Шүүх | Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Баттулгын Одонтуяа |
Хэргийн индекс | 109/2021/0054/З |
Дугаар | 109/ШШ2023/0022 |
Огноо | 2023-09-08 |
Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 09 сарын 08 өдөр
Дугаар 109/ШШ2023/0022
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Одонтуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: “Н” ХХК,
Хариуцагч: Архангай аймгийн Ө сумын Засаг дарга нарын хоорондын “Архангай аймгийн Ө сумын Засаг даргын 2021 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн “Албан бичгийн хариу хүргүүлэх тухай” 3/465 тоот татгалзлыг хууль бус болохыг тогтоож, “Н” ХХК-ийн 2021 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахыг Архангай аймгийн Ө сумын Засаг даргад даалгах” шаардлага бүхий маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ө, хариуцагч Архангай аймгийн Ө сумын Засаг дарга Ю.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Д, хариуцагчийн өмгөөлөгч Э.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дуламсүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “Н” ХХК-аас Архангай аймгийн Ө сумын Засаг даргад холбогдуулан гаргасан “2021 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн “Албан бичгийн хариу хүргүүлэх тухай” 3/465 тоот татгалзлыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож, “Н” ХХК-ийн 2021 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахыг Архангай аймгийн Ө сумын Засаг даргад даалгах”-аар анх маргасан. Шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлагаа 2021 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн “Албан бичгийн хариу хүргүүлэх тухай” 3/465 тоот татгалзлыг хууль бус болохыг тогтоож, “Н” ХХК-ийн 2021 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахыг Архангай аймгийн Ө сумын Засаг даргад даалгах гэж өөрчилж маргаж байна.
2. Нэхэмжлэгч “Н” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Н” ХХК нь Архангай аймгийн Ө, Т сумын нутагт орших Далтын овоо нэртэй газарт ******** тоот хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайд 2021 онд хийгдэх Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хөрс, гадаргын усанд цацрагийн хэмжилт хийж хяналт тавих зорилгоор 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 21/10 тоот албан бичгээр “Байгаль орчны менежментийн төлөвлөгөө”-г батлуулахаар Архангай аймгийн Ө сумын Засаг даргад хүргүүлсэн. Гэтэл Архангай аймгийн Ө сумын Засаг даргын 2021 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 3/465 тоот албан бичгээр хууль бус үндэслэлээр Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахаас татгалзсан. Захиргааны ерөнхий хуулийн 93 дугаар зүйлийн 93.1-т “Иргэн, хуулийн этгээд гомдлыг тухайн захиргааны актыг гаргасан байгууллагын дээд шатны захиргааны байгууллагад, эсхүл гомдол хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гаргана.” гэж заасны дагуу дээрх шийдвэрийг эс зөвшөөрч дээд шатны албан тушаалтан болох Архангай аймгийн Засаг даргад 2021 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 21/11 тоот албан бичгээр гомдол гаргасан боловч өнөөдрийг хүртэл шийдвэрлээгүй, манай компанид ямар нэг хариу ирүүлээгүй тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу шүүхэд хандаж байгаа болно. Архангай аймгийн Ө сумын Засаг даргын татгалзал хууль бус болох тухайд Нэг. Хариуцагч нь “2021 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн Ө сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар “Шаргачны гол” орчмын 32800 га газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авсан” гэх боловч сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар орон нутгийн тусгай хамгаалалтад авсан гэх талбай нь манай компанийн тусгай зөвшөөрлийн талбай хамаарч байгаа эсэх нь тодорхойгүй, энэ талаар албан ёсоор нэхэмжлэгчид мэдэгдээгүй байхад энэхүү үндэслэлээр татгалзаж байгаа нь хууль бус юм. Хоёр. Хариуцагчийн татгалзлын хоёр дахь үндэслэл нь “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт зааснаар бүрэн эрхийн хүрээнд орон нутгийн тусгай хамгаалалтад авсан учир тус хуулийн 29 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу хууль тогтоомжийг хэрэгжүүлэх үүрэгтэй” гэж тусгасан байна. Гэтэл тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн энэ заалт нь манай компанийн энэхүү тохиолдолд хэрэглэгдэхгүй гэж үзэж байна. Учир нь “Н” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Архангай аймгийн Ж, Т, Ө сумын Засаг даргад тус тус холбогдох “Н” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн талбайн 2018, 2019 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахгүй байгаа Архангай аймгийн Ж, Т, Ө сумын Засаг дарга нарын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахыг Архангай аймгийн Ж, Т, Ө сумын Засаг дарга нарт даалгах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байх хугацаанд тухайн газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан нь холбогдох хуулиудыг ноцтой зөрчсөн хууль бус үйл ажиллагаа юм. Тухайлбал, Ашигт малтмалын хуульд зааснаар тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах журмыг нарийвчлан зохицуулсан бөгөөд энэ тохиолдолд Ашигт малтмалын тухай хуулийн заалтыг баримталж энэ хуульд заасан журмын дагуу явагдах ёстой байсан. Гэтэл Ашигт малтмалын тухай хуульд заасан нөхцөлүүдийг огт хийлгүйгээр Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийг баримталж татгалзсан нь хууль зүйн үндэслэлгүй. Гурав. Хариуцагчийн татгалзлын гурав дахь үндэслэл нь “Байгаль орчинд нөлөөлөх байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 байгаль орчны менежментийн төлөвлөгөө нь байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний салшгүй бүрэлдэхүүн хэсэн байна гэсэн заалттай иймд орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ байхгүй тул батлах боломжгүй” гэжээ. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т “Байгаль орчны менежментийн төлөвлөгөө нь байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний салшгүй бүрэлдэхүүн хэсэг байна” гэж заасан боловч Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үйл ажиллагааг Ашиг малтмалын тухай хуулиар нарийвчилсан зохицуулсан байдаг. Өөрөөр хэлбэл энэ тохиолдолд Ашигт малтмалын тухай хуулийн заалтыг баримтлах ёстой. Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацааг сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргаж, түүнд дараахь баримт бичгийг хавсаргана”, 22.1.3-д “байгаль орчны менежментийн төлөвлөгөөг энэ хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу шинэчлэн батлуулсан баримт” гэж зааснаас үзвэл Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулах ёстой гэж заасан болохоос биш, байгаль орчин нарийвчилсан үнэлгээний тайланг шаардаагүй. Иймд байгаль орчны нарийвчилсан үнэлгээний төслийг ирүүлээгүй гэж татгалзсан нь хууль зөрчсөн гэж үзнэ. Дөрөв. Хариуцагчийн татгалзлын дөрөв дэх үндэслэл нь “нутгийн удирдлага, иргэдээс эсэргүүцэн удаа дараа шаардлага хүргүүлж байсан, мөн улсын дээд шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 178 тоот хүчин төгөлдөр шийдвэр байх тул” гэжээ. Улсын дээд шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 178 дугаар тогтоолоор 2018, 2019 оны Байгаль орчны менежментийн төлөвлөгөө батлуулах асуудлаар гарсан шийдвэр бөгөөд 2021 оны төлөвлөгөөг хянуулах асуудлаар уг тогтоолыг үндэслэн татгалзах нь хууль зүйн үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл он онд татгалзсан үндэслэлээр маргасан хэдий ч энэ нь зөвхөн тухайн цаг хугацаанд хамаарах бөгөөд уг тогтоол “цаашид огт батлахгүй” гэсэн агуулгаар тайлбарлах нь буруу гэж үзэж байна. Нөгөө талаар тухайн үед захиргааны байгууллагаас татгалзсан шалтгаан нөхцөлийг нэхэмжлэгч арилгасан бөгөөд энэ хугацаанд тусгай зөвшөөрлийн талбайд 2020 онд хэрэгжүүлэх байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хуульд нийцүүлэх боловсруулах үйл ажиллагааг явуулсан. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр Архангай аймгийн Ө сумын Засаг даргын 2021 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахаас татгалзсан татгалзлыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож, “Н” ХХК-ийн 2021 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахыг хариуцагчид даалгаж өгнө үү.” гэжээ.
3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ө шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Архангай аймгийн Ө сумын Засаг дарга Нуклер энержи компани байгаль орчинд хайгуул хийхээс татгалзсан 2021 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 3 дугаар 465 тоот татгалзлыг хуулийн тогтоолд болон хүчингүй болгож Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг баталж өгөхийг хариуцагчид даалгах гэсэн ийм шаардлага бүхий нэхэмжлэлийг дараах үндэслэлээр гаргаж байна. Энэ Н ХХК-ийн дээрх иргэдийнх нь Архангай аймгийн Ө болон Ж, Т сумын нутагт орших Тахилын овоо нэртэй газар хайгуулын ***** тоот хайгуулын тусгай зөвшөөрөлтэй тогтоол 2021 онд хийгдэх байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хөрс гадаргын усанд цацрагийн хэмжилт хийж тойм тавих зорилгоор Монгол Улсын холбогдох бодлоготой болж Байгаль орчин аялал жуулчлалын сайдын А/628 тоот тушаалаар нотолсон журмын дагуу боловсруулаад Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулахаар Архангай аймгийн Ө сумын Засаг даргад хүргүүлсэн. Гэтэл Архангай аймгийн Ө сумын Засаг дарга 2021 дугаар оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 3/465 тоот албан бичгээр хууль бус үндэслэлээр байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахаас татгалзсан. 1 дүгээрт хариуцагч буюу Архангай аймгийн Ө сумын Засаг дарга нь 2021 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн Ө сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар Шаргачны голын 32800 га газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авсан. Энэ тусгай хамгаалалтад авсан компани буюу нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийн талбай хамаарч байгаа. Хамаарч байгаа бол бүхэлд нь хамаарч байгаа юм уу эс үгүй бол зарим хэсгийг нь хамаарч байгаа юм уу энэ талаар одоо тодорхойгүй. Энэхүү татгалзлыг гаргахдаа татгалзал нь өөрөө байгаль орчны менежментийн төлөвлөгөөгөө батлуулах гээд Засаг даргад хамтарч байгаа манай компанийн эрх үйл ажлын ашиг сонирхлыг сөргөөр нөлөөлж байгаа юм. Ингэж сөргөөр нөлөөлсөн шийдвэр буюу татгалзал гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд заасан процесс захиргааны татгалзал гаргах буюу захиргааны акт гаргахдаа баримтлах процесс ажиллагаануудыг бүрдээгүй сонсох ажиллагаа хийгдээгүй. Татгалзлын 2 дахь үндэслэлээ ТХГН-ийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2, 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт заасны дагуу одоо тусгай хамгаалалтад авсан учраас хууль тогтоомжийг хэрэгжүүлэх үүрэгтэй гэж одоо тусгасан. Хэдийгээр ТХГН-ийн тухай хуулийн заалтыг үндэслэж одоо захирамждаа дурдаж байгаа боловч энэ өөрөө ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн талбай байгаль орчны менежментийн төлөвлөгөөг боловсруулж байгаа бөгөөд Ашигт малтмалын тухай хуулиар нарийвчлан зохицуулагдсан харилцаа байгаа. Тэгэхээр энд бол ТХГН-ийн тухай хууль гэхээсээ илүү Ашигт малтмалын тухай хуульд заасан эрх зүйн үндэслэлүүд яригдах ёстой байтал зөвхөн ТХГН-ийн тухай хуулийн үндэслэл татгалзах юм үндэслэлгүй. Мөн татгалзлынхаа дараагийн үндэслэлд Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т заасны дагуу нарийвчилсан үнэлгээг ирүүлээгүй тул энэхүү байгаль орчны төлөвлөгөөг батлахгүй гэдэг нь батлахаас татгалзаж байна гэдэг үндэслэлийг заадаг. Энэ тохиолдолд мөн адил Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт заасны дагуу тусгай зөвшөөрөл эзэмшигч нь түүний хугацааг сунгуулах үүрэгтэй төрийн захиргааны байгууллагад гаргаж мөн дараах баримт бичгийг хавсаргана гэж заасны дагуу 22 дугаар зүйлийн 22.1.3 дахь хэсэгт байгаль орчны менежментийн төлөвлөгөөг Ашигт малтмалын тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу шинэчлэн батлуулсан баримт гэж заасан. Тэгэхээр Ашигт малтмалын тухай хуульд байхгүй шаардлага тавьж Ашигт малтмалын тухай хуулиар ирүүлэхийг шаардлагагүй албан бичгийг ирүүлээгүй гэж татгалзаж байгаа нь өөрөө хууль бус гэж үзэж байгаа. Хариуцагчийн татгалзлын төрөл гомдлын нутгийн удирдлага иргэдийн зүгээс эсэргүүцсэн удаа дараа шаардлага хүргүүлж байсан. Мөн Улсын дээд шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 108/78 тоот хүчин төгөлдөр шийдвэр байхгүй бол нотлох боломжгүй гэж заасан. Энэ Улсын дээд шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 178 дугаар тогтоол нь өөрөө 2018, 2019 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулах асуудлаар гарсан шүү дээ. Улсын дээд шүүхийн тогтоолыг эш татаж татгалзаж байгаа нь өөрөө үндэслэлгүй байгаа юм. Тэгэхээр Ө суманд 2014-2019-оны хооронд менежментийн төлөвлөгөөг батлуулъя гэж хүсэлт гаргах ямар ч боломжгүй харин Т болон Ж сум руу хүсэлтээ гаргаад түүнтэй холбоотой маргаанаа шүүхэд гаргаад дуусмагц 2021 онд Ө сум руу төрийн тусгай хамгаалалтад авсан тогтоол байгаа эсэхийг бид нар мэдэхгүйгээр гаргасан. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх явцад нэхэмжлэл гаргасан хувьцаа эмшигч нь гүйцэтгэх үйл ажиллагаа явуулах эрхийг нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хязгаарласан байсан гэдгийг шүүгчийн захирамжаар заасан байгаа. Иргэний хуулийн 72 дугаар зүйл заасан шүүхэд хандсан хөөн хэлэлцэх хугацаа зайлшгүй тасалдах ёстой. Ийм учраас манай шүүхэд хандах эрх нь хадгалагдаж байгаа гэж үзэж байгаа. Монгол Улсын нутаг дэвсгэр үйл ажиллагаа явуулж байгаа захиргааны байгууллага албан тушаалтнууд үйл ажиллагаандаа Захиргааны ерөнхий хуулийг зайлшгүй мөрдлөг болгож ажиллах үүрэгтэй гэж үзэж байна. Үндэслэл бүхий байна гэдэг нь нотолгоо, судалгаа, дүгнэлттэй байна л гэсэн ийм ойлголт. Тэрнээс биш манай иргэд эсэргүүцээд байгаа учраас танай менежментийн төлөвлөгөөг батлахгүй гэсэн. Ийм хуульд байхгүй шаардлага тавьж татгалзаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Одоо Монгол Улсад ашиглалтын чиг ураны тусгай зөвшөөрөлтэй ганцхан компани байгаа нь Дорноговь аймгийн Улаанбаатар суманд үйл ажиллагаагаа явуулж байгаа “Атар инвест” гэж компани байгаа. Энэ компани үйл ажиллагаа явуулахдаа Францын хөрөнгө оруулалттай гэж компани ашиглалт болохдоо Монгол улсын ЗГ-т Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу 34%-аар өгдөг. Ингээд Францын хөрөнгө оруулалт болон Монгол Улсын ЗГ хамтарсан компани байгуулаад 34%-аа өгөх ёстой. Гаднын хөрөнгө оруулалтын компани дотоодынх ч бай том төсөвтөө 30 хувийг заавал ЗГ эзэмшдэг. Монгол Улсын ЗГ-ын хяналт орж ирдэг хөрөнгө оруулалтын гэрээ хийгддэг хамтын ажиллагааны гэрээ хийгдэж байж цаашаа ашиглалт болдог. Төлөвлөгөөг хэрвээ батлахгүй гэж байгаа бол Засаг дарга маань та нар ийм юм оруулаач та нар танай менежментийн төлөвлөгөөнд чинь ийм юм тусгагдаагүй байна бид нар ийм юм тусгуулмаар байна гээд ажилласан бол гэж бол хүлээн зөвшөөрнө. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү.” гэв
4. Хариуцагч Архангай аймгийн Ө сумын Засаг дарга шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “... Архангай аймгийн Ө сумын Азарга багийн нутаг “Шаргачны гол” орчмын газрыг сумын тусгай хамгаалалтад авах тухай Ө сумын Азарга багийн иргэдийн Нийтийн Хурлын 2014 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 04 тоот тогтоолыг /саналыг/ үндэслэн Ө сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2014 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 28 тоот, 2021 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 04 тоот тогтоолуудаар Шаргачны гол орчмын 32800 га газрыг сумын тусгай хамгаалалтад, Архангай аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2014 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 07 тоот тогтоолоор байгалийн нөөц газрын ангиллаар аймгийн тусгай хамгаалалтад тус тус авч, тусгай хамгаалалтад авсан газрын хилийн заагийг хавсралтад зааснаар баталсан бөгөөд уг баталсан тусгай хамгаалалттай талбайтай нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрөлтэй талбай давхцаж байгаа болно.
“Н” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн талбайн 2018, 2019 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахгүй байгаа Архангай аймгийн Өндөр- Улаан, Ж, Т сумдын Засаг дарга нарын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахыг Архангай аймгийн Өндөр- Улаан, Т, Ж сумын Засаг дарга нарт даалгах” тухай шаардлага бүхий маргааныг хянан шийдвэрлэхээс өмнө иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолуудаар дээрх газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авчихсан байсан учир Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн холбогдох зүйл заалтуудыг баримтална. Тухайлбал Шаргачны голын орчмын газрыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолоор байгалийн нөөц газрын ангиллаар тусгай хамгаалалтад авсан бөгөөд Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “байгалийн нөөц газарт .... ашигт малтмал хайх, олборлох... аливаа үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэсэн зохицуулалт энэ үед мөн хамаарна. Харин Ашигт малтмалын тухай хуулийн холбогдох заалтуудыг хэрэглэхгүй.
2.“Н” ХХК нь хөрс, гадаргын усанд цацрагийн хэмжилт хийж хяналт тавих зорилгоор хийсэн Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг боловсруулж, сумын Засаг даргатай зөвшилцөж батлуулах үүргээ биелүүлээгүй, шууд батлуулахаар ирүүлсэн, байгаль орчныг хамгаалах талаар хуулиар хүлээлгэсэн үүргээ мөн биелүүлж байгаль орчныг хамгаалах арга хэмжээнд шаардагдах зардлын тодорхой хувийг мөнгөн хэлбэрээр манай дансанд байршуулаагүй.
3.Цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын 5359Х дугаартай тусгай зөвшөөрлийн талбайд багтсан Далтын овоо гэх газар манай сумын Азарга багийн нутагт оршдог, уул, гол, мөрний урсаж бүрэлдэх эх үүсвэр, байгалийн ургамал, амьтан элбэгтэй, газрын өвөрмөц тогтоцтой газруудтай, 109 өрхийн 585 хүн мал аж ахуй эрхлэн амьдардаг, 36000 орчим мал идээшилж бэлчдэг усны сан бүхий байгалийн нөөц газарт ордог.
4.“Н” ХХК нь Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 75 тоот магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Захиргааны хэргийн шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 178 тоот тогтоолд дурдагдсан үндэслэлийг хэрхэн арилгасан болох нь тодорхойгүй, 2021 оны Байгаль орчны менежментийн төлөвлөгөөндөө ***** дугаартай цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл, уг тусгай зөвшөөрлийн хугацаа хүчин төгөлдөр эсэх, сэргээсэн, сунгасан талаарх эрх бүхий этгээдийн шийдвэр зэргийг тус тус хавсаргаж ирүүлээгүй.
Мөн Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд зааснаар төсөл хэрэгжүүлэгч хуулийн этгээд нь төсөл хэрэгжих нутаг дэвсгэрийн байгаль орчныг хамгаалах, зүй зохистой ашиглах, нөхөн сэргээх, стратегийн үнэлгээний зөвлөмжийн хэрэгжилтийг хангах, нөлөөллийн нарийвчилсан үнэлгээгээр тогтоосон сөрөг нөлөөллийг бууруулах, арилгах, урьдчилан сэргийлэх, төсөл хэрэгжих орчинд бий болж болзошгүй сөрөг үр дагаврыг хянах, илрүүлэх зорилгоор байгаль орчны менежментийн төлөвлөгөөг байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээг гүйцэтгэсэн байгууллага боловсруулна гэж зааснаас харахад “Н” ХХК нь байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинэчлэн батлуулахдаа байгаль орчны нарийвчилсан нөлөөллийн үнэлгээний тайланг хавсаргах ёстой байтал хавсаргаагүй зэрэг болно. Иймд Архангай аймгийн Ө сумын Засаг дарга миний бие нэхэмжлэгч “Н” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.” гэжээ.
Хариуцагч Архангай аймгийн Ө сумын Засаг дарга шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2021 оны Байгаль орчны менежментийн төлөвлөгөө батлуулах тухай албан тоот байгаль орчны менежментийн төлөвлөгөөг 2021 оны 9 сард хүлээн авч хүлээн авч хуулийн хугацаанд хариуг нь буцаан хүргүүлсэн байгаа. Татгалзах үндэслэлийг ерөнхийдөө сая нэхэмжлэх талын дүгнэлтэд дурдагдлаа. Энэ тал дээр нэмээд ганц нэг зүйлийг тодруулж хэлье гэж бодож байна. 2019 оны Байгаль орчны менежментийн төлөвлөгөө батлуулахаар хүсэлтээ ирүүлээд мөн батлаагүй учраас баталж өгөхийг даалгана уу хэмээн шүүхэд нэхэмжлэл гаргаж 3 шатны шүүхээр шийдвэр гарсан байгаа. Монгол улсын улаан номд орсон нэн ховор амьтан болох тул загас маш олноороо байдаг, тул загасны ерөнхийдөө Монголд байдаг гол цэг нь гэж үзэж болно. Мөн эртний дээр үеийн хаад язгууртын дурсгалт бичээс бүхий ханан хясаанууд маш олноороо байдаг. Тэгээд энэ орон зайд маш их жимс, цэцэг, байгалийн үзэсгэлэнт газартай нийт нутгийн иргэдээс манай энэ орчин бол онцгой объект юм. Тийм учраас орон нутгийн тусгай хамгаалалтад авч өгнө үү гэдэг хүсэлт удаа дараа хэлсэн учраас орон нутгийн тусгай хамгаалалтад авсан. Тэрнээс нэхэмжлэгч талын хайгуулын лиценз бүхий талбайг орон нутгийн тусгай хамгаалалтад авсан юм байхгүй. Талбайн хувьд Шарагчны голын сав газар дагуух нутаг манай сумын нутагт хамаарч байгаа хэсэг нь нэхэмжлэгч талын ураны лиценз бүхий хуучин байсан тэр талбайтай давхцаж байгаа. Ер нь бол ийм онцгой бүс учраас байгаль орчны нарийвчилсан үнэлгээ орон зайд байгаа. Хайгуул хийхээр хүсэлт ирүүлж байгаа бол байгаль орчны нарийвчилсан үнэлгээг байгаль орчны тухай хуулийн дагуу заавал хийх ёстой гэж үзсэн. Тэгээд 2019 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөгөө батлуулахаар ирүүлсэн хүсэлтийг 3 шатын шүүхээр хэрэгсэхгүй болгож шийдсэн байсан учраас ер нь бол хуульд нийцээгүй хүсэлт байсан байна гэж үзэж үндэслэлээ гаргаж ирсэн гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Архангай аймгийн Ө сумын Азарга багийн нутаг Шаргачны гол хэсгийн газрыг сумын тусгай хамгаалалтад авах тухай Ө сумын Азарга багийн иргэдийн нийтийн хурлын 2014 оны 3 сарын 11-ний өдрийн 04-ний тоот тогтоолыг үндэслэн Ө сумын Иргэний төлөөлөгчдийн хурлын 2014 оны 4 сарын 21-ний өдрийн 28 тоот 2021 оны 5 сарын 11-ний өдрийн 04 тоот тогтоолуудаар Шарагчны гол орчмын 32800 га газрыг сумын тусгай хамгаалалтад Архангай аймгийн Ө сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 6 сарын 30-ны өдрийн 07 тоот тогтоолоор Байгалийн нөөц газрын ангиллаар аймгийн тусгай хамгаалалтад тус тус авсан. Уг тусгай хамгаалалттай талбайтай нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрөлтэй талбай давхцаж байгаа. “Н” ХХК нь хөрс гадаргын усанд цацрагийн хэмжилт хийж хяналт тавих зорилгоор хийсэн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг боловсруулж сумын Засаг даргатай зөвшилцөж батлуулах үүргээ биелүүлээгүй мөн шууд батлуулахаар ирүүлсэн байгаль орчныг хамгаалах талаар хуулиар хүлээсэн үүргээ мөн биелүүлж байгаль орчныг хамгаалах арга хэмжээнд шаардагдах зардлын тодорхой хувийг мөнгөн хэлбэрээр манай дансанд тус тус байршуулаагүй байгаа. Энэ нь татгалзлын хэлбэр болж байна.” гэв.
8. Хариуцагчийн өмгөөлөгч Э.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өнөөдрийн бидний нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлогдож байгаа гол маргааны зүйл Архангай аймгийн Ө сумын Засаг даргын 2021 оны 9 сарын 14-ний өдрийн албан бичиг байгаа. Уг албан бичгийн гол үндэслэл нь “Н” ХХК-ийн 2021 оны байгаль орчны нэхэмжлэлийн төлөөлөгчөөр батлахгүй байгаа эс үйлдэхүйн хууль ёсны тогтоолгоод Ө сумын Засаг даргад 2021 оны байгаль орчны нэгжүүдийн төлөвлөгөөг батлахыг даалгах үндсэн шаардлага байгаа юм. Уг шаардлагын хүрээнд нэхэмжлэл нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд анхан урьдчилан шийдвэрлэх журам хэрэгжиж анхан шатны шүүхэд 2021 онд ирсэн. Уг ирсний дараа хариуцагч байгууллагын зүгээс хуульд заасан хугацааныхаа дотор хариу тайлбараа албан бичгээр хүргүүлсэн Уг шаардлагын хүрээнд нэхэмжлэл нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд анхан урьдчилан шийдвэрлэх журам хэрэгжиж анхан шатны шүүхэд 2021 онд ирсэн. Хариуцагч байгууллагын төлөөлөгч байгууллагын зүгээс хуульд заасан хугацааныхаа дотор хариу тайлбараа албан бичгээр хүргүүлсэн. Уг хариу тайлбарын албан бичгээр хүргүүлсэн хариу тайлбараа хариуцагч болон төлөөлөгч 2 бас дурдлаа. Уг дурдсан зүйл дээр бас нэмж дурдагдаагүй. Гаргасан үндэслэл хууль зүйн талаар өөрийн тайлбараа хэлье. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлтэй холбоотой асуудал дээр гаргасан хуулийн зохицуулалттай холбоотой асуудал дээр өөрийн санал тайлбараа хэлье. 1 дүгээрт “Н” ХХК-ийн одоо эзэмшиж байсан гэх эзэмшиж байгаа гэх Далдын овоо нэртэй газарт байрлах 2020 7685 реактор бүхий цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын 53 59 дугаартай тусгай зөвшөөрлийн талбай нь Ө сумын нутагт 20120 20120,93 реактор талбайгаар хамардаг. Сумын нутагт үлдсэн 7352,7 реактор талбайг Ж сумын нутагт багтдаг. Ийм ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн талбай юм байгаа юм. Нийт энэ талбайнх нь дал гаруй хувь нь Ө сумын Далдын овоо гэх газарт газар мөн азарга багын нутагт оршдог. Цөмийн энергийн тухай хуулийн 15 дугаар зүйл 15.2.1-д зааснаар эсрэг ашигт малтмал эргэн хайх үйл ажиллагааг экологи уул уурхайн асуудал гэсэн төрийн захиргааны байгууллагаас олгосон тусгай зөвшөөрөлтэйгөөр үйл ажиллагаа эхлэх ёстой байтал 2017 оны 7 дугаар сарын 26-ны өдөр дуусгавар болсон. Тусгай зөвшөөрөлтэй байж үйл ажиллагаагаа эрхлэх гээд байгаль орчны менежментийн төлөвлөгөөгөө батлуулах гээд ингээд яваад байгаа нь өөрөө бас хуульд хэрхэн нийцэх вэ? Тухайн зөвшөөрлийг, тусгай зөвшөөрлийн хугацааг, тусгай зөвшөөрлийн хүчинтэй байх хугацааг хүчинтэй хугацааг сунгаад тухайн зөвшөөрлийг хүчинтэй байлгах үүргийг дүгнэж тухайн тусгай зөвшөөрлийг эзэмшигч байгууллага этгээд хуулиар хүлээх ёстой. Архангай аймгийн Ө сум Засаг дарга хүлээхгүй. Архангай аймгийн Ө сумын газрын Ашигт малтмалын газар Ашигт малтмал газрын тосны газарт энэ кадастрын хэлтэс хүлээхгүй. Зөвхөн тухайн зөвшөөрлийг эзэмшиж байгаа хуулийн этгээдэд тусгай зөвшөөрөл байгаа. Хуулийн хүчин төгөлдөр байх үүргийг хуулийн өмнө хүлээж байгаа уг үүргээ тодорхой хэмжээнд биелүүлээгүй атлаа хуульд заасан эрх үүрэг зөрчигдөөд байна. Миний тусгай зөвшөөрлийг хууль ёсны эзэмшигч нь мөн юм шиг ингэж бас нэхэмжлэлийн шаардлага гаргаж явах нь зүйд хэрхэн нийцэх вэ гэдэг талаар хэлэх нь зүйтэй байна.Цөмийн энергийн тухай хуулийн 27 дугаар зүйл Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйл дээр тусгай зөвшөөрлийн дуусгавар болох хэд хэдэн хууль зүйн үндэслэлийг заагаад өгсөн байгаа. Тусгай зөвшөөрлийн дуусгавар болох үндэслэл нь хугацаа дууссан тохиолдолд тусгай зөвшөөрөл дуусгавар болохоор хуульчилж өгсөн байгаа учраас би “Н” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын **** тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болчихсон байна гэж хууль зүйн дүгнэлтэд хэлж байна. Өнөөдрийн байдлаар 2023 оны 8 сарын 23-ны өдрийн байдлаар тусгай зөвшөөрөл сунгагдсан эсвэл тусгай зөвшөөрлийг сунгуулах талаар өргөдөл хүлээж авах ийм эрх үүсээгүй байгаа болох нь Ашигт малтмал газрын ЗГ-ын 2023 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 40/79 тоот албан бичгээр тогтоогдож байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэв.
Шүүх энэ хэрэгт хуульд заасан нөхцөл журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын тайлбарыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд дараах хууль зүйн үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв. Учир нь:
1.1. Нэхэмжлэгч “Н” ХХК-иас Архангай аймгийн Ө сумын Засаг даргын 2021 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн “Албан бичгийн хариу хүргүүлэх тухай” 3/465 тоот татгалзлыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож, “Н” ХХК-ийн 2021 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахыг Архангай аймгийн Ө сумын Засаг даргад даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргаж, тус шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн 109/ШЗ2021/0358 дугаар шүүгчийн захирамжаар захиргааны хэрэг үүсгэсэн байна.
1.2. Улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс “Архангай аймгийн Ө сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн “Орон нутгийн тусгай хамгаалалтад авах тухай” 04 дугаартай тогтоолыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг гаргаж, тус шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн 109/ШЗ2023/0139 дүгээр шүүгчийн захирамжаар “Н” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Архангай аймгийн Ө сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох “Архангай аймгийн Ө сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн “Орон нутгийн тусгай хамгаалалтад авах тухай” 04 дугаартай тогтоолыг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий хэргийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2. дахь хэсэгт зааснаар тусгаарлажээ. (2 дугаар хавтаст хэргийн 59-60 дахь тал)
1.3. Ийнхүү Архангай аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн 109/ШЗ2022/0140 дүгээр шүүгчийн захирамжаар “Н” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Архангай аймгийн Ө сумын Засаг даргад холбогдох “Архангай аймгийн Ө сумын Засаг даргын 2021 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн “Албан бичгийн хариу хүргүүлэх тухай” 3/465 тоот татгалзлыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож, “Н” ХХК-ийн 2021 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахыг Архангай аймгийн Ө сумын Засаг даргад даалгах” шаардлага бүхий хэргийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлжээ. (2 дугаар хавтаст хэргийн 61-62 дахь тал)
1.4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.3. дахь хэсэгт зааснаар 2023 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 109/ШЗ2023/0018 дугаар шүүгчийн захирамжаар уг захиргааны хэргийн түдгэлзүүлсэн шалтгаан арилсан байх тул хэрэг хянан шийдвэрлэж ажиллагааг сэргээжээ. (2 дугаар хавтаст хэргийн 100-101 дэх тал)
1.5. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүгчийг татгалзан гаргах хүсэлт гаргаж, 2023 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн 109/ЕШ2023/0007 дугаар ерөнхий шүүгчийн захирамжаар хүсэлтийг шийдвэрлэж, тус шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн 109/ЕШ2023/0008 дугаар ерөнхий шүүгчийн захирамжаар уг хэргийг Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхээр хянан шийдвэрлүүлэхээр хэргийг хүргүүлсэн. (2 дугаар хавтаст хэргийн 141-148 дахь тал)
1.6. Улмаар Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 121/ЕШ2023/0020 дугаар ерөнхий шүүгчийн “Хэрэг шилжүүлэх тухай” захирамжаар “Н” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Архангай аймгийн Ө сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг тус шүүхэд шилжиж ирсэн тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж хэргийг шийдвэрлэсэн болно. (3 дугаар хавтаст хэргийн 255-257 дахь тал)
1.7. Нэхэмжлэгч талаас шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа “2021 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн “Албан бичгийн хариу хүргүүлэх тухай” 3/465 тоот татгалзлыг хууль бус болохыг тогтоож, “Н” ХХК-ийн 2021 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахыг Архангай аймгийн Ө сумын Засаг даргад даалгах” гэж өөрчилжээ.
2.1. “Н” ХХК нь 2009 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Архангай аймгийн Ж, Т, Ө сумын нутаг дэвсгэрийг хамарсан “Далтын овоо” нэртэй 27709 гектар талбайд цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл авсан байна.
2.2. Нэхэмжлэгч “Н” ХХК нь 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 21/10 дугаар “Байгаль орчны менежментийн төлөвлөгөө батлуулах тухай” албан бичгээр Архангай аймгийн Ө сумын Засаг дарга Ю.Бд Архангай аймгийн Ө, Ж, Т сумын нутагт орших “Далтын овоо” нэртэй ******** дугаар хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайд 2021 онд хийгдэх “Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хөрс, гадаргын усанд цацрагийн хэмжилт хийж хяналт тавих зорилгоор Монгол Улсын холбогдох хууль тогтоомж болон Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн А/618 дугаар тушаалаар баталсан журмын дагуу боловсруулан хүргүүлжээ. (1 дүгээр хавтаст хэргийн 6 дахь тал)
2.3. “Н” ХХК-иас Архангай аймгийн Засаг даргад 2021 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 21/11 /дугаар “Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулах тухай” албан бичгээр: Архангай аймгийн Ө, Ж, Т сумын нутагт орших “Далтын овоо” нэртэй газарт ******** дугаар хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайд 2021 онд хийгдэх байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хянан батлахыг Архангай аймгийн Ө сумын Засаг даргад даалгах тухай хүсэлтийг гаргасан байна. (1 дүгээр хавтаст хэргийн 9 дэх тал)
2.4. Улмаар тус аймгийн Ө сумын Засаг даргын орлогч 2021 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 3/465 дугаар “албан бичгийн хариу хүргүүлэх тухай” албан бичгээр “... 2021 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн Ө сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар “Шаргачны гол” орчмын 32800 га газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авсан. ... Байгаль орчинд нөлөөлөх байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2. байгаль орчны менежментийн төлөвлөгөө нь байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний салшгүй бүрэлдэхүүн хэсэг байна гэсэн заалттай. Иймд байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ байхгүй тул батлах боломжгүй. ... тус нутаг дэвсгэрт явуулж байсан үйл ажиллагаатай холбогдуулан орон нутгийн удирдлага, иргэдээс эсэргүүцэн Монгол Улсын үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрхээ хангуулах үүднээс удаа дараа шаардлага хүргүүлж байсан. Уг байгаль орчны төлөвлөгөө батлуулах талаар гаргасан нэхэмжлэлтэй холбогдуулан Улсын дээд шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 178 дугаар хүчин төгөлдөр шийдвэр байх тул хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайд 2021 онд байгаль орчны чиглэлээр явуулах төлөвлөгөө батлах боломжгүй.” гэж дурджээ.
2.5. Ашигт малтмал, газрын тосны газрын 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 8/1427 дугаартай албан бичигт: “ ... Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн мэдээллийн системд 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн байдлаар шүүлт хийж үзэхэд “Н” ХХК-ийн эзэмшилд байсан Архангай аймгийн Ж, Ө сумдын нутагт “Далтын овоо” нэртэй цацраг идэвхт ашигт малтмалын ******** тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацаа нь Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-т заасны дагуу 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдөр дуусгавар болсон бүртгэлтэй байна. Кадастрын хэлтсийн /хуучин нэрээр/ даргын 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 475 дугаар шийдвэрээр дээр дурдсан дуусгавар болсон бүртгэлийг хүчингүй болгож, 5359Х дугаартай тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах өргөдлийг хүлээн авч бүртгэхээр болсон байна.
2.6. Улмаар “Н” ХХК-ийн зүгээс ******** тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах бүрдүүлбэр дутуу /байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинэчлэн батлуулсан баримт мөн хайгуулын ажлын зардлын доод хэмжээнээс багагүй хэмжээний ажил гүйцэтгэсэн тухай болон хайгуулын тухайн үе шатны ажлыг гүйцэтгэсэн тухай тайлан, түүнийг хүлээлгэн өгсөн баримтыг хавсаргаагүй/ өргөдлийг 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр гаргаж кадастрын бүртгэлийн ******** дугаарт бүртгүүлжээ.
2.7. Дээрх ******** тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийг хянан үзээд Ашигт малтмалын тухай хуулийн 22, 40 дүгээр зүйлд заасан баримт бичгүүдийг ирүүлээгүй тул Кадастрын хэлтсийн даргын /хуучин нэрээр/ 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 142 дугаар шийдвэрээр ******** тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзаж шийдвэрлэсэн болно. “Н” ХХК-ийн эзэмшилд байсан “Далтын овоо" нэртэй 27685.3 гектар бүхий цацраг идэвхт ашигт малтмалын ******** тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн талбай нь Архангай аймгийн Ж, Өндөр- Улаан сумдын нутаг дэвсгэрийг хамран байрладаг бөгөөд Ж сумын нутагт 7352.7 гектар, Ө сумын нутагт 20120.93 гектар талбайг хамарч байсан. Мөн цацраг идэвхт ашигт малтмалын ********** тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн талбай нь улсын мэдэлд бүртгэлтэй байгаа болно. ... ” гэжээ. (2 дугаар хавтаст хэргийн 25-26 дахь тал)
2.8. Нэхэмжлэгч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдуулан Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд, мөн тус аймгийн Ө сумын иргэдийн Төлөөлөгчдийн хуралд холбогдуулан Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд тус тус нэхэмжлэл гаргаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, хэргийг шийдвэрлэсэн, тус тусдаа өөр өөр хэрэг маргаан байх тул шүүх шийдвэрлэсэн хэрэг маргаантай холбогдуулан дүгнэлт өгөөгүй болно.
2.9. Учир нь, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5. дахь хэсэгт зааснаар шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй хориглосон хуулийн зохицуулалттай.
3. Хууль зүйн үндэслэлийн тухайд,
3.1. Ашигт малтмалын тухай хуулийн үзэл баримтлалд “Хайгуулын үйл ажиллагаа нь улс орныг урт хугацаанд эрдэс баялгийн найдвартай нөөцөөр хангаж, уул уурхайн салбарын үйл ажиллагааг тогтвортой байлгах, ашигт малтмал сан хөмрөгийг нэмэгдүүлэх, аж үйлдвэрийн түүхийн эдийн нөөцийг тасралтгүй, найдвартай хангах замаар улс орны эдийн засгийн суурь үндсийг бэхжүүлэн, тогтвортой хөгжлийг тэтгэж өгөх үүрэгтэй.. хайгуулын ажлыг эрчимжүүлснээр ашигт малтмалын шинэ орд газрыг нээх боломжийг өсгөх ба улс орны эдийн засагт эерэг нөлөө үзүүлнэ...” гэж,
3.2. Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1. дэх хэсгийн 4.1.6. “ ашигт малтмал хайх” гэж эрдсийн хуримтлалын байршил, тоо хэмжээг нарийвчлан тогтоох зорилгоор газрын гадаргуу, түүний хэвлийд геологи, хайгуулын судалгаа хийх нөөц, баялгийг ашиглах боломжийг судлан техник, эдийн засгийн үнэлгээ хийхийг;” гэж, мөн хуулийн 4.1.21. “тусгай зөвшөөрөл эзэмшигч” гэж энэ хуулийн дагуу ашигт малтмал эрэх, хайх,, эрх авсан.. хуулийн этгээдийг; гэж зааснаар нэхэмжлэгч “Н” ХХК нь цацраг идэвхт ашигт малтмалыг хайгуулын 5359 тусгай зөвшөөрөл авсан байна.
3.3. Цөмийн энергийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26 1. дэх хэсэгт “Тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллага энэ хуулийн 15 дугаар зүйлд заасан тусгай зөвшөөрлийн Зөвшөөрлийн тухай хуулийн 6.2. дугаар зүйлийн 1-д заасан үндэслэлээр хүчингүй болгоно., 26.1.1.-д компани татан буугдсан, эсхүл иргэн нас барсан; , 26.1.2.тусгай зөвшөөрлийг авахдаа хуурамч баримт бичиг бүрдүүлсэн нь тогтоогдсон; 26.1.3.тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн; 26.1.4.тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн хугацаанд зөрчлийг арилгах талаар тавьсан шаардлагыг биелүүлээгүй.” гэж, 26.2.Тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллага энэ хуулийн 15.2.1, 15.2.2-т заасан үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг дараахь үндэслэлээр хүчингүй болгоно:, 26.2.1.энэ хуулийн 26.1-д заасан үндэслэл бий болсон;, 26.2.2.Ашигт малтмалын тухай хуулийн 56.1.3-56.1.5-д заасан үндэслэл бий болсон;, 26.2.3.энэ хуулийн 15.2.1, 15.2.2-т заасан тусгай зөвшөөрлийн хувьд мөн хуулийн 29.4-т заасан үндэслэл бий болсон.” гэж,
3.4. Мөн хуулийн 27 дугаар зүйл. Тусгай зөвшөөрөл дуусгавар болгох үндэслэл 27.1. Тусгай зөвшөөрөл дараахь үндэслэлээр дуусгавар болно:, 27.1. тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дууссан;, 27.1.2. энэ хуулийн 15.2.1, 15.2.2-т заасан үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг бүхэлд нь буцаан өгсөн; 27.1.3. тусгай зөвшөөрөл олгосон байгууллага тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон. 27.2. Энэ хуулийн 15.2.1, 15.2.2-т заасан үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайн тодорхой хэсгийг буцаан өгсөн тохиолдолд талбайн тухайн хэсгийн хувьд тусгай зөвшөөрөл нь дуусгавар болно.” , Зөвшөөрлийн тухай хуулийн 6.2. дугаар зүйлийн 1-д заасан үндэслэлээр хүчингүй болгоно.” гэж,
3.5. Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1. дэх хэсэгт “Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл дараахь тохиолдолд дуусгавар болно:”, 53.1.1.-т “тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дууссан”, 53.1.2.-т “тусгай зөвшөөрөл эзэмшигч энэ хуулийн 54 дүгээр зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг бүхэлд нь буцаан өгсөн”, 53.1.3.-т “төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцалсан.” гэж тус тус зохицуулсан.
3.6. Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд, төрийн захиргааны байгууллага нь “Н” ХХК-ийн ***** дугаартай цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг хүчингүй болон дуусгавар болоогүй байна.
3.7. Түүнчлэн Ашигт малтмал, газрын тосны газраас ирүүлсэн 2023.08..23-ны өдрийн 1/4079 дүгээр албан бичгийн хавсралтын хамт ирүүлсэн Тусгай зөвшөөрлийн дэлгэрэнгүй мэдээлэл ТЗ-ын дугаар ******** Өргөдлүүд: кодын 10-т ********* Хугацаа дуусах (дуусгавар болгох) 2020-04-28 47-Албадан хийсэн хөдөлгөөнийг эцэслэх гэсэн төлөвтэй байна. (3 дугаар хавтаст хэргийн 15 дахь тал)
3.8. “Н” ХХК-ийн 2021 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахгүй татгалзсан маргаан бүхий албан бичиг нь Захиргааны ерөнхий хуулийн зарчим болон зорилгодоо нийцэхгүй байна.
3.9. Тодруулбал, Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.4-т “Нийтийн эрх зүйн асуудлаар бие даан, өөрийн нэрийн өмнөөс дангаар захиргааны шийдвэр гаргах бүрэн эрх хуулиар тусгайлан олгогдсон албан тушаалтныг захиргааны байгууллага гэж үзнэ” гэж зааснаар захиргааны байгууллага болохын хувьд мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д “хуульд үндэслэх;” 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх;” зарчмыг үйл ажиллагаандаа баримтлах үүрэгтэй.
3.10. Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.2., 82 дугаар зүйлийн 82.4. дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч нь өөр, өөр хэрэг маргааны талаар нэхэмжлэл гаргаж, шүүхээр хэргийг шийдвэрлэж байсан нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хугацаа нь тасалдсан бөгөөд эрх бүхий этгээдийн шийдвэрээр нэгэнт олгогдсон, , тусгай зөвшөөрлийг цуцлагдсан, нэхэмжлэгч хуулийн этгээдийн хайгуулын үйл ажиллагааг зогсоох хуульд заасан бодит нөхцөл байдлууд бий болоогүй байна гэж үзнэ.
3.11. Иймд хариуцагч тал шүүх хуралдаанд “тусгай зөвшөөрлийн хугацаа нь дуусгавар болсон” гэж тайлбарлаж байгааг дээрх үндэслэлээр үгүйсгэж байна.
3.12. Хариуцагч нь Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1.-д “ашигт малтмалын тухай хууль тогтоомж, түүнийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан Засгийн газраас гаргасан шийдвэрийн биелэлтийг харьяалах нутаг дэвсгэртээ зохион байгуулах”, 12.2.5-д “ашиг малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хянах.” бүрэн эрхээ хуульд заасан журмын дагуу хэрэгжүүлэх үүрэгтэй.
3.13. Нэхэмжлэгч “Н” ХХК нь Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1. дэх хэсэг “Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчныг хамгаалах талаар дараахь үүрэг хүлээнэ”:, 38.1.1.-д “тусгай зөвшөөрөл авснаас хойш 30 хоногийн дотор байгаль орчны хяналтын алба болон хайгуулын талбай байрших сум, дүүргийн Засаг даргатай зөвшилцөн байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө боловсруулах”, 38.1.2.-т “энэ хуулийн 38.1.1-д заасан төлөвлөгөөнд хүрээлэн байгаа орчны бохирдолтыг зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтрүүлэхгүй байх, эвдэгдсэн газрыг булах, тэгшлэх, ургамалжуулах замаар цаашид нийтийн хэрэгцээний зориулалтаар ашиглаж болох нөхөн сэргээх арга хэмжээг тусгах”, 38.1.3.-т “энэ хуулийн 38.1.1-д заасан төлөвлөгөөг тухайн хайгуулын талбай байрших сум, дүүргийн Засаг даргад хүргүүлж батлуулах”, 38.1.6-т “энэ хуулийн 38.1.5-д заасан тайланд байгаль орчныг хамгаалах талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, хайгуулын ажилд ашигласан шинэ техник, технологи, байгаль орчинд үзүүлж болзошгүй сөрөг нөлөөллөөс сэргийлэх чиглэлээр төлөвлөгөөнд оруулах нэмэлт, өөрчлөлтийн тухай саналыг тусгаж уг өөрчлөлтийг сум, дүүргийн Засаг даргаар батлуулах.” гэж,
3.14. Мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.2. дахь хэсэгт “Сум, дүүргийн Засаг дарга энэ хуулийн 38.1.3, 38.1.6-д заасан төлөвлөгөө, түүний өөрчлөлтийг хүлээн авснаасаа хойш 10 хоногийн дотор хянан баталж тусгай зөвшөөрөл эзэмшигчид хүргүүлнэ.”, 40 дүгээр зүйлийн 40.1. дэх хэсэгт “Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахдаа тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө сум, дүүргийн Засаг даргад батлуулахаар хүргүүлнэ.” гэж,
3.15. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн А/618 дугаар тушаалын хавсралт, Байгаль орчны менежментийн төлөвлөгөө боловсруулах,хянан батлах, тайлагнах журмын 3.4.-т “Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 9.8-д заасны дагуу төсөлд ерөнхий үнэлгээ хийсэн байгууллага тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтийн тайланг хүлээн авч, түүнд хийсэн ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн биелэлтийг хянаж, дараагийн жилд хэрэгжүүлэх байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хянаж батална.” гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч “Н” ХХК-ийн 2021 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хүргүүлсэн, (1 дүгээр хавтаст хэргийн 9, 16-45 дахь тал, 3 дугаар хавтаст хэргийн 35, 42 дахь тал) хариуцагч Ө сумын Засаг дарга нь Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2, 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэгт тухайн сумын Засаг дарга төлөвлөгөөг хүлээн авснаасаа хойш 10 хоногийн дотор хянан баталж тусгай зөвшөөрөл эзэмшигчид хүргүүлэх үүрэгтэй.
3.16. Хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд, тухайн сумын Засаг дарга нь хуульд заасан үүргээ биелүүлэлгүй байгаль орчны менежментийн төлөвлөгөөг бодитойгоор танилцаж, хянаж үзээгүй байна.
3.17. Түүнчлэн тус аймгийн Ө сумын Засаг даргын өмнөөс түүний орлогчоос гаргасан албан бичигт дурдсан /2021 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн Ө сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар “Шаргачны гол” орчмын 32800 га газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авсан. ... байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ байхгүй тул батлах боломжгүй. .. тус нутаг дэвсгэрт явуулж байсан үйл ажиллагаатай холбогдуулан орон нутгийн удирдлага, иргэдээс эсэргүүцэн Монгол Улсын үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрхээ хангуулах үүднээс удаа дараа шаардлага хүргүүлж байсан... Улсын дээд шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 178 дугаар хүчин төгөлдөр шийдвэр байх тул хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайд 2021 онд байгаль орчны чиглэлээр явуулах төлөвлөгөө батлах боломжгүй/ нөхцөл байдлууд нь менежментийн төлөвлөгөө батлахаас татгалзах үндэслэл болохгүй.
3.18. Учир нь, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.-т “Байгаль орчны менежментийн төлөвлөгөө боловсруулах болон нөхөн сэргээлт хийх журам, аргачлалыг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, нөхөн сэргээлтийн стандартыг холбогдох хууль тогтоомжийн дагуу эрх бүхий байгууллага тус тус батална.” гэж,
3.19. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн А/618 дугаар тушаалын хавсралт, Байгаль орчны менежментийн төлөвлөгөө боловсруулах,хянан батлах, тайлагнах журмын 1.1.-д Төсөл хэрэгжүүлэгч иргэн, хуулийн этгээдийн (цаашид төсөл хэрэгжүүлэгч гэх) байгаль орчныг хамгаалах талаар хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх, тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг боловсруулах, түүнийг хянан батлах, хэрэгжилтийг ханган тайлагнахтай холбогдсон харилцааг зохицуулахад энэхүү журмын зорилго оршино., 1.2.-т Тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөө гэж Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 9.8-д заасан төлөвлөгөөг ойлгоно., 3.3. Тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг энэхүү журамд заасан шаардлагыг хангаж боловсруулаагүй бол түүнийг хүлээн авч хянах, батлахаас татгалзах үндэслэл болно.” гэж журамласан.
3.20. Үүнээс дүгнэхэд, хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахтай холбогдуулан хариуцагчид хүргүүлсэн менежментийн төлөвлөгөө нь дээрх журамд заасан шаардлагыг хангаж боловсруулаагүй гэх нөхцөл байдал уг хэрэг маргаанд тогтоогдсонгүй.
3.21. Хариуцагчаас менежментийн төлөвлөгөөг батлахаас татгалзсан үндэслэл нь хууль, журамд нийцээгүй үндэслэлээр татгалзаж байгаа нь Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1. дэх хэсгийн 22.1.3-д заасан захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байна.
3.22. Түүнчлэн тус сумын Засаг дарга нь 2021 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөтэй танилцсан гэж шүүх хуралдаанд мэдүүлсэн боловч тус шүүх тухайн суманд үзлэг хийсэн бөгөөд хариуцагч болох Ө сумын Засаг дарга нь тухайн үед байгаагүй, уг төлөвлөгөөг нэхэмжлэгч талд буцааж хүргүүлсэн гэх боловч шүүх үзлэгээр тогтоогдоогүй, 2021 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөтэй танилцаагүй, хяналт судалгаа хийгээгүй болох нь гэрч тус сумын Засаг даргын орлогч Ш.Өлзийбаатарын мэдүүлгээр нотлогдож байна. (2 дугаар хавтаст хэргийн 42 дахь тал)
3.23. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1. дэх хэсэгт “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно.”, 37.6. “Хууль бус захиргааны акт гэж эрх зүйн зөрчилтэй захиргааны актыг ойлгоно.” гэж, Ашигт малтмалын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэгт зааснаар “Энэ хуулийн 40.1, 40.2-т заасан төлөвлөгөөг мөн хуулийн 38.2, 39.2-т заасны дагуу батална” гэж хуульд заасан үүргээ тус сумын Засаг дарга биелүүлээгүй, эрх зүйн зөрчилтэй захиргааны акт гаргажээ.
3.24. Иймд “Н” ХХК-аас Архангай аймгийн Ө сумын Засаг даргад холбогдуулан гаргасан “Архангай аймгийн Ө сумын Засаг даргын 2021 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн “Албан бичгийн хариу хүргүүлэх тухай” 3/465 тоот татгалзлыг хууль бус болохыг тогтоож, “Н” ХХК-ийн 2021 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахыг Архангай аймгийн Ө сумын Засаг даргад даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1., 106.2., 106.3., 106 дугаар зүйлийн 106.3. дахь хэсгийн 106.3.4., 107 дугаар зүйл, 108 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2., 40 дүгээр зүйлийн 40.3. дэх хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.6. дах хэсэгт заасныг тус тус баримтлан Архангай аймгийн Ө сумын Засаг даргын орлогчийн 2021 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн “Албан бичгийн хариу хүргүүлэх тухай” 3/465 тоот татгалзлыг хууль бус болохыг тогтоож, “Н” ХХК-ийн 2021 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахыг Архангай аймгийн Ө сумын Засаг даргад даалгасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1. дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Н” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1. дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ОДОНТУЯА