Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 2022/ДШМ/10

 

 

 

 

Ц.Г-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                  Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч А.Сайнтөгс, шүүгч Н.Болормаа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;

                                                                                           

Прокурор: Г.А /шүүх хуралдааны танхимаас/,

Яллагдагч: Ц.Г /шүүх хуралдааны танхимаас/,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Намуунзул нарыг оролцуулан,

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Адъяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 2021/ШЗ/32 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрсөн дээд шатны прокурор С.Ц-ийн эсэргүүцлээр яллагдагч Ц.Г-д холбогдох 2119000000226 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Болормаа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Яллагдагч: Х овгийн Ц-ийн Г, Монгол Улсын иргэн, 1996 оны 08 дугаар сарын 26-ны өдөр, Төв аймгийн **** суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эцгийн хамт Дорноговь аймгийн ***** сумын * дугаар баг, *** тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлсэн тухайд:

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 23 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан түүний биечлэн эдлэх ялыг 2 жил 6 сар хорих ялаар тогтоосон,

 

Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 343 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сар хорих ялаар,

 

Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 110 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Ц.Г-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар 3/ гурав/ жил хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 /гурав/ жилийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 6 /зургаа/ жил хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, шүүгдэгч Ц.Г-д оногдуулсан 6 жилийн хорих ял дээр өмнөх Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 343 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хорих ялыг бүгдийг нэмж нэгтгэн, шүүгдэгч Ц.Г-ийн нийт эдлэх ялыг 6 жил, 6 сар хорих ялаар шийтгүүлж байсан,

 

Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 114 дугаар шүүгчийн захирамжаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт заасныг баримтлан, хорих ялаас эдлээгүй үлдсэн 5 жил, 5 сар, 12 хоногийн хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсон байна.

 

Хэргийн тухайд: Яллагдагч Ц.Г нь 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 22 цагийн орчим Дорноговь аймгийн Сайншанд сумын * дугаар баг, Мааньзавын *** тоот хашаанаас Г.Л-ын эзэмшлийн цагаан өнгийн Санни маркийн улсын дугааргүй мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 500,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.А-ээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг анхан шатны шүүх 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.

 

Анхан шатны шүүхээс: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх гэсэн үндэслэлээр буюу “...Прокуророос зорчих эрхийг хязгаарлах ялыг нэгтгэх асуудлыг шийдвэрлүүлэхийн тулд ялтны ялын тооцоо болон зорчих эрхийг хязгаарлах ялыг хорих ялаар солих асуудлыг шийдвэрлүүлэхдээ шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын саналыг үндэслэн прокурорын дүгнэлт гаргаж шүүхээр шийдвэрлүүлэх байтал Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын албан тоотыг үндэслэн шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлгүй ...Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 170.2.5-д заасан техникийн эсхүл биечилсэн хяналтаас 24 цагаас илүү хугацаагаар санаатайгаар зайлсхийсэн нь хуулийн 170.2-т заасан зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх журмыг ноцтой зөрчсөнд тооцох ба энэ тохиолдолд хуулийн 170.4 дэх хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх журмыг ноцтой зөрчсөн тохиолдолд зорчих эрхийг хязгаарлах ялыг хорих ялаар солих үндэслэл болохыг хуульчилсан байхад дээрх нөхцөл байдлыг мөрдөн шалгах ажиллагаагаар шалгаж тогтоогоогүй, энэ талаарх нотлох баримтыг хэрэгт хавсаргаагүй” гэсэн үндэслэлээр яллагдагч Х овгийн Ц-ийн Г-д холбогдох эрүүгийн 2119000000226 дугаартай хэргийг Дорноговь аймгийн Прокурорын газарт буцааж,

 

хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдаж, хэргийг прокурорт очих хүртэл яллагдагч Ц.Г-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар захирамжийг прокурор, яллагдагч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичих, гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

            Дээд шатны прокурор С.Ц эсэргүүцэлдээ: “...Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 170.2.2 дахь хэсэгт “гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн” гэж заасан байх тул эрүүгийн 2119000000226 дугаартай яллагдагч Ц.Г-д  холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулсны дараагаар ялтны эдлээгүй үлдсэн 05 жил 05 сар 12 хоногийн хорих ялыг мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсон ялд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан нэмж нэгтгэх нь зүйтэй гэж үзэж байна. Шүүх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна. Иймд 2021/ШЗ/32 дугаартай захирамжийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

 

            Яллагдагч Ц.Г давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би гаваа эвдэлснийхээ дараа энэ хулгайг хийгээгүй, харин цахим гав зүүсэн байхдаа энэ мотоциклийг эзэнд нь хэлээд унаж явсан. Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна, хохирлоо төлөөгүй байгаа, хэргээ хурдан түргэн шийдвэрлүүлмээр байна” гэв.

 

Прокурор Г.А давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...Ялын прокуророос шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад санал гаргасан байгаа. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар ял шийтгүүлсний дараагаар нэмж нэгтгэх асуудлыг ярина гэж заасан байдаг. Энэ хүн бол зорчих ялыг эдэлж байх хугацаандаа оргон зайлаад энэ гэмт хэргийг үйлдсэнийхээ дараа олдсон тийм учраас тухайн гэмт хэргийн үйлдсэн гэж үзээд гэмт хэргийн шалгаад энэ гэмт хэрэгт ял оногдуулсны дараа эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэх, эдлүүлэх асуудал яригдах ёстой, шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу дээд шатны прокурор С.Цэрэнсамбуугийн эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр, яллагдагч Ц.Г-д холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шүүгчийн “Хэргийг прокурорт буцаах” тухай захирамжийг дараах үндэслэлээр хүчингүй болгохоор шийдвэрлэв.

 

Яллагдагч Ц.Г-д Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021-05-14-ний өдрийн 110 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, мөн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийт 6 /зургаа/ жил хорих ял дээр Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020-09-01-ний өдрийн 343 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн, шүүгдэгч Ц.Г-ийн нийт эдлэх ялыг 6 жил, 6 сар хорих ялаар тогтоожээ.

 

Ялтан Ц.Г дээр дурдсан хорих ялыг эдэлж байхад буюу Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021-07-07-ны өдөр 114 дугаар захирамжаар ялтны эдлээгүй үлдсэн 5 жил 5 сар 12 хоногийн хорих ялыг 2021-07-02-ны өдөр батлагдсан “Өршөөл үзүүлэх” тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.2, 7.3-т хамааруулан хорих ялаас эдлээгүй үлдсэн 5 жил, 5 сар, 12 хоногийн хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж, шийдвэрлэсэн нь тус тус хавтас хэрэгт авагдсан холбогдох баримтаар тогтоогдож байна.

 

Хэдийгээр ялтан Ц.Г “Зорчих эрхийг хязгаарлах ял”-ыг эдэлж байхдаа “Хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн байх боловч Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Анх-Ирээдүйгээс, яллагдагч Ц.Г-ийн 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 22 цагийн орчим Дорноговь аймгийн **** сумын * дугаар баг, Мааньзавын *** тоот хашаанаас Г.Л-ын эзэмшлийн цагаан өнгийн Санни маркийн улсын дугааргүй мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 500,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Өөрөөр хэлбэл яллагдагч Ц.Г-ийн 2021-11-11-ний өдөр үйлдсэн “Хулгайлах” гэмт хэрэгт л яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байх ба прокуророос ялтан Ц.Г-г “зорчих эрхийг хязгаарлах ял эдлэх журмыг ноцтой зөрчсөн буюу ялыг биелүүлээгүй” учир уг ялыг хорих ялаар солиулах тухай прокурорын дүгнэлтийг шүүхэд гаргаагүйн гадна энэхүү нөхцөл байдлын талаар яллах дүгнэлтэд дурдаагүй байна.

 

Түүнчлэн Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдах нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нийцэхийн зэрэгцээ мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 170 дугаар зүйлд “Зорчих эрхийг хязгаарлах ял эдлэх журмыг зөрчих, зорчих эрхийг хязгаарлах ялыг хорих ялаар солих” нөхцөлийг тодорхой хуульчилсан байх ба мөн хуулийн 170.2.2-т “гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн” тохиолдлыг зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх журмыг ноцтой зөрчсөнд тооцож, зорчих эрхийг хязгаарлах ялыг хорих ялаар солино гэжээ.

 

 Иймд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээнд яллагдагч Ц.Г-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй бөгөөд энэ үндэслэлээр шүүгчийн захирамжийг хүчингүй болгон, дээд шатны прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, хангаж, шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

           

                Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3, 39.4 дүгээр зүйл, 39.5 дугаар зүйлийн 1, 1.1, 39.6 дугаар зүйлийн 1, 1.1, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.3, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 2022/ШЗ/32 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцааж, дээд шатны прокурор С.Ц-ийн эсэргүүцлийг хангасугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1, 1.5, 14.9 дүгээр зүйлд зааснаар яллагдагч Ц.Г-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 1, 1.1, 1.2, 1.3, 2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Н.БАТЧИМЭГ

 

                                              ШҮҮГЧИД                                   А.САЙНТӨГС

 

                                                                                                  Н.БОЛОРМАА