Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 28 өдөр

Дугаар 284

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Алдар даргалж, шүүгч Ү.Түмэнжаргал, Б.Дуламсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын яллагч: П.Ганбаатар, Иргэдийн төлөөлөгч: Д.Бадамсүрэн, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ч.Лхагвасүрэн, Хохирогч: Н.Б, түүний өмгөөлөгч Ц.Одончимэг, М.Ганцэцэг, Шүүгдэгч: С, түүний өмгөөлөгч М.Алтан-Өлзий нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сүхбаатар дүүргийн прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Буурал Да овогт Ганжууржавын Сүхбатад холбогдох эрүүгийн 201625020010 дугаартай хэргийг 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар: Монгол улсын иргэн, ...ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, ..настай, дээд боловсролтой, ... мэргэжилтэй, ам бүл 5, эх болон эхнэр хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 40 дүгээр байрны 86 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар ..., Г.С.

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/ Шүүгдэгч С нь 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гүмүүда” ХХК-ийн байранд хохирогч Н.Б Америкийн Нэгдсэн Улсаас керамик эдлэлийн тоног төхөөрөмж оруулж ирж хамтран ажиллая, их ашигтай хэмээн итгэл төрүүлэн нийт 127 сая төгрөгийн онц их хэмжээний мөнгийг залилан мэхлэж авсан гэмт хэргийг шууд санаатай шунахайн сэдэлтээр үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ. Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С мэдүүлэхдээ: Яллах дүгнэлтэд намайг хохирогчийг танихгүй байж байгаад ийм ажил бизнес хийх гэж байгаа гэж хохирогчид итгэл төрүүлж мөнгийг нь залилж авсан талаар дурьдсан байдаг. Хохирогч бид хоёр дотно харилцаатай байсан. Хохирогчтой шууд уулзаад мөнгө төгрөг ярьсан зүйл байхгүй, хохирогч намайг ямар ажил хийдэг байсныг мэддэг байсан. Мөнгө зээлдүүлэх саналыг хохирогч надад тусалъя гэж өөрөө эхэлж санал тавьсан. Энэ талаарх баримт хавтаст хэрэгт тодорхой байгаа. Намайг ийм ажил төрөл хийдэг болохоор хохирогч надад мөнгө зээлдэх болсон. Тухайн үед надад мөнгөний хэрэгцээ байсан. Учир нь би уран бүтээлч хүн, хохирогч надад би найз нөхөддөө мөнгө зээлдүүлж орлого хувь авч амьдардаг талаараа хэлсэн. Бас найз нөхөддөө зээлдүүлсэн 60 орчим сая төгрөг байгаа, энэ мөнгө цуглараад ирэхэд чи өөрийнхөө ажил төрөлд зарцуул, энэ мөнгө ажил төрөлд чинь багадана биз дээ. Хэрвээ багадах юм бол надад 3 өрөө байр байгаа. Дархан хотод нэг байр, Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороонд нэг байр, Баянгол дүүрэгт нэг байр байгаа. Тэр байраа түрээслүүлж байгаа гэж хэлсэн. Би хохирогчтой дотно харилцаатай байсан болохоор мөнгө өгөх талаар сайн бодоорой гэж хэлсэн. Тэгтэл хохирогч надтай уулзаад болно гэсэн шийдэлд хүрсэн. Миний мөнгө зээлдэх шалтгаан нь ажлын байр бий болгож үйлдвэрлэл явуулах зорилготой байсан. Ийм учраас Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны 1 дүгээр байранд 100 м2 подвалд авсан. Цаашид би энэ байрыг хувьчилж авах зорилготой байсан. Энэ зах зээлийн үед тансаг хэрэглээний зах зээл хямардаггүй гэдгийг ойлгосон. Би өөрөө барималч худалдааны чиглэлээр нягтлан бодох чиглэлээр ажиллаж байсан учраас надад тооцоо байсан. Мөн надтай хамтарч ажиллах тодорхой хүмүүс байсан. Хавтаст хэрэгт ажил мэргэжилтэй холбогдолтой зургууд байгаа. Миний гол бодол бол сайхан бренд гаргая алт мөнгө үнэт чулуу оруулсан баримал дурсгалын зүйлс хийхээр төлөвлөж, одоо хийж эхэлж байгаа. Үүнийг хийж бүтээх чадал надад байсан. 2013 оны эдийн засгийн форум болсон энэ үйл ажиллагаанд зориулж алт мөнгө, үнэт чулуу орсон цом хийж байсан туршлага надад байсан. Би хохирогчоос цувуулж мөнгө авах зорилго байгаагүй, худал ярьж мөнгө авсан зүйл байхгүй. Хохирогч надад 60 сая төгрөг багадах учраас байраа зараад мөнгө өгнө гэж хэлсэн. Тухайн үед хохирогчийн байр зарагдахгүй байсан. Хятад улсад үзэсгэлэн худалдаа явагдах гэж байсан учраас би явах төлөвлөгөөтэй байсан. Тэгээд хохирогчийн байрыг яаралтай зарах гэж зар өгсөн. Мөн хохирогчийн байр засвар хийх шаардлагатай байсан учраас өөрөөсөө 4 сая төгрөг гаргаж байранд нь засвар хийсэн. Тэгээд би судалгаа хийж үйлдвэрлэл явуулахаар Хонконг, Гуанжу, Бээжин зэрэг хотуудаар явж байгаад 11 дүгээр сарын 07-нд Улаанбаатар хотод ирсэн. Энэ судалгаагаар явахаас өмнө миний бие эвгүй болсон байсан. Миний биеийн байдлын талаар хохирогч Б сайн мэдэж байгаа. Хохирогчтой хамт “Сонгдо” эмнэлэг дээр очиж шинжилгээ өгч байсан. Миний өгсөн шинжилгээ муу гарсан учраас хохирогчийг шинжилгээ өг гэж хэлээд шинжилгээ өгүүлж байсан. Намайг яллаж байгаа үндэслэл нь хэт нэг талыг барьсан, намайг эмнэлгийн тоног төхөөрөмж оруулж ирнэ гэж мөнгө авсан, кирамикийн тоног төхөөрөмж оруулж ирнэ гэж мөнгө авсан гэж яллаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Би үйлдвэр оруулж ирж Өвөр Монголын зах зээлд гаргах зорилготой байсан. Хохирогчтой зээлийн гэрээ байгуулж мөнгө авсан. Байрыг зарсаны дараа мөнгө хохирогчоос авна гэж хоорондоо ярилцсан. 2015 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хохирогчийн байр зарагдахаар нь би мөнгө авсан. Одоо миний биеийн байдал эмчилгээ хийлгэсэн учраас гайгүй байгаа. Энэ хугацаанд би өөрөө баримал барих ажлаа хийж байгаа. Мөрдөн байцаалтын шатанд миний хувийн байдлыг тогтоосон гэв. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Н.Б мэдүүлэхдээ: Би шүүгдэгчтэй анх 2014 оны 07 дугаар сарын 24-ний өдөр танилцаж байсан. Танилцсан өдрөөс хойш утсаар ярьж, уулздаг байсан. Уулзахдаа шүүгдэгч кирамикийн тоног төхөөрөмж, гоёл чимэглэл, эмнэлгийн тоног төхөөрөмж, оношлуурын аппарат гаднаас оруулж ирээд үйл ажиллагаа нь 10-аад жил явагдсан тухай ярьсан. Эрүүл мэндийн тусгай зөвшөөрлөө сунгуулж чадаагүй учраас манай үйл ажиллагаа зогссон байгаа талаар надад хэлж байсан. Би шүүгдэгчийн ажиллаж байсан оффисийн байранд очиж байсан. Тэр оффисийн байранд шинжилгээний тоног төхөөрөмжууд байсан. Шүүгдэгч барималч, кирамик мэргэжлээр төгссөн учраас хоёулаа хамтарч бизнес хийе, кирамик эдлэлийн тоног төхөөрөмж АНУ-аас оруулж ирнэ, үзэсгэлэн худалдаанд оролцсон гоёл чимэглэлээ надад ярьж байсан. Шүүгдэгч мөнгө байвал надад туслаач гэж хэлсэн. Би шүүгдэгчид анх 10 дугаар сард хамтарч ажиллахаа хэлсэн. Миний Солонгос улсад 10 жил ажиллаж хөдөлмөрлөж олсон мөнгө бол шүүгдэгчид өгсөн мөнгө байсан. Би Солонгос улсаас ирээд нурууны хагалгаанд орсон. Мөн хүүтэй мөнгө зээлдүүлэхийн тулд би тийм үйлдэл хийгээгүй. Би хүнд хүчир ажил хийж чадахгүй, хамтарч бизнес хийнэ гэж надад итгүүлсэн учраас шүүгдэгчид мөнгө өгсөн. Би 2013 онд Монголд нягтлан бодох мэргэжлээр төгссөн. Шүүгдэгчийн ярьж байгаа зүйл огт үндэслэлгүй гэж үзэж байна. Шүүгдэгч Хонконг яваад ирэхдээ надад 16 сая төгрөгөөр АНУ руу тоног төхөөрөмж захиалсан гэж Голомт банкны гадаад долларын гуйвуулга хийсэн баримт үзүүлж байсан. Тэгээд шүүгдэгчийн захиалсан тоног төхөөрөмж 1 сар, 12 сар болоход ирэхгүй байхаар нь шүүгдэгчээс тоног төхөөрөмж ирэх талаар лавлаж байсан. Тэгтэл шүүгдэгч надад Худалдаа хөгжлийн банкнаас мөнгөн бух хийж өгөөч гэж захиалга ороод ирлээ гэж хэлээд надаас 6 сая төгрөг авсан. Энэ асуудал нь яваандаа худлаа болсон. Би шүүгдэгчээс мөнгөө яасан бэ гэж асуутал тэр ажил цуцлагдсан, мөнгөө ажилдаа зарцуулсан талаар хэлсэн. Тэгээд шүүгдэгч 2 сарын дараа АНУ-аас тоног төхөөрөмж орж ирэх гэж байна ажлын байр бэлэн болгох шаардлагатай, засаж янзлах хэрэгтэй байна гэхээр нь би шүүгдэгчид 3000 ам.доллар өгсөн. Шүүгдэгчийн бүх яриад байгаа зүйл худлаа болсон учраас цагдаад хандсан. Би шүүгдэгчийг элэгний өвчтэй гэдгийг мөн ажиллах чадваргүй гэж мэдсэн бол хөрөнгө оруулалт хийхгүй байсан. Шүүгдэгч намайг өөрийг нь өвчтэй гэдгийг эхнээсээ мэдсэн гэж худал мэдүүлэг өгч байна. Шүүгдэгчийг өвчтэй гэдгийг мөнгөө өгөхгүй, гэрээ дууссан үеэс эхэлж мэдсэн. Шинжилгээг хамт эмнэлгээс авсан нь үнэн. Гэхдээ ийм хүнд өвчтэй гэдгээ надад огт хэлээгүй. АНУ-аас захиалсан тоног төхөөрөмжийн захиалга авсан бүрэн мөнгөө шилжүүлэхгүй бол тоног төхөөрөмжийг нааш нь явуулахгүй байна энэ гацааг гаргамаар байна гэж хэлэхэд нь би байраа зараад шүүгдэгчид мөнгө өгсөн. Би шүүгдэгчид мөнгө өгөхдөө өгч авсан мөнгөө нотариатаар баталгаажуулах шаардлагатай байна гэж хэлээд хамт нотариатаар баталгаажуулсан. Аравдугаар сард энэ талаар найз нөхөд, хуульч хүнээс зөвлөгөө автал “чи бүх мөнгөө бэлнээр шүүгдэгчид өгсөн байгаа учраас гэрээгээ баталгаажуулаад хэдэн оны хэдэн сард тийм төгрөг авсан талаар шүүгдэгчээр гар бичмэлээр бичүүлж ав гэж хэлэхээр нь гэрээ дуусмагц шүүгдэгчтэй яриад дээрх зүйлийг шүүгдэгчээр бичүүлж авсан. Энэ асуудлаас хойш шүүгдэгч утсаа авахгүй, уулзахаа болиод 2 жил болсон учраас би цагдаагийн байгууллагад хандаж эрэн сурвалжилж Сүхбаатар дүүргийн цагдаагийн газраас С-ыг барьсан байдаг гэв. Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Н.Б /1-р хх-ийн 10/, гэрч Л.Мэндбаяр /1-р хх-ийн 150/, гэрч Н.Номин /1-р хх-ийн 151/, гэрч Д.Даваадорж /1-р хх-ийн 152/ нарын өгсөн мэдүүлэг, Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт №135 /1-р хх-ийн 187/, С-ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 60-61/, шүүгдэгч С-ын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 15/ зэрэг болно. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь: Шүүгдэгч С нь 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гүмүүда” ХХК-ийн байранд хохирогч Н.Б-д Америкийн Нэгдсэн Улсаас керамик эдлэлийн тоног төхөөрөмж оруулж ирж хамтран ажиллая, их ашигтай хэмээн итгэл төрүүлэн нийт 127.000.000 сая төгрөгийн онц их хэмжээний мөнгийг залилан мэхэлж авсан гэмт хэргийг шууд санаатай шунахайн сэдэлтээр үйлдсэн гэж прокуророос 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ. 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ...” гэсэн зарчмыг үндэслэн прокуророос 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэг болгон өөрчлөн зүйлчлэх нь шүүгдэгчийн хувьд эрх зүйн байдлыг дээрдүүлсэн, түүнд илүү ашигтай гэж үзнэ. Өөрөөр хэлбэл шүүгдэгч С нь АНУ-аас керамик эдлэлийн тоног, төхөөрөмж оруулж ирэх боломжгүй эдийн засгийн болон бусад бодит байдлаа нуух замаар хохирогч Н.Б-тай 2014 оны 7 дугаар сараас хойш бий болгосон дотно харьцааг буюу итгэлийг нь урвуулан ашиглаж, хохирогчийн эдийн засгийн ач холбогдол бүхий эд хөрэнгийн эрхэд ноцтой хохирол учруулсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй бөгөөд энэ нь хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд: Хохирогч Н.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...би С-тай хамтарч ажил хийвэл ашиг орлого хэр зэрэг олох талаар ярьж тохиролцсоны үндсэн дээр хамтарч ажиллахаар болсон юм. Ингээд би 4 дүгээр хороололд байрлах төрсөн хүү Бэлчирийн эзэмшлийн хуучны 3 өрөө байрыг зарж 40.000.000 төгрөгийг бэлнээр С-д тээврийн товчоонд байрлах Их үйлсийн эрэлд ХХК-ийн байранд өгсөн. Үүний дараа 10 сая, 15 сая төгрөг, мөн 56 сая төгрөгийг тус тус С-д бэлнээр аваачиж өгч байсан юм. Ингээд би нийтдээ 127 сая төгрөгийг бэлнээр өгсөн ба мөнгөндөө С-тай зээлийн гэрээ байгуулъя гэж хэлээд 2015 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 6 сарын хүүтэй зээлийн гэрээ байгуулж авсан юмаа. Ингээд гэрээ байгуулсанаас хойш С-тай утсаар ярьж нөгөө ажил юу болж байгаа юм бэ гэж асуухад ажил бүтэмжтэй байна бүх юм бүтэх гэж байна чи тайван бай гэж хэлж байсан юм. Гэтэл 2015 оны 10 дугаар сараас эхлэн С нь утсаа авахаа больсон ба утас нь байнга унтраастай байх болсон. Ингээд би арга буюу цагдаагийн байгууллагад гомдол гаргах болсон. Тухайн үед С нь надад хэлэхдээ Америкийн Нэгдсэн Улсаас керамик эдлэл хийдэг тоног төхөөрөмж оруулж ирэн Монгол улсад керамик эдлэл хийж энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулъя гэсэн санал тавьсан юм. Одоо керамик эдлэлийн бизнес хийх гэхээр мөнгө байхгүй, хүний нөөцөө Франц улс руу явуулж бэлдсэн ажлын байр бэлэн байгаа гэж байнга яриад байсан юм. Мөн түүнчлэн АНУ-аас эмнэлгийн тоног төхөөрөмж оруулж ирэх юм бол манай Монголд мөнгө олох бололцоотой байна гэж өөрийнхөө ажлын байранд тайлбарлан өгдөг байсан. Энэ мэт яриаг сонсоод хамтран ажиллах юм бол болох хүн байна гэж тухайн үед бодсон. ...С нь керамик эдлэлийн тоног төхөөрөмж анхнаасаа захиалсан зүйл байхгүй. Анхнаасаа намайг хуураад байсан гэдгийг нь сүүлд нь мэдсэн. Надад учирсан бодит хохирол 127.250.000 төгрөгийн хохирол учраад байна. Гомдолтой байна гэх мэдүүлэг /1-р хх-ийн 9/, Гэрч Л.Мэндбаяр мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Миний бие нь Н.Б-тай 2010 оноос хойш найзалж байгаа бөгөөд сайн найзууд байгаа юм. Тэгээд надад С гэдэг хүнтэй хамтран керамик эдлэл хийдэг тоног төхөөрөмж оруулж ирж хамтран бизнес хийнэ гэж ярьж байсан бөгөөд Сүхбатыг нь би 2 удаа л харж байсан юм. Түүнийг зүс танина. Тэгээд тэр чиглэлээр С нь гадагшаа явж үзэсгэлэнд оролцохоор явсан, бид 2 хамтраад Өгөөж үйлдвэрийн урд талд 5 давхар байрны подволыг аваад түүндээ засвар хийж байгаа тоног төхөөрөмж маань ирж байгаа гээд баахан бичиг баримтууд аваад ийш тийш яваад байдаг байсан юм. С нь ч гэсэн өөрөө Болормаатай хамтраад барималын чиглэлээр тэр керамик эдлэл хийх бизнес хийж байгаа угаасаа мэргэжил нь тийм гэж хэлж байсан юм. Тэгээд тэр бизнес нь юу болсоныг мэдэхгүй. Сүүлд нь тоног төхөөрөмж авах гэсэн чинь мөнгө хүрсэнгүй гээд байраа зараад дахин мөнгө нэмж өгсөн гэж байсан…” /1-р хх-ийн 150/, Гэрч Н.Номин мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: С нь миний ээжийн төрсөн дүү бөгөөд би хамт амьдардаггүй юм. Гэхдээ би түүний өвчтэй зовлонтой байгааг нь мэдэх бөгөөд 2016 оны энэ оны зун би түүнийг асарсан юм. ...Тэгээд одоохондоо тарианы ачаар амь тээгээд байж байгаа юм. Тэгээд эмч нарын хэлж байгаагаар 100 орчим сая төгрөгийн үнэтэй элэг шилжүүлэн суулгах хагалгаа хийлгэж байж амьд үлдэх боломжтой тэр хагалгааг хийлгэхгүй бол амь аврагдах боломжгүй гээд байгаа юм. /1-р хх-ийн 151/, Гэрч Д.Даваадорж мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: Миний бие нь тус эмнэлэгт 2007 оноос одоог хүртэлх хугацаанд ажиллаж байна. С нь тус эмнэлэгт 2008 онд ирж үзүүлж шинжилгээ өгөөд элэгний хатуурал оношоор эмчлэгдэж эхэлсэн. 2011 оноос миний хяналтанд эмчлэгдэж байна. 2014 онд энэ хүний өвчин гүнзгийрч, даамжирч хүндэрсэн байна. Энэ хүнийг байнга хянаж элэгний өвчний хүндрэлээс сэргийлж байгаад элэг шилжүүлэн суулгаж амийг нь аврах боломжтой ба Монголд болон дэлхий дээр амийг нь аврах өөр арга байхгүй...” /1-р хх-ийн 152/ Шүүх сэтгэц эмгэг судлалын №135 дугаар дүгнэлт: Сэтгэцийн онош: Эрүүл, С нь удамшлын болон олдмол сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй, одоо сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй байна. С нь хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байсан байна. С нь одоо сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна гэх дүгнэлт /1-р хх- ийн 187/, Яллагдагч С мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: Гэхдээ би түүнээс энэ мөнгийг хамтран ажиллана гадаадаас тоног төхөөрөмж оруулж ирнэ гэж аваагүй, зөвхөн хувийн хэрэгцээндээ зээлж авсан юм. Тэгээд тэр авсан мөнгөөрөө би өөрт эмчилгээ шинжилгээ хийлгэж хувийн хэрэгцээндээ зарцуулсан, мөн ажлын байраа тохижуулсан, гадаад руу явж судалгаа хийх зэрэг үйл ажиллагаанд зарцуулсан юм. /Хувийн хэрэгцээ, эмчилгээ шинжилгээ эм тариа, ажлын байр тохижуулахад зарцуулсан юм/ /1-р хх-ийн 60-61/ гэх мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл хангалттай нотлогдон тогтоогдож байна. Хэдийгээр шүүгдэгч С хэд хэдэн удаагийн үйлдлээр хохирогч Н.Б-с дээрх 127.250.000 төгрөгийг залилах аргаар шилжүүлэн авсан боловч 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасан “байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэсэн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинж нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт заасан хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжид тусгагдаагүй учир түүний үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулийн дээрх зүйл хэсгээр гэм буруутайд тооцох нь шүүгдэгчийн хувьд эрх байдлыг дордуулах хууль зүйн үр дагавартай гэж үзнэ. Нөгөө талаар Олон улсын эрүүгийн эрх зүйн RATIONE PERSONAE байдлаар буцаан хэрэглэхгүй байх зарчимыг анхаарах учиртай. Уг зарчим нь аливаа хүнд хууль хүчин төгөлдөр болохоос өмнө үйлдсэн үйлдлийн төлөө эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй байх зарчим юм. Өөрөөр хэлбэл шүүхээс эцсийн шийдвэр гаргахаас өмнө тухайн хэрэгт хэрэглэж байсан хуульд нэмэлт өөрчлөлт орсон тохиолдолд шүүхээс гэм буруутай нь нотлогдсон хүнд илүү ашигтай, эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг хэрэглэнэ гэсэн ойлголт юм. Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэх бөгөөд шүүгдэгч С нь элэгний дутагдалд орсон, элэг хатууралтай, элэг шилжүүлэн суулгах шаардлагатай /судсаа боолгосон/, Liver cirrhosis оноштой болсон тухай мэдүүлсэн бөгөөд энэ нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон болно. Шүүгдэгчийн эрүүл мэндийн байдлыг харгалзан шүүхээс түүнд Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар 30.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 30.000.000 /гучин сая/ төгрөгийн торгох ял оногдуулах үндэслэлтэй бөгөөд ажил, хөдөлмөр эрхэлж, гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор, уршгийг арилгах боломжийг олгох нь хохирогчийн эрх ашигт нийцнэ гэж үзнэ. Дээрх торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар С-н хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан гурван жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхөөр тогтов. Энэ хэргийн улмаас хохирогчид учирсан хор уршгийн хувьд хохирогч Н.Болормаагаас нэхэмжилсэн /зээлийн гэрээ /1-р хх-ийн 66/-гээр талууд харилцан тохиролцсон/ 127.250.000 төгрөгийг шүүгдэгч С-с гаргуулах нь зүйтэй. Шүүгдэгч С-ын хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болон мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. Шүүгдэгч С нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болно. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн CD 1 ширхэгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт хавсарган үлдээхээр тогтов.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Прокуророос шүүгдэгч С-д 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэг болгон өөрчилсүгэй.

2. Шүүгдэгч Г.С-г бодит байдлыг нээх замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж бусдад ноцтой хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С-г 30.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 30.000.000 /гучин сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

4. Шүүгдэгч С нь урьд цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурьдсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С-с нийт 127.250.000 /нэг зуун хорин долоон сая хоёр зуун тавин мянга/ төгрөгийг гаргуулж, хохирогч Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 42а байрны 15 тоотод оршин суух Н.Б-д олгосугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар С-д оногдуулсан 30.000.000 төгрөгийн торгох ялыг 3 /гурав/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

7. Шүүгдэгч С нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялыг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг түүнд мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт хавсарган ирүүлсэн 1 ширхэг CD-г хэрэгт хавсарган үлдээсүгэй.

9. Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч С-д урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ М.АЛДАР

ШҮҮГЧИД Ү.ТҮМЭНЖАРГАЛ

Б.ДУЛАМСҮРЭН