2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2026 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 2026/ШЦТ/877

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болорчимэг,

улсын яллагч М.Эрдэнэзаяа,

иргэний хариуцагчийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******, өмгөөлөгч Л.Ганцэцэг,

шүүгдэгч *******, өмгөөлөгч С.Оюунцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Г”  танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч *******г холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2305042301656 дугаар 3 хавтас хэргийг 2026 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: *******

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч ******* нь 2023 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хороо, “*******” шүдний эмнэлэгт шүдний их эмчээр ажиллаж байхдаа эмнэлгийн тусламж үйлчилгээ авахаар ирсэн *******т шүдний эмчилгээг хийхдээ Монгол Улсын Стандарт MNS 5372-1:2004 Шүд цоорлын өвчний эмчилгээний 7.1, 7.2 дахь заалтыг барьж ажиллаагүй, хэсгийн мэдээ алдуулалтыг хийхийн өмнө MNS 6900:2021 Арьс хатгах сорилын арга стандартын дагуу сорил тавьсан боловч стандартад заасан хугацаанд (15-20 минут) сорилыг бүрэн үнэлэхгүйгээр хэсгийн мэдээ алдуулалтыг хийж, стандартыг баримтлаагүй дутуу үнэлж, эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн тусламж үйлчилгээ үүргээ зохих ёсоор үзүүлээгүйн улмаас хохирогч ******* эмийн бодисын хэт мэдрэгшлийн хариу урвалын улмаас олон эрхтний дутагдалд орж нас барсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Хүлээн зөвшөөрөхгүй байгаа. 2023.11.12-нд талийгаач ээжтэйгээ орж ирсэн. Дэлгэмэл зураг авч, карт бөглүүлсэн. Архаг өвчин, харшилтай гэж хэлээгүй. Бронхиттой гэж байсан. 5-р шүдээ 7 хоногийн өмнө авахуулсан гэсэн. Цогцсын шинжилгээгээр тогтоогдсон. 12 стандарт байдаг. Хоншоорын их араа шүдийг авах мэс ажилбарын стандартыг баримталдаг, цоорлын стандарт надад хамааралгүй. Би шүд ломбодох гээгүй. Хоншоорын их араа шүдийг авах мэс ажилбарын стандарт сорих тавих заалт байхгүй. Байж суухын аргагүй өвдөөд байна, тариагаа хийгээд өгөөч гэхээр нь өвдөлтийн шоконд орж магадгүй гээд тариа хийсэн. Нэмж хийсэн. Эхний тариа хийснээс хойш 16 минутын дараа таталт өгч хөөс сахарч эхэлсэн. Амилуулах арга хэмжээ авч тариа хийсэн. Картын эхний хэсгийг бичсэн. Үзлэг дуусаад үлдэх хэсгийг бөглөх байсан ч амжаагүй. Мөрдөгч уг картыг аваад явсан тул бөглөж чадаагүй. Зүрхний өвчтэй гэдгээ надад хэлсэн бол ийм нөхцөл байдал үүсэхгүй байсан. Зүрхний цочмог шигдээс хүрээд 7-10 хоносон байсан, энийгээ надаас нуусан. 2 дахь тариа хийхийн өмнө сорилд ямар нэг шинж тэмдэг илрээгүй байсан. Зүрхний цочмог шигдээсийн 8 шинж задлан шинжилгээгээр бүгд илэрсэн. Баруун өгзөгт би нэг удаа тарьсан. Оршуулгын зардал 12 сая төгрөг төлсөн. Уучлаарай, хүний амь нас хохирсонд маш их харамсаж байна. Би ажлаа зохих ёсоор гүйцэтгэсэн” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2023.11.12-ны өглөө хүү “шүд өвдөөд байна” гэсэн. ******* надаас асуулга асуусан. Би харшилтай, гараар нь туурдаг гэж хэлсэн. Бас бронхиттой гэж хэлсэн. Эмч өөрөө асуумжаа бөглөөд гарын үсэг зурчих гэсэн. 1 л удаа гарын үсэг зурсан. Гэтэл 1 дэх хавтаст хэргийн 137-139 дэх талд байгаа гарын үсэг 1 нь минийх биш байсан. Тариураас фендиметразин илэрсэн. Сэтгэцэд нөлөөт бодис гэж дүгнэлт байгаа. Лидокайн энэ 2 яагаад нэг тариураас илэрсэн нь ойлгомжгүй. Алдаа гарсан байх боломжтой. Хэргийн газрын үзлэгээр лидокайны шил олдоогүй. Хэргийн материалаас алга болсон байх магадлалтай. Оршуулгын зардлыг эмнэлгээс нэхэмжилж байгаа. Сэтгэцэд учирсан хохирлын үлдэх төлбөр 650,000 төгрөгийг *******гаас нэхэмжилнэ. Таталт энэ тэр өгөөгүй. Би хувцсыг нь тайлсан зүйл болоогүй. Би өөрөө ч зүрхний өвчтэй гэдгийг мэдээгүй. 7 хоногийн өмнө шүд авахуулсан зүйл байхгүй. Хөнгөн ял оногдуулахыг хүсэж байна” гэв.

Эрүүгийн 2305042301656 дугаартай хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******ын: “...2023 оны 11 сарын 12-нд өглөө сэрээд байж байхад хүү ******* надад “миний шүд өвдөөд байна” гэсэн. Амралтын өдөр байсан учир утсаар ажиллаж байгаа газар хайхаар болж 09 цаг 39 минутад “****” гэх шүдний эмнэлэгтэй холбоо барихад яаж хүлээх бэ гэж бид ярилцаад хорооллын эцэст нэг шүдний эмнэлэг байдаг, тэр бараг очергүй гайгүй эмнэлэг байдаг гэж ярилцаад очихоор болоод би хүүгийн хамт гүйгээд тухайн эмнэлэгт орсон. Эмнэлгийн асуумж асуухаар нь би хариулж өгч байсан, надаас “ямар нэг харшилтай юу” гэж асуухаар нь “тийм харшил байдаг, гар дээр нь юм туураад байдаг” гэж хэлсэн. Юунаас харшил өгөөд байдаг талаар асуугаагүй болохоор би ч хариулаагүй. Эмч эмчилгээний өрөөнөөс гарч ирээд “сая шүдний дэлгэмэл зураг авчихлаа, 4-5 шүдэнд ломбо тавина, 1 арааг нь шууд авахаар юм байна” гэж хэлсэн. Би “танайд мэргэжлийн эмч нар байдаг уу” гэж асуухад байгаа гээд нэг шүдэнд эм тавьсан, өвдөж байгаа шүд нь агт араа юм байна гэж хэлсэн. Ер нь шүдний эмнэлэгт хийж болох бүх үйлчилгээг авахаар болж цаашид хэд хэдэн хоногоор хэзээ ирэх талаар ярилцаад байсан. Эмч эмчилгээний өрөөндөө ороод 10-15 минут орчим болж байхад эмч гэх нүдний шилтэй бусдаасаа арай ахимаг байрын эмэгтэй гарч ирээд надад “Танай хүү нээх сонин болчихлоо. Та ороод ир” гэсэн. Би яваад орсон чинь хүү орон дээр ямар нэг амьсгал байхгүй, өмдөндөө шээж гулдайсан байхад нь зүрхэнд массаж хийгээд сэргэхгүй байсан тул хиймэл амьсгал хийж хүртэл үзсэн. Би ч мөн адил энэ талын арга хэмжээ авсан. Сүүлд хиймэл амьсгал болон зүрхний массаж хэрхэн хийдэг талаар мэдэхэд бид огт буруу зүйл хийсэн байсан. Бид нар хэсэг хугацаанд сэргээх гэж оролдсон. Эмч нь надаас “та түргэн тусламж дуудсан уу” гэхээр нь би “та нар дуудаагүй юм уу” гээд өөрийн найз эмч рүү залгаад болсон явдлын талаар хэлсэн. Энэ үед эмнэлгийн нэг ажилтан 103-т дуудлага өгч байсан. Энэ үед 10 цаг 41 минут болж байсан. Нөхөр ***д “хүү маань ухаангүй байна” гээд хэлсэн. Тэгэж байхад тэндхийн нэг хүнийх нь ар гэр эсвэл ажилтан бол уу гэмээр нэг эрэгтэй орж ирээд гараад машин ол гэж хэлээд нэг ажилтнаа гаргасан. Манай нөхөр гаднаас орж ирээд ахин сэргээх гэж оролдоод чадаагүй байж байхад машин зогсоосон шүү гээд хүн орж ирсэн. Сүүлд гаднаас орж ирсэн эрэгтэй хүүг маань үүрээд гарч машинд нөхөр, би, хүүгийн хамт суугаад гэмтэл орж сэхээнд оруулах гэтэл эмч нь “хэдийн зүрх зогссон байна, хүлээн авах боломжгүй байна” гэж хэлсэн. Гэмтлийн цагдаа ирээд бид нартай уулзсан. ...Нэмж хэлэх зүйл гэвэл намайг тухайн эмчилгээ хийж байсан хэсэгт яваад ороход хүү маань хоёр гар нь сул унжсан, хоёр хөл нь сул болсон байсан. Би хараад маш их сандарч хүүдээ “Миний хүү болохгүй шүү, одоо буцаад ирээрэй гээд гуйсан” бөгөөд тэр үед гэнэт нэг удаа огцом амьсгалсан. Энэ үед нөгөө эмч нар ухайс одоо зөв шүү гээд нэг тариа зүүн гарын шуу хэсэгт хийсэн. Шууд ахин нэг хийчих гээд нэг тариа хийсэн. Тухайн тарианаас хойш ахин бие нь ямар нэг сэргэлт өгөөгүй. Дараагийн нэг мартсан зүйл гэвэл миний хүүг эмчилгээний өрөөнд анх ороод байж байхад нь эмч гарч ирээд надаас цаасан дээр асуумж асууж бөглөсөн. Түүн дээр эмч надаас “танай хүү харшилтай юу” гэж асуухад нь “гар дээр нь ширгэн тууралт” гардаг гэж хэлсэн. Дараа нь эмч “танай хүүд ямар нэг архаг хууч өвчин байдаг уу” гэж асуухад нь “Уушгины архаг бронхит өвчтэй” гэсэн. Эмч надад асуумж асуусан цаасаа өгөөд энэ дээр гарын үсэг зурчих гэхээр нь би түүнд итгээд шууд гарын үсэг зурсан.

Мөн дараагийн нэг мартагдсан зүйл гэвэл эмч “танай хүүхэд нэг сонин болчихлоо” гэхээр нь би эмчилгээний өрөөнд гүйгээд орсон. “Та нар түргэн тусламж дуудсан уу” гээд асуухад эмч надад “Та дуудаагүй юм уу” гэхээр нь би өөрийн найз эмч ******* руу залгаад эмнэлэг дуудсан эсэх талаар мэдэхүй байна гэсэн. Удалгүй найз маань над руу залгаад “Эмнэлэг дуудлага өгсөн байна” гэсэн. Дуудлагад ирэхгүй маш их удсан. Иймд би тухайн шүдний эмнэлэг түргэн дуудах үедээ хугацаа алдсан гэж бодож байна. Эмч үзэж байхдаа надад “би сорил тавьсан шүү дээ” гээд 2 ч удаа хэлсэн. Маш их гайхаж байгаа...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 26-28, 31-32 дахь тал),

Цогцост хийсэн шүүх эмнэлгийн 2023.12.12-ны өдрийн 3022 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1.“Royal smile dental clinic” шүдний эмнэлэг *******т зүүн дээд 8-р apaa шүдний сурвалжийн орой тойрны үрэвсэл /буглаа/ гэсэн онош тавьсан нь зөв байна. 2.3.4.5. Уг шүдний эмнэлэг нь *******т 2023.11.12-ны өдрийн Амбулаторт хийгдэх мэс ажилбарын 7559 тоот хуудасны дагуу бөглөж онош тавьсан эмчилгээ хийгдсэн гэх тэмдэглэл байхгүй байна. Харин зүүн дээд 5-р араа шүд авагдсан байсан ба хэзээ авсныг тогтоох боломжгүй байна. 6.“Royal smile dental clinic” шүдний эмнэлэг нь Монгол Улсын Стандарт MNS 5372-1:2004 Шүд цоорлын өвчний эмчилгээний 7.1. 7.2 дахь заалтыг барьж ажиллаагүй байна. 7. Талийгаач ******* нь зүрхний архаг цус хомсрох өвчтэй ба шүдний эмнэлэгт үзүүлэхээс 7-10 хоногийн өмнө зүрхний цочмог шигдээс болж байсан байна. Талийгаач В3-р бүлгийн цустай байна. 8.9.10. Талийгаачийн биед шүдний эмнэлэгт үзүүлэхээс өмнө ямар нэгэн гэмтэл шархгүй байсан байна. Харин дээд уруулын зулгаралт, буйлны язрал, цус хуралт нь мохоо зүйлийн үйлчлэлээр амилуулах тусламж үзүүлэх явцад үүссэн байх боломжтой тул гэмтлийн зэрэг тогтоохгүй. 11. Талийгаач нь эмийн бодисын хэт мэдрэгшлийн хариу урвалын улмаас олон эрхтний дутагдалд орж нас баржээ. Талийгаачийн зүрхний булчингийн архаг цус хомсрох өвчин нь үхэлд хүргэхэд нөлөөлсөн байна. 12. Талийгаачид амилуулах арга хэмжээ авсан эмнэлгийн баримт байхгүй байна” гэжээ (1 дэх хавтаст хэргийн 72-77 дахь тал),

Шинжээч эмч Д.Дунгаамаагийн: “Задлан шинжилгээгээр авагдсан зүрхний дээжид эдийн шинжилгээ хийхэд зүрхний булчингийн ширхэгт соривжилтийн тоосжилт, 2 сараас дээш хугацаанд үүссэн, мөн уян ширхгийн нөхөн төлжилт явагдсан /10-34 хоног/, мөн цочмог шигдээс /7-10 хоног/ өрөвслийн нэвчдэстэй голомтуудтай байсан. Дээрх шинжүүд нь шигдээсийн дараа нөхөн төлжилт явагдсан байгаа цаг хугацааг тодорхойлно. Зүрхний шигдээс нь үүссэн хэмжээ талбай зэргээс хамаарч биед илрэх зовиур нь өөр өөр байдаг. Их талбай хамарсан том хэмжээний шигдээс үүсвэл эмнэлгийн яаралтай тусламж заавал авах, шууд үхэлд хүргэх аюултай. Жижиг хэмжээний шигдээс үүсвэл хүний цээжээр хөндүүрлэж, хатгах шинж тэмдэг илрээд өнгөрч болно. Эдийн шинжилгээгээр зүрхний булчингийн ширхэг завсраар эозинофил эсийн нэвчдэс цус эргэлтийн алдагдал нойр булчирхай бөөрний сувганцарын үхжил зэрэг шинж илэрсэн. Эдгээр шинж тэмдэг нь анофилаксийн шок буюу эсийн хэт мэдрэгшлийн хариу урвалын үед илэрнэ” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 103-106 дахь тал),

Шинжээч эмч Ц.Оюун-Эрдэнийн: “Үзлэгээр зүрх-кс хуучин холбогч эд /2 сараас дээш/, уян ширхэг 10-34 хоног, цочмог шигдээс 7-10 хоног, голомтлог миоцитолиз, голомтлог гипертрофи, фибрилляци. Булчингийн ширхэг завсраар эозинофил, эсийн нэвчдэстэй гэснийг үндэслэн дүгнэлтийн 7-р хариулт буюу шүдний эмнэлэгт очихоос 7-10 хоногийн өмнө зүрхний цочмог шигдээс өвчнөөр өвдсөн байна гэж гаргасан. Тухайн хүнд нас болон биеийн онцлог зэргээс хамаарч зовиур илэрсэн ч идэвхтэй хө******* хийж болно. Анафилаксийн шок буюу эсийн бодисын хэт мэдрэгшлийн хариу урвал нь амь нас аврах боломжгүй байдаг ба харшилын урвал буюу дотор эрхтнүүдэд эозинофил эсийн нэвчдэс үүсэж амь нас аврах боломжгүй байдаг. Талийгаачийн зүрхний булчингийн архаг цус хомсрох өвчин үхэлд нөлөөлөн хүндрүүлнэ. Монгол Улсын стандарт MNS5372-1:2004 шүд цоорлын өвчний шинжилгээний 7.1. өвчтөн урд өмнө шүд авахуулах болон хэсгийн мэдээ алдуулалттай хагалгаа хийлгэж байсан эсэх архаг хууч өвчин эмгэг төрөлхийн гажиг согог ба бусад эмгэг, эмийн харшил гэх мэт өвчний түүхийн талаар нэн шаардлагатай асуулга асуусан байх. 7.2 шүд авахад харьцангуй эсрэг заалттай өвчтөнг урьдчилан төлөвлөн зайлшгүй шаардах шинжилгээ хийлгэх шүд авах үндсэн заалт буюу шалтгаанаас хамаарч зөвлөх эмч нарийн мэргэжлийн эмчээс зөвөлгөө авсан байх гэсэн заалтыг барьж ажиллаагүй нь энэ хэрэгт шууд хамааралтай. Энэ стандартыг бүх эмнэлэг дагаж мөрддөг юм...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 109-113 дахь тал),

Хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн 2025.07.07-ны өдрийн ЕГ0525/731 дүгээр шинжилгээний дүгнэлтэд: “1. 2023.12.12-ны өдрийн 3022 дугаартай шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна. 2. Цогцост хийсэн 3022 дугаартай шинжилгээгээр амь хохирогчийн баруун өгзөгний гадна дунд хэсэгт хүрэн өнгийн тав бүхий 4 ширхэг тарианы зүүний оромтой байжээ. Эдийн шинжилгээг давтан харахад зүрхний булчингийн цочмогдуу шигдээстэй байна. 3. Амь хохирогч нь хэсгийн мэдээ алдуулах лидокайны бэлдмэлд хэт мэдрэгшлийн хариу урвал үүсэж олон эрхтний дутагдалд орж нас баржээ. 4. Монгол улсад мөрдөгдөж буй MNS 6900:2021 стандартын дагуу сорил тавьснаас хойш 10-15 минут хүлээж сорилыг үнэлнэ. Камерын бичлэгээс харахад сорил тавьснаас 1 минут орчмын дараа үргэлжлүүлэн тариа хийж буй нь бичлэгээр нотлогдож байна. Сорилын үнэлгээ хийж бэлцрүүг бүрэн үнэлээгүй байна, хариу урвал үзүүлэх хугацаа нь үйлчлүүлэгчийн харшлын суурь, эмийн тунгаас ихээхэн хамааралтай байдаг тул хугацаа заах боломжгүй. 5. “*******” шүдний эмнэлгийн эмч нь шүдний эмчилгээг хийхдээ хэсгийн мэдээ алдуулалтыг хийхийн өмнө MNS 6900:2021 Арьс хатгах сорилын арга стандартын дагуу сорил тавьсан боловч стандартад заасан хугацаанд (15-20 минут) сорилыг бүрэн үнэлэхгүйгээр хэсгийн мэдээ алдуулалтыг хийсэн нь камерын бичлэгт харагдаж байна, эмчийн мэдүүлснээр сорил тавьсны дараа 1 минут хүлээхэд гарын арьс улайж бэржрүүтээгүй, загатнаагүй байсан тул мэдээ алдуулалт хийхээр тогтож, хийсэн нь стандартыг баримтлаагүй, дутуу үнэлжээ. 6. Камерын бичлээс үзэхэд амь хохирогчид 2023 оны 11 сарын 12-ны 10 цаг 16 минут 28 секунд орчимд амны хөндийд тариа хийж, 10 цаг 29 минут 31 секунд орчимд дахин амны хөндийд тариа хийсэн. 10 цаг 31 минут 22 секунд орчимд эмнэлзүйн шинж тэмдэг илэрсэн нь сорил тавьснаас хойш 16 минут, эмийн бодисын эхний тун амны хөндийд хийснээс хойш 15 минутын дараа шинж тэмдэг илэрсэн нь харагдаж байна. Бичлэгт цааш шинж тэмдэг илэрснээс хойш 1 минут орчмын дараа буюу 10 цаг 32 минут 21 секунд орчимд хохирогчийн баруун гарын булчинд ампултай эмийн бодисоос тариурт соруулаад тарьж байгаа нь эмчлэгч эмчийн мэдүүлгээс адреналин тарьсан гэж үзэхээр байна. Удирдамжийн дагуу анафилаксийн шокийн үед насанд хүрсэн хүнд адреналиныг 0.5мг-ыг булчинд тарих ёстой байдаг. Гэвч камерын бичлэг болон гэрчийн мэдүүлгээс адреналиныг баруун гарын булчинд хийж байгаа нь зөв арга хэмжээ боловч ямар тунгаар хийсэн нь тодорхойгүй байна. Шинжилгээгээр амь хохирогчийн цогцост дээд уруулын зулгаралт, буйлны язрал, цус хуралт нь мохоо зүйлийн үйлчлэлээр амилуулах тусламж үзүүлэх явцад үүссэн байх боломжтой, хэт мэдрэгшлийн хариу урвалын улмаас шоконд орсон үед амилуулах суурь тусламжийг үзүүлсэн боловч энэ талаар эмнэлгийн бичиг баримт байхгүй тул ямар тусламжийг хэрхэн үзүүлснийг бүрэн хариулах боломжгүй байна. 7.8. Шүүх эд эсийн С-3022, эдийн давтан харуулсан ЕГХМ25/731 дугаартай шинжилгээнд зүрхний булчингийн цогмогдуу шигдээс, зүрхний булчингийн ширхэг завсраар эозинофиль эсийн нэвчдэс илэрсэн, эозинофилийн миокардиттай байна. Эозинофиль эс нь харшлын өвчний эмгэг жамд оролцдог, харшлын үед цусанд болон хэсэг газарт ихсэж болдог тул зүрхний булчинд харшлын шалтгаантай эозинофиль эсийн нэвчдэс үүсэж, эмийн бодисын хэт мэдрэгшлийн үед эозинофиль болон шигүү мөхлөгт эсүүдээс харшлын медиатор ихээр ялгарсантай холбоотой эрхтэн доторх хялгасан судас тэлж, цус зогсонгишиж, зүрхэнд ирэх цус багассанаас зүрхний цацалтын эзлэхүүн буурч, артерийн даралт буурснаар анафилаксийн шок болдог. Иймээс дотор эрхтний цус эргэлтийн цочмог алдагдал, олон эрхтний дутагдал үүсдэг. Эмнэлгийн тусламжийг зохих ёсоор үзүүлсэн ч амь нас аврагдах боломж муутай байна. 9. Монгол улсын MNS 900:2021 “Арьс хатгах сорилын арга” стандартад заасны дагуу сорилын хариуг 10-15 мин хүлээсний дараа үнэлэх шаардлагатай байдаг. Талийгаачид тавьсан арьсны сорилын үр дүнг шаардлагатай хугацаанд үнэлж, дүгнээгүй байна” гэжээ (2 дахь хавтаст хэргийн 65-83 дахь тал),

Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох шинжээчийн 2025.09.17-ны өдрийн ЕГ0825/3233 дугаар дүгнэлтэд: “1. *******ын сэтгэцэд тухайн гэмт хэргээс шалтгаалан удаан хугацаанд үргэлжилсэн уй гашуугийн үеийн сэтгэл хямралын шинжүүд илэрч байна. Энэ нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн дөрөвдүгээр зэрэглэлд хамаарна. 2.3. *******ын сэтгэцэд учирсан хор уршиг нь түр зуурынх эсхүл байнгын шинжтэй эсэх, цаашид хэрхэн нөлөөлөх эсэх нь хувь хүний сэтгэл зүйн онцлог, гэр бүл хамт олны дэмжлэг бүхий орчин, сэтгэцийн болон сэтгэл зүйн тусламж үйлчилгээнд хамрагдах эсэх зэргээс хамаарна...” гэжээ (2 дахь хавтаст хэргийн 195-197 дахь тал),

Шинжээчийн 2023.12.18-ны өдрийн 5802 дугаар дүгнэлтэд: “1.2.4. Ирүүлсэн дээжүүд нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. “Адреналин” гэсэн бичиглэлтэй хагархай тарианы шилнээс лидокайн /lidocaine/ илэрсэн. “Ledocaine hydrochloride 2%” гэсэн бичиглэлтэй шилтэй тариа мэт зүйлээс фендиметразин /phendimetrazine/, лидокайн /lidocaine/ илэрсэн. “Medicaine Inj” гэсэн бичиглэлтэй шилтэй тариа мэт зүйлээс фендиметразин /phendimetrazine/, лидокайн /lidocaine/ илэрсэн. Илэрсэн фендиметразин /phendimetrazine/ нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын 4 дүгээр жагсаалтад багтдаг болно. “Дексаметазон-Ферейн” гэсэн бичиглэлтэй хагархай тарианы шил, тарианы зүүнээс ямар нэгэн найрлага илрээгүй...” гэжээ (1 дэх хавтаст хэргийн 91-93 дахь тал),

Гэрч Б.*******гийн: “...2023 оны 11 сарын 12-нд ...10 цагийн үед үл таних 30 орчим насны эрэгтэй, 50 гаруй насны эмэгтэй орж ирсэн. Тухайн хүмүүс “шүдээ үзүүлэх гэсэн юм” гэхээр нь гадуур хувцас өлгүүрт хийгээд үзлэгийн орон дээр гаргаад суулгасан. ******* эмч тухайн хүний амны хөндийн үзлэг хийгээд намайг дээш гаргаад рентген зураг аваад ир гэсэн. Би зургийг нь аваад ирсэн. Эмч зураг хараад тухайн хохирогчид танилцуулаад дараа нь түүний ээжид тайлбарлан өгсөн. Буцаж үзлэгийн өрөөнд эмч орж ирээд тухайн шүд авахуулахаар ирсэн эрэгтэй хүнд сорил баруун гарын шуу хэсэгт 1 граммын тариураар 1 удаа арьсан доор тавиад хэсэг хугацаанд ажигласан. Ямар нэг харшил өгөөгүй бололтой түүний дараа “мэдээ алдуулах тариа аваад ир” гэхээр нь би тарианы шүүгээнээс 1 ширхэг лидокайн 1,8 граммын тариа нэгийг авч өгсөн. Эмч тариа хийгээд хэсэг хүлээсэн. Энэ хугацаанд ямар нэг хүндрэл өгөөгүй байсан. Эмч ******* ахин үзлэг хийж байгаад надад ахиад нэг ширхэг мэдээгүйжүүлэгч аваад ир гэхээр нь нэгийг аваад өгсөн. Би хойд талын өрөөнд ороод юм янзалж байхад ******* эмч “хүүе сэрээрэй ухаан алдчихлаа” гэсэн тул би гүйгээд очиход надад “спирт аваад өг” гэж хэлсэн. Би спирттэй хөвөн аваад эмчид өгсөн. Эмч түүгээр хамрын гүн хонхор дээр нь дарж сэргээх оролдлого хийж байсан. Эмч ******* бид хоёр яаралтай тусламжийн шүүгээг ойртуулж өгсөн. Энэ үед ******* эмч адерналин гэх тариа соруулж байсан. Надад “гараад түргэн тусламж дууд” гэсэн. Би шууд гараад 103 дугаарт залгаад дуудлага өгсөн. ******* эмч надад “гадаа гараад унаа олж бай, түргэн ирэхгүй байна” гэсэн. Би гараад нэг машин зогсоогоод “хүний бие муу байна, яаралтай эмнэлэг оруулах хэрэгтэй байгаа” талаар хэлсэн чинь жолооч зөвшөөрсөн. Тухайн үед *******ах тэр хүнийг үүрээд гараад ирсэн. Эмнэлэг дээр ******* эмч би цэвэрлэгч эгч нарын хамт үлдсэн. Захирал ******* залгаад “нөгөө хүн өнгөрсөн, одоо үйлчилгээгээ зогсоогоорой” гэсэн...” гэх мэдүүлэг (1 дэх хавтас, хх-39-41 дэх тал),

Гэрч А.*******ий: “...2023 оны 11 сарын 12-нд амралтын өдөр байсан. Би ******* эмчтэй цай ууж байхад үйлчлэгч эгч ирсэн. Тухайн үед шинэ үзүүлэх хүн ирсэн байна гэсэн. Дотор үзлэгийн хойд талын өрөөнд нэг залуу орсон байсан ба гадаа ээж нь гээд 50 орчим насны эмэгтэй байсан. Намайг гарах үед ******* эмч нөгөө залууд үзлэг хийхээр үлдсэн. Би тухайн хүнд үзлэг хийхээр болж өрөөнд оруулаад амны хөндий шалгаад үзлэг хийж байхад ******* эмч гэнэт “хүүе сэрээрэй сэрээрэй” гээд нэлээд сандарсан хоолойгоор хэлсэн тул би санаа зовоод үзлэгийн өрөөнөөс гарсан чинь ******* “спирттэй хөвөн аваад ир” гэсэн. ******* спирттэй хөвөнгөөр хүн хонхрын дээр дарж сэргээх оролдлого хийж байсан. Энэ хооронд би, сувилагч *******хамт анхны тусламжийн ширээ түрээд ойртуулсан. Адерналин гэх тариа соруулаад ******* эмчид өгсөн. Энэ хооронд *******сувилагч ажлын утсаар 103 дугаарт дуудлага өгсөн. Үүний дараа хүчилтөрөгчөө залгаад амьсгалын гуурсыг нь би тухайн өвчтөнд байрлуулаад ******* эмч хүчилтөрөгчийн их бага тунгийг нь тааруулсан. Би 103 луу залгасан “хаана явж байгаа вэ” гэж асуусан. Удалгүй захирлын нөхөр *******орж ирсэн. *******“ер нь 103 удах шинжтэй байх тул өөрсдөө эмнэлэг рүү авч явъя” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 44-45 дэх тал),

Гэрч *******: “...2023 оны 11 сарын 12-нд өглөө босож байхад талийгаач хүү маань “шүд өвдөөд байна, ажиллаж байгаа эмнэлэг байна уу” гэж асуусан. Би тухайн үед нь “өвдөөд байгаа бол эрт эмнэлэг орж үзүүл” гэж хэлсэн. Манай хүү ээжийгээ нэлээд яаруулаад түрүүлээд гарсан бөгөөд ээж нь ч араас нь маш богино хугацаанд гарсан. Манай хажууханд буюу хорооллын эцэст байдаг шүдний эмнэлэг амралтын өдөр ажилладаг гээд гараад явсан. Удаагүй 30 орчим минут болж байхад над руу эхнэр залгаад миний хүүг ухаан алдсан байгаа талаар хэлсэн. Хорооллын эцэст байдаг “Royal smail” шүдний эмнэлэг дээр намайг ороход миний хүүгийн хоёр гар, хөл нь үзлэгийн сандал дээр сул унжсан, өмдөндөө шээсэн байдалтай байсан. Би ороод хиймэл амьсгал хийж үзсэн боловч ямар ч амьд байгаа гэх шинж мэдэгдээгүй. Эмнэлэгт байсан эрэгтэй “машин ол, эмнэлэг ирэхгүй байна” гэж хэлсэн. Гараад явсан эмэгтэй хэсэг хугацааны дараа гадаа машин ирсэн байна гэсэн тул нөгөө үл таних эрэгтэй миний хүүг үүрээд гарсан. Бид нар хамгийн ойр эмнэлэг гээд Гэмтэл согог судлалын үндэсний төв дээр очиж хүлээн авах дээр орж яаралтай сэргээх хэрэгтэй байгаа талаар хэлсэн чинь эмч үзлэг хийгээд “нас барсан байна, нэлээд удсан байна” гэж хэлсэн. Ер нь өвдлөө хавдлаа гэж яриад байдаггүй, эм тариа хийлгэж хэрэглэх дургүй хүн байсан...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 53-55 дахь тал),

Гэрч *******: “Өнөөдөр 10 цаг өнгөрч байхад эхнэрийн гар утсанд дуудлага ирээд “эмнэлэг дээр хүн ухаан алдчихлаа” гэсэн тул би гүйж очсон. 30 орчим насны эрэгтэй эмчилгээний сандал дээр ухаан алдсан бололтой дээш хараад хэвтэж байсан. Эмч ******* зүрхэнд нь массаж хийж байсан. Тухайн үед ******* эмчийг ядарсан бололтой сул дараад байх шиг болохоор би зүрхэнд нь массаж хийгээд нөгөө эмч *******ийг “унаа олоод байж бай, 103 ирэхгүй удаад байгаа юм бол аваад гаръя” гэж хэлсэн. ГССҮТ ороод яаралтай тусламжийн хаалгаар орсон чинь эмч нар хүлээн аваад “Амилахуй” гэх өрөөнд орж үзээд зүрх зогссон байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 58-59 дэх тал),

Гэрч Э.*******гийн: “...2023 оны 11 сарын 12-нд өглөө гэртээ байхад 10 цаг 34 минутад ажлын утсаар нэг нь залгаад “ажил дээр хүн ухаан алдчихлаа” гэж хэлсэн. Би нөхөр *******д “чи яаралтай яваад оч” гэж хэлсэн. “хэрэв 103 ирээгүй байх юм бол шууд гэмтэл оруулаад үзүүлэх хэрэгтэй шүү” гэж хэлээд гаргасан. Би гэрээсээ 103 дугаарт 10 цаг 37 минутад залгахад “дөнгөж дуудлага аваад байж байна, удахгүй эмч очно” гэсэн. Би тухайн үеэс хойш хэд хэдэн удаа 103 дугаарт залгаж хэлсэн, надад **** дугаар өгсөн ч залгахаар авахгүй байсан. Би 10 цаг 51 минут хүртэл залгаад авахгүй байсан. 10 цаг 57 минутад **** дугаар залгаад “хаана байгаа юм бэ хаягийг чинь олохгүй байна” гэх зүйл хэлсэн. Би тухайн үед нөхөр Ган-Эрдэнийн дугаарыг өгсөн. Ингээд би гэмтэл ороод яах учраа олохгүй айгаад хэсэг машинд сууж байтал цагдаагаас залгаад ажлын байр асуухаар нь зааж өгөөд ажил дээрээ очсон...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 62-63 дахь тал),

Иргэний хариуцагч Э.*******гийн: “...уг асуудлын талаар тэр өдөр эмнэлэг дээрээ ирээд хяналтын камер шүүж үзээд мэдсэн. *******г уг хэрэгт холбогдуулан шалгаж байгаа талаар огт мэдээгүй. Надад эмч ******* энэ талаар огт хэлээгүй. Уг хэрэг гарсан өдрөөс хойш ******* эмч дахин ажилдаа ирээгүй, ажлаасаа өөрөө гарсан. Хэрэг явдлаас хохирогчийн ар гэрт эмнэлгийн зүгээс ямар нэгэн хохирол төлбөр төлөөгүй. Оршуулгын зардлыг барагдуулахад татгалзах зүйлгүй...” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 205-206 дахь тал),

Камерын бичлэгт үзлэг хийсэн: “...бичлэгийн эхнээс ханцуйгүй цагаан өнгийн цамц өмссөн хөх өнгийн жинсэн өмд өмссөн бичлэгийн цагийн 09 цаг 53 минут 52 секундэд орж ирж байгааг... 54 минут 22 секундэд гаднаас орж ирсэн эрэгтэй эмчилгээний сандал дээр ирж дээш харж хэвтээд ямар нэг зовиуртай толгойгоо байнга гараараа дарж байсныг ...өрөөнд байгаа эрэгтэй хүн маш их өвдөлттэй байгаа бололтой байнга өөрийн хүзүү толгойг хөдөлгөж үсээ хойш илж байх бөгөөд 09 цаг 56 минут 17 секундэд гаднаас хоёр хөх өнгийн хувцастай эмэгтэй эмч орж ирж байгаа... 09 цаг 57 минут 51 секундэд эмч гаднаас орж ирсэн үйлчлүүлэгчид үзлэг эхэлж байгаа... 10 цаг 00 минут 56 секундэд амь хохирогчийг эмч үзлэг хийж дуусаад гадагшаа дагуулан гарч байгаа... 10 цаг 6 минут 58 секундэд эмч болон амь хохирогч нар гаднаас орж ирж байгаа... 14 секунт үсэрч амь хохирогч эмчилгээний сандал дээр хэвтсэн байдалтай эмч, сувилагч нар зэрэгцэж зогссон байсныг... 10 цаг 07 минут 48 секундэд эмч ахин амны хөндий үзлэг хийж байгаа... 10 цаг 09 минут 58 секундэд эмч гартаа цаас бариад гарч өрөөнд сувилагч, амь хохирогч нар үлдэж байгаа... 10 цаг 11 минут 13 дэх секундэд амь хохирогч бие зовиурлаж байгаа бололтой өөрийн хоёр гараараа толгойгоо илж байгаа бичлэг байх бөгөөд энэ үед сувилагч цааш харсан байсан... 10 цаг 14 минут 18 секундэд эмч гаднаас орж ирээд гартаа цэнхэр өнгийн сав барьсан байдалтай амь хохирогчийн хажуу талд ирж байгаа... 10 цаг 14 минут 49 секундэд эмч хоёр гартаа нэг нэг жижиг зүйл бариад амь хохирогчид харуулж байгаа... 10 цаг 15 минут 34 секундэд эмч амь хохирогчийн баруун гарын шуу хэсэгт ямар нэг тариа мэт зүйл хийж байгаа... 10 цаг 16 минут 28 секундэд эмч амь хохирогчийн амны хөндийд тариа хийж байгаа... бичлэгийг цааш үзэхэд үргэлжлүүлэн эмчилгээ хийж байгаад 10 цаг 19 минут 49 секундэд эмчилгээгээ дуусгаж эмч хажуу тийш явж байгаа... 10 цаг 29 минут 31 секундэд амь хохирогчид ахин эмчилгээ хийхээр тариур мэт зүйл гартаа бариад ам ангайлгаж гэрэл тусгаж байгаа... 10 цаг 13 минут 18 секундэд эмч болон сувилагч нар ахин эмчилгээ хийж амны хөндийг цэвэрлэж байгаа... 10 цаг 31 минут 03 секундэд эмч амь хохирогчийн дэргэд суугаад ажиглаж байгаа... 10 цаг 31 минут 22 секундэд амь хохирогч нь таталт өгч нүдний хараа цагаан болж эмч босож түүнд хүрч байгаа... 10 цаг 31 минут 28 секундэд эмч толгой хэсгийг гараараа барьж сувилагч эмэгтэй ямар нэг зүйл хайж өрөөнд гүйж байгаа... 10 цаг 31 минут 35 секундэд хажуу өрөөнөөс өөр нэг эмч орж ирээд гартаа ямар нэг эд зүйл бариад тусламж үзүүлж байгаа... 10 цаг 31 минут 41 секундэд амь хохирогчийн дээд уруул хэсэгт эмч гараараа дарж өрөөнд байсан эмч, сувилагч нар цагаан өнгийн шургуулгаас ямар нэг эд зүйл хайж байгаа... 10 цаг 31 минут 54 секундэд гаднаас хоёр хүн орж ирэх бөгөөд нэг нь амь хохирогчийн төрсөн эх, өөр нэг хүний хамт ирж ажиглан харж зогсох үед эмч болон сувилагч нар цагаан өнгийн шүүгээг аваад ирсэн ямар нэг жижиг зүйл эмчид өгч байгаа... 10 цаг 32 минут 21 секундэд амь хохирогчийн төрсөн эх толгой хэсгийг барьж байхад эмч ямар нэг тариа барьж түүний баруун гарын булчин хэсэгт тарьж байгаа... 10 цаг 33 минут 16 секундэд амь хохирогчид хүчилтөрөгчийн аппарат залгаж байгаа... 10 цаг 33 минут 37 секундэд амь хохирогч өмд норж шээж байгаа... 10 цаг 33 минут 52 секундэд амь хохирогчид эмч зүрхний иллэг хийж гаднаас орж ирсэн хар өнгийн хувцастай эмэгтэй аманд ямар нэг зүйл хийж хөшиж амыг нь ангайлгаж байгаа... 10 цаг 39 минут 09 секундэд эмч өрөөнөөс гарч байгаа... 10 цаг 39 минут 19 секундэд эмч орж ирээд ахин амь хохирогч дээр ирж байгаа... 10 цаг 39 минут 21 дэх секундэд эмч амь хохирогчид зүрхний иллэг хийж байгаа... 10 цаг 39 минут 58 секундэд эмч ахин нэг тариа амь хохирогчийн зүүн гарт хийж байгаа... 10 цаг 40 минут 04 секундэд ахин амь хохирогчид зүрхний иллэг хийж байгаа... 10 цаг 41 минут 15 секундэд амь хохирогчид хиймэл амьсгал эмч хийж байгаа... 10 цаг 41 минут 49 секундэд гаднаас орж ирсэн хар өнгийн гадуур хувцастай эмэгтэй хүн зүрхний массаж хийж байгаа... 10 цаг 44 минутад амь хохирогчийн аав түүнд зүрхний массаж хийж байгаа... 10 цаг 50 минут 52 секундэд амь хохирогчийг хар өнгийн хувцастай эрэгтэй цээж хэсгээр тэвэрч байрнаас нь хөдөлгөж байгаа... 10 цаг 51 минут 35 секундэд амь хохирогчийг хар өнгийн хувцастай залуу нуруундаа үүрч бусад хүмүүс хажуугаас нь түшиж байгаа... 10 цаг 51 минут 17 секундэд өрөөнд байсан хүмүүс гараад явж байгаагаар бичлэг дууссан...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дэх хавтас, хх-232-250, 2 дахь хавтас, хх-1-5 дахь тал),

Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дэх хавтас, хх-9-12), хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дэх хавтас, хх-13-19), амбулторт хийгдэх мэс ажилбарын хяналтын хуудас (1 дэх хавтас, хх-137-139), амь хохирогчийн шүдний дэлгэмэл зураг (1 дэх хавтас, хх-140), “Багануур дент” ХХК-ийн арьсан дотор тарилга хийх /сорил тавих/ арга техник (1 дэх хавтас, хх-178-179), Монгол Улсын Стандарт Хоншоорын их араа шүдийг авах мэс ажилбар (2 дахь хавтас, хх-185-192),

шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (2 дахь хавтас, хх-208), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (2 дахь хавтас, хх-93), гэрлэлт дуусгавар болсны бүртгэлийн лавлагаа (2 дахь хавтас, хх-209), төрсний бүртгэлийн лавлагаа (2 дахь хавтас, хх-210), “*****” ХХК-ийн тодорхойлолт (2 дахь хавтас, хх-211), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (2 дахь хавтас, хх-212-215), оршин суугаа хаягийн лавлагаа (2 дахь хавтас, хх-216), бакалаврын дипломны хуулбар (2 дахь хавтас, хх-217-218), мэргэшлийн үнэмлэхийн хуулбар (2 дахь хавтас, хх-133), дипломны хуулбар (2 дахь хавтас, хх-134-135), мэргэшлийн зэргийн гэрчилгээний хуулбар (2 дахь хавтас, хх-136-137), өргөмжлөл (2 дахь хавтас, хх-138-144), мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээ (1 дэх хавтас, хх-184) зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргаж өгсөн Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн албан бичиг, Эрүүл мэндийн яамны хариу зэрэг 3 хуудас баримтыг,

шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргаж өгсөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид хохирол төлбөрт 12,000,000 төгрөг шилжүүлсэн дансны хуулга, Баянгол дүүргийн эрүүл мэндийн төвийн шүдний кабинетийн мөрдөж буй стандартуудын жагсаалт, Эрүүл мэндийн сайдын тушаалууд зэрэг нийт 27 хуудас баримтыг,

иргэний хариуцагчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргаж өгсөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид хохирол төлбөрт 11,894,500 төгрөг төлсөн шилжүүлгийн баримтыг тус тус уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

Шүүгдэгч *******гийн гэрчээр өгсөн мэдүүлэг (1 дэх хавтас, хх-48-50)-ийг шүүх үнэлээгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй болно.

Нэг. Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч ******* нь 2023 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хороо, “*******” шүдний эмнэлэгт шүдний их эмчээр ажиллаж байхдаа эмнэлгийн тусламж үйлчилгээ авахаар ирсэн *******т шүдний эмчилгээг хийхдээ Монгол Улсын Стандарт MNS 5372-1:2004 Шүд цоорлын өвчний эмчилгээний 7.1, 7.2 дахь заалтыг барьж ажиллаагүй, хэсгийн мэдээ алдуулалтыг хийхийн өмнө MNS 6900:2021 Арьс хатгах сорилын арга стандартын дагуу сорил тавьсан боловч стандартад заасан хугацаанд (15-20 минут) сорилыг бүрэн үнэлэхгүйгээр хэсгийн мэдээ алдуулалтыг хийж, стандартыг баримтлаагүй дутуу үнэлж, эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн тусламж үйлчилгээ үүргээ зохих ёсоор үзүүлээгүйн улмаас хохирогч ******* нь эмийн бодисын хэт мэдрэгшлийн хариу урвалын улмаас олон эрхтний дутагдалд орж нас барсан болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар тогтоогдож байна. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай. Нас барсан шалтгааныг шинжээчийн дүгнэлтээр хангалттай тогтоосон. Лидокайны харшлын улмаас нас барсан гэдэг нь тогтоогдсон. Хохиролд 11,894,522 төгрөгийн баримт гаргаж өгсөн тул иргэний хариуцагчаас гаргуулах саналтай. Сэтгэцэд учирсан хор уршигт 45,99%-аар тооцож шүүгдэгчээс гаргуулах саналтай...” гэж,

хохирогчийн өмгөөлөгч “Баримтлах стандартыг баримтлаагүй. Хяналтын хуудас бөглөсөн нь эргэлзээтэй. Карт бүрэн бичигдсэн, эм бичээд өгсөн байдаг. Шүүгдэгч болохоор мөрдөгч хураагаад авсан тул бүрэн бөглөж чадаагүй гэдэг. Гэм буруутайд тооцуулах саналыг дэмжиж байна” гэж,

иргэний хариуцагчийн өмгөөлөгч “Миний үйлчлүүлэгч оршуулгын зардлыг төлөхөө илэрхийлж байгаа. Улсын яллагчийн хохирол төлүүлэх саналыг дэмжиж байна” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч “Монгол Улсын Стандарт MNS 5372-1:2004 Шүд цоорлын өвчний эмчилгээний 7.1, 7.2-т заасныг зөвшөөрөхгүй байгаа. Шүд цоорлын эмчилгээ хийгээгүй. Хоншоорын стандартыг барих ёстой байсан. Нүүр амны эрүүл ахуйн эмчилгээ хийх ёстой. Зүрхний цохилт, амьсгалын тоог хийх ёсгүй байсан. Асуумж асуусан байдаг. 17 үе шаттай ажлыг миний үйлчлүүлэгч бүрэн хийсэн. Эрүүл мэндийн тухай хуулийн 3.1.5, 28 дугаар зүйлд заасан үүргээ биелүүлсэн. Зүрхний шигдээс, цус хомсрох өвчтэй, үүссэн хугацааг ч шинжээчийн дүгнэлтүүд тогтоосон. *** эмч шинж тэмдгийг тодорхой хэлсэн байдаг. *** бас хэлсэн.****гийн мэдүүлгээр давхар тогтоогддог. Анафилаксийн шокийн үед миний үйлчлүүлэгч бүх талын арга хэмжээ авсан. Хэнтий эмч лидокайны талаар хэлсэн. Харшлын илрэх хугацааг дээрх шинжээч нар тодорхой хэлсэн. Цогцост хийсэн дүгнэлтээр анафилаксийн шок илрээгүй. Арьс хатгах сорилын стандартыг баримтлах ёсгүй. Эмнэлэг өөрөө л тогтоосон болохоос заавал баримтлах стандарт биш. Мэргэжлийн алдаа гэж үзэж байна. Суурь өвчтэй гэдгээ мэдэгдээгүй, нуусан нь гэмт хэрэг гарах гол шалтгаан болсон...” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.  

Шүүх хуралдаанаар шүүгдэгч ******* нь 2023 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хороо, “*******” шүдний эмнэлэгт шүдний их эмчээр ажиллаж байхдаа эмнэлгийн тусламж үйлчилгээ авахаар ирсэн *******т шүдний эмчилгээг хийхдээ Монгол Улсын Стандарт MNS 5372-1:2004 Шүд цоорлын өвчний эмчилгээний 7.1, 7.2 дахь заалтыг барьж ажиллаагүй, хэсгийн мэдээ алдуулалтыг хийхийн өмнө MNS 6900:2021 Арьс хатгах сорилын арга стандартын дагуу сорил тавьсан боловч стандартад заасан хугацаанд (15-20 минут) сорилыг бүрэн үнэлэхгүйгээр хэсгийн мэдээ алдуулалтыг хийж, стандартыг баримтлаагүй дутуу үнэлж, эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн тусламж үйлчилгээ үүргээ зохих ёсоор үзүүлээгүйн улмаас хохирогч ******* нь эмийн бодисын хэт мэдрэгшлийн хариу урвалын улмаас олон эрхтний дутагдалд орж нас барсан нөхцөл байдал тогтоогдлоо.

Энэ нь дээрх шинжлэн судлагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын өгсөн мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү” гэх дүгнэлтийг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

Хэрэгт авагдсан цогцост хийсэн шүүх эмнэлгийн 3022 дугаар “...6. “Royal smile dental clinic” шүдний эмнэлэг нь Монгол Улсын Стандарт MNS 5372-1:2004 Шүд цоорлын өвчний эмчилгээний 7.1. 7.2 дахь заалтыг барьж ажиллаагүй байна. 7. Талийгаач ******* нь зүрхний архаг цус хомсрох өвчтэй ба шүдний эмнэлэгт үзүүлэхээс 7-10 хоногийн өмнө зүрхний цочмог шигдээс болж байсан байна. 11. Талийгаач нь эмийн бодисын хэт мэдрэгшлийн хариу урвалын улмаас олон эрхтний дутагдалд орж нас баржээ. Талийгаачийн зүрхний булчингийн архаг цус хомсрох өвчин нь үхэлд хүргэхэд нөлөөлсөн байна” гэх дүгнэлт, 

шинжээч эмч Ц.Оюун-Эрдэнийн “...шүдний эмнэлэгт очихоос 7-10 хоногийн өмнө зүрхний цочмог шигдээс өвчнөөр өвдсөн байна гэж гаргасан. Тухайн хүнд биеийн онцлог зэргээс хамаарч зовиур илэрсэн ч идэвхтэй хө******* хийж болно. Анафилаксийн шок буюу эсийн бодисын хэт мэдрэгшлийн хариу урвал нь амь нас аврах боломжгүй байдаг ба харшилын урвал буюу дотор эрхтнүүдэд эозинофил эсийн нэвчдэс үүсч амь нас аврах боломжгүй байдаг. Талийгаачийн зүрхний булчингийн архаг цус хомсрох өвчин үхэлд нөлөөлөн хүндрүүлнэ. Монгол Улсын стандарт MNS5372-1:2004 шүд цоорлын өвчний шинжилгээний 7.1. өвчтөн урд өмнө шүд авхуулах болон хэсгийн мэдээ алдуулалттай хагалгаа хийлгэж байсан эсэх архаг хууч өвчин эмгэг төрөлхийн гажиг согог ба бусад эмгэг, эмийн харшил гэх мэт өвчний түүхийн талаар нэн шаардлагатай асуулга асуусан байх. 7.2 шүд авахад харьцангуй эсрэг заалттай өвчтөнг урьдчилан төлөвлөн зайлшгүй шаардах шинжилгээ хийлгэх шүд авах үндсэн заалт буюу шалтгаанаас хамаарч зөвлөх эмч нарийн мэргэжлийн эмчээс зөвөлгөө авсан байх гэсэн заалтыг барьж ажиллаагүй нь энэ хэрэгт шууд хамааралтай...” гэх мэдүүлэг,

хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн ЕГ0525/731 дүгээр “1. 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 3022 дугаартай шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна. 3. Амь хохирогч нь хэсгийн мэдээ алдуулах лидокаины бэлдмэлд хэт мэдрэгшлийн хариу урвал үүсэж олон эрхтний дутагдалд орж нас баржээ. 4. Монгол улсад мөрдөгдөж буй MNS 6900:2021 стандартын дагуу сорил тавьснаас хойш 10-15 минут хүлээж сорилыг үнэлнэ. Камерын бичлэгээс харахад сорил тавьснаас 1 минут орчмын дараа үргэлжлүүлэн тариа хийж буй нь бичлэгээр нотлогдож байна. Сорилын үнэлгээ хийж бэлцрүүг бүрэн үнэлээгүй байна, хариу урвал үзүүлэх хугацаа нь үйлчлүүлэгчийн харшлын суурь, эмийн тунгаас ихээхэн хамааралтай байдаг тул хугацаа заах боломжгүй юм. 5. “*******” шүдний эмнэлгийн эмч нь шүдний эмчилгээг хийхдээ хэсгийн мэдээ алдуулалтыг хийхийн өмнө MNS 6900:2021 Арьс хатгах сорилын арга стандартын дагуу сорил тавьсан боловч стандартад заасан хугацаанд (15-20 минут) сорилыг бүрэн үнэлэхгүйгээр хэсгийн мэдээ алдуулалтыг хийсэн нь камерын бичлэгт харагдаж байна, эмчийн мэдүүлснээр сорил тавьсны дараа 1 минут хүлээхэд гарын арьс улайж бэржрүүтээгүй, загатнаагүй байсан тул мэдээ алдуулалт хийхээр тогтож, хийсэн нь стандартыг баримтлаагүй, дутуу үнэлжээ. 6. Камерын бичлээс үзэхэд амь хохирогчид 2023 оны 11 сарын 12-ны 10 цаг 16 минут 28 секунд орчимд амны хөндийд тариа хийж, 10 цаг 29 минут 31 секунд орчимд дахин амны хөндийд тариа хийсэн ба 10 цаг 31 минут 22 секунд орчимд эмнэлзүйн шинж тэмдэг илэрсэн нь сорил тавьснаас хойш 16 минут, эмийн бодисын эхний тун амны хөндийд хийснээс хойш 15 минутын дараа шинж тэмдэг илэрсэн нь харагдаж байна. 9. Монгол улсын MNS 900:2021 “Арьс хатгах сорилын арга” стандартад заасны дагуу сорилын хариуг 10-15 мин хүлээсний дараа үнэлэх шаардлагатай байдаг. Талийгаачид тавьсан арьсны сорилын үр дүнг шаардлагатай хугацаанд үнэлж, дүгнээгүй байна” гэх дүгнэлт зэргээр амь хохирогч ******* нь хэсгийн мэдээ алдуулах лидокайн эмийн бодисын хэт мэдрэгшлийн хариу урвалын улмаас олон эрхтний дутагдалд орж нас барсан болох нь хангалттай нотлогдон тогтоогдлоо.  

Амь хохирогч ******* нь шинжээчийн дүгнэлтээр зүрхний архаг цус хомсрох өвчтэй байсан ба тус шүдний эмнэлэгт очихоос 7-10 хоногийн өмнө зүрхний цочмог шигдээс болж байсан болох нь тогтоогдсон боловч тус өвчин нь үхэлд хүргэхэд нөлөөлөх хүчин зүйл болсноос үхлийн шалтгаан болоогүй байна.

Шүүгдэгчийн хувьд “архаг өвчин, харшилтай гэж хэлээгүй, зүрхний өвчтэй, шигдээс болсон гэдгээ нуусан, хоншоорын стандарт сорил тавих заалт байхгүй” гэх зэргээр мэдүүлсэн боловч хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй болно.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн “...надаас цаасан дээр асуумж асууж бөглөсөн бөгөөд түүн дээр эмч надаас “танай хүү харшилтай юу” гэж асуухад нь “гар дээр нь ширгэн тууралт” гардаг гэж хэлсэн. Дараа нь эмч надаас “танай хүүд ямар нэг архаг хууч өвчин байдаг уу” гэж асуухад нь “...Уушгины архаг бронхит өвчтэй” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг, мөн “*******” эмнэлгийн сувилагч буюу гэрч Б.*******гийн “...тухайн шүд авахуулахаар ирсэн эрэгтэй хүнд сорил баруун гарын шуу хэсэгт 1 граммын тариураар 1 удаа арьсан доор тавиад...” гэх мэдүүлэг зэргээс дүгнэхэд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч анхнаасаа харшил гардаг талаар хэлснээс үүдэн сорил тавьсан болох нь тогтоогдож байна гэж үзлээ. Гэвч хавтаст хэргийн материалд “***” эмнэлгийн Амбулаторит хийгдэх мэс ажилбарын хяналтын хуудас бүрэн бөглөгдсөн байх ба мэс ажилбар 09:30 минутад эхэлж 09:40 минутад дууссан, мэс ажилбар хийсэн эмч ******* гэх бичиглэл хийгджээ. Шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлэгт “картын эхний нүүрийг бөглөөд үлдсэн хэсгийг сүүлд бөглөх байсан ч амжаагүй, мөрдөгч аваад явсан” гэж мэдүүлсэн тул тус хяналтын картыг дараа нь нөхөж бөглөсөн үү, мэс ажилбар эхлэхээс өмнө урьдчилаад бүрэн бөглөсөн үү гэдэг нь тодорхойгүй байна.

Мөн шүүгдэгчийн “5 хоногийн өмнө шүд авахуулсан гэж хэлсэн, шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон” гэх тайлбар нь үндэслэлгүй буюу хэрэгт авагдсан баримтаар амь хохирогчийн зүүн дээд 5-р араа шүд авагдсан байсан, хэзээ авсныг тогтоох боломжгүй талаар дүгнэлтэд дурдсан бөгөөд 5 хоногийн өмнө авахуулсан гэх үйл баримт тогтоогдоогүй болно.

Хэрэгт авагдсан дүгнэлтүүд, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэргээр шүүгдэгч ******* амь хохирогч *******т харшлын сорилыг арьсан доор тарих аргаар хийсэн боловч Монгол улсад мөрдөгддөг Арьс хатгах сорилыг MNS 6900:2021 стандартад заасан шаардлагын дагуу сорилыг үнэлэх 15-20 минутын хугацааг хүлээлгүй, сорил тавьснаас 1 минутын дараа буйланд хэсгийн мэдээ алдуулалт болох лидокайн бодисыг тарьж, түүнээс 15 минутын дараа дахин хохирогчийн өвчин намдаагүй гэх шалтгаанаар тунг нэмж тарьснаар эмийн бодисын огцом хэт мэдрэгшил хүнд хэлбэрээр үүсэж, олон эрхтний дутагдалд орж нас барсан нь эргэлзээгүйгээр тогтоогдсон байна.

Шүүгдэгч ******* нь “шүд ломбодох гээгүй учраас шүд цоорлын эмчилгээний стандартыг баримтлахгүй, хамааралгүй” гэж тайлбар гаргаж байгаа ч Монгол Улсын стандарт MNS 5372-1:2004 Шүд цоорлын эмчилгээний 7.1 “Өвчтөн урьд өмнө нь шүд авхуулах болон хэсгийн мэдээ алдуулалттай хагалгаа хийлгэж байсан эсэх, архаг хууч өвчин эмгэг, төрөлхийн гажиг согог ба бусад эмгэг, эмийн харшил, жирэмсэн эсэх г.м өвчтөний түүхийн талаар нэн шаардлагатай асуулга авсан байх”, 7.2 “Шүд авахад харьцангуй эсрэг заалттай өвчтөнг урьдчилан төлөвлөж зайлшгүй шаардагдах шинжилгээнүүдийг хийлгэсэн байх ба шүд авах үндсэн заалт буюу шалтгаанаасаа хамааруулж зөвлөх эмч, холбогдох нарийн мэргэжлийн эмчээс зөвлөгөө авсан байх” гэж тус тус заасан ба шүүгдэгчийн хувьд амь хохирогч *******т үзлэг хийгээд нэг шүд авах шаардлагатай гэж үзэж эмчилгээ эхлэхдээ тус стандартад заасан урьдчилсан бэлтгэлийг хангаж ажиллаагүй гэж үзэх үндэслэлтэй, хамааралгүй гэж үзэх үндэслэлгүй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг нь эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй идэвхтэй үйлдэл, эс үйлдэхүй байна. 

Эрүүл мэндийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5-д “эмнэлгийн мэргэжилтэн” гэж анагаах ухааны боловсрол олгох их, дээд сургууль, коллежийг төгссөн, мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл бүхий хүний их, бага эмч..” гэж заасан.

Дээрх байдлаар тогтоогдсон нөхцөл байдлыг нэгтгэн дүгнэхэд шүүгдэгч ******* амь хохирогч *******т хэсгийн мэдээ алдуулах лидокайн бодисыг тарихдаа харшлын сорил тавьсан боловч Арьс хатгах сорилыг MNS 6900:2021 стандартад заасан шаардлагын дагуу сорилыг үнэлэх 15-20 минутын хугацааг хүлээлгүй, 1 минутын дараа шууд хохирогчийн буйланд хэсгийн мэдээ алдуулах лидокайн бодисыг тарьж, 15 минутын дараа дахин хохирогчийн өвчин намдаагүй гэх шалтгаанаар тунг нэмж тарьснаар эмийн бодисын огцом хэт мэдрэгшил хүнд хэлбэрээр үүсэж, олон эрхтний дутагдалд орж нас барсан нь шүүгдэгчийн Арьс хатгах сорилын стандартыг барьж ажиллах үүргээ зохих ёсоор биелүүлээгүй үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

Зохих ёсоор биелүүлээгүй гэдэг нь Эрүүл мэндийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4.2, 28.4.3-т заасан үүргээ гүйцэтгээгүй байх ба энэ хуулиар эмнэлгийн мэргэжилтэн гэнэтийн өвчин осол, гэмтлээс амь насанд нь аюултай байдал бий болсон иргэн, төрөх гэж байгаа эхэд өвчтөний амь насанд харш үйлдэл хийлгэхээр шаардсанаас бусад тохиолдолд эмнэлгийн тусламжийг ямар ч нөхцөлд үзүүлэх, үйл ажиллагаандаа Эрүүл мэндийн тухай хууль тогтоомж, оношилгоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэх стандарт, технологи, эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх удирдамжийг мөрдөж ажиллах үүргийг тус тус хүлээсэн байдаг.

Иймд шүүгдэгч *******гийн дээрх байдлаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс хохирогч нас барсан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна гэж шүүх үзээд түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан ба шүүгдэгч *******гийн гэм бурууг улсын яллагчийн яллах дүгнэлтийн хүрээнд шийдвэрлэх бүрэн боломжтой, хүрэлцээтэй байгааг дурдах нь зүйтэй.

Гэмт хэргийн улмаас *******ийн амь нас хохирсон бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс оршуулгын зардалд  төгрөг 11,894,522 төгрөг нэхэмжилсэн бөгөөд иргэний хариуцагч нотлох баримтын хувьд маргахгүй, хүлээн зөвшөөрч байна гэсэн тул уг төлбөрийг иргэний хариуцагч “***” ХХК-ийн “*******” шүдний эмнэлгээс гаргуулахаар шийдвэрлэхэд шүүхийн хэлэлцүүлэгт хохирол төлөх завсарлага аван 11,894,522 төгрөгийг төлж барагдуулсан байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн байна гэж дүгнээд иргэний хариуцагчийг төлөх төлбөргүй гэж үзлээ.

Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох шинжээчийн 2025.09.17-ны өдрийн ЕГ0825/3233 дугаар дүгнэлт (2 дахь хавтас, хх-195-197)-ээр хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******т сэтгэцэд гэмт хэргийн улмаас гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинж бүхий дөрөвдүгээр зэрэглэлийн хор уршиг учирчээ. Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023.07.03-ны өдрийн 25 дугаар тогтоолоор батлагдсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-д дөрөвдүгээр зэрэглэлийн нөхөн төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 23-45,99% дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл хэмжээгээр тогтоохоор заасан.

Тус аргачлалын 3.8-д зааснаар хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, эмнэлгийн тусламж үзүүлэхгүй байх гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн, хохирогчийн амь нас хохирсон, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинж бүхий сөрөг үр дагавар үүссэн, хууль ёсны төлөөлөгчөөс сэтгэцэд учирсан хор уршгийг 23 дахин нэмэгдүүлснээр нэхэмжилнэ гэсэн тул нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 550,000 төгрөгийг 23 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх буюу 12,650,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэж, шүүгдэгчийн төлсөн 12,000,000 төгрөгийг хасаж, үлдэх 650,000 төгрөгийг шүүхийн хэлэлцүүлгийн явцад төлж барагдуулсан тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.   

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар эрх хасаж, 2 жилийн хугацаагаар гэрээс гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналтай...” гэж,

хохирогчийн өмгөөлөгч “Улсын яллагчийн саналыг дэмжиж байна” гэж,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч “Хөнгөн ял оногдуулахыг хүсэж байна” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал байна. Санаатай үйлдэл хийсэн зүйл байхгүй, өндөр настай эцэг, эх, өнчин хүүгээ асарч, эмнэлэг сувилалд зөөдөг зэргийг харгалзан үзэж торгох ял хөнгөн оногдуулж өгнө үү. Эмчлэх эрхийг 1 жилээр хасаж, 5,400,000 төгрөгөөр торгож өгнө үү” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.  

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.

Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (шүүгдэгч эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас шүдний эмнэлэгт эмнэлгийн тусламж үйлчилгээ авахаар ирсэн хохирогч *******т сорил тавихдаа Монгол улсын Стандарт MNS6900:2021 Арьс хатгах сорилын арга стандартад заасан 15-20 минутыг хугацааг хүлээлгүй, сорилыг бүрэн үнэлэхгүйгээр хэсгийн мэдээ алдуулалт хийж, хохирогч эмийн бодисын хэт мэдрэгшлийн хариу урвалын улмаас олон эрхтний дутагдалд орж амь нас хохирсон), гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (хохирогчийн амь нас хохирсон, иргэний хариуцагчаас оршуулгын зардалд 11,894,522 төгрөг, шүүгдэгчээс сэтгэцийн хохиролд 12,650,000 төгрөг тус тус төлөгдсөн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч “Хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэх), шүүгдэгчийн хувийн байдал (анх удаа гэмт хэрэг үйлдсэн, эрхэлсэн ажилтай, орлоготой)-ыг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******гийн “Эмчлэх” үйл ажиллагаа эрхлэх эрхийг 1 (нэг) жилийн хугацаагаар хасаж, 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгөөр торгох ял шийтгэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах ...бол мөнгөн төлбөр, хохирол барагдуулах ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийхийг тусгана”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлнэ” гэж тус тус заасныг үндэслэн гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгыг харгалзан, мөн шүүгдэгчийн цалин хөлс, бусад орлого олох боломж (“****” шүдний эмнэлэгт нүүр амны их эмч ажилтай, орлоготой)-ийг харгалзан шүүгдэгч *******г 5,400,000 төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоож байгаа хугацаа болох 1 (нэг) жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.

Эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн 2 ширхэг компакт дискийг хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч ******* цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ***** овогт *********ийн *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс хохирогч нас барсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******гийн “Эмчлэх” үйл ажиллагаа эрхлэх эрхийг 1 (нэг) жилийн хугацаагаар хасаж, 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 (таван сая дөрвөн зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******г 5,400,000 төгрөгөөр торгох ялыг 1 (нэг) жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан эрх хасах ялын хугацааг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

6. Эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн 2 ширхэг компакт дискийг хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч ******* цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                              Л.БААТАР