрэгт цугларсан баримтаар тогтоогдож уг мөнгөн хөрөнгийн зээл байсан гэж тайлбарлаж байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүсчээ. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт 14 168 888 төгрөгийг шаардах эрхтэй.

Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн харилцааг тодруулахаар фэйсбүүк цахим сүлжээний чатанд үзлэг хийж, тэмдэглэл үйлдсэн боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжгүй байна. Учир нь хариуцагчийн тайлбар, зөрүүтэй зээлийн харилцааны талаар тодорхой мэдээлэл үзлэг хийсэн тэмдэглэлд бичигдээгүй байна.

Дээрхээс дүгнэвэл хариуцагчийн давж заалдах гомдолд дурдсан “хариуцагчийн гаргаж өгсөн нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай ач холбогдолтой, үнэн зөв      талаас нь хуульд заасан зарчмыг баримталж үнэлээгүй байх бөгөөд хэргийн нөхцөл байдлыг бүрэн тогтоож чадаагүй” гэх байдал тогтоогдохгүй байна.

Иймд анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

  1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 183/ШШ2019/01358 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 228 800 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Н.БАТЗОРИГ

                 ШҮҮГЧИД                                      А.МӨНХЗУЛ

                                                                       М.НАРАНЦЭЦЭГ